Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 665

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Зориг, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

          прокурор Б.Батжаргал,

          нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

 

          Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 511 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Батжаргалын бичсэн 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 24 дугаартай прокурорын эсэргүүцлээр Б.Г-т холбогдох эрүүгийн 1702 0019 00087 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Т овгийн Б.Г, 1968 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, ... дүүргийн ... дугаар ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../,

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ... дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Г- нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагч нараас хууль бусаар мөнгө хурааж авсан гэх зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын газрын боловсролын хяналтын улсын ахлах байцаагч Д.Батсүхэд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 320.000 төгрөгийн хахууль өгөхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Б.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Яллагдагч Б.Г-ийн өмгөөлөгч Д.Тунгалаг нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “өмгөөлөгч Д.Тунгалаг би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Б.Г-ийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахаар эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан ажиллаж байна. Өмгөөлөгч би 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдөр хэргийн материалтай танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.14 “мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн”, 6.15 “мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт” дахь хэсэгт тус тус заасан үндэслэлээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаж байна.

Б.Г-т холбогдох эрүүгийн хэрэгт нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь хэсэгт заасан 1.3 “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.6 “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” дахь хэсэгт заасан байдлууд нотлогдоогүй байна.

1. Хавтаст хэргийн 13 дугаар хуудсанд Б.Г-ийг гэрчээр 2 дахь удаагаа байцаахдаа мөрдөгч А.Хатантамир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчин “гэрчээс мэдүүлэг авахдаа тэдэнтэй хүнлэг бусаар харьцаж, сэтгэл санаанд хохирол учруулах арга хэрэглэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Түүнийг Авилгатай тэмцэх газрын байранд нэвтрэх журам зөрчсөн гэж айлган сүрдүүлж мэдүүлэг авсан гэж дүгнэгдэхээр байна. Мөн “Та ямар учраас улсын ахлах байцаагч Д.Батсүхэд хахууль болгож 320.000 төгрөгийг өгсөн бэ” гэж шууд өөрөө хөтөлж байцаасан байна.

Мөрдөгчийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 29.5 дахь хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “хүний нэр төр, алдар хүндийг гутаах”-ыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хориглосон үйлдэл байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Г-ийн гэрчээр өгсөн хэд хэдэн удаагийн мэдүүлэгт “эгч Мөнхтуяад өгөх мөнгө” байсан талаараа тодорхой мэдүүлсэн байхад Мөнхтуяаг гэрчээр байцаагаагүй байх тул түүнийг гэрчээр байцаалгах.

3. Б.Г-ийн мэдүүлэгт “өмнө нь цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг эхчүүдээс хандивын мөнгө авсан” гэх мэдээллийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын газрын боловсролын хяналтын улсын ахлах байцаагч Д.Батсүх шалгаад арга хэмжээ авсан” гэжээ. Гэтэл энэ талаар хэрэгт ач холбогдолтой баримтыг хавсаргуулах зэрэг ажиллагааг нэмж хийлгүүлэхээр хүсэлт гаргаж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй байх тул хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Яллагдагч Б.Г- нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа “Б.Г- миний бие нь 1968 онд Улаанбаатар хотод төрсөн. 2017 оны 10 сарын сүүлээр 11 сарын эхээр АТГ-ын ОНЗ-ийн дарга Баасан болон бусад хүн телевизээр намайг гүтгэж цэцэрлэгийн эрхлэгч нар мөнгө идсэн гэж ярьснаас гадна мэдээллийн сайтуудаар мэдээлсэн байсныг олж сонсоод сэтгэл зүйн хувьд маш их хямарч шокийн байдалд орсон. Уг байдлаас гарч чадаагүй байх үед МХЕГ-ын байцаагч Батсүх гэдэг хүн цэцэрлэгт маань шалгалт хийхээр ирж шалгасан. Яг энэ үетэй давхцаж талийгаач ээжийн маань төрсөн дүү эгч Мөнхтуяа даралт ихдээд толгой, бие өвдөөд ходоод зангирч ханиад хүрээд бие маш муу байна, ирж эм тариа авч хийж өг гэж охиныг очиж усанд ороход нь хэлж дуудуулсан.

Бямба ням гаригт гэрт нь очиж эм тариаг нь хийж өгсөн. Тэгж байх үед Мөнхтуяа эгч “Би нэг хүн дээр очих ёстой юм. Очиж уулзах учиртай л хүн юм байгаа юм. Тийшээ явах гэсэн мөнгөгүй бас бие өвдөөд очиж чадахгүй байна. Эм тарианы ч мөнгө алга, хоолны ч мөнгө алга хэцүү байна. Тэтгэврийн зээл дуусах болоогүй. Гэрэлийн хэдэн хүүхэд нь ч ээжийгээ харж үзэхгүй юм” гээд л яриад байсан юм. Талийгаач ээжийн минь төрсөн дүү нар болох 3 хөгшин эгч нэг дороо цуг амьдардаг бөгөөд Мөнхтуяа эгч нь хүүхэдгүй, Мөнхгэрэлийн охин Хулан нь 3 хүүхдээ Японоос Монгол руу явуулчихсан. Тэр 3 хүүхдийг нь Мөнхтуяа эгч нааш цааш нь зөөдөг юм. Мөнхтуяа эгчийн байдлын тухай өөрийн төрсөн дүү Ганчимэгт /БНСУ-д амьдардаг/ яриад бид жаахан тусламж үзүүлэхээр тохирсон. Манай дүү Ганчимэг би эндээс 1.000.000 вон шилжүүлье. Та түүнээс 150.000 воныг нь солиулаад Мөнхтуяа эгчид биднийг өгч байна гээд өгөөрэй. Би одоохон яриадхъя. Яаж мөнгө шилжүүлж болох нуу гээд удалгүй таны дансанд 1.000.000 воныг ханшаар нь хийхээр боллоо. Би Солонгос дахь данс руу нь таны мөнгө орсны дараа хийхээр тохирчихлоо гэж хэлсэн. Тэгээд 2.140.000 төгрөг орой орсон мессеж утсаар ирэхэд би дүү Ганчимэг рүү мөнгө дансанд орлоо гэж хэлэхэд за тэгвэл би 1.000.000 воныг нь өглөө Солонгосын данс руу нь хийчихье гэсэн. Мөнхтуяа эгчийнх рүү орой нь очход ажил явдал гарчихлаа. Чи маргааш манайх руу ирээрэй. Тав, гурван төгрөг зохицуулж эгчдээ өгөөрэй гэж ярьсан. Би 2017 оны 11 сарын 8-ны өглөө ханш үзээд тэгшитгээд 320.000 төгрөгийг дугтуйнд хийсэн. Тухайн үед Батсүх байцаагчид аваачиж өгөх бичиг баримтаа өгчихөөд МХЕГ-аас гараад Мөнхтуяа эгчийнх рүү очно гэж бодсон. Цүнх рүүгээ дугтуйгаа хийхдээ номын завсар хавчуулагдаж хийгдсэнийг тухайн үед анзаараагүй. Тэр өглөө МХЕГ руу явж байхдаа миний хувьд сэтгэл зүйн хувьд маш таагүй стрессээс гарч чадаагүй явж байсан. Өмнө нь улсын ажлыг чанартай хийсний төлөө эх орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө өөрийн хувь нэмрийг оруулж байгаагийнхаа төлөө, хүмүүнлэг ёс суртахуунлаг байхыг багш ажилчдаас шаардсаны төлөө боловсролын чанарын төлөө сэтгэл зүрхээ зориулан ажилласныхаа төлөө ажлаараа үлгэрлэн манлайлж Нийслэлийн эрүүл мэндийг дэмжигч байгууллагаар шалгарсны төлөө хувийн эрх ашгийг хичээсэн хэсэг бүлэг хүмүүст дахин дахин гүтгүүлж доромжлуулж нэр хүнддээ халдуулж байснаа бодож сэтгэл маш тавгүй явсан. Батсүх байцаагчийг асуугаад дээшээ ороод 30 жилийн ойн баримтаа өгөхдөө 30 жилийн түүхийн ойн номоо хамт өгсөн. Батсүх байцаагч “та надад номоо өгсөн шүү дээ” гэхэд нь би номоо урьд өгсөн бил үү гэдгээ санахгүй болтлоо сэтгэл хямарсан байсан. Тухайн үед түүнийг үнэндээ анзаараагүй тэр чигээр нь л номоо өгчихсөн байсан. Номыг бол ойн баримт материал гэж би бодож байсан. Харин завсраас нь гэнэт мөнгө гараад ирэхэд яг яах ёстой байснаа тэр үед би үнэхээр ухаараагүй. Тэгтэл Батсүх байцаагч “Манайхан энэ юу болж байна. Мониторинг дуудаарай” гээд л дугтуйтай мөнгө номны завсраас гаргаж ирээд мөнгийг тоолсон. Батсүх байцаагч 300.000 төгрөг гэхэд нь би 320.000 биш юм байхдаа л гэж бодсон. Тэгээд тэр үед яг ямар үйл явдал өрнөөд байгааг үнэндээ ухаарч мэдээгүй сэтгэл зүйн хувьд маш их цочиролд орсон. Гаднаас нэг хүн орж ирээд асуухад би энд байна гэж хэлсэн санагдаж байна. Тэгээд тэр үед энэ мөнгө ажил явдалд хэрэглэх, хүнд өгөх эм тарианы мөнгө байсан. Яана аа энд орсныг нь мэдээгүй юм байна. Андуураад ийшээ орчихжээ. Үнэхээр янз бүрийн юм байхгүй гэхэд орж ирсэн хүн таныг буруутгах гээгүй байна. Та дараа нь тайлбараа өгөөрэй гээд гараад явах хүртэл тэр ном мөнгө Батсүх байцаагчийн ширээн дээр байсан. Батсүх байцаагчаас би ном, мөнгөө авах уу гэсэн чинь Батсүх байцаагч үгүй энд байж байг гээд гараараа дарсан. Батсүх байцаагчийн ширээд дээрээс тэр ном мөнгийг булааж авах ёстой байсныг би тухайн үед ер ухаарч бодоогүй. Гаднаас орж ирсэн хүнд ном мөнгийг Батсүх байцаагч өгөхөд би яаж ч чадаагүй. Тэр хүн үзэж танилцаад буцаагаад Батсүх байцаагчид өгсөн. Батсүх байцаагч ширээн дээрээ тавиад суухад би Батсүх байцаагчаас “номоо авчих уу” гэсэн чинь Батсүх байцаагч надад биш харин орж ирсэн хүн рүү хандаж “энэ ном мөнгийг яах билээ” гэхэд тэр орж ирсэн хүн гарч явснаа эргээд ирж дугтуйтай мөнгийг үдээсний машинаар үдээд аваад явсан. Би анх удаа ийм таагүй байдалд орж байгаа бөгөөд өөрийн мэдээгүй ийм үйлдэл хийсэндээ өөртөө харамсаж бас өөрийгөө маш их гайхаж байна.

