Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2018/01760

 

 

 

 

 

       2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2018/01760

                Улаанбаатар хот

 

             

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар 40 мянгат, 7/4 дүгээр байрны 1 давхарт байрлах, Т  ХХК /РД:5283841/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Зайсан 2 дугаар байр, 12 тоотод оршин суух, У  овогт Б ын Н , /РД:УС71103031/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Зайсан 2 дугаар байр,12 тоотод оршин суух, Х  овогт Б ийн Ц  , /РД:ОО71021605/ нарт холбогдох

 

Түрээсийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 96 732 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 8 сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны цахилгааны зардал 110 987 төгрөг, алданги 25 960 000 төгрөг нийт 122 802 987 төгрөг гаргуулж, Б.Ц  тай байгуулсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Т  , хариуцагчийн төлөөлөгч С.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунтуяа нар оролцов.

Нэхэмжлэлийг 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авав.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Т  ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр түрээслэгч Б.Н той харилцан тохиролцож, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 40, 50 мянгатын Энхтайвны өргөн чөлөө 7/14 дүгээр байрны 1 дүгээр давхарт байрлах 341мкв талбайтай үйлчилгээний зориулалттай талбайгаас 250 м.кв талбайг орифлеймын сургалт, худалдааны чиглэлээр 3 жилийн хугацаатай, сарын 6 500 000 төгрөгийн гэрээ байгуулж, түрээсийн гэрээний төлбөрийг төлөх хуваарийг графикаар гаргаж өгсөн. Түрээсийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 96 732 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 8 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх цахилгаан ашиглалтын зардал 110.987 төгрөг, түрээсийн төлбөрөө төлөөгүй алданги 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 42 сар 22 өдөр буюу 1298 хоногийн алданги өдрийн 20 000 төгрөгөөр бодоход 25 960 000 төгрөг нийт 122 802 987 төгрөгийг Б.Н оос гаргуулж байна компанийг хохиролгүй болгож өгнө үү. Мөн 2014 оны 9 сарын 25-ны өдөр Б.Н ийн эхнэр Б.Ц  тай Т  ХХК нь татвар нуун дарагдуулах, халхавчлах зорилгоор сарын түрээсийн төлбөр 2 000 000 төгрөг байхаар түрээсийн гэрээ байгуулсан. Иймд тус гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч С.Т  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т  ХХК-иас иргэн Б.Н  болон Б.Ц   нарт холбогдуулан 2 өөр шаардлагыг нэг нэхэмжлэлээр гаргасан нь анхнаасаа хуульд нийцэхгүй, шүүх уг нэхэмжлэлийг хүлээж авсан нь хууль зүйн алдаатай үйл ажиллагаа болсон. Б.Н  гэдэг хүн нь Т  ХХК-ийн тухайн объектыг түрээсэлж авахдаа нийт 27 иргэнтэй хамтран түрээслэх ажиллагаа явагдсан байдаг. Тус компанийн менежер Ц.Наранбат гэж хүн тухайн объектоо танилцуулаад түрээсийн төлбөрөө харилцан тохиролцоод аль аль тал нь хүлээн зөвшөөрсөн тул 28 иргэнд тухайн объектыг 11 өрөө тасалгаа болгон түрээслүүлж эхэлсэн. Түрээслүүлж эхлээд түрээсийн үйл ажиллагаа явагдаж байх үед ямар нэгэн байдлаар түрээсийн гэрээ огт байгуулаагүй. Амаар тохирсон хэлцлээрээ тухайн түрээсийн төлбөрийг иргэд тухай бүрт нь менежер Ц.Наранбатын хувийн данс руу шилжүүлэх болон бэлнээр хийж өгөөд явж байсан. Энэ байдал нь нэхэмжлэгч талын шүүхэд өгсөн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Мөн эдгээр 27 иргэний түрээсийн байрыг ашиглах үүднээс түрээсийн гэрээ байгуулах, түрээсийн гэрээнд гарын үсэг зурах эрхийг Б.Н ид өгөөгүй. Энэ тухайгаа өмнөх шүүх хуралдааны үеэр гэрчүүд мэдүүлэг өгсөн байдаг. Энэ баримтууд нь мөн адил хэрэгт авагдсан. Тус бүртээ түрээсийн төлбөрөө төлөхдөө зөрүүтэй, алдаатай, өртэй байгаа асуудлыг Т  ХХК-ийн менежер Ц.Наранбат өөрөө мэдэж, хэзээ төлбөрийн төлбөрөө дутуу авсан, хэзээ бүрэн авсан талаар мэдээллүүдийг өгөөд үйл ажиллагаа нь явж байсан. Гэтэл Ц.Наранбат нь Б.Н  дээр ирээд түрээсийн гэрээг 6 500 000 төгрөгөөр байгуулъя тус гэрээг банкинд өгч зээлийн асуудал шийдүүлэх гээд байна гэж хэлээд тус гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Б.Н  нь түрээсийн гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн гэхдээ бид нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээний төлбөр 6 500 000 төгрөг дээр явагдаагүй гэдэг байдлаар тайлбараа хэлдэг. Түүнчлэн энэхүү гэрээг 2014 оны 09 сарын 25-ны өдөр байгуулсан гэрээг байгуулсан гэж үзэж 2017 онд яагаад нотариатаар батлуулж байгаа гэдгийг нотолдог. 2014-2017 оны хооронд 3 жилийн хугацаан түрээсийн үйл ажиллагаа явуулчихаад 2014 оны 09 сарын 25-ны өдрийн №02 гэсэн дугаартай 6 500 000 үнэ бүхий гэрээг Т  ХХК-ийн менежер Ц.Наранбат болон Б.Н  нар нь хоорондоо байгуулаад энэ гэрээгээ 2017 оны 02 сарын 11-ний өдөр нотариатаар батлуулаад байгаа вэ. Үндсэндээ 3 жилийн хугацаанд гэрээгүй явж байгаад шүүхэд хандахынхаа өмнө энэ гэрээг байгуулдаг. Тэгэхээр энэ нь өөрөө учир ач холбогдолтой байна. Яг энэ өдрөө буюу 2014 оны 09 сарын 25-ны өдрийн №2014/02 гэсэн дугаартай 2 000 000 төгрөгийн үнийн дүнтэй түрээсийн гэрээг Ц.Наранбат мөн адил Б.Ц  тай байгуулсан байдаг. Өнөөдрийн шүүх хуралдаанд 6 500 000 төгрөгийн үнийн дүнтэй 2014 оны 09 сарын 25-ны өдрийн №2014/02 дугаартай гэрээг хүчинтэй тул энэ гэрээгээр төлбөр авах ёстой байсан учраас энэ гэрээний дагуу төлбөрөө авмаар байна. Харин бага үнийн дүнтэй байгуулсан 2014 оны 09 сарын 25-ны өдрийн №2014/02 тоот 2 000 000 төгрөгийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь түрээслүүлэгч Т  ХХК нь өөрөө хуульд нийцэхгүй үйл ажиллагаа явуулж байгаа гэдгээ нотолж байна. 6 500 000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ хүчинтэй юм уу 2 000 000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ хүчинтэй юм уу гэдгийг ярилцах хэрэгтэй. Б.Ц  тай байгуулсан 2 000 000 төгрөгийн гэрээг халхавчлах зорилгоор буюу төрийг хуурах зорилгоор байгуулсан гэрээ гэдгээ Т  ХХК өөрөө хүлээн зөвшөөрдөг. Улсын бүртгэлд энэ гэрээнүүдийн аль аль нь бүртгэгдээгүй.  Харин 2 000 000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ нь Чингэлтэй дүүргийн Татварын албанд бүртгэлтэй. Татварын албанд бүртгэлтэйгээс гадна Татварын мэдээллийн нэгдсэн санд тухайн компани нь 2 118 000 төгрөгийг түрээсийн орлого олдог гэсэн мэдээллийг ирүүлсэн байдаг.  Эдгээр баримтаас үзэхэд 2 өөр иргэн, 2 өөр нэхэмжлэлийн шаардлагыг нэг нэхэмжлэлээр гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна, хоёрдугаарт Б.Н ид 27 иргэнээс түрээсийн гэрээнд төлөөлөх эрх олгоогүй байхад түрээсийн гэрээ байгуулсан нь өөрөө хуульд нийцэхгүй, гуравдугаарт  уг түрээсийн гэрээнүүдийг ямар нэгэн байдлаар улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой хуулийн шаардлагыг хангаагүй байгаа явдал нь мөн адил хуульд нийцэхгүй байна. Эцэст нь Б.Н  нь хувь хүний зүгээс ямар нэгэн байдлаар түрээсийн төлбөрийн өр Т  ХХК-д үүссэн гэдгийг нотлох баримтаар гаргаж ирж чаддаггүй. Иймд Б.Н  нь түрээсийн төлбөрийн үлдэгдэлгүй харин бусад 27 иргэний хувьд тодорхой хэмжээгээр түрээсийн өр төлбөртэй иргэд байгаа тул тухайн иргэдээс тухайн иргэд болгоноор шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байгаа гэдгийг шүүхэд удаа дараа хандаж шүүхээс энэ хэргийг хоёр ч удаа хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Эцэст нь хэлэхэд Т  ХХК-йн менежер ажилтай Наранбат нь компанийг төлөөлөх эрхгүй үедээ түрээсийн гэрээг байгуулж, түрээсийн төлбөрийг өөрийн хувийн дансаар хүлээж авч байсан үйл ажиллагаа явуулсан болох нь 2018 оны 01 сарын 25-ны өдрийн 01311 дугаартай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хэрэгсэхгүй болгосон захирамж дээр тодорхой заагдсан байдаг. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэгт заасны дагуу төлөөлөх эрхгүй этгээд шүүхэд хандсан байна гэдэг үндэслэлээр энэ хэргүүдийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,                  

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т  ХХК нь хариуцагч Б.Н ид холбогдуулан түрээсийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 96 732 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 8 сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны цахилгааны зардал 110 987 төгрөг, алданги 25 960 000 төгрөг нийт 122 802 987 төгрөг гаргуулж,,

Б.Ц  тай байгуулсан 2014/02 тоот түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар шаардсан байна.

