Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2023/0327

 

 

                “О-И ББСБ” ХХК-ийн

  нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Т.Энхмаа,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б,

Нэхэмжлэгч: “О-ИББСБ” ХХК,

Хариуцагч: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,

Нэхэмжлэлийн шаардлага: “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 болон 2 дахь заалттай илт зөрчилдөж буй, хуулиас давсан, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын нөхцөл байдлыг дордуулсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ыг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-ыг зөрчсөн захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ыг хүчин төгөлдөр бусад тооцуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 321 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ү, хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Г.Б, С.А нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шаравдорж,

Хэргийн индекс: 128/2022/1094/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “О-И ББСБ” ХХК нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 болон 2 дахь заалттай илт зөрчилдөж буй, хуулиас давсан, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын нөхцөл байдлыг дордуулсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ыг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-ыг зөрчсөн захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ыг хүчин төгөлдөр бусад тооцуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 321 дүгээр шийдвэрээр “Монгол Улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “О-И ББСБ” ХХК-ийн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 болон 2 дахь заалттай илт зөрчилдөж буй, хуулиас давсан, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын нөхцөл байдлыг дордуулсан, түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журмыг хүчин төгөлдөр бусад тооцуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            3.1.  Шийдвэрийн Тодорхойлох нь хэсгийн 5.1-д бичсэнээс үзвэл үзэхэд хариуцагч тус компанийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хуулийн үндэслэл бүхий тайлбарлаагүй, зөвхөн өөрсдийн ажлын хүрээнд үүсч буй хүндрэл бэрхшээлийг амар хялбар аргаар шийдвэрлэхийн тулд Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 болон 2 дахь заалтыг илтэд зөрчсөн журам батласан нь нотлогдож байна.

Мөн дээрх хэсэгт “Манай журам 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр батлагдсан. Захиргааны ерөнхий хууль үйлчилж эхлэхээс өмнө батлагдсан учраас хуулийн үйлчлэлд хамаарахгүй” гэжээ. Хэдийгээр Захиргааны ерөнхий хууль батлагдахаас өмнө батлагдсан журам хэдий ч захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд актыг бүртгүүлэх ажил тухайн үед журмаар зохицуулагдан хийгдэж байсан. Захиргааны ерөнхий хуулиар энэ асуудлыг анх хуульчилсан биш. Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журамд захиргааны хэм хэмжээний актыг бүртгүүлэх талаар тодорхой заасан бөгөөд энэ журмын дагуу яагаад бүртгүүлээгүй талаар хариуцагч талаас анхан шатны шүүх хуралдааны асуулт, хариултын хэсэг дээр асуусан боловч “журмын талаар мэдэхгүй” гэсэн хариултыг өгсөн. Үүнээс үзэхэд хууль зөрчиж баталсан журам тул зориуд, санаатайгаар хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй болох нь нотлогдож байна.

3.2. Шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 4.4-т “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар “Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль тогтоомж нь Татварын ерөнхий болон түүнтэй нийцүүлэн гаргасан энэ хууль тогтоомжийн бусад актаас бүрдэх бөгөөд ... Татварын ерөнхий хуулийн ... 5.1.4 - д үр ашигтай байх” гэж заасан” гэжээ. Харин Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Энэ хуулиар зохицуулаагүй, эсхүл энэ хуульд зааснаас өөрөөр татварын бусад хуульд заасан бол тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан татварын хуулийн зүйл, хэсэг, заалт давуу үйлчилнэ” гэж тодорхой зааснаас үзэхэд Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн заалтыг үндэслэж татвар, төлбөрийг төлөх нь зүйтэй байна. Гэтэл шүүх нарийвчлан зохицуулсан хуулийн заалтыг бус ерөнхий хуулийн үр ашигтай гэсэн л зарчмыг баримтлан аж ахуйн нэгжүүдээс хуулийн дагуу бус, журмын заалтыг үндэслэж нэг дор татвар, төлбөр төлүүлж байгаа хууль бус үйлдлийг нь зөв, зүйтэй мэтээр дүгнэснийг зөвшөөрөхгүй байна.

3.3. Шийдвэрийн Yндэслэх хэсгийн 4.5-д “Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... жилийн албан татварыг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн сүүлийн сарын 25-ны дотор багтаан төсөвт төлнө ... маргаж буй журмын заалтад автотээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгийн тоогоор тухайн оны 06 дугаар сарын 01-ний дотор багтаан зохион байгуулна” гэж журамласан нь татварын хууль тогтоомжийн зорилго, татварын үр ашигтай байх зарчимд тус тус нийцжээ” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Татвар үр ашигтай байх зарчмыг татвар авагч болон татвар төлөгчид аль альд нь үр ашигтай байх гэж ойлгож байна. Мөн татвар төлөгчийн ногдсон татвараа жилд 4 удаа хуваан өөрийн санхүүгийн боломж болон хугацаанд тааруулан төлөх боломжийг хязгаарлаж  жилд нэг удаа бөөнд нь эхний хагас жилд төлөх санхүүгийн дарамтыг учруулна гэсэн үг биш, татвар төлөх эсэхтэй огт маргаагүй, харин төлөх татвараа хуульд заасан хугацаанд нь төлөхөөр маргаж байна. Шүүх болон хариуцагч тал татварыг урьдчилан төлүүлж эдийн засгийн дарамт үүсгэж, цаг хугацааны хувьд ч дарамт үүсгэж байгааг огт хохирол гэж үзэхгүй, эрх ашиг зөрчигдсөн гэж үзэхгүй байгаа нь ойлгомжгүй.

3.4. Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 4.5-д “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэснийг мөн зөвшөөрөхгүй. Төрийн байгууллага өөрийн асуудлаа шийдвэрлэхийн тулд иргэд, аж ахуйн нэгжид нэг дор татвар, төлбөр төлөх дарамт үүсгэж, үүнийг нь шүүхийн байгууллага хуулийн үндэслэл бүхий, зөв зүйтэй зүйл мэтээр дүгнэснийг зөвшөөрөхгүй. Маргаан бүхий асуудлыг нарийвчлан зохицуулсан хуулийн заалт байсаар байхад үүнийг авч хэлэлцэхгүй байгаад гомдолтой байна.

3.5. Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 5.2-т “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журмын 1.1 дэх хэсэгт ... журмын зорилго нь байх атал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, түүний тайлбараас үзэхэд маргааны зүйл нь хуулийн этгээд албан татварыг ямар хугацаанд төлөх талаарх журмын зохицуулалт хуульд нийцсэн эсэхтэй холбоотой байна” гэжээ. Бид хуулиас давсан зохицуулалт хийн татвар төлөх хугацааг өөрчилсөн журмыг хүчингүй болгуулахаар тус хандсан. Гэтэл хүчингүй болгуулахаар хандсан журмын зорилгыг ямар үндэслэлээр энэ хэсэгт дурдсан нь ойлгомжгүй. Бид журмын зорилготой нь маргаагүй.

3.6. Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 5.2-т “Нэхэмжлэгч... хүчин төгөлдөр бус болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд ... журмыг хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй лавлагаа ирүүлсэн бөгөөд үүнтэй хариуцагч маргаагүй” гэжээ. Бидний нэхэмжлэлийн шаардлага нь “хүчин төгөлдөр бус болохыг тогтоох” бус маргаан бүхий журмыг хүчин төгөлдөр бусад тооцуулах байсан. Мөн хариуцагч тал маргаан бүхий журмыг хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй талаараа ямар нэгэн үндэслэл бүхий тайлбар хэлээгүй, өөрөөр хэлбэл, уг журмыг хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүйг хүлээн зөвшөөрсөөр байхад журмыг хүчингүй болгоогүйд гомдолтой байна.

3.7. Шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 5.4-т “Нэгэнт журмын холбогдох заалт нь Татварын ерөнхий хуультай нийцэж байх тул шүүх маргаан бүхий журмыг хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгээгүй үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоох боломжгүй, өөрөөр хэлбэл, журам нь татварын хууль тогтоомжийн зарчим, зорилгод нийцсэн буюу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хөндөөгүй” гэжээ. Бид татварын хуулийн зарчим, зорилготой маргаагүй, харин нарийвчлан зохицуулсан хуулиар татвар төлөгч нь “ногдсон татвараа жилд 4 удаа хуваан төлөх боломжийг олгосон эрхийг хязгаарлаж, жилд 1 удаа бөөнд нь эхний хагас жилд төлөхөөр журамласан нь хууль бус” гэж үзэж байна. Аж ахуйн нэгжийн хувьд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, газрын төлбөр, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар гэх мэт олон тооны татвар, төлбөрийг төлдөг. Гэтэл “жилд 4 хуваан төлж болно” гээд хуульчилсан байхад 1 удаа бөөнд нь төлүүлж, татварын дарамт, ачааллыг нэг дор үүсгэж байгаа үйлдлийг шүүх хууль зөрчсөн гэж огт үзэхгүй байгаад гомдолтой байна. Цаг хугацааны хувьд, мөн эдийн засгийн хувьд ч татвараа хуульд заасны дагуу 4 хуваан төлөх нь аж ахуйн нэгжид үүсэх татварын дарамтыг багасгаж байдаг. Үүнийг зөрчиж байгаа нь бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл. Мөн журмыг хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр хандахад нь Хууль зүй, дотоод хэргийн яамнаас бүртгээгүй бус, харин Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас бүртгүүлэхээр хандаагүй нь хариуцагчийн тайлбараар нотлогдож байна.

3.8. Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 5.2-т “О-И ББСБ” ХХК-ийн эзэмшлийн 6 автомашины тухайд *УББ, **УБЭ, ***УАВ дугаартай автомашинуудын татварыг 1 дүгээр сард *УАХ, **УНД дугаартай автомашинуудын татварыг 5 дугаар сард ***УБУ дугаартай автомашины татварыг 4 дүгээр сард тус тус төлөхөөр байх тул татвар төлөгчид татварын ачааллыг нэг дор үүрүүлсэн, хүндрэл чирэгдэл учруулсан гэж үзэхээргүй байна” гэжээ. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар буюу татварыг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн сүүлийн сарын 25-ны дотор төлөх тохиолдолд “тухайн жилийн 3 дугаар сарын 25-ны өдөр, 6 дугаар сарын 25-ны өдөр, 9 дүгээр сарын 25-ны өдөр, 12 дугаар сарын 25-ны өдөр” гэж 4 хуваан төлж болохоор хуульчилсан байхад жишээ нь *УББ,**УБЭ, ***УАВ улсын дугаартай автомашинуудынхыг 1 сард бүтнээр төлүүлсэн нь тус компанийн эрх зүй болон эдийн засгийн байдлыг дордуулсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл мөн. Түрүүлж төлснөөрөө эдийн засгийн болон цаг хугацааны дарамт учирч, эрх зөрчигдөж байна.

3.9. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж заасан байхад нарийвчилсан хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх заалт буюу “үр ашигтай байх” зарчмыг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн. Татварын ерөнхий хуулийн 5.1-д “Татвар бий болгох, тогтоох, татвар ногдуулах, төлөх ...” гэж зааснаас үзвэл татвар төлөгч, татвар авагч 2 талдаа үр ашигтай байхаар хуульчилсан, мөн 5.1.3-д татварын үйл ажиллагаанд “Шударга байх” зарчмыг баримтлахаар заасан. Гэтэл хариуцагч хуулиас давсан журам баталж буй нь уг зарчмыг алдагдуулж байна.

3.10. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Татвар төлөгч дараа улирал, жилийн албан татварыг урьдчилан тѳлж болно” гэж тодорхой заасан байхад заавал урьдчилж төлүүлэхээр журам гаргасан нь хуулийг илтэд зөрчсөн байхад үүнийг шүүхээс авч хэлэлцэхгүй байгаад гомдолтой байна. Татвар, төлбөрийг энэ заалтаар түрүүлж төлөх эрх нь аж ахуйн нэгжид нээлттэй байсаар байхад үүнийг үүрэг болгон журамласан нь хуулиас давсан эрх мэдлийг гаргасан ноцтой үйлдэл.

3.11. Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно”, Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ын 2.5.2-т “Шийдвэрийг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж ... сэтгүүлд нийтлэгдсэний даруу хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ. Энэ шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр бус гэж үзнэ” гэж тус тус заасан.

3.12. Дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий журам нь илтэд хууль бус байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгосонд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байгаа тул гомдлыг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчаас давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй байна. 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянав.

2.  Дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

            2.1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Журам батлах тухай” 28 дугаар тогтоолоор “... “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ыг хавсралтаар баталсан”, нэхэмжлэгчээс “... уг журам нь захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй, холбогдох хууль, журамд нийцээгүй” гэж үзэн “хүчин төгөлдөр бусад тооцуулах”-аар маргаж байна.

