| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 185/2018/0016/Э |
| Дугаар | 664 |
| Огноо | 2018-07-10 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | С.Энхтуул |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 07 сарын 10 өдөр
Дугаар 664
З.Б д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Зориг, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Энхтуул,
шүүгдэгч З.Болд-Эрдэнийн өмгөөлөгч Ц.Тунгалаг,
нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 389 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.Болд-Эрдэнийн бичсэн давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1811 0045 70195 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овгийн З.Б, 1991 оны 4 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эх, дүү нарын хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны .. тоотод оршин суух,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 247 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, /РД:/,
З.Б нь 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 41-537 тоотод оршин суух иргэн Д.Ууганцэцэгийн гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, шүүгээнээс нь 2 хос пүүз, үүргэвч цүнхийг хулгайлан авч 160.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: З.Болд-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: З.Болд-Эрдэнийг нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, З.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан З.Б д шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, З.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч З.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “... Санамсар, болгоомжгүй явж байгаад найзуудтайгаа дайралдаад 1 шил архи хувааж уугаад найзуудаасаа салаад хамаатныхаа эгчийнд орж дулаацах гээд орох гэтэл цоожтой байсан. Хажуу айл нь бас цоожтой байсан. Тэгэхээр нь хаалгыг нь гараараа татсан чинь онгойсон.
Хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Манай амьдрал нэн ядуу, ам бүл 5, надаас өөр ажил хийх хүн байхгүй, ээжийн одонгийн мөнгөөр болон хүүхдийн мөнгөөр амьдардаг. 3 дүү бага сургуульд явдаг. Доод дүүгийн хөл хугархай хэвтэрт байдаг. Би зах дээр ачаа үүрч, ажил эрхэлж эх, дүү нараа тэжээдэг тул амьдралыг минь харгалзан зохих хэмжээгээр ялыг хасаж өгнө үү ...” гэжээ.
Шүүгдэгч З.Болд-Эрдэнийн өмгөөлөгч Ц.Тунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүх ялын доод хэмжээгээр ял оногдуулсан тул ямар нэгэн тусгайлан гаргах санал байхгүй ...” гэв.
Прокурор С.Энхтуул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс З.Болд-Эрдэнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хөнгөрүүлж ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна ...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.
Анхан шатны шүүх шүүгдэгч З.Б д холбогдох хэргийг хянан хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй” нөхцөл байдал тогтоогдсон байхад түүнийг гэм буруутай гэж үзэж, ял оногдуулж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэв.
Хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг судлан үзэхэд:
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 9-10, 11-13/, илтгэх хуудас /хх 15/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 16/, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 17, 18/,
хохирогч Д.Ууганцэцэгийн “... намайг гэртээ ирэхэд хаалганы цоожийг мулт татчихсан байсан. ...гутлаа далд хийх санаатай шүүгээгээ харсан чинь манай хүүхдийн гуталнууд байхгүй байсан. Манай гэрээс хүүхдийн хоёр хос пүүз болон хүүхдийн хичээлийн үүргэвч зэрэг алга болсон ...З.Б надаас уучлалт гуйж, манай гэрээс хулгайлсан 2 ширхэг пүүз, хар өнгийн үүргэвчийг хүлээлгэн өгч бид хоёр эвлэрсэн. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй, цаашид нэхэмжлэх зүйл, санал, гомдол байхгүй ...” /хх 20-21, 22/,
“Дамно” ХХК-ийн “тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 160.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 33-34/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдсон байна.
Шүүгдэгч З.Б нь 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэнжийн 41-537 тоотод оршин суух иргэн Д.Ууганцэцэгийн гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, шүүгээнээс нь 2 хос пүүз, үүргэвч цүнхийг хулгайлсан, энэ хэргийн улмаас учирсан хохирлын тооцоог хийлгэхэд хулгайлсан “Adidas” хос пүүзийг 88.000 төгрөгөөр, ногоон өнгийн хуучин пүүзийг 48.000 төгрөгөөр, хар өнгийн брезентэн үүргэвчийг 24.000 төгрөгөөр тус тус үнэлж нийт 160.000 төгрөгийн үнэлгээ гарсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж хуульчилснаас дүгнэхэд хэдийгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн “Тайлбар” хэсэгт: “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй” гэж тусад нь тайлбарласан ч “160.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг орон байранд нэвтэрч үйлдсэн” шинжээр шүүгдэгч З.Болд-Эрдэнийн үйлдлийг “шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олж согтууруулах ундааны зүйл хэрэглэх зорилгоор хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, эд зүйлийг нь хулгайлсан” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасны дагуу дээрх хэргийн улмаас учирсан нийт хохирлын хэмжээ бага, хулгайд алдсан гэх эд зүйлсийг хохирогч буцаан авсан зэргийг харгалзан шүүгдэгч З.Болд-Эрдэнийг бусдад ноцтой хохирол, хор уршиг учруулаагүй гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 389 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан шүүгдэгч З.Б д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, З.Болд-Эрдэнийг нэн даруй сулласугай.
2. Шүүгдэгч З.Б нь энэ хэргийн улмаас 48 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧИД Б.ЗОРИГ
Ж.ЭРДЭНЭЧИМЭГ