Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2018/01312

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2018/01312

 

 

 

 

 

 

 

 

 

Мөнгөн буудай ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2018/00887 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Мөнгөн буудай ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Хишигдэлгэр, Д.Наранцэцэг нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 40 052 720 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй хэргийг хариуцагч Д.Наранцэцэгийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзул илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Дэмбэрэл, хариуцагч Д.Хишигдэлгэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд, хариуцагч Д.Наранцэцэгийн өмгөөлөгч С.Сансартуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч Мөнгөн буудай ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Иргэн Д.Хишигдэлгэр, Д.Наранцэцэг нар 2016 оны 07 сарын 04-ний өдөр 20 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдэхээр зээлийн гэрээ байгуулсан. Гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын 84б байрны 166 тоот 3 өрөө байрыг барьцаалсан. Зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш Д.Хишигдэлгэр нь 2016 оны 08 сарын 09-ний өдөр зээлийн хүүд 764 944 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 35 056 төгрөг, 2016 оны 08 сарын 11-ний өдөр зээлийн хүүд 186 377 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 13 623 төгрөг, нийт 1 000 000 төгрөгийг, хариуцагч Д.Наранцэцэг нь 2017 оны 05 сарын 29-ний өдөр зээлийн хүүд 1 071 411 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 970 589 төгрөг, нийт 3 042 000 төгрөгийг тус тус төлсөн. Зээлдэгч нар хэн нь хэдэн төгрөгийг хариуцна гэж тохироогүй. Нэхэмжлэгч 2018 оны 01 сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, зээлдэгч нараас үндсэн зээл 20 000 000 төгрөг, зээлийн хүү 16 710 600 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 342 120 төгрөг нийт 40 052 720 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын 84Б байрны 166 тоот 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Д.Хишигдэлгэрийн тайлбарт: Д.Хишигдэлгэр, Д.Наранцэцэг нар нь 2016 оны 07 сарын 04-ний өдөр Мөнгөн буудай ББСБ ХХК-аас 20 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлсэн. Гэхдээ Д.Хишигдэлгэрт ББСБ-аас мөнгө зээлэх хүсэл сонирхол байгаагүй, харин барьцаанд тавьсан байрыг Д.Наранцэцэг худалдан авахын тулд урьдчилгаа төлбөр хэрэгтэй байсан учраас 8 хувийн зээлийн урьдчилгаа бүрдүүлэх зорилгоор Д.Хишигдэлгэрт итгүүлж зээл авсан. Авсан зээлийнхээ 15 000 000 төгрөгийг Д.Наранцэцэгийн охин Б.Азжаргалын данс руу шилжүүлсэн, үлдэх 5 000 000 төгрөгийг Д.Хишигдэлгэр хэрэглэсэн нь үнэн. Иймд 5 000 000 төгрөгийг хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлөхөд татгалзахгүй. Бусад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Д.Наранцэцэгийн тайлбарт: Би Д.Хишигдэлгэртэй хамт Мөнгөн буудай ББСБ ХХК-аас 20 000 000 төгрөг зээлсэн нь үнэн. Би Д.Хишигдэлгэрийн эгч Д.Хишигжаргалтай Буурал трейд ХХК-д хамтарч ажилладаг байсан. Д.Хишигдэлгэр би 3 өрөө байр зарна, илүү зардал гаргаад сарынхаа төлбөрийг төлж чадахгүй байна гэж ярьсан. Тэр үед би хүүхэддээ байр авахаар хөөцөлдөж байсан, мөнгийг нь лизингээр төлөх боломжтой гэдгээ хэлэхэд авахгүй ч байсан болно, төлбөрийг нь төлөөд амьдарч байгаач гэж санал тавьсан. Тэгээд тэр байранд нь засвар хийгээд 2016 оны 02 сарын эхээр хүүхдээ оруулсан. Байрны ордер нь гараагүй байж байгаад 2016 оны 05 сарын 27-ны өдөр гарсан. Тухайн үед би Буурал трейд ХХК-д барилгын материал нийлүүлээд 13 000 000 төгрөг авах ёстой байсан, үүнээсээ 10 000 000 төгрөгийг Хишигдэлгэрийг эгчээсээ дамжуулаад авчих, би үлдсэн мөнгөө ямар нэгэн байдлаар зохицуулж өгөөд танай байрыг авъя гэж хэлсэн. Гэтэл манай урьдчилгаа  төлбөр бүтэхгүй байсан тул болих талаар хэлэхэд, Д.Хишигдэлгэр Мөнгөн буудай ББСБ ХХК-ийн захирал миний найз, чи зээл авах гэж байгаагаа хэл гэсэн. Тэгээд бид Мөнгөн буудай ББСБ ХХК-аас 20 000 000 төгрөг авсан. Тухайн үед 20 000 000 төгрөгийг миний дансанд байршуулна гэж байснаа өөрийнх нь дансанд ороод ирсэн чинь би маш их өртэй, 10 сая төгрөгийг өгөх боломжгүй,  чи 10 сая төгрөгийг ав, үлдэх 10  сая төгрөгөө өөрөө зохицуул гэсэн. Тухайн үед надад тусалж байна гэж би ойлгосон, Д.Хишигдэлгэр 15 000 000 төгрөгийг миний охин Б.