Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2023/0186

 

 

 

 

 

 

 

                      Б.Х нэхэмжлэлтэй

    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, Т.О

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Х

Хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яам

Хариуцагч Нийслэлийн газар зохион байгуулалтын алба

Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Төслийн авто замын трассын бүтээн байгуулалтын ажлын нөлөөлөлд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361-н гарам, Булаг 1-6 тоот хаягт байрлах иргэн Б.Х өмчлөлийн 700 м.кв амины хашаа, өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө өртсөн тул газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн нөхөн олговорт 130,674,692 төгрөгийг Зам, тээврийн хөгжлийн яам болон Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас гаргуулах

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 10 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Х

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А

Хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О

Хариуцагч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2022/0678/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Х Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “Төслийн авто замын трассын бүтээн байгуулалтын ажлын нөлөөлөлд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361-н гарам, Булаг 1-6 тоот хаягт байрлах иргэн Б.Хишигдэлгэрийн өмчлөлийн 700 м.кв амины хашаа, өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө өртсөн тул газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн нөхөн олговорт 130,674,692 төгрөгийг Зам, тээврийн хөгжлийн яам болон Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас гаргуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр: 

Авто замын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, 10.1.3, 10.1.5 дахь заалт, 18 дугаар зүйлийн 18.2, 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.3, 79.4, 79.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Х Зам, тээврийн хөгжлийн яам болон Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс Зам, тээврийн хөгжлийн яамд холбогдох хэсгийг бүхэлд нь хангаж, төслийн авто замын трассын бүтээн байгуулалтын ажлын нөлөөлөлд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361-н гарам, Булаг 1-6 тоот хаягт байрлах иргэн Б.Х өмчлөлийн 700 м.кв амины хашаа, өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө өртсөн тул газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн нөхөн олговорт 130,674,692 төгрөгийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас гаргуулах”-аар шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, Т.О нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“...Тус шүүхийн шийдвэрийн 2.4 “...энэ тохиолдолд шүүх Авто замын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг хэрэглэнэ” гэж дүгнэсэн атлаа Авто замын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 16 дугаар зүйлийн 16.6-т "Олон улс, улсын чанартай ...авто замын зурвас газарт газар өмчлүүлэхийг хориглох” гэж заасныг хэрэглээгүй, хохирол шаардах эрх үүссэн эсэх талаар дүгнэлт хийгээгүй

“...МУЗГ-ын 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 284 дүгээр тогтоолоор Улаанбаатар Дархан чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх шийдвэр гаргасан бөгөөд дээрх чиглэлийн замын маршрут өөрчлөлт ороогүй ба хоёр талруугаа өргөтгөж, шинэчлэл хийсэн.

Иргэн, аж ахуй нэгж байгууллага өөрт учирсан хохирлыг нэхэмжлэхдээ холбогдох хууль тогтоомжид зааснаар шаардах эрх үүссэн, хохирол учирсан эдийн болон эдийн бус баялаг нь хууль тогтоомжийн хүрээнд түүний эзэмшил, ашиглалтад байсан тохиолдолд дээрх эрх хэрэгжих учиртай.

Гэтэл нэхэмжлэгчийн өмчлөлийн газар болон СХД-ийн 21 дүгээр хороо 361-H гарам булаг 1-6 тоот хаягт байрлах 700 м.кв-т газрыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд эзэмшиж, өмчилсөн эсэх талаар үнэлэлт дүгнэлт өгөөгүй, энэхүү маргаан үүсэх нөхцөл байдалд хүргэсэн (Авто замын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6-т Олон улс, улсын чанартай ...авто замын зурвас газарт газар өмчлүүлэхийг хориглох) гэх заалтыг зөрчиж газар өмчлүүлсэн, мөн авто замын ажлын нөлөөлөлд өртсөн, нүүлгэн шилжүүлэлтийг зохион байгуулсан) "Нийслэлийн газар зохион байгуулалтын алба"-ыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах тухай хүсэлт гаргасан боловч, хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон, хамтран хариуцагч НГЗБА-ыг биечлэн оролцуулаагүй.

Нэхэмжлэлийн шаардлагад "...өмчлөлийн 700 м.кв амины хашаа, өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөрөнгө өртсөн" гэж шүүхээс шаардсан байхад нэхэмжлэлийн шаардлага хэсэгт дурдаагүй буюу нөхөн олговрын хэмжээг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-т зааснаар "Газрын үнэ, үл хөдлөх хөрөнгийн үнэ гэсэн нийт дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан.

Түүнчлэн анх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс гардуулж хариу тайлбарыг 2022 оны 08 дугаар сард өгөхдөө " уг захиргааны хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 106 дугаар зүйлийн 106.6-т заасныг тус тус үндэслэн мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 зааснаар хүлээн авахаас татгалзуулах тухай хүсэлт гаргасныг шийдвэрлээгүй мөртлөө шүүхийн шийдвэрээр дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хохирлын хэмжээтэй маргах боломж олгоогүй.

Шүүхийн шийдвэрийн 2.15 дахь хэсэгт “...тэдгээрт нэхэмжлэгчийн газар үл хөдлөх хөрөнгө дурдаагүй” гэж дүгнэсэн. Эрх бүхий байгууллагын шийдвэрийг биелүүлсний төлөө зам, тээврийн хөгжлийн яамыг буруутгасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Тодруулбал, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “Төслийн авто замын трассын бүтээн байгуулалтын ажлын нөлөөлөлд..." гэх үндэслэлээр маргасан ба "нөлөөлөлд өртсөн" гэдийг Зам, тээврийн хөгжлийн яам бус НГЗБА-ны 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01- 11/6731, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн "Хариу хүргүүлэх тухай" 03-11/1145 албан тоотоор тус тус чиг үүргийн хүрээнд "Уг авто амын ажлын нөлөөлөлд таны өмчийн газар өртөөгүй" гэж шийдвэрлэсэн.

Түүнчлэн хамтран хариуцагч НГЗБА-ыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулаагүй, СХДГЗБА-ны 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн "Орц гарц гаргах тухай" 17/2394 тоот албан бичигт дурдсан “...газрын урд хэсгээр орц, гарц гарган зөвшилцөх саналын хамт тус албанд ирүүлнэ үү" асуудлыг дүгнээгүй.

Тухайлбал, нэхэмжлэгчийн "орц гарц хаасан асуудал"-ыг шийдвэрлэснээр зөрчигдсөн гэх эрх нь сэргэх боломжтой эсэх талаар тодруулж, үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хэргийг тал бүрнээс нь бодитой дүгнээгүй гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-т заасны дагуу нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.  

ХЯНАВАЛ:

Давж заалдах гомдлын хүрээнд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

1.Шүүхийн шийдвэрт маргааны үйл баримт болон уг харилцааг зохицуулж буй холбогдох хуулийг зөв тайлбарласан хэрэглэсэн, тухайлбал хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яам нь Авто замын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 болон Захиргааны ерөнхий хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3 дахь хэсэгт заасны дагуу гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлж болохуйц сөрөг нөлөөг арилгах арга хэмжээг авах үүргээ биелүүлээгүй талаар үндэслэлтэй дүгнэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Х Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/295 дугаартай захирамжаар тус дүүргийн 21 дүгээр хороо, 361-ийн гарам, Булаг 1-6 тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай амины хашааны зориулалттай газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж, улмаар 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 000462874 дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээний дагуу Г-2201043382 эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, газар өмчлөх эрхтэй болсон, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 000662074 дугаартай гэрчилгээг дахин гаргуулан авснаас гадна уг газраа 150 м.кв талбайтай хувийн сууц барьж, үлд хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болжээ.

2.Улаанбаатар-Дархан чиглэлийн 202.42 км автозамын Багц-1 Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модотын давааны ар хүртэлх олон улсын чанартай автозамын ажил нь 2019 оны 6 дугаар сараас эхэлснээр уг замын 37.26 км-т байрлах нэхэмжлэгчийн өмчлөлийн хашаа, байшин автозамын трасст ороогүй ч замын хажуугийн налуужилт нэхэмжлэгчийн хашаа, байшинд тулж орц, гарцыг бүхэлд нь хаасан, энэ талаар Улаанбаатар-Дархан авто замын өргөтгөл шинэчлэлийн төслийн захирлаас 2022 оны 4 дүгээр сард UDR-1 2022/23 дугаар албан бичгээр өгсөн хариунд тодорхой тусгасан, тухайлбал автозамын далан өргөссөнтэй холбоотой тухайн иргэний өмчлөлийн газрын орц, гарц хаасан нь үнэн болохыг тодорхойлсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн шүүхийн үзлэгээр ч дээрх нөхцөл байдал үүссэн болох нь тогтоогджээ.

Иймд захиалагчийн хувьд, мөн нийслэлийн Засаг даргатай автозамын ажлын нөлөөлөлд өртсөн этгээдэд нөхөх олговор олгох гэрээг байгуулсны хувьд, олон улсын чанартай автозамын барилгатай холбоотой техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын даалгаврыг батлах, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шийдвэрлэх, хэрэгжүүлэх эрх бүхий яамны хувьд автозам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, саадгүй хэрэгжүүлэхэд шаардагдах зураг төсөл, замын трасс, геодезийн цэгүүд, газар эзэмшүүлэх зөвшөөрөл зэргийг гүйцэтгэгчид хүлээлгэн өгч, автозамын барилгын ажил явуулах талбайг чөлөөлөх асуудлыг шийдвэрлэсэн байх үүрэгтэй талаар шүүхийн шийдвэрт хангалттай зөв дүгнэсэн байна.

3.Автозамын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 16 дугаар зүйлийн 16.6-д “Олон улс, улсын чанартай …автозамын зурвас газарт газар өмчлүүлэхийг хориглох”-оор заасан. Гэхдээ нэхэмжлэгчийн тухайд Улаанбаатар-Дархан авто замын өргөтгөл шинэчлэлийн ажил хэрэгжихээс өмнө нэхэмжлэгчид тухайн газрыг эзэмшүүлсэн, улмаар өмчлүүлсэн байсан тул давж заалдах гомдолд дурдсан хуулийн зохицуулалт энэхүү маргаанд хэрэглэгдэхгүй бөгөөд харин ч өмчлөгчийн хувьд нөхөх олговор шаардах эрхтэй.

4.Нөгөөтээгүүр нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн, өмчлүүлсэн Засаг даргын захирамж, мөн үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэсэнтэй холбогдуулан ямар нэгэн маргаан үүсээгүй, шүүхийн аливаа шийдвэр гараагүй тохиолдолд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийх эрхгүй.

5.Шүүхээс хийсэн үзлэгийн явцад авсан фото зураг, бусад баримтаас үзэхэд зөвхөн орц, гарцыг шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргэхээргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яаманд хүргүүлсэн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “Арга хэмжээ авах тухай” 02-02/1038 дугаар албан бичигт “…нэхэмжлэгчийн өмчлөлийн газрын нэгж талбар автозамын нөлөөлөлд өртсөнөөс орц, гарц хаагдсан болохыг мөн хариуцагчийг Автозамын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасныг зөрчсөн гэж дүгнэжээ.

Иймд автозамын шинэчлэлийн ажил явагдсанаас хойш нэхэмжлэгчээс 2021, 2022 онуудад холбогдох хүсэлтүүдийг гаргаж байсан боловч нөхөх олговрыг огт шийдвэрлээгүй байна.

6.Үндсэндээ Улаанбаатар-Дархан чиглэлийн 202.42 км автозамын Багц-1 Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модотын давааны ар хүртэлх олон улсын чанартай автозамын ажил эхэлснээр нэхэмжлэгч нь өмчлөлийн хашаа, байшиндаа амьдрах боломжгүй болсон, гэвч төлөвлөлтийн улмаас үүссэн сөрөг нөлөөлөл, нөхөх олговрыг барагдуулах үүрэгтэй этгээд болох захиалагч Зам, тээврийн хөгжлийн яам Авто замын тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул түүнд учирсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.  

Мөн нэхэмжлэгчийн нөхөх олговрын дүнг хөрөнгийн үнэлгээний “Ф В” ХХК-ийн үнэлгээний тайлангаар 130,674,000 төгрөг гэж тогтоосон байх тул давж заалдах гомдлын “…хохирлын хэмжээтэй маргах боломж олгоогүй…” гэх тайлбар үндэслэлгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, Т.О нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.    

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                        

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

    ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ                                  Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

    ШҮҮГЧ                                                  Г.БИЛГҮҮН

 

    ШҮҮГЧ                                                    Э.ЛХАГВАСҮРЭН