Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагважаргалын Тунгалаг |
Хэргийн индекс | 118/2018/0030/З |
Дугаар | 118/ШШ2019/0006 |
Огноо | 2019-03-25 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 118/ШШ2019/0006
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: Д.Чо-гийн нэхэмжлэлтэй Хариуцагч: Завхан аймгийн ******* даргад холбогдох Нэхэмжлэлийн шаардлага: 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Биеийн тамир спортын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай А/449 дүгээр захирамжийн 3, 4 дүгээр заалтуудыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.*******, Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Алтансолонго нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Д.Чо- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие аймгийн Биеийн тамир, спортын газрын даргаар ажиллаж байгаад Завхан аймгийн ******* даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/449 дугаартай Биеийн тамир спортын газрын бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай захирамжаар ажлаасаа дахин чөлөөлөгдлөө. Өмнө нь удаа дараа намайг ажлаас чөлөөлсөн боловч шүүхээр ажилдаа эгүүлэн томилогдон ажиллаж байсан бөгөөд аймгийн ******* даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/449 дугаартай Биеийн тамир, спортын газрын бүтэц орон тоог шинэчлэн батлах захирамжийг хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Уг захирамжид Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасан... бүцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол үүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө гэсэн заалтыг үндэслэсэн боловч аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын орон тоо хасагдаагүй байхад намайг ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй байна. Тухайлбал аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын орон тоо хасагдаагүй болох нь аймгийн ******* даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/449 дугаартай Биеийн тамир, спортын газрын бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай захирамжийн 4-р заалтанд Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Биеийн тамир,спортын газрын Баруун бүсийн тамирчдыг олимпд бэлтгэх төв/ даргын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталж, ажлын байранд удирдах ажилтны сонгон шалгаруулалт зарлахыг аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн даргад үүрэг болгосугай гэсэн нь миний ажиллаж байсан ажил, албан тушаал хасагдаагүй болох нь тодорхой харагдаж байна... Миний бие нь өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг өөрчилж аймгийн ******* даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/449 дугаартай Биеийн тамир спортын газрын бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай захирамжийн 3,4 дэх заалтыг эс зөвшөөрч хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн тогтоолгох, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүсч нэхэмжлэл гаргаж байна гэжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн ******* дарын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/449 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай гэсэн шаардлагыг гаргасан. Энэ шаардлагынхаа хамгийн эхний шаардлага болох А/449 дугаартай захирамжийг бүхэлд нь бус зөвхөн өөрийнх нь эрх зүйн байдлыг дордуулж ажлаас чөлөөлж байгаа буюу 3 дугаар заалт, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталж, ажлын байрны сонгон шалгаруулалт зарлаж байгаа 4 дүгээр заалтуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Үүнтэй холбогдуулан А/449 дугаартай захирамж нь хууль тогтоомжид нийцэж гарсан уу гэвэл гараагүй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дүгээр зүйлд зааснаар тухайн байгууллага татан буугдсан уу гэвэл татан буугдаагүй одоо хүртэл ажиллаж байгаа. Бүтцийн өөрчлөлтөд ороод тухайн албан тушаал хасагдсан уу гэвэл хасагдаагүй. Тийм учраас Д.Чо-г ажлаас чөлөөлөх үндэслэл байхгүй байсан байна... 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн Б/77 захирамжаар А.*******г түр орлон гүйцэтгэгчээр томилсон байгаа нь энэхүү орон тоо хасагдсан, татан буугдсан гэдэг байдал харагдахгүй байна. Баруун бүсийн тамирчдыг олимпд бэлтгэх төв орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн байгууллага байгаа учраас Биеийн тамир, спортын газрын бүтэц, орон тоо нэгдсэн байгаа болохоос хасагдсан, татан буугдсан зүйл харагдахгүй байна. Иймэрхүү байдлаас харахад Биеийн тамир, спортын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8 дахь хэсэгт зааснаар зөвшилцөнө гэж байгаа. Энэ байдлын дагуу зөвшилцөнө гэдэг саналаа Биеийн тамир, спортын газарт хүргүүлээгүй байдлаас харахад Завхан аймгийн ******* даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Биеийн тамир спортын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай А/449 дугаар захирамжийн 3,4 дүгээр заалтууд үндэслэлгүй гарсан байна гэж үзэж байгаа... Мөн ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж байгаа. Энэ хугацааны цалинг ажлаас халагдсан өдрөөс өнөөдрийн шүүх хуралдаан болох хугацаагаар гэсэн байгаа тэгэхээр өнөөдөр буюу 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны цалингаа нэхэмжилж байгаа. Энэхүү цалингийн хугацааг нэхэмжлэгч талын тооцоолж үзсэнээр 106 хоног болж байна гэж үзэж байгаа. Нэг өдрийн цалингаа 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас халагдсан учраас энэ өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг дуустал буюу 8, 9,10 дугаар сарууд багтаж байгаа. Гэтэл нэхэмжлэгч 8 сард ээлжийн амралттай байсан учраас 8 сарыг тооцон үзэх боломжгүй байгаа. Тийм учраас 7 сарыг энэхүү хугацаанд оруулж тооцуулах хүсэлтийг гаргаж байгаа. Мөн энэхүү 7 сарыг оруулаад нэхэмжлэгч талын тооцоолж үзсэнээр нэг өдрийн цалин ойролцоогоор 68.269 төгрөг болж байна гэж үзсэн. Мөн энэ хугацааны нийт цалин нь ойролцоогоор 6.600.513 төгрөг болж байна гэж тооцоолж үзсэн. Үүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлүүлэх дэвтрүүдэд бичилт хийлгүүлэх гэсэн шаардлага гаргаж байгаа... Шинэ Төрийн албаны тухай хууль хэрэгжсэнтэй холбогдуулан зохион байгуулалтын арга хэмжээ авсан гэж байна. Энэхүү процесс нь 2018 оны 11 дүгээр сарын 01-нээс буюу шинэ Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнө болсон учраас хуучин Төрийн албаны хуулийн дагуу зохицуулагдах нь зүйтэй болов уу? Мөн хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьж байгаа ажилдаа хариуцлагагүй хандаж байсан гэдгийг өнөөдөр шалгаж тогтоох боломжгүй байгаа. Яагаад гэвэл өнөөдрийн шүүх хуралдаан дээр ******* даргын гаргасан захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болон орон тоо хасагдсан, ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөнтэй холбоотой асуудал болохоос ажлын хариуцлагагүй байдлаас болж халагдсан гэсэн тайлбарыг ярьж болохгүй байх гэж бодож байна. Мөн ажилдаа эргэж орох эсэх нь эргэлзээтэй гэж байна. Нэхэмжлэгч нь өөрөө би ажилдаа эргэж орно гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Ингээд өмнөх гаргасан саналаа дэмжиж байна. Цалин хөлсийг гаргах боломжтой байгаа. Одоо нэхэмжлэгчийг ажил хийж байгаа гэж байна. Тухайн хүн өөрийнхөө амьжиргааг залгуулахын тулд өөр ажил эрхэлж байгаа. Энэхүү эрхэлж байгаа ажил нь Биеийн тамир спортын газрын төсөвт байгууллагын төсвөөс гараагүй байгаа тул цалинг холбогдох байгууллагуудаас гаргах боломжтой гэж үзэж байна гэв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.******* шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн ******* дарга 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр А/449 дугаартай захирамжаар Биеийн тамир, спортын газрын дарга Д.Чо-г чөлөөлсөн байгаа. Энэ үндэслэл нь гэвэл Биеийн тамир, спортын газрын чиг үүрэг дээр усан спорт цогцолбор шинээр ашиглалтад орсон учраас усан спортыг хөгжүүлэх чиглэлээр нэмэлтээр чиг үүргүүд нэмэгдэж орсон байгаа. Үүнтэй холбогдуулан Биеийн тамир, спортын газрын даргын ажлын байрны тодорхойлолт болон цаашдаа хэрэгжүүлэх ажлын чиг үүрэг, дүрэмд нь өөрчлөлт оруулсан байгаа. Энэ өөрчлөлттэй холбогдолтой Биеийн тамир, спортын газрын даргыг ажлаас нь чөлөөлсөн. Нэхэмжлэгч тал Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан орон тоо хасагдаагүй гэж үзэж байна. Гэхдээ ажлын байрны тодорхойлолт бүхэлдээ өөрчлөгдсөн. Ажлын байрны тодорхойлолтыг шинэ Төрийн албаны тухай хуультай холбогдуулан ажлын байрыг нь зарлахаар Төрийн албаны төв зөвлөлд санал хүргүүлсэн байгаа. Мөн шинэ Төрийн албаны тухай хуулинд Биеийн тамир, спорт соёлын бодлого хариуцсан гэх зэрэг албан тушаалд ажиллах хүмүүс нь төрийн захиргааны албан хаагч бус төрийн үйлчилгээний албан хаагч байхаар тусгагдсан байгаа. Эдгээр өөрчлөлтэй холбогдуулан энэ хүний ажлын байрны тодорхойлолт нь үндсэндээ өөрчлөгдсөн гэж ойлгож болно. Орон тоо нь хасагдаагүй ч гэсэн ажлын байрны чиг үүүрэг нь өөрчлөгдсөн... Төсвийн ерөнхийлөн захирагч буюу ******* дарга Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.12... эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шинэчлэн тогтоох, гэсэн бүрэн эрхийнхээ хүрээнд Усан бассейн бүхий цогцолбор шинээр ашиглалтад орсонтой холбогдуулан аймгийн Биеийн тамир, спортын газрын бүтцэд өөрчлөлт оруулсан. Аймгийн ******* даргын захирамжийн үндэслэх хэсэгт байгаа Монгол Улсын ******* захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, 29.1.5 гэсэн эдгээр хуулийн заалтууд нь аймгийн ******* даргын бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргах эрх зүйн үндэслэл нь юм. Байгууллагын бүтэц, орон тоо, үйл ажиллагаа өөрчилөгдсөн учраас аймгийн ******* дарга Биеийн тамир, спортын тухай хуулийн 8.1.1 дэх заалтад заагдсан үүргийнхээ дагуу нутаг дэвсгэртээ биеийн тамир, спортын талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлж энэхүү шийдвэрийг гаргасан. Байгууллагын бүтэц, орон тоо, үйл ажиллагаа өөрчилсөн нь Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.12-т заагдсан аймгийн ******* даргын бүрэн эрхэд хамаарах асуудал тул энэхүү захирамжийн 3 дахь заалтад тусгагдсан Д.Чо-г үүрэгт ажлаас нь чөлөөлөх үндэслэл болж байна. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх заалтын дагуу байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбогдуулан төрийн албан хаагч үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх үндэслэл болно... аймгийн ******* даргын Тамгын газар болон аймгийн Биеийн тамир, спортын газар ижил, аймгийн ******* даргын эрхлэх хүрээнд хамаардаг учраас төсвийн шууд захирагч нь аймгийн ******* дарга болдог. Хэрвээ цалин хөлс гаргуулах шаардлагатай гэж үзэж байгаа бол Биеийн тамир, спортын газраас гаргуулахаар нэхэмжлэх ёстой байсан. Тэгж нэхэмжилсэн тохиолдолд тухайн ажилтны цалин хөлс нь Биеийн тамир, спортын газраас олгогддог байсан учраас тухайн байгууллагаас нэхэмжлэхээр нэхэмжлэлээ гаргах ёстой байсан болов уу гэж үзэж байна. 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Биеийн тамир спортын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай А/449 дугаар захирамжаар орон тоо хасагдаагүй гэж тайлбарлаж байна. Үүгээр манай бүтэц, чиг үүрэг, орон тоо нь өөрчлөгдсөн. Чиг үүрэг нь илүү их өөрчлөгдөж байгаа гэсэн утгатай. Харин чиг үүрэг нь хасагдсан гэдгээр тайлбарлах боломжгүй... Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааныхаа цалинг нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Учир нь гэвэл Д.Чо- нь одоо Улаанбаатар хотод өөр ажил эрхэлж байгаа. Ер нь Д.Чо- ерөнхийдөө тухайн өөрийн эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй ханддаг. Өмнө нь шүүхээр ороод хэдийгээр эгүүлэн тогтоогдож байсан боловч тухайн үед Политехникийн коллежид ажил хөдөлмөр эрхэлж байсан. Эргээд ажилдаа ороод ажиллах сонирхолгүй, шүүхэд нэхэмжлэл гаргаад давхар ажил эрхлээд яваад байх сонирхолтой хүн байдаг. Үүнтэй холбоотойгоор одоо мөн давхар ажил эрхэлж байгаа. Одоо дахин шүүхэд нэхэмжлэл гаргаад эгүүлэн ажилдаа орох гээд байгаа. Бид нарын хувьд өөрт нь ажлын байр санал болгосон байдаг. Түүнд та дэд даргын албан тушаал дээр ажиллах боломжтой юу? гэж асуусан. Энэ нь цаашдаа баруун бүсийн тамирчдыг олимпд бэлтгэх, аймгийн биеийн тамир, усан спорт цогцолборын бодлого төлөвлөлтийг зохицуулах, бодлогын өргөн хүрээний шийдвэр гаргах эрх бүхий субъект байх учраас ажлын байрны тодорхойлолт, чиг үүрэг нь зайлшгүй өөрчлөгдөж байж биеийн тамир, спортын газрын бодлого баруун бүсийн хэмжээнд хэрэгжих боломжтой гэж үзээд чөлөөлсөн. Гэтэл Д.Чо- нь манай тавьсан ажлын байрны саналыг хүлээн аваагүй. Тэгэхээр энэ хүн цаашид энэ салбарт энэ ажлыг хийх сонирхолтой эсэх нь тодорхойгүй. Ажлаасаа чөлөөлөгдөөд ирээд ажилдаа эгүүлэн тогтоогдсон ч гэсэн ирээд хэлбэрийн төдий үйл ажиллагаа явуулдаг байгаа... Иймд аймгийн ******* даргын захирамж нь хууль зүйн үндэслэлтэй тул Д.Чо-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Д.Чо- нь Завхан аймгийн ******* даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Биеийн тамир спортын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай А/449 дүгээр захирамжийн 3, 4 дүгээр заалтуудыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон талуудын тайлбарт тулгуурлан дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Маргаан бүхий захиргааны акт болох Завхан аймгийн ******* даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Биеийн тамир спортын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай А/449 дүгээр[1] захирамжийн 3 дугаар заалтаар байгууллагын бүтэц орон тоо өөрчлөгдсөн гэх үндэслэлээр Д.Чо-г аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаалаас чөлөөлж, 4 дүгээр заалтаар уг албан тушаалын ажлын байранд сонгон шалгаруулалт зарлахыг аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн даргад үүрэг болгожээ. Хариуцагч дээрх захирамжиндаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, 29.1.5 А, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, Биеийн тамир, спортын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.12 дахь заалтуудыг үндэслэсэн байна. Нэхэмжлэгч нь ...аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын орон тоо хасагдаагүй байхад намайг ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй... хэмээн маргаж байна. Хариуцагч тал ...Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх заалтын дагуу байгууллагын бүтэц, орон тоо, үйл ажиллагаа өөрчлөгдсөн учраас аймгийн ******* дарга нь Биеийн тамир, спортын тухай хуулийн 8.1.1,Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.12-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Д.