Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 03

 

 

 

 

 

 

 

 

 

                                 Т.Зандансүрэнгийн нэхэмжлэлтэй иргэний

                                                          хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 26 дугаар шийдвэртэй

Т.Зандансүрэнгийн нэхэмжлэлтэй

Б.Баярхүүд холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 10 260 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

нэхэмжлэгч Т.Зандансүрэнгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Б.Баярхүү, нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.        

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Эхлээд 500 000 төгрөг, дараа нь 1 800 000 төгрөг болон 1 500 000 төгрөг зээлдүүлсэн. 2015.01.01-ний өдөр зээлдүүлсэн бүх мөнгөө нэгтгээд 4 580 000 төгрөгийг 7 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш хариуцагч зээлсэн мөнгө болон хүүгээ төлж байгаагүй. Би хариуцагчаас 2-3 удаа бялуу зээлээр худалдаж авсан. 2015.08.01-ний өдөр Б.Баярхүү эгч бид хоёр 4 580 000 төгрөгийн хүүг бодоод 6 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Үүнээс хойш энэ зун хариуцагчаас 100 000 төгрөг дансаар авсан. Өөр мөнгө аваагүй. Б.Баярхүү эгч бялуу, нарийн боов хийхээрээ өгье гэж хэлдэг ч өгөхгүй байсаар өдийг хүргэсэн. Тухайн үед тохирч байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэлээ гаргасан. Иймд Б.Баярхүүгээс тохирсон ёсоор 6 000 000 төгрөгийн 3 сарын хүү 1 260 000 төгрөг, хугацаа хэтэрсэн 2015.11.01-ний өдрөөс хойш 100 өдрийн алданги 3 000 000 төгрөг, нийт 10 260 000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “Миний бие Т.Зандансүрэнгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Миний хувьд хувиараа хөдөлмөр эрхэлж, нарийн боовны цех ажиллуулдаг. Бүх материалаа зээлээр авч үйл ажиллагаа явуулдаг. Урьд авсан зээлээ нөхөн олж чадахгүй эдийн засаг, мөнгө санхүүгийн гарцаагүй хүнд байдалд орж Т.Зандансүрэнд өгөх мөнгийг өгч чадахгүй өдий хүрсэн. Бүгд нийлээд 4 580 000 төгрөг бэлэн тоолж авсан нь үнэн болно. Энэ гэрээгээр Т.Зандансүрэнтэй тохиролцоонд хүрч болно гэж бодож байна. Харин сүүлийн 6 000 000 төгрөгийн гэрээ бол би гарцаагүй байдалд орж хийсэн  гэрээ болно. Тухайн үед аавын бие муу сэхээнд байхад нэхэмжлэгч утсаар ярих болон ажил дээр ирж мөнгөө өг гэж дарамталдаг байсан. Надад маш их хэцүү байсан учраас аргагүй байдалд ороод 6 000 000 төгрөгийн гэрээнд гарын үсэг зурсан. Түүнээс биш би 6 000 000 төгрөгийг бэлэн тоолж зээлээгүй. Урьд авсан зээлийн хүү, үндсэн мөнгөтэйгөө нийлээд 6 000 000 төгрөг болсон гэсэн тооцоог Т.Зандансүрэн гаргаж ирсэн. Би үндсэн мөнгө, түүний хүүн дээр дахин хүү тооцож мөнгө төлөх болоод байна. Алдангийг сарын 0,5 хувь гэж ойлгосон. Би бэлнээр 160 000 төгрөгийг Т.Зандансүрэнд өгсөн. Мөн нэхэмжлэгч надаас 155 000 төгрөгийн бялуу авсан.” гэжээ.

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 26 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан үндсэн зээл 4 580 000 төгрөг, хүү 2 244 200 төгрөг,  алданги 488 190 төгрөг, нийт 7 312 390 төгрөгийг хариуцагч Б.Баярхүүгээс гаргуулж нэхэмжлэгч Т.Зандансүрэнд олгож, нэхэмжлэлээс 2 947 610 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179 110 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баярхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 131 984, 24 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Зандансүрэнд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.Зандансүрэнгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Т.Зандансүрэн би Б. Баярхүүтэй 2015.08.01-нд тооцоо нийлж 6 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй зээлдүүлсэн зээлийн гэрээг байгуулсан. Б.Баярхүү нь 2015.01.01-ний өдөр надаас 4 580 000 төгрөгийг анх зээлж авснаас хойш хүү болон үндсэн мөнгөө төлөөгүй. Б.Баярхүү өөрөө надад “4 580 000 төгрөгийн хүүг нэмээд гэрээгээ шинэчлэе, чиний бизнес л юм чинь, би удахгүй боломжтой болно, банкны зээл ч дуусч байгаа” гэж хэлсний дагуу бид хоёр тооцоо нийлж 6 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Би Баярхүүтэй 6 000 000 төгрөгийн гэрээг байгуулсан учир түүнд хугацаа өгч өдий хүртэл харсан. Гэвч мөнгөө авч чадаагүй болохоор тооцоо нийлсэн 6 000 000 төгрөгийн гэрээний дагуу тооцоо бодож 10 260 000 төгрөг гаргуулахаар Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Гэвч шүүгч Ч.Жаргалан нь 6 000 000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу шийдвэрлэлгүй, анх авсан 4 580 000 төгрөгийн гэрээний дагуу шийдвэрлэсэн, мөн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алдангитай гэж хэлсээр байтал сар тутамд 0,5 хувийн алдангиар бодож 7 312 390 төгрөг олгохоор шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна. Нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд уг иргэний хэргийг дахин хянан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг анх нэхэмжилсэн дүнгээр минь хангаж, 2 947 610 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх Иргэний хуулийн үүргийн гүйцэтгэлийг хангах аргад холбогдох зохицуулалтыг зөв хэрэглээгүй байна.

Нэхэмжлэгч Т.Зандансүрэн нь хариуцагч Б.Баярхүүд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10 260 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 6 000 000 төгрөг зээлж аваагүй, 4 580 000 төгрөг авсан тул энэ гэрээгээр тооцож зээлийг төлнө гэжээ.

Хариуцагч 4 580 000 төгрөг зээлсэн ба тэрээр зээл, хүүгээ төлөхгүй байсан тул төлөх ёстой үндсэн зээл болон хүүг тооцож 2015.08.01-ний өдөр 6 000 000 төгрөгийн зээлийн гэрээ дахин байгуулсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй, харин уг 6 000 000 төгрөгийн зээлийн гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар, мөн алдангийг тооцох хугацааны талаар маргасан байна. Мөн хариуцагч Б.Баярхүү нь давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа “2015.01.01-ний өдөр 4 580 000 төгрөгийн зээлийн гэрээг 1 сарын хугацаатай байгуулсан байхад нэхэмжлэгч Т.Зандансүрэн гэрээний хугацааг “7” болгож зассан байна” гэсэн ба уг гэрээнд бичигдсэн хугацааг засварласан эсэх тухайд маргасан гэж үзэхээр баримт хэрэгт авагдаагүй байна. /хх-33/

Анхан шатны шүүх зохигчдын хооронд 2015.01.01-ний өдөр байгуулагдсан 4 580 000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж, харин 2015.08.01-ний өдөр байгуулагдсан 6 000 000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж тус тус үзжээ. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн боловч гэрээнд заасан алдангийн талаар “Алданги нэхэмжлэхдээ нэхэмжлэгч Т.Зандансүрэн хоногийн 0,5 хувиар тооцож байгаа хэдий ч хариуцагч сарын 0,5 хувийн хүүгээр төлөхөөр гэрээ байгуулсан гэж тайлбар гаргаж байгаа бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нарын 2015.01.01-ний өдөр бичгээр байгуулсан зээлийн гэрээнд алдангийг сар болон хоногийн алинаар тооцох тухайгаа тодорхойлоогүй байна... Иймд талууд бичгээр байгуулсан гэрээндээ алдангийг хоног, сараар тооцох нөхцлөө тодорхойлоогүй учир алдангийг сар тутам 0,5 хувийн хүүгээр тооцлоо” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж, алдангийн хэмжээг сараар тооцож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Зохигчдын хооронд 2015.01.01-ний өдөр байгуулагдсан 4 580 000 төгрөгийн зээлийн гэрээний 2.3-д “Мөнгөн зээлийн гэрээгээр зээлдэгч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног /сар/ тутам 0,5 хувийн анз /торгууль, алданги/ хүлээнэ” гэж заасан байна. Зохигчид гэрээгээр алданги төлөхөөр тохиролцсон талаар маргаагүй, харин алдангийг өдрөөр, эсхүл сараар тооцох талаар маргасан байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж зааснаар хуульд алдангийг хоног тутамд төлөхөөр тогтоосон ба гэрээнд үүнээс өөрөөр заасан гэж үзэхээр баримт хэрэгт авагдаагүй байна. Иймээс хариуцагч хоног тутамд 4 580 000 төгрөгийн 0,5 хувийн алдангийг төлөх үүрэгтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Хариуцагч Б.Баярхүү нэхэмжлэгч Т.Зандансүрэнд 315 000 төгрөг төлсөн нь зохигчдын тайлбараар нотлогдож байх ба 2015.01.01-ний өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 4 580 000 төгрөг, 2015.01.01-ний өдрөөс 2015.08.01-ний өдрийг хүртэлх 7 сарын хүү 2 244 200 төгрөг, 2015.08.01-ний өдрөөс 2016.11.10-ны өдрийг хүртэлх 467 хоногийн алданги 10 694 300 төгрөг болжээ.

Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн  232.4-д зааснаар  “анзын нийт  дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” тул хариуцагч Б.Баярхүүгийн гүйцэтгээгүй үүрэг болох 4 580 000 төгрөгийн 50 хувьтай тэнцэх алданги 2 290 000 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр Б.Баярхүү нь 2015.01.01-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4 580 000 төгрөг, хүү 2 244 200 төгрөг, алданги 2 290 000 төгрөг, нийт 9 114 200 төгрөг төлөхөөс 315 000 төгрөг төлсөн гэж дүгнэн, хариуцагчаас 8 799 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгох өөрчлөлтийг шийдвэрт оруулж, Т.Зандансүрэнгийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Анхан шатны шүүх хүүг гаргуулахдаа Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь заалтуудыг хамтад нь баримталсан нь хүү шаардах эрх хуулийн дээрх заалтын аль үндэслэлд хамаарч байгааг тодорхойлоогүй байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болохоор, 282.3-д зээлийн гэрээг бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахаар зохицуулсан байна. Иймд шүүх зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг дүгнэхдээ шийдвэрийн үндэслэх хэсэгт 282.3 дахь заалтыг, харин хүү шаардах эрхийн үндэслэл болгон шийдвэрийн тогтоох хэсэгт 282.1 дэх заалтыг тус тус баримтлах нь илүү оновчтой байх юм.

Улсын Их Хурал Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээр Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх болж өөрчлөгдсөн байхад анхан шатны шүүх шийдвэртээ “Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргахаар” зааж алдаа гаргасныг залруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 112 төгрөгөөс 23 373 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 38 739 төгрөгийг Т.Зандансүрэнд захирамжаар буцаан олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 26 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б.Баярхүүгээс 8 799 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Зандансүрэнд олгож, нэхэмжлэлээс 1 460 800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “хариуцагч Б.Баярхүүгээс улсын тэмдэгтийн хураамж 131 984, 24 /нэг зуун гучин нэгэн мянга есөн зуун наян дөрвөн төгрөг, хорин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Зандансүрэнд олгосугай” гэснийг “хариуцагч Б.Баярхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 155 738 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Зандансүрэнд олгосугай” гэж, 3 дахь заалтыг “Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд” гэснийг “Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

2. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 112 төгрөгөөс 23 373 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 38 739 төгрөгийг Т.Зандансүрэнд захирамжаар буцаан олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.                         

 

ДАРГАЛАГЧ                                 Т.ДАВААСҮРЭН

ШҮҮГЧИД                                   Г.УЛАМБАЯР

                                                          Д.БЯМБАСҮРЭН