Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2023/0340

 

 

 

           Нийслэлийн прокурорын газрын

               Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн

                           хяналтын прокурор М.Эийн дүгнэлттэй

               захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Хонинхүү,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч Д.С,

Дүгнэлт гаргагч: М.Э,

Хариуцагч: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны улсын ахлах байцаагч Д.С,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 376 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид:  Дүгнэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ө, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э нар,                              

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шаравдорж, 

Хэргийн индекс: 128/2022/0792/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Э нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул, уурхайн хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Д.Сд /хуучнаар/ холбогдуулан “Улсын байцаагчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0052104 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 376 дугаар шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 1.3 дугаар зүйлийн 1, 2.1 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Эийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 26 дугаар дүгнэлтийг хангаж, /хуучнаар/ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Д.Сгийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0052104 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1225 дугаар захирамжаар: “Тус захиргааны хэргийн хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Д.Сгийн эрх залгамжлагчаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны улсын ахлах байцаагч Д.Сг сольж” шийдвэрлэсэн.

4. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Д.С дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “... 

              4.1. Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 4.6 дахь заалтаар “... Иймд “Ө М” ХХК-ийн Ашигт малтмалын тухай хуулийн 36 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлээгүй үйлдэлд Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтын шийдвэр үндэслэлгүй гэх прокурорын дүгнэлт үндэслэлтэй байх тул Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4-т “Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй байх” хууль ёсны зарчим, 13 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэх шударга ёсны зарчим, 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино” гэх зэргийг баримтлан прокурорын дүгнэлтийг хангаж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн” нь үндэслэлгүй.

              4.2. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлд “Зөрчлийн шинжийг энэ хууль бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж заасан бөгөөд “уурхайн талбайн хэмжилт хийлгэх шав тэмдэг тавих, ирүүлэх хугацааг хоцроосон” үйлдэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан “Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүрэг”-т хамаарах бөгөөд эрх бүхий албан тушаалтны 0052104 дугаартай шийтгэлийн хуудсаар “Ө М” ХХК-д оногдуулсан шийтгэл нь хуулийн үндэслэл бүхий шийдвэр гэж үзэж байна.

              4.3. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д “Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ”, 1.2-т “зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол” гэж заасан бөгөөд “Ө М” ХХК нь оногдуулсан шийтгэлд маргадаггүй.

              4.4. Иймд 376 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

5. Дүгнэлт гаргагчаас давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох Зөрчлийн тухай хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээлээ.

3. Шүүх хариуцагчийн гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

3.1. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Д.С 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0052104 дугаартай шийтгэлийн хуудсаар “Ө М” ХХК-д “... “MV-*** тоот тусгай зөвшөөрлийн талбайн хил тогтоосон актыг хуулийн хугацаанд төрийн захиргааны байгууллагад хүргүүлээгүй” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан”, прокурор М.Э уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэн нь үндэслэлтэй байна.

3.2.  Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т “Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж тодорхой заасан.

3.3. Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын, ашиглалтын талаар хуульд заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан, харин “Ө М” ХХК-ийн “... “MV-*** тоот тусгай зөвшөөрлийн талбайн хил тогтоосон актыг хуулийн хугацаанд төрийн захиргааны байгууллагад хүргүүлээгүй” гэх зөрчил нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчилд буюу дээрх хуулийн зохицуулалтад хамаарахааргүй тул “... уурхайн талбайн хэмжилт хийлгэх шав тэмдэг тавих, ирүүлэх хугацааг хоцроосон үйлдэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүрэгт хамаарна” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Товчхондоо Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4-т зааснаар энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй бөгөөд гагцхүү мөн хуульд заасан зөрчлийн шинжийг агуулсан зөрчил гаргасан тохиолдолд л шийтгэл ногдуулна, бусад хуулийн зохицуулалтыг үүнд хамаатуулан хэрэглэж шийтгэл оногдуулах нь дээрх зохицуулалтуудад нийцэхгүй.

3.4. Давж заалдах гомдолд “... “Ө М” ХХК нь оногдуулсан шийтгэл маргадаггүй” гэх боловч шийтгэлийг ийнхүү зөвшөөрсөн нь хууль зөрчин шийтгэл оногдуулсан шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэл болохгүйн дээр тус компанийн төлөөлөгч И.Н “... шийтгэлийг компанийн геологич хуулийн мэдлэг, ойлголтгүйгээс хүлээн зөвшөөрч, хүлээн авсан, өнөөдрийн байдлаар 6,500,000 төгрөг шилжүүлсэн, энэхүү асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна. Иймд энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй.

4. Анхан шатны шүүх прокурорын дүгнэлтийг хангаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Д.Сгийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0052104 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон нь зөв, давж заалдах гомдлыг хангаж шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 376 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Сгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           д.баатархүү

ШҮҮГЧ                                                                 Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                   Н.ДОЛГОРСҮРЭН