Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2023/0304

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Б нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2023/0136 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч Д.Б, Ц.С, Б.Ч, А.Т, Л.Э, Г.Б, Д.Б, С.М, Т.С, Н.Б

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба

Гуравдагч этгээд Ц.Д, Х.Б, Д.Т, С.З, З.З, П.М, Д.Д, Н.ЭнхБ, Ш.О, Б.Б, Б.С, Б.Са, Б.Ө, Б.Б, Ч.Д, Д.Су

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Б, Ц.С

Нэхэмжлэгч Д.Б нарын  өмгөөлөгч О.Б,

Нэхэмжлэгч Ц.С-ИЙН өмгөөлөгч М.Ц

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж

Гуравдагч этгээд Ч.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О, түүний өмгөөлөгч Л.Н

Гуравдагч этгээд Х.Бгийн өмгөөлөгч Б.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.

 

Хэргийн индекс: 128/2020/0269/З.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2023/0136 дугаар дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.13, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.6-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/*** дүгээр захирамжийн Ц.Д, Х.Б, Д.Т, С.З, З.З, П.М, Д.Д, Н.ЭнхБ, Ш.О, Б.Б, Б.С, Б.Са, Б.Ө, Б.Б нарт холбогдох хэсэг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/*** дугаар, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны ѳдрийн А/** дугаар, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/*** дугаар захирамжийн Ч.Дд тус тус холбогдох хэсэг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өрийн А/*** дугаар захирамжийн Н.Б, Г.Б нарт холбогдох хэсэг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/*** дүгээр захирамжийн Т.Сд холбогдох хэсгийн биелэлтийг дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлэн” шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгч Ц.С-ИЙН өмгөөлөгч М.Ц дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “Дээрх шийдвэрийг дараах үндэслэлүүдээр эс хүлээн зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

I. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт маргаан бүхий актууд хууль бус болон захиргааны акт гаргах үндэслэл байгаагүй талаар дүгнэсэн атлаа хуульд зааснаар газар эзэмшүүлэх шийдвэр гаргах, газар эзэмшүүлэх өргөдөл хүлээн авч шийдвэрлэх, газрын кадастрын мэдээллийн санг эрхлэх зэрэг нь хариуцагч нарын үүрэг бөгөөд хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай хэмээн зөрүүтэй дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь шүүх дараах үйл баримтууд нотлогдож буй талаар шийдвэртээ дүгнэсэн байдаг. Тодруулбал,

 Маргаан бүхий газар нь нийслэлийн Засаг даргын 2003 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ** дугаар захирамжаар болон 2009 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ** дугаар захирамжаар тогтоосон Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн газрын доорх усны эх үүсвэрүүдийн тэжээлийн гадаад, дотоод мужийн хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхцалтай байсан. Улмаар анхнаасаа эзэмшүүлж болохгүй газарт хамаарч байсан буюу газар эзэмших эрх олгох үндэслэлгүй байхад 2007 онд Ж.Бд хууль бусаар газар эзэмших эрх олгосныг 2010 онд нийслэлийн Засаг даргын захирамжаар хүчингүй болгосон байх атал газрын алба түүнийг нягтлалгүйгээр гуравдагч этгээд иргэн Ч.Дд 2012 онд мөн адил хууль бусаар шилжүүлсэн.

Мөн тус маргаан бүхий газрыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ** дугаар тогтоолоор Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоосны үр дүнд иргэнд эзэмшүүлэх эрх нээгдсэн хэдий боловч Баянзүрх дүүргийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байхад гуравдагч этгээд Ц.Д нарт давхцуулан эзэмшүүлсэн. Түүнчлэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоосны үр дүнд иргэнд эзэмшүүлэх эрх нээгдсэний дараа 2016 оны 10 дугаар сард нэхэмжлэгч Ц.С нар нь бодитоор эзэмшсээр ирсэн бөгөөд одоо ч эзэмшиж буй газраа эзэмших хүсэлтээ тус тус албан ёсоор гаргасан болох талаар мөн дүгнэсэн. Тиймээс маргаан бүхий актууд нь хууль бус болон захиргааны акт гаргах үндэслэл байгаагүй болох талаар хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож буй талаар дүгнэсэн атлаа хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай бөгөөд ийнхүү нэмж тодруулах зүйл нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж зөрүүтэй дүгнэсэн гэж үзэж байна.

II. Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралздаанаар хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар захиргааны акт гаргахыг даалгах шаардлага нь захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр хууль бус болох нь тогтоогдсон байх нөхцөлтэй ба нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагадаа “...тогтоолгох...” гэж тусад нь дугаарлаж тодорхойлсон шаардлагууд нь захиргааны акт гаргахыг даалгах шаардлагын урьдчилсан нөхцөл болохоор байх тул тусгайлсан нэхэмжлэлийн шаардлага бус захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр хуульд нийцсэн эсэхийг л дүгнэсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь илт хууль болохыг тогтоолгох нэхэмжлэлийн тухайд маргаан бүхий акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байдаг ба урьдчилан шийдвэрлэх ажиллагаа болон хөөн хэлэлцэх хугацаа тус тус байдаггүй. Нэгэнт илт хууль бус болон илт хууль бус байсан болох нь хэрэгт авагдсан үйл баримтуудаар нотлогдож байхад тус захиргааны актуудыг илт хууль бус болон илт хууль бус байсан болохыг тогтоолгүйгээр даалгах шаардлагын урьдчилсан нөхцөл хэмээн шийдвэрлэлгүй орхигдуулсан байна. Улмаар тогтоолгох шаардлага нь даалгах нэхэмжлэлийн шаардлагын урьдчилсан нөхцөл болохоор байх тул тусгайлсан нэхэмжлэлийн шаардлага гэж үзэлгүйгээр нэхэмжлэгчийн гаргасан дараах:

1. “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 12 сарын 06-ны өдрийн А/*** дугаар захирамжийн Ч.Дд холбогдох хэсэг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 01 сарын 30-ны өдрийн А/*** дугаар захирамжийн Ч.Дд холбогдох хэсгийг тус тус илт хууль бус байсан болохыг тогтоолгох; Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/*** дугаар захирамжийн Ч.Дд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй.

2. Түүнчлэн нэхэмжлэгчийн гаргасан “Ц.С миний 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн газар эзэмших эрх олгохыг хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өргөдлийн дагуу Ц.Сд газар эзэмших эрх олгох захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ** дугаар тогтоолоор Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоон хамгаалалтын бүсээс маргаан бүхий газар гарсан үе 2016 оны 10 дугаар сард газар эзэмших хүсэлтээ гаргасан, мөн дээд шатны Засаг даргаас 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотголоор болон 2017 онд төлөвлөгөөнд тусгуулан нэхэмжлэгч Ц.С нарт газар эзэмшүүлэхийг доод шатны Засаг даргад даалгасан албан бичиг хэрэгт авагдсан байхад үйл баримтуудыг шүүх үнэлээгүй, дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг шийдвэрлэлгүй орхигдуулан шийдвэрлэснийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас гадна Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1.1, 21.2.2, 21.22.3, 21.5.3, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байсан гэж үзэж байна Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2023/0136 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

3. Нэхэмжлэгч Д.Б нарын өмгөөлөгч О.Б дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д "шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасныг үндэслэн анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нарын хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулах шаардлага болох Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны А/*** дүгээр захирамжийн Ц.Д, Х.Б, Д.Т, С.З, З.З, П.М, Д.Д, Н.ЭнхБ, Ш.О, Б.Б, Б.С, Б.Са, Б.Ө, Б.Б нарт холбогдох хэсэг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны А/***, 2018 оны А/***, А/*** дугаартай захирамжуудын Ч.Дд холбогдох хэсэг, мөн нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны А/*** дугаар захирамжийн Н.Б, Г.Б нарт холбогдох хэсэг, 2016 оны А/*** дугаартай захирамжийн Т.Сд холбогдох хэсгийн биелэлтийг дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д "Шүүх нэхэмжлэлийн- шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг ноцтой зөрчсөн байна. Тухайлбал Н Б, Т С, Г Б нарт газар эзэмших эрх шилжүүлсэн тухай Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах, түдгэлзүүлэх тухай нэхэмжлэгч нар болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүд нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхойлоогүй, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед энэ талаар маргаагүй байтал шүүх дээрх захирамжуудыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

 Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... нэхэмжлэгч нар маргаан бүхий газрыг бодитоор 2003 оноос эзэмшиж байсан, хязгаарлалтын бүсэд орсон үндэслэлээр өргөдөл авдаггүй байсан гэж тайлбарлаж байх бөгөөд дээр дурдсанаар маргаан бүхий газар нийслэлийн Засаг даргын 2003 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 95 дугаар захирамжаар болон 2009 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 95 дугаар захирамжаар тогтоосон Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн газрын доорх усны эх үүсвэрүүдийн тэжээлийн гадаад, дотоод мужийн хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхцалтай байхад иргэн Ж.Бд 2007 онд эзэмшүүлсэн газрыг нийслэлийн Засаг даргын 2010 оны 703 дугаар захирамжаар хүчингүй болгосон байхад гуравдагч этгээд иргэн Ч Д 2012 онд шилжүүлэн авсан, гуравдагч этгээд Ц.Д нарт 2016 онд газар эзэмшүүлсэн байна. ... Мөн дээр дурдсан Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 болон 2021 оны А/*** дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах, эрхийн гэрчилгээ олгох журам”-д зааснаар өргөдөлтэй танилцаж суурин судалгаа хийгээд шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тохиолдолд өргөдөл гаргагчтай хамт газар дээр нь очиж хээрийн судалгаа хийх боломжтой байхад газар эзэмших хүсэлт гаргах эрхийн хувьд маргаантай эсэх, иргэн Ж.Баас Ч.Дд шилжүүлсэн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон үндэслэл арилснаар өмнөх газар эзэмшигч дахин газар эзэмших эрхтэй эсэх, тухайн газрыг хэн бодитоор эзэмшиж байгааг  хээрийн судалгаа хийж тогтоогоогүй байна” гэж нэр бүхий иргэдэд газар эзэмшүүлэх тухай захиргааны актууд нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйл, 32 дугаар зүйл, 33 дугаар зүйлүүд болон тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан захиргааны хэм хэмжээний актуудыг зөрчсөн хууль бус болохыг тогтоосон боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгоогүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 10-ны 128/ШШ2023/0136 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

4. Гуравдагч этгээд Ч.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангахгүй байна.

1. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тухайд

1.1. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад хүлээн авч шийдвэрлэсэн.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д зааснаар захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн талаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд тодорхой тусгах шаардлагатай. Гэвч нэхэмжлэгч нар нь хуульд заасан ямар эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байсаар байтал  шүүхээс уг нөхцөл байдлыг тодруулах үүргээ биелүүлэлгүй нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нар нь маргаан бүхий газарт газар эзэмших хүсэлтээ 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр анх газрын албанд гаргаж байсан нь хэрэгт авагдсан баримт болон шүүхэд гаргасан тайлбараар тогтоогддог. Харин нэхэмжлэгч нар газар эзэмшүүлэх хүсэлт гаргахаас өмнө тухайн газар зөвшөөрөлгүйгээр оршин суусан болох нь өөрсдийнх нь тайлбар, баримтаар нотлогддог. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй Газрын тухай хуульд зааснаар газрыг “оршин сууж, амьдарсан хугацаа”-г харгалзаж, газар эзэмшүүлэх тухай хууль зүйн ойлголт байхгүй тул шүүхийн “... тухайн газрыг хэн бодитоор эзэмшиж байгааг хээрийн судалгаа хийж тогтоогоогүй байна” гэж хариуцагчийг буруутгасан нь хуульд нийцэхгүй байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар газрыг зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлдэг. Ч.Дгийн эзэмшлийн газартай холбоотой нэхэмжлэл гаргасан С.С, С.М нарын хувьд газар эзэмших эрх олгосон аливаа шийдвэр, эрхийн гэрчилгээгүй. Иймд эдгээр этгээдүүд нь тухайн газартай холбоотой аливаа эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсээгүй. Харин газар эзэмших хүсэлтээ гаргах эрхтэй боловч тухайн хүсэлт гаргасан газрын заавал эзэмшүүлэх тухай Газрын тухай хуулийн зохицуулалт байхгүй. Учир нь Газрын тухай хуулийн 31.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргасан газар бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх шаардлагын хүрээнд нэхэмжлэгч нар 2016 онд газар эзэмших хүсэлт гаргасан нь 2012 онд хуулийн дагуу газар эзэмших эрхтэй болсон гуравдагч этгээд Ч.Дгийн газар эзэмших эрхийг үгүйсгэх, хүсэлт гаргасан гэх үндэслэлээр усдын хуулийн дагуу олж авсан эрхэд халдах үндэслэл болохгүй юм.

Гэтэл анхан шатны шүүхээс “...нэхэмжлэгч нар 2003 оноос амьдарч байсан гэх тайлбар, ... газрыг хязгаарлалтын бүсээс гарахаас өмнө гаргасан хүсэлтийг хүлээн авч газар эзэмшүүлсэн байна” гэж дүгнэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон тус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно” гэж заасныг баримталсан нь хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нар нь 2003 оноос хойш тухайн газарт амьдарч байсан гэх баримт байхгүй байхад зөвхөн хэргийн оролцогчийн амаар гаргасан тайлбарыг шүүх хөдөлбөргүй үнэн гэж үзэж, Газрын тухай хуульд 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр анх удаа шинээр нэмэлт орсон заалтаар 2012 онд гаргасан газар эзэмшүүлэх шийдвэрийг хууль бус байсан гэж дүгнэн, хуулийг буцаан хэрэглэж гуравдагч этгээдийн эрх зүйн байдлыг дордуулах шийдвэрийг гаргасан байна.

1.2. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаарх дүгнэлт хийгээгүй

Нэхэмжлэгч Ц.С, С.М нарын зүгээс тус шүүх хуралдаан эхлэхээс өмнө буюу 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Үүнээс өмнө ч хэд хэдэн удаа шүүх хурал дээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, тодруулах, нэмэгдүүлж байсан бөгөөд шүүх урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдсан эсэх, тухайн асуудлаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхийг үл харгалзан хүлээн авч шийдвэрлэсэн. Энэ талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс 3 орчим жил үргэлжилж байгаа шүүх хуралдааны үеэр амаар болон бичгээр /сүүлд 2022-10-19/ тайлбарлаж байсан боловч шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дэх заалтыг үл харгалзан бүгдийг хүлээн авч шийдвэрлэсэн.

2.Шүүх нотлох баримтыг үнэлж, дүгнээгүй тухайд. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийгээгүй.

Шүүхийн шийдвэрийн “тодорхойлох” хэсгийн 9-т /шүүхийн шийдвэрийн 6-р тал/ дурдсаны дагуу нэхэмжлэгч нар нь 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс өмнө тус газрыг эзэмшиж, ашиглах өргөдөл гаргаж байгаагүй бөгөөд энэ талаарх нотлох баримт хэрэгт байхгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна. Гэвч шүүхийн шийдвэрийн “үндэслэх” хэсэгт дурдсанаар /шүүхийн шийдвэрийн 21-р тал 3 дахь догол мөр/ “...2003 оноос маргаан бүхий газрыг бодитоор эзэмшин хүсэлт гаргаж байсан гэх нэхэмжлэгч нарын хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүй атлаа 2007 онд Ж.Бд эзэмшүүлсэн...” гэж нотлох баримтаар нотлогдоогүй үйл баримтын талаар дүгнэлт хийж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Гуравдагч этгээд тус газрыг 2012 онд Ж.Б гэж хүнээс газар эзэмших эрх шилжүүлэн авах үед тус газар дээр одоо байгаа шиг байшин, барилга баригдаагүй, хоосон байсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байна.

Хэрэгт авагдсан маргаан бүхий газрын сансрын зургаас харсан ч нэхэмжлэгч нар Ч.Дгийн эзэмшлийн газарт байшин бариагүй байгаа байдал, мөн нэхэмжлэгч нараас 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн газрын албанд гаргасан “Ч.Дгийн газрыг үлдээж ... бусад газрыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн өргөдлийн агуулгаас үзсэн ч, нэхэмжлэгч нар анхнаасаа гуравдагч этгээд Ч.Д газар эзэмшиж байсныг мэдэж байсан нь нотлогддог. Гэвч захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах болоход 2016 оны А/*** дугаар захирамж гарсны дараа Ч.Дгийн мэдээлэл гэнэт гарч ирсэн мэтээр шүүхэд тайлбарлаж байгаа нь зөрчилдөж байгаа бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4-т заасан шүүхэд үнэн зөв тайлбар өгөх үүргээ анхнаасаа биелүүлэхгүй байгааг харгалзан үзэхийг хүсэж байна. /шүүхийн шийдвэрийн 8-р тал/

Мөн шүүхээс нэхэмжлэгч нарын хүсэлт гаргасан газрын хэмжээ байршил нь гуравдагч этгээд нарын эзэмшлийн аль хэсэгт хамаарч, хэчнээн м.кв хэмжээгээр давхцаж байгаа эсэхийг тогтоох ажиллагаа огт хийгээгүй буюу нэхэмжлэгч нар нь шүүх хуралдаан дээр хичнээн м.кв газар хүссэн болох тэр нь гуравдагч этгээд нарын газрын хэмжээтэй хэрхэн таарч байгаагаа тодорхой нотолж, тайлбар гаргаагүй тэр нь баримтаар тогтоогдохгүй байхад “... газартай тус тус давхцалтай болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь баримт, хэргийн оролцогчдын тайлбарын зөрүүтэй байдлыг огт нягталж, дүгнээгүй буюу нотлох баримтад үндэслэх зарчмыг хэрэгжүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч иргэд нь шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа 700 м.кв газрыг эзэмших хүсэлт гаргаж байгаа гэх боловч нэхэмжлэлийн шаардлагаа гуравдагч этгээдийн 3895 м.кв газрыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар тодорхойлсон зэрэг илт зөрүүтэй тайлбар, баримтыг огт үнэлээгүй.

3. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн тухайд. Гуравдагч этгээд Ч.Дгийн зүгээс гаргасан бие даасан шаардлагын талаар дүгнэлт хийгээгүй

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгадаг. Анхан шатны шүүхээс маргаан бүхий газрыг бодитоор эзэмшин хүсэлт гаргаж байсан гэх нэхэмжлэгч нарын хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүй атлаа ... 2010 онд хүчингүй болгосныг анхааралгүй захирамж гаргаж иргэн Ц.Дд газар эзэмших эрхийг шилжүүлж, гуравдагч этгээд Ц.Д нарын иргэдийн маргаан бүхий газрыг хязгаарлалтын бүсээс гаргахаас өмнө гаргасан хүсэлтийг хүлээн авч газар эзэмшүүлсэн байна” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. шүүхийн шийдвэрийн 21-р тал/ Шүүхээс хариуцагч захиргааны байгууллагын хуулиар олгосон эрх хэмжээнд халдаж, хэний хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх ёстой байсан гэж шууд дүгнэлт хийсэн атлаа хээрийн судалгаа хийгээгүй гэх үндэслэлээр шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн гэж агуулгын зөрчилтэй дүгнэлт хийсэн байна. Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаар Ж.Бы газрыг нийслэлийн Засаг даргаас 2010 онд хүчингүй болгосон шийдвэрийн талаар Баянзүрх дүүргийн Засаг даргад тухайн үед огт мэдэгдээгүй гэдэг нь нотлогддог. Мөн нийслэлийн Засаг даргын 2010 оны уг захирамжтай холбоотой маргаанууд өнөөдөр ч шүүхээр шийдвэрлэгдэж байгаа бөгөөд 2010 оны захирамжаас хойш Баянзүрх дүүргийн Засаг даргын газар эзэмшүүлэх талаар гаргасан захирамжаар газар эзэмших эрх олж авсан иргэн, хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдах талаар шүүхээс дүгнэлтүүдийг хийн шийдвэрлэж байгаа болно.

Мөн шүүх хуралдаан дээр нийслэлийн Засаг даргын 2010 оны захирамжтай холбоотой гуравдагч этгээд Ц.Дд 2012 онд газар эзэмших эрх хуулийн дагуу үүссэн болон газрын хугацааг сунгах, газрын төлбөрийг тухай бүр төлж байсан зэргээр төрийн эрх бүхий байгууллагын үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдээс итгэх зарчим буюу хууль ёсны итгэл хамгаалах зарчим үйлчлэх талаар тайлбарыг гаргасан атал энэ талаар баримтад үндэслэхгүйгээр шууд гуравдагч этгээдийн газрын эрхийг үгүйсгэж хариуцагчийн ямар шийдвэр гаргах талаар хариуцагчид илтэд даалгаж байгаа мэтээр дүгнэсэн байна. Хэрэв 2010 онд газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамж хүчинтэй байсан гэвэл 2012 онд Ч.Дд Ж.Б гэж хүнээс газар эзэмших эрхийг анхнаасаа шилжүүлэх боломжгүй гэдгийг эрх бүхий этгээдээс мэдэгдэх ёстой байсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй.

Гэвч анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж, дүгнэлт өгөөгүй атлаа 2012 онд Ч.Дд газар эзэмших эрх шилжүүлэн олгохдоо хээрийн судалгаа хийгээгүй” мэтээр тогтоож, нэмж тодруулах зүйл нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж дүгнэж байгаа нь уг захиргааны хэргийг хуульд заасны дагуу шийдвэрлэх биш, улам ойлгомжгүй, эмх замбараагүй үр дагаварт хүргэж байгаад гомдолтой байна. Захиргааны хэргийн шүүхээс нэхэмжлэгчийн хуульд тухайлан заасан эрхийг зөрчсөн эсхүл зөрчигдөж болзошгүй гэж үзвэл захиргааны актыг хүчингүй болгох замаар эрхийг сэргээн тогтоох шийдвэр гаргадаг. Гэтэл нэхэмжлэгч нарын зөрчигдөөд байгаа эрхийг шүүхээс хуульд байхгүй “газар эзэмших хүсэлт гаргах эрх” гэж өөрөө тодорхойлоод түүндээ хөтлөгдөн хуулийн дагуу газар эзэмших эрхтэй болсон этгээдийн эрхийг зөрчих замаар хэргийг шийдвэрлэсэн. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №128/ШШ2023/0136 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгч нарын өмгөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор хэргийг бүхэлд нь хянан үзэхэд нэхэмжлэгч тус бүрийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын үндэслэл, маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч нарын зөрчигдсөн гэж үзсэн эрх, хууль ёсны ашиг сонирхлын талаар дүгнэлт өгөөгүй, зарим шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч 10 иргэн маргаан бүхий Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Хар усан тохой” гэх газарт тус бүр 700 м.кв газар эзэмших эрхээ зөрчигдсөн” гэж үзэж дараах нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан гаргажээ.

1.1. Нэхэмжлэгч Д.Б, Б.Ч, А.Т, Л.Э, Д.Б, Ц.С, С.М нараас: 

1/. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 сарын 28-ны өдрийн А/*** дүгээр захирамжийн Н.ЭнхБ, Б.С, Х.Б, Д.Д, Б.М, Ц.Д, З.З, С.З, Д.Т, Б.Ө нарт холбогдох хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах;

2/. Нэхэмжлэгч нарын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан газар эзэмших эрх олгохыг хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, дээрх 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн өргөдлийн дагуу нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх олгох захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах,

4/. Гуравдагч этгээд Н.ЭнхБ, Б.С, Х.Б, Д.Д, Б.М, Ц.Д, З.З, С.З, Д.Т, Б.Ө нарын 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн газар эзэмших хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхдээ суурин судалгаа хийх, хээрийн судалгаа хийх, нэгж талбарын эргэлтийн цэгийг газарт бэхлүүлэх, газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системд баталгаажуулах, өөр иргэний эзэмшиж, ашиглаж буй газартай давхардсан эсэхийг шалгах зэрэг үйл ажиллагааг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь зохих хууль тогтоомж, журмын дагуу хэрэгжүүлээгүй болохыг тогтоолгох” шаардлага гаргасан,

5/. Нэхэмжлэгч Ц.С, С.М нараас “...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/***, 2018 оны 01 сарын 30-ны өдрийн А/***, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/*** дугаар захирамжийн Ч.Дд холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг нэмж гаргажээ.

1.2. Харин нэхэмжлэгч Г.Б, Т.С, Н.Б нар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ тодруулаагүй байх бөгөөд хэрэгт Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/*** дугаар захирамж /Хавсралтын 128, 129-д /-аар Г.Б /нэхэмжлэгч Ц.С-ИЙН эхнэр, С.Мгийн ээж/, Н.Б нарт, 2016 оны А/*** дүгээр  захирамж /Хавсралт 88-д/-аар Т.С /нэхэмжлэгч Т эцэг нь, Б.Ч ээж нь/-д 700 м.кв газрыг тус тус нэр шилжүүлэн эзэмшүүлсэн байна.

2. Гуравдагч этгээд Ч.Д Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны А/*** дүгээр захирамжийн Ц.Д, З.З, С.З, Д.Т, Б.Са, Ш.О, Б.Ө нарт, мөн Засаг даргын 2016 оны А/***, А/*** дүгээр захирамжийн нэхэмжлэгч Г.Б, Т.С, Н.Б нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” бие даасан шаардлага гаргажээ.

3. Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийн болон бие даасан шаардлагын үндэслэл тус бүрт дүгнэлт хийгээгүй, маргаан бүхий захирамжуудын улмаас нэхэмжлэгч болон гуравдагч этгээд тус бүрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх талаар холбогдох баримтыг цуглуулж дүгнээгүй, зарим нэхэмжлэгчийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй, мөн “даалгах” болон “тогтоолгох” шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан байна.

3.1. Тэрээр шүүх “Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.13, 31.3, 33.6-д заасныг баримтлан нэхэмжлэл болон бие даасан шаардлагад дурдсан хариуцагчийн гаргасан бүх захирамжуудын биелэлтийг дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэхдээ “...тогтоолгох, даалгах тусгайлсан нэхэмжлэлийн шаардлага бус захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр хуульд нийцсэн эсэхийг дүгнэн, ... хуульд зааснаар газар эзэмшүүлэх шийдвэр гаргах, газар эзэмшүүлэх өргөдөл хүлээн авч шийдвэрлэх, газрын кадастрын мэдээллийн санг эрхлэх зэрэг нь хариуцагч нарын үүрэг бөгөөд хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай бөгөөд ийнхүү нэмж тодруулах зүйл нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн...” гэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангахгүй.

3.2. Энэ талаарх нэхэмжлэгч нарын өмгөөлөгч, гуравдагч этгээдийн төлөөлөгч нарын гаргасан “... зарим нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй, маргааны үндэслэл тус бүрт дүгнэлт  өгөөгүй хэргийг хуульд заасны дагуу шийдвэрлэх биш, улам ойлгомжгүй, эмх замбараагүй үр дагаварт хүргэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлээгүй, ... шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж зөрүүтэй дүгнэсэн ... , Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь заалтыг  буцааж хэрэглэсэн нь буруу” гэх гомдлуудын зарим хэсэг үндэслэлтэй байна.

4. Хууль буруу хэрэглэсэн гэх гомдлын тухайд:

4.1. Гуравдагч этгээд Н.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолдоо “шүүх Газрын тухай хуулийн 2019 онд нэмэлтээр орсон 33 дугаар зүйлийн 33.6-д заасныг баримталсан нь хуулийг буцааж хэрэглэсэн” гэж дурдсан, нэхэмжлэгч нар нь 2016 оны 50 дугаар тогтоолоор эзэмшүүлж болох газарт хамаарч байгаа учраас хүсэлтээ гаргасан гэж маргасан.

4.2. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд иргэдийн маргаж буй Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Хар усан тохой” гэх Туул голын эрэг орчмын газар нь Нийслэлийн Засаг даргын 2003 оны 95, 2009 оны 95 дугаар захирамжуудын дагуу Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн газрын доорх эх үүсвэрийн тэжээлийн мужийн гадаад, дотоод эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд хамаарч байжээ.

4.3. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоолоор Туул голын урсац бүрэлдэх эх, түүний цутгал голуудын урсацыг тогтвортой хэмжээнд барих, хуримтлуулах, ундны усны эх ундарга, нөөцийг нэмэгдүүлэх, зүй зохистой ашиглах зорилгоор Ундны эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн зураг, солбицлын жагсаалт, Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн зураг, солбицол, Газрын доорх усны эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн зураг, солбицлыг тус тус хавсралтаар тогтоожээ.

4.4. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн  33.6-д “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно” гэсэн заалт 2019 онд нэмэлтээр орсон байхад шүүх хэрэглэсэн нь буруу боловч  Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” гэж, Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8-д “Ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд Усны тухай хуулийн 31.2.1-д зааснаас гадна дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно[1]”, 17.8.4-д “газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх олгох” гэж заасан нь гуравдагч этгээд Н.Дг газар эзэмших үед үйлчилж байсан тул уг гомдлын дагуу бие даасан шаардлагыг хангаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна.

5. Нэхэмжлэгч 10 иргэн нэхэмжлэл гаргахдаа “... 2003 оноос хойш зуслангийн зориулалтаар байшин, хашаа барьж амьдарч байгаа. Усны сан бүхий болон ундны усан хангамжийн эх үүсвэр газар гэх үндэслэлээр олгохгүй байсан, хориглосон бүсээс гарснаас хойш газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байхад гуравдагч этгээд иргэдэд эзэмшүүлсэн нь хууль зөрчсөн тул хүчингүй болгох, хүсэлтийн дагуу газар эзэмшүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус, газар эзэмших эрх олгохыг  даалгуулах, Н.Дд 2012 онд хориглосон байхад эзэмшүүлсэн нь илт хууль бус” гэж маргасан.

5.1. Гэтэл хэрэгт цугларсан баримт, бодит нөхцөл байдалд нэхэмжлэгч нарын газрыг ашигласан гэх үйл баримт нь ялгаатай, тухайн маргаж буй газар дээр барьсан нэхэмжлэгч нарын гэх байшин (Д.Б 2003 онд, Ц.С 2018 онд барьсан гэх мэт)-ийн фото зургууд авагдсан боловч аль байшин нь хэний эзэмшлийнх болох, хэзээ, хэний зөвшөөрлөөр хэрхэн баригдсан, гуравдагч этгээд иргэдийн хэнийх нь газартай давхцалтай болох, нэхэмжлэгч иргэд газрыг 2003 оноос хойш ашигласаар байсныг нотлоход хангалтгүй баримт авагджээ. Тухайлбал:

1/ Нэхэмжлэгч Д.Бгийн хувьд Баянзүрх дүүргийн Газрын албанд /эвээр шийдвэрлэх/ Ц.С, Д.Б нараас 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гаргасан хүсэлт, Д.Бгийн Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, 2003 оноос Д.Б, Д.Б нарын хашаа байшинг харж байгаа сахиул, гэрчүүдийн бичсэн 2016 оны 06 дугаар сарын 09-ний тодорхойлолт гэх бичиг, Цахилгааны төлбөр гарсан тухай “Хаан банк” ХХК-ийн лавлагаа,

2/ Нэхэмжлэгч Ц.С, Г.Б /эхнэр/, С.М /охин/ нарын хувьд: Баянзүрх дүүргийн Газрын албанд /эвээр шийдвэрлэх/ Ц.С, Д.Б нараас 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гаргасан хүсэлт, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Хар усан тохойн, 230 тоотод 2016 оноос хойш амьдарсан нь үнэн болохыг тодорхойлсон тодорхойлолт, Ц.С-ИЙН Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, Г.Б 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр газар эзэмших эрхийг маргаан бүхий 2016 оны А/*** дүгээр захирамжаар эзэмшсэн Б.Баас шилжүүлж авсан гэрээ,

3/ Нэхэмжлэгч Л.Эын хувьд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Хар усан тохойн, 243 тоотод 1999 оноос хойш амьдарсныг тодорхойлсон тодорхойлолт,

4/ Нэхэмжлэгч Д.Бын хувьд 2003 оноос Д.Б, Д.Б нарын хашаа байшинг харж байгаа сахиул, гэрчүүдийн бичсэн 2016 оны 06 дугаар сарын 09-ний тодорхойлолт гэх бичиг,

5/ Нэхэмжлэгч Т.С, А.Т /аав/, Б.Ч /ээж/ нарын хувьд:  Т.С 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр газар эзэмших эрхийг мөн А**** дүгээр захирамжаар эзэмшсэн Б.Сагаас шилжүүлж авсан гэрээ,

6/ Нэхэмжлэгч Н.Бийн хувьд Баянзүрх дүүргийн Газрын албанд 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр газар эзэмших эрхийг мөн А/*** дүгээр захирамжаар Б.Өгээс шилжүүлж авсан  гэрээ зэрэг баримтууд тус тус авагдсан.

7/ Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны хэсгийн ахлагчийн 2016 оны нэхэмжлэгч Д.Б, Ц.С, Б.Ч, А.Т, Л.Э, Д.Б, С.М, Т.С, гуравдагч этгээд Б.Са нарыг маргаан бүхий газарт оршин суудаг болохыг тодорхойлсон тодорхойлолт, Баянзүрх дүүргийн Газрын албанд 2016 онд гаргасан өргөдөл, эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээ авахаар гаргасан хүсэлтүүд,

8/ Нэхэмжлэгч Д.Б, Ц.С, Г.Б, А.Т, Б.Ч, Т.С, Л.Эын /аав н.Лх/, гуравдагч этгээд Б.Б, Б.С нарын хамтдаа тус хаягт 2004 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр авхуулсан гэх фото зураг, / 4 дүгээр хавтасны 74-76 хуудаст/

9/ Мөн гуравдагч этгээд Ц.Д, Х.Б, Д.Т, С.З, З.З, П.М, Д.Д, Н.ЭнхБ, Ш.О, Б.Б, Б.С, Б.Ө, Б.Б нараас Баянзүрх дүүргийн Газрын албанд 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гэр бүлийн хэрэгцээнд 0.07 га газар авахаар гаргасан хүсэлт зэрэг баримтууд авагдсан боловч эдгээр баримтууд нь нэхэмжлэгч тус бүрийг хүсэлт гаргасан 700 м.кв газраа 2003 оноос хойш ашигласаар байсныг тогтоосон баримт гэж үзэхээргүй, зарим гуравдагч этгээд нар нь нэхэмжлэгч нартай хамт тухайн газрыг ашиглаж байсан буюу зарим гуравдагч этгээдийн газрыг зарим нэхэмжлэгч нар шилжүүлэн авсан зэрэг баримтууд байгаа нь эргэлзээтэй байна.

5.2. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч хэнийх нь хүсэлт гаргасан газар, баригдсан байшин нь гуравдагч этгээд нарын хэний эзэмшлийн газартай, хэзээнээс давхцаж байгаа, маргаан бүхий газрыг нэхэмжлэгч, гуравдагч этгээд болон бусад этгээд эзэмшиж, ашиглаж байсан эсэх талаар газрын мэдээллийн сангийн түүхчилсэн лавлагаа болон бодит байдлыг харуулсан зураглал, холбогдох бусад баримтуудыг бүрэн цуглуулах нь хэрэгт ач холбогдолтой байна.

5.3. Гуравдагч этгээд Ч.Дгийн хувьд газрын зориулалт өөрчлүүлэхээр гаргасан хүсэлт, 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Ж.Баас 4638 м.кв газрын эрхийг шилжүүлсэн гэрээ, 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 408144 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 204072 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 204072 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 408144 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 408144 төгрөг тус тус төлсөн газрын төлбөрийн баримтууд авагдсан боловч Нийслэлийн Засаг даргын 2010 оны 703 дугаар захирамжаар Ж.Бы газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, хариуцагч уг захирамжийг мэдээгүй гэх боловч усан сан бүхий, ундны усны төвлөрсөн хангамжийн хамгаалалтын зурвас газарт ямар үндэслэлээр газар эзэмших эрх олгосон, Ч.Д нь газраа хэрхэн зориулалтаар нь ашиглаж байсан, газрын кадастрын мэдээллийн санд хэзээнээс бүртгүүлсэн, дүүргийн Засаг даргын 2016 оны А/*** дүгээр захирамжаар бусад гуравдагч этгээдэд эзэмшүүлэх үед бүртгэлтэй байсан эсэх, мөн нэхэмжлэгч нарын хүсэлт гаргасан, хашаа байшин барьж 2003 оноос хойш ашигласан гэх газартай хэрхэн давхацсан, энэ талаар маргаж байсан эсэх зэрэг нь тодорхойгүй байх тул холбогдох тайлбар, баримтуудыг цуглуулж тодруулсны үндсэн дээр хууль ёсоор эрх, ашиг сонирхол нь үүссэн эсэх зэрэгт дүгнэлт өгч, бие даасан шаардлагыг шийдвэрлэхээр байна.

5.4. Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 50 дугаар тогтоол гарснаас хойш гуравдагч этгээдээс тухайн газрыг эзэмшихээр хүсэлт гаргасны дагуу 2016 оны А/*** дүгээр захирамжаар эзэмшүүлсэн, гуравдагч этгээд Б.Са, Б.Ө, Б.Б нарын уг газар эзэмших эрхийг нэхэмжлэгч Т.С, Н.Б, Г.Б нарт шилжүүлсэн баримтууд хэрэгт авагдсанаас үзвэл эдгээр гурван нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь маргаан бүхий актын хэнд холбогдох хэсгийн улмаас зөрчигдсөн нь мөн тодорхойгүй байх тул тодруулах шаардлагатай. 

6. Шүүх бие даасан шаардлагын зүйл болох Баянзүрх дүүргийн Засаг даргын А/***, А/*** захирамжуудын Г.Б, Н.Б, Т.С нарт холбогдох хэсгийн биелэлтийг түдгэлзүүлсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Бий “ Г.Б, Н.Б, Т.С нарын захирамжтай маргаагүй байхад түдгэлзүүлж “ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчсөн гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн болон бие даасан шаардлага, үндэслэл, зөрчигдсөн гэж үзсэн эрх, ашиг сонирхлыг нь тодруулж, холбогдох тайлбар, баримтыг цуглуулж, хэргийн үйл баримтыг хэргийн  маргаан бүхий захиргааны үйл ажиллагаа тус бүрийг хуульд нийцсэн эсэх, түүний улмаас тухайн эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн эсэхэд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2023/0136 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б нарын  өмгөөлөгч О.Б, нэхэмжлэгч Ц.С-ИЙН өмгөөлөгч М.Ц, гуравдагч этгээд Ч.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онараас давж заалдах гомдол гаргахдаа тус бүр төлсөн 70200 төгрөг буюу нийт 210600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БААТАРХҮҮ

                    ШҮҮГЧ                                                     А.САРАНГЭРЭЛ

      ШҮҮГЧ                                                              С.МӨНХЖАРГАЛ

 

 

 

[1] Усны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, эмийн болон хүнс, техникийн зориулалттай ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” гэж заажээ. /Энэ хууль 2012.05.17-ны өдрийн хуулиар хүчингүй болсон/