Азжаргалын дансанд шилжүүлснээ, тэр дор нь буцаагаад 5 000 000 төгрөгийг шилжүүлж авсан. Тэгэхдээ банкинд 22 сая төгрөг байршуулахаас 5 сая төгрөгийг урьдчилаад өгсөн байна гэж харагдуулна гэж хэлээд буцааж авсан. Ингээд 10 000 000 төгрөгийг хүүхдийнхээ дансанд байршуулсан. Намайг хүү төл гээд байсан тул 2016 оны 08 сарын 05-ны өдөр найз н.Гэрлээгийн данснаас 500 000 төгрөг шилжүүлсэн,   хүүхдээсээ 120 000 төгрөг авч, хоёр ээмгээ ломбарданд тавьж байгаад 300 000 төгрөг бэлнээр,  мөн мөрдөн байцаагчийн хэргийн мөнгийг хэрэглэчихсэн, чи яаралтай мөнгө өг гэж нэхээд 1 000 000 төгрөг, 1 300 000 төгрөг шилжүүлсэн. Д.Хишигдэлгэрийн дансанд 1 000 000 төгрөг шилжүүлэхээр Мөнгөн буудай ББСБ ХХК-д 800 000 төгрөг хийж, 200 000 төгрөгийг хийгээгүй байсан. Ингээд удаа дараа би боломжоороо төлбөрийг Д.Хишигдэлгэрт төлж байсан. Хамгийн сүүлд охиныхоо дансанд байршуулсан байсан 6 000 000 төгрөгийг Д.Хишигдэлгэрийн дансанд шилжүүлсэн. Нийт би 9 600 000 төгрөгийг Д.Хишигдэлгэрийн дансанд шилжүүлсэн. Би 1 976 000 төгрөг төлнө гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээ зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дашдондогийн Хишигдэлгэрээс 29 416 663 /хорин есөн сая дөрвөн зуун арван зургаан мянга зургаан зуун жаран гурав/ төгрөг, Дашнямын Наранцэцэгээс 8 774 663 /найман сая долоон зуун далан дөрвөн мянга зургаан зуун жаран гурав/ төгрөгийг тус тус гаргуулж Мөнгөн буудай ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсэг болох 1 861 394 /нэг сая найман зуун жаран нэгэн мянга гурван зуун ерэн дөрөв/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Д.Хишигдэлгэр, Д.Наранцэцэг нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2201046973 дугаарт бүртгэгдсэн  Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын 84Б байрны 166 тоот 3 өрөө сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 552 883  төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Хишигдэлгэрээс 305 033 төгрөг, Д.Наранцэцэгээс 155 344 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д.Наранцэцэгийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Хариуцагч Д.Наранцэцэгээс 8 774 663 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.8 дахь хэсэгт заасны дагуу Д.Наранцэцэгийн зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн мөнгийг хариуцагч Д.Хишигдэлгэр нь үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлээгүйн улмаас энэ бүх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг Д.Наранцэцэг нэмж төлөх үр дагавар үүссэн билээ. Д.Наранцэцэг нь нэхэмжлэгчээс авсан зээлийн эргэн төлөлтийг 2017 оны 7 дугаар сарын сүүлээс эхлэн Д.Хишигдэлгэрийн дансанд шилжүүлж байсан. Гэтэл түүний зээлийн гэрээний төлбөрт өгч байсан мөнгийг Д.Хишигдэлгэр нь нэхэмжлэгчид шилжүүлэлгүйгээр өөртөө үлдээсэн бөгөөд энэ нь үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гол шалтгаан болсон. Хэрэв хариуцагч Д.Хишигдэлгэр зээлийн гэрээний эргэн төлөлтийг өөрийнхөө дансанд тушаахыг шаардаж, эргэн төлөлтийг заавал өөрийнхөө нэрээр төлөх ёстой гэсэн ойлголтыг Д.Наранцэцэгт өгөөгүй байсан бол нөхцөл байдал өнөөдрийн байдалд хүрэхгүй байсан. Нөгөөтэйгүүр шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт хариуцагч Д.Наранцэцэгийг "...төлсөн мөнгөний зөрүү 1 976 000 төгрөг байгаа, үүнийг би төлнө гэж тайлбарласан мэтээр бичжээ. Гэтэл хариуцагч Д.Наранцэцэг нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн зөрүүг төлөх тухай огтхон ч ярьж байгаагүй. Иймд хариуцагч Д.Наранцэцэгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Мөнгөн буудай ББСБ ХХК зээлийн гэрээний үүрэгт 40 052 720 төгрөг хариуцагч Д.Хишигдэлгэр, Д.Наранцэцэг нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар талуудын хооронд 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч нь 20 000 000 төгрөг 1 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй хариуцагч нарт зээлдүүлэн, хариуцагч Д.Хишигдэлгэрийн өмчлөлийн Ү-2201046973 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын 84б байрны 166 тоот 3 өрөө орон сууцыг барьцаалж, 20 000 000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр түүний эзэмшлийн дансанд шилжүүлсэн нь тогтоогдсон байх тул Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 166 дугаар зүйлийн 166.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт  заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзнэ. /хх 5-8, 10/

