Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 086

 

Ц.Батсайханы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 154 дүгээр шийдвэртэй, Ц.Батсайханы нэхэмжлэлтэй, Б.Ержолд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Айбек, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтай, хариуцагч Б.Ержол нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Howo маркийн автомашины үнэ, алдангийн хамт 9750000 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Б.Ержол нь надаас 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр авто машин зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээ хийж миний 2008 онд үйлдвэрлэгдсэн: Howo маркийн ачааны улаан өнгийн 2367 УНГ улсын дугаартай авто машиныг нийт 26,500,000 төгрөгөөр үнэлж урьдчилж 5,000,000 /таван сая/ төгрөг өгч үлдсэний нь 10 хоногийн дотор бүрэн төлж барагдуулахаар тохирч худалдаж авсан юм. Уг машины техникийн 00483469 дугаартай гэрчилгээ болон бусад баримтыг бүрэн авсан. Энэ 2 жил 3 сарын хугацаанд Б.Ержол нь 20,000,000 төгрөг төлж өгсөн. Одоо үлдсэн зээлээс төлөгдөөгүй үлдсэн 6,500,000 төгрөгийг нэхэмжилж байна. Түүнээс гадна зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэг, 6 дахь хэсэгт худалдан авагч энэ гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоногт 0,5% алдангийг үл маргах журмаар худалдагчид төлнө гэсэн заалтыг үндэслэж би зээл төлөөгүй нийт 2 жил 3 сар буюу (360 хоног 2 : 720 хоног+3 сар буюу 90 хоног :810) 810 хоногийн ердөө 100 хоног болгон бууруулж тоолж 100 хоногийн 0,5% алданги болох 3,250,000 төгрөгийг нэмж бүгд 9.750.000 төгрөгийг Б.Ержолоос нэхэмжилж байна. Иймд Б.Ержолоос 9,750,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Ц.Батсайханы нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэл нь хуулийн ямар ч үндэслэлгүй, тооцоо нь тухайн үед дууссан ба нэхэмжлэлийг бүхэлд нь үл зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Ц.Батсайхан нь 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Автомашин зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээний дагуу надаас нэхэмжилсэн 6,500,000 /зургаан сая таван зуун мянган/ төгрөг алданги 3,250,000 /гурван сая хоёр зуун тавин мянган/ төгрөг нь ямар үндэслэлгүй ба уг тээврийн хэрэгслийг худалдан авсан тооцоо нь дууссан болно. Тооцоо дууссан нь: тус автомашин зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээний 6 дугаар хэсэг буюу бусад нөхцөл гэсэн хэсгийн 6.1-д зааснаар худалдан авагч гэрээний үнийг төлж дуусахад худалдагч тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон дагалдах бичиг баримтыг түүний нэр дээр нэн даруй шилжүүлэн өгөх үүрэгтэй гэсний дагуу 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тооцоо нь дуусаж Авто тээврийн үндэсний төвд очиж өөрийн биеэр иргэн Ц.Батсайхан нь тээврийн хэрэгслийг миний эцгийн нэр дээр шилжүүлэн өгснөөр нотлогдож байгаа. Уг нотлох баримтыг миний бие Авто тээврийн үндэсний төвөөс авах хүсэлт гаргасан боловч хувь хүнд олгогдохгүй байна. Энэ талаар шүүхэд хүсэлт гаргах болно. Иймд хүсэх нь иргэн Ц.Батсайханы нэхэмжлэл нь ямар ч үндэслэлгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 154 дүгээр шийдвэрээр:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч БЮ78051573 регистрийн дугаартай Баймуратын Ержолоос Hоwо авто машины үнээс үлдсэн үнэ болон алдангийн хамт 9.750.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Цэдэндамбаагийн Батсайханд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ержолоос 170950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Батсайханд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8-р багийн иргэн Барах-Сүйндик овгийн Баймуратын Ержол миний бие Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байрны оршин суугч Ц.Батсайханы нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаа.

Хэргийн хариуцагчийн хувьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 154 тоот дугаартай шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдаж байна. Шүүгч Жархынгүл нь хүчингүйд тооцогдсон худалдах, худалдан авах гэрээг үндэслэн шийдвэр гаргасан. Учир нь худалдах, худалдан авах гэрээний дагуу шийдвэр гаргасан нь хэт нэг талыг баримталсныг харуулж байна. Нөгөө талаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлд бичсэнийг үндэслэсэн атлаа машин худалдах, худалдан авах гэрээний бусад нөхцөлд заасан : худалдагч, худалдан авагч төлбөрийг төлж дуусмагц, техник хэрэгслийн дагалдах бичиг баримтыг нэн даруй шилжүүлэн өгнө гэснээр буюу худалдагч тооцоо дуусмагц нэр шилжүүлсэн явдлыг огт үнэлээгүй, нөгөө талаар энэ мэт нотлох баримтыг тал бүрээс нь судлаагүй нь харагдаж байна. 2017 оны 02 сарын 24-ний 154 тоот шүүхийн шийдвэр нь хэт нэг талыг баримтлан нотлох баримтуудыг үндэслэхгүйгээр гаргасан шийдвэр болно.

Нэхэмжлэгч Ц.Батсайхан нь HOWO маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч Б.Ержолд 2014 оны 10 сарын 06-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан, урьдчилгаа 5 сая төгрөг өгч, машиныг хүлээж авсан болно. Тээврийн хэрэгсэл нь худалдан авагч Б.Ержолын сэтгэлд нийцсэн тул иргэн Батсайханд 2014 оны 10 сарын 07-ны өдөр машины үнийн дүнгээс үлдсэн мөнгө болох 21,500,000 төгрөгийг бэлнээр тоолж өгч, тооцоо дуусаж, худалдах, худалдан авах гэрээний бусад нөхцөл гэх хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон бусад дагалдах бичиг баримтыг Авто тээврийн үндэсний төвд очиж иргэн Ц.Батсайхан нь худалдан авсан хүний нэр дээр шилжүүлж өгсөн юм. Энэ тухай иргэн Б.Ержолын хүсэлтийн дагуу АТҮТөвөөс шүүхийн журмаар татаж авсан маягтад тодорхой бичигдсэн байгаа боловч шүүгч Жархынгүл эдгээр нотлох баримтыг дүгнээгүй, үнэлээгүй.

Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ нь тооцоо дуусаж, эзэмшигчийн нэр дээр шилжсэний үндсэн дээр уг гэрээ нь дуусгавар болох ба хүчингүйд тооцогдоно. Гэтэл шүүгч Жархынгүл нь уг гэрээг үндэслэсэн нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал болно.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлсэн тохирсон үнийг төлж, авсан хөрөнгөө хүлээж авах үүргийг тус тус хүлээнэ гэсэн заалтын дагуу худалдан авагч Б.Ержол худалдагч Ц.Батсайханд мөнгийг нь өгч, тээврийн хэрэгслийг нэрдээ шилжүүлэн авсныг Жархынгүл шүүгч үнэлээгүй буруу шийдвэр гаргасан. Шүүх хурал завсарласан үед нэхэмжлэгчийн өмгөөлөгч Алтай гэгчийн хэлснээр Шүүхийн шийдвэр бидний талд гарна. Учир нь энэ хэргийн ард улсын дээд шүүхийн шүүгч байгаа гэсэн нь Жархынгүл шүүгч бусдын нөлөөлөлд автсаныг харуулна. Ямар шийдвэр гаргахаа нэхэмжлэгч талд урьдчилж хэлсэн байгаа нь нотлогдоно.

Шүүгч Жархынгүл нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан хориглох зүйлээс: Шүүгч нь хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байхад өөрийн байр суурийг илэрхийлсэн, нөгөө талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлж болох хувийн харилцаа /улсын дээд шүүхийн шүүгчтэй/ тогтоосон зэргийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс хүсэх нь: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 24-ний өдрийн 154 тоот дугаартай шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргуулахаар анхан шатны шүүхэд буцааж өгөхийг хүсье. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: Б.Ержолын гаргасан гомдолтой Батсайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтай би танилцаж гомдлыг зөвшөөрөхгүй байна. Б.Ержол нь зээлийн гэрээгээр зээлдэж авсан эд хөрөнгийн үнийг гэрээнд заасан гэх зүйлийг үндэслэл болгож нэхэмжлэгчийг төөрөгдүүлэн хууран мэхэлж, итгэл эвдэн зээлээр төлөх төлбөрийг төлөхөөс зайлсхийх зорилгоор гомдлыг бичсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Ц.Батсайхан нь хариуцагч Б.Ержолд холбогдуулан тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээний үнээс үлдсэн 6,500,000.00 төгрөг, алданги 3,250,000.00 төгрөг, нийт 9,750,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.

 

Хэрэгт хуульд заасан журмаар цугларсан, талуудаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг харьцуулан судалбал, нэхэмжлэгчийн шаардлага нь талуудын хооронд 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Ц.Батсайханы эзэмшлийн Төрийн банк дахь 104500552795 тоот дансны хуулга зэрэг нотлох баримтуудад үндэслэгдсэн байх бөгөөд хариуцагч талын шүүхийн журмаар бүрдүүлсэн 2367УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа, бусад материалууд нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг үгүйсгэх нотлох баримт болж чадаагүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх журамд нийцжээ.

 

Ц.Батсайхан, Б.Ержол нарын хооронд 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т зааснаар 2367 УНБ улсын дугаартай, улаан өнгийн, HOWO маркийн ачааны тээврийн хэрэгслийг 26,500,000.00 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд худалдан авагч нь мөн өдөр гэрээний урьдчилгаа болгож 5,000,000.00 төгрөгийг төлсөн ба энэ талаар болон гэрээний дээрх нөхцөлийн талаар талууд маргаагүй байна. 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр дээрх гэрээний үнийн үлдэгдэлд худалдан авагчаас 15,000,000.00 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлсэн нь худалдагчийн дансны хуулгаар тогтоогдсон ба худалдан авагч нь гэрээнд зааснаар автомашиныг шилжүүлэн авснаас хойш 10 хоногийн дотор үнийг бүрэн барагдуулж дуусгах /гэрээний 2.1.2./ үүрэг хүлээсэн боловч энэ үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй, 26,500,000.00 төгрөгөөс 20,000,000.00 төгрөгийг төлж, 6,500.000,00 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь тогтоогджээ.

Харин худалдагч нь худалдсан тээврийн хэрэгслийг худалдан авагчийн өмчлөлд 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр бүрэн шилжүүлж, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаа болон бусад баримтаар тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгчээс талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.4 дэх хэсэгт заасныг үндэслэж, үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн байх тул хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алдангид 3,250,000.00 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. Хариуцагчийн тээврийн хэрэгслийг худалдан авагчийн нэр дээр шилжүүлснээр худалдах-худалдан авах гэрээ дуусгавар болсон тул нэхэмжлэл үндэслэлгүй гэсэн агуулгатай гомдол Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т нийцэхгүй байна. Учир нь дээрх хууль, талуудын хооронд байгуулагдсан гэрээнд зааснаар худалдагч нь худалдсан эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй, энэ үүргээ зохих ёсоор биелүүлсэн нь худалдан авагчийн гүйцэтгээгүй үүргийн биелэлтийг шаардах эрхэд саад болохгүй юм.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 924 дүгээр Давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байжээ. Анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 154 дүгээр шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр гардуулсан бөгөөд түүний 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гаргаагүй давж заалдах гомдлыг шүүгчийн дээрх захирамжаар хүлээж аваагүй байна.

 

Гэтэл анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй хариуцагч Б.Ержолын 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээлгэх агуулгатай хүсэлт, мөн өдөр гаргасан давж заалдах гомдол зэргийг хүлээн авч, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 1492 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргах хугацааг илт үндэслэлгүйгээр сэргээсэн нь хууль, шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн зарчим, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд тодорхойлсон талуудын мэтгэлцэх зарчмыг, түүнчлэн мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 120.3.-т заасан журмыг тус тус зөрчсөнийг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 154 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171,000.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ

 

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

 

 

С.ӨМИРБЕК