Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 729

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,

          Улсын яллагч С.Солонго,

Хохирогч Д.Ариунбаатар, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх,

        Шүүгдэгч С.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч С.О холбогдох эрүүгийн 1806 0260 40711 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1976 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Өгөөмөр” худалдааны төвд ногооны худалдаа эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 73-18 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар АЭ76071711, хэрэг хариуцах чадвартай, С О.

 

          Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч С.О нь 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” олон улсын худалдааны төвийн ногоо зардаг лангууны хэсэгт иргэн Д.Ариунбаатарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.О мэдүүлэхдээ: “2018 оны 3 дугаар сарын 18-нд зах тарахын үед хохирогч өөрөө хүрч ирэн намайг цохисон. Хохирогч гэрт орж манай үр хүүхдүүдийг айлгадаг. Удаа дараа ийм үйлдлийг гаргаж байгаа. Маргааш нь хохирогч зүгээр ажлаа хийгээд явж байсан. Надаас 2.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Өөрөө эхлээд ингэж яваад байгаад гомдолтой байна. Тухайн орой 18 цагийн үед би ажлаа хийж байсан. Хэсэг хугацаанд ариун цэврийн өрөөнд ороод ирэх хооронд намайг хаана байна ална гэж яриад хүлээгээд зогсож байсан. Би   очоод   цэргийн   баярын   мэнд   гэж   хэлсэн.  Тэгтэл   хохирогч   намайг  шууд

цохисон. Би хохирогчийг зөрүүлж цохисон. Энэ үйл явдал 3-5 минутын хооронд үргэлжлээд хохирогч явсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Ариунбаатар мэдүүлэхдээ: “…3 дугаар сарын 18-нд найзуудтайгаа баяр тэмдэглэж архи уусан. Би С.О дээр баярын мэнд хүргэхээр очиж мөрөн дээр нь алгадсан. Намайг агуулгах руу чирж оруулж зодсон. Би цагдаа дуудах гээд гар утсаа гаргаж ирэхэд С.О гар утас булаан авсан. Өмнө нь бид хоёрын хооронд өс хонзонгийн асуудал байхгүй. Тухайн үед С.О эрүүл байсан. С.О нь манай гэр бүлийн хүнийг заналхийлдэг гэсэн. Энэ талаар цагдаад мэдэгдэж тэмдэглүүлж байсан. Миний биед учирсан гэмтлийг С.О учруулсан.” гэв.

 

         Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Д.Ариунбаатарын мэдүүлэг /хх-8/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3827 дугаартай дүгнэлт /хх-11/, шүүгдэгч С.О яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-30/, шүүгдэгч С.О иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-18/, шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-31/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүгдэгч С.О нь 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул олон улсын худалдааны төвийн ногоо зардаг лангууны хэсэгт иргэн Д.Ариунбаатарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Ариунбаатарын өгсөн: "... Тэгээд би 17 цаг 40 минутын үед зүс таних С.О гэгчтэй таараад цэргийн баярын мэнд гээд гар бариад мөрөн дээр нь гараа тавьсан чинь хойшоо оръё гээд агуулах руу намайг чирч оруулаад нүүр хэсэг рүү гараараа цохисон. Би унасан чинь миний дээр гараад намайг гараараа цохиод байсан. ” /хх-8/ гэх мэдүүлэг,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3827 дугаартай дүгнэлт:

1. Д.Ариунбаатарын биед тархи доргилт, зүүн нүдний алим, баруун, зүүн нүдний зовхи, дух, зүүн хацар, зүүн чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэн.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-11/,

Мөрдөн байцаалтад С.О яллагдагчаар өгсөн: “…Надад урьд өгсөн дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Би гэрчийн мэдүүлэгт тодорхой ярьсан. Би хийсэн үйлдэл, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” /хх-30/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч С.О иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-18/,

Шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-31/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг өөрөө хүлээсэн, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг адил бөгөөд бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байна.

 

          Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх нь : “Шүүгдэгч С.Очирсүхийн үйлдсэн бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулсан энэ хэргийн талаар ямарч байсан хэлэлцлээ. Эрүүгийн хуулийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлинй 4 дэх хэсэгт хянавал зохих нөхцөл байдлыг заасан байна. Мөн энэ зүйлийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2, 4.5, 4.6 дахь хэсэгт заасан нөхцлүүд хангагдаагүй гэж үзэж байна. Учир нь шүүгдэгч гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрөөгүй байна. Хохирогчийн буруутай үйлдлийн талаар маргаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь өөрийнхөн өгсөн мэдүүлгээр нотлогдож байна. Хохирлоо нөхөн төлсөн байхыг энэ хуульд хуульчилсан. Шүүгдэгч аль аль шатанд хохирол төлөөгүй байна. мөн хохирол төлөхөө илэрхийлж, хохирогчтой эвлэрсэн эсэх энэ хуульд заасан нөхцөл байдал нь хянаж үзэхэд алга байна. Шүүгдэгч хэдэн төгрөг нэхэмжилсныг ч мэдэхгүй байна. шүүгчийн асуусан асуултанд хохирол төлбөл төлье гэх агуулгаар хариулж байна. гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөр үүсэх хууль зүйн үр дагавараа ойлгоогүй байна. Өөрийгөө өмгөөлж хэдэн үг хэлж байна. Энэ хэргийг шүүх хялбаршуулсан журмаар шийдэхгүйгээр хэргийг прокурорт буцаах саналтай байна. Хэрэв прокурорт хэргийг буцаавал энэ хүний ял шалгах болон хувийн байдлыг нь тогтоож шаардлагатай байна. Ганболд гэдэг хүний ял шалгах хуудас хэрэгт авагдсан байна. Цагдаагаас хохирогч гар утсаа хүлээн авсан. Энэ талаарх он сар өдөргүй баримт хэрэгт хавсаргасан байна. Хохирогчийн гар утсыг булааж авч байгаа эсэх, энэ нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсан уу гэх зэрэг асуудлыг огт шалгаагүй орж ирсэн. Цаашид энэ хэргийг шалгах ёстой. Зөвхөн гэмтэл учруулсан үйлдлийг дангаар нь хялбаршуулсан журмаар шийдэх боломжгүй, хуульд заасан нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байна. Тиймээс хэргийг прокурорт буцаах санал гаргаж байна.” гэж тайлбар гарган мэтгэлцэж байх боловч мөрдөн шалгах ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж шүүх дүгнэсэн учир хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

 

Иймд шүүгдэгч С.О нь 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” олон улсын худалдааны төвийн ногоо зардаг лангууны хэсэгт иргэн Д.Ариунбаатарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын шаардлага хангасан 579.100 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар С.О гаргуулж хохирогч Д.Ариунбаатарт олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хохирогч Д.Ариунбаатар нь 1.500.000 нэхэмжлэлийг нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар С.О холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч С.О 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч С.О нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч С Оийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар С.О 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар С.О нь шүүхээс оногдуулсан 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар С.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

        5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, С.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

        6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар С.О 579.100 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ариунбаатарт олгосугай.

 

        7. Хохирогч Д.Ариунбаатар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох

баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

            8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

           

   9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

  10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

             

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС