Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00198

 

“ТЖХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2018/01760 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1986 дугаар магадлалтай,

            “ТЖХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

             Б , Б  нарт холбогдох

          Түрээсийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 96,732,000.00  төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 8 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны цахилгааны зардал 110,987.00 төгрөг, алданги 25,960,000.00 төгрөг, нийт 122,802,987.00 төгрөг гаргуулж, Б тай байгуулсан 2014/02 тоот түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагч Б  болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тэмүүлэнгэнгэс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

           Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2014 оны 09 сарын 25-ны өдөр түрээслэгч Б той харилцан тохиролцож, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 40, 50 мянгатын Энхтайвны өргөн чөлөө 7/14 дүгээр байрны 1 дүгээр давхарт байрлах 341 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай талбайгаас 250 м.кв талбайг орифлеймийн сургалт, худалдааны чиглэлээр 3 жилийн хугацаатай, сарын 6,500,000 төгрөгийн гэрээ байгуулж, түрээсийн гэрээний төлбөрийг төлөх хуваарийг графикаар гаргаж өгсөн. Түрээсийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 96,732,000 төгрөг, 2017 оны 07 сарын 04-ний өдрөөс 08 сарын 03-ны өдөр хүртэлх цахилгаан ашиглалтын зардал 110,987 төгрөг, түрээсийн төлбөрөө төлөөгүй алданги 2014 оны 11 сарын 01-ний өдрөөс 2018 оны 05 сарын 22-ны өдөр хүртэл 42 сар 22 өдөр буюу 1298 хоногийн алданги өдрийн 20,000 төгрөгөөр бодоход 25,960,000 төгрөг, нийт 122,802,987 төгрөгийг Б оос гаргуулж компанийг хохиролгүй болгож өгнө үү. Мөн 2014 оны 09 сарын 25-ны өдөр Б ийн эхнэр Б тай “ТЖХ” ХХК нь татвар нуун дарагдуулах, халхавчлах зорилгоор сарын түрээсийн төлбөр 2,000,000 төгрөг байхаар түрээсийн гэрээ байгуулсан. Иймд тус гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: "ТЖХ" ХХК-иас иргэн Б  болон Б  нарт холбогдуулан 2 өөр шаардлагыг нэг нэхэмжлэлээр гаргасан нь анхнаасаа хуульд нийцэхгүй, шүүх уг нэхэмжлэлийг хүлээж авсан нь хууль зүйн алдаатай үйл ажиллагаа болсон. Б  гэдэг хүн "ТЖХ" ХХК-ийн тухайн объектыг түрээсэлж авахдаа нийт 27 иргэнтэй хамтран түрээслэх ажиллагаа явагдсан байдаг. Тус компанийн менежер Ц.Наранбат гэж хүн тухайн обьектоо танилцуулаад түрээсийн төлбөрөө харилцан тохиролцоод аль аль тал нь хүлээн зөвшөөрсөн тул 28 иргэнд тухайн объектыг 11 өрөө тасалгаа болгон түрээслүүлж эхэлсэн. Түрээслүүлж эхлээд түрээсийн үйл ажиллагаа явагдаж байх үед ямар нэгэн байдлаар түрээсийн гэрээ огт байгуулаагүй. Амаар тохирсон хэлцлээрээ тухайн түрээсийн төлбөрийг иргэд тухай бүрт нь менежер Ц.Наранбатын хувийн данс руу шилжүүлэх болон бэлнээр хийж өгөөд явж байсан. Энэ байдал нь нэхэмжлэгч талын шүүхэд өгсөн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Мөн эдгээр 27 иргэний түрээсийн байрыг ашиглах үүднээс түрээсийн гэрээ байгуулах, түрээсийн гэрээнд гарын үсэг зурах эрхийг Б ид өгөөгүй. Энэ тухайгаа өмнөх шүүх хуралдааны үеэр гэрчүүд мэдүүлэг өгсөн байдаг. Энэ баримтууд нь мөн адил хэрэгт авагдсан. Тус бүртээ түрээсийн төлбөрөө төлөхдөө зөрүүтэй, алдаатай, өртэй байгаа асуудлыг “ТЖХ” ХХК-ийн менежер Ц.Наранбат өөрөө мэдэж, хэзээ төлбөрийн дутуу авсан, хэзээ бүрэн авсан талаар мэдээллүүдийг өгөөд үйл ажиллагаа нь явж байсан. Гэтэл Ц.Наранбат нь Б  дээр ирээд түрээсийн гэрээг 6,500,000 төгрөгөөр байгуулъя тус гэрээг банканд өгч зээлийн асуудал шийдүүлэх гээд байна гэж хэлээд тус гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Б  нь түрээсийн гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн гэхдээ бид нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээний төлбөр 6,500,000 төгрөг дээр явагдаагүй гэдэг байдлаар тайлбараа хэлдэг.

Түүнчлэн энэхүү гэрээг 2014 оны 09 сарын 25-ны өдөр байгуулсан гэж үзэж 2017 онд яагаад нотариатаар батлуулж байгаа гэдгийг нотолдог. 2014-2017 оны хооронд 3 жилийн хугацаан түрээсийн үйл ажиллагаа явуулчихаад 2014 оны 09 сарын 25-ны өдрийн №02 гэсэн дугаартай 6,500,000 үнэ бүхий гэрээг "ТЖХ" ХХК-ийн менежер Ц.Наранбат болон Б  нар нь хоорондоо байгуулаад энэ гэрээгээ 2017 оны 02 сарын 11-ний өдөр нотариатаар батлуулаад байгаа вэ. Үндсэндээ 3 жилийн хугацаанд гэрээгүй явж байгаад шүүхэд хандахынхаа өмнө энэ гэрээг байгуулдаг. Тэгэхээр энэ нь өөрөө учир ач холбогдолтой байна. Яг энэ өдрөө буюу 2014 оны 09 сарын 25-ны өдрийн №2014/02 гэсэн дугаартай 2,000,000 төгрөгийн үнийн дүнтэй түрээсийн гэрээг Ц.Наранбат мөн адил Б тай байгуулсан байдаг. Өнөөдрийн шүүх хуралдаанд 6,500,000 төгрөгийн үнийн дүнтэй 2014 оны 09 сарын 25-ны өдрийн №2014/02 дугаартай гэрээг хүчинтэй тул энэ гэрээгээр төлбөр авах ёстой байсан учраас энэ гэрээний дагуу төлбөрөө авмаар байна. Харин бага үнийн дүнтэй байгуулсан 2014 оны 09 сарын 25-ны өдрийн №2014/02 тоот 2,000,000 төгрөгийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь түрээслүүлэгч “ТЖХ” ХХК нь өөрөө хуульд нийцэхгүй үйл ажиллагаа явуулж байгаа гэдгээ нотолж байна. 6,500,000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ хүчинтэй юм уу, 2,000,000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ хүчинтэй юм уу гэдгийг ярилцах хэрэгтэй. Б тай байгуулсан 2,000,000 төгрөгийн гэрээг халхавчлах зорилгоор буюу төрийг хуурах зорилгоор байгуулсан гэрээ гэдгээ “ТЖХ” ХХК өөрөө хүлээн зөвшөөрдөг. Улсын бүртгэлд энэ гэрээнүүдийн аль аль нь бүртгэгдээгүй. Харин 2,000,000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ нь Чингэлтэй дүүргийн Татварын албанд бүртгэлтэй. Татварын албанд бүртгэлтэйгээс гадна Татварын мэдээллийн нэгдсэн санд тухайн компани нь 2,118,000 төгрөгийн түрээсийн орлого олдог гэсэн мэдээллийг ирүүлсэн байдаг. Эдгээр баримтаас үзэхэд 2 өөр иргэн, 2 өөр нэхэмжлэлийн шаардлагыг нэг нэхэмжлэлээр гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна, хоёрдугаарт Б ид 27 иргэнээс түрээсийн гэрээнд төлөөлөх эрх олгоогүй байхад түрээсийн гэрээ байгуулсан нь өөрөө хуульд нийцэхгүй, гуравдугаарт уг түрээсийн гэрээнүүдийг ямар нэгэн байдлаар улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой хуулийн шаардлагыг хангаагүй байгаа явдал нь мөн адил хуульд нийцэхгүй байна.

Эцэст нь Б  нь хувь хүний зүгээс ямар нэгэн байдлаар түрээсийн төлбөрийн өр “ТЖХ” ХХК-д үүссэн гэдгийг нотлох баримтаар гаргаж ирж чаддаггүй. Иймд Б  нь түрээсийн төлбөрийн үлдэгдэлгүй харин бусад 27 иргэний хувьд тодорхой хэмжээгээр түрээсийн өр төлбөртэй иргэд байгаа тул тухайн иргэдээс тухайн иргэд болгоноор шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байгаа гэдгийг шүүхэд удаа дараа хандаж шүүхээс энэ хэргийг хоёр ч удаа хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Эцэст нь хэлэхэд “ТЖХ” ХХК-йн менежер ажилтай Наранбат нь компанийг төлөөлөх эрхгүй үедээ түрээсийн гэрээг байгуулж, түрээсийн төлбөрийг өөрийн хувийн дансаар хүлээж авч байсан үйл ажиллагаа явуулсан болох нь 2018 оны 01 сарын 25-ны өдрийн 01311 дугаартай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хэрэгсэхгүй болгосон захирамж дээр тодорхой заагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэгт заасны дагуу төлөөлөх эрхгүй этгээд шүүхэд хандсан байна гэдэг үндэслэлээр энэ хэргүүдийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                           

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2018/01760 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “ТЖХ” ХХК-ийн хариуцагч Б оос түрээсийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 96,732,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 8 сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны цахилгааны зардал 110,987 төгрөг, алданги 25,960,000 төгрөг, нийт 122,802,987 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан “ТЖХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б д холбогдох 2014/02 тоот түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “ТЖХ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 842,415 төгрөгөөс 771,965 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70,450 төгрөгийг улсын орлогоос /Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас/ гаргуулан нэхэмжлэгч “ТЖХ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1986 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2018/01760 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б оос түрээсийн төлбөрийн үлдэгдэл 96,732,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 8 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны цахилгааны зардал 110,987 төгрөг, алданги 25,960,000 төгрөг, нийт 122,802,987 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ТЖХ” ХХК-д олгосугай” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын “олгосугай” гэснийг “олгож, хариуцагч Б оос 771,965 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ТЖХ” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б  болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтууд дутуу буруу үнэлж, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэн хяналтын гомдол гаргаж байна. Магадлалд “Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Иймд иргэн Д.Нацагдоржоос түрээсийн гэрээний төлбөрийн үүрэгт 96,732,000 төгрөг, алданги 48,366,000 төгрөг, нийт 145,208,987 төгрөгийг гаргуулж өгнө үү”, Мөн магадлалын 3 дугаар талд “Шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “ТЖХ” ХХК-ийн хариуцагч Б оос түрээсийн гэрээний үүрэгт 96,732,000 төгрөг, алданги 48,366,000 төгрөг нийт 145,208,987 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож” гэсэн байна. Тэгтэл тус иргэний хэрэгт нэхэмжлэгч “ТЖХ” ХХК-аас түрээсийн гэрээний үүрэгт 96,732,000 төгрөг, алданги 48,366,000 төгрөг, нийт 145,208,987 төгрөгийг гаргуулах үнийн дүн бүхий шаардлагатай нэхэмжлэлийг огт гаргаагүй, тийм нэхэмжлэлд анхан шатны шүүхээс иргэний хэрэг үүсгэж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг явуулаагүй байхад давж заалдах шатны шүүх магадлалдаа анхан шатны шүүхийн шийдвэрт бичигдээгүй, бодит байдалд нийцээгүй зүйлүүдийг бичиж үндэслэлгүй дүгнэлтүүдийг хийсэн нь хуульд нийцэхгүй байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэр бүхий хэрэгт л дүгнэлт хийх байтал анхан шатны шүүхийн шийдвэр болон иргэний хэрэгт байхгүй нотлох баримтыг дурдаж, анхан шатны шийдвэрт бичигдсэн зүйлээс өөрөөр бичиж түүндээ дүгнэлт хийсэн байна.

Магадлалын хянавал хэсэгт /4 дүгээр талд/ “Нэхэмжлэгч “ТЖХ” ХХК нь хариуцагч Б той 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 2014/02 тоот түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний агуулгаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн байна.” гэжээ. Нэхэмжлэгч “ТЖХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тэмүүлэнгэнгэс нь иргэн Б той түрээсийн гэрээ байгуулсан, түрээсийн гэрээний үүрэгт дутуу төлсөн түрээсийн төлбөрийн үлдэгдлээ нэхэмжилсэн. Нэхэмжлэгчээс иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэлээ дэмжиж тайлбар, мэдүүлгээ өгч мэтгэлцсэн, мөн давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тэмүүлэнгэнгэс биечлэн оролцож гомдлын агуулгаа тайлбарлахдаа зөвхөн түрээсийн гэрээний үлдэгдлээ нэхэмжилж байгаа тухайгаа чадан ядан тайлбарлаж оролцдог. Давж заалдах гомдолдоо түрээсийн гэрээ биш эд хөрөнгө хөлслүүлэх гэрээ мөн байсан гэж ямар нэг тайлбар, гомдол гаргаагүй байхад давж заалдах шатны шүүх гомдолд дурдаагүй зүйлд дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрт үндэслэлгүйгээр өөрчлөлт буюу түрээсийн гэрээг эд хөрөнгө хөлслөх гэрээ гэж хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэлээ. Түрээсийн гэрээний хувьд эд хөрөнгийг аж ахуйн зорилгоор ашиглахаас гадна түүний үр шимийг хүртэх асуудал тэргүүн ээлжид тавигдсан байдаг тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээ байгуулагдсан байсан. Энэ нь Иргэний хуулийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохирч амаар буюу бичгээр хийх ба 182 дугаар зүйлийн 182.1 болон 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасны дагуу түрээсийн гэрээг бичгээр байгуулж улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой гэж хуульчилсан. Б  нарын 28 иргэд бүгд л сургалт, сурталчилгаа, бүтээгдэхүүн танилцуулах зэргээр аж ахуйн үйл ажиллагааг явуулж байсан.

Нэхэмжлэгчээс анхан шатны шүүхийг шийдвэр гаргахдаа, уг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа ИХШХШ тухай хуулийн аль зүйл заалтыг, шийдвэрийн аль хэсэг нь ИХШХШ тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар болон аль хэсэгт нь гомдол гаргаж, аль заалтаар хүчингүй болгуулах гэж байгаа тухайгаа хуульд заасан үндэслэлээр  хэлж  тайлбарладаггүй. Зөвхөн анхан шатны шүүх хуралдааны үйл баримтыг дахин давтан ярьж тайлбараа өгдөг, энэ байдалд ч давж заалдах шатны шүүх ямар нэг үнэлэлт өгөлгүй ямар ч ач холбогдолгүй зүйлийг яриулсаар байсан нь давж заалдах шатны шүүх хуралдаан явагддаг практикаас эрс зөрүүтэй давуу байдал бий болгосон нь ашиг сонирхлын зөрчилтэй байсныг илтгэж байна.

Иргэн Д.Ванчинсүрэн, У.Тунгалаг, Б.Янжинлхам, Н.Гантөгс нар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд биечлэн оролцож бид тус тусдаа түрээсийн төлбөр болон урсгал зардал зэргийг “ТЖХ” ХХК-ийн менежер ажилтай Ц.Наранбатад бэлнээр болон бэлэн бусаар төлж ирсэн, энэ нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Наранбатын хувийн дансны хуулгаар бүрэн нотлогдоно, мөн Б ид биднийг төлөөлж түрээсийн гэрээ байгуулах эрхийг хэн аль нь ч олгоогүй гэж мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл, түрээслэгч 28 иргэний хэн нь төлбөрийн үлдэгдэлтэй хэн нь тооцоогүй гэх бүхий л мэдээллийг Ц.Наранбат мэдэж өөрөө түрээсийг тус тусаас нь хураан авч байсан тухай мэдүүлсэн. Түрээсийн төлбөрүүдийг нэр бүхий 28 иргэн тус компанийн менежер ажилтай Ц.Наранбатад бэлнээр болон бэлэн бусаар төлж ирсэн төдийгүй энэ нь хавтаст хэргийн 54 дүгээр талд байх Ц.Наранбатын “Төрийн банк”-ны депозит дансны хуулгаар тодорхой нотлогддог. Түрээслэгч нараас “ТЖХ” ХХК-ийн данс руу түрээсийн төлбөр төлж байгаагүй болохыг хяналтын шатны шүүх анхаарч үзнэ үү. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим алдагдаж нотлох баримтуудыг буруу үнэлж, хуулийг ноцтой зөрчиж шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1986 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “ТЖХ” ХХК нь хариуцагч Б ид холбогдуулан түрээсийн гэрээний  төлбөрийн  үлдэгдэл  96,732,000.00  төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс  8 дугаар сарын 03-ны өдөр  хүртэлх  хугацааны цахилгааны зардал 110,987.00 төгрөг, алданги 25,960,000.00 төгрөг, нийт 122,802,987.00  төгрөг гаргуулах, Б тай  байгуулсан  2014/02 тоот түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох  шаардлага гаргажээ.

Хариуцагч Б  нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...тус байранд зохион байгуулалт хийж 28 иргэн өрөө тус бүрт сууж, түрээс болон урсгал зардлыг өөрсдөө төлдөг байсан, ... шаардлагын үндэслэл болж буй  гэрээ нь 27 иргэний эрх ашгийг зөрчсөн хэлбэр төдий ... тул нэхэмжлэл үндэслэлгүй” гэж маргасан.

Анхан шатны шүүх хариуцагч Б ид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Б д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон ба давж заалдах шатны шүүх хариуцагч Б оос нийт 122,802,987.00 төгрөг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Нэхэмжлэгч “ТЖХ” ХХК-аас иргэн Б.Тэмүлэнгэнгэст “...иргэн Б той байгуулсан тус компанийн өмчлөлийн, 250 м.кв үйлчилгээний зориулалттай хөрөнгийг түрээслэх 2014/02 тоот гэрээний төлбөрийн асуудлаар...шүүхэд нэхэмжлэл гаргах, төлөөлөх эрхтэй” гэсэн итгэмжлэл олгосон байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тэмүлэнгэнгэс нь иргэн Б ид холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт төлбөр гаргуулахаар, харин иргэн Б д холбогдуулан 2014/02 тоот түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах  нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгчээс Б.Тэмүлэнгэнгэст олгосон 2018 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн  итгэмжлэлд иргэн Б д холбогдуулан 2014/02 тоот түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэл гаргах эрх олгогдоогүй байх тул Б д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д нийцсэн, шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлжээ.

Иргэн Б ид холбогдуулан гаргасан шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан №2014/02 түрээсийн гэрээг шаардлагынхаа үндэслэл болгосон ба хариуцагч нь “...энэ гэрээг 2014 оны 9 сарын 25-ны өдөр байгуулагдаагүй, харин 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Ц.Наранбат банкинд гэрээ батлуулан өгөх шаардлагатай байна гээд уг гэрээнд гарын үсэг зуруулж нотариатаар батлуулсан..., анх 5,000,000.00 төгрөгийн гэрээг амаар байгуулсан. ..тус байранд зохион байгуулалт хийж, 28 иргэн түрээс болон урсгал зардлыг өөрсдөө төлж, сургалт явуулдаг байсан, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэж маргажээ.

Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 40 мянгат 7/14 дүгээр байрны 1 тоотод байрлах  үйлчилгээний  зориулалттай, 250 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2014 оны 10 сараас орифлеймийн сургалт, худалдааны чиглэлээр нэр бүхий 28 иргэн үйл ажиллагаа явуулахаар түрээслэж, түрээсийн төлбөр, ашиглалтын зардлыг 2014 оны 10 сараас түрээслэгч нар тус тусдаа төлж байсан болох нь хариуцагчийн тайлбар, нэхэмжлэгч компанийн менежер Ц.Наранбатын Төрийн банкны харилцах дансны дэлгэрэнгүй лавлагаа, 2018 оны 5 сарын 23-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл гэсэн баримтуудаар тогтоогдсон байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн №2014/02 түрээсийн гэрээнд хариуцагч Б  нь гарын үсэг зурсан талаараа маргаагүй хэдий ч уг гэрээг 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр нөхөн байгуулж, мөн өдрөө нотариатч дээр очиж батлуулсан тухай гаргасан тайлбар нь хэрэгт авагдсан нотариатчийн бүртгэлийн дэвтрийн 144 дугаарт бүртгэгдсэн баримтаар тогтоогдсон, харин нэхэмжлэгч нь энэ хэлцэлд талуудын хүсэл зориг бодитой илэрхийлэгдсэн, гэрээний үүрэг хэрэгжиж байсан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй  гэж анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2014 оны 10 дугаар сараас түрээслэгч нар түрээсийн төлбөр, тооцоогоо тус тусдаа хийж байсан нь тогтоогдож байх тул “...Б ийг 2014 оны 9 дүгээр сараас түрээсийн төлбөрийг өөртөө төвлөрүүлж төлөхөөр үүрэг хүлээсэн” тухай нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзнэ. 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, Б ид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг хэрэглэсэн нь зөв болжээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлээгүйгээс Иргэний хуулийн бусдын эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэх гэрээний үүргийн эрх зүйн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй  2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2014/02 тоот түрээсийн гэрээг дүгнэхдээ талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж Б ид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т нийцээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчжээ.

Зохигчдын хооронд үндсэн үүрэг болох түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй байхад нэмэгдэл үүрэг болох алдангийг хариуцагчаас гаргуулсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт  Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1-д нийцээгүй байна.

Түүнчлэн давж заалдах шатны шүүхийн магадлалын тодорхойлох хэсэгт  нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг “...145,208,987 төгрөг” гэж анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг зөрүүтэй бичсэн байгааг дурдах нь зүйтэй.

Хяналтын шатны шүүх хариуцагчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж  шүүх  бүрэлдэхүүн тогтоов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1986 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2018/01760 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 842,415.00 /найман зуун дөчин хоёр мянга дөрвөн зуун арван тав/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН