Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 1619

 

 

 

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2017/01619

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Баянмонгол хороолол 412 дугаар байр 12 тоотод оршин суух, 1974 онд төрсөн 42 настай, Цэвэл овогт Цэнд-Аюушын Байгалмаа /РД-ТЖ74081100/.

Хариуцагч: Баянгол дүүрэг 17 дугаар хороо Ганьтийн 40с байр 63 тоотод оршин суух, 1966 онд төрсөн 51 настай, Боржигон овогт Шаравын Чимгээ /РД-ЧЖ66072362/.

            Өмгөөллийн хөлсний урьдчилгаа 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Байгалмаа, хариуцагч Ш.Чимгээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Ц.Байгалмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2012 оны 10 дугаар сард миний өмгөөлсөн Золбоо гэдэг эмэгтэйн хүү нь анх Ш.Чимгээг дагуулж ирснээр зөвлөгөө өгч байсан. Зөвлөгөө авахдаа Ш.Чимгээ тухайн үед эрүүгийн хэрэг дээр авсан өмгөөлөгчдийгөө голж байсан бөгөөд таны зөвлөгөө надад их тодорхой сайхан байна. Миний хэрэг дээр өмгөөлөгчөөр ажиллаач гэсэн санал тавьсан. Би түүнд өөр өмгөөлөгчийн явж байгаа хэрэг дээр орж болдоггүй гэж тайлбарлаж хэлээд зөвлөгөө өгч явуулсан. Эхний зөвлөгөөний хөлсийг Ш.Чимгээ төлсөн боловч дараа нь дахин дахин ирж, авсан өмгөөлөгч нар маань юмаа мэдэхгүй байна. Би талийгаач С.Батбаатарын хүүхдийг гаргасан, хамтын амьдралтай байснаа тогтоолгосон байхад талийгаачийн ар гэрийнхэн нь оногдох хувь өгөхгүй байна гэж гуйж, өрөвдүүлэх зүйл ярьж байгаад л зөвлөгөө аваад явдаг байсан. Удалгүй Ш.Чимгээ манай өмгөөлөгч н.Энхтунгалаг захиргааны хэрэг дээр туршлагагүй байна. Захиргааны хэрэг дээрээ өмгөөлөгчөөр авмаар байна гэж хүссэн. Түүний хүсэлтийн дагуу 2012 оны 11 дүгээр сард Ш.Чимгээтэй өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж Ш.Чимгээгийн захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргасан хэрэг буюу Икс лэнд констракшн ХХК-ийн нийт хувьцааны 49.35 хувийг иргэн Ш.Чимгээгийн нэр дээр бүртгэхийг УБЕГ-ын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт даалгах нэхэмжлэлтэй захиргааны хэрэг дээр өмгөөлөгчөөр ажиллахаар тохиролцсон. Энэ гэрээг тухайн үед өмгөөлөгчийн туслахаар ажиллаж байсан Э.Чанцалнямын хажууд ярилцан тохиролцож, байгуулж байсан бөгөөд урьдчилгаа 5.000.000 төгрөгийг гэрээ байгуулмагц төлөхөөр, өмгөөллийн хөлс үнийн дүнгийн 5 хувь байхаар тохирсон. Ш.Чимгээ урьдчилгаа төлбөрөө төлөөгүй байсан хэдий ч бид түүний хүсэлтээр өмгөөллийн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Гэрээ байгуулснаас нэлээд хэд хоногийн дараа буюу 2012 оны 11 дүгээр сарын 26-нд Ш.Чимгээ нь би 9911-тэй дугаараа арван хэдэн саяар зарсан. Гэхдээ би гаднаас бараа авчирч, Номин дэлгүүрт тавиулж заруулж орлого олдог. Одоо 2.000.000 төгрөг төлөөд мөнгөө жаахан эргэлдүүлж өсгөж байгаад урьдчилгаа 5.000.000 төгрөг би удахгүй гүйцээж өгнө гэж хэлээд 2.000.000 төгрөг төлсөн. Ингээд Ш.