Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 1832

 

“Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,         

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/01669 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч С.Баттогтох, Ч.Түвшинбаяр нарт холбогдох

Гэрээний үүрэгт үндсэн зээл 42 040 218,78 төгрөг, зээлийн хүү 7 375 086,42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 192 672,66 төгрөг нийт 50 607 977,86 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг 

Хариуцагч С.Баттогтохын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн С.Баттогтох нь 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр №ЗГ2805102793 тоот зээлийн гэрээг Голомт банктай байгуулж 51 000 000 төгрөгийн жилийн 35.40 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай буюу 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл зээлж авсан. ЗГ2805102793 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 51/7 дугаар байрны 18 тоотод байрлах, 56,7 м.кв талбайтай С.Баттогтох, Ч.Түвшинбаяр нарын өмчлөлийн 2 өрөө орон сууцыг барьцаалж ипотекийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хувиарт төлөх хугацаа, мөнгийг зааж С.Баттогтохын хүсэлтээр эхний 5 сарын үндсэн зээлээс түүнийг чөлөөлсөн. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч С.Баттогтох гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд энэ тухай банкнаас удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулахаар мэдэгдэл хүргүүлсэн. Хариуцагч нар гэрээтэй танилцаж, зөвшөөрч гарын үсэг зурсан. Зээлийн болон барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл. Ч.Түвшинбаяраас С.Баттогтохтой бэлэглэлийн гэрээтэй холбоотой маргааныг шүүх шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Зээлийн гэрээний 4.2-д банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө чөлөөлөх эрхтэй болохоос үүрэг болгосон заалт биш. С.Баттогтох зээлийн эргэн төлөлтийг хугацаа хэтрүүлж хийдэг байсан. Иймд хариуцагч С.Баттогтохоос 50 607 977,86 төгрөг гаргуулж, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Баттогтох шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Голомт банкны менежер н.Баттулгатай уулзаж барьцаа хөрөнгө байхгүй, Ч.Түвшинбаярын байрыг барьцаалж зээл авах гэсэн юм гэхэд хамтран өмчлөгч болох бэлэглэлийн гэрээ байгуулж болно гэхээр нь орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан. Зээлийн гэрээг н.Баттулга 2,3 хувийн хүүтэй гэсэн боловч гэрээ байгуулахад зээлийн хүү нэмэгдсэн байсан. Голомт банкны салбараас 51 000 000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Зээлийн гэрээний дагуу 27 331 717 төгрөг төлсөн. Миний тооцоогоор 34 000 000 төгрөг төлөх ёстой. Хугацаа өгвөл 42 000 000 төгрөг төлнө гэжээ.

Хариуцагч Ч.Түвшинбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтөвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Голомт банкны менежер н.Баттулгын шаардсанаар Ч.Түвшинбаяр нь С.Баттогтохтой бэлэглэлийн гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 20 дугаар хороо 51/7 дугаар байрны 18 тоотод байрлах өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцанд хамтран өмчлөгч болгон шилжүүлснээс барьцааны гэрээнд гарын үсэг зурж хохирсон, бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргасан боловч шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ч.Түвшинбаяр банкнаас зээл аваагүй. Үндсэн зээлдэгч нь С.Баттогтох тул түүнээс төлбөр шаардах ёстой. Зээлдэгч төлбөр төлөөгүй тохиолдолд гэрээний 4.2-т зааснаар гэрээг цуцлах эрхтэй байхад цуцлалгүй хариуцагч нарыг эдийн засгийн доройтолд оруулсан. Иймд зээлийн төлбөрийг Ч.Түвшинбаярын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөс хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.                                                                                                    

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Баттогтохоос 50 607 977,86 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Голомт банкинд олгож,  

Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Баттогтох, Ч.Түвшинбаяр нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Москва гудамж 51/7 дугаар байр 18 тоот хаягт байрлалтай 56.7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангаж,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 410 989,89 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Баттогтохоос 410 989,89 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Голомт банкинд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Баттогтох давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Би Голомт банкнаас 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр зээл аваад 27 331 719 төгрөг төлсөн байхад банк 50 607 977,86 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Шүүх нэг талыг барьж миний төлсөн мөнгийг хасч тооцолгүй банкны нэхэмжилсэн мөнгийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн барьцаа хөрөнгө миний өмч биш, Ч.Түвшинбаяр бид хоёрыг Голомт банкны менежер бэлэглэлийн гэрээ хийлгээд ир гэж өмчлөлийн гэрчилгээг бүртгүүлж давуу эрхээ ашиглаж барьцааны гэрээ хийлгэж хохироосон. Голомт банк зээлийн эргэн төлөлт, зээлдэгчийн эд хөрөнгийн байдал, эрсдэл зэргийг судлан үзэлгүй өндөр хүүтэй зээл өгсөн /Анх зээлийг бага хүүтэй ярьж байсан/. Би халамжийн тэтгэвэртэй, авто осолд ороод нүд юм харахгүй, чих сонсгол муу, байнгын эмнэлгийн хяналтанд байдаг, ухаан алдаж унадаг зэрэг байдлуудыг харгалзан үзээгүй /зээлийн шимтгэлд 2 хувийг бэлнээр авсан/. Зээлийн гэрээний 4.2-д зааснаар банк хугацаанаас өмнө гэрээг цуцлах, хуваарийн дагуу төлөөгүй бол гэрээг цуцлах ёстой байхад эдийн засгийн хохирол учруулж, их хэмжээний мөнгө төлүүлэхээр намайг хохироож байна. Иймд шүүхийн шийдвэрт 34 000 000 төгрөг төлүүлэхээр хасч, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК хариуцагч С.Баттогтох, Ч.Түвшинбаяр нарт холбогдуулан үндсэн зээл 42 040 218,78 төгрөг, зээлийн хүү 7 375 086,42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 192 672,66 төгрөг нийт 50 607 977,86 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын хооронд  2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 51 000 000 төгрөгийг, жилийн 35.40 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлд С.Баттогтох, Ч.Түвшинбаяр нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Москва гудамж 517/ дугаар байрны18 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг барьцаалсан үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

Зохигчдын байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн хийсэн хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-иас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг хариуцагч нараас шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй.

 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн нь зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл, гэрээт хугацааны хүү, хугацаа хэтэрсэн үеийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргээс бүрдсэн ба шүүх нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн тооцооллыг Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон гэрээний холбогдох заалтуудыг үндэслэн зөв дүгнэжээ.

Хариуцагч С.Баттогтох нь төлсөн төлбөрийг хасч тооцоогүй,  барьцаа хөрөнгө миний өмч биш байхад банкны ажилтан бэлэглэлийн гэрээ хийлгэж хохироосон, гэрээний 4.2-т заасны дагуу хугацаанаас өмнө зээлийн гэрээ цуцлах боломжтой байхад банк гэрээ цуцлалгүй хохирол учруулсан гэж давж заалдах гомдол гаргасан боловч  энэ талаарх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.Баттогтохын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/01669 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.Баттогтохын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШЗ2017/09282 дугаар захирамжаар хариуцагч С.Баттогтох давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлөх 410 989,89 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.НАРМАНДАХ

                                                         ШҮҮГЧИД                                   Ч.ЦЭНД

                                                                                                             Д.БАЙГАЛМАА