Шүүх хариуцагч Б.Н ид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Б.Ц  д холбогдох 2014/02 тоот түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Т  ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Ц.Соёл-Эрдэнэ /хх-ийн 4-5/ нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тэмүлэнгэнгэст иргэн Б.Н той байгуулсан Т  ХХК-ийн өмчлөлийн, ...250 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн байрыг түрээслэх 2014/02 тоот гэрээний төлбөрийн асуудлаар ...шүүхэд нэхэмжлэл гаргах, төлөөлөх эрхийг олгосон итгэмжлэлийг олгосон байна./хх-ийн 6/

 

Дээрх итгэмжлэлийн дагуу нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Тэмүлэнгэнгэс нь иргэн Б.Н ид холбогдуулан түрээсийн төлбөр гаргуулахаар, иргэн Б.Ц  д холбогдох 2014/02 тоот түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

Т  ХХК-иас итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тэмүлэнгэнгэст олгосон 2018 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн дээрх итгэмжлэлээр иргэн Б.Ц  д холбогдох 2014/02 тоот түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргах эрхийг олгоогүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” үндэслэлээр энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэн Б.Н оос түрээсийн гэрээний үүрэгт 96 732 000 төгрөг, алданги 25 960 000 төгрөг нийт 122 802 987 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ талуудын 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан №2014/02 Түрээсийн гэрээнд үндэслэснийг хариуцагч тал “уг гэрээ нь 2014 оны 9 сарын 25-ны өдөр байгуулагдаагүй бөгөөд 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Ц.Наранбат банкинд гэрээ батлуулан өгөх шаардлагатай байна гээд уг гэрээнд гарын үсэг зуруулж нотариатаар батлуулсан..., Анх 5 000 000 төгрөгийн түрээсийн гэрээг амаар байгуулсан. Орифлемийн сургалт явуулдаг байсан. Тус байранд зохион байгуулалт хийж 28 иргэн өрөө тус бүрт сууж, түрээс болон урсгал зардлыг өөрсдөө төлдөг байсан. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Чингэлтэй дүүргийн 2-р хороо 40 мянгат 7/14 дүгээр байрны 1 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай, 250 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2014 оны 10 сараас орифлеймын сургалт, худалдааны чиглэлээр нэр бүхий 28 иргэн үйл ажиллагаа явуулж, түрээслэж байсан нь, түүнчлэн түрээсийн төлбөр, ашиглалтын зардлыг 2014 оны 10 сараас түрээслэгч нар тус тусдаа төлж байсан болох нь хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан нэхэмжлэгч компанийн менежер Ц.Наранбатын Төрийн банкны харилцах дансны дэлгэрэнгүй лавлагаа, 2018 оны 5 сарын 23-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэх 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн №2014/02 Түрээсийн гэрээнд хариуцагч Б.Н  нь гарын үсэг зурсан талаараа маргаагүй хэдий ч уг гэрээг 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр нөхөн байгуулж, мөн өдрөө нотариатч дээр очиж батлуулсан гэж тайлбар гаргасан нь хэрэгт авагдсан нотариатчийн бүртгэлийн дэвтрийн 144 дугаарт бүртгэгдсэн баримтаар тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь уг гэрээний дагуу талуудын ямар хүсэл зориг илэрхийлэгдсэн гэдгээ баримтаар нотлоогүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Т  ХХК нь уг гэрээний дагуу 2014 оны 9 дүгээр сараас түрээсийн төлбөрийг Б.Н  нь өөртөө төвлөрүүлж төлөхөөр үүрэг хүлээсэн гэж нэхэмжлэл гаргасан нь 2014 оны 10 дугаар сараас түрээслэгч нар түрээсийн төлбөр тооцоогоо тус тусдаа хийж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон зэргээс дээрх гэрээний дагуу төлбөр төлж байсан гэдэг нь үгүйсгэгдэж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. 

 

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь: 

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т  ХХК-ийн хариуцагч Б.Н оос түрээсийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 96 732 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 8 сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны цахилгааны зардал 110 987 төгрөг, алданги 25 960 000 төгрөг нийт 122 802 987 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан Т  ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Ц  д холбогдох 2014/02 тоот түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар  зүйлийн 56.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 842 415 төгрөгөөс 771 965 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70 450 төгрөгийг улсын орлогоос /Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас/ гаргуулан нэхэмжлэгч Т  ХХК-д олгосугай.  

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ                                  Б.МӨНХЖАРГАЛ