Чимгээгийн захиргааны хэрэг дээр дараах үйл ажиллагааг явуулсан. Үүнд талийгаач С.Батбаатар, Ш.Чимгээ болон түүний дүү н.Бүжинлхам нарын хувьцааны маргаан бүхий захиргааны хэргийг уншиж, тэр хэргээс болон бусад эх үүсвэрээс шаардлагатай нотлох баримтуудыг бүрдүүлсэн. Икс лэнд констракшн ХХК-ийн хөрөнгө болон бусад эх үүсвэртэй холбоотой хятад хэл дээрхи нотлох баримтуудыг орчуулуулж, орос хэл дээрхи нотлох баримтыг би өөрөө орчуулсан. Эдгээр баримтыг үндэслэн нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийг гаргаж шүүхэд хүсэлт бичсэн. Хариуцагч УБЕГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатартай ажил дээр нь очиж болон Захиргааны шүүх дээр хэд хэдэн удаа уулзаж, нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл болон нотлох баримтын талаар хангалттай тайлбарласан. Эдгээр ажиллагааны  үр дүнд 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шүүх хуралдаан болж УБЕГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар нь Ш.Чимгээгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд Ш.Чимгээ нь шүүх хурал дууссаны дараа намайг болон манай туслах Э.Чанцалнямыг баярласандаа тэвэрч авч үнсэж байсан. Энэ хэрэг ийнхүү амжилттай шийдвэрлэгдсэн боловч Ш.Чимгээ нь урьдчилгаа 5.000.000 төгрөгөө гүйцэт өгөлгүй явж байгаад 2013 оны 02 дугаар сарын 06-нд 2.600.000 төгрөг нэмж төлсөн. Үлдэгдэл төлбөрөө удахгүй компанийн хөрөнгөө авахаар хөлсөө төлнө гэж байсан. 2012 оны 10 дугаар сараас хойш би Ш.Чимгээд гэрээгээр тохиролцоогүй хэргүүд дээр олон удаа зөвлөгөө өгч, нэхэмжлэл, хүсэлт, гомдол бичиж өгч байсан. Яагаад гэвэл Ш.Чимгээ өдөр бүр шахам манай оффист ирж зовлон тоочин сахиж сууж байгаад л зөвлөгөө авч, нэхэмжлэл хүсэлт бичүүлэх болон эрүүгийн хэргээ шалгаж буй бүх ажилтнуудыг шалгуулахаар байнга гомдол бичүүлье гэж шалж сууж байгаад биднээр бичүүлдэг байсан. Би “хүн бүрийг шалгуулаад байхаар эрүүгийн хэрэгт чинь муугаар нөлөөлж болзошгүй, тэгээд ч эрүүгийн хэрэг маш их цаг хугацаа зарцуулдаг, байцаагч нар шударга шуурхай ажилладаггүй тул өвийн маргааныг иргэний журмаар шийдүүлсэн нь дээр шүү” гэж зөвлөдөг байсан боловч ганцхан үүнийг л бичээд өгчих, би өөрөө хөөцөлдөнө гэж шалсаар байгаад бичүүлж авч явчихаад дараа нь би хэргээ тайлбарлаж чадахгүй байна. Гомдол, хүсэлт хуваарилагдсан хүнтэй нь уулзаад өгөөч гэдэг байсан бөгөөд би түүний гуйлтаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс, Прокурорын газар, УМБГазарт очиж, уулзалт хийж байсан. Ийнхүү Ш.Чимгээ биднийг гэрээ байгуулаагүй хэргүүд дээрээ ажиллуулаад байсан тул би гэрээ байгуулсны дараа үйл ажиллагаа явуулах ёстой талаар тайлбарлаж хэлсэн боловч Ш.Чимгээ удахгүй гэрээ байгуулна гэж хэлээд л яваад байсан. Бид Соёлын төв өргөөнд оффис түрээслэн үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд Ш.Чимгээгийн хэрэг дээр хөлс авахгүйгээр цаг зарцуулан үйл ажиллагаа явуулаад байвал сарын түрээс 620.000 төгрөгөө төлж чадахгүй болох байсан тул 2013 оны 05 дугаар сард цаашид гэрээ байгуулахгүйгээр өмгөөлөл хийх боломжгүй гэж хэлэхэд маш их уурлаж, хэл амаар доромжилж гарч явсан. Гэтэл хэд хоногийн дараа Ш.Чимгээ маш сайхан зантай болж буцаж хүрч ирээд Захиргааны хэргийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах шүүх хурал болох гэж байна. н.Одгариг өмгөөлөгч энэ хэргийг ойлгохгүй сонин зүйл яриад ялагдах магадлалтай гээд байна, та өмгөөлөгчөөр ажиллаач гэж гуйсан. Тухайн хэрэг дээр ирсэн шинэ баримтууд нь шинэ нөхцөл байдал гэж үзэхүйц, шүүхийн шийдвэрийг өөрчлөхүйц шинэ нотлох баримт биш байсан учраас би Ш.Чимгээд “таныг биш жаахан хүүг чинь бодоод уучилж, өмгөөлөгчөөр ажиллая” гэж хэлээд уг хэрэг дээр 2013 оны 05 дугаар сарын 13-нд өмгөөлөгчөөр шүүх хуралд орж, Ш.Чимгээгийн талд асуудал шийдэгдсэн. Энэ шүүх хурлын дараа Ш.Чимгээ нь өөрийн 7 хэрэг дээр өмгөөлөгчөөр ажиллуулахаар гэрээ байгуулахыг хүссэн бөгөөд 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдөр урьдчилгаа 10.000.000 төгрөг, өмгөөллийн хөлс нийт үнийн дүнгийн 10 хувь байх, өмгөөлөгч Л.Энхжаргал бид хоёр хамтран ажиллахаар гэрээ байгуулсан. Энэ гэрээнд Ш.Чимгээ сар бүр буюу 2013 оны 05 дугаар сард 400.000 төгрөг, 6 дугаар сард 2.000.000 төгрөг, 7 дугаар сард 2.000.000 төгрөг гэх мэт графикаар урьдчилгаа төлбөрөө хуваан төлөх байсан ч төлнө гэж хуурч, биднийг 3 сар орчим үнэгүй ажиллуулж, 2013 оны 07 дугаар сарын сүүлээр энэ төлбөрийн асуудал яригдмагц л уурлаад хаалга саван гарч яваад эргэж ирээгүй. Гэтэл Ш.Чимгээ нь үүнээс хойш 1 жил хагасын дараа шүүхэд 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн өмгөөллийн гэрээний үүргээ огт биелүүлээгүй хэмээн худлаа бичиж, 2012 оны 11 дүгээр сард байгуулсан эхний өмгөөллийн гэрээний дагуу төлсөн 4.600.000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байсан. Ш.Чимгээ энэ нэхэмжлэлдээ 2012 оны 11 дүгээр сард байгуулсан гэрээний талаар огт дурьдаагүй байхаар нь энэ гэрээг шүүхэд гаргаж өгөхөөр хайсан боловч Ш.Чимгээ авчихсан бололтой алга болсон байсан. Би шүүхэд 2012 оны 11 дүгээр сард  байгуулсан эхний гэрээний талаар хэлж эхэлмэгц, энэ гэрээ нь сүүлийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны гэрээтэй ижилхэн 7 хэрэг дээр байсан мэтээр худлаа ярьж надад төлсөн 4.600.000 төгрөгөө буцаан гаргуулахаар шийдвэрлүүлсэн. Би 2012 оны 11 дүгээр сард байгуулсан Өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний талаар гэрчүүд асуулгаж, тухайн үед сөрөг нэхэмжлэл гаргах гэсэн боловч миний гэрчүүд асуулгах хүсэлтийг хангаагүй, энэхүү 2012 оны 11 дүгээр сард байгуулсан гэрээний асуудлыг шүүх огт хэлэлцээгүй. Зөвхөн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн өмгөөллийн гэрээний асуудлаар хэлэлцэж шүүхийн шийдвэр гарсан. Миний Ш.Чимгээтэй 2012 оны 11 дүгээр сард байгуулсан өмгөөллийн гэрээ нь Ш.Чимгээгийн гэсэн хавтсан дотор нь хэргийн материалуудтай нь хамт байдаг байсан. Иймд энэ гэрээний талаар болон гэрээний үүргээ хэрхэн биелүүлсэн, гэрээнд заагдаагүй өөр олон хэрэг дээр 2012 оны 10 дугаар сараас 2013 оны 05 дугаар сарын 16 хүртэл зөвлөгөө, нэхэмжлэл, хүсэлт гомдлын төсөл бичиж өгч, олон байгууллагад очиж уулзаж байсныг тухайн хугацаанд манай өмгөөлөгчийн туслахаар ажиллаж байсан ажилтнууд Э.Чанцалням, Ж.Содномдаржаа, манай нөхөрлөлд дадлага хийж байсан Т.Сувд нар гэрчлэх бөгөөд Ш.Чимгээгийн миний нэр төр, алдах хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаан, худлаа гүтгэсэн асуудлаар хуулийн байгууллагаар шалгуулах болно. Ш.Чимгээд би үнэ төлбөргүй өмгөөллийн туслалцаа үзүүлэх үүрэг хүлээгээгүй тул 2012 оны 11 дүгээр сард байгуулсан Өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу хийсэн ажлын урьдчилгаа төлбөр 5.000.000 төгрөгийг Ш.Чимгээгээс гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ш.Чимгээ шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бичсэн нэхэмжлэлтэй нь танилцсан. Үл мэдэгдэх тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй зүйлийн талаар яриад байгаа. Ц.Байгалмаа бид хоёрын дунд 2012 оны сүүлээр 1 гэрээ байгуулагдсан. Тэр гэрээ надад байхгүй. 2 дахь гэрээ нь 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан. Одоо аль гэрээний тухай яриад байгааг ойлгохгүй байна. 2012 оны сүүлээр 11 билүү 12 сарын үед байгуулагдсан гэрээнд 2 дахь гэрээнд бичигдсэн зүйл яг адилхан бичигдсэн. Анхны гэрээнд хүү  Б.Баттөр, Ш.Чимгээгийн өвлөгдөх хөрөнгийн талаар шүүхээр явна гэсэн утгатай гэрээ байгуулагдсан. Ц.Байгалмаа өөрөө гэрээг бичиж би гарын үсэг зурсан. Өвлөгдөх эд хөрөнгийн асуудлаар шүүхээр явж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Урьдчилгаа 5.000.000 төгрөг гэж тохирсон. Гэрээгээр Ш.Чимгээ, Б.Баттар нарын өмнөөс шүүхээр явна гэсэн утгатай байсан. Гэхдээ Ц.Байгалмаа явж өгөөгүй. Би ажил дээр нь очиж явж өгөөчээ гэж иргэн хүний хувьд явуулах санаатай очдог байсан. Надаас ямарч  баримтгүй мөнгө нэхэмжилж байна. Би гэрээний дагуу 4.600.000 төгрөг төлсөн. Ц.Байгалмаа миний хэрэгт явахгүй байсан тул ээжээсээ 400.000 төгрөг авч өгсөн. Энэ талаар баримт бид хоёр үйлдээгүй. Ц.Байгалмаа миний хэрэг дээр яваагүй. Өмнө хийсэн гэрээгээ аваад ир гэхээр нь аваачиж өгөхөд шууд аваад шургуулгандаа хийгээд өөр нэг гэрээ гаргаж ирээд одоо энэ гэрээгээр явна гээд эрүүгийн 2 хэргийг нэмсэн гээд надаар гарын үсэг зуруулсан. Ц.Байгалмаа уулзах тоолондоо мөнгө өг таксины мөнгө өг гэхээр нь өгдөг байсан. Би ажил дээр нь ажлаа хийгээч гэж очдог байсан. Энэ хүн гэрээний дагуу ажлаа хийгээгүй тул шүүхэд хандаж урьдчилгаанд өгсөн 5.000.000 төгрөгөө авъя гэсэн нэхэмжлэл гаргаж шийдүүлсэн. 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан гэрээнд одоо яригдаад байгаа өмнө байгуулсан гэрээний 5.000.000 төгрөгийг оруулж 10.000.000 төгрөг гэж гэрээ хийсэн. Энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсэн. Тийм учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.  

 

 Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг  шинжлэн судлаад

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Ц.Байгалмаа нь хариуцагч Ш.Чимгээд холбогдох өмгөөллийн хөлсний урьдчилгаа 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

            Зохигч 2012 оны 11 дүгээр сард Өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдсан болохыг зөвшөөрч, энэ талаар маргаагүй ба Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд Ш.Чимгээ 2012 оны 11 дүгээр сарын 12-нд өмгөөлөгчөөр Ц.Байгалмааг оролцуулах тухай хүсэлт гаргаж байсан байна.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч уг гэрээгээр тохирсон урьдчилгаа 5.000.000 төгрөг гаргуулахыг шаардсанг хариуцагч гэрээг нэгтгэж 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 2 дахь гэрээг хийсэн тул зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргажээ.

            2012 оны 11, 12 дугаар сард нэхэмжлэгч Ц.Байгалмаа нь Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд Икс лэнд констракшн ХХК-ний нийт хувьцааны 49.35 хувийг иргэн Ш.Чимгээгийн нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт даалгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий хэрэгт хүсэлт гаргаж, нэхэмжлэгч Ш.Чимгээгийн өмгөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцсон болох үйл баримт 2012 оны 11 дүгээр сарын 22-нд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гаргасан хүсэлт, 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 04 дугаартай хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Захиргааны хэргийн шүүхийн хүсэлт хэлэлцэх хуралдааны тэмдэглэл гэсэн баримтуудаар тогтоогджээ.

            Зохигч гэрээний төлбөрт өмгөөлөгчийн хөлсний урьдчилгаа 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 2.000.000 төгрөг, 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 2.600.000 төгрөг нийт 4.600.000 төгрөг төлсөн болох нь бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдсон байна.

            Гэвч талууд 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Өмгөөлөл, хуульзүйн туслалцаа үзүүлэх тухай 2 дахь гэрээг шинэчлэн байгуулж гэрээний төлбөр тооцоо гэсэн 4 дүгээр зүйлийн 4.1-т өмгөөлөл хуульзүйн туслалцаа үзүүлсний үндсэн хөлс урьдчилаа 10.000.000 төгрөг, өмнө байгуулсан гэрээний 5.000.000 төгрөг үүнд багтана. Гэрээний нийт үнийн дүн 10% болохоор тохиролцож гэрээ байгуулсан боловч тус гэрээтэй холбоотой өмгөөллийн хөлсөнд төлсөн 5.000.000 төгрөг буцаан гаргуулах тухай Ш.Чимгээгийн нэхэмжлэлтэй хэргийг шүүх хэлэлцэн хариуцагч Ц.Байгалмаагаас 4.600.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Чимгээд олгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

            Талууд 2012 оны 11 дүгээр сард байгуулсан гэрээг шинэчлэн 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гэрээ байгуулж үнийн дүнг 10.000.000 төгрөг байхаар тохиролцон гэрээг байгуулсан тул нэхэмжлэгчийг 2012 оны 11 дүгээр сард байгуулагдсан гэрээний урьдчилгаа 5.000.000 төгрөгийг шаардах эрхгүй гэж үзэв.

            Нэхэмжлэгч Ц.Байгалмаа энэ талаар “Ингээд Ш.Чимгээтэй өмгөөллийн гэрээг шинэчлэн байгуулж, урьдчилгаа 10.000.000 төгрөг байхаар” хэмээн шүүхэд гаргасан хариу тайлбартаа дурьдсан талаар 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шийдвэрт тусгагдсан байна.

            Иймд хариуцагч Ш.Чимгээгээс өмгөөллийн хөлсний урьдчилгаа 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Байгалмаагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч нь өөрийн зөөврийн компьютерт цахим хэлбэрээр хадгалагдсан файлд үзлэг хийлгэж, баримтыг хэрэгт нотлох баримтаар өгсөн боловч эдгээр баримт нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж шүүхийн шийдвэрт тусгагдсан тул дахин дүгнэлт өгөх шаардлагагүй, гэрч Э.Чанцалням, Ж.Содномдаржаа нар Ш.Чимгээгийн эрүү, иргэний хэрэг Ц.Байгалмаа өмгөөлөгчөөр ажиллаж байсан талаар мэдүүлсэн нь урьдчилгаа төлбөрийг гаргуулж шийдвэрлэх үндэслэл болохгүй тул тус тус дурьдав.

            Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШЗ2017/03502 дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүд заасныг тус тус удирдлага болгон        

                                                                                                                   

                                              ТОГТООХ нь:

                       

1. Иргэний Хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч Ш.Чимгээгээс өмгөөллийн хөлсний урьдчилгаа 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Байгалмаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Тус шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШЗ2017/03502 дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

 

    4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                     

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.КУЛЬДАНА