Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 216/МА2017/00016

 

Н.Н нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн иргэний шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар;

Нэхэмжлэгч:  онд төрсөн, эрэгтэй, 30 настай, Говьсүмбэр аймгийн С сумын  дугаар баг, М  тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Г овогт Н Н /РД:/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г аймаг дахь П к /Хуулийн этгээдийн РД: холбогдох

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 134/ШШ2017/00113 дугаар шийдвэртэй,

Н.Н нэхэмжлэлтэй ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Наранхүүгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг шүүх 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Наранхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ :

 

Нэхэмжлэгч Н.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/62 тоот тушаалаар П к нийгмийн түншлэл,статистик хариуцсан ажилтнаар туршилтын хугацаанд, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/116 тоот тушаалаар дээрх албан тушаалд үндсэн ажилтнаар томилогдож ажилласан.

Гэтэл 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр захирлын үүрэг гүйцэтгэгч Ш.О нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөр дуусгавар болгох мэдэгдэл өгсөн.

2016 оны Хөдөлмөрийн сайдын А/30 тушаалаар батлагдсан бүтэц орон тоогоор нийгмийн түншлэл, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, статистик хариуцсан ажилтны орон тоо 2 байхаар батлагдан мөрдөгдөж байсан.

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын “мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дүрэм, бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/21 тоот тушаалаар “нийгмийн түншлэл, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, статистик хариуцсан ажилтан” - 2 байхаар  дахин батлагдсан.

 Гэвч ажлын орон тоо өөрчлөгдөөгүй, хэвийн ажиллаж байсан намайг 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/48 тушаалаар ажлаас чөлөөлсөн. Тус тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 40.1.1, 42.1, 43.1 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 16.5.4 дэх заалтыг тус тус үндэслэсэн боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1-д заасанчлан ажилгүйдлийн тэтгэмж олгох хугацааг тушаалд тусгаагүй, чөлөөлөгдсөнөөс хойш одоог хүртэл тэтгэмж олгоогүй байна.

Төсвийн тухай хуулийн 16.5.4 дэх заалт нь уг тушаалд ямар ч хамааралгүй статистик мэдээлэл хариуцсан ажилтанг бүтэц орон тоо өөрчлөгдсөнтэй холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэсэн нь нийгмийн түншлэл, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, статистик хариуцсан ажилтныг бүтэц орон тоог байхгүй мэтээр харуулж, зориудаар хүний албан тушаалыг буруу бичиж ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар миний ажиллаж байсан албан тушаал өөрчлөгдөөгүй, цомхотголд ороогүй, хасагдаагүй. Г.Д нь  Н.Ц-А маргаж байх хугацаанд нь түүний оронд ажиллаж байсан учир түүнийг чөлөөлөөд Н.Ц-А шүүхийн шийдвэрийн дагуу ажилд томилсон. Н.Ц-А ажилд эгүүлэн авсан нь намайг ажлаас халахтай холбоогүй. Өөрөөр хэлбэл Н.Ц-А хуучин ажиллаж байсан ажил дээрээ ирж байгаа. Хэрвээ би Д.М оронд ажиллаж байсан бол түүнийг ажилд томилоход намайг чөлөөлөх байсан. Гэтэл хэнийг нь ч ажилд томилохдоо намайг чөлөөлөөгүй. Тэгэхээр батлагдсан 2 албан тушаал дээр Д.М бид хоёр үндсэн ажилтнаар ажиллаж байсан, харин Н.Ц-А өөр ажил албан тушаалд ажиллаж байсан нь шүүхийн шийдвэрийн дагуу өндөр цалин хөлс тогтоогдсон байдлаар нотлогдоно. Үндсэн хууль болон Иргэний хуулиар хамгаалагдсан эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байна.

Иймд нийгмийн түншлэл, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, статистик хариуцсан ажилтаны ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мөнхцоож шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Н нь зориудаар хүний албан тушаалыг буруу бичиж ажлаас чөлөөлсөн гэж үзэж шүүхэд гомдол гаргасан байна. Манай байгууллага энэ гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Нийгмийн түншлэл, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, статистик хариуцсан ажилтны орон тоог 2 байхаар яамнаас баталж өгсөн ба тус орон тоон дээр ажиллаж байсан 2 ажилтныг урьд ажиллаж байсан удирдлага нь үндэслэлгүй халсан нь шүүхээр тогтоогдож, ажилдаа эгүүлэн тогтоолгон ажиллаж байгаа болно.

Иймд батлагдсан бүтэц орон тооны дагуу орон тооны цомхотгол хийсэн. Нийт 83 орон тооноос илүү хүн ажиллуулж байсан тул Н.Н ажлаас халсан. Учир нь орон тоо хэтэрлээ гээд цөөлөх гэхэд бусад орон тоо бүтэц орон тооныхоо дагуу байсан учраас илүүдэлтэй байсан нийгмийн түншлэл гэсэн орон тоог л цөөлөх шаардлагатай болсон.

Манайд нийгмийн түншлэл гэдэг 2 орон тоо л батлагдсан, ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх гэдгийг бид өөрсдөө сэтгэж гаргаж ирсэн зүйл. Н.Ц-А төслөөс олгосон цалинг нэмж олгож байсан. Д халах үед яагаад Н халаагүй юм бэ гэдэг асуудал яригдаж тухайн үед 2017 оны бүтэц орон тоо батлагдаж ирээгүй, хэдэн орон тоо батлагдаж ирэхийг мэдээгүй байсан. Орон тоо батлагдаж ирэхдээ нийгмийн түншлэл гэсэн 2 орон тоо батлагдаж ирсэн учраас хамгийн сүүлд ажилд орсноор нь Н.Н чөлөөлөхөөс аргагүй юм байна гэж үзээд чөлөөлсөн гэжээ. 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Н.Н нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймаг дахь П к холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, талууд давж заалдах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Наранхүү давж заалдах гомдолдоо:... анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үндэслэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж, давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

1. Нэхэмжлэгч Н.Н нь Говьсүмбэр аймаг дахь П к “нийгмийн түншлэл, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, статистик” хариуцсан ажилтнаар ажиллаж байгаад тус байгууллагын захирлын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/48 дугаар тушаалаар “бүтэц орон тоо өөрчлөгдсөн” гэж үзэж ажлаас үндэслэлгүйгээр халагдсан. Уг тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 40.1.1, 42.1, 43.1, Төсвийн тухай хуулийн 16.5.4-т заасныг үндэслэсэн байна.

Гэтэл тус байгууллагад тухайн ажлын байрны орон тоо хасагдаагүй бөгөөд 2 орон тоотой хэвээр байгаа юм. Шүүх тус тушаалыг хууль хэрэглээний хувьд алдаатай бөгөөд гаргасан шийдвэр нь үндэслэлтэйгээ нийцэхгүй байхад тушаалыг хэвээр үлдээсэн нь ойлгомжгүй юм.

2. Тус байгууллагад “нийгмийн түншлэл, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, статистик” гэсэн нэрээр 2 орон тоо байх бөгөөд төсвөөс санхүүждэг. Харин “нийгмийн түншлэл, ажил мэргэжлийн баримжаа олгох, зөвлөгөө, мэдээлэл өгөх” гэсэн нэртэй 1 орон тоо төсвөөс санхүүждэг. Гэтэл шүүх 2 ажлын байрны нэрийг нэг ажлын байр гэж ойлгон өмнө ажиллаж байсан хүмүүсийн оронд орсон гэж тайлбарласан нь буруу юм.

Учир нь хэрэгт цугларсан баримтанд нэхэмжлэгчийн ажлын байранд урьд ямар нэг хүн ажиллаж байгаагүй нь тодорхой харагдана.

Тухайлбал: Г.Д нь Н.Ц-А “нийгмийн түншлэл, ажил мэргэжлийн баримжаа олгох, зөвлөгөө, мэдээлэл өгөх” гэсэн ажил дээр ажиллаж байгаад шүүхийн шийдвэрээр эргэж ороход ажлаа өгсөн. Харин Д.М нь тухайн байгууллагад “нийгмийн түншлэл, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, статистик” гэсэн нэртэйгээр батлагдсан 2 орон тооны 1-д нь ажиллаж байгаад халагдан шүүхээр маргалдаж эргэн орсон. Мөн Н.Н тухайн байгууллагад “нийгмийн түншлэл, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, статистик” гэсэн нэртэйгээр батлагдсан 2 орон тооны 1-д нь ажиллаж байгаад халагдан шүүхээр маргалдаж байгаа юм.

Гэтэл шүүх дээрх 2 нэр төрлийн 3 орон тоо бүхий ажлын байруудыг хольж ойлгон хамтад нь “нийгмийн түншлэл” нэртэй нэг ажлын байр гэж үзсэн алдаатай юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

 

Нэхэмжлэгч Н.Н нь Г аймгийн Уул уурхайн жишиг сургууль, П к холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах,  нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч  маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Н.Н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь давж заалдах гомдол гаргасны дагуу хэргийг  ИХШХШТХуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар  бүхэлд нь хянан үзэв.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргасан, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр нь ИХШХШТХуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

           Учир нь хэргийн материалаас үзэхэд : Нэхэмжлэгч Н.Н нь Говьсүмбэр аймгийн Уул, уурхайн жишиг сургууль, П к захирлын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/62 тоот тушаалаар тус  коллежийн “нийгмийн түншлэл, статистик хариуцсан ажилтнаар” туршилтын хугацаагаар,   2016 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн Б/116 тоот тушаалаар дээрх  ажил, албан тушаалд үндсэн ажилтнаар тус тус  томилогдон ажиллаж байгаад 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Б/48 тоот тушаалаар  үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. /хх-3, 7, 112/

Хариуцагч Политехник коллеж нь нэхэмжлэгч Н.Нандинзаяаг тус сургуулийн статистик мэдээ хариуцсан ажилтны үүрэгт ажлаас  чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.4 дэх заалтуудыг тус тус үндэслэжээ.

            Хэргийн 48 дугаар  талд авагдсан Монгол Улсын Хөдөлмөрийн Сайдын  “Мэргэжлийн болон боловсролын сургалтын байгууллагын дүрэм, бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай” 2016 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн А/30 тоот  тушаал, түүний хавсралтаар тус коллежийн  бүтэц орон тоог нийт 83 байхаар баталж, үүнд “нийгмийн түншлэл, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, статистик хариуцсан ажилтан “- ны орон тоог  2 гэж,  

Хэргийн 51 дүгээр талд авагдсан Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайдын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/21 тоот тушаал, түүний хавсралтаар бүтэц, орон тоо  83, “нийгмийн түншлэл, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, статистик хариуцсан мэргэжилтэн” орон тоог  2  гэж  тус тус  баталсан байна.

            Хэрэгт авагдсан Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  73 тоот, 80 тоот  шийдвэрүүд /хх-97-99, 90-94/, Говьсүмбэр аймгийн Эрүү,иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  03 тоот магадлал/хх-100-104/, УДШүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1320 тоот тогтоол/хх-94-96/, П к захирлын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/107 тоот “Д.М урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох тухай” тушаал/хх-66/, тус коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.О 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/09 тоот “ Б.Д ажлаас чөлөөлж өөр ажилд шилжүүлэн томилох тухай” тушаал/хх-105/, 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/10 тоот “Н.Ц-А урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох тухай” тушаал/хх-65/, 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/48 тоот “Н.Н ажлаас чөлөөлөх тухай” тушаал/хх-7/  зэргээс үзэхэд  яамны сайдын 2016, 2017 оны А/30, А/21 тоот тушаал, түүний хавсралтаар батлагдсан “нийгмийн түншлэл,  хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, статистик хариуцсан ажилтан”-ны албан тушаалын орон тоонд нь Н.Ц-А, Д.М нар ажиллаж байсан байх бөгөөд  тус коллежийн захирлын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/07 тоот тушаалаар Д.М 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/47 тоот тушаалаар Н.Ц-А тус тус үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна./хх-90-104/

           Үүний дараа тус П к нь Б.Д гэгчийг “нийгмийн түншлэл, ажил мэргэжлийн чиг баримжаа хариуцсан ажилтан”-аар,  Н.Н 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/62 тоот тушаалаар “нийгмийн түншлэл, статистик хариуцсан ажилтан”-аар тус тус авч ажиллуулсан байна.

         Гэтэл   Д.М, Н.Ц-А нар нь шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эргэн томилогдсоноор Б.Д, Н.Н нар нь  үүрэгт ажлаасаа /орон тооны илүүдлээр/ тус тус чөлөөлөгджээ.

         Түүнчлэн  Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт  “ажил албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх  хугацаагаар  хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болохоор заасан .

         Н.Н туршилтын хугацаагаар болон үндсэн ажилтнаар томилсон тушаалд /хх-3,48/ ...Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт заасныг үндэслэл болгож, улмаар хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан, мөн  дээрх тушаалуудад Н.Н “нийгмийн түншлэл статистик хариуцсан ажилтнаар” томилж, зэрэглэл, шатлалыг ТҮ-7-2, үндсэн цалинг 539547 төгрөгөөр гэж, ажил олгогчоос түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд/хх-63,106/ ажлын байр  “нийгмийн түншлэл, статистик”,  зэрэглэл,шатлал ТҮ-7-2, үндсэн цалин 539547 төгрөг гэж тус тус тогтоож тусгасан байх ба энэ нь  Д.М ажил, албан тушаалын зэрэглэл, шатлал, үндсэн цалингийн дүн хэмжээтэй адил байх тул  хариуцагч  нь нийгмийн түншлэл хариуцсан ажилтнаар ажиллаж байсан Д.М оронд түүнийг томилон ажиллуулж байжээ гэж үзэхээр  байна.       

           Мөн хариуцагч тал  яамнаас батлаж өгсөн орон тоон дээр ажиллаж байсан 2 ажилтныг үндэслэлгүй ажлаас халсан нь шүүхээр тогтоогдсоны улмаас тэд ажилдаа эгүүлэн тогтоогдон ажиллаж байгаа тул батлагдсан бүтэц, орон тооны дагуу орон тооны цомхотгол  хийсэн хэмээн тайлбарласан байна. 

         Тус П к нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдөр дуусгавар болгох тухай “мэдэгдэл”-ийг  нэхэмжлэгч  Н.Н 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн /хх-5/  нь  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар орон тоо, бүтцийн өөрчлөлтийн улмаас  хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдаж буй ажилтанд энэ тухай ажил олгогч нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ биелүүлсэн байна.   

Өөрөөр хэлбэл ажил олгогч өөрийн бүрэн эрхийн хүрээнд байгууллагын бүтэц, орон тоо, цалин, төсөвтөө захирагдан шийдвэр гаргаж, Н.Н хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мэдэгдсэн нь хэргийн баримтаар тогтоогдож байна.

Тиймээс П к өмнө ажиллаж байсан ажилтнуудыг /Н.Ц-А Д.М/ урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилсон нь Н.Н ажлаас чөлөөлөх үндэслэл болсныг үгүйсгэх боломжгүй ба энэ үндэслэлээр 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох мэдэгдлийг Н.Н өгсөн нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.

Хөдөлмөрийн болон Хөдөлмөр,нийгмийн хамгааллын сайдын тушаал /2016,2017 он/, түүний хавсралтаар батлагдсан “нийгмийн түншлэл, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, статистик хариуцсан ажилтан” гэсэн албан тушаалын чиг үүргээс өөр орон тоо, ажил албан тушаалд Н.Н ажиллаж байсан гэж үзэх боломжгүй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Говьсүмбэр аймаг дахь  Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар зүйлийн 06-ны өдрийн 113 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн  болохыг  дурдсугай.

 3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                     

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ТЭГШСУУРЬ

                                                           ШҮҮГЧИД                                Н.БОЛОРМАА

                                                                   Х.БАЙГАЛМАА