Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2022/0838/З |
Дугаар | 221/МА2023/0212 |
Огноо | 2023-03-30 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2023/0212
Д.Б нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г
Хэргийн оролцогчид:
НэхэмжлэгД.Б
Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын улсын ахлах байцаагч Л.А, Б.З, П.У
Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 32/67 тоот Илүү олгосон тэтгэврийг төлүүлж, дутуу олгосон тэтгэврийг нөхөн олгох тухай актын 4 дэх хэсгийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн 25 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.Бадамням,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э
Хариуцагч Б.З, П.У
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна
Хэргийн индекс: 128/2021/0876/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Б аас Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч нарт холбогдуулан “Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 32/67 тоот Илүү олгосон тэтгэврийг төлүүлж, дутуу олгосон тэтгэврийг нөхөн олгох тухай актын 4 дэх хэсгийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн 25 дугаар шийдвэрээр:
“Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч нарын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 32/67 тоот актын 4 дэх заалтын Д.Б д холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3/гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, Т.О нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.“...Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 2015-2018 оны хооронд шинээр тогтоогдсон тэтгэврийн тогтоолт, олголтын үндэслэлийг мэдээллийн нэгдсэн сангийн өгөгдөл, анхан шатны баримтад тулгуурлан шалгах шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Шалгалтаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь заалтад “Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 5-аас доошгүй жил, үүнээс 1 жил нь тасралтгүй төлсөн тэжээгч нас барсан бол гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд нь түүний шимтгэл төлсөн нийт хугацаанд ногдох тэжээгчээ алдсаны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй” гэсэн заалтыг үндэслэн тухайн үед иргэн Б.Ууганзаяад тэжээгчээ алдсаны тэтгэвэр 2015 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс тогтоогдсон байсан.
Нэхэмжлэгч Д.Б нь тухайн сумыг хариуцсан байцаагчаар ажиллаж байсан бөгөөд сумын байцаагч нь тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох материалыг шалган хүлээн авч тэтгэвэр, тэтгэмжийг тогтоолтын хуудас үйлдэн аймгийн нийгмийн даатгалын хэлтэс рүү шилжүүлэх ажлыг гүйцэтгэж, хэрэгжүүлж ажилладаг ба иргэний материалыг хүлээн авч тэтгэвэр шалган тэтгэвэр тогтоолтын хуудас үйлдэн аймгийн нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлсэн байна.
Иргэн Б.У нь түүний гэр бүлийн хүн болох талийгаач Д.Б нас барсны дараа ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1991-2000 оны хооронд нөхөн тооцуулсан баталгаажилтын хуудсыг тэтгэвэр тогтоох анхан шатны баримт болгон бүрдүүлж өгсөн бөгөөд Д.Б нөхөн тооцуулсан 9 жил 6 сарыг холбогдох хууль тогтоомжийг зөрчиж нөхөн төлсөн болох нь тогтоогдсон.
Уг баталгаажилтын хуудсыг үндэслэн иргэн Б.У тэжээгчээ алдсаны тэтгэвэр үндэслэлгүй олгосон. Уг тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтыг үндэслэн гэм буруутай албан тушаалтаар төлүүлэхээр шийдвэрлэсэн Монгол улсын дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 47 дугаар тогтоолын 2.8-д Нийгмийн даатгалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан "нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр тэтгэмж" гэж нийгмийн даатгалын байгууллагын ажилтан албан үүрэгтээ хайнга хандсанаас шалтгаалан тэтгэвэр тэтгэмж үндэслэлгүйгээр илүү тогтоосон, эсхүл тогтоосон тэтгэмжээс олгосон байхыг хэлнэ.
Тэтгэвэр, тэтгэмж үндэслэлгүйгээр илүү тогтоосон тохиолдолд нийгмийн даатгалын байгууллага тэтгэвэр, тэтгэмж буруу тогтоосон шийдвэрийг хүчингүй болгож, тэтгэвэр авагчид илүү олгогдсон төлбөрийг буруутай албан тушаалтнаар гаргуулна гэж заасан байдаг.
Мөн тэжээгчээ алдсаны тэтгэвэр нь өөрөө онцгой бөгөөд нас барсан гэрчилгээг заавал хувийн хэрэгт хавсаргадаг. Байцаагч өөрийн албан тушаалын чиг үүргийн дагуу бүрдүүлсэн материалыг шалган авах үүрэгтэй бөгөөд байцаагч Д.Б нь би сумаа сайн мэднэ талийгаачийг нас барсан эсэх талаар мэдэж байсан гэж анхан шатны шүүх хурал дээр дурдсан, тэтгэврийг тогтоож тэтгэвэр тогтоолтын хуудас дээр гарын үсэг зурж аймгийн нийгмийн даатгалд ирүүлсэн байх тул алдаа гаргасан албан тушаалтан мөн гэж үзэж байна.
Мөн тэтгэвэр олгож эхэлсэн өдөр нь 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байх бөгөөд иргэний өргөдөл өгсөн өдрөөс эхлэн тэтгэвэр олгохоор заасан байдаг үүнээс харахад иргэн Б.У тэтгэвэр тогтоолгохоор өгсөн өргөдлийг ням гарагт байцаагч хүлээн авсан, 2013 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр нас барсан байхад тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгохоор 1 жил 5 сарын дараа тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан нь санаатайгаар хийсэн үйлдэл гэж харагдахаар байна.
Гэтэл захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ/2023/0025 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-д "Б.У тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоож шийдвэрлэсэн нь тухайн үед нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан Д.Б буруутай үйл ажиллагаанаас хамаарсан гэж үзэхгүй байна" гэсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ/2023/0025 дугаар шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.
1.Нэхэмжлэгч Д.Б нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байхдаа буюу 2015 оны 2 дугаар сарын 1-ний өдөр иргэн Б.У тэжээгчээ алдсаны тэтгэврийг мөн өдрөөс олгохоор шийдвэрлэсэн, гэвч Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 32/67 дугаар актаар Хөвсгөл аймгийн нийгмийн даатгалын хэлтэст хандаж Б.У илүү олгосон 12.768.000 төгрөгийг гэм буруутай албан тушаалтнаар хариуцуулан тэтгэврийн даатгалын санд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хариуцагч улсын байцаагчдаас анх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан бичгийн тайлбартаа “…Хөвсгөл аймгийн нийгмийн даатгалын хэлтэст төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн ажлын хэсгээс Тариалан сумын байцаагч асан Д.Б нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1/811 тоот албан бичгээр өгсөн чиглэлийг тус тус зөрчиж нийгмийн даатгалын санд хохирол учруулсан…” гэсэн тайлбар гаргасан атлаа давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагч, улсын байцаагч Б.З “…актыг Хөвсгөл аймгийн нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан бичсэн, түүнээс Ч.Бадамнямыг төл гэсэн шийдвэр гаргаагүй. Актын хавсралтын 6-д “Д.Б” гэдэг нэр байдаг. Үүнийг тэтгэврийн материалыг хариуцаад тэтгэвэр тогтоосон анхны байцаагч, мөн Тариалан сумын тэтгэврийн хувийн хэргийг Д.Б байцаагч хариуцдаг байсан учраас бичсэнээс биш актаар гэм буруутай албан тушаалтныг тогтоогоогүй” гэж тайлбарласан.
Эдгээр тайлбар болон актын агуулгаас үзэхэд “гэм буруутай” гэх албан тушаалтныг маргаан бүхий актаар тодорхойлсон эсэхийг хариуцагчаас нэг мөр тодруулах ажиллагааг бүрэн хийх шаардлагатай байна.
2.Гэтэл шүүхийн шийдвэрт “…Б.У илүү олгосон тэтгэврийг Д.Б аар төлүүлэхээр шийдвэрлэснийг зөвтгөх боломжгүй. …2015 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн тэтгэвэр тогтоолтын хуудаст Д.Б аас гадна дарга, тасгийн дарга, ерөнхий нягтлан бодогч гарын үсэг зурсан…, “гэм буруутай албан тушаалтан” гэдэгт алдаатай тэтгэвэр тогтоолтын хуудсыг анх үйлдсэн байцаагчаас гадна түүнийг хянасан, баталгаажуулсан, мөн алдаатай баталгаажуулалтын хуудас олгосон албан тушаалтнуудыг нийтэд нь хамааруулан авч үзэх шаардлагатай…” гэж дүгнэн хариуцагчаас дахин шинэ акт гаргатал 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн нь биелүүлэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэжээ.
Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхаас гадна хэрэгжих бодит боломжтой байх ёстой.
3.Актаар илүү олгосон тэтгэврийг төлүүлэхийг буюу актын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймгийн нийгмийн даатгалын хэлтэст үүрэг болгосноос бус нэхэмжлэгч Д.Б ыг төл гэж шийдвэрлээгүй болохоо хариуцагчид давж заалдах шатны шүүх хуралдаанд илэрхийлсэн болно.
Иймд актыг хэрэгжүүлэх үүрэг бүхий Хөвсгөл аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 72 дугаар албан бичгээр актаар тогтоогдсон төлбөрийг нэхэмжлэгчээс төлж барагдуулахыг шаардсан нь үндэслэлтэй эсэх, мөн тэтгэвэрт гарсан хүнээс ийнхүү шаардаж болох эсэх талаар тус хэлтсээс тодруулах шаардлагатай.
4.Түүнчлэн “…ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хууль хэрэгжсэнээс хойш баримт бичгээ бүрдүүлж чадалгүйгээр нас барсан иргэдийн нас барахаас өмнөх 1990-2000 оны хоорондох ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын вэб хуудасны асуулт, хариултын буланд “болно” гэж байснаас бус Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” 1/811 дүгээр албан бичгээр “…тухайн иргэн нас барснаас хойших хугацаанд түүний гэр бүлийн болон бусад этгээд дээрх хуулийн дагуу нас барсан иргэний 1990-2000 онуудад тасарсан ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулахаар бүртгүүлж, ажилласан жилийг нөхөн тооцуулсан бол үүнийг хүчингүйд тооцно” гэсэн заавар өгсөн болохыг 2019 оны шалгалтын үеэр л мэдсэн. Энэ заавар ирснийг аймгийн нийгмийн даатгалын хэлтсийнхэн ч мэдээгүй байсан…” гэх, мөн тухайн үед Б.У надтай хамт ажиллаж байсан сумын эрүүл мэнд хариуцсан нийгмийн даатгалын байцаагч Ч.Т хандаж “…нас барсан нөхрийнхөө ажилласан жил нөхөн тооцуулахаар бүрдүүлж байсан хүсэлтийг өгөхөд тэрбээр аймгийн нийгмийн даатгалын холбогдох албан тушаалтнаас амаар асууж тодруулахад “…хууль гарснаас хойш нас барсан бол болно” гэсэн хариу өгсөн тул 9 жил 6 сар ажилласан жил олгохоор материалыг нь авч аймгийн нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлсэн. Тухайн үед ажлын ачаалал ихтэй, сумын төвийн Мандал, Бадрах багийг байцаагч Ч.Т, хөдөөгийн 4 багийг би хариуцаж байсан болохоор сумын төвийн багийн харьяат Б.Ууганзаяа надтай огт уулзаагүй, би ч мэдэлгүй өнгөрсөн…” гэх нэхэмжлэгчийн тайлбартай холбогдуулан энэ талаарх нотлох баримтуудыг цуглуулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.
Иймд дээрх ажиллагааг бүрэн хийсний үндсэн дээр Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль үйлчилж байх үед батлагдсан “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах иргэний нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх журам”-д заасны дагуу Б.У нөхөр талийгаач Д.Б нөхөн даатгал хийж, баталгаажуулалтын хуудас үйлдсэн энэ тохиолдолд тэрхүү баталгаажуулалтын хуудсыг үндэслэж Б.У тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгохоор “Тэтгэвэр тогтоолтын хуудас” нээсэнд нэхэмжлэгч Д.Б буруутай үйл ажиллагаа байгаа эсэхэд дүгнэлт өгч хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй.
Хэргийг дахин хянан шийдвэрлэхдээ Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрөөс 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 14 хоногийн хугацаанд холбогдох хуулийн хэрэгжилтийг шалгаж, илүү олгосон тэтгэврийг төлүүлэхээр шийдвэрлэсэн 32/67 актын оныг “2018” гэж бичсэн нь ямар учиртай болохыг хариуцагчаас тодруулбал зохино.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн 25 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН