Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 1669

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2017/01669

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд  хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбай 5 хаягт байрлах, Голомт банк /РД:2075377/               

Хариуцагч: Баянгол дүүрэг 1 дүгээр хороо 2 дугаар хороолол Давхарын 18 дугаар байр 4 тоотод оршин суух, 1969 онд төрсөн, 48 настай, Тайжууд овогт Сэрээтэрийн Баттогтох /РД: ИЦ69012710/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо 21 дүгээр хороолол 35а байр 24 тоотод оршин суух, 1986 онд төрсөн 31 настай, Бугат овогт Чинбаатарын Түвшинбаяр /РД-УШ86111931/

Гэрээний үүрэг 50.607.977.86 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр, хариуцагч С.Баттогтох, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтөвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

               

Нэхэмжлэгч Голомт банк шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр шүүх  хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн С.Баттогтох нь 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр №ЗГ2805102793 тоот зээлийн гэрээг Голомт банктай байгуулж 51.000.000 төгрөгийн зээлийг жилийн 35.40 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай буюу 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаатайгаар зээлж авсан. ЗГ2805102793 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянгол дүүрэг 20 дугаар хороо 51/7 дугаар байр 18 тоот хаягт байршилтай 56,7 мкв талбайтай иргэн С.Баттогтох, Ч.Түвшинбаяр нарын өмчлөлийн хоёр өрөө орон сууцыг барьцаалж ипотекийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хувиарт төлөх хугацаа мөнгийг зааж С.Баттогтохын хүсэлтээр эхний 5 сарын үндсэн зээлээс түүнийг чөлөөлсөн. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч С.Баттогтох зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд энэ тухай Голомт банкнаас удаа дараа мэдэгдэл хүргүүлж байсан бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулах талаар мэдэгдэл хүргүүлсэн. Хариуцагч С.Баттогтох, Ч.Түвшинбаяр нар гэрээтэй танилцаж, зөвшөөрч гарын үсэг зурсан. Зээл болон барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл. Ч.Түвшинбаяраас С.Баттогтохтой бэлэглэлийн гэрээтэй холбоотой маргааныг шүүх шийдвэрлэж шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Зээлийн гэрээний 4.2 дахь заалт нь банк өөрийн санаачлагаар зээлийн гэрээг хугацаанаас нь чөлөөлөх эрхтэй болохоос үүрэг болгосон заалт биш. Хариуцагчтай эвлэрэх боломжгүй. С.Баттогтох зээлийн эргэн төлөлтийг хугацаа хэтрүүлж хийдэг байсан. Иймд хариуцагч С.Баттогтохоос 50.607.977.86 төгрөгийг гаргуулж, хариуцагч С.Баттогтох, Ч.Түвшинбаяр нарын барьцааны хөрөнгө Баянгол дүүрэг 20 дугаар хороо 51/7 дугаар байр 18 тоот хаягт байрлалтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

            Хариуцагч С.Баттогтох шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Голомт банкны менежер н.Баттулгатай уулзаж зээл авах гэсэн юм барьцаа хөрнгө байхгүй, Ч.Түвшинбаярын байрыг барьцаалж зээл авах гэсэн юм гэхэд хамтран өмчлөгч болох бэлэглэлийн гэрээ хийгээд болно гэхээр нь орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлж үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээ гаргуулсан. Зээлийн гэрээг н.Баттулга 2,3 хувийн хүүтэй гэсэн боловч гэрээ байгуулахад зээлийн хүү нэмэгдсэн байсан. Голомт банкны салбараас 51.000.000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Зээлийн гэрээний дагуу нийт 27.331.717 төгрөг төлсөн. Миний тооцоогоор 34.000.000 төгрөг төлөх ёстой. Хугацаа өгвөл 42.000.000 төгрөгийг төлье гэв.

 

Хариуцагч Ч.Түвшинбаяр шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Голомт банкны менежер н.Баттулгын шаардсанаар Ч.Түвшинбаяр нь С.Баттогтохтой бэлэглэлийн гэрээ хийж Баянгол дүүрэг 20 дугаар хороо 51/7 дугаар байр 18 тоот хаягт байрлах өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцанд хамтран өмчлөгч болгон шилжүүлснээс болж барьцааны гэрээнд гарын үсэг зуруулж хохироосон. Энэ талаар бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах нэхэмжлэл гаргасан боловч шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Ч.Түвшинбаяр банкнаас зээл аваагүй. Үндсэн зээлдэгч нь С.Баттогтох тул түүнээс зээл төлбөрийг шаардах ёстой.  Банк зээлдэгч төлбөрийг төлөөгүй тохиолдолд гэрээний 4.2-т зааснаар гэрээг цуцлах эрхтэй байхад цуцлалгүй хариуцагч нарыг эдийн засгийн доройтолд оруулсан. Иймд зээлийн төлбөрийг Ч.Түвшинбаярын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөс хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

                                                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Голомт банк нь хариуцагч С.Баттогтох, Ч.Түвшинбаяр нарт холбогдуулан гэрээний үүрэгт 50.607.977.86 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч С.Баттогтох 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Голомт банктай зээлийн гэрээ байгуулж 51.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай жилийн 35.40%-ийн хүүтэйгээр зээлдэж, зээлийн барьцаанд Ч.Түвшинбаяр, С.Баттогтох нар өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг 20 дугаар хороо Москва гудамж 51/7 дугаар байр 18 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь зохигчийн тайлбар, шуурхай зээлийн болон ипотекийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн дансны хуулга гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Зээлийн болон барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Хариуцагч нар шүүх хуралдаанд зээлээс 42.000.000 төгрөгийг төлнө, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг боловч хариуцагч С.Баттогтох зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж төлөлтийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, хариуцагч Ч.Түвшинбаяр ипотекийн гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, гэрээ хүчин төгөлдөр тул хариуцагч нарын тайлбар үндэслэлгүй.

Хариуцагч нар зээлийн гэрээний 3.1.2, 3.1.3, 3.1.8, 4.1-т тус тус зааснаар эхний ээлжинд нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээлийг төлөх, зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар банкны шаардах эрхийн дагуу гүйцэтгэвэл зохих бусад үүргийг хүлээх, барьцааны гэрээнд заасан эд хөрөнгийг хууль тогтоомжийн дагуу холбогдох журмыг баримтлан худалдаж зээлийн төлбөрийг төлөх, Ипотекийн гэрээний 2.3, 2.9.2-т зааснаар барьцаагар хангагдах үүргийг зээлийн гэрээнд тодорхойлсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу гүйцэтгэх, барьцаагаар хангагдах шаардлага үүссэн бол зээлийн гэрээний үүргийг барьцааны зүйлээс шүүхээс гадуур хангуулахыг хүлээн зөвшөөрч гэрээг байгуулсан байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээтэй холбоотой нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэсэн талаар шүүх хуралдаанд зохигч тайлбарласан тул энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

Иймд хариуцагч С.Баттогтохоос гэрээний үүрэгт 50.607.977.86 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Голомт банкинд олгож, барьцааны хөрөнгө болох С.Баттогтох, Ч.Түвшинбаяр нарын өмчлөлийн Баянгол дүүрэг 20 дугаар хороо Москва гудамж 51/7 дугаар байр 18 тоот хаягт байрлалтай 56.7 мкв талбайтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэв.

Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч С.Баттогтохоос 50.607.977.86 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Голомт банкинд олгосугай.

 

2. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д зааснаар хариуцагч С.Баттогтох, Ч.Түвшинбаяр нарын өмчлөлийн Баянгол дүүрэг 20 дугаар хороо Москва гудамж 51/7 дугаар байр 18 тоот хаягт байрлалтай 56.7 мкв талбайтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 410.989,89 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Баттогтохоос 410.989,89 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Голомт банкинд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

ШҮҮГЧ                                           Ж.КУЛЬДАНА