Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/98

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Ч.Ө, Д.Ц нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт Ч-ийн Ө, Б ургийн овогт Д-гийн Ц нарт холбогдох эрүүгийн 2035000000113 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Ч-ийн Ө, 1971 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл зургаа, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт Увс аймгийн Тэс сумын гуравдугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: .......

Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Д-гийн Ц, 1972 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, малын бага эмч мэргэжилтэй, малчин, ам бүл зургаа, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт Увс аймгийн Тэс сумын гуравдугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: .........

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.Ц, Ч.Ө нар нь бүлэглэн Увс аймгийн Тэс сумын 6 дугаар багийн нутагт байрлах Засаг даргын Тамгын газрын байрны хажууд байрлах зогсоолоос 2020 оны 6 дугаар сарын 25-ны өглөөний 05 цагийн үед иргэн Ч.Д-гийн эзэмшлийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн “Мустанг-5” маркийн улсын дугааргүй, хүрэн өнгийн мотоциклыг хулгайлж 1’922’917 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр талууд эрүүгийн 2035000000113 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[1],

2. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[2],

3. Хохирогч Ч.Д-гийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр өгсөн “...2020 оны 6 дугаар сарын 24-ний орой би гэртээ байж байхад миний найз охин болох Ц.Ц 80914133 дугаарын утаснаас миний 89332502 дугаар луу 22 цагийн үед залгаад “миний бие өвдөөд байна хурдан ир” гэж дуудсан. Би өөрийн эзэмшлийн хүрэн өнгийн мотоциклтой сумын төв рүү явсан. Манай гэр сумын төвөөс 20 гаруй километр зайтай бөгөөд би сумын төвд 23 цагийн үед орж ирээд Мустанг-5 загварын мотоциклоо сумын захиргааны зүүн талын авто зогсоолд тавиад хуучин захиргаанд байх найз охины ажил руу орсон. Найз охины ажлын өрөөнд манай найз охин Ц.Ц, эгч Ц.Д бид гурав хамт хоносон. 2020 оны 6 дугаар сарын 25-ны өглөө 06 цагийн үед гэр лүүгээ явахаар мотоцикл тавьсан сумын захиргааны зүүн талын зогсоол дээр ирэхэд миний Мустанг-5 загварын хүрэн өнгийн мотоцикл хулгайлагдсан байсан...” гэх мэдүүлэг[3],

Хохирогчоор 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдөр дахин өгсөн “...Манай сумын цагдаагийн алба хаагч нар түргэн шуурхай ажиллаж миний Мустанг-5 загварын мотоциклийг Ч.Ө, Д.Ц нар авч явсныг олж тогтоон буцааж өгсөн. Ч.Ө, Д.Ц нар нь миний мотоциклийг авч явахдаа надад мэдэгдэж надаас зөвшөөрөл аваагүй. Миний эзэмшлийн Мустанг-5 загварын мотоциклыг надад мэдэгдэлгүй, ямар нэгэн зөвшөөрөл авалгүй, кундакторын салгаж авч явсанд гомдолтой байна...” гэх мэдүүлэг[4],

4. Гэрч Ж.О-ийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр өгсөн “...2020 оны 6 дугаар сарын 25-ны 06 цагийн үед Ч.Ө, Д.Ц гэх хүмүүс манай гэрт Мустанг-5 загварын хүрэн өнгийн мотоциклтой ирсэн. Ч.Ө, Д.Ц нар манай гэрт ороод цай уугаад гарахдаа “энэ мотоциклыг эзэн нь ирж авна” гэж хэлээд манай хашаан дотор үлдээгээд явсан. Яг ямар хүн ирж авах талаар надад хэлээгүй. 10 цагийн үед манай сумын цагдаа ирээд Ч.Ө, Д.Ц нарын авч ирсэн мотоциклыг аваад явсан...” гэх мэдүүлэг[5],

5. Гэрч Н.Т-ийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр өгсөн “...2020 оны 6 дугаар 25-ны үүрээр 05 цагийн үед манай гэрийн гадна мотоциклтой хүмүүс ирж зогсоод удалгүй гэрийн хаалга цохисон. Би өглөө эрт үүрээр хэн явж байдаг байна гэж бодоод “хэн бэ” гэж асуухад “Ч.Ө байна хаалгаа эгч” гэж хэлсэн. Би хаалга онгойлгож өгөхөд Ч.Ө, Д.Ц нар орж ирсэн. ...Ч.Ө, цагаан өнгийн шляпан малгай, хар хөх өнгийн биеийн тамирын цамц, хар өнгийн пүүзтэй байсан. Д.Ц цагаан өнгийн шляпан малгай, улаан өнгийн цамц, цэнхэр өнгийн жийнсэн өмд, хромон гуталтай байсан...” гэх мэдүүлэг[6]

6. Гэрч Б.Ч-гийн 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр өгсөн “...Ч.Ө, Д.Ц нар ямар нэгэн тээврийн хэрэгсэлгүй алхаж явсан. Ч.Ө, Д.Ц бид гурав манай гэрт очоод би “Чингис” гэх нэртэй 0.5 литрийн задалчихсан архинаас Ч.Ө, Д.Ц нар хийж өгөхөд амсах төдий уучхаад унтаад өгсөн. Өглөө 04 цаг өнгөрч байхад манай гэрээс гараад явсан хаашаа, яах гэж явж байгааг мэдээгүй...” гэх мэдүүлэг[7],

7. Гэрч М.Э-ын 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр өгсөн “...2020 оны 6 дугаар сарын 25-ны өглөө 08 цагийн үед Тэс сумын гуравдугаар багийн иргэн Ч.Д “миний эзэмшлийн Мустанг-5 загварын улсын дугааргүй хүрэн өнгийн мотоцикл сумын захиргааны зүүн талын автомашины зогсоолоос хулгайлагдсан” гэх гомдол гаргасан. Уг гомдлын дагуу сумын захиргааны зүүн талын автомашины зогсоол руу харсан сумын хяналтын камерын бичлэг шүүж үзэхэд камерын цагаар 05 цаг 06 минутын үед ертөнцийн зүгээр хойд зүгээс цагаан өнгийн шляпан малгай, хар хөх өнгийн цамц өмссөн, цагаан өнгийн шляпан малгай, улаан өнгийн цамц өмссөн хоёр хүн ирж байгаа дүрс бичигдсэн. Уг хоёр хүн мотоциклыг аваад Тэс сумын 6 дугаар багийн гуравдугаар хороолол 2-3 тоот гэх хаягтай цэнхэр өнгийн жижиг болон улбар шар өнгийн том хаалгатай, дэлгүүртэй айлд очсон байсан. Камерын бичлэгийн дагуу уг айлд очиход дэлгүүрт Н.Т зогсож байсан ба “өглөө 05 цагийн үед танайд мотоциклтой хоёр хүн ирсэн үү” гэж асуухад Н.Т “гуравдугаар багийн Ч.Ө, Д.Ц нар ирсэн” гэж хариулсан...” гэх мэдүүлэг[8],

8. Гэрч С.Ж-ын 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн “...Камерын бичлэгийн дагуу уг айлд очиход дэлгүүрт Н.Т зогсож байсан ба “өглөө 05 цагийн үед танайд мотоциклтой хоёр хүн ирсэн үү” гэхэд “гуравдугаар багийн иргэн Ч.Ө, Д.Ц нар ирсэн” гэж хариулсан. Н.Т-ийн дэлгүүрээс гараад алхаж байтал гудамжинд Д.Ц, Ч.Ө нарыг архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн согтуу явж байхад нь таарсан...” гэх мэдүүлэг[9],

9. 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 209 дугаартай “2020 оны 6 дугаар сарын байдлаар Увс аймгийн Тэс суманд “Мустанг-5” загварын шинэвтэр мотоциклын зах зээлийн үнэ цэнийн баримжаа 1’922’917 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт[10],

10. Шүүгдэгч Ч.Ө-ын яллагдагчаар өгсөн “...Бид хоёр тэдний гэрээс гараад алхаад Тэс сумын 6 дугаар багт байрлах Засаг даргын тамгын газрын байрны хажуу талын зогсоолын хажуугаар явж байхад зогсоол дээр хүрэн өнгийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн мотоцикл байсан бөгөөд би төрөл садангийн дүү Ц.А-г согтуу мотоциклоо үлдээчихсэн байна гэж бодоод “Ц.А-гийн мотоцикл мөн үү” гэж Д.Цаас асуухад Д.Ц “мөн байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би мотоциклын түлхүүр байхгүй учраас кундакторыг нь салгаж асаагаад хойд талын хэсэгтээ Д.Ц-ыг суулгаад н.Н-ын гэрт очиход сэрүүн байсан...” гэх мэдүүлэг[11],

11. Шүүгдэгч Д.Ц-ын яллагдагчаар өгсөн “...2020 оны 6 дугаар сарын 25-ны өглөө үүрээр дөрвөөс таван цагийн үед Ч.Ө бид хоёр гарч явсан бөгөөд Тэс сумын 6 дугаар багт байрлах Засаг даргын тамгын газрын байрны хажуу талын зогсоолын хажуугаар өнгөрч байхад хүрэн өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоцикл байсан. Ч.Ө “манай дүү Ц.А-гийн мотоцикл байна” гэж хэлээд тухайн мотоциклыг кундакторыг нь сугалаад асаасан. Манай гуравдугаар багийн иргэдийн нийтийн хурлын дарга Ц.А нь тухайн мотоциклтой ижил мотоциклтой байсан. Тэгээд мотоциклийг асаагаад суу гэхээр нь би Ч.Өын хойд талд мотоцикл дээр суугаад бид хоёр н.Н гэх айлын гэрийн гадна очоод тэдний гэрт ороход н.Н унтаж байгаад сэрсэн...” гэх мэдүүлэг[12] зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын ноцтой зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ч.Ө, Д.Ц нар нь 2020 оны 6 дугаар сарын 25-ны өглөө Увс аймгийн Тэс сумын зургаадугаар багийн нутагт байрлах тус сумын Засаг даргын тамгын газрын байрны хажуу талын зогсоолд байсан хохирогч Ч.Д-гийн Мустанг-5 загварын улсын дугааргүй мотоциклыг эзэмшигчийн зөвшөөрөлгүй, нууцаар, эзэмшигчид хүч хэрэглэхгүйгээр авсан үйл баримт мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Ч.Д, гэрч Ж.О, Б.Ч, Н.Т, М.Э, С.Ж нарын мэдүүлэг болон шүүгдэгч Ч.Ө, Д.Ц нарын хэргээ хүлээсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч Ч.Д-гийн Мустанг-5 загварын мотоцикл 1’922’917 төгрөгийн үнэлгээтэй болох нь 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 209 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” гэж тодорхойлсон байх тул хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Ч.Ө, Д.Ц нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, эзэмшигчийн зөвшөөрөлгүй бусдын эд хөрөнгийг авсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан ба шүүгдэгч Ч.Ө нь тухайн гэмт хэргийг үйлдэхийг санаачилж, мотоциклын кундакторыг салгаж асаагаад Д.Ц-тай хамт унаж явсан байх тул уг гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Ч.Ө, Д.Ц нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Ч.Ө, Д.Ц нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна. Иймд шүүгдэгч Ч.Ө, Д.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Ч.Д хулгайд алдсан 1’922’917 төгрөгийн үнэ бүхий Мустанг-5 загварын мотоциклыг буцаан авсан болох нь мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэлээр[13] тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Ч.Ө, Д.Ц нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Ч.Ө-ын хувийн байдлын талаар гэрч Ч.О-ийн “...Ч.Ө нь ...тайван дөлгөөхөн зантай дуу цөөтэй, ажилсаг, тусархуу, хичээнгүй, хүнтэй эелдэг боловсон харилцдаг, ямар нэг муу зуршилгүй, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, гэр бүлийн гишүүдтэй сайн харилцаатай, ах нарынхаа үгнээс гардаггүй, хааяа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам согтуу тавьдаггүй, мал маллахдаа сайн малч ухаантай...” гэх мэдүүлэг[14], гэрч М.Аюурзанын “...Ч.Ө нь тайван дөлгөөхөн зантай дуу цөөтэй ажилсаг, тусархуу, хичээнгүй, ямар нэгэн муу зуршилгүй, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, ах дүү төрөл садангийн хүмүүстэй сайн харилцдаг, нутаг усандаа нэр хүндтэй, өөрийн байр суурьтай, өөрийнхөө машинаар айлуудыг нүүлгэж өгдөг, гэр гэр бүлийн гишүүдтэй сайн харилцаатай, хааяа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам согтуу тавьдаггүй, мал маллахдаа сайн малч ухаантай...” гэх мэдүүлэг[15], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[16], Увс аймгийн Тэс сумын Суварга багийн Засаг даргын тодорхойлолт[17] зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлсэн байна. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Ө нь эхнэр, дөрвөн хүүхдийн хамт Увс аймгийн Тэс сумын Суварга багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Ц-ын хувийн байдлын талаар гэрч Л.Т-гийн “...Б.Ц нь тусгай дунд боловсролтой, малын бага эмч мэргэжилтэй, намайг хүүхэд байхаас хойш ажиглахад тайван дөлгөөхөн зантай, шулуун шударга, ажилсаг, тусархуу, хичээнгүй, хүнтэй эелдэг боловсон харилцдаг, ямар нэг муу зуршилгүй, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, тамхи татдаг, өөр ямар нэг муу зан авир гаргадаггүй, уурладаггүй, яриасаг, зантай, ах дүү нартайгаа зөв боловсон харилцдаг...” гэх мэдүүлэг[18], гэрч Х.С-ын “...Д.Ц нь тусгай дунд боловсролтой, малын бага эмч мэргэжилтэй, мэргэжлээрээ урьд өмнө ажиллаж байгаагүй, би манай дүүг эхнэрээ болгож хүргэн болсноос нь хойш мэддэг болсон ба тайван дөлгөөхөн зантай, дуу цөөтэй, ажилсаг, тусархуу, хичээнгүй, хүнтэй эелдэг боловсон харилцдаг, ямар нэг муу зуршилгүй, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, гэр бүлийн гишүүдтэй эелдэг боловсон харилцдаг, хүүхдүүдээ сайн хүмүүжүүлж зааж зөвлөдөг, яриасаг, хааяа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам согтуу тавьдаггүй, урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй, боловсролтой, хүмүүжилтэй, цэргийн алба хааж байгаагүй хүн юм...” гэх мэдүүлэг[19], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[20], Увс аймгийн Тэс сумын Суварга багийн Засаг даргын тодорхойлолт[21] зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлсэн байна. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Ц нь эхнэр, дөрвөн хүүхдийн хамт Увс аймгийн Тэс сумын Суварга багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Улсын яллагч “...Шүүгдэгч Ч.Ө, Д.Ц нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 380 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...” санал гаргасан, шүүгдэгч нар нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон боловч эрүүгийн хариуцлагын талаар санал гаргаагүй болно.

Шүүгдэгч Ч.Ө, Д.Ц нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлүүдээс зорчих эрх хязгаарлах ялыг сонгох нь зүйтэй гэж дүгнэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ө-д 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Д.Ц-т 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь уламжлалт нүүдлийн мал аж ахуй эрхэлж амьдардаг ба байгалийн гамшиг, цаг уурын нөхцөл байдал, бэлчээрийн нөөцөөс шалтгаалан нүүдэллэх шаардлага гарч болзошгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.

2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр шүүгдэгч Ч.Ө, Д.Ц нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба шүүгдэгч нар нь энэхүү хэрэгт 9 хоног цагдан хоригдсон байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж, 2 дахь хэсэгт “...цагдан хоригдсон нэг хоногийг ...зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор ...тооцож эдлэх ялаас хасна” гэж заажээ. Иймд шүүгдэгч Ч.Ө, Д.Ц нарын энэ хэрэгт цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, шүүгдэгч тус бүрийн зорчих эрхийг хязгаарлах ялаас 9 хоногийг хасах үндэслэлтэй.

Шүүгдэгч Ч.Ө, Д.Ц нарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б ургийн овогт Ч-ийн Ө, Б ургийн овогт Д-гийн Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ө-ыг 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Д.Ц-ыг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ө, Д.Ц нарт зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ө, Д.Ц нар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ө, Д.Ц нарын энэ хэрэгт цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, шүүгдэгч тус бүрийн зорчих эрхийг хязгаарлах ялаас 9 хоногийг хассугай.

6. Шүүгдэгч Ч.Ө, Д.Ц нараас гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэргийн хамт хадгалсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ө, Д.Ц нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Б.МӨНХЗАЯА

 

 

 

 

 

[1] хх-ийн 09-13 дүгээр хуудас

[2] хх-ийн 14-18 дугаар хуудас

[3] хх-ийн 29-30 дугаар хуудас

[4] хх-ийн 31-32 дугаар хуудас

[5] хх-ийн 36 дугаар хуудас

[6] хх-ийн 37 дугаар хуудас

[7] хх-ийн 38 дугаар хуудас

[8] хх-ийн 41-42 дугаар хуудас

[9] хх-ийн 43-44 дүгээр хуудас

[10] хх-ийн 62 дугаар хуудас

[11] хх-ийн 74-76 дугаар хуудас

[12] хх-ийн 81-83 дугаар хуудас

[13] хх-ийн 11 дүгээр хуудас

[14] хх-ийн 52-53 дугаар хуудас

[15] хх-ийн 54-55 дугаар хуудас

[16] хх-ийн 95 дугаар хуудас

[17] хх-ийн 100 дугаар хуудас

[18] хх-ийн 48-49 дүгээр хуудас

[19] хх-ийн 50-51 дүгээр хуудас

[20] хх-ийн 109 дүгээр хуудас

[21] хх-ийн 113 дугаар хуудас