Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 154

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо 13 дугаар хороолол 21 дүгээр байр 103 тоотод оршин суух, УЕ74070211 регистрийн дугаартай, Барга овогт Цэдэндамбаагийн Батсайханы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт оршин суух, БЮ78051573 регистрийн дугаартай, Барах сүйндик овогт Баймуратын Ержолд холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хаутай, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Маншүк нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Howo маркийн авто машины үнээс үлдсэн үнэ болон алдангийн хамт 9750000 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Ц.Батсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Ержол нь надаас 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр авто машин зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээ хийж миний 2008 онд үйлдвэрлэгдсэн: Howo маркийн ачааны улаан өнгийн 2367 УНГ улсын дугаартай авто машиныг нийт 26,500,000 төгрөгөөр үнэлж урьдчилж 5,000,000 /таван сая/ төгрөг өгч үлдсэний нь 10 хоногийн дотор бүрэн төлж барагдуулахаар тохирч худалдаж авсан юм. Уг машины техникийн 00483469 дугаартай гэрчилгээ болон бусад баримтыг бүрэн авсан. Энэ 2 жил 3 сарын хугацаанд Б.Ержол нь 20,000,000 төгрөг төлж өгсөн. Одоо үлдсэн зээлээс төлөгдөөгүй үлдсэн 6,500,000 төгрөгийг нэхэмжилж байна. Түүнээс гадна зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэг, 6 дахь хэсэгт худалдан авагч энэ гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоногт 0,5% алдангийг үл маргах журмаар худалдагчид төлнө гэсэн заалтыг үндэслэж би зээл төлөөгүй нийт 2 жил 3 сар буюу (360 хоног 2 : 720 хоног+3 сар буюу 90 хоног :810) 810 хоногийн ердөө 100 хоног болгон бууруулж тоолж 100 хоногийн 0,5% алданги болох 3,250,000 төгрөгийг нэмж бүгд 9.750.000 төгрөгийг Б.Ержолоос нэхэмжилж байна. Иймд Б.Ержолоос 9,750,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтай шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Улаанбаатар хотод амьдардаг Ц.Батсайхан гэх хүн болон Өмгөөлөгчдийн холбооноос надад утсаар холбогдоод Б.Ержолоос авах ёстой авто машиныг зээлээр худалдсан авто машины үлдсэн үнэ болон алдангийг гаргуулж өгөхийг хүссэнээр энэ хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Ц.Батсайхан, Б.Ержол нар Улаанбаатар хотод байхдаа Howa гэх машиныг 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 26500000 төгрөгөөр үнэлж авто машин зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулсан байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 243, 263 дугаар зүйлийг үндэслээд гэрээ байгуулсан байна. Ингээд гэрээ байгуулсан бөгөөд гэрээ ёсоор урьдчилаад 5 сая төгрөг төлж, үлдсэн мөнгийг 10 хоногийн дотор шилжүүлэх талаар гэрээнд тодорхой зааж, гэрээ байгуулж гарын үсэг зураад машиныг шилжүүлээд авсан байна. Гэтэл 10 хоногийн дотор мөнгө төгрөг өгч чадаагүй. Харин Б.Ержол тухайн үед худалдагчид газар хол байна, машиныг авч явахдаа цагдаагийн хүмүүст болон шалгалтын албанд замдаа бичиг баримтыг үзүүлэх, шалгуулах асуудал гарна. Мөн Өлгийд очсоны дараа энэ машинаар наашаа цаашаа явахад бичиг баримт хэрэгтэй болно. Тийм учраас би таны мөнгийг төлж өгнө, машины бичиг баримтыг шилжүүлээд өгнө үү гэснээр түүний хэлсэнд итгээд бичиг баримтыг өгөөд машиныг Б.