Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2019/00163

 

Ц ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

           Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/01491 дүгээр шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1921 дүгээр магадлалтай,

            Ц ийн нэхэмжлэлтэй,

            Шинжлэх ухаан технологийн их сургуульд холбогдох

          Тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Батхүү, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: Шинжлэх ухаан технологийн их сургуулийн ректорын 2017 оны 01 сарын 31-ний өдрийн Б/33 тоот тушаалаар 2017 оны 02 сарын 01-ний өдрөөс Санхүү, эдийн засгийн албаны даргын албан тушаалаас чөлөөлсөн шийдвэрийг гаргасан. Энэхүү тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 24, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 46 дугаар зүйл, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн дүрмийн 4.12.6, 4.12.8, 9.2, сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалт, Ректорын зөвлөлийн 2017 оны 01 сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэл, Авилгатай тэмцэх газрын 2017 оны 01 сарын 27-ны өдрийн 05/1067 тоот албан бичгийг үндэслэсэн байх бөгөөд үүнд Хөдөлмөрийн тухай хуулийн тодорхой заалтуудыг буруу хэрэглэсэн, үндэслэлгүй шийдвэр гаргасан хэмээн үзэж байна. Ректорын тушаалд тусгасан Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.3 дахь хэсэгт заасан ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үйлдлийг нэхэмжлэгч гаргаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргаагүй байхад ажил олгогч энэ хуулийн 131.1.3-т заасан заалтыг үндэс болгож урьдчилан мэдэгдэлгүйгээр ажлаас шууд чөлөөлсөн нь хууль, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн дотоод дүрэм журмыг зөрчсөн. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Ректор Б.Очирбат, Захиргаа, мониторингийн газрын дарга Л.Пүрэв нар ажлаас халагдах ямар ноцтой зөрчил гаргасан талаар тодорхой тайлбар мэдээллийг бичгээр болон амаар танилцуулаагүй. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Ректор, удирдлагын зүгээс Шинжлэх ухаан технологийн их сургуулийн захиргааны бүх газар алба, нэгжүүдийн 2016 оны албан тайланг хэлэлцүүлэх, ажлын үр дүнг үнэлэх дүгнэх ажлыг зохион байгуулаагүй. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн дүрмийн 4.12.8 дахь заалтад проректорууд болон санхүүгийн албаны даргыг томилох, чөлөөлөхөд Удирдах зөвлөлтэй, ... зөвшилцөн шийдвэрлэнэ гэж заасныг зөрчсөн. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Удирдах зөвлөлийн 2017 оны 01 сарын 12-ны өдрийн хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдсан Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 2017 оны төсвийн төслийг хэлэлцэн баталсан. Уг төсвийн төслийг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Ректор, Эдийн засаг, нийгмийн асуудал хариуцсан проректорт удаа дараа танилцуулж санал зөвлөмжийг авч тусгасан бөгөөд Ректорын зөвлөлийн хурлаар 2 удаа хэлэлцүүлэн сайжруулж Удирдах зөвлөлийн хуралд оруулахаар тогтсон. Удирдах зөвлөлийн хурлаар төсвийн төсөлтэй холбоотойгоор гишүүд санал, шүүмж, дүгнэлтийг гаргаж байсан бөгөөд эдгээрийг тусган төсвийн төслийг баталсан. Тус хурлаар манай Санхүү, эдийн засгийн албаны ажлын тайлан, үр дүнг дүгнэх, ажлын байр, орон тооны асуудал хурлын төлөвлөгөөнд тусгагдаагүй болон хэлэлцэгдээгүй. Удирдах зөвлөлийн хурлаар Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Ректорын 2016 оны сургалт, эрдэм шинжилгээ, санхүү, захиргааны ажлын тайланг авч хэлэлцсэн бөгөөд Хангалттай сайн гэж үнэлсэн. Ректорын тайланд тусгагдсан санхүү, эдийн засгийн тайлангийн төслийг манай албанаас боловсруулан хүргүүлсэн бөгөөд энэ нь бидний үйл ажиллагааг давхар үнэлсэн. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Санхүү, эдийн засгийн албаны даргын албан тушаалд томилогдох ажилтны талаарх мэдээллийг Авилгатай тэмцэх газраас авсан бөгөөд үүнд Эдийн засаг, нийгмийн хөгжил эрхэлсэн проректорт томилох чөлөөлөх асуудлын талаар танилцуулаагүй, зөвшилцөн шийдвэрлээгүй байна. Иймд ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтуудыг буруу хэрэглэж, үндэслэлгүйгээр ажлаас халсан нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Иймээс Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ректор Б.Очирбатын 2017 оны 01 сарын 31-ний өдрийн Б/33 тушаалыг хүчингүй болгох, Санхүү эдийн засгийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан авах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагыг гаргаж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхцэцэгийн гаргасан хариу тайлбарт: Ц  нь Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 10.2.2-т, хөдөлмөрийн гэрээний 8.2.4-д заасан их сургуулийн санхүү эд хөрөнгөтэй холбоотой зөрчил гаргасан төдийгүй сургуульд их хэмжээний хохирол учруулж, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон учир Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Ректорын 2017 оны 01 сарын 31-ний өдрийн Б/33 дугаар тушаалаар Ц ийг 2017 оны 02 сарын 01-ний өдрөөс Санхүү эдийн засгийн албаны даргын албан тушаалаас чөлөөлсөн. Улсын дээд шүүхийн 2006 оны 07 сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.4-д Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгож зөрчил тус бүр тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл ногдуулсан байхыг шаардахгүй, 15.4.1-т Давтан гаргасан зөрчлүүдийн хоорондын хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна гэж заасан. 2015 оны 12 сарын 23-ны өдөр ажилдаа хариуцлагагүй хандаж, дотоод аудитор Г.Бэлэгтэд тэтгэмж давхардуулан 21,551,400 төгрөг олгож, Ректорын 2016 оны 01 сарын 13-ны өдрийн Б/15 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэл, Захиргаа, бүрэлдэхүүн сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавих, зөрчил дутагдал гарсан тохиолдолд түүнийг арилгах арга хэмжээг тодорхойлох, хариуцлага тооцох талаар хариуцлагагүй хандаж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй сахилгын зөрчлийг давтан гаргасан тул Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Рөкторын 2016 оны 09 сарын 20-ны өдрийн А/134 тоот тушаалаар 2016 оны 09 сарын 19-ний өдрөөс сануулах сахилгын шийтгэл тус тус хүлээж байсан. Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Эдийн засаг, нийгмийн хөгжил эрхэлсэн проректороор ажиллаж байсан Д.Батчулуунтай тохиролцож, өөрийгөө тэргүүний нягтлан бодогч болох боломжтой гэсэн ойлголтыг төрүүлж мэргэшсэн нягтлан бодогчдын институт төрийн бус олон нийтийн байгууллагын шинэ жилийн баярын цэнгүүнийг төсвийн хөрөнгө болох 1,900,000 төгрөгөөр ивээн тэтгэсэн үйлдэл нь илт эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлсэн. Ц  гэмт үйл ажиллагаагаа нуух зорилгоор урилгын үнэ гэж зориулалтыг өөрчлөн мэргэшсэн нягтлан бодогчийн институтэд мөнгө шилжүүлсэн нь тогтоогдсон. Ц ийн ашигласан 1,900,000 төгрөг санхүүгийн баримтаар хөтөлбөргүй тогтоогдсон, ажлаас халах сахилгын шийтгэлтэй үр дагавар, шалтгаант холбоогоор холбогдож байгаа учраас сөрөг нэхэмжлэл гаргасан. Тэрээр Хэрэглээний стандарт гэх чөлөөт сэтгүүлийн нүүрэнд өөрийнхөө зургийг нийтлүүлж, сурталчилгааны үнэд тус сэтгүүлийн Хаан банк ХХК-ийн 5020649320 тоот дансанд 3,000,000 төгрөг шилжүүлсэн. 2015 оны 06 сарын 19-ний өдрийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн санхүүгийн ажилтнуудын санхүүгийн боловсрол сэдэвт семинарын 50 хүний төсөв 3,300,000 төгрөгөөс бэлнээр 1,908,500 төгрөгийг авсан. Монголын үндэсний аудитын газраас Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн ажлын тайланд захиргааны нэгжүүд болон бүрэлдэхүүн сургуулиудын хооронд уялдаа муутай, зарим статистик тоо мэдээг зөрүүтэй нэгтгэсэн. Санхүү хөрөнгийн нөөцөөр бүрэн хангагдсан ч санхүүгийн үйл ажиллагаанд мөрдөгдөж буй дүрэм журмыг шинэчлээгүй, Улсын төсвөөс авах санхүүжилтийг багасгах тооцоо гаргаагүй. Сургалтын төлбөрийг хэрхэн тооцох талаар журам аргачлал баталж мөрдөөгүй нь түүний ажил хариуцах сахилга, хариуцлагатай холбоотой. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг ноцтой зөрчин тендер зарлаагүй, үнэлгээний хороо байгуулаагүй оролцогчдод мэдэгдээгүй, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан зөрчлийн талаар 2017 оны 03 сарын 27-ны өдрийн 83 тоот албан бичиг, 2007 оны 04 сарын 28-ны өдрийн 144 дугаартай албан бичигт тодорхой бичсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/01491 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц ийг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Санхүү эдийн засгийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Шинжлэх ухаан технологийн их сургуулиас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 45,660,650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц эд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Ц ийн болон хариуцагч Шинжлэх ухаан технологийн их сургуулийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Шинжлэх ухаан технологийн их сургуульд даалгаж, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Шинжлэх ухаан технологийн их сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 386,253.25 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1921 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/01491 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 181/ШШ2018/01491 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1921 дугаар магадлалыг хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хариуцагчийн өмгөөлөгч авах, өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй, нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээдийг оролцуулан хэргийг шийдвэрлэж шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзээд ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар хяналтын журмаар гомдол гаргаж байна. Ц  нь 2013 оны 06 сарын 20-ны өдрөөс эхлэн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Санхүү, эдийн засгийн газрын даргын албан тушаалыг, 2015 оны 05 сарын 01-ний өдрийн бүтцийн өөрчлөлтөөр тус сургуулийн Санхүү, эдийн засгийн албаны даргын албан тушаалд тус тус томилогдон ажиллаж байсан ба ШУТИС-ийн Ректорын 2017 оны 01 сарын 31-ний өдрийн Б/33 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 24, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43, 131 дүгээр зүйлийн 131.1.3, ШУТИС-ийн дүрмийн 4.12.6, 4.12.8, 9.2, Сургуулийн хөдөлмөрийн дотоод журам, Ректорын зөвлөлийн 2017 оны 01 сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэн СЭЗА-ны даргын албан тушаалаас чөлөөлсөн. Ц ийн ажлын байранд хийгдэх, ажлын гол зорилго нь ШУТИС-ийн төсвийг зориулалтын дагуу хуваарилах, зарцуулах, гүйцэтгэлд хяналт тавих, санхүүгийн сахилгад хяналт тавих, захиргаа, бүрэлдэхүүн сургуулиудын санхүүгийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавих, санхүүгийн зөрчил дутагдал гаргуулахгүй байх талаар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, ... зөрчил дутагдал гаргасан тохиолдолд түүнийг арилгах арга замыг тодорхойлох, хариуцлага тооцох талаар санал боловсруулж удирдлагад танилцуулж, шийдвэрлүүлэх болон бусад ажлыг хийж гүйцэтгэх үүргийг хүлээсэн. Гэтэл тэрээр ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж 2016 онд дотоод аудитор Г.Билэгтэд тэтгэмж давхардуулан олгож сургуульд 21,551,400 төгрөгийн хохирлыг учруулсан, Хэрэглээний стандарт нэртэй сэтгүүлийн нүүрэнд өөрийн зургийг нийтлүүлж, сурталчилгааны үнэнд гэж тус сэтгүүлийн Хаан банкны дансанд 2016 оны 04 сарын 05-ны өдөр 3,000,000 төгрөгийг шилжүүлж, төсвийн мөнгийг өөрийн эрх ашгийн тулд захиран зарцуулсан, ШУТИС-ийн санхүүгийн ажилтнуудын “Санхүүгийн боловсрол" сэдэвт семинарын төсвөөс 1,908,500 төгрөгийг бэлнээр авсан, өөрөө мэргэшсэн нягтлан бодогч болохын тулд Мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн шинэ жилийн цэнгүүнийг төсвийн мөнгөөр ивээн тэтгэх зэргээр албан тушаалын байдлаа ашиглан төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэхгүй, хууль болон гэрээ бусад дүрэм журмаар хүлээсэн албан тушаалын үүргээ зөрчих байдлыг удаа дараа гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон, нэхэмжлэгч дээрх зөрчлүүдийг гаргаагүй гэдгээ үгүйсгэж нотлоогүй байхад 2 шатны шүүх дотоод хяналт шалгалт болон эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоогоогүй гэсэн нэг талыг барьсан дүгнэлтийг хийж хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, дүгнээгүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй юм.

