Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 666

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Зориг, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

          шүүгдэгч Н.О-,

          нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

 

          Баганхангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бавуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 222 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Энхмэндийн бичсэн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Н.О-д холбогдох эрүүгийн 1807 0026 10089 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Н.О, 1991 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, механикч, жолооч мэргэжилтэй, “...” ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД./,

 

Н.О- нь .... дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний … дугаар ангид ахлагч цолтойгоор Хангалт үйлчилгээний ротын салааны захирагчийн орлогчоор цэргийн жинхэнэ алба хааж байгаад 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхин явж цэргийн албанаас оргон зайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас: Н.О-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Эрдэнэбаярын өгсөн “шүүгдэгчээр оролцож байгаа Н.О- нь Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн албан хаагч юм. Зэвсэгт хүчний жанжин штабаас тушаал ирээгүй байгаа тул жинхэнэ албан хаагч хэвээрээ байгаа. 2017 оны 9 дүгээр сараас цэргийн анги байраа орхиж, одоог хүртэл ажилдаа ирээгүй байна. Шинэчилсэн Эрүүгийн хуульд шүүгдэгчийн үйлдэл гэмт хэрэг болон орсон байгаа. Шүүгдэгч цэргийн албыг 7 жил хаасан тул анги байрлалаа орхиж явах талаарх хуулийн   мэдлэгтэй. Хүнээр дамжуул өгсөн. Шүүгдэгч өргөдлөө өөрөө өгч, ангийн захирагчаар зуруулж, хүний нөөцөд өргөдлөө өгөх ёстой байсан” гэх мэдүүлэг болон улсын яллагчийн шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тэдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэн Н.О-ы гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна гэж шүүх үзлээ.

Тухайлбал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3, 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.4, 4.5 дахь заалтад “яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтэд хохирлоо нөхөн төлсөн баримт, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн тухай баталгааг хавсаргана, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн эсэх” гэж тус тус заасан ба хохирогчтой эвлэрсэн гэх баталгааг хүсэлтдээ хавсаргаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлд заасан ялын төрөлд хуульчлагдаагүй хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх гэсэн ял тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялыг шүүгдэгч хүлээн зөвшөөрөөгүй зэрэг нь дээрх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тодруулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдоогүй байна.

Иймд Н.О-д холбогдох эрүүгийн хэргийг дүүргийн прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж үзэж шийдвэрлэжээ.

 

            Прокурор Б.Энхмэнд бичсэн эсэргүүцэлдээ “... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэж хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тэдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэн Н.О-ы гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тодруулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдоогүй гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн дараах үндэслэл тогтоогдож байна. Үүнд:

1. Шүүх өөрийн санаачлагаараа хохирогч Ц.Эрдэнэбаярыг шүүх хуралдаанд дуудан оролцуулж мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, 34.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хуралдааны даргалагч нь шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулах нөхцөлийг бүрдүүлнэ”, 35.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүхийн хэлэлцүүлэг нь яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдана”, Шүүхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “шүүх шүүн таслан ажиллагааны мэтгэлцэх зарчмыг хангахдаа шүүх хуралдаанд талууд, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон улсын яллагчид асуулт асуух, хариулах, нотлох баримтыг танилцуулах, өөрсдийн тайлбар өгөх, үндэслэлээ хамгаалах, үгүйсгэх боломжийг тэгш олгоно” гэсэн хуулийн заалтуудыг зөрчсөн байна.

2. Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан нотлох баримт шинжлэн судалсны дараа шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шүүгч санаачлагаараа завсарлага авч хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж, улсын яллагч, өмгөөлөх талаас дүгнэлт гаргах, шүүгдэгч эцсийн үг хэлэх, шийдвэр гаргахаар шүүх зөвлөлдөх зэргээр шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, улсын яллагчийн эрхийг эдлүүлээгүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.24, 35.25, 35.27 дугаар зүйлүүдийг зөрчсөн нь мөн хуулийн 34.7 дугаар зүйлд заасан прокурор шүүх хуралдаанд оролцох эрх, долдугаар бүлэгт заасан шүүгдэгчийн эрхийг зөрчсөн байна.

З. Шүүх хуралдааны тэмдэглэлийг прокурор, оролцогч нарт танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлийг зөрчиж, тэмдэглэлд засвар оруулах санал, хүсэлт гаргах эрхийг хангаагүй зөрчсөн байна.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлд заасан цэргийн албанаас оргон зайлах гэмт хэргийн объект нь хууль, дүрэм, журмаар тогтоосон цэргийн алба хаах журам, зэвсэгт хүчин бусад цэргийн байгууллагын хэвийн ажиллагаа батлан хамгаалах хүчин чадал байдаг бөгөөд тодорхой эд хөрөнгийн хохирол учирсан байхыг шаардахгүй ерөнхий объекттой хэрэг юм.

Н.О-ы үйлдлийн улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учраагүй, хохирогч Ц.Эрдэнэбаяр нь нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулах талаар мөрдөн шалгах ажиллагааны, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлдэг.

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “... гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж заасан нь мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь албадлагын арга хэмжээнд хамаарагдахаар ойлгогдож байна.

Эрүүгийн хариуцлагын талаарх саналыг Н.О-д танилцуулж, зөвшөөрч гарын үсэг зурагдсан байна. Прокуророос санал болгосон ялын санал дээр маргаан байхгүй байна.

Мөн шүүгч Н.О-аас танд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хорих ял өгвөл зөвшөөрч байна уу гэж асуусан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх гаргах гэж байгаа шийдвэр, гэм буруутай эсэх асуудлаар байр суурь, саналаа урьдчилан илэрхийлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлд заасан ялын төрөлд заагаагүй хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх гэсэн ял тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хорих ялыг шүүгдэгч зөвшөөрөөгүй зэрэг нь хуулийн шаардлагад нийцэхгүй гэж буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тодруулаагүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

4. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүгдэгч Н.О-д холбогдох хэргийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх, түүнд хууль зүйн дүгнэлт хийх бүрэн боломжтой байна.

Н.О-д холбогдох хэргийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нотлох баримт бүрэн авагдсан байх ба нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийж хохирогч, шүүгдэгчийг чирэгдүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчиж, улсын яллагч, оролцогчийн эрхийг ноцтой зөрчих зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж гарсан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг гэм буруугийн шүүхийн хэлэлцүүлэгт буцаалгахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн …” гэжээ.

Шүүгдэгч Н.О- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... хэргийг шүүхээр шийдвэрлэх хүсэлтэй байна, өөрийн гэм буруугаас болж цэргийн ангийг орхиж явсан ...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүх Н.О-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд Н.О-д холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон байна.

 

Шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” буюу хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, үйл баримтад болон шүүгдэгч гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.О-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.24, 35.25, 35.27 дугаар зүйлүүдийг тус тус зөрчсөн болохыг дурдаж дахин энэ төрлийн алдаа гаргахгүй байхыг анхааруулж байна. 

 

Иймд “… шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх …”-ээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Н.О-д холбогдох хэргийг тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 222 дугаартай захирамжийг хүчингүй болгож, прокурор Б.Энхмэндийн бичсэн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, Н.О-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг Багахангай, Налайх дүүргийн шүүхэд очтол шүүгдэгч Н.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.МЯГМАРЖАВ

 

                                 ШҮҮГЧИД                                                          Б.ЗОРИГ

 

                                                                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