Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 689

 

 

 

 

 

 

 

 

 

 

С-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор Г.Хурц,

          шүүгдэгч С-, түүний өмгөөлөгч А.Энхбуйр,

          нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

         

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 24ий өдрийн 757 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ч.Отгонсүрэнгийн бичсэн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 29 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл, хохирогч Х.Бум-Эрдэнийн өмгөөлөгч Г.Нацагдоржийн гаргасан давж заалдах гомдлоор С-д холбогдох эрүүгийн 2013 0100 0141 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн С- /Siriguleng/, 1970 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Өвөр Монголын Өөртөө Засах орны Жирмийн аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт  дугаар байрны  тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /паспортын дугаар: /,

 

БНХАУ-ын иргэн С- /Siriguleng/ нь шунахайн сэдэлтээр, удаа дараагийн давтан үйлдлээр:

- 2011 онд иргэн Х.Бум-Эрдэнэд “Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас 5 ширхэг “Норд бенз”загварын автомашиныг оруулан ирж хамтран ажиллана, урьдчилгаа мөнгө хэрэгтэй” хэмээн хэлж 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Шинэ төгрөг” банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан 150.000 юань буюу 32.460.000 төгрөгийг Бүгд Найрамдах Хятад Ард Улс дахь өөрийн дансанд шилжүүлэн авсан, 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотод 6.000.000 төгрөгийг бэлнээр авч, нийт 38.460.000 төгрөгийг итгэл эвдэх замаар залилан мэхэлсэн,

- 2014 оны 10 дугаар сард “Чингис” зочид буудлын үүдэнд Д.Мартаас “Амгалан дахь дулааны станцад ажил олж өгье, урьдчилгаанд мөнгө тушаах хэрэгтэй байна” хэмээн хэлж итгүүлэн 10.000.000 төгрөгийг залилан мэхэлсэн,

- 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр иргэн А.Цэвээнжаваас “Амгалан дулааны цахилгаан станцын сантехникийн ажил хийлгэнэ” хэмээн хэлж итгүүлэн 10.000.000 төгрөгийг залилан мэхэлсэн,

- 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ц.Өлзийбат /Wulijibatu/-аас “Амгалан цахилгаан станцын сантехникийн угсралтын ажилд хамтран хөрөнгө оруулалт хийж зарцуулна” хэмээн 5040 ам.доллар буюу 9.989.734 төгрөгийг залилан мэхэлсэн,

- 2015 оны 3 дугаар сард “Чингис” зочид буудлын гадаа иргэн Ц.Амармэндээс “Баянзүрх дүүрэгт баригдаж буй Амгалангийн дулааны цахилгаан станцад сантехник угсралтын ажил байна, авч өгөх тул батлан даалтын мөнгө өг” хэмээн хэлж итгүүлэн 10.000.000 төгрөгийг залилан мэхэлсэн,

- 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улсын их дэлгүүрийн зүүн талын автомашины зогсоол дээр Ж.Жамбалаас “Амгалангийн дулааны шугам сүлжээ, сантехникийг засаж шугам тавина, хамтран ажиллана” хэмээн хэлж 10.000.000 төгрөгийг залилан мэхэлсэн,

- 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Амгалан дулааны цахилгаан станцын гадаа иргэн М.Мөнхнарангаас “Амгалангийн цахилгаан станц дахь барилгад будгийн ажил хийхэд мөнгө хэрэгтэй байна, 7 хоногийн дараа 25.000.000 төгрөг болгож өгнө” хэмээн хуурч мэхлэх аргаар 20.000.000 төгрөгийг залилан мэхэлсэн,

- 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Чингис” зочид буудлын үүдэнд иргэн О.Батжаргалаас “Амгалан дахь цахилгаан станцад 160.000.000 төгрөгийн будгийн ажил олж өгнө” хэмээн хэлж итгүүлэн 10.000.000 төгрөгийг залилан мэхэлсэн,

- 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны салбарт иргэн М.Наранмандахаас “Амгалан дахь цахилгаан станцад будгийн ажил хийгээд 60.000.000 төгрөг болгож өгнө” хэмээн хэлж итгүүлэн 20.000.000 төгрөгийг залилан мэхэлж, бусдад нийт 138.449.734 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

Мөн 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2015 оны 11 дүгээр сарын 30-наас 2016 оны 2 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: С- /Siriguleng/-ийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Siriguleng /С-д/-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож,

Прокуророос Siriguleng /С-д/-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 болгон зүйлчилж, Siriguleng /С-/-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилан, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Siriguleng /С-/-г 40.000 нэгж буюу 40.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Siriguleng /С-/-д шүүхээс оногдуулсан 40.000.000 төгрөгийн торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Siriguleng /С-/-д шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Siriguleng /С-/-ийн урьдчилан цагдан хоригдсон 550 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх нэгжээр тооцож, 8250 нэгж буюу 8.250.000 төгрөгийг торгох ялаас хасаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн CD-R52X 2 ширхэг СD-г хэрэгт хадгалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 12.000 юань буюу 3.674.280 төгрөг, мөн 740.000 төгрөг, нийт 4.414.280 төгрөгийг торгуулийн ялд тооцуулахаар Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх албанд шилжүүлж, Siriguleng /С-/-ийн Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд байршуулсан 6.460.000 төгрөгийг Төрийн сангийн данснаас гаргуулж хохирогч Х.Бум-Эрдэнэд олгож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

           

Прокурор Ч.Отгонсүрэн бичсэн эсэргүүцэлдээ: “... шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, тогтоолд өөрчлөлт оруулж, зөвтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

1. Шүүгдэгч Siriguleng /С-/-гийн мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн үйлдэл нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон боловч 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь шинэчлэн батлагдсан 2015 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцогдохгүй болсон.

Мөн түүнчлэн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон” үндэслэлээр шүүх хэргийг хэрэгсэхгүй болгохоор тус тус хуульчилсан.

Гэтэл анхан шатны шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийхдээ шүүгдэгч Siriguleng /С-/-гийн дээрх үйлдлийг “гэмт хэргийн шинжгүй” гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамлаагүй, мөн хуулийн нэрийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар” гэж буруу бичсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

2. Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгт “бусдад нийт 138.449.734 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулж, бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, хариу төлбөр хийх зорилгогүйгээр тэдгээрийн эд хөрөнгийг авч байгаа буюу бусдыг залилсан үйл ажиллагаа гэж дүгнэхээр байна. Шүүгдэгч Siriguleng /С-/ нь огт болоогүй, бодит бус асуудлын үр дүнгийн талаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан нь бусдын эд хөрөнгийг авах гэмт хэргийн шинжийг бүрэн тодорхойлж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүх хохирлын байдлыг дараах байдлаар шийдвэрлэв. Үүнд: Хохирогч Х.Бум-Эрдэнээс 38.460.000 төгрөгийн хохирол учруулснаас 32.000.000 төгрөгийг төлж барагдуулсан ба үлдэх 6.460.000 төгрөгийг Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд байршуулсан байх тул уг мөнгийг тухайн данснаас гаргуулж хохирогч Х.Бум-Эрдэнэд олгохоор тогтов. Хохирогч Мартад 10.000.000 төгрөгийн хохирол учруулснаас бэлнээр 10.000.000 төгрөгийг төлж барагдуулсан, шүүхэд шүүгдэгч Siriguleng /С-/ нь хохирогч О.Батжаргал, Ц.Өлзийбат, Ц.Амармэнд, Н.Нармандах /М.Наранмандахын овог, нэрийг буруу бичсэн/, Ж.Жамбал нарын хүмүүстэй харилцан тохиролцож, хохирлын мөнгө болох төлбөрийг барьцаанд иргэн Т.Отгонсүрэнгийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй орон сууцны байрыг худалдах, худалдан авах гэрээ хийж хохирол бүрэн барагдуулах тухай хүсэлт гаргасныг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, утга найруулгын болон бичиг үсгийн алдаатай бичигдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэрэгсэхгүй болгох, эсхүл хэлэлцэхгүй орхих тухай үндэслэл”-ээ шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт тус тус тусгана гэж заасан.

Гэтэл шүүхээс Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд байршуулсан 6.460.000 төгрөгийг хохирогч Х.Бум-Эрдэнэд олгохоор тогтоосон үндэслэлээ шийтгэх тогтоолд тусгаагүй, цаана нь нэр бүхий 5 хохирогчийн хохирлын төлбөр барагдаагүй байхад уг мөнгийг зөвхөн хохирогч Х.Бум-Эрдэнэд олгохоор тогтоож байгаа нь ойлгомжгүй төдийгүй уг шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн зарчимтай нийцэхгүй байна.

Мөн шүүгдэгч Siriguleng /С-/-гийн найз Т.Отгонсүрэн нь түүний өмнөөс зарим хохирогчтой харилцан тохиролцож, тэдгээрт учруулсан хохирол төлбөрийг барагдуулахаа илэрхийлснийг шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлгүй юм.

3. Шийтгэх тогтоолд шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар болон тодорхойлох нь хэсэгт “2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр БНХАУ-ын иргэн Wulijibatu /Ц.Өлзийбат/-аас 5040 ам.доллар буюу 9.989.734 төгрөгийг залилан мэхэлснийг “2265 ам.доллар буюу 4.489.734 төгрөг” гэж, 2015 оны 3 дугаар сард Чингис зочид буудлын гадаа Ц.Амармэндээс 10.000.000 төгрөгийг залилан мэхэлснийг “4.000.000 төгрөг” гэж тус тус буруу бичсэн байна.

Мөн шийтгэх тогтоолд буруу бичигдсэн зарим үгийг “гэрч Т.Отгонсүрэнгийн, торгуулын, гаргасаныг г.м, хохирогч М.Наранмандахын нэрийг Н.Нармандах гэж бичсэнийг зөвтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, зөвтгүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн …” гэжээ.

 

            Хохирогч Х.Бум-Эрдэнийн өмгөөлөгч Г.Нацагдорж давж заалдах гомдолдоо: “... шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

            1. Бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэжээ. Гэтэл С- нь төлбөр төлөөгүй байгаа.

            2. Х.Бум-Эрдэнэ нь 150.000 юань шилжүүлсэн ба уг юаниа аваагүй байгаа. Энэ талаар шийтгэх тогтоолд заагаагүй байна.

            3. Бусдад төлбөрөө төлөөгүй байхад торгох ял оногдуулж байгаа нь үндэслэлгүй ...” гэжээ.

 

            Шүүгдэгч С-гийн өмгөөлөгч А.Энхбуйр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Техникийн алдаа гарсныг үгүйсгэхгүй. Алдааг засах боломжтой. Мөн Х.Бум-Эрдэнийн өмгөөлөгч Г.Нацагдорж гомдол гаргасан байсан. Өөрөөр хэлбэл 6.460.000 төгрөг төлөгдөөгүй гэж гомдол гаргасан байсан. Энэ өмгөөлөгч нь анхан шатны шүүх хуралдаанд ирээгүй. Өмнөх 150.000 юань буюу 32.460.000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан. Шүүхийн шийдвэрээр үлдэгдэл мөнгө болох 6.460.000 төгрөгийг шүүхийн дансанд байршуулж хохирол төлбөрийг барагдуулсан. Мөн Х.Бум-Эрдэнэ болон Д.Март нар нийт 30.000.000 төгрөгийг шүүхийн шатанд төлж барагдуулж дуусгасан. Бусад хүний хохирлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу гэрээ хийж, нотариатаар баталгаажуулж иргэн Отгонсүрэнгийн өмчлөлийн орон сууцнаас төлж барагдуулахаар тохирсон. Иймд хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Хурц дүгнэлтдээ: Ч.Отгонсүрэн прокурорын бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг бүхэлд нь дэмжиж байна гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

Шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлоно гэсэн заалтыг зөрчиж шүүгдэгч С-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Отгонсүрэн: “...энэ барилгад С- ямар ч хөрөнгө оруулаагүй бөгөөд хүмүүст манай барилгыг үзүүлээд барилга барьж байгаа, хөрөнгө оруулсан гээд худал яриад үзүүлсэн байсан...” /3 хх-249/ гэж мэдүүлжээ.

 

Гэтэл шүүх, шүүгдэгч С-д холбогдох гэмт хэрэгт гэрчээр оролцсон Т.Отгонсүрэнг  гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлыг төлөхөөр  6 дугаар хавтаст хэргийн 183, 7 дугаар хавтаст хэргийн 128-130 дугаар талуудад тус тус авагдсан “хохирол төлж барагдуулах тухай гэрээ”, “мөнгө төлөх баталгаа гаргах нь”, хохиролгүй болгох тухай хэлцэл”-ийг тус тус байгуулсан тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэж, шүүгдэгчид торгох ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохироогүй бөгөөд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 732 дугаартай магадлалын заалтуудыг биелүүлээгүй байна гэж үзлээ. 

 

Түүнчлэн анхан шатны шүүх, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулж тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж хэргийг шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг тус шүүхийн өөр бүрэлдэхүүнээр дахин хэлэлцүүлэхээр С-д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Шийтгэх тогтооол хүчингүй болсонтой холбогдуулан прокурор Ч.Отгонсүрэнгийн бичсэн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 29 дугаартай эсэргүүцэл, хохирогч Х.Бум-Эрдэнийн өмгөөлөгч Г.Нацагдоржийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хянан хэлэлцээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 757 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн өөр бүрэлдэхүүнээр дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                      ШҮҮГЧИД                                                     Д.ОЧМАНДАХ

 

                                                                                  Ж.ЭРДЭНЭЧИМЭГ