| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2016/0793/з |
| Дугаар | 418 |
| Огноо | 2016-11-28 |
| Маргааны төрөл | Сонгууль, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 418
Ч.Даваажавын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Ч.Даваажав, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Гомбодорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амартунгалаг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батбаяр нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2016/0663 дугаар магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Ч.Даваажавын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 744 дүгээр шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2, 157.2.7, 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Даваажавын Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн “Бүртгэхээс татгалзах тухай” 03 дугаар тогтоолын Ч.Даваажавт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Ч.Даваажавыг Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг Сүхбаатар дүүргийн сонгуулийн хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2016/0663 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 744 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амартунгалаг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн сонгуулийн хороо нь 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн хурлаар нэр дэвшигчдийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргахдаа Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн Ч.Даваажавыг Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэг, 157 дугаар зүйлийн 157.2.7 дахь хэсгийг зөрчсөн байх тул олонхын саналаар бүртгэхээс татгалзсан байна.
Ч.Даваажав нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д заасан заалтыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл Ч.Даваажав нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.7 дахь заалтад зааснаар албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтээ нотариатаар батлуулж хуулбарыг сонгуулийн хороонд ирүүлээгүй бөгөөд холбогдох байгууллагаас өргөдлөө өгсөн эсэх тухай тодруулан, нягтлан шалгахад ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ хуульд заасан хугацаанд тухайн байгууллагын эрх бүхий этгээдэд илэрхийлээгүй, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй нь Сонгуулийн хороонд ирүүлсэн баримт болон хавтас хэрэгт авагдсан шүүхийн үзлэг хийсэн баримтуудаар тогтоогдсон болно.
Сонгуулийн хороо хуулийн хугацаанд өөрөөр хэлбэл Сонгуулийн жилийн 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлээгүй нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй нь тогтоогдсон тул сонгуулийн хороо хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гишүүдийн олонхын саналаар хуульд заасан үндэслэлээр өөрөөр хэлбэл тус хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2, 158.1.3-т заасныг баримтлан бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан,
Мөн Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтас хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхээс үзлэг хийсэн баримт нэхэмжлэгчийн өөрийн гаргасан тайлбар зэргийг үндэслэн шийдвэрээ гаргасан байдаг. Анхан шатны шүүхээс урьдчилан хэлэлцүүлэг хийж шүүхэд нэмж гаргаж өгөх нотлох баримт байгаа эсэхийг удаа дараа лавлаж, тайлбарласаар байхад нэхэмжлэгчийн зүгээс ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй байдаг. Гэтэл Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5, 34.6 дахь заалтуудыг зөрчин нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан утасны гэх аудио бичлэгийг үндэслэн энэхүү хууль бус үйл ажиллагааг эс хэрэгсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгосон байна. Иймд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Сонгуулийн тухай хуулийн 154.4, 157.2.7 дахь заалтуудыг буруу хэрэглэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчин хуулийн болон бодит үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь зөв байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ч.Даваажав нь Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороонд холбогдуулан 2016 оны 9 дүгээр сарын 6-ны 3 дугаар тогтоолын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагчаас “төрийн албан чөлөөлөгдөх хүсэлтээ хуульд заасан хугацаанд тухайн эрх бүхий байгууллагад илэрхийлээгүй, чөлөөлөгдөх хүсэлтийг хуулбарыг Сонгуулийн хороонд ирүүлээгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг орон нутгийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй.
Нэхэмжлэгчээс “ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Сонгуулийн хороонд өгсөн” гэж маргаж байх бөгөөд нэхэмжлэгчээс нийт 23 хуудас баримтыг Сонгуулийн хороонд ирүүлсэн, түүнээс ямар ямар баримтууд нийлж, 23 хуудас болсон гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдоогүй гэж үзлээ.
Тухайлбал хавтаст хэргийн 63 дугаар талд дүүргийн Сонгуулийн хорооны тамга бүхий 2016 оны Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчийн бүрдүүлсэн материал гэх баримт байх бөгөөд уг хүснэгтэд бичигдсэн тоо нь нийт хуудас 23-т тохирохгүй, “...ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбар” гэх хүснэгтэд тоо эсхүл тэмдэг тавьсан болох нь тодорхойгүй, эргэлзээтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт зааснаар шүүх нь нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн үнэлэх чиг үүрэгтэй, энэ хүрээнд нэхэмжлэгчээс ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг Сонгуулийн хороонд хүргүүлсэн эсэх үйл баримтыг дахин тодруулах шаардлагатай байна.
Иймээс магадлалыг хэвээр үлдээж, хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 663 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