Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 1672

 

 

 

 

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2017/01672

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, Төмөрчний гудамж, Арга билэг төвийн 301 тоот хаягт байрлах, “Мөнгөн буудай ББСБ” ХХК /РД:5778522/

 Хариуцагч: Баянгол дүүрэг 13 дугаар хороо 3 дугаар хороолол 2а байр 32 тоотод оршин суух, 1970 онд төрсөн 47 настай, Харчин овогт Дашдондогийн Хишигдэлгэр /РД-ЧН70121105 /

            Гэрээний үүрэг 31.818.414.47 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Мөнгөн буудай банк бус санхүүгийн байгууллагын гүйцэтгэх захирал С.Дэмбэрэл, хариуцагч Д.Хишигдэлгэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

              

            Нэхэмжлэгч “Мөнгөн буудай ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон гүйцэтгэх захирал С.Дэмбэрэл шүүх  хуралдаанд тайлбарлахдаа: Зээлдэгч Д.Хишигдэлгэр, Д.Наранцэцэг нар Мөнгөн буудай банк бус санхүүгийн байгууллагаас 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 20.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай 5%-ийн хүүтэй байрны урьдчилгаа төлөх зориулалтаар зээлсэн. Уг зээлийг бэлэн бусаар үндсэн зээлдэгч Д.Хишигдэлгэрийн Хаан банкны 5058105625 тоот дансанд шилжүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар Д.Хишигдэлгэрийн өмчлөлийн Ү-2201046973 улсын бүртгэлийн, 000477734 гэрчилгээтэй Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо 21 дүгээр хороолол 84 б байр 166 тоотод байрлах 58,32 мкв талбайтай 3 өрөө орон сууц барьцаалсан. Гэрээг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлдэгч 2016 оны 08 дугаар сарын 09-нд зээлийн хүүгийн төлбөрт 764.944.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 35.055.56 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 11-нд зээлийн хүүгийн төлбөрт 186.376.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 13.623.37 төгрөг төлсөн. Хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Наранцэцэг нь 2016  оны 07 дугаар сарын 04-ний өдөр Д.Хишигдэлгэрийн данс руу 5.000.000 төгрөг, 08 дугаар сарын 06-ны өдр 500.000 төгрөг, 08 дугаар сарын 08-ны өдөр 1.000.000 төгрөг, 08 дугаар сарын 08-ны өдөр 1.300.000 төгрөг, 08 дугаар сарын 17-ны өдөр 6.000.000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр шүүх хуралдааны дараа буюу 05 дугаар сарын 29-ний өдөр 3.042.000 төгрөгийг манай байгууллагын данс руу шилжүүлсэн. Д.Наранцэцэг өөрт ногдсон үүргээ төлнө гэсэн эрмэлзлэлээр манай байгууллагад төлөөд, үлдэн төлбөр нь Д.Хишигдэлгэрийн данс руу хийгдсэн болох нь Сонгино хайрхан дүүргийн Прокурорын тогтоол хэрэгт хавсаргасан баримтаар хангагдаж байна гэж манай талаас харж байгаа. Нэхэмжлэлийн шаардлага 31.818.414.47 төгрөгнөөс Д.Наранцэцэгийн төлсөн 3.042.000 төгрөгийг хасаж хариуцагч Д.Хишигдэлгэрээс 28.776.414.47 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

            Хариуцагч Д.Хишигдэлгэр шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Хишигдэлгэр нь хариуцагч байсан Д.Наранцэцэгийн хамт 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “Мөнгөн буудай ББСБ” ХХК-иас 20.000.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж зээлдэн авсан. Зээлийн гэрээний барьцаанд Д.Хишигдэлгэрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо 21 дүгээр хороолол 84 б байрны 166 тоот 3 өрөө орон сууцыг барьцаалсан юм. Мөнгөн буудай банк бус санхүүгийн байгууллагаас хариуцагч Д.Наранцэцэг нь Д.Хишигдэлгэрийн барьцаанд тавьсан 3 өрөө орон сууцыг 8%-ийн зээлд хамруулан өөрийн охин Б.Азжаргалд худалдаж авч өгөх зорилгоор энэ зээлийг анх авсан. Банкны 8%-ийн зээл бүтэх нь тодорхой болсон учир урьдчилгаа мөнгө дутаад байна энэ байраа барьцаалж 20.000.000 төгрөгний зээл аваад өг гэж хүссэний дагуу байр барьцаалагдсан. Зээлийн 20.000.000 төгрөг хариуцагч Д.Хишигдэлгэрийн Хаан банк дахь дансанд шилжиж орж ирэнгүүт Д.Нарацэцэгийн охин Б.Азжаргалын данс руу 15.000.000 төгрөгийг нь шилжүүлсэн. Гэтэл Д.Наранцэцэг 8%-ийн зээлээр орон сууц худалдаж авах ямар нэгэн санаа зорилгогүй байсан бөгөөд Д.Хишигдэлгэрийг хуурч орон сууцыг нь барьцаанд тавиулсан учир цагдаагийн байгууллагад хандсан. Хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч энэ талаар Прокурорын газарт гомдол гаргасан. Д.Наранцэцэг, Д.Хишигдэлгэр нарын хооронд өр авлаганы өөр асуудал байдаг бөгөөд Д.Наранцэцэг нэхэмжлэгчид ойлгуулахдаа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Д.Хишигдэлгэрийн данс руу шилжүүлж байсан гэсэн буруу ойлголтыг өгсөн. Энэ хоёр хүний хооронд ямар нэгэн өр авлагын асуудал байгаагүй бол Д.Наранцэцэг Мөнгөн буудай ХХК-ийн данс руу шилжүүлэх байсан. Д.Наранцэцэгийг хариуцагчаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болсон. Д.Хишигдэлгэрийн дансанд 20.000.000 төгрөг шилжиж орсон боловч үүний 15.000.000 төгрөгийг Д.Наранцэцэг авсан. Иймд Д.Хишигдэлгэр нь өөрт ногдох 5.000.000 төгрөгийг хүү алдангийн хамт төлнө гэв.

         

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Мөнгөн буудай ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ хариуцагч Д.Хишигдэлгэр, Д.Наранцэцэг нараас гэрээний үүрэгт  31.818.414,47 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах тухай шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Наранцэцэгээс татгалзаж, үнийн дүнг багасгаж Д.Хишигдэлгэрээс  28.776.414,47 төгрөг гаргуулахыг шаарджээ.

Хариуцагч Д.Хишигдэлгэр, Д.Наранцэцэг нар нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний Мөнгөн буудай банк бус санхүүгүийн байгууллагаас зээл болон барьцааны гэрээ байгуулж зээлийн барьцаанд Д.Хишигдэлгэрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо 21 дүгээр хороолол 84 б байрны 166 тоот 3 өрөө орон сууцыг барьцаалж 1 сарын хугацаатай 20.000.000 төгрөгийг  сарын 5%-ийн хүүтэйгээр зээлдэж авсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, зээл болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, мөнгө шилжүүлсэн баримт, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

            Зээлийн болон барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан хүчин төгөлдөр хэлцэл байна .

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь “Д.Наранцэцэг өөрт ногдох зээлийн үүргийг хариуцагч Д.Хишигдэлгэрийн дансанд шилжүүлж төлсөн тул Д.Хишигдэлгэрээс 28.776.414.47 төгрөг гаргуулж өгнө үү”, хариуцагч нь “Д.Наранцэцэгийн шилжүүлсэн мөнгө зээлийн гэрээний үүрэг биш” гэж тайлбарлан тус тус маргажээ.

Хариуцагч Д.Хишигдэлгэр, Д.Наранцэцэг нар 20.000.000 төгрөгийг зээлдэн авч хувааж авсан талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч нь Д.Наранцэцэг зээлийн гэрээний дагуу мөнгийг Д.Хишигдэлгэрийн дансанд төлсөн гэсэн үндэслэлээр түүнийг хариуцагчаас чөлөөлсөн боловч энэ төлбөр нь “Мөнгөн буудай ББСБ” ХХК-иас авсан зээлийн эргэн төлөлт болох нь баримтаар тогтоогдохгүй байна. Хариуцагч Д.Хишигдэлгэр, Д.Наранцэцэг нар нь орон сууц худалдан авахтай холбоотой хоорондын маргаантай болох үйл баримт нь Прокурорын тогтоолоор тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч “Мөнгөн буудай ББСБ” ХХК нь зээлийн гэрээг Д.Хишигдэлгэр, Д.Наранцэцэг нартай байгуулж 20.000.000 төгрөгийг хуваан авсан талаар маргаагүй тул өөр өөрт ногдох хэсгийг төлөх үндэслэлтэй гэж үзэн хариуцагч Д.Хишигдэлгэрээс  нэхэмжлэлийн шаардлагын 50% буюу 14.388.207.23 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, түүний барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлйин 453.1-д зааснаар хариуцагч Д.Хишигдэлгэрээс 14.388.207.23 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Мөнгөн буудай ББСБ” ХХК-д олгож, үлдэх 14.388.207 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д зааснаар хариуцагч Д.Хишигдэлгэрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо 21 дүгээр хороолол 84 б байрны 166 тоот 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357.512.07 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Хишигдэлгээрээс 229.891 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Мөнгөн буудай ББСБ” ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                     

 

                                   

 

 

 

ШҮҮГЧ                                           Ж.КУЛЬДАНА