Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
Хэргийн индекс | 130/2016/00722/И |
Дугаар | 130/ШШ2017/00159 |
Огноо | 2017-03-07 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 130/ШШ2017/00159
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын * дүгээр багт оршин суух, Ж овогт Б ы Б ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төв /дарга С.А /-д холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С, хариуцагч С.А , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2016 оны 11 сарын 09-ний өдрийн 26 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгон Зооноз өвчин судлалын төвийн ахлах нягтлан бодогчийн 㿿 тогтоолгох тухай.
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол улсын иргэн Б.Б би Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвд 2006 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн тус байгууллагад нягтлан бодогчоор ажиллаж байсан юм Тус байгууллагын даргаар томилогдсон С.А нь өнгөрсөн хугацаанд намайг хэд хэдэн удаа хууль бусаар ажлаас халж байсан ба шүүхээр өмнөх эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоогдож байсан юм. Гэтэл Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 26 дугаар тушаалаар Б.Б намайг нягтлан бодогчийн ажлаас гэнэт чөлөөлсөн явдалд гомдолтой байна. Гомдол гаргагч Б.Б би Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 26 дүгээр тушаалыг дараах хууль зүйн үндэслэлээр эс зөвшөөрч байна.
1. Ажил олгогч Б.Б намайг байгууллагын данснаас хууль бус аргаар мөнгө авч байгууллагад хохирол учруулсан асуудал шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлжээ. Тухайн маргаан бүхий зөрчлийг асуудлыг байгууллагын дарга С.А анх 2016 оны 07 дугаар сарын үед тус аймгийн Цагдаагийн хэлтэст шалгуулахаар өгсөн юм. Үүнээс үзэхэд уг зөрчлийг ажил олгогч нь 2016 оны 07 дугаар сард илрүүлсэн гэж бодож байна. Нэгэнт ажил олгогч нь тухайн зөрчлийг 2016 оны 07 дугаар сарын үед илрүүлсэн учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна" гэснээр 1 сарын дотор надад сахилгын шийтгэх ногдуулах ёстой. Гэтэл ажил олгогч нь зөрчлийг илрүүлснээс хойш 4 сарын дараа сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасныг ноцтой зөрчиж байна.
2. Иргэн Б.Б надад холбогдох өмч хөрөнгийн асуудалд Баян-Өлгий аймгийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн одоо хэрэгт мөрдөн байцаалт явуулж байна. Шүүхээс Б.Б намайг гэм буруутайд тооцсон эцсийн шийдвэр одоогоор хуулийн байгууллагаас гараагүй байна. Энэ нь Монгол улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлгийн Арван зургадугаар зүйлийн 14-т ".. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно..." гэсэн зарчимд нийцэж байна. Иймд Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 26 дугаар тушаалыг хүчингүйд тооцон Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилох тухай шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү. Би ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөн явдалд гомдолтой байна гэжээ.
Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний бие Б.Б Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт амьдардаг. Би 2006 оноос хойш Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвд ажиллаж байсан бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга С.А гэнэт тушаал гаргаад намайг хохироосон явдалд гомдолтой байна. Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах байсан боловч 4 сарын дараа арга хэмжээ авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасныг зөрчиж байгаа явдал юм. Мөн шүүхийн шийдвэр гараагүй байхад Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 16.14-т заасны дагуу гэм бурууд тооцож хохироосонд гомдолтой байна. Иймд Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн тушаалыг хүчингүйд тооцож намайг урьд эрхэлж байсан тус төвийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга С.А шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9-р багийн иргэн Б ы Б ы сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 11-р сарын 11-ний өдөр гаргасан гомдолтой танилцаж Зоонозын өвчин судлалын төвийн удирдлагаас гаргасан шийдвэрээ дараах хууль зүйн үндэслэлээр тайлбарлаж байна.
