Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2023/0335

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э

Нэхэмжлэлийн шаардлага: “...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 142 дугаар шийдвэрээр “Н ” ХХК-ийн ХV-005355, ХV-005359 хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах... тухай 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 104 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин

Хэргийн индекс: 128/2020/0477/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Н ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 142 дугаар шийдвэрээр “Н ” ХХК-ийн ХV-005355, ХV-005359 хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 104 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 22 дугаар зүйлийн 22.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н  ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 142 дугаар шийдвэрээр Н  ХХК-ийн ХV-005355, ХV-005359 хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

3.1 “... Дээрх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Уран, газрын ховор элемент эрчим хүчний үйлдвэртэй холбогдсон үйл ажиллагаанд хяналт тавих тухай” 2011 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 181 дүгээр зарлигт “үндэсний эрх ашиг, эдийн засгийн аюулгүй байдалд нөлөө үзүүлэх уран, газрын ховор элементийн хайгуул, олборлолтын тусгай зөвшөөрлийг олгох, эрх шилжүүлэх, эрчим хүчний үйлдвэр барьж байгуулах асуудлаар шийдвэр гаргахын өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж байхыг холбогдох төрийн байгууллагуудад үүрэг болгосон байдаг. Гэтэл “Нуклэр энержи монголиа” ХХК-ийн цацраг идэвхит ашигт малтмалын хайгуулын ХV-005355, ХV-005359 тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэр гаргахдаа Ерөнхийлөгчийн 2011 оны 181 дүгээр зарлигт заасны дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэр гаргаагүй.

3.2. Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахтай холбоотой зохицуулаптыг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлээр зохицуулсан. Уг зүйлд зааснаар Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь сунгуулах өргөдлийг ямар бичиг баримт бүрдүүлж, хаана гаргах, зөвшөөрлийг сунгах, сунгахаас татгалзах зэрэг асуудлыг зохицуулсан байна ... “Н ” ХХК нь хайгуулын ажлын тусгай зөвшөөрлийг сунгуулахыг хүссэн өргөдлийг удаа дараа гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 22.4-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлага” заасныг хангасан байсан. Гэтэл ашигт малтмал газрын тосны газрын Кадастарын хэлтсийн даргын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 142 дугаар шийдвэрээр “Н ” ХХК-ийн Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

3.3. Ашигт малтмал газрын тосны газрын Кадастарын хэлтсийн даргын 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 142 дугаар шийдвэр нь 22.4-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж заасантай нийцээгүй. Өөрөөр хэлбэл хуульд байхгүй үндэслэлээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан. Байгаль орчны менежментын шинэчилсэн төлөвлөгөө батлуулаагүй бол тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзана гэсэн үг өгүүлбэр, утга санаа Ашигт малтмалын тухай хуульд огт байхгүй. Харин өргөдөл гаргахдаа хавсаргах бичиг баримтад байгаа болохоос зөвшөөрлийг хугацааг сунгахаас татгалзах үндэслэл болохгүй. Мөн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан хавсаргаагүй гэсэн байна. Гэтэл “Н ” ХХК нь 2014, 2015, 2016 онуудад хуульд заасан зардал гаргаж, хайгуулын ажил гүйцэтгэсэн. Үүнийгээ ашигт малтмал газрын тосны газрын мэргэжилтэн хүлээлгэн өгч тайлан тооцоо хийсэн ... Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримт байхгүй, мөн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайланг хүлээлгэн өгсөн нь нотлогдохгүй тул тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсугай” гэсэн байна.

3.4. Гэтэл “Н ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Тариат, Жаргалант, Өндөр-Улаан сумдын Засаг дарга нарт Байгаль орчны менежментын шинэчилсэн төлөвлөгөө батлуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан, шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байсан. Харин Ашигт малтмал газрын тосны газрын Кадастарын хэлтсийн даргын 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 8/1944 дүгээр албан бичгээр Нуклэр энержи монголиа ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 142 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн болохыг мэдэгдсэн байна. Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан үндэслэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримт байхгүй гэж үзжээ.

3.5. Гэтэл Архангай аймгийн Тариат, Жаргалант, Өндөр-Улаан сумдын Засаг дарга нарт Байгаль орчны менежментын шинэчилсэн төлөвлөгөө батлуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 178 дугаар шийдвэрт “Н ” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болсныг бүртгэсэн Кадастарын хэлтсийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн бүртгэл, Кадастарын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 475 дугаар шийдвэрийн талаар талууд маргаагүй байна.” гэж дүгнэсэн бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болсон гэж үзсэн байна. Гэтэл хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, дуусгавар болгох эрх бүхий байгууллага болох Ашигт малтмал газрын тосны газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 53.1.1-д заасны дагуу Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан гэдэг үндэслэлээр тусгай зөвшөөрлийг дуусгавар болгоогүй байна. Харин Ашигт малтмал газрын тосны газар нь 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 142 дугаар шийдвэрээр “Н ” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзаж шийдвэрлэснээс үзэхэд “Н ” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрөл нь 2017 онд дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй. Уг шийдвэрийг гардаж аваад бид шүүхэд хандсан.

3.6. Мөн Байгаль орчны төлөвлөгөө батлахгүй байгаа сумын Засаг дарга нарын шийдвэрийг хууль бус болохыг тогтоох, төлөвлөгөөг батлахыг сумын Засаг дарга нарт даалгах тухай нэхэмжлэлтэй хэрэг нь Улсын дээд шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байхад Ашигт малтмал газрын тосны газрын хайгуулын тусгай зөвшөөрлийг хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд үүнийгээ Улсын Их Хурлын гишүүн Г.Т-д албан бичгээр хүргүүлснийг улс төрийн нөлөөлөл орсон гэж үзэж байна. Иймд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 104 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2.1. Н ХХК нь “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 142 дугаар шийдвэрээр “Н ” ХХК-ийн ХҮ-005355, ХҮ-005359 хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргажээ.

2.2. Анхан шатны шүүх “...Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 475 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “Н ” ХХК-ийн цацраг идэвхт ашигт малтмалын ХҮ-005355, ХҮ-005359 тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хүлээн авч, бүртгэхээр шийдвэрлэсэн боловч, нэхэмжлэгч компаниас өөрийн эрх, хууль ёсны сонирхлыг хамгаалах үүднээс хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг /маягт К-11/ бөглөн, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-т хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар хавсарган өгсөн боловч 22.1.2-т “...хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3-д “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт, 22.1.4-т “...хайгуулын тухай үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” заасан баримтуудыг бүрдүүлэн өгөөгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-22.1.4-т заасан баримтуудыг нөхөн бүрдүүлэн өгөх боломжит хугацааг олгосон хэдий ч нэхэмжлэгч “Н ” ХХК-иас түүнийг нөхөн бүрдүүлж ирүүлээгүй. Нэхэмжлэгч Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах хуулиар хүлээсэн үүргээ өөрөө хэрэгжүүлээгүй байна” гэж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ.

2.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоо “...Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахтай холбоотой зохицуулалтыг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлээр зохицуулсан. Уг зүйлд зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь сунгуулах өргөдлийг ямар бичиг баримт бүрдүүлж, хаана гаргах, зөвшөөрлийг сунгах, сунгахаас татгалзах асуудлыг зохицуулсан. Байгаль орчны төлөвлөгөө батлахгүй байгаа сумын Засаг дарга нарын шийдвэрийг хууль бус болохыг тогтоох, төлөвлөгөөг батлахыг сумын Засаг дарга нарт даалгах тухай нэхэмжлэлтэй хэрэг Улсын дээд шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байхад Ашигт малтмал газрын тосны газраас хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн. Байгаль орчны менежментийн шинэчилсэн төлөвлөгөө батлуулаагүй бол тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзана гэсэн үг өгүүлбэр, утга санаа Ашигт малтмалын тухай хуульд огт байхгүй” гэж маргасан байна.

2.4. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана” гээд 22.1.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар”, 22.1.2-д “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт 22.1.3-д “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”, 22.1.4-д “хайгуулын тухай үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” гэж тус тус заасан.

2.5. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газраас Архангай аймгийн Жаргалант, Тариат сумын “Асар уул” нэртэй газарт орших 15687 гектар талбайг хамарсан хайгуулын талбайд цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын ХҮ-005355, Архангай аймгийн Жаргалант, Тариат, Өндөр-Улаан сумын “Далтын овоо” нэртэй газарт орших 27709 гектар талбайг хамарсан хайгуулын талбайд цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын ХҮ-005359 тусгай зөвшөөрлүүдийг 2009 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр олгож, 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг дуустал, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаагаар тус тус сунгаж үүнээс хойш эрх бүхий байгууллагаас дээрх хоёр тусгай зөвшөөрлүүдийг сунгаагүй бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн байна.

2.6. “Н ” ХХК-иас 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ХҮ-005355, ХҮ-005359 тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг эрх бүхий байгууллагад гаргасан боловч Маягт К-11-д заасан Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан тухай баримт, хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай болон хайгуулын тухай үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримтыг хавсаргаж өгөөгүй, нөхөн бүрдүүлэх хугацааг олгосон боловч ирүүлээгүй байна.

2.7. Мөн Архангай аймгийн Жаргалант, Тариат, Өндөр-Улаан сумын Засаг дарга нар 5355Х, 5359Х дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн 2018, 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Засаг дарга нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Засаг дарга нарт даалгах нэхэмжлэлийг “Н ” ХХК-иас дээрх захиргааны байгууллагын оршин байгаа газрын захиргааны хэргийн шүүхэд хандан нэхэмжлэлийг гаргажээ.

2.8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 75 дугаар магадлалаар “Архангай аймгийн Жаргалант, Тариат, Өндөр-Улаан сумын Засаг дарга нарын “Н ” ХХК-ийн 2018, 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан нь хууль зөрчөөгүй” гэж дүгнэн тус компанийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг Улсын Дээд шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 178 дугаартай дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэж, уг магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

2.9. Дээрх үйл баримтуудаас үзвэл нэхэмжлэгч “Н ” ХХК нь хуульд заасан хугацаанд багтаж Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу өргөдлөө, хавсаргах баримтуудын хамт төрийн захиргааны байгууллагад гаргаагүй, түүнчлэн нэхэмжлэгчээс “2018, 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Засаг дарга нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Засаг дарга нарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх болон Улсын Дээд шүүхээс хянаж, хэрэгсэхгүй болгосноор уг баримтыг хавсаргаж, өргөдлөө гарган хугацааг сунгуулах боломжгүй болсон байх тул нэхэмжлэгчийн ХҮ-005355, ХҮ-005359 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 142 дугаар шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

2.10. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуульд заасан шаардлагыг хангаагүй байхад тусгай зөвшөөрлийн хугацааг хариуцагч сунгахаас татгалзаж шийдвэр гаргахдаа Ерөнхийлөгчийн 2011 оны 181 дүгээр зарлигт заасны дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэр гаргаагүй, хуульд байхгүй үндэслэлээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй бол тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзана гэсэн үг өгүүлбэр, утга санаа Ашигт малтмалын тухай хуульд огт байхгүй...” гэх гомдлыг хангах боломжгүй.

2.11. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 0104 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Н ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэргэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэргэлсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

 

                        ШҮҮГЧ                                                             Д.ОЮУМАА

 

           ШҮҮГЧ                                                             О.ОЮУНГЭРЭЛ