Өөрийгөө ч ойлгож мэдэхээ ч байчихаад байна. Сүүлийн үед хүмүүст янз бүрээр хэлүүлээд гүтгүүлээд ирэхээр сэтгэл зүйн хувьд маш хүнд байдал, их стресст ордог юм байна. Тэгэхдээ тэр үед номоо өгснөө ч мартаад өгсөн нь үнэн, номон дотроо дугтуйтай мөнгө хавчуулагдсаныг мэдээгүй шууд гаргаж өгсөн. Ямар нэг бодол санаа агуулаагүй нь үнэн болно. Үнэхээр хахууль өгье гэж бодоогүйг минь ойлгоорой. Би үнэндээ өөрийгөө ийм тэнэг үйлдэл гаргасан гэдгээ ойлгохоо байчихаад байна аа. Би үнэхээр хахууль мөнгө өгье гэж бодсон бол юу гэж олон хүний нүдэн дээр шууд гаргаж өгөх билээ дээ. Миний нэг удаагийн хайхрамжгүй байдал амьдралд хэзээ ч мартагдахааргүй маш том сургамж боллоо. Өнгөрсөн удаад сэтгэл санааны тавгүй байдал болон хууль цаазны айхтар сүрдүүлгээс болоод буруу зөрүү зүйл ярьсан байх гэхээс бас айж байна. Сэтгэл зүйн хувьд маш их цочролд орж одоог хүртэл тайвширч чадахгүй маш хэцүү байдалд байгааг минь ойлгож үзэхийг хүсье.

Урьд нь шалгагдсан асуудлаар Батсүх байцаагч дахин шалгаж орж ирсэн. Цаасан дээр буруутгаж бичих амархан. Гэр бүлийнхээ амьжиргааг залгуулдаг хүн нь би. Том хүү Амарсүлд өөрийн хөгжлийн бэрхшээлээс болоод маш их бухимдаж, уур уцаартай, муухай ааштай, гомдолтой байгаагаасаа болоод зарим үед би юу ч хийж чадахгүй, гар хөлний булчин нь чангараад ирэхээр үхээд өгье гээд л уйлахыг нь харах маш хэцүү байдаг. Үнэндээ миний хүү надтай л дотор сэтгэлээ ойлголцож тультраатаж ярьдаг. Ээждээ хайртай учраас л би үхэж болохгүй гэж хэлдэг. Миний амьдралын хүнд хэцүү байдлыг ойлгож үзэхийг хүсч байна ...” гэжээ.

Яллагдагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан дээрх хүсэлтүүдийг хүлээн авах үндэслэлтэй бөгөөд дээрх ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцаахаар шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Батжаргал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Прокуророос Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч уг хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Үүнд:

Яллагдагч Б.Г-ийн өмгөөлөгч Д.Тунгалагын гаргасан хүсэлтийн тухайд:

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч А.Хатантамир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд зааснаар Б.Г-ийг гэрчээр байцаасан байдаг ба Б.Г- нь дээрх хуулийн заалттай танилцсаны дагуу мэдүүлэг өгсөн байдаг. Б.Г-тай хүнлэг бус харьцсан, сэтгэл санаанд нь хохирол учруулах арга хэрэглэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба прокурорын шатанд энэ талаар яллагдагч Б.Г- болон түүний өмгөөлөгч нараас гомдол хүсэлт гаргаж байгаагүй болно.

Яллагдагч Б.Г- нь хавтас хэрэгт өгсөн мэдүүлэгтээ цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг, эхчүүдээс хандивын мөнгө авсан гэх асуудлаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Д.Батсүх хэрэг гарахаас өмнө нь буюу 2017 онд шалгалт явуулж байсан талаар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Д.Батсүх нь Б.Г- цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг, эхчүүдээс хандивын мөнгө авсан гэх гомдлын дагуу шалгалт явуулж түүнд арга хэмжээ авч байсан талаар тус тус мэдүүлсэн, хэрэгт Б.Г-т Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас арга хэмжээ авч байсан талаарх албан бичиг тус тус авагдсан.

Б.Г-т нь цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг, эхчүүдээс хандивын мөнгө авсан гэх асуудлаар явуулсан шалгалтын материалыг авч хэрэгт хийх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, Б.Г-ийн гэм бурууг тогтоох, гэм бурууг шүүхээр шийдвэрлэх ажиллагаанд ач холболдолгүй бөгөөд энэ нь хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Мөн Б.Г- нь хахуульд өгөхийг завдсан 320.000 төгрөгийг өгсөн “эгч Мөнхтуяа”-г хэрэгт гэрчээр байцаах зайлшгүй шаардлагагүй бөгөөд Мөнхтуяа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүн биш Солонгос улсаас Б.Г-т мөнгө дансаар шилжүүлсэн хүн юм.

Яллагдагч Б.Г- шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтийн тухайд өөрийн ажил, хувийн байдал, хэрэгт холбогдсон талаар хүсэлт гаргасан байна.

Шүүх яллагдагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан дээрх хүсэлтүүдийг хүлээн авах үндэслэлтэй бөгөөд дээрх ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан ба тухайлбал яллагдагч Б.Г-ын гаргасан хүсэлтэд хэрэгт ямар ажиллагаа хийлгэх нь тодорхойгүй, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрөхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад өмгөөлөгч Д.Тунгалаг, яллагдагч Б.Г- нараас гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй талаар прокурор тайлбар хийсэн байхад үүнд шүүхээс дүгнэлт хийхгүйгээр өмгөөлөгч, яллагдагч нарын гаргасан хүсэлтүүдийг хүлээн авах үндэслэлтэй гэж ямар ажиллагаа хийлгэх нь тодорхойгүй үндэслэлээр буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Мөн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх”, 33.3 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “Мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан ба хэрэгт ямар ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн, хэрэгт хийгдсэн мөрдөн шалгах ажиллагаанаас ямар ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар заалтыг ноцтой зөрчсөн гэж үзсэн нь тодорхойгүй, шүүгдэгч Б.Г-ын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

 Анхан шатны шүүх яллагдагч Б.Г-т холбогдох эрүүгийн хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, Б.Г- болон түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нарын гаргасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч хэргийг прокурорт буцаажээ.

 

Шүүх, яллагдагч Б.Г-, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нарын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтүүдийг няцаасан прокурорын үндэслэлүүдийн талаар тус тусад нь дүгнэлт хийж, яллагдагч Б.Г-, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нарын аль хүсэлтийг нь ямар үндэслэлээр хүлээн авч байгаа талаар “Хэргийг прокурорт буцаах” тухай шийдвэртээ дүгнээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтад заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байх бөгөөд “...шүүгчийн захирамжид хэргийг прокурорт буцаах болсон үндэслэлийг тодорхой тусгаж өгөөгүй...” гэсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

 

Шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг анхан шатны шүүх захирамждаа тодорхой заалгүй, “хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна” гэж ерөнхий байдлаар дүгнэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.

 

Мөн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн эсэх, хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн, хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоосон зэрэг хэргийн бүх ажиллагааг хянах үүрэгтэй.

 

Яллагдагч Б.Г-т холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ямар мөрдөн шалгах ажиллагаа байгаа, мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрхэн, ямар байдлаар ноцтой зөрчсөн байгаа талаар анхан шатны шүүхээс огт дүгнэлт хийлгүй орхигдуулжээ.

 

Шүүхээс хэргийг прокурорт буцааж байгаа тохиолдолд чухам ямар ажиллагааг нөхөн хийх, нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн зааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн ямар зөрчлийг арилгуулахыг тодорхой бичих үүрэгтэй.

 

Гэтэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 511 дүгээр захирамжид дээрх байдал тодорхой бус байгаа нь тухайн захирамжийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгожээ.

 

Эдгээр байдлуудыг нэгтгэн дүгнэвэл анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэсэн зорилго, зарчимд нийцэхгүй байна.

 

Анхан шатны шүүх, шүүх хуралдаанаараа хэлэлцсэн хүсэлтэд дүгнэлт хийгээгүй байхад давж заалдах шатны шүүхээс нөхөн үнэлэлт, дүгнэлт хийхгүй байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... Давж заалдах шатны шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэртэй холбогдуулан гаргасан талуудын гомдол, эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэнэ ...” гэж заасантай нийцнэ.

 

Түүнчлэн шүүхийн тодорхой, ойлгомжтой дүгнэлт нь хэргийн оролцогч нар өөрсдийн гаргасан хүсэлтийг хуульд нийцүүлж хэрхэн шийдвэрлэсэнийг, ямар үндэслэлээр хүсэлтийг шийдвэрлэлгүй орхисоныг тэдэнд ойлгуулахаас гадна шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхад нөлөөлнө.

 

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Г-т холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дахин явуулахаар анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 511 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Б.Г-т холбогдох эрүүгийн хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дахин явуулахаар анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэрэг шүүхэд очтол Б.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

   3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ

 

ШҮҮГЧИД                                                       Б.ЗОРИГ

 

         Ж.ЭРДЭНЭЧИМЭГ