Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагважаргалын Тунгалаг |
Хэргийн индекс | 118/2018/0027/З |
Дугаар | 118/ШШ2019/0008 |
Огноо | 2019-04-09 |
Маргааны төрөл | Бусад, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 118/ШШ2019/0008
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Амарзаяа даргалж, шүүгч Л.Тунгалаг, шүүгч Ч.Цэнд-Очир нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Завхан аймгийн Алдархаан сумын Монгол Ардын намын хорооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Сонгуулийн хороонд холбогдох
Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дахин сонгуулийн зардал төсвийг хэлэлцэн шийдвэрлэж батлахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгуулах, уг дахин сонгуулийг сумын хэмжээнд явуулахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Алдархаан сумын Сонгуулийн хороонд даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Алдархаан сумын Монгол Ардын намын хороог төлөөлж дарга Ю.Дэлгэрнасан, түүний өмгөөлөгч О.Мөнхболд, хариуцагч Алдархаан сумын Сонгуулийн хороог төлөөлж дарга М.Эрдэнэцог, түүний өмгөөлөгч Э.Долгорсүрэн, иргэдийн төлөөлөгч Б.Шүрэнцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Алдархаан сумын Монгол Ардын намын хороог төлөөлж дарга Ю.Дэлгэрнасан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг сонгох ээлжит сонгууль улс орон даяар 2016 оны 10 дугаар сард явагдсан. Завхан аймгийн Алдархаан сумын сонгуулийн хороо нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Санал хураалтын дүнг хүчингүй болгуулах тухай 17 дугаар тогтоолооор тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг сонгох 2016 оны сонгуулиар сонгогчдын олонхийн санал авч түр үнэмлэхээ авсан 21 нэр дэвшигчийн сонгуульд авсан саналын дүнг бүхэлд нь хүчингүй болгож, дахин сонгууль зарлахыг өөртөө даалгасан шийдвэр гаргаснаар Сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3 дахь заалтанд заасны дагуу дахин сонгууль явуулах нөхцөл байдал үүссэн. Алдархаан сумын Монгол Ардын намын хорооны зүгээс уг тогтоолыг үндэслэлгүй гэж үзэж, хүчингүй болгуулахаар Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхүүдээс анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 09 дүгээр шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2017 оны04 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2017/0309 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 17-ны 237 дугаар тогтоолоор Алдархаан сумын Монгол Ардын намын хорооноос гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож захиргааны хэргийн шүүхээр хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдэж дууссан. Өөрөөр хэлбэл Алдархаан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 17 дугаар тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж, дахин сонгууль явуулахаар болсон. Гэтэл Алдархаан сумын сонгуулийн хороо нь өөрийн гаргасан тогтоолоо хэрэгжүүлэлгүй, тогтоолтой холбоотой захиргааны хэргийн маргаан эцэслэж шийдвэрлэгдээд бүхэл бүтэн 1 жил 3 сар өнгөрөөд байхад дахин сонгуулийн товыг зарлахгүй байсаар өнөөдрийг хүртэл 6 жил орчим бүрэн эрхээ хэрэгжүүлсээр байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн тавин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, Сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь заалтуудыг тус тус зөрчиж байна. Мөн хуулийн дээрх заалтуудаас гадна Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан Алдархаан сумын иргэдийн сонгох эрх, улс төрийн нам болон намын гишүүдийн сонгогдох эрхийг ноцтойгоор зөрчигдсөөр байгаа явдал юм. 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр улс орон даяар нөхөн болон дахин сонгуулиуд зарлагдахад хариуцагч нар нь дахин сонгуулийг зарлаагүй, Улсын Их Хурлын 2018 оны 64 дүгээр тогтоолоор УИХ-ын гишүүний нөхөн сонгууль болон аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийн зардлыг шийдэж санал авах өдрийг товлосон боловч хариуцагч нар нь мөн дахин сонгуулийг зарлаж явуулаагүй сонгогчид болон нэр дэвшигчдийн эрхийг зөрчсөөр байна. Нэхэмжлэгч талын зүгээс гаргасан тогтоолоо биелүүлэхийг шаардаж, уулзаж албан бичгээр хандаж байсан. Алдархаан сумын сонгуулийн хороо болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Оюунчимэг нартай уулзахад дахин сонгууль явуулах төсөв байхгүй, төсөв батлагдаагүй, сумын жилийн төсөвт суугаагүй гэсэн үндэслэлүүдийг амаар хэлдэг ба бид 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр сумын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 18,19 дүгээр албан бичгүүдээр хандахад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 185 дугаар албан бичгээр хариу өгсөн. Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хариу ирүүлээгүй, мөн сумын сонгуулийн хороонд 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 20 дугаар албан бичгээр хандахад мөн хуульд заасан хугацаанд бидэнд хариуг тус тус өгөөгүй болно. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.б-д зааснаар сумын жилийн төсвийг хэлэлцэж батлах нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн асуудал учраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3 дахь хэсэгт заасны дагуу хуулийн хугацаанд хариу өгөөгүй, сумын сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасан хуулийн хугацаанд хариу өгөөгүй бөгөөд хариуцагч нарын дээрх эс үйлдэхүй нь үндэслэлгүй юм. Иймд Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг сонгох дахин сонгуулийн зардал төсвийг хэлэлцэж шийдвэрлэж батлахыг Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг сонгох дахин сонгуулийг сумын хэмжээнд явуулахыг хариуцагч нарт тус тус даалгаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мөнхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Их Хурлын 2016 оны 06 дугаар тогтоолын дагуу сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгууль 2016 оны 10 дугаар сарын явагдсан. Энэ хүрээнд Завхан аймгийн Алдархан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгууль явагдсан боловч анхдугаар хуралдаан хуульд заасны дагуу хуралдаж чадаагүй шалтгаанаар хуульд заасны дагуу сонгуулийн дүнг хүчингүй болгох нөхцөл бүрдсэнээр тус сумын Сонгуулийн хороо 2016 оны 17 дугаар тогтоолоор сонгуулийн дүнг хүчингүй болгож, дахин сонгуулийг зарлан явуулахыг өөртөө даалгаж шийдвэрлэсэн. Энэ тогтоолтой холбоотой маргаан өмнө нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж, хяналтын шатны шүүхийн тогтоол 2017 оны 06 дугаар сард хүчин төгөлдөр болсон. Ингэснээр уг тогтоолын дагуу дахин сонгууль явуулах үндэслэл бүрдэж, Алдархаан сумын сонгуулийн хороонд тогтоолыг хэрэгжүүлэх үүрэг хуулийн дагуу үүссэн байна. Гэтэл сумын Сонгуулийн хороо өөрөө өөрийнхөө гаргасан энэ шийдвэрийг өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гаргасан. Тогтоолыг хэрэгжүүлэх талаар нэхэмжлэгч Алдархаан сумын МАН-ын Хороо удаа дараа хүсэлт, шаардлагаа хүргүүлж байсан, энэ талаарх баримтууд хэрэгт авагдсан. Энэ тогтоолыг хэрэгжүүлж дахин сонгуулийг явуулаагүйгээс олон хуулийн заалтууд зөрчигдөж, сонгуульд оролцохоор бүртгүүлсэн тус МАН-ын хорооны сонгуульд оролцох эрх зөрчигдсөн.
Мөн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан баталгаатай хангагдах иргэдийн сонгох, сонгогдох эрх зөрчигдөхөд хүргэсэн, мөн Улсын Үндсэн хуулийн тавин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, Сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д заасан нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхээ хэрэгжүүлэх 4 жилийн хугацаа алдагдсан. Өмнөх ээлжит сонгуулиар байгуулагдсан Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 6, 7 жил бүрэн эрхээ хэрэгжүүлсээр байна. Энэ нь хамгийн муу жишиг болж магадгүй ...Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон сумын Сонгуулийн хороо нэгэнт дахин сонгууль зохион байгуулахгүй, төсвийг нь шийдвэрлэж өгөхгүй, 2016 оны 17 дугаар тогтоолоо биелүүлэхгүй байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргах болсон. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой байгаа. Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дахин сонгуулийн зардал төсвийг хэлэлцэн шийдвэрлэж батлахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгуулах, уг дахин сонгуулийг сумын хэмжээнд явуулахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Алдархаан сумын Сонгуулийн хороонд даалгуулах гэсэн шаардлагыг гаргасан. Дахин сонгуулийг сумын хэмжээнд зарлан, зохион байгуулж явуулахыг даалгуулах шаардлагыг хариуцагч тус бүрээр нь тодруулбал Дахин сонгуулийг зарлаж, санал авах өдрийг товлон тогтоож явуулахыг Алдархаан сумын Сонгуулийн Хороонд, бусад техник зохион байгуулалтын арга хэмжээг зохион байгуулж явуулахыг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгуулах гэж гаргаж байгаа. Сонгууль зохион байгуулж явуулах нь өөрөө олон талт ажиллагаа. Хуулинд сонгуулийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх байр, унаа тэргээр хангах асуудлыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-ын а-д зааснаар сумын Хурал орон нутгийн өмчийн зүйлсийн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх эрхтэй байгаа. Энэ зохицуулалтын хүрээнд сонгууль зохион байгуулахад байр, тээвэр, холбоо зэрэг ажиллагааг зохион байгуулахыг Алдархаан сумын Сонгуулийн хороонд даалгуулах шаардлага гаргаж байгаа юм. Ингэхгүй бол дараа нь сонгууль зохион байгуулахад энэ асуудлаар маргаан үүсэх вий дээ гэдэг үндэслэлээр дээрх шаардлагыг Алдархаан сумын Сонгуулийн хороонд холбогдуулж гаргасан. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасны дагуу захиргааны байгуллагын эс үйлдэхүйтэй холбогдуулж даалгах нэхэмжлэлийн шаардлагууд гаргаж байгаа...
...Сонгуулийн тухай хуулийн 151, 155 дугаар зүйлүүдэд нам орон нутгийн сонгуульд оролцох эрх хэмжээг заагаад өгсөн байгаа. Орон нутгийн сонгуульд намын салба байгууллага хүсэлтээ гаргаад бие даан оролцохоор зохицуулсан. Үүний дагуу Алдархаан сумын МАН-ын хороо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ гаргаад, уг хүсэлтэд намын салбар байгууллагын дарга гарын үсгээ зурж баталгаажуулахаар заасны дагуу дарга төлөөлөөд хүсэлтээ гаргаснаар Алдархаан сумын МАН-ын хороо дээрх сонгуульд оролцогчоор бүртгүүлсэн байгаа. Намын салбар байгууллага орон нутгийн сонгуульд оролцохоо ийнхүү бие дааж илэрхийлэх эрэх хэмжэтэй учраас энэ сонгуулийн хүрээнд үүссэн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэж байна. Нэхэмжлэлийг МАН гаргаагүй, энэ намын салбар байгууллага болох Алдархаан сумын МАН-ын хороо гаргаж байгааг тодруулж хэлье. Сумын сонгуулийн хороо нэг удаагийн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахаар байгуулагдсан гэж хариуцагч тал тайлбарлаж байна. 2016 оны 17 дугаар тогтоолоор Алдархаан сумын Сонгуулийн хороо нь сонгуулийг дахин зохион байгуулахыг өөртөө даалгаад шийдчихсэн байгаа тул уг ээлжит сонгуулийн үйл ажиллагаа дуусгавар болоогүй, дахин сонгуулийг зохион байгуулах үүрэг үүсчихсэн, энэ үүргээ хэрэгжүүлээгүй орхигдуулж болохгүй..Сумын сонгуулийн хорооны дарга шүүхэд гаргасан тайлбартаа төсөв батлаад өгчихвөл сонгуулийг зохион байгуулах боломжтой гэж тайлбарласаар ирсэн. Гэтэл өнөөдөр Сонгуулийн хороо татан буугдсан эрх зүйн чадамжгүй гэж тайлбарлаж байгаад гайхаж байна. Сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д зааснаар тухайн Сонгуулийн хороог анх байгуулсан эрх бүхий байгууллага татан буулгаснаар үйл ажиллагаа нь дуусгавар болохоор байна. Гэтэл Завхан аймгийн сонгуулийн хороо Алдархаан сумын сонгуулийн хороог анх байгуулсны хувьд уг хороог татан буулгах асуудлыг шийдвэрлэх ёстой. Гэтэл Алдархаан сумын Сонгуулийн хороог татан буулгах шийдвэр гаргаагүй нь үзлэгийн тэмдэглэлүүдээс тодорхой харагдаж байна. Түүнчлэн Завхан аймгийн Сонгуулийн хороог ч татан буулгасан шийдвэр байхгүй байгаа... Хариуцагч нар дахин сонгуулийг явуулахгүй байж байгаад яаж ийгээд 2020 оны сонгуулийг хүргэх байр суурьтай байгаа нь харагдаж байна... Төсөв хэлэлцэн батлахыг даалгуулах шаардлагын тухайд Алдархаан сумын төсөвтэй холбоотой хэрэгт авагдсан баримтуудаас харахад төсвийн давсан орлого 20 сая төгрөг байсан, ...сумын Хурлын ажилтнуудад цалин хөлс, урамшуулалын зардал гэж байна, ажил хийсэн хүнд цалин хөлс олгох нь зайлшгүй, харин урамшууллын 10 сая төгрөгийг чухал шаардлагтйа асуудалд зарцуулж болохоор, мөн сумын зураг төсөл гэхчилэн зардлуудад хөрөнгө төсөвлөж болж байхад зарим зайлшгүй шаардлагатайгаас бусад зардлаас сонгуулийн зардлыг шийдвэрлэж болохоор, 2019 онд 1 тэрбум 777 сая 640 төгрөг батлагдсан, энэ төсөвт багтаан энэ дахин сонгуулийн зардлыг төсөвлөж болохоор байсан нөхцлүүд харагдаж байгаа...Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлж дарга Ч.Оюунчимэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... Хуулийн дагуу сумын Хурлын анхдугаар хуралдааныг 2 удаа зарлаж хурлын зар хүргүүлж ажилласан боловч МАН-аас сонгогдсон төлөөлөгчид хуралд ирж оролцоогүй, бүрэн эрхээ ч баталгаажуулаагүй. Анхдугаар хуралдааныг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зарлан хуралдуулахаар төлөөлөгчид цугласан боловч мөн МАН-ын төлөөлөгчид ирээгүй. 2018 оны 11 дүгээр сарын 16-наас 17-ны өдрүүдэд шинээр сонгогдсон төлөөлөгчдөд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, чадавхжуулах сургалтыг аймгийн Хурлаас хийхэд МАН-аас сонгогдсон төлөөлөгчид хуралдаа ирээгүй, ирц бүрдээгүй учир хурал хуралдаж чадаагүй Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.13-д заасан нөхцөл байдал үүссэн. Энэ талаарх асуудлаар маргаан үүсч шүүхээр шийдвэрлүүлэн Улсын Дээд шүүхийн тогтоол 2017 оны 06 дугаар сарын 24-нд ирсэн. Энэ үед МУ-ын ерөнхийлөгчийн сонгууль зарлагдан сумын сонгуулийн хороо шинээр байгуулагдсан байсан ба орон нутгийн дахин сонгууль зарлах хугацаа өнгөрсөн байсан. Дээд шүүхийн шийдвэрээр сумын сонгуулийн хорооноос гарсан шийдвэр тогтоолыг хүчин төгөлдөр гэж үзсэн. 2018 оны 6 дугаар сард сонгууль хийхээр сумын сонгуулийн хороог байгуулсан боловч санхүүгийн эх үүсвэргүй учраас сонгууль явагдаагүй дахин сонгуулийн зардлыг орон нутгаас гаргах хуультай учир санхүүгийн эх үүсвэр бүрдэхгүй байгаа юм. Тус сум нь татварын давсан орлого ба томоохон уул уурхай, татвар бүрдүүлэх эх үүсвэргүй учир санхүүжилт зардлыг шийдвэрлэх боломжгүй байна. Аймгийн Хуралд асуудлаа удаа дараа хүргүүлсэн боловч зардлыг шийдвэрлэж өгөөгүй. Аймгаас нэмэгдэл санхүүжилт шийдвэрлээгүй учир сум орон нутгаас зардлыг шийдвэрлэх ямар ч боломжгүй байна. Сумын Хурлаар хэлэлцэгдэж байгаа төсөв нь албан байгууллага тус бүр дээрээ зардлын ангилал бүрээр хуваарилагдан батлагдсан төсөв ирдэг. Энэ төсвийг сумын Хурлын Төлөөлөгчид гар өргөн ёсчлон баталдаг. Хэлэлцэгдэж байгаа төсвийг өөрчлөх, өөр зүйлд захиран зарцуулах эрх зүйн акт төлөөлөгч бидэнд байхгүй учир асуудлыг шийдвэрлэж чаддаггүй ...2016 онд аймгийн сонгуулийн хорооноос сумдын сонгуулийн салбар хороодыг байгуулсан бөгөөд сонгуулийн дүн гарч үйл ажиллагаа дуусмагц тамга тэмдгийг хурааж, сумдын салбар хороог татан буулгасан ба манай сумын салбар хороог ахалж байсан сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Эрдэнэцогийн танилцуулсны дагуу сумын сонгуулийн хороо татан буугдсан гэж ойлгож, 2018 оны 04 дүгээр сарын 05-нд сумын Хурлын Тэргүүлэгчдийн 09 дүгээр тогтоолоор дахин сонгууль явуулах сумын салбар хороог 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж өгсөн. 2018 оны 06 дугаар сард сонгууль явагдаагүй учир төлөөлөгчид Тэргүүлэгчдийн шийдвэрээр 2018 оны 08 дугаар сарын 06-ны 13 дугаар тогтоолоор татан буулгасан. Авилгатай тэмцэх газар болон аймгийн шүүхээс өгсөн зөвлөмжийн дагуу аймгийн архиваас 2016 оны сонгуулийн материалыг үзэхэд манай сумын сонгуулийн хороог татан буулгасан шийдвэр байхгүй, хэвээр үлдээсэн байна. Иймд сумын сонгуулийн салбар хорооны үйл ажиллагаагаа хэвээр үргэлжлэхээр харагдаж байна. ...Сонгуулийн нөхцөл байдлын улмаас дахин сонгууль явагдаагүй учир бүрэн эрхийн дагуу үүрэгт ажлаа хийсээр байна. Хурлын даргын хувьд дахин сонгууль явуулах нь зөв зүйтэй хуулиа болон иргэдээ хүндэтгэж шүүхийн шийдвэр биелүүлж байгаа асуудал гэж ойлгон дэмжин ажиллаж байна. Мөн МАН-ын дарга Ю. Дэлгэрнасан зарга үүсгэж буй материал бүрдээ ...хуулиудыг санаатайгаар зөрчөөд байгаа мэтээр тайлбарлан бичсэн байдаг. Энэ хуулиудыг анхнаасаа хэн нь зөрчөөд ямар үр дагавартай хүрээд байгааг ойлгох хэрэгтэй гэж бодож байна. Мөн миний ажил төлөөлөгчдийн болон тэргүүлэгчдийн хамтын шийдвэрээр хэрэгждэг учир Хурлаас гарсан үүрэг даалгаврыг биелүүлэн ажиллаж байна. Алдархаан сумын Хурлын төлөөлөгчид, тэргүүлэгчдээс орон нутгийн дахин сонгууль явуулах бэлтгэл ажил хангаж 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор сумын сонгуулийн хороог байгуулсан. Сонгуульд шаардагдах зардал төсвийг шийдүүлэхээр 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 19 дүгээр тоот албан бичгээр аймгийн Хурлын Төлөөлөгч А.Булганаар аймгийн Хурлын 2018 оны жилийн эцсийн хуралдаанаар шийдвэрлүүлэхээр хүсэлт тус тус хүргүүлсэн. МАН-ын хороонд 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 05 тоот, Сонгуулийн ерөнхий хороонд 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 12 тоот, МАН-ын хороонд 2018 оны 08 дугаар сарын 17-ний 13 тоот, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 17 тоотуудыг албан бичгээр холбогдох газруудад тус тус хүргүүлсэн. Сумын Хурлын ээлжит бус 12 дугаар хуралдаан, ээлжит 13 дугаар хуралдаанаар төсөв хэлэлцсэн боловч зардлыг шийдвэрлэх төсөв хөрөнгө байхгүй учир сонгууль явуулах зардал шийдвэрлэгдээгүй гэжээ.
Хариуцагч Алдархаан сумын Сонгуулийн хорооны дарга М.Эрдэнэцог шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2016 оны Орон нутгийн ээлжит сонгуулиар сумын Сонгуулийн хорооны даргын ажлыг хийж байсан бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ээлжит сонгуулийн санал хураалтыг суманд зохион байгуулж сонгогдох ёстой 21 төлөөлөгчөөс 18 төлөөлөгч сонгогдож, 10 дугаар сарын 26-ны өдөр санал тэнцсэн мандаатад дахин санал хураалт явуулж 2 төлөөлөгч нэмж сонгогдсон. Ээлжит санал хураалтаар 21 төлөөлөгч сонгогдохоос 18 төлөөлөгч сонгогдсоноор анхдугаар хуралдаан хуралдах нөхцөл бүрдэж, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрүүдэд 2 удаа анхдугаар хуралдааныг зарласан боловч анхдугаар хуралдаан хуралдаагүй бөгөөд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.13-д заасан нөхцөл байдал үүсч сумын сонгуулийн хорооноос 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 17 тоот тогтоолоор суманд дахин сонгууль явуулах шийдэрийг гаргасан. Уг шийдвэрийг сумын Монгол Ардын намаас эсэргүүцэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд шүүхийн маргаан 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр эцэслэн шийдэгдсэн. Уг шийдвэрийг 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гардан авсан. Энэ хугацаанд буюу аймгийн сонгуулийн хорооноос өгсөн үүрэг даалгаврын дагуу орон нугийн сонгуулийг зохион байгуулах сонгуулийн хорооны хэрэглэж байсан тамга, тэмдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг зохион байгуулах шинээр байгуулагдсан сонгуулийн хороонд 2017 оны 06 дугаар сард албан ёсоор хүлээлгэн өгснөөр манай сонгуулийн хороо үйл ажиллагаа явуулах эрх зүйн чадамжгүй болсон. Сумын Хурлын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор дахин сонгуулийг зохион байгуулах дахин сонгуулийн салбар хороог байгуулсан боловч албан ёсоор тамга тэмдгийг хүлээлгэж өгөөгүй, үйл ажиллагаа явуулах төсөв санхүү батлагдаагүй учир үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан. Шинээр байгуулагдсан сумын Сонгуулийн хороо 05 дугаар сарын 01-ний өдөр анхдугаар хурлаа хуралдсан боловч тамга, тэмдэг батлагдсан төсөв санхүү байхгүй байсан учраас үйл ажиллагаагаа явуулах боломжгүй байсан. Дахин сонгуулийг зохион байгуулахад шаардлагатай төсөв хөрөнгийг сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасны дагуу орон нутгийн төсвөөс гарган зохион байгуулах хуультай боловч суманд дахин сонгуулийг зохион байгуулахад шаардлагатай төсөв хөрөнгийг сумын Хурлаас батлах боломжгүй байна. Мөн шүүхийн шийдвэр 2017 оны 06 дугаар сарын 14-нд эцэслэн гарсан нь 2017 оны сумын төсөвт суулгах боломжгүй болсон учир нь 2017 оны төсвийг 2018 оны сумын төсөвт тодотгол хийх боломж бүрдээгүй, 2018 оны сумын төсвийн төслийг 2017 оны 06 дугаар сард аймагт нэгтгүүлсэн нь дахин сонгууль явуулахад шаардлагатай төсвийг сумын төсөвт суулгах боломжгүй болсон. Харин миний бие нь Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд ажиллаж байгаагийн хувьд 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр дахин сонгууль явуулахад шаардлагатай санхүүгийн тооцоог хийж сумын Хуралд танилцуулж, аймгийн Хуралд хүргүүлэх ажлыг сумын Хуралтай хамтран зохион байгуулж ажилласан. 2018 онд сумын Хурлаас аймгийн Хуралд дахин сонгууль явуулахад шаардлагатай төсвийг батлуулахаар 2 удаа, сумын Хуралд 2 удаа, нийт 4 удаа дахин сонгууль явуулахад шаардлагатай төсвийг батлуулах саналыг хүргүүлж ажилласан боловч баталж өгөөгүй байна. Монгол Улсын Их Хурлын 64 дүгээр тогтоол нь Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн УИХ-ын гишүүнийг нөхөн сонгох сонгуулийн зардлыг баталсан бөгөөд уг тогтоолд дахин сонгууль явуулахад шаардлагатай улсын төсвөөс гарах зардал буюу аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын дахин сонгууль явуулахад шаардлагатай саналын хуудас хэвлэх, санал авах төхөөрөмж, иргэний бүртгэлийн тоног төхөөрөмжийг хүргэхэд шаардлагатай төсвийг баталсан байдаг гэв.
Хариуцагч Алдархаан сумын Сонгуулийн хорооны дарга М.Эрдэнэцогийн өмгөөлөгч Э.Долгорсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Дахин сонгууль явуулах ёстой, ёсгүй гэж ярьмааргүй байна. Завхан аймгийн Алдархаан сумын Монгол Ардын намын хорооны энэ нэхэмжлэлийн шаардлага, бүрдүүлбэр хуульд заасан шаардлагыг хангахгүй байна гэж бодож байгаа тул энд төвлөрч тайлбар гаргая. Нэхэмжлэд нэхэмжлэгчийг Монгол Ардын нам /МАН/ гэж тодорхойлсон. МАН гэдэг бол хуулийн этгээдийн эрхтэйгээр явдаг байгууллага. Гэхдээ би Хүрэлсүх даргаас итгэмжлэл авах тухай яриагүй, сумын МАН-ын хороо нь төв намаа шууд төлөөлөх эрхтэй эсэх, намын нэр бариад нэхэмжлэл гаргаад явах эрхтэй эсэх нь эхний асуудал юм. Хоёрдугаар Дэлгэрнасан гэдэг хүн яаж итгэмжлэлгүйгээр намаа төлөөлөх юм бэ?, ийм эрх байна уу гээд Улс төрийн намын тухай хууль, МАН-ын дүрэмд харахаар ийм зохицуулалт байхгүй, намын хорооны даргад уг төлөөлөх эрхийг хуулиар олгоогүй байх тул Дэлгэрнасан итгэмжлэлгүйгээр нэхэмжлэлд гарын үсэг зурах эрх олгогдсон талаар бусад тушаал, тогтоол зэргээр ямар баримт байгаа нь хэрэгт авагдаагүй. Алдархаан сумын 3000 иргэний эрх ашгийг хамгаалах гээд байгаа тухай нэхэмжлэгч яриад байна. Тиймээс нийтийн эрх ашгийг хамгаалахаар нэхэмжлэл гаргаж байгаа юм байна гэж үзье гэхээр нийтийн эрх ашгийг хамгаалах эрхийн хүрээнд буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д заасан нийтийн эрх ашгийг хамгаалахаар төлөөлөн нэхэмжлэл гаргах үндэслэлд сонгох, сонгогдох эрхийг хамгаалах асуудлаар нэхэмжлэл гаргах талаар заагаагүй байна. Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлд сонгуулийн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа бол хавсаргах баримтуудыг заагаад өгсөн. Энэ бүрдүүлбэрийг хангаагүй бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргана гэж тодорхой заасан. 113.2.5-д нэхэмжлэгч төлөөлөгчийг томилсон бол төлөөлөгчийн нэр, хаягийг бичиж, иргэн бол иргэний үнэмлэхний, хуулийн этгээд бол нотариатаар гэрчлүүлсэн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг заавал хавсаргахаар байна...Түүнчлэн нэхэмжлэл гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах 30 хоногийн хугацааг хэтрүүлсэн. Алдархаан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 17 дугаар тогтоолтой асуудал шүүхээр шийдвэрлэгдэж, хяналтын шатны шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсноор буюу 2017 оны 06 дугаар сард энэ тогтоолын хэрэгжилт эхэлсэн. Гэтэл үүнээс хойш 2 жил орчим хугацаа өнгөрсөн байхад нэхэмжлэл гаргасан байгаа. ...Алдархаан сумын МАН-ын хороо нь дээд намын итгэмжлэлгүйгээр өөрөө өөрийгөө төлөөлөөд явах эрхтэй юм бол хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар нь байхгүй. Тиймээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд МАН-ын хороо болон Дэлгэрнасан гэдэг хүний төлөөлөх, нэхэмжлэл гаргах эрх нь харагдахгүй байна. Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу тохиолдолд түүнийг хангуулах хугацаа тогтоож өгөх процесс алдагдсан. Энэ бүхнээс дүгнэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд нь тодорхойгүй, нэхэмжлэлийг гаргах эрхгүй этгээд гаргасан гэж үзэхээр байна. Дараагийн асуудал нь хариуцагчийн эрх зүйн чадамжтай холбоотой асуудал байна. Алдархаан сумын Сонгуулийн хороо нь ээлжит сонгуулийн хүрээнд байгуулагдан дарга, бүрэлдэхүүн нь томилогдсон. Дээрх Алдархаан сумын сонгуулийн хороо татан буугдсан, эрхзүйн чадамжгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэстэй. Энэ талаар аймгийн Сонгуулийн хороо болон Сонгуулийн ерөнхий хорооны баримтуудаас тодорхой байна. Сонгуулийн тухай хуулийн 33.5-д дахин сонгууль явуулах сумын сонгуулийн хороог тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байгуулаад татан буулгах бүрэн эрхтэй байна. Үүний дагуу 2018 оны 04 дүгээр сард сумын Сонгуулийн хороог шинээр байгуулаад уг дахин сонгууль явагдах боломжгүй болсон учраас 2018 оны 08 дугаар сард татан буулгасан байгаа. Тэгэхээр сумын сонгуулийн хороо нэг удаагийн асуудлыг зохицуулахаар байгуулагдаж байгаа нь харагдаж байна, хуулинд ч ингэж зохицуулсан. Түүнчлэн ээлжит сонгуулийн хүрээнд байгуулагдсан аймгийн Сонгуулийн хороо нь татан буугдсан тул Алдархаан сумын Сонгуулийн хороо ч татан буугдана. Анх үүсгэн байгуулсан байгууллага нь татан буугдсан тул салбар байгууллага нь ч дагаад татан буугддаг. Мөн энэ сонгуулийн хүрээнд Эрдэнэцог гэдэг даргатай хоёр Сонгуулийн хороо байгуулагдсан байдаг. Гэхдээ гишүүд нь өөр өөр. Тэгэхээр нэхэмжлэлийг ямар бүрэлдэхүүнтэй хэзээ байгуулагдсан, аль сонгуулийн хороонд холбогдуулж гаргасан нь тодорхойгүй. Дээрээс нь Эрдэнэцог дангаараа сумын Сонгуулийн хороог төлөөлөх эрх хэмжээгүй, дангаараа сонгууль зохион байгуулах ямар ч боломжгүй. Сонгуулийн байгууллага хамтын шийдвэр гаргадаг, 5 гишүүн асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэдэг, тиймээс сонгуулийн хорооны бусад бүрэлдэхүүн гишүүдийг шүүх татан оролцуулах ёстой байсан. Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ч бас хамтын шийдвэр гаргадаг байгууллага. Хурлын дарга Оюунчимэг ч бас сонгуулийн төсөв хэлэлцэн батлах асуудлыг бие дааж шийдвэрлэх боломжгүй. 21 төлөөлөгчийг бүгдийг нь татан оролцуулах байтал шүүх мөн энэ процессийг явуулаагүй. Нэхэмжлэлийн 2 дахь шаардлага тодорхойгүй, дахин сонгуулийг зохион байгуулахыг хариуцагч нарт даалгуулах гээд байгаа. Сонгуулийг сонгуулийн байгууллага зохион байгуулахаар байгаа. Түүнээс иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зохион байгуулах эрх хэмжээ байхгүй. Яахав сонгуулийн зардал, төсөвийг батлах эрх хэмжээ бол байгаа байх. Шүүх дахин сонгуулийг зохион байгуулахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгалаа гэсэн шийдвэр гаргах юм уу ойлгомжгүй байна. Төсөв батлах асуудалтай холбоотой шаардлагыг шүүх яагаад Сонгуулийн тухай хуулийн 115 дугаар зүйлд заасан тусгай журмаар шийдвэрлээд байгаа юм бэ. Энэ бол ердийн журмаар явагдах буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд шийдвэрлэгдэх асуудал гэж үзэж байна. Энэ бүхэн нь дараа дараагийн шатны шүүхээс хэрэг хүчингүй болгож, дахин шалгуулах үндэслэл болж болзошгүй... Иймд дээрх нэхэмжлэлийгбүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн Алдархаан сумын Монгол Ардын намын хороо нь Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгох 2016 оны ээлжит сонгуульд оролцогч[1] болохынхоо хувьд дээрх сонгуулийн хүрээнд явагдах дахин сонгуулийн төсөв зардлыг хэлэлцэн шийдвэрлэж, зохион байгуулж явуулахгүй байгаа Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон тус сумын Сонгуулийн хорооны эс үйлдэхүйг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нь 1.Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дахин сонгуулийн зардал төсвийг хэлэлцэн шийдвэрлэж батлахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгуулах, 2. Уг дахин сонгуулийг сумын хэмжээнд зарлан, зохион байгуулж явуулахыг Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон тус сумын Сонгуулийн хороонд даалгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
Дахин сонгуулийг сумын хэмжээнд зарлан, зохион байгуулж явуулахыг даалгуулах шаардлагынхаа талаар шүүх хуралдаан дээр тодруулахдаа Дахин сонгуулийг зарлаж, санал авах өдрийг товлон тогтоож явуулахыг Алдархаан сумын Сонгуулийн Хороонд, бусад техник зохион байгуулалтын арга хэмжээг зохион байгуулж явуулахыг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгуулах гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэлд дурдсан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, нэхэмжлэгчийн тайлбар зэргээс харахад хариуцагч захиргааны байгууллагуудын эс үйлдэхүй болох дахин сонгуулийн төсөв хэлэлцэн батлахгүй байгаа, дахин сонгуулийг зарлаж, санал авах өдрийг товлож явуулахгүй байгаа эс үйлдэхүйтэй холбогдуулан нэхэмжлэгчээс даалгах шаардлагуудыг дээрх байдлаар гаргаж тодорхойлсныг нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгч Э.Долгорсүрэнгийн тайлбарыг үндэсгүй гэж үзсэн болно.
Нэхэмжлэгч тал ...орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн дахин сонгуулийг зохион байгуулах талаар хуульд заасан үүргийг хариуцагч нар биелүүлээгүй нь хууль бус бөгөөд Алдархаан сумын Сонгуулийн хорооны үйл ажиллагаа бүрмөсөн дуусгавар болоогүй... гэж тайлбарлаж байна.
Хариуцагч тал ...Ю.Дэлгэрнасан нь энэ нэхэмжлэлийг гаргах эрх бүхий этгээд биш, нэхэмжлэлийг шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, нэхэмжлэлийн шаардлагуудад холбогдуулсан хариуцагч нар уг шаардлагуудыг хүлээх эрх зүйн чадамжгүй... гэх зэргээр маргаж байна.
Нэг. Хариуцагч Завхан аймгийн Алдархаан сумын Сонгуулийн хороог дарга М.Эрдэнэцог, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг дарга Ч.Оюунчимэг нар тус тус төлөөлөх эрхтэй эсэх тухайд:
Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 06 дугаар тогтоолоор сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг товлон зарлаж, санал авах өдрийг тогтоосны дагуу сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгууль орон даяар явагдаж, 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр санал хураалт явагджээ.
Энэ хүрээнд Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгууль явагдсан байх ба санал хураалт явагдсан өдрөөс хойш 50 хоногийн дотор тус сумын Хурлын анхдугаар хуралдаан хуралдаж чадаагүй тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.13-д Ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 50 хоногийн дотор анхдугаар хуралдаан хуралдуулж, Хурлын дарга сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэж чадаагүй бол тухайн Хурлыг тарсанд тооцож дахин сонгууль явуулна гэж заасны дагуу сумын Сонгуулийн хороо 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 17 дугаар тогтоолоор[2] дээрх сонгуулийн дүнг хүчингүй болгосон байна.
Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1.1-д зааснаар дахин сонгууль явуулах нөхцлийг бүрдүүлсэн байх ба Алдархаан сумын Сонгуулийн хороо 2016 оны 17 дугаар тогтоолын 2 дахь заалтаар дахин сонгуулийг товлон зарлахыг өөртөө даалгаж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн 163 дугаар зүйлийн 2-д Дахин сонгууль явуулах шийдвэрийг тухайн шатны сонгуулийн хороо гарган,... зохион байгуулж явуулна. гэж заасантай нийцсэнийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн шүүх хуралдааны 2017 оны 06 дугар сарын 14-ний өдрийн 237 дугаар тогтоол[3], Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА/2017/0309 дүгээр магадлалаар[4] тус тус эцэслэн тогтоосон байна.
Ийнхүү дээрх Алдархаан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 17 дугаар тогтоол болон Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Сум ...ийн сонгуулийн хороо нь тухайн сум ...ийн хурал, түүний төлөөлөгчийн сонгуулийг шууд удирдан зохион байгуулна., 34 дүгээр зүйлийн 34.1.13-д дахин болон нэмэлт санал хураалт, дахин болон нөхөн сонгууль зохион байгуулж явуулах ажлыг өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулах гэж тус тус заасныг үндэслэн дахин сонгуулийг өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулах үүрэг Алдархаан сумын Сонгуулийн хороонд үүссэн байх тул 2016 оны ээлжит сонгуулийн хүрээн дэх түүний үйл ажиллагаа нь бүрмөсөн дуусгавар болоогүй бөгөөд дахин сонгууль явуулах үүрэг нь өнөөдрийг хүртэл хадгалагдаж байна.
Завхан аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор[5] Алдархаан сумын сонгуулийн хороог байгуулж, даргаар М.Эрдэнэцог, нарийн бичгийн даргаар М.Алтанжолоо, гишүүдээр А.Мягмаржав, Ц.Наранцэцэг, Д.Лхагважаргал нарыг томилжээ.
Сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д Сонгуулийн төв байгууллагаас бусад сонгуулийн байгууллага нь байнгын бус ажиллагаатай байх бөгөөд энэ хуульд өөрөөр заагаагүй бол байгуулсан этгээд татан буулгах тухай шийдвэр гаргаснаар үйл ажиллагаа нь дуусгавар болно. гэж заасан ба сонгуулийн хороодын үйл ажиллагааг дуусгавар болгох талаар дээрх хуульд өөрөөр заагаагүй тул Алдархаан сумын сонгуулийн хороог татан буулгах асуудлаар түүнийг анх байгуулсан Завхан аймгийн сонгуулийн хороо шийдвэр гаргахаар байна.
Гэтэл Завхан аймгийн сонгуулийн хорооноос Алдархаан сумын сонгуулийн хороог татан буулгаагүй, холбогдох захиргааны акт гараагүй болох нь хэрэгт авагдсан гэрч Ч.Дэмчигсүрэн, Ц.Сувдаа, Б.Оюумаа нарын мэдүүлэг[6], үзлэгийн тэмдэглэлүүд[7] зэргээр тогтоогдож байгаа тул орон нутгийн ээлжит 2016 оны сонгуулийн хүрээнд байгуулагдсан Алдархаан сумын Сонгуулийн хорооны бүрэн эрх хуульд заасны дагуу дуусгавар болсон, эрх зүйн чадамжгүй гэж үзэх үндэслэлгүй байна.
2017 онд явагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хүрээнд Алдархаан сумын Сонгуулийн хорооны даргаар томилогдон ажиллаж байсан гэрч Ц.Батхуягийн мэдүүлгээс харахад тус сумын Сонгуулийн хорооны тамга тэмдгийг М.Эрдэнэцогоос бус Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаас хүлээж авч байсан байх бөгөөд хариуцагч Алдархаан сумын Сонгуулийн хороо гэсэн нэршил бүхий тамга, тэмдгийг бусдад шилжүүлснээр сумын Сонгуулийн хорооны үйл ажиллагааг дуусгавар болсон, эрх зүйн чадамжгүй болсон гэж үзэх үндэслэлгүй, зөвхөн Сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д зааснаар тус сонгуулийн хороог байгуулсан этгээд татан буулгах тухай шийдвэр гаргаснаар үйл ажиллагааг нь дуусгавар болсон гэж үзэхээр байна.
Алдархаан сумын Сонгуулийн хороог анх байгуулсан Завхан аймгийн Сонгуулийн хороог Сонгуулийн Ерөнхий хорооны 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор[8] татан буулгасан тул түүний байгуулсан сумын Сонгуулийн хороог ч татан буугдсанд тооцно гэх хариуцагчийн тайлбар ч дээрх хуулийн зохицуулалтанд нийцэхгүй байна.
Цаашлаад Сонгуулийн ерөнхий хорооны 2018 оны 04 дүгээр тогтоол болон 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 09 дүгээр албан бичгийн[9] агуулгаас харахад Улсын Их Хурлын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хүрээнд байгуулагдсан Завхан аймгийн Сонгуулийн хороог татан буулгасан болохоос биш, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2016 оны сонгуулийн хүрээнд тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 46 дугаар тогтоолоор байгуулагдсан аймгийн Сонгуулийн хороог татан буулгаагүйг тэмдэглэх нь зүйтэй.
Мөн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор дахин сонгуулийг зохион байгуулж явуулах сумын Сонгуулийн хороог байгуулсан байх боловч 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 13 дугаар тогтоолоор тус Сонгуулийн хороог татан буулгасан байх тул дахин сонгуулийн хороо байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй, аль сонгуулийн хороонд холбогдуулж шаардлага гаргаж байгаа нь тодорхойгүй гэх хариуцагчийн тайлбарыг хүлээж авах боломжгүй юм
Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.9-д Сонгуультай холбоотой харилцаанд сум ...ийн сонгуулийн хороог дарга нь төлөөлнө гэж заасны дагуу шүүхээс Алдархаан сумын Сонгуулийн хороог төлөөлүүлэн тус хорооны дарга М.Эрдэнэцогтод нэхэмжлэлийн хувь гардуулан түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна.
Иймд Завхан аймгийн Алдархаан сумын Сонгуулийн хороо татан буугдсанаар бүрэн эрх нь дуусгавар болсон, уг хорооны даргаар ажилласан М.Эрдэнэцог тухайн сонгуулийн хороог шүүхэд шууд төлөөлөх эрхгүй гэх хариуцагчийн өмгөөлөгч Э.Долгорсүрэнгийн тайлбар үндэсгүй юм.
Мөн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хамтын шийдвэр гаргадаг байгууллага тул Хурлын дарга энэ хэрэгт итгэмжлэлгүйгээр шууд оролцох боломжгүй, Хурлын бүх төлөөлөгч болон тэргүүлэгчдийг, эсхүл тэднийг итгэмжлэлээр төлөөлж оролцох боломжтой гэх өмгөөлөгчийн тайлбарыг хүлээж авах боломжгүй юм.
Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 25 дугаар тогтоолоор[10] Ч.Оюунчимэгийг тус Хурлын даргаар сонгож, томилжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагуудад холбогдох хариуцагчийг Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэмээн нэр зааж тодорхойлсон ба тус Хурлын Тэргүүлэгч нарт холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул энэ хэрэгт бүх Тэргүүлэгч, төлөөлөгч нарыг татан оролцуулж, тэдэнд нэхэмжлэлийн хувь гардуулах, эсхүл тэднээс Хурлын дарга Ч.Оюунчимэгт итгэмжлэл олгогдсон байхыг шаардахгүй бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.14-д зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь тухайн Хурлыг шууд төлөөлөх эрх хэмжээтэй байна.
Хоёр. Алдархаан сумын Монгол Ардын намын хороог төлөөлж Ю.Дэлгэрнасан нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх тухайд:
Намын асуудлыг нарийвчлан зохицуулсан Улс төрийн намын тухай хууль болон МАН-ын дүрэмд намын салбар байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн талаар тодорхой зохицуулаагүй байх ба энэ тохиолдолд сонгуулийн тухай хуулийн 153 дугаар зүйлийн 153.2-д заасан зохицуулалтын нөхцлийг төсөөтэй хэрэглэх боломжтой байна.
Сонгуулийн тухай хуулийн 153 дугаар зүйлд нам сонгуульд оролцохоо илэрхийлэх асуудлыг зохицуулсан ба 153.2-д зааснаар сонгуульд оролцох хүсэлтэд намын салбар байгууллагын дарга гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулахаар байна.
Өөрөөр хэлбэл ээлжит сонгуулийн үйл ажиллагааны хүрээнд намын салбар байгууллагын гишүүдийн эрх, ашиг сонирхлыг тус намын салбар байгууллагын дарга төлөөлөхөөр байгаа тул уг сонгуулийн маргаантай холбоотой асуудлаар Алдархаан сумын Монгол Ардын Намын хорооны даргыг нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэх боломжгүй юм.
Сонгуулийн тухай хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар намыг төлөөлж сум дахь намын салбар байгууллага нь сонгуульд оролцох хүсэлтээ тухайн сумын Сонгуулийн хороонд гаргадаг байх ба 153.3-д заснаар уг хүсэлтэд сонгуульд оролцох шийдвэр, намын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар ...зэрэг баримтуудыг хавсаргаж, хүсэлтэд намын салбар байгууллагын дарга гарын үсэг зурж тамга тэмдгээр баталгаажуулахаар байна.
Энэ зохицуулалтын дагуу Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2016 оны сонгуульд МАН-ын салбар байгууллага болох Алдархаан сумын МАН-ын хороо нь хүсэлтээ гарган оролцсон нь тус сумын Сонгуулийн хорооны 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд оролцох нам эвслийг бүртгэх тухай 01 дүгээр тогтоол[11], Алдархаан сумын МАН-ын хорооны 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Дахин сонгуульд оролцох тухай 21 дүгээр албан бичгээр[12] гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байгаа болно.
Алдархаан сумын МАН-ын хороог төлөөлөн тус хорооны дарга Ю.Дэлгэрнасан нэхэмжлэлийг гаргасан ба салбар намын хороо нь Улс төрийн намын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-д заасан намын хорооны болон гишүүдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах эрх хэмжээтэй гэж үзэхээр байна.
Ю.Дэлгэрнасан нь Алдархаан сумын МАН-ын хорооны бүх гишүүдийн хурлын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор[13] тус хорооны даргаар сонгогдож батлагдсан тул тус намын хороог шууд төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэх үндэслэлгүй юм.
МАН нь Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй хуулийн этгээд болох нь нийтэд илэрхий үйл баримт тул нэхэмжлэлд заавал улсын бүртгэлийн гэрчилгээг хавсаргах шаардлагатай гэх үндэслэлээр нотлох баримт нэмж цуглуулах шаардлагагүй гэж үзэв.
Гурав. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн эсэх тухайд:
Дээр дурдсан дахин сонгуулийг товлон зарлаж зохион байгуулах, холбогдох төсвийг хэлэлцэн батлах зэрэг асуудлаар нэхэмжлэгчээс Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 21 дүгээр[14], 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаар албан бичгээр[15], Алдархаан сумын Сонгуулийн хороонд 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 20 дугаар албан бичгээр[16], Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 19 дүгээр албан бичгээр[17] удаа дараа ханджээ.
Үүний дагуу Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн албан бичгээр[18] дахин сонгуулийг 2018 онд багтаан зохион байгуулж ажиллах тухай, мөн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 17 дугаар албан бичгээр[19] 2019 оны батлагдах төсвөөр сонгуулийн зардлыг бүрдүүлж, уг дахин сонгуулийг зохион байгуулж явуулах тухай хариуг удаа дараа өгч байжээ.
Хамгийн сүүлд 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 17 дугаар албан бичгээр МАН-ын хороонд хариу өгөхдөө 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдана, энэ хуралдаанаар төсвийн тодотгол хийлгэж, сонгуулийн зардлын төсвийг батлуулах тухай хүсэлтийг Хурлын төлөөлөгчөөр дамжуулан хүргүүлсэн хэмээн тайлбарлажээ.
Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д Орон нутгийн хурлын ...дахин... сонгуулийн зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ., Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 б-д ...сум, дүүргийн төсвийг хэлэлцэж батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах... гэж заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх талаар Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зүгээс хүлээн зөвшөөрч, асуудлыг шийдвэрлэх талаар нэхэмжлэгчид итгэл төрүүлсээр байсан байна.
Түүнчлэн нэхэмжлэгчээс дахин сонгууль явуулахыг даалгах нэхэмжлэл гаргасан эсэхээс үл хамааран өөрийн урьд гаргасан шийдвэр /2016 оны 17 дугаар тогтоол/-ийн хууль зүйн үр дагаврыг бүрэн хариуцаж, иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчихгүйгээр холбогдох хуулийн дагуу дахин сонгууль явуулах үүрэг нь хариуцагч Алдархаан сумын Сонгуулийн хороонд үүссэн бөгөөд ийнхүү хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй түүний эс үйлдэхүйтэй холбогдуулж нэхэмжлэл гаргаж байгаа учир нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Дөрөв. Дахин сонгуулийн төсвийг хэлэлцэн батлахыг Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгуулах шаардлагын тухайд:
Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д орон нутгийн дахин сонгуулийн зардлыг тухайн орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр заасан байх ба Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 б-д зааснаар сумын төсвийг хэлэлцэж батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгосон байна.
Дээрх зохицуулалтаас харвал Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тус Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн хүрээн дэх дахин сонгуулийн зардлын төсвийг хэлэлцэн батлаж бие даан шийдвэрлэхээр байна.
Энэ талаар нэхэмжлэгч Алдархаан сумын МАН-ын хороо удаа дараа хүсэлт гаргасан, түүнчлэн М.Эрдэнэцогоос уг дахин сонгуулийн зардлын тооцоог гарган хүргүүлсэн байхад дээрх хүсэлтүүдийн дагуу дахин сонгуулийн зардлын төсвийг хэлэлцэн батлах талаарх хуульд заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан байна.
Төсвийг ийнхүү хэлэлцэн батлахгүй байгаа шалтгааныг Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас төсвийн тодотгол хийгдээгүй, сум, орон нутгийн төсөв хүрэлцэхгүй байгаа хэмээн тайлбарлаж байгаа боловч энэ нь ээлжит сонгуулийн дахин сонгуулийн зардлыг хэлэлцэн батлах талаарх хуулийн заалтыг хэрэгжүүлэхгүй байх үндэслэл болохгүй юм.
Нэхэмжлэл гаргах үндэслэл болсон Алдархаан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 17 дугаар тогтоолтой холбоотой маргаан 2017 оны 6 дугаар сард шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 2017 оны төсвийн тодотгол болон 2018, 2019 онуудын төсөв удаа дараа хэлэлцэн батлагдсан байхад дахин сонгуулийн зардлын талаар хэлэлцэн батлаагүйг зөвтгөх боломжгүй.
Ээлжит сонгууль 2016 онд явагдсанаас хойш 2 жил гаруй хугацаа өнгөрсөн өөрөөр хэлбэл дээрх ээлжит сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдах иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэрэгжүүлэх хуулиар тогтоосон бүрэн эрхийн хугацаа /Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д заасан 4 жилийн хугацаа/-ны талаас илүү хувь нь өнгөрсөн, түүнчлэн тус сумын төсөвтэй холбоотой хэрэгт цугларсан баримтуудаас харахад 2017 оны төсвийн гүйцэтгэлийн давсан орлого 20 000 000 /хорин сая/ сая төгрөгт хүрсэн, 2018 оны төсөв 25 600 000 /хорин таван сая зургаан зуун мянга/ төгрөгийн үлдэгдэлтэй байсан зэргийг харгалзан үзэж дахин сонгуулийн зардлын төсвийг хэлэлцэн батлах боломжтой байхад уг асуудлыг авч хэлэлцээгүй байна.
Тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын аливаа асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх онцгой бүрэн эрхийг хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллагыг Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 9-д заасан иргэдийн сонгох сонгогдох эрхийн үндсэн дээр шинээр байгуулах уг асуудал нь тухайн сум орон нутгийн хувьд нэн тэргүүний асуудал байхад төсөв хуваарилах, төсөв хэлэлцэх үед харгалзан үзэж шийдвэрлээгүй Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эс үйлдэхүй нь тус Хурлын 10 болон 13 дугаар хуралдааны тэмдэглэл, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 51, 53 дугаар тогтоол зэрэг баримтуудаар[20] нотлогдож байна.
Тодруулбал, төсвийг хуваарилан батлахдаа тухайн сумын хувьд нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг эрэмбэлэн шийдвэрлэх нь Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгүүдэд заасан шударга ёсны болон хууль дээдлэх зарчимд нийцэх юм.
Иймд Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 б-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй Алдархаан сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын эс үйлдэхүй нь хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд нотлогдож байгаа бөгөөд энэ нь 2016 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн Алдархаан сумын МАН-ын хорооны сонгуульд оролцох эрх, уг хорооны гишүүдийн Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д заасан сонгох, сонгогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн энэ талаарх даалгах шаардлагыг хангах нь зүйтэй байна.
Энэ шаардлагын хүрээнд хэргийг тусгай журмаар биш ердийн журмаар хянан шийдвэрлэх байсан хэмээн хариуцагчийн өмгөөлөгч тайлбарлаж байна.
Сонгуулийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар энэ хуулиар сонгууль зохион байгуулах, явуулахтай холбогдсон харилцааг зохицуулахаар байгаа ба энэ хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасан дахин сонгуулийг санхүүжүүлэх асуудлын талаар нэхэмжлэгч маргаж байгаа учраас уг шаардлагад холбогдох хэргийг дээрх хуулийн 115 дугаар зүйлийн 115.4, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4.1-д зааснаар тусгай журмаар шийдвэрлэхээр байгааг дурдах нь зүйтэй.
Тав. Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дахин сонгуулийг сумын хэмжээнд зарлаж, зохион байгуулахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Алдархаан сумын Сонгуулийн хороонд даалгуулах шаардлагын тухайд:
Сумын сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар тухайн сумын Хурал, түүний төлөөлөгчийн ээлжит сонгуулийг шууд удирдан зохион байгуулах, мөн 34 дүгээр зүйлийн 34.1.13-д заасны дагуу дахин сонгуулийг өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулах бүрэн эрхтэй байна.
Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2016 оны сонгуулийн дүнг бүхэлд нь хүчингүй болгож, дахин сонгуулийг товлон зарлахаар асуудлыг шийдвэрлэсэн Алдархаан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 17 дугаар тогтоол хүчин төгөлдөр байх ба уг тогтоолын дагуу өнөөдрийг хүртэл дахин сонгуулийг зарлан товлож, зохион байгуулах үүргийг Алдархаан сумын Сонгуулийн хороо хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гаргасан нь нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан дээр дурдсан бусад баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч Алдархаан сумын Сонгуулийн хорооны дээрх эс үйлдэхүйн улмаас 2016 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн Алдархаан сумын МАН-ын хорооны Сонгуулийн тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.2-д заасны дагуу сонгуульд оролцох эрх, Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д заасан сонгох, намын гишүүдийн сонгогдох эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж үзлээ.
Сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар сонгуулийг сонгуулийн байгууллага зохион байгуулж явуулахаар байх ба 33 дугаар зүйлийн 33.10, 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсгүүдэд зааснаар сонгуулийн байгууллагууд ажиллах, сонгууль явуулахад шаардагдах байр, тээвэр, холбоо зэрэг техник хэрэгслээр хангах ажлыг тухайн шатны Засаг дарга, түүний Тамгын газар тус тус хариуцахаар заасан байна. Харин дахин сонгууль зохион байгуулах талаар тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд бүрэн эрх олгогдоогүй байна.
Тодруулбал, Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн дахин сонгуулийг зохион байгуулж, явуулах үүрэг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хуулийн дагуу үүсээгүй байгаа учир уг дахин сонгуулийг сумын хэмжээнд зарлаж, зохион байгуулахыг Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 б, Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2016 оны сонгуулийн дахин сонгуулийн зардлын төсвийг хэлэлцэж батлахыг Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгасугай.
2. Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.13, 163 дугаар зүйлийн 163.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2016 оны сонгуулийн дахин сонгуулийг товлон зарлаж, тус сумын хэмжээнд зохион байгуулж явуулахыг Алдархаан сумын Сонгуулийн хороо /Завхан аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан/-нд даалгасугай.
3. Сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 33 дугаар зүйлийн 33.10, 34 дүгээр зүйлийн 34.1.13, 39 дүгээр зүйлийн 39.2, 163 дугаар зүйлийн 163.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2016 оны сонгуулийн дахин сонгуулийг зохион байгуулж явуулахыг Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 35 100 төгрөгийг, Алдархаан сумын Сонгуулийн хорооноос 35 000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч тус сумын Монгол Ардын Намын хороонд олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд дээрх хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА
ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР
[1] Хавтаст хэргийн 76, 224 дүгээр хуудсанд
[2] Хавтаст хэргийн 64 дүгээр хуудсанд
[3] Хавтсат хэргийн 35-40 дүгээр хуудсанд
[4] Хавтаст хэргийн 29-34 дүгээр хуудсанд
[5] Хавтаст хэргийн 82-83 дугаар хуудсанд
[6] Хавтаст хэргийн 90-91, 209-210 дугаар, 2 дахь хавтасны 5-7 дугаар хуудсанд
[7] Хавтаст хэргийн 216-218 дугаар, 2 дахь хавтасны 11-12 дугаар хуудсанд
[8] Хавтаст хэргийн 211 дүгээр хуудсанд
[9] Хавтаст хэргийн 212 дугаар хуудсанд
[10] Хавтаст хэргийн 73-75 дугаар хуудсанд
[11] Хавтаст хэргийн 224 дүгээр хуудсанд
[12] Хавтаст хэргийн 76 дугаар хуудсанд
[13] Хавтаст хэргийн 5-8 дугаар хуудсанд
[14] Хавтаст хэргийн 76 дугаар хуудсанд
[15] Хавтаст хэргийн 9 дүгээр хуудсанд
[16] Хавтаст хэргийн 13 дугаар хуудсанд
[17] Хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд
[18] Хавтаст хэргийн 68 дугаар хуудсанд
[19] Хавтаст хэргийн 16 дугаар хуудсанд
[20] Хавтаст хэргийн 106-131 дүгээр хуудсанд