Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 00138

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 Д.Наранцэцэгийн нэхэмжлэлтэй

                                           иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 648 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.Наранцэцэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч У.Жавхлант-Одод холбогдох

“Гэм хорын хохирол 3.744.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч У.Жавхлант-Одын гаргасан давж заалдсан гомдлоор 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сарантуул, хариуцагч У.Жавхлант-Од, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Наранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Наранцэцэг нь 2016 оны 12 дугаар сарын 20 өдөр замын хөдөлгөөнд 13- 83ОРА улсын дугаартай Хнюдай Элентра машинаараа такси үйлчилгээ үзүүлээд явж байхад Хюндай Соната 5 тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан У.Жавхлант-Од нь ЗХД- ийн 12.9-г зөрчиж өөрийн тээврийн хэрэгслээрээ миний машиныг ирж мөргөсөн. Энэ зам тээврийн ослоос болж миний биед хүндэвтэр болон хөнгөн гэмтэл учирч жолоодож явсан 13-83 ОРА машинд минь хүртэл гэмтэл учирсан. Уг асуудлыг ЗЦТ-с шалгаад Прокурорын хяналтнаас дахин буцаж эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч 2017 оны 3 дугаар сарын 16-ны 5/58тоот прокурорын тогтоолоор хэргийг эрүүгийн хэргийн хохирлын хэмжээнд хүрээгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.

Эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө өмгөөлөгч маань хохирол төлбөр төлөх ёстой гэдэг талаас нь ярьсны дараа 2017 оны 1 дүгээр сард 3.000.000 төгрөг өгсөн бөгөөд тухайн үед миний бие уг мөнгийг өөрийн эмчилгээ шинжилгээнд зарцуулсан мөнгөндөө тооцон авч машинаа засуулах гэтэл өгсөн мөнгө нь хүрэхгүй байсан. Ингээд өөр мөнгө өгч чадахгүй гээд 2 дугаар сараас өнөөдрийг хүртэл хохирлын үлдэгдлийг төлөхгүй байгаа тул дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:

-Машины эвдрэл засах сэлбэгэнд: 4,880,750төгрөг,

-Үнэлгээчинд 120,000төгрөг,

-Эмчилгээнд 1,544,037 төгрөг

-Ажилгүй орлогогүй байсны олох ёстой байсан орлого 1,200,000 төгрөг нийт 7,744,000 төгрөгний гэм хор учирснаас өгсөн 3,000,000 төгрөгийг хасч, 3,744,000 төгрөгийг У.Жавхлант-Одоос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч У.Жавхлант-Од шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие У.Жавхлант-Од нь 2016 оны 12 сарын 20-ны өдөр 98-94 ОРХ улсын дугаартай С'онага-5 маркийн авто машиныг жолоодон явах үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт 5-р хорооллын уулзвар дээр туслах замаас төв зам руу орох үедээ тов замын уулзвар орох үедээ 13-83 ОРА улсын дугаартай Хүндэй Элентра маркийн авто машиныг мөргөсөн.

Дээрх замын хөдөлгөөны дүрэм зөрчсөн үйлдэлтэй холбогдуулан миний биед Захиргааны зөрчлиин хэрэг үүсгэн зөрчил хянан шиидвэрлэх ажиллагааг явуулж шинжээч томилон 13-83 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн жолооч Д.Наранцэцэгийн биед учирсан гэмтлийг 2016 оны 12 сарын 20-ны өдрийн “Шинжээч томилох тогтоол" үйлдэж тодорхойлуулсан бөгөөд шинжээчийн дүгнэлтээр Д.Наранцэцэгийн биед учирсан гэмтлийг “гэмтлийн хөнгөн" зэрэгт хамаарах талаар дүгнэж ирүүлсэн. Үүний дагуу “Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч. хошууч Б.Батцэнгэл" 2016 оны 12 сарын 17-ны өдөр “ЗХАБТХ-ын 39 дүгээр зүйлийн 39.1-д заасны дагуу 19.200 төгрөгөөр торгох захиргааны арга хэмжээ авсан. Гэвч тус шийдвэрийг "Д.Наранцэцэг эс хүлээн зөвшөөрч" прокурорт гомдол гаргасны дагуу Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бүжинлхам 2017 оны 01 сарын 10-ны өдрийн 5/01 тоот тогтоол гарган “Захиргааны арга хэмжээ авсан тэмдэглэл"-ийг хүчингүй болгож гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллээр бүртгэн, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж “дахин шинжээч" томилохыг даалгасан. Гэмт хэргийн шинж илрээгүй. Эрх үүрэг тайлбарлаж худал дүгнэлт гаргавал хуульд заасан хариуцлага хүлээхээр гарын үсэг зурсан шинжээч эмч өөрийн дүгнэлтээр Д.Наранцэцэгийн биед учирсан гэмтлийг хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй “хөнгөн” зэргийн гэмтэл үүссэн талаар тодорхойлж хүргүүлсэн.

Тус дүгнэлтээр дээрх зөрчил нь гэмт хэргийн шинжтэй бус захиргааны зөрчлийн шинжтэй гэдэг нь нэг мөр тодорхойлогдоно. Шинжээчийн дүгнэлтийг Д.Наранцэцэг хүлээн зөвшөөрсөн бөгөөд тус дүгнэлтийн талаар гомдол гаргаагүй. Өөрийн прокурорт бичсэн гомдолдоо хүртэл миний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэж хүлээн зөвшөөрч тодорхойлсон. Иймд эрүүл мэндэд учирсан хохирлын хувьд эрүүгийн гэмт хэргийн шинжийг хангаагүй.

Уг хэрэг үүсэхээс өмнө Д.Наранцэцэг анхнаасаа өөрийн автомашиныг шинээр нь худалдан аваад удаагүй байгаа бөгөөд 8,000,000 төгрөгөөр авсан хэмээн надаас шинэ авч өгөхийг шаардаж эхэлсэн. Гэвч Д.Наранцэцэг уг зам тээврийн осол гарахаас өмнө зам тээврийн осолд холбогдож байсан нь үнэлгээний явцад илэрч байсан. Ийм байхад сэвгүй шинэ машин хэмээн хэлсэн. Д.Наранцэцэгийн жолоодож явсан 13-83 ОРА улсын дугаартай Хюндэй Элентра маркийн авто машинд учирсан эд хөрөнгийн хохиролыг 2.025.000 төгрөг гэж хөрөнгийн үнэлгээний эрх бүхий байгууллага тодорхойлсон бөгөөд уг хохирлын үнэлгээг Д.Наранцэцэг эс хүлээн зөвшөөрч өөрийн хүслээр өөр нэгэн үнэлгээний байгууллагад надаас зардал гаргуулан тодорхойлсон. Дээрхи замын хөдөлгөөны дүрэм зөрчсөн үйлдэл гарсны дараа Д.Наранцэцэгийг БОЭТ-ын яаралтай хүлээн авах тасагт авч очин үзүүлж. рентген зураг авахуулж. гэмтлийн эмчид үзүүлсэн.

Д.Наранцэцэгийг гэмтлийн тасгийн эмчийн заавраар 10 хоног хувийн эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлсэн бөгөөд Д.Наранцэцэгийн бие мэдэгдэхүйц сайжирсныг тус эмнэлэгийн их эмч хэлж байсан. Үүиий дараагаар Д.Наранцэцэгийн өөрийн үнэлгээ нь 4.880.750 төгрөг гарч бас дээрээс нь эмчилгээний мөнгө, хөдөлмөрийн чадвар түр саатсаны төлбөр өгөхийг (Шинжээчийн дүгнэлт гаргах үед мэдэгдэх боломжгүй шинэ шинж тэмдэг үүсээгүй. Эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш сарниулаагүй /тогтоол гарах үед зөрчил гарснаас хойш 20 хонож байсан/ байхад шаардсан. Миний бие 7.744,000 төгрөгний гэм хор учирсанаас миний өгсөн 3,000.000 төгрөгийг хасч 3.744,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг дараах үндэслэлээр бүрэн төлж барагдуулсан хэмээн үзэж байна. Үүнд :

Сэлбэгэнд: 3,000,000төгрөг, Үнэлгээчинд: 70,000 төгрөг, Эмчилгээнд: 420.000 төгрөг, эмнэлэгт хоол хийх мах 80000 төгрөг нийт 3,570.000 төгрөгийг төлж барагдуулсан. Миний бие Д.Наранцэцэгийн гэм хорыг нөхөн барагдуулсан байхад одоо хүртэл 8.000.000 төгрөгөө авахаар шаардаж байгаа нь энэ нэхэмжлэлд тодорхой харагдаж байна. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 648 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1,510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Жавхлант-Одоос 2,553,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Наранцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,190,300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 74.854 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч У.Жавхлант-Одоос 55,489 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Наранцэцэгт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч У.Жавхлант-Од давж заалдсан гомдолдоо: Миний бие дээрх шийдвэрийг “нэхэмжлэлийг хангасан” хэсгийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Шаардах эрхгүй этгээдийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн

Д.Наранцэнгэл нь 13-83 ОРА Хюндай Элентра маркийн авто машинд учирсан хохирол болох 4.880.750 төгргийг гаргуулан авахаар нэхэмжлэл гаргасан. Тус тээврийн хэрэгсэл нь Нэткапитал Финанс корпораци ББСБ-ын өмчлөлийн эд хөрөнгө юм. Иргэнмй хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан. Энэ заалт нь нөгөө талаас өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлыг буруутай этгээдээс эд хөрөнгийн өмчлөгч шаардах эрхтэй байх талаар зохицуулжээ.

Гэтэл 13-83 ОРА Хюндай Элентра маркийн авто машинд учирсан хохирлыг өмчлөгч биш, өмчлөгчөөс итгэмжлэл авсан этгээд бус иргэн Д.Наранцэцэг нэхэмжпэсэн байгаа бөгөөд түүний нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д “Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ” гэж заасныг зөрчжээ.

Нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн үнэлээгүй.

Шүүхийн шийдвэрт “Эмчилгээний зардалд -1.400.200 төгрөг, Машины засвар, сэлбэгт-4,153.000” төгрөгийн хохирол тогтоогдож байна гэж үзсэн. Гэвч Машинд учирсан хохирлыг “Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий” “Ашид-Билгүүн“ ХХК г гүйцэтгэж 2 025.000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн.

Харин Д.Наранцэцэг нь өөрийн санаачлагаар “Лэндс” ХХК-аар “хохиролын зардлын хэмжээ хэмээх тооцолол хийлгүүлж бодит бус хэт ендер үнийн дүн бүхий хохирол болох 4.880.745 төгрөгийн тооцоо гаргуулан түүнийг гаргаж өгсөн байна. Дээрх хохирлын тооцоолол нь үндэслэлгүй, ашиг сонирхлын зөрчилтэй Д.Наранцэцэгийн хүссэн тооцоог гаргаж өгсөн материал.

Гэтэл шүүх үндэслэл зааж нэрлэггүйгээр хамгийн өндөр үнийн дүн бүхий Лэндс ХХК-ийн тооцоог баримтлаж шийдвэрээ гаргасан бөгөөд хөрөнгийн үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн дүгнэлтийг үндэслээгүй шалтгаан нөхцөлийг заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, унэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчжээ. Мөн “Шинжээч эмч”-ийн дүгнэлтээр Д.Наранцэцэгийн биед хөнгөн гэмтэл учирсан гэж дүгнэж тус үндэслэлээр зөрчлийн хэрэг хаагдсан. Шинжээч эмчийн дүгнэлтээр 10 хоног хэвтэн эмчлүүлэхэд эдгэрэнэ” гэж дүгнэсэн бөгөөд түүний дагуу 10 хоног хэвтэн эмчлүүлсэний төлбөр болох 420.000 төгрөг, сувилгаанд нь зориулан хонины мах/ 80.000 төгрөг/-өөр тус төлж барагдуулсан. Гэвч шүүх дээрх ямар эмнэлэгт ямар хугацаагаар ямар өвчнийг эмчлүүлэхэд зориулсан болох нь тодорхойгүй, бүдэг, харагдахгүй баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн тайлбараар эрүүл мэндэд учирсан хохирлыг 1.400.200 төгрөг гэж дүгнэсэн нь бодит үндэслэлгүй байна.

Иймд Орхон аймаг дах сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр 2017 оны 05 сарын 31-ны өдрийн 648 тоо шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                      ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй ч хэргийн оролцогчоос гаргаж өгсөн нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг хангаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Наранцэцэг нь хариуцагч У.Жавхлант-Одоос гэм хорын хохиролд 3.744.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч У.Жавхлант-Од нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргасан байна.

Хариуцагч У.Жавхлант-Од нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хьюндай Соната-5 тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс нэхэмжлэгч Д.Наранцэцэгийн жолоодож явсан Элентра маркийн машиныг мөргөж гэм хор учруулсан үйл баримтанд үндэслэн нэхэмжлэгч Д.Наранцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Нэхэмжлэгч Д.Наранцэцэг нь зам тээврийн ослын улмаас өөрийн биед учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлсэн эмчилгээний болон машиныг засуулахад гарсан зардлаа шинжээчийн дүгнэлтээр тогтоосон хэмжээгээр гаргуулахаар нэхэмжилсэн байх ба хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Хариуцагч У.Жавхлант-Од тухайн осол гарсан болон нэхэмжлэгчид гэм хор учирсан явдалд гэм буруугүй болохоо баримтаар нотлоогүй тул түүний гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд гэж үзэж гэм хорыг арилгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учирсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолсон тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгддөг ба ийнхүү нотолж чадаагүй нөхцөлд хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй болно.

Харин шүүх хэрэгт авагдсан эмчилгээний зардлуудыг тооцохдоо тооцооны алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх засаж шийдвэрлэн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгч ажил орлогогүй байсны улмаас олох ёстой байсан орлогод 1.200.000 төгрөг нэхэмжилсэн нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Хавтаст хэргийн 69-72 дахь талд авагдсан эмчилгээний баримтууд, хх-ийн 54 дүгээр талд авагдсан 30.000 төгрөг, хх-29 дүгээр талд авагдсан Тайхар эмнэлгийн 350.000 төгрөгийн баримтуудыг нийлбэрээр нь дүгнэхэд 1.151.400 төгрөг болж байх ба /анхан шатны шүүх 1.400.200 төгрөг/ үүн дээр машины эвдрэл гэмтэл засахад гарсан зардал 4.153.000 төгрөг нэмж урьдчилан өгсөн 3.500.000 төгрөгийг хасч тооцоход хариуцагчаас 1.884.000 төгрөгийг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 648 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг У.Жавхлант-Одоос 1.884.400 төгрөгийг гаргуулж Д.Наранцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.860.400 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

2 дугаар заалтанд У.Жавхлант-Одоос 55.489 төгрөг гэснийг 45.100 төгрөг гэж өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч У.Жавхлант-Одын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55.810 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

         ШҮҮГЧИД                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