            2.2. Хууль зүй, дотоод хэргийн яамны 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 3-2/65 дугаар албан бичгээр “... 28 дугаар тогтоол нь Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй” талаар мэдэгдсэн, үүнтэй талууд маргаагүй бөгөөд дээрх акт нь 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр батлагдаж, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн Захиргааны ерөнхий хууль хүчин төгөлдөр болохоос өмнө гарсан акт байна.

            2.3. Харин маргаан бүхий 28 дугаар акт гарах үед буюу 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар Засгийн газрын 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 119 дүгээр тогтоолоор батлагдсан “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам” хүчин төгөлдөр үйлчилж байсан тул захиргааны байгууллага уг журмыг баримталж хэм хэмжээ тогтоосон акт гаргах үүрэгтэй.

            2.4. Маргаан бүхий журмыг “... нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд авто тээврийн хэрэгсэл эзэмшигч этгээдийн ... албан татвар, төлбөр төлөхтэй холбогдон гарах харилцааг зохицуулахаар” баталсан, хариуцагчаас “... Нийслэлийн Засаг дарга жил болгон захирамж гаргаж байгаа нь ачааллыг нэмэгдүүлж байгаа тул журмаар зохицуулъя гэдэг байдлаар санал хурааж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж ирсэн, ... татвар, төлбөр хураах ажлыг зохион байгуулахад гарч буй зардлыг багасгах, энэ нь жил бүр Нийслэлийн Засаг даргын захирамжаар зохион байгуулахаар цагдаа, татвар, Автотээврийн үндэсний төв гэх мэт бүх мэргэжлийн байгууллагуудаас энэ ажлыг зохион байгуулж байгаа нь хүндрэлтэй, зардал ихтэй учраас үүнийг багасгах зорилготой, мөн иргэд, аж ахуй нэгж байгууллага татвараа цаг хугацаанд нь төлөөгүйгээс буюу хуулийн хугацаа дуусах дөхөх үеэр ачаалал нэмэгдэх асуудлууд гарч байсан, ... татварын орлого бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх төсвийн хөрөнгөөр хийх ажлыг цаг хугацаанд нь хийх” гэж тайлбарлахаас өөрөөр маргаан бүхий актыг гаргах болсон шалтгаан, хууль зүйн үндэслэлийг тайлбарлаагүй, холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй байна.

            2.5. Мөн хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа “...Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01/167 дугаар албан бичгээр өргөн мэдүүлсэн саналыг үндэслэж баталсан” гэх боловч тухайн албан бичиг хэрэгт авагдаагүй тул уг санал нь чухам хэнд чиглэсэн, ямар агуулгатай санал байсан нь тодорхойгүй байна.

            2.6. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 119 дүгээр тогтоолоор захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн бүртгэлийг 2011 онд багтаан шинэчлэхээр зааж, уг тогтоолын хавсралтаар “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ыг хавсралтаар баталж, журмаар хэм хэмжээ тогтоосон актын шийдвэр гаргах үе шат, шийдвэрийн төслийг хэрхэн бэлтгэх, батлах, шийдвэрийг хэрхэн хүлээн авах, хянах, улсын бүртгэлд бүртгэх, шийдвэрийг нийтэд мэдээлэх, хүчин төгөлдөр болох талаар нарийвчлан зохицуулсан.

            2.7. Захиргааны байгууллага өөрийн гаргасан актын хууль зүйн үндэслэлийг тодорхой зааж, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагчаас маргаан бүхий журмыг дээрх журамд нийцүүлэн гаргасан эсэх, үүнтэй холбоотой баримтууд хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх “... Нэгэнт журмын холбогдох заалт нь Татварын ерөнхий хуультай нийцэж байх тул шүүх маргаан бүхий журмыг хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгээгүй үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоох боломжгүй, ... уг журам нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй, маргаан бүхий хэм хэмжээний актыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй” гэх байдлаар дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

            2.8. Түүнчлэн журмын 3.4-т зааснаар авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн оронгийн тоогоор тухайн оны 06 дугаар сарын 01-ний дотор багтаан зохион байгуулах бөгөөд, 4.5-д зааснаар тогтоосон хугацаанд авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөөгүй тохиолдолд эзэмшигчийн бүртгэлийн хаягаар хууль тогтоомжид заасан хувь хэмжээгээр торгууль ногдуулахаар байна.

            2.9. Харин Монгол Улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулиар хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагын автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулсан, тодруулбал, 7 дугаар зүйлийн 1-д “Хувь хүн нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлнө. Хэрэв 6 дугаар сарын 1-нээс хойш авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг импортоор оруулж ирсэн бол харьяалах татварын албанд тухайн жилдээ багтаан үлдсэн хугацаанд ногдох татварыг төлнө”, 2-т “Аж ахуйн нэгж, байгууллага автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн сүүлчийн сарын 25-ны дотор багтаан төсөвт төлж дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор тайланг татварын албанд ирүүлнэ” гэж тус тус заасан.

            2.10. Нэхэмжлэгчээс “... дээрх хуулийн заалтуудыг дурдан татвараа жилд 4 удаа хуваан өөрийн санхүүгийн боломж болон хугацаанд тааруулан төлөх боломжийг хязгаарласан, бүтэн жилд төлөх татварыг хагас жилд төлөх дарамт учруулсан” гэж тайлбарлан маргаж байхад шүүх “... “жилийн албан татварыг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн сүүлчийн сарын 25-ны дотор багтаан төсөвт төлнө” гэж заасан, “автотээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгийн тоогоор тухайн оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор зохион байгуулна” гэж журамласан нь татварын хууль тогтоомжийн зорилго, татварын үр ашигтай байх зарчимд тус тус нийцжээ, ... журмаар ачааллыг нэг дор үүрүүлсэн, хүндрэл, чирэгдэл учруулсан гэж үзэхгүй” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

            2.11.  Учир нь энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүйгээс гадна  нэхэмжлэгчээс “... татвар төлөхгүй” гэж маргаагүй, харин “татвараа хуульд заасан хугацаандаа төлөх ёстой” гэж маргаж байхад шүүх маргаан бүхий актыг гаргахдаа үндэслэл болгосон гэх Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01/167 дугаар албан бичгээр өргөн мэдүүлсэн санал болон энэхүү харилцааг дээрх хуулиар зохицуулсан байхад чухам ямар учир шалтгаанаар журмаар зохицуулахаар болсон талаарх баримтыг цуглуулаагүй, нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлд  хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй атлаа уг журмыг татварын хууль тогтоомжийн зорилго, татварын үр ашигтай байх зарчимтай холбон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг шууд зөвтгөх боломжгүй.

            2.12. Мөн нэхэмжлэгч “... маргаан бүхий журмыг бүхэлд нь хүчин төгөлдөр бусад тооцуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч “маргаан бүхий журмын 3.4 дэх заалтыг холбогдох хуульд нийцээгүй” хэмээн тайлбарласнаас өөрөөр журмын бусад заалтууд нь ямар хуульд нийцээгүй, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн хөндсөн талаар тухайлан тодорхойлж маргаагүй, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах үүргээ биелүүлээгүй, журмын бусад заалтуудад холбогдуулан хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6-д зааснаар захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн талаар шүүх зайлшгүй тодруулж, нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.

2.13. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д зааснаар захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг “тогтоох” хуулийн зохицуулалттай бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “тооцуулах” гэж тодорхойлсон, давж заалдах гомдолд “...бидний нэхэмжлэлийн шаардлага нь “хүчин төгөлдөр бус болохыг тогтоох” бус маргаан бүхий журмыг “хүчин төгөлдөр бусад тооцуулах” байсан” гэж тайлбарлаж байгаа нь дээрх хуулийн заалттай хэрхэн нийцэж байгааг анхаарах нь зүйтэй байна.

2.14. Товчхондоо шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн тодруулж, маргаан бүхий журмын чухам ямар заалт нь ямар хуульд нийцээгүй, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн бодитойгоор сэргэх боломжтой болохыг харгалзан үзэж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй. 

3. Иймд анхан шатны шүүх дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтуудыг бүрэн цуглуулаагүй, түүнд харьцуулан хууль зүйн дүгнэлт хийгээгүй, давж заалдах шатны шүүх дээрх алдааг зөвтгөж шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянаж уг маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 321 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.БААТАРХҮҮ      

         ШҮҮГЧ                                                               Т.ЭНХМАА

         ШҮҮГЧ                                                                   Н.ДОЛГОРСҮРЭН