Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 134/ШШ2017/00113

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: 1987 онд төрсөн, эрэгтэй, 30 настай, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Мөнхийн 06 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Газарчин овогт Нямаагийн Нандинзаяа /РД:ЕЙ87082616, утас:99292559, 89622643/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежид /Хуулийн этгээдийн РД:4611853, утас:70543041/ холбогдох

 

ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Нандинзаяа, түүний өмгөөлөгч П.Наранхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мөнхцоож, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Оюунсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Нандинзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/62 тоот тушаалаар томилогдож, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/116 тоот тушаалаар Нийгмийн түншлэл, статистик хариуцсан үндсэн ажилтнаар томилогдож ажилласан. Гэтэл 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр захирлын үүрэг гүйцэтгэгч Ш.Отгонжаргал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөр дуусгавар болгох мэдэгдэл өгсөн. 2016 оны Хөдөлмөрийн сайдын А/30 тушаалаар батлагдсан бүтэц орон тоогоор нийгмийн түншлэл, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, статистик хариуцсан ажилтны орон тоо 2 байхаар батлагдан мөрдөгдөж байсан. 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын А/21 тоот тушаалаар мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дүрэм, бүтэц, судалгаа, статистик хариуцсан ажилтан 2 байхаар дахин батлагдсан. Гэвч ажлын орон тоо өөрчлөгдөөгүй, хэвийн ажиллаж байсан намайг 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/48 тушаалаар ажлаас чөлөөлсөн. Тус тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 40.1.1, 42.1, 43.1 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 16.5.4 дэх заалтыг тус тус үндэслэсэн боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1-д заасанчлан ажилгүйдлийн тэтгэмж олгох хугацааг тушаалд тусгаагүй, чөлөөлөгдсөнөөс хойш одоог хүртэл тэтгэмж олгоогүй байна. Төсвийн тухай хуулийн 16.5.4 дэх заалт нь уг тушаалд ямар ч хамааралгүй статистик мэдээлэл хариуцсан ажилтанг бүтэц орон тоо өөрчлөгдсөнтэй холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэсэн нийгмийн түншлэл, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, статистик хариуцсан ажилтныг бүтэц орон тоог байхгүй мэтээр харуулж, зориудаар хүний албан тушаалыг буруу бичиж ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар миний ажиллаж байсан албан тушаал өөрчлөгдөөгүй, цомхотголд ороогүй, хасагдаагүй. Г.Должинсүрэн Н.Цэнд-Аюушийн оронд маргаж байх хугацаанд нь ажиллаж байсан учир түүнийг чөлөөлөөд Н.Цэнд-Аюушийг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд томилсон. Н.Цэнд-Аюушийг ажилд эгүүлэн авсан нь намайг ажлаас халахтай холбоогүй. Өөрөөр хэлбэл Н.Цэнд-Аюуш хуучин ажиллаж байсан ажил дээрээ ирж байгаа. Хэрвээ би Д.Мөнгөнжигүүрийн оронд ажиллаж байсан бол түүнийг ажилд томилоход намайг чөлөөлөх байсан. Гэтэл хэнийг нь ч ажилд томилохдоо намайг чөлөөлөөгүй. Тэгэхээр батлагдсан 2 албан тушаал дээр Д.Мөнгөнжигүүр бид 2 нар үндсэн ажилтнаар ажиллаж байсан, харин Н.Цэнд-Аюуш өөр ажил албан тушаалд ажиллаж байсан нь шүүхийн шийдвэрийн дагуу өндөр цалин хөлс тогтоогдсон байдлаар нотлогдоно. Үндсэн хууль болон Иргэний хуулиар хамгаалагдсан эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байна. Иймд нийгмийн түншлэл, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, статистик хариуцсан ажилтан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мөнхцоож шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Нандинзаяа нь зориудаар хүний албан тушаалыг буруу бичиж ажлаас чөлөөлсөн гэж үзэж шүүхэд гомдол гаргасан байна. Манай байгууллага энэ гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Нийгмийн түншлэл, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, статистик хариуцсан ажилтны орон тоог 2 байхаар яамнаас баталж өгсөн ба тус орон тоон дээр ажиллаж байсан 2 ажилтныг урьд ажиллаж байсан удирдлага нь үндэслэлгүй халсан нь шүүхээр тогтоогдож, ажилдаа эгүүлэн тогтоолгон ажиллаж байгаа болно. Иймд батлагдсан бүтэц орон тооны дагуу орон тооны цомхотгол хийсэн. Нийт 83 орон тооноос илүү хүн ажиллуулж байсан тул Н.Нандинзаяаг ажлаас халсан. Учир нь орон тоо хэтэрлээ гээд цөөлөх гэхэд бусад орон тоо бүтэц орон тооныхоо дагуу байсан учраас илүүдэлтэй байсан нийгмийн түншлэл гэсэн орон тоог л цөөлөх шаардлагатай болсон. Манайд нийгмийн түншлэл гэдэг 2 орон тоо л батлагдсан, ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх гэдгийг бид өөрсдөө сэтгэж гаргаж ирсэн зүйл. Н.Цэнд-Аюушт төслөөс олгосон цалинг нэмж олгож байсан. Должинсүрэнг халах үед яагаад Нандинзаяаг халаагүй юм бэ гэдэг асуудал яригдаж. Тухайн үед 2017 оны бүтэц орон тоо батлагдаж ирээгүй, хэдэн орон тоо батлагдаж ирэхийг мэдээгүй байсан. Орон тоо батлагдаж ирэхдээ нийгмийн түншлэл гэсэн 2 орон тоо батлагдаж ирсэн учраас хамгийн сүүлд ажилд орсноор нь Н.Нандинзаяаг чөлөөлөхөөс аргагүй юм байна гэж үзээд чөлөөлсөн гэв. 

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Нандинзаяа нь Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежид холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ миний ажиллаж байсан албан тушаал өөрчлөгдөөгүй, цомхотголд ороогүй, хасагдаагүй, би Д.Мөнгөнжигүүр, Н.Цэнд-Аюуш нарын оронд ажиллаж байгаагүй, зориудаар хүний албан тушаалыг буруу бичиж ажлаас чөлөөлсөн хэмээн тодорхойлсон байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Политехник коллежийн захирлын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/48 дугаартай тушаалыг хүчингүй болгох, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх гэсэн шаардлагыг тэмдэглэснийг бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус харин нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч Н.Нандинзаяаг Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийнколлежийн захирлын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/48 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.4-д зааснаар бүтэц орон тоо өөрчлөгдсөнтэй холбогдуулан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна.

Ажил олгогч буюу хариуцагч Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийн захирлын ажилтныг ажлаас чөлөөлөхдөө баримталсан хуулийн зохицуулалт буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан аж ахуйн нэгж байгуулага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн үйл баримт бий болоогүй болох нь хэрэгт авагдсан Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/30 тоот Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дүрэм, бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай тушаал, тушаалын 2 дугаар хавсралт, Монгол Улсын хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн А/21 тоот Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын бүтэц, орон тоог батлах тухай тушаал, түүний хавсралтаар Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежид нийгмийн түншлэл, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, статистик хариуцсан ажилтан /2016 онд ажилтан байсныг 2017 онд мэргэжилтэн болгож өөрчилсөн/ гэсэн албан тушаалын орон тоог 2016, 2017 онд тус бүр 2 байхаар баталсан болох нь тогтоогдож байна. Энэ албан тушаалын орон тоо 2017 оны 03 дугаар сард Н.Нандинзаяаг ажлаас чөлөөлөх үед хасагдаагүй, цөөрөөгүй байх бөгөөд хариуцагч энэ талаар маргаагүй.

Гэхдээ хариуцагч талаас дээрх тушаалынхаа үндэслэлийг уг орон тоон дээр урьд ажиллаж байсан 2 ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон, мөн тус коллежийн өмнө нь ажиллаж байсан удирдлагууд батлагдсан нийт 83 орон тооноос илүү хүн авч ажиллуулж байсан тул нэхэмжлэгч Н.Нандинзаяаг ажлаас нь чөлөөлсөн хэмээн тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаас татгалзжээ.

Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас халсан үндэслэлтэй тохирч байх нь хөдөлмөрийн тухай хуульд нийцэх ёстой боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс бодитойгоор харьцуулан дүгнэхэд хариуцагч Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийг нэхэмжлэгч Н.Нандинзаяаг хууль бусаар ажлаас халсан гэж буруутгах үндэслэлгүй байна.

Учир нь хэрэгт авагдсан Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 134/ШШ2016/00073 тоот шийдвэрээр Д.Мөнгөнжигүүрийг Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийн нийгмийн түншлэл хариуцсан ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоосон байх ба Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 216/МА2016/00003 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, улмаар Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/107 тоот тушаалаар түүнийг ажилд нь эгүүлэн томилжээ.

Мөн хэрэгт авагдсан Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 134/ШШ2016/00080 тоот шийдвэрээр Н.Цэнд-Аюушийг Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийн нийгмийн түншлэл, ажил мэргэжлийн чиг баримжаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоосон байх ба Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2016/01320 тоот тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, улмаар Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/10 тоот тушаалаар түүнийг ажилд нь эгүүлэн томилжээ.

Нэхэмжлэгч талаас Н.Цэнд-Аюуш нь сайдын тушаалаар батлагдсан нийгмийн түншлэл, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, статистик хариуцсан ажилтан гэсэн албан тушаалд урьд ажиллаж байгаагүй, одоо ч уг албан тушаалд ажиллаагүй болох нь түүний цалингийн хэмжээ нь Н.Нандинзаяа, Д.Мөнгөнжигүүр нарын цалингаас хэт өндөр байгаа байдлаар тогтоогдоно гэсэн агуулгаар тайлбарлаж байх хэдий ч дээрх шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичигдсэн ...намайг ажлаас халсан боловч сонгон шалгаруулалт зарлаж, 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Н.Нандинзаяаг нийгмийн түншлэл, стастик хариуцсан ажилтнаар, Б.Долгорсүрэнг Нийгмийн түншлэл, ажил мэргэжлийн чиг баримжаа хариуцсан ажилтнаар томилсон гэсэн нэхэмжлэгч Н.Цэнд-Аюушийн тайлбар, тогтоолын хянавал хэсэгт бичигдсэн ...Н.Цэнд-Аюуш ...хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр нийгмийн түншлэл, мэргэжлийн чиг баримжаа хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад ...ажлаас халагдсан үйл баримт тогтоогдсон гэсэн, ...Н.Цэнд-Аюушийг ажлаас халсаны дараа түүний гүйцэтгэж байсан нийгмийн түншлэл, мэргэжлийн чиг баримжаа хариуцсан ажилтны ажлын байранд дахин сонгон шалгаруулалт зарлаж, 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Б.Должинсүрэнг ажилд авч, түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна гэсэн шүүхийн дүгнэлт, 2016, 2017 оны бүтэц, орон тоо баталсан сайдын тушаал, Д.Мөнгөнжигүүр, Н.Цэнд-Аюуш нарын 2017 оны цалингийн карт, хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...манайд нийгмийн түншлэл гэдэг 2 орон тоо л батлагдсан, ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх гэдгийг бид өөрсдөө сэтгэж гаргаж ирсэн, ...Н.Цэнд-Аюушт төслөөс олгосон цалинг нэмж олгож байсан гэсэн тайлбар зэргээр үгүйсгэгдэж байна.

Улмаар дээрх шүүхийн шийдвэрүүд, сайдын тушаалаас үзэхэд Н.Цэнд-Аюушийг 2017 од батлагдсан нийгмийн түншлэл, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, статистик хариуцсан мэргэжилтэн албан тушаалаас өөр ажил, албан тушаалд ажиллаж байгаа гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Тухайлбал Н.Нандинзаяа нь 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс туршилтын хугацаагаар ажилд томилогдохоос өмнө Д.Мөнгөнжигүүр, Н.Цэнд-Аюуш нар нь Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийн 2016 онд батлагдсан нийгмийн түншлэл, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, статистик хариуцсан ажилтан гэсэн албан тушаалд ажиллаж байсан болох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт байх тул түүнийг дахин нотлохгүй.

Өөрөөр хэлбэл Д.Мөнгөнжигүүрийг ажлаас халсан 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/07 тоот, Н.Цэнд-Аюушийг ажлаас халсан 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/47 тоот тушаалуудыг шүүхээс үндэслэлгүй гэж үзэж шийдвэрлэснээр, шүүхийн шийдвэрийн үндсэн дээр Д.Мөнгөнжигүүр, Н.Цэнд-Аюуш нар ажилдаа эгүүлэн томилогдсон тул уг албан тушаалд шинээр ажилд орсон нэхэмжлэгч Н.Нандинзаяаг үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй нөхцөл байдал үүсжээ.

Нөгөөтэйгүүр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5-д заасан ажлаас буруу халагдсан ажилтныг урьдах ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан ажлаас буруу халсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална гэсний дагуу хариуцагч Говьсүмбэр аймаг дахь Политехник коллеж нь нэхэмжлэгч Н.Нандинзаяаг ажлаас халсан нь үндэслэлтэй байна.

Харин мөн зүйлд заасан ...бололцооны дагуу өөр ажил олж өгнө гэсэн зохицуулалтын хувьд нэхэмжлэгч энэ асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүх энэ талаар урьдчилж дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

Түүнчлэн нэхэмжлэгч талаас ...тушаалд миний албан тушаалыг статистик мэдээ хариуцсан ажилтан гэж зориуд буруу бичиж ажлаас чөлөөлсөн гэсний хувьд хэрэгт авагдсан Н.Нандинзаяатай байгуулсан 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн, 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээнүүд, бүтэц орон тоо баталсан сайдын тушаалуудаас үзэхэд хариуцагч Говьсүмбэр аймаг дахь Политехник коллеж ажилтныг ажлаас халсан тушаалдаа түүний албан тушаалыг бүрэн бичээгүй хэдий ч нэхэмжлэгч Н.Нандинзаяа нь нийгмийн түншлэл, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, статистик хариуцсан мэргэжилтэн /2016 онд ажилтан/ гэсэн албан тушаалд ажиллаж байсан, уг албан тушаалаас чөлөөлөгдсөн болох нь тогтоогдож байна.

Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг шүүхийн шийдвэрт дурдлаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Н.Нандинзаяагийн нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежид холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ   Б.НАРАНЧИМЭГ