Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2023/0113

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  “О” ХХК-ийн гомдолтой

    захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Эрхбаяр

Гомдол гаргагч “О” ХХК

Хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 964 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, өмгөөлөгч Б.Э, хариуцагч Г.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2022/0589/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гомдол гаргагч “О” ХХК нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан “... Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 0034306 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 964 дүгээр шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10, 6.7 дугаар зүйлийн 1, 7.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан “О” ХХК-ийн гаргасан “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Г.Б-гийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 0034306 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Э дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “О” ХХК-д харилцагчийн зохион байгуулагч ажилтай Б.О 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс туршилтын 3 сарын хугацаатай тус байгууллагад ажилд орсон. Улмаар 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр туршилтын 3 сарын хугацаагаа дуусгаад буюу 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Байгууллагын зүгээс түүний өргөдлийг хүлээн авч 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохоор тохиролцсон. Гэтэл Б.О нь 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ханиадтай гэсэн шалтгаанаар ажилдаа ирээгүй бөгөөд ажлаа бүрэн хүлээлцэхгүйгээр тохиролцсон хугацаанаас өмнө ажлаа хаяж явсан.

3.2. Байгууллага тухайн үед хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажилчдын цалинг бэлнээр гарын үсгээр олгож байсан бөгөөд ажилтан цалинг зөвхөн өөрийн гарын үсгээр авах боломжтой юм. ХХ 75-78, 92, 93, 94

3.3. Өөрөөр хэлбэл ажилтан гарын үсгээ зурахгүйгээр цалин олгох боломжгүй бөгөөд Б.О нь 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс хойш ажил дээрээ ирээгүй. Гэтэл 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас залгаж Б.О-гийн цалинг олгохгүй байгаа талаар байгууллагад холбогдуулан гомдол гаргасан талаар мэдэгдсэн. Байгууллагын зүгээс цалинг олгоогүй бус ирж аваагүй талаарх холбогдох баримтыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид гаргаж өгсөн. Энэ талаар шүүх хуралдааны явцад хариуцагч хүлээн зөвшөөрсөн бөгөөд Б.О нь өөрөө очмооргүй байна танай байгууллагаас аваад өг гэснийнх нь дагуу нэхэмжлэгчийн төлөөлөгчид хандаж 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Б.О-гаас дансаар цалинг төлүүлж баримтыг авсан гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл авагдсан баримт, талуудын тайлбараар нэхэмжлэгч нь ажилтаны цалинг олгоогүй бус ажилтан өөрөө очиж цалингаа аваагүй нөхцөл байдал тогтоогдсон. Мөн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч дээрх нөхцөл байдлыг маш сайн мэдэж байсан төдийгүй өөрөө дансанд нь цалинг нь хийгээд баримтаа өгчих гэсэн хэрнээ тухайн баримтаа үндэслэж шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.

3.4. Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дэхь хэсэгт “ажилтын цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан” тохиолдолд хуулийн этгээдийг 5000 нэгжээр торгохоор зохицуулсан.

3.5. Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар хэргийн бодит байдал буюу нэхэмжлэгч байгууллага ажилтны цалинг хугацаанд нь олгоогүй бус харин ажилтан өөрөө хугацаанаас өмнө ажлаа хаяж явсан, ажил дээрээ ирж цалингаа аваагүй болох нь тогтоогдсон. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 15 дахь хэсэгт “... О ХХК нь Б.О-гийн цалинг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр олгосон нь шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй, 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 0034306 дугаар шийтгэлийн хуудсаар 5,000,000 төгрөгийн шийтгэл ногдуулсан нь хуульд нийцжээ” гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

4. 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хариуцагч улсын байцаагч нь “О” ХХК-д холбогдуулан ажилтан Б.О-гийн цалинг тогтоосон хугацаанд олгоогүй үндэслэлээр шалгалтын ажиллагаа эхлүүлсэн талаар анх мэдэгдсэн.

4.1. Мэдэгдлийг нэхэмжлэгч байгууллагад танилцуулаагүй бөгөөд Б.О-гаас гомдол гарсан талаарх баримт хэрэгт байхгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид холбогдуулж торгох шийтгэл ногдуулахдаа оролцогчийн эрхийг огт хангаагүй нэг талыг барьж шийдвэр гаргасан.

4.2. Хэрэг шүүхэд ирэхээс өмнө нэхэмжлэгч зөрчлийн хэргийн материалтай танилцаагүй, өөрт нь холбогдуулж гаргасан гомдлын үндэслэл, тайлбарыг ч хараагүй байна. Улсын байцаагч нь хэрэг бүртгэлийн ажиллагааг явуулахдаа оролцогчийн эрхийг огт хангаагүй бөгөөд дараах зөрчлүүдийг гаргасан

-Зөрчлийн талаар гомдол, мэдээллийг байгууллагад танилцуулаагүй бөгөөд хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй

-Оролцогчийн хэргийн материалтай танилцах эрхийг зөрчиж, “.. чамд танилцуулах албагүй гэсэн тайлбар өгч сахилгын шийтгэл авсан”

-Оролцогчийн Үндсэн хуульд заасан өмгөөлөгч авах, эрх зүйн туслалцаа авах эрхийг хангахгүйгээр “надад мэдэгдэлгүй бусдаас эрх зүйн туслалцаа авах үндэслэлгүй, авмаар байгаа бол надад нэг хоногийн өмнө мэдэгдэж байж ирэхгүй яасын, ерөнхий захирлынхаа утасны дугаарыг өг, би өөрөөс нь асууна” гэх зэрэг үндэслэлгүй хууль зөрчсөн тайлбар тавьдаг. Хуулийн дагуу олгогдсон итгэмжлэлийн үндэсэн дээр компанийг төлөөлөх эрх бүхий ажилтантай харьцахгүй, заавал ерөнхий захиралтай чинь ярина гэдэг хууль бус ойлгомжгүй шаардлага тавьсан.

4.3. Дээрх хариуцагчийн үйлдлүүд нь шүүх хуралдааны тэмдэглэл болон бичгийн нотлох баримтаар тогтоогдсон. Гэтэл шүүхээс огт дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

5. Нэхэмжлэгчийн зүгээс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр улсын байцаагчаас татгалзсан. Гэтэл хариуцагч өөрөөс нь татгалзсан байтал хэргийг дур мэдэн шийдвэрлэсэн. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Дээрх үйлдлээ хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл, оролцогчийн хуульд заасан эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн хэсэгт шүүх огт дүгнэлт хийгээгүй байна.

5.1. Дээр дурдсанчлан шүүх Зөрчлийн тухай хуулийг буруу тайлбарлаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж шийтгэл оногдуулсан хариуцагчийн шийтгэх хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5.2. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрхийн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж заажээ. Зөрчил шалган шийдвэрлэх бүхий л шатанд оролцогчийн эрхийг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь хууль бус захиргааны акт юм. Гэтэл шүүх холбогдох материаллаг болон процессын хууль тогтоомжуудыг зөрчиж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн захиргааны актыг хуульд нийцсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

5.3. Нөгөөтээгүүр, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн шийтгэлийн хуудас нь шийтгэх хуудаст тавигдах холбогдогчид танилцуулж гарын үсэг зуруулах зэрэг шаардлага хангаагүй болохыг дурдах нь зүйтэй.

5.4. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, хэргийг Зөрчлийн тухай хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн байх тул гомдол гаргагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

2. Хариуцагч улсын байцаагчаас Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2-д “ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан” гэж зааснаар “О” ХХК-ийг 5,000,000 төгрөгөөр торгож, шийтгэлийн хуудас үйлдсэн нь үндэслэлтэй болжээ.

 

3. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, иргэн Б.О “О” ХХК-тай 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, захирлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Туршилтын хугацаагаар ажилд томилох тухай” Б-224 дүгээр тушаалаар ажиллаж, тэрээр 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 600,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 367,854 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 550,300 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 371,800 төгрөгийн цалинг тус тус авч, цалин хөлсөө хоёр хувааж авсан нь тогтоогджээ.

 

4. Анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 32 дугаар зүйлийн 32.1-д заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдох бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийн хүрээнд “О” ХХК-ийн цалингийн картад үзлэг хийсэн байх бөгөөд иргэн Б.О-т 2022 оны 3 дугаар сарын цалин хөлсийг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр олгосон нь ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй гэж үзэх үндэслэлтэй болно.

 

5. Тодруулбал, цалин хөлс авах нь ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны суурь зарчим, үндсэн эрх бөгөөд гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд ажилтанд олгох нь ажил олгогчийн үүрэг, энэ үүргээ биелүүлээгүй зөрчлийг зөвтгөж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох боломжгүй тул гомдол гаргагчийн өмгөөлөгчийн “... тухайн үед хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажилчдын цалинг бэлнээр гарын үсгээр олгож байсан бөгөөд ажилтны цалинг зөвхөн өөрийн гарын үсгээр авах боломжтой” гэх давж заалдах гомдлоор шийтгэлийг хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, ажилтан Б.О 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ажил хүлээлцсэн болох нь мөн өдрийн “Ажил хүлээлцэх акт”-аар тогтоогдсон, үүнээс өмнө эсхүл хойно нь ажил олгогчийн зүгээс сард хоёр хувааж олгодог цалингаа олгох боломжтой байсан тул цалин хөлсийг тогтоосон хугацаанд биш Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтэст гомдол гаргасны дараа буюу 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 928,000 төгрөг олгосон нь зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

 

6. Түүнчлэн гомдол гаргагчийн өмгөөлөгчийн “... зөрчлийн талаар гомдол, мэдээллийг байгууллагад танилцуулаагүй, хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй, ... хэргийн материалтай танилцах эрхийг зөрчсөн, ... өмгөөлөгч авах, эрх зүйн туслалцаа авах эрхийг хангаагүй” гэх гомдлоор гомдлын шаардлагыг хангахгүй. Учир нь зөрчлийн хэргийн материалаас харвал, “О” ХХК-ийн ерөнхий захирал С.Г- итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр П.Э-г 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр томилж, улсын байцаагчаас П.Э-г 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 13:17, 15:00 цагт тус тус зөрчлийн хэргийн материалтай танилцах талаар утсаар мэдэгдэж, П.Э нь 15 цаг 00 минутад очихгүй гэж хариу өгсөн талаар тэмдэглэл үйлдсэн байна. Үүнээс үзвэл улсын байцаагчаас мэдүүлэг авах, шийдвэр танилцуулах, хэрэг бүртгэлтийн ажиллагаанд оролцуулахаар зөрчлийн холбогдогчийг дуудан ирүүлж болох бөгөөд зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангах талаар холбогдох ажиллагааг явуулсан болох нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй, би мэдүүлгээ өмгөөлөгчтэй өгнө гэсэн нь тэмдэглэгдсэн, зөрчлийн хэрэг нээсэн болон “О” ХХК-ийн захирал 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр П.Э-д итгэмжлэл олгосноос хойш өмгөөлөгч оролцуулах талаар хүсэлт, холбогдох баримт ирүүлээгүй нь компанийн зохион байгуулалттай холбоотой асуудал тул хариуцагч улсын байцаагчийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан” гэж шууд буруутгах боломжгүй юм.

 

7. Иймд гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 964 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           Т.ЭНХМАА

 

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ                                 Б.ТУНГАЛАГСАЙХАН