 

Дээрх гэрээний үүргийг зээлдэгч нар Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран хариуцна. Зохигчдын тайлбараас үзэхэд хариуцагч Д.Хишигдэлгэр өөрийн өмчлөлийн 3 өрөө орон сууцыг Д.Наранцэцэгт худалдах, Д.Наранцэцэг нь уг орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлөх зорилгоор 20 000 000 төгрөг хамтран зээлдэн авсан байх ба, тэрээр Д.Хишигдэлгэр өөрийн дансанд шилжин ирсэн 20 000 000 төгрөгөөс 15 000 000 төгрөгийг Д.Наранцэцэгийн охин Б.Азжаргалын дансанд шилжүүлснээс 5 000 000 төгрөгийг нь байрны урьдчилгаа гэсэн утгатайгаар буцаан шилжүүлсэн, Д.Наранцэцэг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 500 000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 1 300 000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 1 000 000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 6 000 000 төгрөг тус тус Д.Хишигдэлгэрийн дансанд шилжүүлсэн санхүүгийн баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Хариуцагч Д.Хишигдэлгэр дээрх төлбөрийн гүйцэтгэлийг тухайн зээлтэй хамааралгүй, хариуцагч Д.Наранцэцэгтэй төлбөрийн өөр тооцоо бий гэж маргасан байхад шүүх үндэслэл муутай дүгнэлт хийсэн байна. Хариуцагч нар нэхэмжлэгчээс зээлдэн авсан мөнгөний талаар маргаантай байгаа нь нэхэмжлэгчийг гэрээний үүргээ шаардахад саад болохгүй бөгөөд тэдний хоорондын маргаанд зээлдүүлэгч хамааралгүй тул хоорондын төлбөрийн тооцоог жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагч нараас гэрээний үүргийг тухайлан хувь тооцоолон нэхэмжлээгүй, хамтран хариуцуулахаар шаардаж байгаа тохиолдолд үүргийг хамтран хариуцна.

 

Хариуцагч тал зээлийн үүрэгт нийт 4 041 999 төгрөг төлснөөс нэхэмжлэгч 2 022 732 төгрөгийг зээлийн хүүд, 2 019 267 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд тооцон авч, үндсэн зээл 20 000 000 төгрөг, гэрээний болон хэтэрсэн хугацааны хүү 16 710 600 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 342 120 төгрөг нийт 40 052 720 төгрөг нэхэмжилсэн байна.

 

Зохигчид зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөл, хувь хэмжээг хуульд заасан шаардлагын хүрээнд гэрээгээр тогтоосон учраас үндсэн зээлийг гэрээгээр тохирсон нэг сарын хугацааны хүү 1 000 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3 342 120 төгрөгийн хамт төлөх үүрэгтэй, харин хэтэрсэн хугацаанд төлөх хүүгийн хэмжээг гэрээндээ заагаагүй тул холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй гэж заасан боловч тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулиар хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээ ямар байхыг заах талаар тусгажээ. Тодруулбал, тухайн нарийвчилсан хуулийн зүйл хэсэгт заасан хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг зээлийн үндсэн хүүгийн хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр тогтоож зээлийн гэрээнд тусгах шаардлагыг уг гэрээ хангаагүй тул нэхэмжлэгч нь хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй байна.

 

Иймд нэхэмжлэгчид гэрээний үндсэн дээр төлөгдөх 24 342 120 төгрөгөөс хариуцагчаас өмнө нь төлөгдсөн 4 041 999 төгрөгийг хасч 20 300 120 төгрөг Д.Хишигдэлгэр, Д.Наранцэцэг нараас гаргуулах хуулийн үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч тал үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2018/00887 шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Хишигдэлгэр, Д.Наранцэцэг нараас 20 300 120 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19 752 600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

3 дахь заалтыг үлдээж гэсний дараа хариуцагч Д.Хишигдэлгэр, Д.Наранцэцэг нараас 259 450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Наранцэцэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155 340 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

А.МӨНХЗУЛ