Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 685

 

С.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Солонго,

хохирогч Д.А-н өмгөөлөгч З.Хүрэлсүх,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 729 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.А-н өмгөөлөгч З.Хүрэлсүхийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч С.О-д холбогдох 1806026040711 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн С-н О, 19.. оны ... дугаар сарын ...-ны өдөр ......... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, .......... худалдааны төвд ногооны худалдаа эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ............. дүүргийн ... дүгээр хороо, .....дугаар байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ........../

С.О нь 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” захын ногоо зардаг лангууны хэсэгт, иргэн Д.А-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: С.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар С.О нь шүүхээс оногдуулсан 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар С.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, С.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар С.О-с 579.100 төгрөгийг гаргуулж хохирогч Д.А-т олгож, хохирогч Д.А нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Д.А-н өмгөөлөгч З.Хүрэлсүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 729 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь:

Анхан шатны шүүх хэргийн бүрдэл хангагдаагүй, нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүх хуралдаанаар хянавал зохих нөхцөл байдлууд хангагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд буруу боллоо.

Улсын яллагчийн "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаж үзэх зохицуулалт хамаарахгүй" тухай үндэслэлгүй, хууль бус дүгнэлтийг шүүхээс хэрхэн үзсэн талаараа дүгнээгүй орхигдуулжээ. Мөн хэрэгт шүүгдэгч С.О-ийн ял шийтгэлтэй эсэхийг шалгасан баримт бус Ганболд гэх өөр хүний баримтыг хавсарган ирүүлснийг шүүхээс хэрхэн дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Хамгийн ноцтой нь шүүгдэгч С.О нь хүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэх үедээ хохирогч Д.А-ын өмчлөлийн гар утсыг булаан авсан гэмт үйлдлийг огт шалгалгүй орхигдуулсан байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2, 1.4-д заасан хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

 Прокурор С.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...С.О нь бусдын бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Хохирогч А “намайг зодоод, цагдаа дуудахаар гар утсаа гаргаж иртэл булааж авсан” гэж мэдүүлдэг. О-н энэ үйлдэл нь дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй юм. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.  

                                                       ХЯНАВАЛ:

 Давж заалдах шатны шүүх С.О-д холбогдох хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн хянаж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч С.О-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах явцад хангалттай тодруулаагүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Тухайлбал, хохирогч Д.А-н мэдүүлэгт намайг зодчихоод би утсаа гаргаж иртэл миний утсыг булаагаад авсан тухайгаа мэдүүлсээр байхад энэ үйлдэл нь тусдаа бие даасан гэмт хэргийн шинжийг хангах эсэх талаар зохих ажиллагаа хийгээгүй, шүүгдэгчийг урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас нь Сайрхүүгийн Ганболд гэх өөр хүний нэрээр шалгагджээ.  

Иймд шүүгдэгч С.О-ийн үйлдэлд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулахаас гадна өөр гэмт хэргийн үйлдэл бий эсэхийг шалгаж шийдвэрлэх, түүнтэй холбоотой гэм хорын хохирлыг шийдвэрлэх хэрэгтэй. Мөн шүүгдэгчийн өөрийнх нь нэрээр ял шалгаж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг хэрэглэх эсэх талаар тодорхой болгох шаардлагатай байна.   

Дээрх ажиллагаануудыг шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хохирогч Д.А-н өмгөөлөгч З.Хүрэлсүхийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.О-д холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулуулахаар тухайн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Түүнчлэн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8, 10 дахь заалтдаа нэг утга санааг давхардуулан бичсэн байгааг цаашид анхаарвал зохино.