Чо-г ажлаас чөлөөлсөн нь үндэстэй... хэмээн тайлбарлаж байна. Аймгийн ******* дарга нь Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.12-д зааснаар төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шинэчлэн тогтоох, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, 29.1.5-ын а-д зааснаар нутаг дэвсгэртээ боловсрол, соёл, эрүүл мэнд, биeийн тамир, спортын талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийг хангах ажлыг зохион байгуулах, холбогдох асуудлаар захирамж гаргах, мөн Биеийн тамир, спортын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар аймгийн ******* дарга биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаарх бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ харьяа нутаг дэвсгэртээ биеийн тамир, спортын талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэх эрх хэмжээтэй байна. Хариуцагч Завхан аймгийн ******* дарга дээрх хуулиудаар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Биеийн тамир, спортын газрын дарга Д.Чо-г төрийн жинхэнэ албанаас чөлөөлөхдөө түүнийг чөлөөлөх нөхцөл хуульд заасны дагуу бүрдсэн эсэхийг харгалзан үзээгүй байна. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д ...тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө., Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-д хууль тогтоомжид заасан бол нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагын удирдлагыг ...холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагатай зөвшилцөн ...чөлөөлөх, Биеийн тамир, спортын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8-д аймаг ...ийн биеийн тамир, спортын газрын даргыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөн ... чөлөөлөх гэж заасныг тус тус зөрчсөн нь доорх үндэслэлүүдээр тогтоогдож байна. Нэхэмжлэгч Д.Чо-г Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаалаас чөлөөлөх нөхцөл байдал бодитой үүсээгүй, өөрөөр хэлбэл түүний ажиллаж байсан уг албан тушаалын орон тоо хэвээр хадгалагдаж байгаа, уг албан тушаалын чиг үүргийг өнөөдрийг хүртэл бусдаар гүйцэтгүүлж байгаа, мөн Д.Чо-г чөлөөлөх асуудлаар дээрх хуульд заасны дагуу зөвшилцөөгүй болох нь хэрэгт авагдсан Завхан аймгийн ******* даргын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/77 дугаар захирамж[2], 12 дугаар сарын 07-ны өдрийн А/491 дүгээр захирамж[3], уг захирамжийн хавсралтаар батлагдсан Биеийн тамир спортын газрын орон тоо, зохион байгуулалтын бүтэц, дүрэм[4], 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр баталгаажуулсан ажлын байрны тодорхойлолт[5], Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Биеийн тамир спортын газрын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1/50 дугаар албан бичиг[6] зэрэг баримтуудаар нотлогдож байна. Нэхэмжлэгч Д.Чо-гийн эрхэлж байсан Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 7 дугаар зүйлийн 7.1.10-д зааснаар төрийн захиргааны албан тушаалд хамаарч байх ба төрийн жинхэнэ албан хаагч болохын хувьд түүний эрх зүйн байдал нь Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдахаар байна. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д ...тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө гэж заасан уг зохицуулалтыг хуулийн этгээд татан буугдсан болон бүтэц зохион байгуулалтын хувьд өөрчлөн байгуулагдсаны улмаас зөвхөн орон тоо нь хасагдсан буюу тухайн ажлын байрны чиг үүргийг цаашид огт үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагагүй болсон нөхцөлд хэрэглэхээр байна. Завхан аймгийн ******* даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/449 дүгээр захирамжийн нэгдүгээр заалтаар Биеийн тамир, спортын газрын бүтцэд өөрчлөлт оруулж, уг газрыг Баруун бүсийн тамирчдыг олимпд бэлтгэх төв болгон нэгтгэн байгуулахаар шийдвэрлэсэн боловч 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/491 дүгээр захирамжаар дээрх А/449 дүгээр захирамжийн нэгдүгээр заалтыг хүчингүй болгосон байна. 2018 оны А/491 дүгээр захирамжийн нэгдүгээр хавсралтаар усан бассейн бүхий спорт цогцолбор ашиглалтанд орсонтой холбогдуулан аймгийн Биеийн тамир, спортын газрын орон тоог 15 байхаар тогтоосны дотор тус газрын дарга гэсэн албан тушаал батлагдсан байна. Мөн гуравдугаар хавсралтаар батлагдсан Биеийн тамир, спортын газрын дүрмийн хоёр дахь хэсэгт уг газрын даргыг томилж, чөлөөлөх, болон газрын даргыгн хэрэгжүүлэх бүрэн эрхийг тус тус зохицуулсан байна. Уг маргаж буй Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаалын тухайд урьд баримтлаж байсан ажлын байрны тодорхойлолтод[7] заасан үйл ажиллагааны үндсэн зорилго, зорилт, чиг үүргүүдийг шинээр батлагдсан гэх ажлын байрны тодорхойлолтод[8] заасантай харьцуулж үзэхэд уг албан тушаалын үндсэн чиг үүрэг, зорилтууд хасагдаагүй хэвээр байна. Эдгээр үйл баримтаас дүгнэхэд Завхан аймгийн Биеийн тамир, спортын газрын бүтэц орон тоо, зохион байгуулалтад өөрчлөлт оруулсан хэдий ч нэхэмжлэгч Д.Чо-гээс маргаж буй тус газрын даргын албан тушаалын ажлын байр хасагдаагүй, дээрх төрийн байгууллага нь татан буугдаж, үйл ажиллагаа нь бүр мөсөн дуусгавар болоогүй байна. Маргаан бүхий захиргааны акт болох аймгийн ******* даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/449 дүгээр захирамжийн 4 дэх заалтаар Завхан аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаалыг сул орон тоо гэж үзэж сонгон шалгаруулалт зарласан нь уг албан тушаалын ажлын байр хэвээр хадгалагдан үлдсэнийг харуулж байна. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд сонгон шалгаруулалт явуулах замаар уг орон тоог нөхөхөөр зохицуулсан байх ба Завхан аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаалын хувьд ажлын байр шинээр бий болоогүй, уг ажлын байр сулраагүй Д.Чо- ажиллаж байсан бөгөөд түүнийг хуульд заасны дагуу чөлөөлөх нөхцөл, үндэслэл бий болоогүй байх тул маргаан бүхий захиргааны акт болох Завхан аймгийн ******* даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/449 дүгээр захирамжийн 4 дүгээр заалтаар Д.Чо-гийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээр байна. Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-д төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар заажээ. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар албан тушаал /ажлын байр/-ны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах хуулийн зохицуулалттай байна. Дээрх үндэслэлүүдээр хариуцагч Завхан аймгийн ******* дарга нь нэхэмжлэгч Д.Чо-г Завхан аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлж, хуулиар тогтоосон төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаатай холбоотой нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь ийнхүү хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Иймд Завхан аймгийн ******* даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/449 дүгээр захирамжийн 3 болон 4 дэх заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Чо-г урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй байна. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор ...олгоно гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Д.Чо-гийн ажилгүй байсан хугацааны буюу 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх 102 хоногийн цалингийн олговор 4 726 272 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасны уг олговроос Д.Чо-гийн ажилгүй байсан хугацаанд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нь холбогдох бичилт хийлгүүлэхийг хариуцагч Завхан аймгийн ******* даргад даалгах нь зүйтэй байна Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 сарын 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг баримтлан Д.Чо-гийн нийгмийн даатгалын дэвтэр дэх бичилтийг[9] үндэслэн түүний авч байсан сүүлийн 3 сарын буюу 2018 оны 8, 9, 10 дугаар саруудын дундаж цалин хөлс /996 238 төгрөг/-нөөс нэг хоногийн хөлс /46 336 төгрөг/-ийг тооцон гаргасан болно. Д.Чо- нь 2018 оны 8 дугаар сард ээлжийн амралттай байсан ба уг сард олгогдсон цалин хөлсний хэмжээ нэг сарын үндсэн цалин хөлсний хэмжээнээс бага байгаа учраас түүний дундаж цалин хөлсийг 2018 оны 7, 8, 9 дүгээр сард олгогдсон цалин хөлсний нийлбэрээс тооцоолох ёстой гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсгийг үндэслэн батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2 дахь хэсэгт зааснаар ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшууллаас гадна Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажилтанд олгосон бүх төрлийн олговор буюу өөрөөр хэлбэл ээлжийн амралтын олговор нь цалин хөлсний бүрэлдэхүүнд хамаарахаар байгаа тул нэхэмжлэгч Д.Чо-д сүүлийн 3 сард олгогдсоноор нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2018 оны 8, 9, 10 саруудын цалин хөлсний нийлбэрээс дундаж цалин хөлсийг тодорхойлох нь зүйтэй гэж шүүх үзсэн болно. Нэхэмжлэгчид ажил санал болгож, ажлын байраар хангасан боловч өөрөө татгалзсан бөгөөд одоо ажил эрхэлж байгаа тул түүнд ажилгүй байсан хугацааны олговор олгогдох ёсгүй, хэрэв шүүх уг олговрыг гаргуулахаар шийдвэрлэх бол Завхан аймгийн ******* даргын Тамгын газраас бус, Биеийн тамир спортын газраас гаргуулах ёстой гэх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарыг шүүх мөн хүлээж авах боломжгүй юм. Нэхэмжлэгч Д.Чо- нь маргаан бүхий захиргааны актаар ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш буюу 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс Азийн хүүхдүүд Олон Улсын наймдугаар их наадмын захиргааны спортын албаны даргаар ажиллаж байх бөгөөд 2018 оны 10, 11 дүгээр сард сайн дураар эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нь Азийн хүүхдүүд Олон Улсын наймдугаар их наадмын захиргааны даргын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 001 дүгээр тушаал[10], Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 116 дугаар албан бичгээр[11] тогтоогдож байна. Тодруулбал, нэхэмжлэгч Д.Чо- өөрийн хүсэлтээр ийнхүү өөр ажил албан тушаал эрхэлж байгаа бөгөөд энэ нь хариуцагчаас хамааралгүй тул ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй байх үндэслэл болохгүй гэж үзлээ. Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчаас санал болгосон ажлын байранд[12] ажиллахаас татгалзсаныг шүүх буруутгах боломжгүй юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107.5 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3, Биеийн тамир, спортын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Чо-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн ******* даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Биеийн тамир спортын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай А/449 дүгээр захирамжийн 3, 4 дүгээр заалтуудыг хүчингүй болгож, Д.Чо-г тус аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай. 2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Чо-гийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4 726 272 төгрөгийг Завхан аймгийн ******* даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хариуцагч Завхан аймгийн ******* даргад даалгаж, нэхэмжлэгчийн шаардсан ажилгүй байсан хугацааны олговроос үлдсэн хэсэг болох 1 874 241 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дүгээр зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Чо-д олгосугай. 4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ
[1] Хавтаст хэргийн 4 дүгээр хуудсанд [2] Хавтаст хэргийн 63 дугаар хуудсанд [3] Хавтаст хэргийн 49 дүгээр хуудсанд [4] Хавтаст хэргийн 48, 50-55 дугаар хуудсанд [5] Хавтаст хэргийн 56 дугаар хуудсанд [6] Хавтаст хэргийн 66 дугаар хуудсанд [7] Хавтаст хэргийн 60-62 дугаар хуудсанд [8] Хавтаст хэргийн 42-45 дугаар хуудсанд [9] Хавтаст хэргийн 9 дүгээр хуудсанд [10] Хавтаст хэргийн 119 дүгээр хуудсанд [11] Хавтаст хэргийн 103-104 дүгээр хуудсанд [12] Хавтаст хэргийн 81 дүгээр хуудсанд |
|