Ержолын нэр дээр шилжүүлээд өгсөн. Хариуцагч шүүхэд хүсэлт гаргаад Авто техникийн газраас нотлох баримт авахуулсан байна. Шилжүүлж өгсний дараа 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Батсайханы дансанд машины үнэ болох 15 сая төгрөгийг хийсэн. Ингээд үлдсэн 6500000 төгрөгийг өгөлгүй удсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ингэхдээ 6500000 төгрөгөөс гэрээнд зааснаар 0.5 хувийн алдангийг тооцсон. Алдангийг ямар ч тохиолдолд шууд төлөхөөр талууд гэрээнд тусгасан байгаа. Алданги хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 33500 төгрөг тооцож байгаа. 2 жил буюу 702 хоногийг тооцоход 3200050 төгрөг болж байгаа. Өөрөөр хэлбэл шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 3200050 төгрөгийн алданги, төлбөрөөс үлдсэн үнэ 6500000 төгрөг бөгөөд нийт 9750000 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч шүүхэд тайлбараа ирүүлсэн бөгөөд үүнтэй холбоотой зарим нэг зүйлийг тодруулж хэлэхэд хариуцагч 7 дугаар сард Авто техникийн үндэсний төвөөс машины бүх тооцоо дууссаны дараа бид хоёр очоод бичиг баримтыг авсан. Тэрнээс хойш нэхэмжлэгчид төлөх төлбөр тооцоо дууссан гэж байгаа боловч 15 сая төгрөг өгсөн нь нотлогдохгүй байна. Тухайн үед Авто техникийн үндэсний төвөөс бичиг баримтыг авахдаа үлдсэн төлбөрөө яаж төлсөн, хэзээ, хэдэн төгрөг өгснийг нотлох нотлох баримт байхгүй байна. Төлбөр тооцоо дууссан талаар талууд гарын үсэг зурж тэмдэглэл буюу баримт үйлдэх ёстой байсан. Өөрөөр хэлбэл хариуцагч төлбөрөө төлснөө нотолж чадаагүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Б.Ержол шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Батсайханы нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэл нь хуулийн ямар ч үндэслэлгүй, тооцоо нь тухайн үед дууссан ба нэхэмжлэлийг бүхэлд нь үл зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Ц.Батсайхан нь 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Автомашин зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээний дагуу надаас нэхэмжилсэн 6,500,000 /зургаан сая таван зуун мянган/ төгрөг алданги 3,250,000 /гурван сая хоёр зуун тавин мянган/ төгрөг нь ямар үндэслэлгүй ба уг тээврийн хэрэгслийг худалдан авсан тооцоо нь дууссан болно. Тооцоо дууссан нь: тус автомашин зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээний 6 дугаар хэсэг буюу бусад нөхцөл гэсэн хэсгийн 6.1-д зааснаар худалдан авагч гэрээний үнийг төлж дуусахад худалдагч тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон дагалдах бичиг баримтыг түүний нэр дээр нэн даруй шилжүүлэн өгөх үүрэгтэй гэсний дагуу 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тооцоо нь дуусаж Авто тээврийн үндэсний төвд очиж өөрийн биеэр иргэн Ц.Батсайхан нь тээврийн хэрэгслийг миний эцгийн нэр дээр шилжүүлэн өгснөөр нотлогдож байгаа. Уг нотлох баримтыг миний бие Авто тээврийн үндэсний төвөөс авах хүсэлт гаргасан боловч хувьд хүнд олгогдохгүй байна. Энэ талаар шүүхэд хүсэлт гаргах болно. Иймд хүсэх нь иргэн Ц.Батсайханы нэхэмжлэл нь ямар ч үндэслэлгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хаутай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн иргэн Ц.Батсайханаас машин авч гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу гэрээ байгуулсан. Мөн Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д Зээлээр худалдах-худалдах авах гэрээг бичгээр хийнэ, 263.2-т гэрээнд дараах нөхцөлийг заавал тусгана. Үүнд: бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ гэх мэт гээд бүгд байгаа. 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр машиныг унаж үзээд бүрэн бүтэн, доголдолгүй болохоор 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэрээ байгуулж урьдчилгаа 5 сая төгрөгийг өгөөд машиныг авсан байгаа. Тэгээд маргааш нь буюу 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр үлдсэн мөнгө болох 21 сая төгрөгийг өгөөд Ц.Батсайхан нь Б.Ержолыг дагуулаад Авто техникийн үндэсний төвд очиж машины бүх бичиг баримтыг Б.Ержолын хүсэлтийн дагуу Б.Ержолын эцэг Баймуратын нэр дээр шилжүүлж өгсөн. Худалдах худалдах авах гэрээний 6.1-д худалдан авсан эд зүйлийн үнийг талууд төлж дууссаны дараа худалдагч тээврийн хэрэгслийн гэрээ ба бусад дагалдах бичиг баримтыг түүний нэр дээр нэн даруй шилжүүлнэ гэж заасан. Энэ бол зүгээр нэг бичсэн зүйл биш. 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэрээ байгуулж машин хүлээж авсан. 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тооцоог дуусгаж Ц.Батсайхан Б.Ержолын хүсэлтийн дагуу Б.Ержолын эцэг Баймуратын нэр дээр шилжүүлсэн. Энэ нь Авто тээврийн үндэсний төвөөс ирсэн авто тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх авто тээврийн маягтаар бүрэн нотлогдож байна. 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн гэрээний бусад нөхцөлд дурдсан тооцоо дууссаны дараа тээврийн хэрэгсэл болон холбогдох бусад бичиг баримтыг нэн даруй худалдан авагчийн нэр дээр шилжүүлж өгнө гэсэн үүргээ иргэн Ц.Батсайхан нь биелүүлсэн бөгөөд уг байгуулсан гэрээ нь хүчингүй болж байгаа. Яагаад гэвэл машиныг авч төлбөрийг бүрэн төлж дууссан учраас гэрээ дуусаж байгаа. Тийм учраас нэхэмжлэгч Ц.Батсайханы нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна. Ц.Батсайхан 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэрээ хийгээд машины үлдсэн үнэ гээд алдангийн хамт 9750000 төгрөг нэхэмжилж байгаа. Үүнээс хойш 3 жил болж байна. Хэрвээ үнэхээр өгөөгүй бол энэ хугацаанд яагаад мөнгөө нэхэмжлээгүй вэ гэдэг нь эргэлзээтэй байна. Авто тээврийн үндэсний төвөөс ирсэн нотлох баримтууд дотор 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэн Баймуратын нэр дээр шилжүүлж өгснөөр энэ асуудал дуусаж байна. 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр урьдчилгаа гээд 5 сая төгрөг өгсөн. Үлдсэн 21 сая төгрөгийг маргааш нь машиныг нэр дээр нь шилжүүлэх үед бэлэн өгсөн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгчийн дансанд 15 сая төгрөг шилжүүлсэн гэж байна. Гэхдээ энэ бол тусдаа мөнгө байгаа. Уг 15 сая төгрөг бол өнөөдрийн энэ хэрэгт огт хамааралгүй мөнгө. Учир нь энэ хоёр хүн урьд өмнө машин авч өгөлцдөг юм байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Батсайхан нь хариуцагч Б.Ержолоос Howo маркийн улаан өнгийн 2367 УНГ улсын дугаартай авто машины үнээс үлдсэн үнэ болон алдангийн хамт 9,750,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч тухайн машины үнийг бүрэн төлсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж эс зөвшөөрч маргажээ.

Шүүх хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, нэхэмжлэгч Ц.Батсайхан, хариуцагч Б.Ержол нар нь 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 23-67 УНГ улсын дугаартай улаан өнгөтэй Howo маркийн, 331239 аралын дугаартай, Тээврийн хэрэгслийн 00483469 гэрчилгээний дугаартай авто машиныг 26,500,000 /хорин зургаан сая таван зуун мянган/ төгрөгөөр тохиролцож худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулсан байна.

Уг авто машин худалдах, худалдан авах тухай гэрээний 2.1.2 дахь хэсэгт автомашиныг шилжүүлэн авснаас хойш 10 хоногийн дотор автомашины үнийг бүрэн барагдуулж дуусгана , 2.1.3 дахь хэсэгт худалдан авагч нь гэрээний дагуу урьдчилгаа үнэ болгож 5,000,000 төгрөгийг худалдан авагчид төлөх ба үлдсэн 21,500,000 төгрөгийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд худалдагчийн ХААН банкны 5031019168 тоот дансанд бэлнээр шилжүүлнэ гэж заасан ба хариуцагч Б.Ержол нь урьдчилгаа болгож 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Батсайханд бэлэн өгсөн байна.

Хариуцагч авто машин худалдах, худалдан авах тухай гэрээний 6.1-д худалдан авагч гэрээний үнийг төлж дуусахад худалдагч Тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон дагалдах бичиг баримтыг түүний нэр дээр нэн даруй шилжүүлэн өгөх үүрэгтэй гэсний дагуу 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тооцоо дуусаж Ц.Батсайхан нь уг 23-67 УНГ улсын дугаартай Howo маркийн авто машиныг шилжүүлж өгсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

Гэтэл хариуцагч Б.Ержол нь 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Ц.Батсайханы 104500552795 дугаартай дансанд 15,000,000 төгрөгийг Ержолоос, гүйлгээний утга машины үнэ шилжүүлэв гэж бичигдсэн ба уг Төрийн банкны депозит дансны харилцагчийн хуулгаас дүгнэхэд хариуцагч Б.Ержол нь машины үнийн талаарх тооцоо дууссан гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

Хариуцагч 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр машины үнэ гэж шилжүүлсэн 15,000,000 төгрөг өөр машины үнэ байсан гэж тайлбарладаг боловч үүнийг бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй тул хариуцагчийн шилжүүлсэн 15,000,000 төгрөг нь 23-67 УНГ улсын дугаартай Howo маркийн машины үнээс үлдсэн үнэ биш өөр машины үнэ байна гэж дүгнэх боломжгүй болно.

-2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн авто машин худалдах, худалдан авах тухай гэрээний 6.1-д зааснаар тухайн авто машины Тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон дагалдах бичиг баримтыг хариуцагч Б.Ержол буюу түүний эцэг нь болох Баймуратын нэр дээр шилжүүлснээр машины үнийг бүрэн барагдуулсан гэж үзэх боломжгүй.

Учир нь, хариуцагчид хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ өөрөө нотлох үүргийг хүлээсэн боловч хариуцагч Б.Ержол нь машины үнээс үлдсэн мөнгийг бүрэн төлж өгснөө бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй.

Уг 23-67 УНГ улсын дугаартай Howo маркийн авто машиныг нэхэмжлэгч Ц.Батсайхан нь Б.Ержолын хүсэлтээр түүний эцэг Х.Баймуратын нэр дээр шилжүүлсэн болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн тээврийн хэрэгслийн бүртгэх маягтаар, мөн хариуцагч Б.Ержол нь уг тээврийн хэрэгслийг эцэг Х.Баймуратын нэрээс өөрийн нэр дээр шилжүүлж авсан болох нь 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн тээврийн хэрэгслийн бүртгэх маягтаар тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ц.Батсайхан нь 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн авто машин худалдах, худалдан авах тухай гэрээний 3.2-т худалдагч нь худалдан авагчаас автомашины үнийг нэхэмжлэх эрхтэй гэж заасны дагуу хариуцагч Б.Ержолоос машины үнээс үлдсэн мөнгийг нэхэмжлэх эрхтэй байна.

Хариуцагч Б.Ержол нь 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн авто машин худалдах, худалдан авах тухай гэрээний дагуу уг Howo маркийн авто машины үнэ болох 26,500,000 төгрөгөөс Ц.Батсайханд урьдчилгаа болгож 5,000,000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 15,000,000 төгрөг бүгд 20,000,000 /хорин сая/ төгрөг төлсөн болох нь гэрээ (гэрээндээ 5,000,000 төгрөг өгсөн авсан тухай хоёр талын гарын үсэгтэй) болон Төрийн банкны депозит дансны харилцагчийн хуулга зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

Талуудын хоорондоо байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн авто машин худалдах, худалдан авах тухай гэрээний 4.4-д худалдан авагч энэ гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоногт 0,5% алдангийг үл маргах журмаар худалдагчид төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Хариуцагч Б.Ержол нь машины үнийг уг гэрээний 2.1-д ... 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр бүрэн төлж дуусгахаар заасан үүргээ 2 жил 1 сар 24 хоног буюу нийт 786 хоног хэтрүүлж зөрчсөн ба нэхэмжлэгчийн уг авто машин худалдах, худалдан авах тухай гэрээний 4.4-д заасны дагуу машины үнээс үлдсэн 6,500,000 төгрөгт ногдох алданги болох 3,250,000 төгрөгийг нэмж нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна гэж дүгнэлээ.

Иймд хариуцагч Б.Ержолоос 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн авто машин худалдах, худалдан авах тухай гэрээний үнээс үлдсэн 6,500,000 төгрөг, алданги 3,250,000 төгрөг бүгд 9.750.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Батсайханд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 170950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч БЮ78051573 регистрийн дугаартай Баймуратын Ержолоос Hоwо авто машины үнээс үлдсэн үнэ болон алдангийн хамт 9.750.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Цэдэндамбаагийн Батсайханд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ержолоос 170950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Батсайханд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