Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 1953

 

    Ц.Байгалмаагийн нэхэмжлэлтэй,

             иргэний хэргийн тухай         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,          

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2017/01619 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.Байгалмаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ш.Чимгээд холбогдох     

Өмгөөллийн хөлсний урьдчилгаа 5 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц.Байгалмаа  

Хариуцагч Ш.Чимгээ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

          Нэхэмжлэгч Ц.Байгалмаа шүүхэд нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны 10 дугаар сард миний өмгөөлсөн н.Золбоогийн хүү анх Ш.Чимгээг дагуулж ирснээр зөвлөгөө авахдаа Ш.Чимгээ тухайн үед эрүүгийн хэрэгт авсан өмгөөлөгчдөө голж байсан бөгөөд “Таны зөвлөгөө надад их тодорхой байна. Миний хэрэг дээр өмгөөлөгчөөр ажиллаач” гэсэн санал тавьсан. Би түүнд өөр өмгөөлөгчийн ажиллагаа хийж байгаа хэрэг дээр орж болдоггүй гэж тайлбарлаж хэлээд зөвлөгөө өгч явуулсан. Эхний зөвлөгөөний хөлсийг Ш.Чимгээ төлсөн боловч дараа нь дахин ирж “Авсан өмгөөлөгч нар маань юмаа мэдэхгүй байна. Би талийгаач С.Батбаатарын хүүхдийг гаргасан, хамтын амьдралтай байснаа тогтоолгосон байхад талийгаачийн ар гэрийнхэн нь оногдох хувь өгөхгүй байна” гэж ярьж байгаад зөвлөгөө аваад явдаг байсан.

          Удалгүй Ш.Чимгээ “Манай өмгөөлөгч н.Энхтунгалаг захиргааны хэрэг дээр туршлагагүй байна энэ хэрэг дээр өмгөөлөгчөөр авмаар байна” гэж хүссэний дагуу 2012 оны 11 дүгээр сард Ш.Чимгээтэй өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж Ш.Чимгээгийн захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргасан хэрэг буюу “Икс лэнд констракшн” ХХК-ийн нийт хувьцааны 49.35 хувийг иргэн Ш.Чимгээгийн нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт даалгах нэхэмжлэлтэй хэрэг өмгөөлөгчөөр ажиллахаар тохиролцон гэрээг тухайн үед өмгөөлөгчийн туслахаар ажиллаж байсан Э.Чанцалнямын хажууд байгуулж, урьдчилгаа 5 000 000 төгрөгийг гэрээ байгуулмагц төлөхөөр, өмгөөллийн хөлс үнийн дүнгийн 5 хувь байхаар тохиролцсон.

          Ш.Чимгээ урьдчилгаа төлбөрөө төлөөгүй ч би түүний хүсэлтээр өмгөөллийн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Гэрээ байгуулснаас хойш 2012 оны 11 дүгээр сарын 26-нд 2 000 000 төгрөг төлсөн. Ингээд Ш.Чимгээгийн захиргааны хэрэгт дараах ажиллагаа явуулж талийгаач С.Батбаатар, Ш.Чимгээ болон түүний дүү н.Бүжинлхам нарын хувьцааны маргаан бүхий захиргааны хэргийг уншиж, хэргээс болон бусад эх үүсвэрээс шаардлагатай нотлох баримтуудыг бүрдүүлж, “Икс лэнд констракшн” ХХК-ийн хөрөнгө болон бусад эх үүсвэртэй холбоотой хятад хэл дээрх нотлох баримтуудыг орчуулуулж, орос хэл дээрх нотлох баримтыг би өөрөө орчуулж, эдгээр баримтыг үндэслэн нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийг гаргаж шүүхэд хүсэлт бичиж байсан.

          Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатартай ажил болон Захиргааны шүүх дээр хэд хэдэн удаа уулзаж, нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл болон нотлох баримтын талаар хангалттай тайлбарласан. Эдгээр ажиллагааны үр дүнд 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шүүх хуралдаан болж Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар нь Ш.Чимгээгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ хэрэг амжилттай шийдвэрлэгдсэн боловч Ш.Чимгээ 5 000 000 төгрөгөө өгөлгүй 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 2 600 000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөрөө компанийн хөрөнгө авахаар төлнө гэж байсан.

          2012 оны 10 дугаар сараас хойш би Ш.Чимгээд гэрээгээр тохиролцоогүй хэргүүд дээр олон удаа зөвлөгөө өгч, нэхэмжлэл, хүсэлт, гомдол бичиж өгч байсан. Хэсэг хугацааны дараа Ш.Чимгээ дахин ирж “Захиргааны хэргийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах шүүх хуралдаан болох гэж байна. н.Одгариг өмгөөлөгч энэ хэргийг ойлгохгүй сонин зүйл яриад ялагдах магадлалтай гээд байна, та өмгөөлөгчөөр ажиллаач” гэж гуйсан. Тухайн хэрэг дээр 2013 оны 5 дугаар сарын 13-нд өмгөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож, Ш.Чимгээгийн талд асуудал шийдэгдсэн.

          Энэ шүүх хуралдааны дараа Ш.Чимгээ өөрийн 7 хэрэг дээр өмгөөлөгчөөр ажиллуулахаар гэрээ байгуулахыг хүссэн бөгөөд 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдөр урьдчилгаа 10 000 000 төгрөг, өмгөөллийн хөлс нийт үнийн дүнгийн 10 хувь байх, өмгөөлөгч Л.Энхжаргал бид 2 хамтран ажиллахаар гэрээ байгуулсан. Энэ гэрээнд Ш.Чимгээ cap бүр буюу 2013 оны 5 дугаар сард 400 000 төгрөг, 6 дугаар сард 2 000 000 төгрөг, 7 дугаар сард 2 000 000 төгрөг графикаар урьдчилгаа төлбөрөө хуваан төлөх байсан ч төлнө гэж хуурч, биднийг 3 cap орчим үнэгүй ажиллуулсан.

          Гэтэл Ш.Чимгээ нь 1 жил хагасын дараа шүүхэд 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн өмгөөллийн гэрээний үүргээ огт биелүүлээгүй гэж 2012 оны 11 дүгээр сард байгуулсан эхний өмгөөллийн гэрээний дагуу төлсөн 4 600 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байсан. Ш.Чимгээ уг нэхэмжлэлдээ 2012 оны 11 дүгээр сард байгуулсан гэрээний талаар огт дурдаагүй, сүүлийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны гэрээтэй ижилхэн 7 хэрэг дээр байсан мэтээр худлаа ярьж надад төлсөн 4 600 000 төгрөгөө буцаан гаргуулахаар шийдвэрлүүлсэн ба зөвхөн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн өмгөөллийн гэрээний асуудлаар хэлэлцэж шүүхийн шийдвэр гарсан.

Миний бие Ш.Чимгээтэй 2012 оны 11 дүгээр сард байгуулсан өмгөөллийн гэрээ Ш.Чимгээгийн гэсэн хавтсан дотор хэргийн материалуудтай хамт байдаг байсан. Иймд энэ гэрээний талаар болон гэрээний үүргээ хэрхэн биелүүлсэн, гэрээнд заагдаагүй өөр олон хэрэг дээр 2012 оны 10 дугаар сараас 2013 оны 5 дугаар сарын 16 хүртэл зөвлөгөө, нэхэмжлэл, хүсэлт гомдлын төсөл бичиж, олон байгууллагад уулзаж байсныг тухайн хугацаанд манай өмгөөлөгчийн туслахаар ажиллаж байсан ажилтнууд Э.Чанцалням, Ж.Содномдаржаа, манай нөхөрлөлд дадлага хийж байсан Т.Сувд нар гэрчилнэ.

Хариуцагч Ш.Чимгээд би үнэ төлбөргүй өмгөөллийн туслалцаа үзүүлэх үүрэг хүлээгээгүй тул 2012 оны 11 дүгээр сард байгуулсан Өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу урьдчилгаа төлбөр 5 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.Чимгээ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Байгалмаа бид хоёрын дунд 2012 оны сүүлээр 1 гэрээ байгуулагдсан. Тэр гэрээ надад байхгүй. 2 дахь гэрээ 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан. Одоо аль гэрээний тухай яриад байгааг ойлгохгүй байна. 2012 оны сүүлээр байгуулагдсан гэрээнд 2 дахь гэрээнд бичигдсэн зүйл яг адилхан бичигдсэн. Анхны гэрээнд хүү Б.Баттөр, Ш.Чимгээгийн өвлөгдөх хөрөнгийн талаар шүүхээр явна гэсэн утгатай гэрээ байгуулагдсан. Ц.Байгалмаа өөрөө гэрээг бичиж би гарын үсэг зурсан. Өвлөгдөх эд хөрөнгийн асуудлаар шүүхээр явж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Урьдчилгаа 5 000 000 төгрөг гэж тохирсон. Гэрээгээр Ш.Чимгээ, Б.Баттар нарын өмнөөс шүүхээр явна гэсэн утгатай байсан. Гэхдээ Ц.Байгалмаа явж өгөөгүй, ямар ч баримтгүй мөнгө нэхэмжилж байна. Би гэрээний дагуу 4 600 000 төгрөг төлсөн. Ц.Байгалмаа миний хэрэгт явахгүй байсан тул ээжээсээ 400 000 төгрөг авч өгсөн. Энэ талаар баримт бид хоёр үйлдээгүй. Өмнө хийсэн гэрээгээ аваад ир гэхээр нь аваачиж өгөхөд шууд аваад шургуулгандаа хийгээд өөр нэг гэрээ гаргаж ирээд одоо энэ гэрээгээр явна гээд эрүүгийн 2 хэргийг нэмсэн гээд надаар гарын үсэг зуруулсан. Ц.Байгалмаа уулзах тоолондоо мөнгө өг таксины мөнгө өг гэхээр нь өгдөг байсан. Би ажил дээр нь ажлаа хийгээч гэж очдог байсан. Энэ хүн гэрээний дагуу ажлаа хийгээгүй тул урьдчилгаанд өгсөн 5 000 000 төгрөгөө авъя гэсэн нэхэмжлэл гаргаж шийдүүлсэн. 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан гэрээнд одоо яригдаад байгаа өмнө байгуулсан гэрээний 5 000 000 төгрөгийг оруулж 10 000 000 төгрөг гэж гэрээ хийсэн. Энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсэн. Тийм учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

          Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш.Чимгээгээс өмгөөллийн хөлсний урьдчилгаа 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Байгалмаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж,

Тус шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 102/Ш32017/03502 дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Байгалмаагийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэр бүхэлдээ зөвхөн хариуцагч Ш.Чимгээгийн өгсөн тайлбар, түүний хэлсэн худал үгээр үндэслэл хийж, гэрчүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудыг үнэлэлгүйгээр гарсан хууль бус шийдвэр байх тул энэхүү шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

         Анхан шатны шүүх зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

          Нэхэмжлэгч Ц.Байгалмаа хариуцагч Ш.Чимгээд холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэг буюу өмгөөллийн урьдчилгаа хөлс 5 000 000 төгрөг гаргуулахаар шаардсныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2012 оны 11 дүгээр сард “Өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулагдсан талаар талууд маргаагүй.

Харин зохигч 2012 оны 11 дүгээр сарын гэрээг 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдөр “Өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” болгон шинэчлэн найруулж, урьдчилгаанд төлсөн 5 000 000 төгрөгийг гаргуулах шаардлагыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 5309 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1352 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1123 дугаар тогтоолоор хянан шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон байна.

         Нэхэмжлэгч Ц.Байгалмаа нь Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд Ш.Чимгээгийн өмгөөлөгчөөр оролцож, тус шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 04 дүгээр шийдвэрээр “Икс лэнд констракшн ХХК-ийн нийт хувьцааны 49,35 хувийг иргэн Ш.Чимгээгийн нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн газарт даалгуулах шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталсан, мөн хариуцагч Ц.Байгалмаагаас 4 600 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Чимгээд олгож шийдвэрлэсэн үйл баримтад маргаагүй учраас шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг шүүх дахин нотлохгүй юм.

          Иймд нэхэмжлэгч өмгөөллийн хөлсний урьдчилгаа төлбөр гаргуулахаар шаардах эрхгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Нэгэнт тогтоогдсон үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүх дахин тогтоохгүй учраас гэрчийн мэдүүлгийг ач холбогдолгүй гэж дүгнэсэн шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Шүүх хуралдааны тэмдэглэл хугацаандаа гаргаагүйгээс танилцах боломж олгоогүй, хуралдааны тэмдэглэл алдаатай, дутуу бичигдсэн” гэж гомдол гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэглэлтэй танилцаж, засвар оруулахаар санал гаргах эрхээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутгах үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2017/01619 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Э.ЗОЛЗАЯА

                                                          ШҮҮГЧИД                                       А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                                  Д.БАЙГАЛМАА