1.Монгол Улсын иргэн Б.Б ы Зоонозын өвчин судлалын төвийн даргатай байгуулсан 2015 оны 03-р сарын 04-ний өдрийн 12-р хөдөлмөрийн гэрээг цуцалж тус төвийн даргын 2016 оны 11-р сарын 09-ний өдрийн 26 тоот тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлсөн нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 6-р зүйлийн 6.2; Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2; Монгол улсын Сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тушаалаар батлагдсан журмын 4.1; Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.3.2-ын д, ж; Хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.11; 1,12; 1.13; 3-р бүлгийн 3.2-т тус тус заагдсан заалтууд болон Төсвийн ахлах нягтлан бодогчийн хүлээх үүргийг удаа дараа ноцтой зөрчсөнтэй холбоотой юм. Иргэн Б.Б нь Монгол улсын Үндсэн хууль, Иргэний хуулиудад заагдсан иргэнийхээ үүргийг ул ухамсарлан 2014-2015 онуудад Аудитын байгууллага болон хууль хяналтын байгууллагын зүгээс албан шаардлага, мэдэгдлүүдээр хүргүүлсэн анхааруулга санамжуудыг хайхралгүй байгууллагын удирдлага хамт олны итгэлийг алдаж хууль, дүрэм, журмыг зөрчсөн үйлдлээрээ 2015 оны 04-р сарын 06-ны дугаар 11, 2015 оны 05-р сарын 05-ны өдрийн дугаар 15 , 2016 оны 03-р сарын 25-ны өдрийн 04 тоот тушаалаар сахилгын шийтгэл хүлээж байсан. Тун удалгүй 2016 оны 6,7-Р саруудад үргэлжилсэн үйлдлээр холбогдох хууль, журмын заалтуудыг ноцтой зөрчсөн үйлдлийг 2 дахь удаагаа давтан гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тушаалаар батлагдсан журмын 3 дугаар бүлгийн 3.5.1, 3.5.2, Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.3.2-ын д, ж; Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.3-ын "г" дахь заалтуудыг тус тус үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 26 тоот тушаалаар Б.Б тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан шийдвэрийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4; 40.1.5 заалтуудаар зүйлчлэгдэж байгаа ба байгууллагын дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.3.2-ын д, ж дэх заалтууд, мөн Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.2, 2.1.3-ын г; 4 дүгээр зүйлийн 4.1.2-р заалтуудаар нөхцөлдөж байгаа юм.
2. Б.Б ы 2016 оны 6, 7-р саруудад үргэлжилсэн үйлдлээр гаргасан зөрчлийг 07-р сард илрүүлэн тогтоолгох үүднээс шалгуулахаар 2016 оны 07-р сарын 20-нд Аймгийн Цагдаагийн Газарт хандсан. Уг хэргийн мөрөөр Цагдаагийн газраас Зоонозын өвчин судлалын төвийн санхүүгийн холбогдох баримтуудад хөндлөнгийн Аудит болон аймгийн шүүхийн шинжилгээний шинжээчийн дүгнэлт гаргуулан иргэн Б.Б тай холбогдол бүхий 201604000189 тоот хэрэг үүсгэн цаашид үргэлжлүүлэн шалгаж байгаагаа танилцуулсан. Нэгэнт Б.Б ы давтан гаргасан зөрчил нь байгууллагын дотоод журам, Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн учраас сайдын 2012 оны 294 дүгээр тушаалаар батлагдсан журмын 3 дугаар бүлгийн 3.5.1 болон 3.5.2 дугаар заалтад "Монгол Улсын Хууль тогтоомж санхүүгийн сахилга батыг зөрчсөн ...нь төрийн болон хөндлөнгийн Аудитын байгууллага, хууль хяналтын байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон" гэж заагдсан нь тус журмын 3.5-д заасан "Төсвийн ерөнхий ахлах нягтлан бодогчийг Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль (11.5; 13; 15.1.7; 26.1; 26.2) заалтууд болон дараах үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах буюу төрийн албанаас түр буюу бүрмөсөн чөлөөлнө" гэсэн заалтад нийцэж байгаа тул хууль зүйн бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна.Иймд Б.Б ы гаргасан гомдолд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заагдсан заалтыг зөрчиж байна гэсэн гомдол нь үндэслэлгүй болох ба санхүүгийн сахилга батыг ноцтой зөрчсөн үйлдлийг илрүүлэн хуурамч эсэхэд шууд дүгнэлт хийж тогтоох боломжгүй тул холбогдох байгууллагаар тогтоолгохоор хүсэлт гаргаж 4 сарын дараа хуурамч бичиг баримт үйлдэн мөнгө завшсан үйлдэл нь шүүхийн шинжилгээний шинжээчийн дүгнэлт болон хөндлөнгийн Аудитын дүгнэлтээр тогтоогдсон учраас байгууллагын зүгээс хууль зүйн үндэслэлтэй арга хэмжээ авагдсан юм.
З. Гомдолд аймгийн Прокурорын газраас иргэн Б.Б ыг байгууллагын өмч хөрөнгийн асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгааг дурдаж, энэ нь Монгол улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 14-д заагдсан зарчимд нийцэж байна гэж дурдсан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7-д "Энэ хуулийн 15-р зүйлд заасныг зөрчсөн төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах нь төрийн албанаас чөлөөлөх, төрийн албанд дахин авахаас татгалзах үндэслэл болох бөгөөд харин түүнийг эрүүгийн болон бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй" гэж заасан заалтад харшилж байна гэж үзэж байна. Эцэст нь дүгнэж хэлэхэд Б.Б ы санхүүгийн сахилга батыг ноцтой зөрчиж байгууллагад хохирол учруулсан зөрчил нь он дараалан дахин давтагдсан үйлдэл тул дээрх дурдагдсан хууль журмын дагуу үндэслэлтэй арга хэмжээ авагдсан гэж үзэж байгаа бөгөөд хууль хяналтын байгууллагаас энэ хэрэгтэй холбогдуулан ямар шийдвэр гаргах нь Б.Б ыг ажлаас чөлөөлөх шийдвэртэй ямар ч холбогдолгүй болох нь дээрх хууль зүйн үндэслэлүүдээр тайлбарлагдаж байна гэжээ.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга С.А шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбартаа: Би хамгийн түрүүнд нэхэмжлэгчийг ажлаас халах тушаал гаргасан үйл явцыг цухас дурдъя. 2016 оны 07 дугаар сарын 20-ний өдөр манай байгууллагын ахлах нягтлан бодогч байсан Б.Б нь 06, 07 дугаар саруудад дараалан хуурамч бичиг баримт үйлдсэн нь үргэлжилсэн үйлдлээр давтагдаж, нийт 1800000 төгрөгийг байгууллагын данснаас хуурамч бичиг баримт үйлдэж миний гарын үсгийг дуурайлган зурж мөнгө авсан талаар мэдээлэл авсан учраас уг байдлыг шалгуулахаар 2016 оны 07 дугаар сарын 20-ний өдөр Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт албан тоотоор энэ асуудал үнэн эсэх, үнэн бол тухайн мөнгийг ямар аргаар, яаж авсан болохыг тогтоолгох зорилгоор хандсан. Энэ процесс нэлээд хугацаанд үргэлжилсэн. Уг процесс цагдаагийн байгууллагаас Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт болон хөндлөнгийн аудитын шинжээчийн дүгнэлтээр Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн ахлах нягтлан бодогч Б.Б нь төсвийн мөнгөнөөс хуурамч бичиг баримт үйлдэн миний гарын үсгийг дуурайлган зурсан болох нь тогтоогдсон. Иймд уг процесс тогтоогдсон тул хуулийн байгууллагын дүгнэлт гарсны дараа цаашид Б.Б тай хамтран ажиллах боломжгүй, нэгэнт байгууллагын даргын итгэлийг алдаж, үнэнч шударгаар хийх ёстой ажлаа хийхгүй, Төрийн албаны тухай хууль, Сангийн сайдын 294 дүгээр тушаалаар батлагдсан журамд заасан нягтлан бодогчид тавих шалгуур, эрх үүргээ ноцтой зөрчсөн тул тушаал гаргаж 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ажлаас нь халсан. Уг зөрчил гаргасан үйлдлүүдийг шүүхэд гаргасан тайлбартаа дурдсан байгаа. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлийг зөрчсөн тохиолдолд 26 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан оногдуулах албагүй гэсэн байдаг. Тухайлбал Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг, 15 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл, 40 дүгээр зүйлд Хориглох зүйл-ийн талаар тус тус зохицуулсан байгаа. Б.Б нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан ажилдаа үнэнч байх, өмч хөрөнгөө шамшигдуулахгүй байх, хууль бус зүйлтэй эвлэрэхгүй байх зэргийг ноцтой зөрчсөн. Мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасан төрийн албан хаагчид хориглосон зүйлийг өөрөө гардан гүйцэтгэсэн. Энэ нь Төрийн албаны тухай хууль болон санхүү, төсөвтэй холбоотой хууль тогтоомжийг зөрчихийн зэрэгцээ хөдөлмөрийн гэрээг зөрчсөн. Хөдөлмөрийн гэрээнд нягтлан бодох бүртгэлтэй холбоотой заалтуудыг 1.11, 1.12, 1.13-т тус тус тусгасан байгаа. Мөн 294 дүгээр тушаалаар батлагдсан журмын 4.1, 4.2, 4.3-т заасныг ноцтой зөрчсөн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халах талаар хөдөлмөрийн гэрээнд тусгасан. Үүнийг нэхэмжлэгч Б.Б өөрөө мэдсэн, ойлгосон, ухамсарласан тул гэрээнд гарын үсгээ зурсан. Ажилтан Б.Б надтай байгуулсан гэрээгээ ноцтой зөрчсөн учраас эдгээр үндэслэлүүдийг үндэслэж түүнийг ажлаас халсан. Шүүх хуралдаанд хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн Аудитын байгууллагын 2016 оны 03 дугаар сарын 18-ний өдрийн 04 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай бичгийн албан шаардлагын дагуу Б.Б д сануулах арга хэмжээ авч байсан талаар холбогдох нотлох баримтаа хавсаргасан байгаа гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Е шүүхэд гаргасан тайлбартаа: Баян Өлгий аймгийн Ө сумын * р багийн оршин суугч Б ы Б ы нэхэмжлэлтэй тус аймгийн Зоонозын өвчин судлалын төвд холбогдох иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож буй Е.Е би Б.Б ы нэхэмжлэлийн шаардлага.болон хэрэгтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие тус төвийн даргын 2017 оны 02 сарын 09 өдрийн 03 тоот тушаалаар Аймгийн засаг даргын болон Төрийн сангийн зөвшөөрлийн дагуу ахлах ня-богоор томилогдсон.
Б.Б ы гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тухайд гэвэл:
1.Төрийн Үйлчилгээний албан албан хаагч нэгэнт Хөдөлмөрийн тухай хууль болон тус хуулийн дагуу хийгдсэн Байгууллагын дотоод дүрэм журам.ажилтан ажил олгогч нарын хооронд байгуулагдсан гэрээний дагуу зохицуулагдах учиртай. Иймд ня-бо Б.Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 зүйлийн 40.1.5 д заасан" Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан нь тогтоогдсон"тул ажил олгогчийн санаачилгаар тус хуулийн 40 р зүйлийн 40.1.4 д заасан Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох үндэслэл болжээ. Нэхэмжлэгч Б.Б нь хэний нөлөөнд үл автагдан ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан өөрөө зөвшөөрч гарын үсгээ зурж байсан байна.Гэтэл Б.Б нь нэхэмжлэлд бараг л гэмгүй мэтээр тайлбарлан гавьяа байгуулсан мэтээр бичсэн нь шударга байх зарчимд тарахгүй гэж бодож байна.
2.Нэхэмжлэлд мөн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн мэтээр тайлбарласан байжээ. Түүний гаргасан зөрчил нь гэмт хэргийн шинжтэй болж прокуророос Эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж тогтоосон болохоор зөрчил гэж үзэхээргүй байна. Б.Б ы гэмт үйлдэл нь Байгууллагын тамгыг хуурамчаар үйлдэж ашигласан.мөн даргынхаа гарын үсгийг дурайлган хуурамчаар зурж байгууллагад бага бус хэмжээний хохирол учруулсан нь нийгмийн хор аюулыг ихэсгэсэн. хор уршиг бүхий үр дагаврыг бий болгосон гэмт үйлдэл мөн болно. Энэ талаарх дүгнэлт,мэдэгдлийг мөн аймгийн прокуророос гаргаж,гэмт хэргийн хор хөнөөлийг арилгах арга хэмжээ авахыг Зооноз өвчин судлалын төвийн даргад даалгасан байна. Хэдий ч нэхэмжлэгчийн үйлдсэн гэмт хэргийн хугацаа өнгөрсөн тул хэрэгсэхгүй болгосон боловч түүний гэмт үйлдэл бүрэн тогтоогдож, өөрөө хүлээн зөвшөөрсөн байгаа талаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолд тодорхой дурдагдсан байгаа. Нэхэмжлэгч Б.Б үнэхээр гэмгүй гэж өөрийгөө үзэж байвал гэм буруугийн талаар маргаж шүүхээр цагаатгагдах нь зүйд нийцэх байлаа. Б.Б ы гэмт хэрэг үйлдсэн нь асуудалтай холбоотой Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоож байгаа нь өөр асуудал болно.Гэмт үйлдэл,зөрчлийн талаар дүгнэлтийг Аймгийн ШШБ болон хөндлөнгийн аудитын байгууллага гаргаж тогтоосон болохоор хөөн хэлэлцэх хугацаа хүндэтгэх шалтгаанаар тасалдсан ба Ажил олгогч 6 сарын дотор шийтгэл ногдуулсан гэж ойлгогдохоор байна. Иймд гуравдагч этгээд би Зоонозын өвчин судлалын төвийн даргын Б.Б ыг ажлаас чөлөөлсөн 2016 оны 11 сарын 09-ний өдрийн 26 тоот тушаалыг хууль ёсны гэж үзээд би хариуцагчийг дэмжиж байгаа тул Б.Б ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг шүүхээс хүсэж байна гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Е.Е ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр энэ шүүх хуралдаанд оролцож байна. Е.Е нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 03 тоот тушаалаар аймгийн Засаг дарга болон Төрийн сангийн хэлтсийн даргын зөвшөөрлийн дагуу тус байгууллагын ахлах нягтлан бодогчоор томилогдсон. Б.Б ы гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. Шүүхээс хүсэлтийн дагуу Е.Е ыг энэ хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан. Ажил олгогч нэгэнт Б.Б тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан учир хариуцагчийн тайлбарыг дэмжиж энэ шүүх хуралдаанд оролцож байгаа. Нэхэмжлэгч Б.Б ы нэхэмжлэлийн шаардлага нь 1. Төрийн үйлчилгээний албан хаагч нэгэнт Хөдөлмөрийн тухай хууль болон тус хуулийн дагуу хийгдсэн байгууллагын дотоод журам, ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний дагуу зохицуулагдах ёстой. Нягтлан бодогч байсан Б.Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон тул тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох үндэслэл болжээ. Б.Б нь хэний ч нөлөөнд үл автагдан, тухайлбал ажил олгогчтойгоо тохиролцож, хоёулаа харилцан ярилцаж байж сайн дураар хөдөлмөрийн гэрээ байгуулж гарын үсэг зурсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, Б.Б ы шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбар зэргээс харахад Б.Б өөрийгөө ямар ч гэм зэмгүй байхад намайг ажлаас чөлөөлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байгаа нь шударга байх заримд нийцэхгүй байна гэж гуравдагч этгээдийн хувьд үзэж байна. 2. Мөн нэхэмжлэгч надад хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа сахилгын шийтгэл оногдуулсан гэж маргаж байна. Түүний гаргасан зөрчил гэмт хэргийн шинжтэй болж аймгийн Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж тогтоосон учир зөрчил гэж үзэхээргүй байна. Яагаад гэвэл эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шалгасан. Мөрдөн байцаалтын явцад нэхэмжлэгч Б.Б нь байгууллагын тамгыг хуурамчаар үйлдэж ашигласан, даргын гарын үсгийг дуурайлган хуурамчаар зурж байгууллагад бага бус хэмжээний хохирол учруулсан, нийгмийн хор аюулыг ихэсгэсэн хор уршиг бүхий үр дагаврын бий болгосон гэмт үйлдэл мөн болно гэж аймгийн прокурорын мэдэгдэлд тодорхой дурдсан байгаа. Мөнхэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол байгаа бөгөөд үүнд бас тодорхой дурдсан. Б.Б өөрөө шүүх хуралдаанд үнэн зөв мэдүүлэх байх гэж бодож байна. Хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэдэг утгаараа хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Б.Б шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа намайг гэм буруутай гээд шүүхээр тогтоогдоогүй байхад ажлаас халсан гэж тайлбарлаж байна. Хэрвээ Б.Б өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байгаа бол аль хэдийн прокурорт миний гэм бурууг шүүхээр тогтоолгож өг гээд гомдол гаргах байсан. Б.Б өөрөө өөрийгөө гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрөөд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэдэг утгаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Б.Б ыг гэмт хэрэг үйлдсэнтэй холбоотой хөдөлмөрийн харилцааг шууд зогсоож байгаа нь өөр асуудал. Харин гэмт хэрэг, зөрчлийн талаар аймгийн Шүүхийн шинжилгээний алба болон хөндлөнгийн Аудитын байгууллага тогтоосонтой холбоотой хөөн хэлэлцэх хугацаа хүндэтгэн үзэх шалтгаанаар тасалдсан гэж үзэж байна. Яагаад гэвэл тухайн зөрчлийг ажил олгогч 07 дугаар сарын 20-ний өдөр илрүүлсэн. Өөрөөр хэлбэл хуулийн хугацаанд хуулийн байгууллагад хандсан. Хуулийн байгууллага шалгаж тогтоох явцад гэмт хэрэг мөн гэдэг нь тогтоогдсон. Тийм учраас хуулийн байгууллагын дүгнэлтийг хүлээж хугацаа алдсан байгаа. Иймд Б.Б д сахилгын шийтгэл ногдуулах хугацаа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тасалдсан гэж үзэхээр байна. Тийм учраас гуравдагч этгээдийн хувьд ажил олгогчийн Б.Б ыг ажлаас чөлөөлсөн гэх 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 26 дугаар тушаалыг хууль ёсны гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.Б нь Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 26 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгон Зоонозын өвчин судлалын төвийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.
Нэхэмжлэгч Б.Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргасан байна.
Нэхэмжлэгч Б.Б нь Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 26 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасныг хариуцагч Зоонозын өвчин судлалын төвийн дарга С.А эс зөвшөөрч, 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 26 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал нь үндэслэлтэй гарсан гэж маргасан болно.
Нэхэмжлэгч Б.Б ыг Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 26 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн Тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-р зүйл, Монгол Улсын Сангийн Сайдын 294-р журмаар батлагдсан Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журам-ын 3-р зүйлийн 3.5.1, 3.5.2 дугаар заалтууд, байгууллагын дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.3.2-ын д, ж дугаар зүйл заалтууд, Хөдөлмөрийн гэрээний 2.1.3 г дахь заалтуудыг тус тус үндэслэн Зоонозын өвчин судлалын төвийн ахлах нягтлан бодогч ажилтай Б ы Б нь байгууллагын данснаас хууль бус аргаар мөнгө авч, хуурамчаар бичиг үйлдэн гарын үсэг, тамга ашигласан нь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул Б.Б тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 11 сарын 09 эхлэн цуцалж үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэжээ.
Хариуцагчийн тушаалдаа үндэслэл болгосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 68 дугаартай дүгнэлт нь 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гарсан байх ба хариуцагч шинжээчийн дүгнэлттэй 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр танилцаж, шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 68 тоот дүгнэлттэй танилцлаа. Дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал байхгүй байна гэж бичиж гарын үсэг зурсан болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан тухай тэмдэглэлээр нотлогдох ба энэ талаар шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хариуцагчаас тодруулахад ...тухайн үед танилцсан маань үнэн, гарын үсэг зурсан гэж хүлээн зөвшөөрсөн тайлбараар давхар нотлогдож байна гэж үзлээ.
Ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасан зөрчлийг шалгасан талаарх материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг ажил олгогч гаргаж өгөөгүй тул тушаалын үндэслэл нь хариуцагчийн тайлбараар бүрэн нотлогдохгүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 111 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн Б ы Б д холбогдох эрүүгийн 201604000189 дугаартай хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд улсын яллагч ялын шүүмжлэлдээ ... Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонжаргал би Б.Б д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд би энэ хэргийг Алпамыс гэх хүнтэй хамтарч үйлдсэн гэж хэлсэн учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 239 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр буцаан авч байна гэснээр Б ы Б д холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байна.
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 5/02 дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор яллагдагч Б.Б ы дээрх хууль бус гэмт үйлдэл нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт аж ахуй нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэн хариуцсан этгээд завшсан буюу үрэгдүүлсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэж заасан ангиллын хувьд хөнгөн гэмт хэрэгт хамаарах бөгөөд тэрээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сарын хугацаа өнгөрч Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлд заасан хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Б овогтой Б д холбогдох эрүүгийн 201604000189 дугаартай хэргийг Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.2 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байх ба энэ прокурорын тогтоолд хохирогч болон холбогдох бусад этгээд нь гомдол гаргаагүй, прокурорын тогтоол хүчин төгөлдөр болсон байна.
Ажил олгогч тушаалдаа Зоонозын өвчин судлалын төвийн ахлах нягтлан бодогч ажилтай Б ы Б нь байгууллагын данснаас хууль бус аргаар мөнгө авч, хуурамчаар бичиг үйлдэн гарын үсэг, тамга ашигласан нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул.... гэж ажлаас нь чөлөөлсөн боловч энэ үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй ба Б.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт зааснаар байцаан шийтгэх ажиллагаа явуулснаар эрүүгийн хэрэг нь Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 5/02 дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор хэрэгсэхгүй болсон байх тул түүнийг гэм буруутай гэж үзэх боломжгүй байна.
Хариуцагч Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 26 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалд заасан үндэслэлүүдийн талаарх зөрчлүүдийг нэг бүрчлэн шалгаж, тогтоож, зөрчлийн талаар тэмдэглэл үйлдэх, зөрчил гаргагчийн тайлбарыг авах, зөрчил гаргагчийг хуралдаанд оролцуулах, энэ зөрчил нь хэний буруутай үйлдэл, эс үйлдэхгүй байгаа эсэхийг нэг бүрчлэн тогтоосны эцэст ажилтны гаргасан зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгох нь хуулинд нийцсэн байх учиртай.
Ажил олгогч нь ажилтан Б.Б ы гаргасан зөрчлийг илрүүлснээс хойш 4 сарын дараа сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасанд нийцээгүй байна.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т ... гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно ... гэж заасан байна. Нэхэмжлэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1-д заасан гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосон шүүхийн шийдвэр /шийтгэх тогтоол/ гараагүй нь зохигчдын тайлбараар нотлогдсон тул ажил олгогчийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 26 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан байна гэж үзлээ.
Ажил олгогч нь ...ажилтан Б.Б нь санхүүгийн сахилга батыг ноцтой зөрчиж байгууллагад хохирол учруулсан зөрчил нь он дараалан дахин давтагдсан үйлдэл тул хууль журмын дагуу үндэслэлтэй арга хэмжээ авсан гэж тайлбарлаж байгаа боловч ажил олгогчийн зүгээс Б.Б ы гаргасан зөрчил болгоныг шалгаж тогтоосон талаар хавтаст хэрэгт нотлох баримт гарган өгч нотолж чадаагүй болно.
Ажил олгогчоос ...ажилтан Б.Б нь Хөдөлмөрийн гэрээний 2.1.3. г-дэх заалтыг ноцтой зөрчсөн гэх боловч Б.Б нь энэ үндэслэлийг ноцтой зөрчсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.
Ажилтан Б.Б ыг ажлаас чөлөөлөх тухай Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 26 дугаартай тушаалд баримталсан Монгол улсын Сангийн Сайдын 294-р журмаар батлагдсан Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журам-ын 3-р зүйлийн 3.5.1, 3.5.2 дугаар заалтууд болон Хөдөлмөрийн гэрээний 2.1.3. г-д ... Сангийн сайдын 2012.12.20-ны өдрийн 294-р тушаалаар батлагдсан журмын 4.1, 4.2, 4.3-р зүйл заалтуудын аль нэгийг ноцтой зөрчсөн тохиолдолд гэсэн нь хоорондоо зөрүүтэй байна.
Ажил олгогч, ажилтан гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаардана. Иймээс ажил олгогчоос гаргасан дүрэм, журам, зааварт тусгагдсан ажлын байрны тогтоосон горим, журмыг ажилтан ноцтой байдлаар зөрчсөн ч тухайн актыг хөдөлмөрийн гэрээтэй адилтган үзэх боломжгүй юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д заасан ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон бөгөөд ажилтны эд хөрөнгийн зөрчил нь эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж тогтоогдсон нь эд хөрөнгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
Ажил олгогч нь ажилтан Б.Б тай Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-д заасны дагуу эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй, мөн хуулийн 135.4-т .... эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй гэж заасан байна.
Үндэсний Аудитын газрын харьяа Баян-Өлгий аймгийн Аудитын газрын 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 07 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай албан шаардлагыг Зоонозын өвчин судлалын төвийн дарга С.А -д өгч байсан байна.
Б.Б ыг урд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилсон Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 572 дугаартай шийдвэр, мөн Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 11 дугаартай Арга хэмжээ авах тухай болон 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 15 дугаартай Хариуцлага тооцох тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгосон Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 405 дугаартай шийдвэрүүд тус тус гарч байсан байна.
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 5/01 дугаартай прокурорын мэдэгдлийг Баян-Өлгий аймгийн санхүү төрийн сангийн хэлтэст, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2-01/103 дугаартай Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг арилгах урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах тухай албан бичгийг тус тус зохих байгууллагад хүргүүлж байсан байна.
Иймд Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 26 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Б ыг Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.Б ы шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 26 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б ы Б ыг Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Нэхэмжлэгч Б.Б ы шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН