Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 101

 

Ариг банкны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00149/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунцэцэг даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 415 дугаар шийдвэртэй,  

           Нэхэмжлэгч Ариг банкны нэхэмжлэлтэй,

           Хариуцагч  Т.Б-, З.М- нарт холбогдох

“14\110 тоот зээлийн гэрээ цуцалж, зээлийн  үүрэгт  27 954 647 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай”  үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Б-ийн “нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй  иргэний хэргийг  

           Хариуцагчийн өмгөөлөгч М.Хандармаагийн давж заалдсан гомдлыг үндэслэн

           2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд:  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Мандуул  оролцов.

           Нэхэмжлэгч “Ариг банк” ХХК-иас:

           Иргэн Т.Б-, З.М- нар нь 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 14/110 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 28.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 39.6 хувийн хүүтэйгээр  зээлж авсан. Гэвч зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тул  хариуцагч нараас 27.954.647 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс:

            Зээлдэгч нар нь 2015 оны 01 дүгээр сараас эхлэн зээлийн гэрээнд заасан үүргээ зөрчиж эхэлсэн учир банкны дотоод журмын дагуу харилцагч нарт мэдэгдэл хүргүүлж шаардлага тавьж байсан.  Гэтэл  хариуцагч  нар  2016 оны   02 дугаар  сарын 22-ны өдөр

зээлийн гэрээний хугацааг 1 жилээр сунгаж сард төлөх хэмжээг багасгаж өгөх тухай хүсэлт гаргасны дагуу банк хүсэлтийг хүлээж авсан.

            Нэмэлт гэрээ хийснээс хойш дахин төлбөр хийгээгүй, зөрчлөө арилгаж чадаагүй учир шүүхэд хандсан. Иймд үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 27.954.647 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Т.Б-, З.М- нараас:

            2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 28 сая төгрөгийг 24 сарын хугацаатай зээлж авсан. Банкинд нийт 23.115.153 төгрөг төлсөн байна. Шинэчлэгдсэн нэмэлт гэрээг 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хийсэн.  Энэ өдрөөс хойш 7.945.000 төгрөг төлсөн. Үндсэн зээл 19.735.000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй, хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэжээ.

            Хариуцагч Т.Б-  сөрөг нэхэмжлэлдээ:

            Банкны зүгээс дарамт шахалт үзүүлж байраа зар хурааж авна гэх мэтийн зүйл хэлж байсан учир аргагүй эрхэнд нэмэлт гэрээ байгуулсан. Энэ гэрээг өөрийн хүсэлт зоригоор хийгээгүй учир 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн шинэчилсэн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дулмаагаас:

            Бид гэрээг хийхдээ харилцан тохиролцож Т.Б-ийн хүсэлтээр нэмэлт гэрээ хийсэн. Хариуцагч нар нийт 12.600.000 төгрөгийн хүү төлж 8 сая гаран төгрөгийг үндсэн зээлээс төлсөн байна. Зээлийн төлбөрийг багасгахгүй, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох боломж байхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 415 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Т.Б-, З.М- нараас 27.954.647 төгрөг гаргуулж “Ариг банк” ХХК-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Y-2003000536 дугаарт бүртгэлтэй 000168253 тоот гэрчилгээтэй Дархан сум 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 18 дугаар байр 29 тоот 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар борлуулсан үнээс 27.954.647 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар албадан дуудлага  худалдаа явуулах этгээдээр Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албыг томилж,

Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Т.Б-ийн Ариг банкинд холбогдуулан гаргасан 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан нэмэлт гэрээг хүчингүйд тооцож, 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс хойшхи хугацаанд бодогдсон хүү болон нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээлийн үүргээс хасч тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д  зааснаар  нэхэмжлэгч Ариг банкны Дархан салбараас 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Ариг банк төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 297.730 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Б-, З.М- нараас улсын тэмдэгтийн  хураамж 297.730 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ариг банкны Дархан салбарт олгож, хариуцагч Т.Б-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр тушаасан улсын тэмдэгтийн хураамж 260.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Хандармаа давж заалдсан гомдолдоо.

Т.Б- зээлийн төлбөрөөс 23.153.079 төгрөг төлж барагдуулсан байдаг. Т.Б- нь 2015 оны 10 дугаар сард осолд орж, түүний орлого зогсох болсон тул банкны зээлийг хугацаанд нь төлж чадахгүй байдалд хүрсэн юм. 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр банкнаас тавьсан шаардлагын дагуу зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж зээлийн гэрээний хугацааг дахин 12 сараар буюу нийт 36 сарын хугацаатай болгож өөрчилсөн нь өмнөх зээлээ төлж барагдуулж чадаагүй байгаа зээлдэгчийн байдлыг бүүр дордуулсан гэж үзэж байна.  Сөрөг нэхэмжлэл гаргах болсон учир нь тухайн үеийн нөхцөл байдалд банкнаас тавьсан шаардлагын дагуу гэрээний нэмэлт өөрчлөлтөнд гарын үсэг зурахаас өөр арга байгаагүй юм. Өөрөөр хэлбэл Ариг банкны зүгээс байрыг шууд хурааж авна гэж байсан тул зээлдэгч Т.Б- нь зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөнд гарын үсэг зурсан.

Иймд Т.Б-ийн хувийн байдлыг харгалзан Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 415 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дулмаагаас давж заалдах гомдлын хариу тайлбартаа:

Иргэн Т.Б- нь 2015 оны 12 дугаар сарын 31-нд Дархан-Уул аймгийн Ариг банкинд зээлийг 12 сараар сунгаж өгөхийг хүсч  өргөдөл гаргасан. 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 14/110А тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл болох 19.735.015 төгрөг, 12 сараар сунгаж нийт 36 сарын хугацаатай жилийн 39.6 хувь сарын 3.3 хувийн гэрээ байгуулсан боловч өнөөдрийг хүртэл зээл хүүгээ төлөөгүй хуримтлагдсан хүүний үлдэгдэл 7.945.789,52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 276.842.66 төгрөг байна. Зээлдэгч зээлийг төлөх ямар ч санаачлага гаргаагүй. Зээлийн хүүг бууруулах үндэслэл байхгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх  хуулийн шаардлагад нийцээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин  хэлэлцүүлэхээр  буцаах нь зүйтэй  байна.

Шүүх  хэргийн  оролцогчоос  гаргаж, хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хэргийн үйл баримтыг үндэслэл бүхий тогтоогоогүйгээс  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн  байх ба хэрэгт авагдсан баримтын хүрээнд  хэргийг эцэслэн  шийдвэрлэх боломжгүй  байна.

Нэхэмжлэгч Ариг банк  нь хариуцагч Т.Б-, З.М- нарт холбогдуулан 14\110 тоот зээлийн гэрээ  цуцалж, үндсэн зээл 19.735.014,93 төгрөг, хүү 7.945.789,52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 273.842,66 төгрөг, нийт 27.954.647 төгрөг гаргуулж,  үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах  шаардлага гаргасан. 

Хариуцагч нар  үндсэн зээлийн үлдэгдэл  19.735.000  төгрөг төлөхөд  татгалзахгүй, хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй  гэж түүнээс гадна хариуцагч Т.Б- нь  нэхэмжлэгчид холбогдуулан   “2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 14/110/А тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”  гэрээг хүчингүйд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гарган маргажээ. 

Зохигчид 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн  14/110 орон сууц барьцаалсан шуурхай зээлийн гэрээ байгуулж тус гэрээгээр зээлдүүлэгч Ариг банк зээлдэгч Т.Б-, З.М- нарт бизнесийн зээлийн зориулалтаар   28.000.000 төгрөгийг,  жилийн 39.6 хувийн хүүтэй,  24 сарын хугацаатай  зээлэх, зээлдэгч нь гэрээгээр тохирсон эргэн төлөлтийн хуваарийн дагуу  зээл, хүүний төлбөрийг төлж барагдуулах,   гэрээний  үүргийн биелэлтийг хангахаар Дархан-Уул аймаг, Дархан сум 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 18 дугаар байрны 29 тоот 2 өрөө орон сууц барьцаалж, барьцааны гэрээг  байгуулжээ. /хх-7-8, 10-11 тал /

            Гэрээний дагуу  Ариг банк  28.000.000  төгрөгийг  зээлдэгчид  шилжүүлжээ.

Зээлдэгч Т.Б-  2015 оны  12 дугаар сарын 31-ний өдөр 14\110 тоот  зээлийн гэрээний хугацааг  12 сараар  сунгуулах  хүсэлтийг  Ариг банкинд гаргаснаар 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 14/110А тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, тус гэрээгээр   19.735.014  төгрөгийг, 12 сарын хугацаатай  зээлэх, зээлдэгч нь эргэн  төлөлтийн хуваарийн дагуу  зээл, хүүний төлбөрийг  төлж  барагдуулахаар  харилцан тохиролцсон. /х/х-ийн 12 тал  /

Зохигчдын дунд  байгуулсан зээлийн гэрээний хугацаа  2017 оны 10 дугаар сарын 16-нд  дуусгавар болохоор  байна.

Хариуцагч Т.Б-  гэрээний үүрэгт 23.153.079 төгрөг төлсөн гэх тайлбарыг  гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч  “хүү  12.600.000 төгрөг, үндсэн зээлд  8.000.000 төгрөг”  төлсөн гэж зөвхөн тайлбар  гаргажээ.

Зээлийн  гэрээ, нэмэлт гэрээний дагуу   үүрэг гүйцэтгэгч нь  ямар  үүрэг хүлээсэн, үүргээ  хэрхэн  биелүүлсэн   байдалд    шүүх   үндэслэл бүхий дүгнэлт  хийж чадаагүй,  хоёр  гэрээ  байхад  нэгийг нь  үнэлж, нэгийг нь  үнэлээгүй  нь  шүүх хэрэгт авагдсан  бүх нотлох баримтыг  үнэлэх  хуулийн  шаардлагыг   зөрчсөн   гэж үзнэ.

Талуудын гаргасан тайлбарт  үндэслэж  Т.Б-ийг гэрээний  үүрэгт  23.153.079  төгрөг төлсөн үү  эсхүл  12.600.000+8.000.000=20.600.000 төгрөг төлсөн үү гэдгийг тогтоох  боломжгүй, гэрээний  үүрэгт  зээлдэгч  хэдэн  төгрөг төлснийг нэхэмжлэгч нь баримтаар  нотлох   үүрэгтэй.

Хэдийгээр  дансны гүйлгээний хуулга  баримтууд  байгаа  боловч  энэ нь тухайн дансны  орлого, зарлагын  мэдээлэл  болохоос  зээлийн   тооцооны  талаарх  шаардлага  хангасан  баримт  биш байна.

Хэргийн 11 дүгээр талд байгаа зээл эргэн төлөх хуваарьт зээл  ашигласан хугацааны хүүд \2016.02.22-2017.10.16  хүртэл\  7.799.728,87 төгрөг төлөхөөр байна. Гэтэл   2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр   шүүхэд ирүүлсэн  нэхэмжлэлийн  шаардлагад  7.945.789,52 төгрөг гэжээ. Үүнээс үзвэл нэхэмжлэлийн  шаардлага үндэслэл  хоорондоо  зөрүүтэй,  тодорхойгүй  байхад шүүх  хариуцагчаас  зээлийн хүүд  7.945.789,52  төгрөг гаргаж  шийдвэрлэсэн нь  учир дутагдалтай  болжээ.

Дээрх  алдаа зөрчилтэй  байдал нь  хэргийг  эцэслэн  шийдвэрлэх  боломжгүйг   нотолж байгаа бөгөөд  анхан шатны шүүхийн  шийдвэрийг  хүчингүй болгох  хуулийн үндэслэлтэй гэж  давж  заалдах  шатны  шүүх бүрэлдэхүүн  үзэв.

           Тус хэргийг  шүүх дахин шийдвэрлэхдээ хоёр зээлийн гэрээг хуульд нийцсэн эсэхэд  дүгнэлт  хийх, гэрээгээр хүлээсэн үүргээ  хэрхэн  биелүүлсэн, тооцоо нь  зөв эсэхийг  шүүх  дүгнэхэд боломжтой  баримтыг  бүрдүүлсний эцэст хэргийг шийдвэрлэвэл зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 415 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.-3т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.200 төгрөгийг төрийн сангийн данснаас шүүгчийн захирамжаар гаргаж  буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                              С.ОЮУНЦЭЦЭГ            

                                   ШҮҮГЧИД                                                Л.АМАРСАНАА

                                                                                                    С.ЭНХЖАРГАЛ