Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 1631

 

 

 

 

 

        2017          07          19

             1631

 

 

Ю.Байгалмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Т.Туяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/01597 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ю.Байгалмаагийн нэхэмжлэлтэй хариуцагч Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуульд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Галбадрах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

Нэхэмжлэгч Ю.Байгалмаагийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Би Дорноговь аймгийн Анагаахын шинжлэх ухааны сургуулийн сургалтын албаны даргаар 2013 оны 12 дугаар сарын  02-ны өдрөөс эхлэн ажилласан. Ажиллах хугацаандаа сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй, харин шагнуулж байсан. Гэтэл 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Б/02 тоот тушаал гаргаж, тушаалын 11 дэх заалтаар үүрэгт ажлаас чөлөөлж мөн өдрөөс эх барих эмэгтэйчүүдийн багшаар томилсон. Энэ тушаал үндэслэлгүй. Захирлын зөвлөлд Ю.Байгалмаа байсаар байтал түүнийг уг хуралд оролцуулаагүй байж уг хурлаас гарсан тэмдэглэлд үндэслэн Ю.Байгалмааг ажлаас чөлөөлсөн нь илт үндэслэлгүй. 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/35 тоот тушаал гэж байхгүй, нэхэмжлэл гаргахдаа техникийн алдаа гаргаж буруу бичсэн байна. Иймд сургалтын албаны даргын ажилд эгүүлэн томилж, бага цалинтай ажилд үндэслэлгүй шилжүүлсэн хугацааны цалингийн зөрүүг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг их цалингаас нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, Ю.Байгалмааг сургалтын албаны даргын үүрэгт ажлаас чөлөөлж, сургуулийн багшаар томилсон тушаал хуулийн хүрээнд гарсан. Энэ нь захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл, атестатчилалын талаар гаргасан багш нарын санал, шүүмжлэл, сургалтын албаны даргын ажлын байрны тодорхойлолт зэргээр нотлогдоно. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2017 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн Б/35 тоот тушаалыг зөвшөөрөхгүй талаар бичсэн байсан тул өнөөдөр яригдаж байгаа 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Б/02 тоот тушаалтай холбоотой шаардлагыг өмнө нь биш, харин өнөөдөр нэмж гаргаж байна гэж үзэж байна. Хэрэв ингэж үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Ю.Байгалмаа нь багш болсноор харин ч илүү цалин авах болсон байхад зөрүү шаардаж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Ю.Байгалмааг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн Дорноговь аймаг дахь салбар сургуулийн сургалтын албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулиас цалингийн зөрүүд 213 816 төгрөгийг гаргуулж Ю.Байгалмаад олгож, 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 05-ныг хүртэлх хугацааны Ю.Байгалмаагийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг урьд авч байсан цалингийн хэмжээнээс тооцож нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуульд үүрэг болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Ю.Байгалмаагийн гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулиас 7 065төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр давж заалдах гомдолдоо: Шүүхийн дүггнэлтээс үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн ямар зүйл заалтыг ажил олгогч зөрчсөн болохыг олж харах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл шүүх ажил олгогчийг буруутгахдаа Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн хэмээн тойм төдий бүрхэг, ойлгомжгүй байдлаар хандсан байна. Ингэснээр анхан шатны шүүх шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг хэрэгжүүлээгүй байна. Нэхэмжлэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/35 тоот тушаалыг 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гардан авсан ба тэрээр Б/35 тоот тушаалыг хүчингүй болгоно уу гэж нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан байна. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах, Б/35 тоот тушаалыг хэрэгт нотлох баримтаар авах хүсэлт гаргасаар байхад уг хүсэлтийг шийдвэрлэхгүй орхисонд гомдолтой байна. Шүүх ямар үйл баримтад үндэслэн тушаал гаргах журамтайг тодорхойлж чадаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаана уу гэжээ.

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч Ю.Байгалмаагийн ажилд эгүүлэн тогтоож, цалингийн зөрүү гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг өмнө авч байсан цалингийн хэмжээнээс нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль эс зөвшөөрч маргасан нь хуулийн үндэслэл муутай байна.

Шүүх ажил олгогчийн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласан тушаалын үндэслэл, уг тушаалд ажилтан гомдол гаргахдаа хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлээгүй талаар хуульд нийцсэн дүгнэлт хийжээ.

Нэхэмжлэгч нь Дорноговь аймаг дахь салбар сургуулийн сургалтын албаны даргаар ажиллаж байгаад Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Б/02 тоот тушаалаар уг албан тушаалаар чөлөөлөгдөж,  2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эх барих эмэгтэйчүүдийн багшаар томилогдон ажиллаж байх бөгөөд ажил олгогч ийнхүү шийдвэр гаргахдаа Дорноговь аймаг дахь салбар сургуулийн захирлын зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01 тоот хурлын шийдвэрийг үндэслэсэн байна.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ “хуульд заасан ямар үндэслэл, журмын дагуу ажлаас чөлөөлж, өөр ажилд томилж байгаагаа тушаалд тодорхой тусгаагүй, зөвхөн захирлын зөвлөлийн хурлын шийдвэрт үндэслэсэн нь хуульд нийцээгүй” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлахаар зохицуулсаны зэрэгцээ талууд  хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчлийг гэрээний 5-д тодорхойлсон байна. 

Хэргийн 26-30 дугаар талд авагдсан Дорноговь аймаг дахь салбар сургуулийн захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлээс үзэхэд тус хуралд нэр бүхий 14 гишүүд оролцож, шинээр томилогдсон гишүүдийн талаар мэдээлэл хийж, байгууллагын үндсэн болон эргэлтийн хөрөнгийн тооллого, сургуулийн санхүү төсөв, үйл ажиллагааны төлөвлөгөө,оюутны түшиц эмнэлгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх асуудлуудаас гадна сургалтын албаны даргыг ажлаас чөлөөлж шинээр томилох асуудлыг хэлэлцсэн байна.

Уг хуралдаанаар нэхэмжлэгч ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэж байгаа талаар яригдсан байдаг боловч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, ажилтан мэргэжлийн ур чадварын хувьд эрхэлж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэх эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байна. Хэрэв энэ үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлаж байгаа нөхцөлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар уг нөхцөл байдал нь тухайн байгууллагын мэргэжил ур чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлтээр тогтоогдсон байх шаардлагатай.

Шүүх нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоохдоо буруу шилжүүлсэн үед авч байсан цалингийн зөрүүд хариуцагчаас 213 816 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчийн урьд авч байсан цалин хөлснөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасантай нийцжээ.

Хариуцагч “2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/35 тоот тушаалыг нэхэмжлэгч 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гардан авсан ба тэрээр Б/35 тоот тушаалыг хүчингүй болгоно уу гэж нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсаныг үндэслэн Б/35 тоот тушаалыг хэрэгт нотлох баримтаар авах хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлэхгүй орхисон” гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна. Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд хариуцагчийн гаргасан дээрх хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/35 тоот тушаал байхгүй, техникийн алдаа гарсны улмаас буруу бичигдсэн, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/02 тоот тушаалыг үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаа  тодруулсан талаар шүүхийн шийдвэрт тодорхой тусгажээ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэхэмжлэгч Ю.Байгалмаагийн нэхэмжлэлтэй хариуцагч Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуульд холбогдох 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/01597 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.    

 

 

                                                   

                                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.ЭНХТӨР

                                             ШҮҮГЧИД                                              Т.ТУЯА                                                                                                                           

                                                                                                            А.МӨНХЗУЛ