Үндэсний аудитын газраас ШУТИС-ийн 2013-2015 оны үйл ажиллагаа, үр дүнд хийсэн аудитын дүгнэлтийг 2 сар өөрөө дээр байлгаж, сургуулийн удирдлагад хугацаа хожимдуулан танилцуулснаас болж аудитын дүгнэлтээр илэрсэн зөрчлийг засах, холбогдох хүмүүст арга хэмжээ авах хугацааг хожимдуулсан зөрчилд нь 2016 оны 09 сарын 20-ны өдрийн А/134 дугаар тушаалаар сануулах шийтгэлийг ногдуулснаас хойш Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад дахин “Ректорын зөвлөлийн хурал тасалсан" зөрчил гаргасан тул хариуцагчийн зүгээс хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг үндэслэн 2017 оны 01 сарын 31-ний өдөр СЭЗА-ны даргын албан тушаалаас чөлөөлсөн. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд бодит гаргасан үйлдэл, зөрчил, давтан гэж үзсэн хариуцагчийн тайлбар, маргаанд дүгнэлт хийхгүйгээр ректорын зөвлөлийн хурлын хэлэлцэх асуудлын дараалалд ШУТИС-ийн санхүүгийн үйл ажиллагааны болон Бумцэндийн өөрийн тайланг хэлэлцэх талаар түүнд үүрэг өгөгдсөн байдал тогтоогдоогүй гэсэн маргаанд хамааралтай гэж үзэхэд учир дутагдалтай зүйлд дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч Ц , Ц.Мөнхбатад өөрийгөө төлөөлөх итгэмжлэлийг 2017 оны 03 сарын 17-ны өдрөөс эхлэн нэг жилийн буюу тодорхой хугацаатайгаар олгосон байдаг. Уг итгэмжлэлийн хугацаа 2018 оны 03 сарын 17-ны өдөр дууссан дахин шинээр төлөөлөх итгэмжлэлийг олгоогүй байхад анхан шатны шүүх 2018 оны 07 сарын 02-ны өдөр хэргийг хэлэлцэхдээ төлөөлөх бүрэн эрхгүй этгээдийг оролцуулан хэргийг шийдвэрлэсэн, мөн хариуцагчийн өмгөөлөгч авах, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хуулиар олгосон эрхийг хангаагүй, нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх оролцогчийн хүсэлтийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон зэргээр шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж хэрэг, маргааныг шийдвэрлэсэн юм. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 181/ШШ2018/01491 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1921 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

                                                                     ХЯНАВАЛ:

Анхан болон д   авж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Ц  нь хариуцагч Шинжлэх ухаан технологийн их сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, тушаал хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Ц  нь Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Санхүү, эдийн засгийн албаны даргаар ажиллаж байгаад ажил олгогчийн 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн Б/33 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна. /хх- 55-56, 177-179/

Ажилтныг ажлаас халсан 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн Б/33 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 24 дүгээр зүйл, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйл, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Ректорын зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэл, Авилгатай тэмцэх газрын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 05/1067 тоот албан бичгийг тус тус баримталжээ.

Хариуцагч нь нэхэмжлэгч Ц ийг сахилгын давтан зөрчил гаргаснаас гадна сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 10.2.2, хөдөлмөрийн гэрээний 8.2.4-д заасан  санхүү эд хөрөнгөтэй холбоотой зөрчил гаргасан, сургуульд их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон гэсэн тайлбар гаргасан байна. /хх- 175-176/

Хэрэгт авагдсан 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ажил олгогч, ажилтны хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 8.2.4-т “...сургуульд эд хөрөнгийн хохирол учруулах, эд хөрөнгө, техник хэрэгсэл, эд ангийг зөвшөөрөлгүй гадагш авч гарах, бусдад шилжүүлэх, эд ангийг солих, хувьдаа ашигласан буюу ашиглахыг завдсан” бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцална” гэжээ.

Нэхэмжлэгч Ц ийг Мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн шинэ жилийн цэнгүүнийг төсвийн хөрөнгө 1,900,000.00 төгрөгөөр ивээн тэтгэсэн, “Хэрэглээний стандарт” чөлөөт сэтгүүлийн нүүрэнд өөрийнхөө зургийг нийтлүүлж 3,000,000.00 төгрөг төсвийн хөрөнгөөс шилжүүлсэн, санхүүгийн ажилтнуудын санхүүгийн боловсрол сэдэвт семинарын 50 хүний төсөв 3,300,000.00 төгрөгөөс 1,908,500.00 төгрөг авсан зөрчлийг гаргасан гэж буруутгасан боловч уг зөрчлийг дотоодын хяналт шалгалт болон эрх бүхий байгууллагаас шалгаж тогтоосон баримтгүй гэж анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймээс нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэж заасан ноцтой зөрчлийг гаргаагүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзнэ.

Түүнчлэн ажил олгогч нь Ц тэй Санхүү эдийн засгийн албаны даргын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж дүгнэх боломжгүй юм.

Ажил олгогч нь нэхэмжлэгч Ц эд өмнө нь сахилгын арга хэмжээ авч байсан байна. Түүнийг Г.Бэлэгтэд тэтгэмж давхардуулан олгож байгууллагад 21,000,000.00 төгрөгийн хохирол учруулсан гэж тус сургуулийн ректорын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар, мөн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 2013-2015 оны үйл ажиллагааны үр дүнд хийсэн аудитын дүгнэлтийг хугацаа хожимдуулж сургуулийн удирдлагад танилцуулсан, ажлын байрны тодорхойлолтод заасан хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэж тус сургуулийн ректорын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/134 дугаар тушаалаар тус тус сануулах арга хэмжээ авсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын тайлбараар нотлогдсон байна.

Нэхэмжлэгч Ц  нь сахилгын шийтгэл ногдуулсан дээрх тушаалуудад Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор гомдол гаргаагүй тул уг тушаалуудыг хүчин төгөлдөр болсон гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Ажилтныг ажлаас чөлөөлсөн өөр нэг үндэслэл нь Шинжлэх ухаан технологийн их сургуулийн ректорын зөвлөлийн хуралд Санхүү, эдийн засгийн албаны даргын хувьд сургуулийн санхүүгийн үйл ажиллагааны болон өөрийн ажлын тайланг тавих, удирдлагаас өгсөн үүргийг биелүүлээгүй хурлыг тасалж, сахилгын давтан зөрчил гаргасан гэж ажил олгогч тайлбар гаргасан байна.

2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн ректорын зөвлөлийн хурлын 2 дугаар тэмдэглэлээс үзвэл тухайн хурлын хэлэлцэх асуудалд санхүүгийн албаны болон Ц ийн хийсэн ажлын тайланг хэлэлцэх асуудал болон уг тайланг хэлэлцүүлэх талаар түүнд үүрэг өгөгдсөн зэрэг байдал нь хэргийн үйл баримтаар тогтоогдоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцсэн байна. /1хх- 75-91/

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ц ийн хийсэн ажлын тайлан болон тус сургуулийн санхүүгийн үйл ажиллагааны тайланг хэлэлцүүлэх байсан талаарх нотлох баримтгүй тул ажилтныг хариуцагчийн тайлбарт дурдсан зөрчлийг гаргасан, тухайн зөрчлийг ажил олгогчийн зүгээс шалгаж тогтоосон болох нь нотлогдоогүй буюу хариуцагч өөрийн тайлбар болон татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан сахилгын давтан зөрчлийг гаргасан гэх байдал хэргийн үйл баримтаар тогтоогдоогүй тул ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн 2017 оны 02 дугаар сарын 31-ний өдрийн Б/33 тоот тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т нийцээгүй, ажилтныг хууль бусаар ажлаас чөлөөлсөн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Ц эд олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн ганцаарчилсан маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэсэн байх тул энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлын үндэслэл давж заалдах журмаар гаргасан гомдолтой адил агуулгатай, давж заалдах шатны шүүх гомдлыг хангахгүй тухайд хийсэн дүгнэлт хуульд нийцсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/01491 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1921 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч Шинжлэх ухаан технологийн их сургуулийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 386,254.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН