| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 2108000000183 |
| Дугаар | 2021/ШЦТ/294 |
| Огноо | 2021-12-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/294
2021 03 18 2021/ШЦТ/294
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,
улсын яллагч С.Энхням,
шүүгдэгч Ч.Сайнжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1961 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, өндөр настны тэтгэвэрт, ам бүл-6, эхнэр, хүү, бэр, ач, зээ нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 68-26 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Бороош овогт Чимэдийн Сайнжаргал (РД: ОЮ61051217).
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Сайнжаргал мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
- Хохирогч Ц.Чулуунцоожийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Толгойт 68-2Б тоотод хадам аав том өрөөний буйдан дээрээс босож ирээд...миний бөгс рүү нэг удаа өшиглөсөн...нөхөр цаад өрөөнөөсөө гарч ирээд намайг татаад босготол хадам аав шууд миний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисон...Миний зүүн талын нүд хөхөрч хавагнасан, хамрын яс зүүн талдаа бага зэрэг цуурсан, хамрын таславч бага зэрэг мурийсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар хуудас),
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 642 дугаартай ”Хэсэг газрын үзлэгт зүүн нүдний дээд, доод зовхи овойж хавдсан, 3х5см хөх ягаан өнгийн цус хуралттай, хамрын нурууны хэсэгт 1х2см хөх ягаан өнгийн цус хуралттай, зүүн нүдний дотор салстад хүрэн улаан өнгийн цус хурсан, зүүн өгзөгний гадна доод хэсэг өвчин эмзэглэлтэй.
1. Ц.Чулуунцоожийн биед хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал , цус хуралт, хамрын нуруу, нүдний дотор салстын цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.4.5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 47-48 дугаар тал),
- Гэрч Б.Болорцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Сайнжаргал ах Чулуунцоожийн нүүрэн тус газар нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дугаар хуудас),
- Гэрч Ц.Бямбаахүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн өдөр гэртээ байж байтал дүү Чулуунцоож миний гар утас руу залгаад “ирээд аваарай, намайг хадам аав зодоод байна” гэж хэлсэн. Тэгээд би нөхөртэйгөө хамт...19 цаг өнгөрөөгөөд очиход манай дүүгийн зүүн нүд нь хавдаж хөхөрсөн байдалтай босож чадахгүй байна гээд сууж байсан. Тэгээд би хадам ааваас нь юу болсон талаар нь асуухад “...ганц удаа цохисон...” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас),
- Гэрч С.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай аав буйдан дээрээс босож ирээд манай эхнэрийн нүүрэн тус газар нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас),
- Шүүгдэгч Ч.Сайнжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би бэрийнхээ нүүрэн тус газар нэг удаа цохисон...Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 64 дүгээр хуудас),
- Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокурорын санал /шинээр гаргаж өгсөн/,
- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 20 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 21 дүгээр тал), эд хөрөнгөтэй эсэх талаар лавлагаа, тэтгэврийн дэвтрийн хуулбар (хавтаст хэргийн 22, 75-76 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 54 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлж дүгнэн, шийдвэрийн үндэслэл болгосон.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.Сайнжаргалын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.Сайнжаргалд холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Ч.Сайнжаргал нь 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Толгойт 68-2Б тоот гэртээ иргэн Ц.Чулуунцоожийг “хамаатны Болороогийн үснээс зулгаалаа, тогоотой буцалж байсан шөл асгалаа” гэж уурлан өшиглөх, цохих байдлаар зодсоны улмаас түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- хохирогч Ц.Чулуунцоожийн “...хадам аав том өрөөний буйдан дээрээс босож ирээд ...миний бөгс рүү нэг удаа өшиглөсөн...нөхөр цаад өрөөнөөсөө гарч ирээд намайг татаад босготол хадам аав шууд миний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хх-28),
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 642 дугаартай “Ц.Чулуунцоожийн биед хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал , цус хуралт, хамрын нуруу, нүдний дотор салстын цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хх47-48),
- гэрч Б.Болорцэцэгийн ”...Сайнжаргал ах Чулуунцоожийн нүүрэн тус газар нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хх32),
- гэрч Ц.Бямбаахүүгийн “... дүү Чулуунцоож залгаад “ирээд аваарай, намайг хадам аав зодоод байна” гэж хэлсэн...би нөхөртэйгөө хамт очиход манай дүүгийн зүүн нүд нь хавдаж хөхөрсөн байдалтай сууж байсан. Тэгээд би хадам ааваас нь юу болсон талаар нь асуухад “...ганц удаа цохисон...” гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хх35-36),
- гэрч С.Мөнхбаярын ”...манай аав буйдан дээрээс босож ирээд манай эхнэрийн нүүрэн тус газар нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хх39-40) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Ч.Сайнжаргал нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр хохирогч Ц.Чулуунцоожийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангажээ.
Өөрөөр хэлбэл Ч.Сайнжаргал нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 642 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон тул прокуророос түүнийг гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ч.Сайнжаргал нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг нь хангасан болохыг тэмдэглэв.
- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.
Хохирогч Ц.Чулуунцоож нь эрүүл мэндэд учирсан эмчилгээ, шинжилгээний зардалд 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 316.950 төгрөг авсан, гомдолгүй /хх-82/ гэх хүсэлтийг илэрхийлсэн бөгөөд Шүүхээс хохирогчид хурлын тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд суухгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдэгдсэн.
Шүүгдэгч Ч.Сайнжаргал нь Худалдаа хөгжлийн банкаар 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хохирогчийн дансаар 316.950 төгрөгийг шилжүүлсэн “орлогын ордер” баримтыг гаргаж өгсөн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Шүүгдэгч Ч.Сайнжаргал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 дахь заалтад зааснаар “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт” гаргасны дагуу урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр товлон зарласан бөгөөд шүүгдэгчээс “...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг,
Улсын яллагчаас “...Ч.Сайнжаргал гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд төлсөн тул түүний хүсэлтийг дэмжиж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх, ял оногдуулах шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай” гэх тайлбарыг тус тус гаргасныг Шүүх хүлээн авч, хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт “...хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруйд...шүүх хуралдаан зарлаж явуулж болно”, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Сайнжаргалд холбогдох Эрүүгийн 2108000000183 тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Ч.Сайнжаргалтай 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр прокурор “яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай санал” гаргаж, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар түүнд танилцуулж, хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Ч.Сайнжаргал нь цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй (хх-54) буюу ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс Ч.Сайнжаргалыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /үл ялих зүйлээр шалтаглан, хүний эрүүл мэндэд халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчоос нэхэмжилсэн 316.950 төгрөгийг бүрэн нөхөн төлсөн/, шүүгдэгчийн хувийн байдал /өндөр насны тэтгэвэр /хх75-76/-т гарсан, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон/ зэргийг тус тус харгалзан, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялыг хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн 2108000000183 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.Сайнжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Бороош овогт Чимэдийн Сайнжаргалыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Сайнжаргалыг 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Ч.Сайнжаргалд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн 2108000000183 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.Сайнжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Сайнжаргалд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР