Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 01

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан, 

улсын яллагч Д.Мөнхтуяа, 

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Санжидмаа

шүүгдэгч Д.Мядагмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийж, Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Боржигон овогт Даваадоржийн Мядагмаад холбогдох эрүүгийн 201626020128 дугаар хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, инженер орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 1-15 насны 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 24-4 тоот хаягт бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын 20-408 тоотод түр оршин суух, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1288 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн 2014250002678 дугаартай Д.Мядагмаад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн /хх 12-13/, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 909 дүгээр тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байсан, Боржигон овогт Даваадоржийн Мядагмаа /РД:ЗП79101005/.

 

Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд бичсэнээр: 

Шүүгдэгч Д.Мядагмаа нь давтан үйлдлээр 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 15-р хорооны нутагт байрлах Билэг их дэлгүүрийн үүдэнд иргэн Э.Мөнхдоржоос Самсунг маркийн гар утасыг нь 500.000 төгрөгөөр худалдаж авна гэж хуурч мэхлэн авсан, 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн үед Баянгол дүүргийн 16-р хороо Туулын 20-408 тоотод иргэн Г.Дөлгөөний гар утасыг 420.000 төгрөгөөр худалдаж авна гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авч бусдад нийт 920.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мядагмаа мэдүүлэхдээ: “Би 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр иргэн Э.Мөнхдоржийн зарна гэсэн утсыг үзсэн байсан юм. Тэр үед мөнгийг нь цувуулж өгье гэхэд би өөр хүнд үзүүлнэ гэж хэлээд явсан. Тэгээд 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хорооллын Билиг их дэлгүүрийн үүдэнд иргэн Э.Мөнхдоржоос Самсунг Алфа маркийн гар утасыг нь 500.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. Бид хоёр амаар зээлээр авахаар тохиролцсон. Уг утсыг охиндоо өгөхөөр авсан юм.

 

Дараа нь 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэн Дөлгөөний Айпоне 5с маркийн гар утсыг зээлээр аваад мөнгийг нь шилжүүлж өгөхөөр тохиролцсон. Урд нь өртэй байсан хүн ирж дарамтлаад байхаар нь утсыг нь тэр шөнөө зараад мөнгийг нь нөгөө дарамтлаад байсан Төгөлдөр гэх хүндээ өгөөд явуулсан. Дөлгөөнд 7-ны өдөр мөнгийг нь цувуулж өгье гэж хэлсэн. Хохирлыг нь төлж барагдуулсан” гэв.

 

Хохирогч Г.Дөлгөөн мэдүүлэхдээ: “...2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 11 цаг өнгөрч байхад өөрийнхөө Ай Поне 5-Эс загварын Голд өнгөтэй гар утсаа 420,000 төгрөгөөр зарахаар Facebook-н гар утасны хар зах зарын группд зараа оруулсан. Орой 16 цаг өнгөрч байхад надруу 88184368 дугаарын утаснаас эмэгтэй хүн залгаад “эгч нь наад утсыг авъя, Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Туулын 20 дугаар гудамж 408 тоотод оршин суудаг юм, манай гэрт хүрээд ир” гэхээр нь утсаа аваад дээрхи хаягаар очиход хашаан дотор Монгол гэртэй айл байсан. Дээрхи гэрт ороход өөрийгөө Мядагмаа гэж танилцуулсан намхан бор эгч “манайд хөдөөнөөс хүмүүс ирсэн, Вагнер ази ХХК-д ажилладаг манай хамаатны дүү сая хотод ирээд гар утас авах юм гэнэ, эгч нь дүүгээ ирэхээр мөнгийн мобайлаар явуулчихъя, санаа зоволтгүй гэхээр нь итгээд утсаа 420,000 төгрөгөөр зарна гэж үнэ ханшаа тохироод утсаа орхиод явсан. Орой Мядагмаа руу залгахад “манай дүү гадуур яваад хамаг мөнгөөрөө юм аваад дуусчихсан байна, гар утас руу нь залгахаар утсаа авахгүй байна унтраагаад унтчихсан юм шиг байна” гэх зэргээр хэлж ярьсаар тэр өдрөө өгөөгүй, маргааш нөгөөдрөөс ахин залгахад мөн л удаахгүй өгнө, тэгнэ, ингэнэ гэсээр байгаад өдий хүргэлээ. Миний мөнгөнөөс огт өгөөгүй байгаа. Залгахаар “эгч нь чамд ажил удсан эгч нь өнөө маргаашгүй өгнө гэх зэргээр хугацаа алдуулсаар өдий хүрсэн. Энэ хүнээс утсаа эсвэл мөнгөө олж авмаар байна. Миний утас Ай Поне 5-Эс байсан. Гомдолтой байна”  гэжээ. /хх 8 хуудас/

 

Хохирогч Э.Мөнхдорж мэдүүлэхдээ: “2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 09 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Билэг” их дэлгүүрийн гаднах зогсоол дээр урд өдөр нь Интернэтээр таарсан эгч Мядагмаатай цаг товлож уулзсан ба энэ эгч миний Самсунг Алфа /Samsung Alpha/ маркийн гар утсыг удаахгүй мөнгийг өгнө, мобайлдана гэж хэлээд авсан ба тэр өдрөө өгөөгүй явсаар өдий хүрсэн. Утсаа 500,000 төгрөгөөр тооцож зарсан ба тэр өдрөө 20,000 төгрөгийн авсан ба үлдэгдэл 480,000 төгрөгөө одоо болтол авч чадахгүй байна. Мөнгөө олоод авчихвал санал гомдолгүй” гэжээ. /хх 27/

 

Эд зүйлийн үнэлгээ /хх 9, 28/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 10, 29/

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1288 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх 12-13/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 15,53/

Шүүгдэгч Д.Мядагмаагийн жирэмсэний хяналтын дэвтэрийн хуулбар /хх 55-62/

Шүүгдэгч Д.Мядагмаагийн Хаан банкин дахь 5024353918, 5079085716, 5163016780 дугаартай депозит дансны 2015 оноос хойшхи дэлгэрэнгүй хуулга /хх 64-70, 71, 72/

Хохирогч Г.Дөлгөөний хохирол төлсөн баримт /хх 100/

Хохирогч Э.Мөнхдоржид хохирол төлсөн баримт /хх 107/ зэрэг болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Д.Мядагмаа нь давтан үйлдлээр 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 15-р хорооны нутагт байрлах Билэг их дэлгүүрийн үүдэнд иргэн Э.Мөнхдоржоос Самсунг маркийн гар утасыг нь 500.000 төгрөгөөр худалдаж авна гэж хуурч мэхлэн авсан, 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн үед Баянгол дүүргийн 16-р хороо Туулын 20-408 тоотод иргэн Г.Дөлгөөний гар утасыг 420.000 төгрөгөөр худалдаж авна гэж хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж авч бусдад нийт 920.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Мядагмаагийн мэдүүлэг, хохирогч Г.Дөлгөөн /хх 8/, Э.Мөнхдорж /хх 27/, эд зүйлийн үнэлгээ /хх 9, 28/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 10, 29/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 15,53/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Иймд шүүгдэгч Д.Мядагмаад холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, нотолбол зохих зүйлүүд нотлогдсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасанаар давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэн залилж хохирогч нарт бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Д.Мядагмаа нь үйлдсэн хэргээ шударгаар хүлээж чин санаанаасаа гэмшиж байгаа, учруулсан хохирлоо төлж барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон болно.

 

Хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.Мядагмаа нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.Мөнхдоржид 500.000 төгрөгийн, Г.Дөлгөөнд 420.000 төгрөгийн хохирол тус тус төлсөн, хохирогч нар гомдол саналгүй гэснийг тус тус дурдлаа.

 

Шүүгдэгч Д.Мядагмаа нь жирэмсэн /хх 55-62/ ба бага насны хүүхэдтэй тул хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 292, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Даваадоржийн Мядагмаа нь давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Даваадоржийн Мядагмааг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Мядагмаад оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.Мядагмаа нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч Э.Мөнхдоржид 500.000 төгрөгийн, Г.Дөлгөөнд 420.000 төгрөгийн хохирол тус тус төлөгдсөн, хохирогч нар гомдол саналгүй гэснийг тус тус дурдсугай.

 

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар шүүгдэгч Д.Мядагмаад 2 жил 6 сарын хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

          6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мядагмаагийн батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.ЕСӨН-ЭРДЭНЭ