Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 662

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Зориг, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор П.Болормаа,

          хохирогч Д.Н-,

          нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 748 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Н-ын гаргасан давж заалдах гомдлоор Ч.Б-д холбогдох эрүүгийн 1806 0234 00824 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

А овгийн Ч.Б, 1981 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/,

Ч.Б- нь согтуурсан үедээ 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдөр ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоот хашаанд байрлах нийтийн байрны ... тоотод иргэн Д.Н-тай маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Ч.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ч.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Б-г 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ч.Б-д мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хохирогч Д.Н- нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Д.Н- давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Гэмтлийн эмнэлэг болон шүүх эмнэлгийн тодорхойлолтоор хүнд гэмтлийг хөнгөнд тооцож, Ч.Б-д хөнгөн ял оногдуулсанд маш их гомдож байна. Эмчилгээний зардал 300.000 төгрөгийг одоо болтол төлөөгүй, намайг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулаагүй, мэдэгдээгүй. Гурван хавиргаа хугартал зодуулж, хүн харах аргагүй болтлоо зодуулсан. Хөнгөн ял оногдуулсанд гомдож байна, хэргийг дахин хянаж өгнө үү ...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Ч.Б-д холбогдох хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцэхдээ хохирогч Д.Н-ад шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаагүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ... өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох...” гэж заасан хүний эрхийг,

 

мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хохирогч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах эрхтэй:” гэсний 1.4 дэх заалтад “шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох” гэж заасан хохирогчийн эрхийг ноцтой зөрчсөн зөрчил гаргажээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд шүүх түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болох боловч мөн зүйлийн 6 дахь хэсэгт зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, прокурорыг байлцуулан хянан шийдвэрлэхээр заасан учраас шүүх хуралдааны товыг хэргийн оролцогчдод заавал мэдэгдэж, шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаж ажиллах нь хуульд нийцнэ.

 

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч Ч.Б-гийн гомдлыг хүлээн авч Ч.Б-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 748 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Б-д холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ч.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ

 

            ШҮҮГЧИД                                                       Б.ЗОРИГ

 

                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