Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 416

 

Ардчилсан нам, М.Мөнхтүшиг,

Д.Энхтүвшин, Ж.Баярсайхан нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Ж.Баярсайхан, нэхэмжлэгч иргэдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунтуул, өмгөөлөгч Т.Баясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчулуун, өмгөөлөгч О.Баясгалан, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цагаанбаяр нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн 221/МА2016/0672 дугаар магадлалыг эс зөвшөөрч хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор Ардчилсан нам, М.Мөнхтүшиг, Д.Энхтүвшин, Ж.Баярсайхан нарын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 752 дугаар шийдвэрээр Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.3, 34 дүгээр зүйлийн 34.1.8, 113 дугаар зүйлийн 113.4, 115 дугаар зүйлийн зүйлийн 115.1, 157 дугаар зүйлийн 157.9, 157.13 дахь заалтуудыг баримтлан Ардчилсан нам болон иргэн М.Мөнхтүшиг, Д.Энхтүвшин, Ж.Баярсайхан нараас Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан "Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаар "Бие даан нэр дэвшигч бүртгэх тухай" тогтоолыг хүчингүй болгуулах" нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн 221/МА2016/0672 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 752 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Сонгуулийн тухай хуулийн 27.2, 27.6, 27.8, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.1.2, 34.1.8, 157 дугаар зүйлийн 157.9, 157.13-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ардчилсан нам болон иргэн М.Мөнхтүшиг, Д.Энхтүвшин, Ж.Баярсайхан нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаар "Бие даан нэр дэвшигч бүртгэх тухай" тогтоолыг хүчингүй болгожээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчулуун хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороо нь хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 16.00 цагаас “Бие даан нэр дэвшигчдийг нэр дэвшигчээр бүртгэх эсэх” асуудлаар хуралдахаар хуралдааныг товлон зарлагдсан. Тодорхой шалтгааны улмаас тус хуралдаан хойшлогдсон. Сонгуулийн хорооны даргаас албан ёсоор бие даан нэр дэвшигчдийг бүртгэх хугацаа дуусч байгаатай холбогдуулан 07-ны өдрийн 23 цагт сонгуулийн хорооны хуралдааныг зарлан, гишүүдэд утсаар мэдэгдсэн байдаг. Хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдох баримт бичгийг боловсруулагдсан байсан бөгөөд бие даагчдын материалыг хорооны гишүүд хуваан авч шалгасан байдаг бөгөөд татгалзах үндэслэл илрээгүй талаар гэрчээр мэдүүлэг өгсөн гишүүд мэдүүлдэг.

Сонгуулийн хорооны гишүүд товыг мэдэж хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй талаараа сонгуулийн хорооны даргад мэдэгдээгүй. Гишүүд хуралдаан зарлагдсан тохиолдолд оролцох үүрэгтэй бөгөөд шаардлагатай бол ажлын бус цагаар илүү цагаар ажиллаж болно.

Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.3 дахь хэсэгт зааснаар хуралдаанд 5 гишүүн хүрэлцэн ирсэн, 4 гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүй тасалсан учраас ирцэд оруулан хуралдааны ирц хуралдсан.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлээ сонгуулийн хорооны гишүүдийн хуралдах оролцох боломжоор хангаагүй талаар дүгнэлт хийж Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 23 цагт товлогдсон хуралдааныг албан ёсоор товлон зарлаагүй,хуралдааны товыг зүй ёсны дагуу хүргээгүй  атлаа   ирээгүй  4  гишүүнийг хүндэтгэн  үзэх  шалтгаангүйгээр  хуралдааныг тасалсан гэж үзэн 5 гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдсан нь Сонгуулийн тухай хуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.6, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.1.2 болон Дүүргийн сонгуулийн хорооны хуралдааны дэгийн 1 дүгээр зүйлийн 1.3, 1.4-д заасныг зөрчсөн гэж үзсэн нь хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Сонгуулийн хорооны гишүүдийн үл ойлголцлоос шалтгаалан сонгуульд сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.3 дахь хэсэгт заасан шалгуурыг хангаж буй иргэний сонгогдох эрхэд халдах нөхцөл байдал үүсээд байна. Сонгуулийн байгууллагын үйл ажиллагааны улмаас Үндсэн хуулиар хамгаалагдсан бие даан нэр дэвшигчдийн сонгогдох эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд тухайн өдрийн хурлын зарыг хойшлуулсан болохыг утсаар мэдэгдсэн байхад давж заалдах шатны шүүх хуралд оролцох боломжоор хангаагүй байна гэж хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад огт дурдаагүй асуудлаар дүгнэлт хийжээ. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагад байхгүй дүгнэлтийг хийж Үндсэн хуулийг зөрчих, хүний эрхийг хаах шийдвэр гаргасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.3, 118 дугаар зүйлийн 118.3-т заасныг анхаараагүй байна.

Мөн нэхэмжлэгч нарын эрх ашгийг Сонгуулийн хороо зөрчөөгүй нэхэмжлэлд дурдсан хуралдаанаас шалтгаалан зөрчсөн үйл баримт байхгүй бөгөөд сонгуулийн хорооны дотоод зохион байгуулалтын асуудлаас шалтгаалан сонгуулийн өрсөлдөөнд давуу байдал авах гэсэн нэхэмжлэгч нарын үйлдлийг дэмжиж шийдвэр гаргах юм бол Монголд шүүх байхын хэрэг байна уу?. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цагаанбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар:

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо "Хууль болон дэгийн зохицуулалтаас үзвэл аливаа сонгуулийн хорооны дарга нь сонгуулийн хорооны дотоод зохион байгуулалтын асуудлын нэг болох сонгуулийн хороог хуралдуулах тохиолдолд захирамж гаргах, хэрэв хорооны гишүүд хуралдааны товыг мэдсэн боловч оролцох боломжгүй бол энэ талаар хорооны даргад урьдчилан мэдэгдэхээр байх бөгөөд нийт бүрэлдэхүүний гуравны хоёроос доошгүй ирцтэй хуралдаж, уг хуралдаанд оролцсон гишүүдийн ердийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд тухайн хуралдааны шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзэхээр байна" хэмээн Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь зохицуулалтыг аль ч тохиолдолд буюу 27.3-д мөн хамаарах мэтээр буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл хүндэтгэн үзэх шалтгаан байсан, хуралд оролцох боломжгүйгээ мэдэгдсэн ч 27.2 дугаар зүйлд заасан ирцийн шаардлагыг зайлшгүй хангаж байж хуульд нийцсэн гэж үзнэ хэмээн буруу тайлбарласан байна. Гэтэл Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас үзэхэд энэ тохиолдолд 27 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ирцийн шаардлага зайлшгүй тавигдахгүй байх тул давж заалдах шатны шүүхээс хийсэн дээрх дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй болох нь харагдаж байна. Хэргийн материалд авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоос үзэхэд сонгуулийн хорооны хурал тасалсан 4 гишүүн нь ямар хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй байгаа нь харагдана. Хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй бол Сонгуулийн тухай хуулийн 27.3-т заасны дагуу түүнийг хуралд оролцсоноор тооцож, татгалзсан санал гаргасанд тооцохоор тодорхой, ойлгомжтой хуульчилжээ. Үүний үр дүнд 9 гишүүнээс 5 нь биечлэн ирсэн, 4 нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хурлыг тасалж хуралд оролцсоноор тооцож, татгалзсан саналаар тоолж Сонгуулийн хуулийн 212-т заасны дагуу ердийн олонх буюу 5 гишүүний саналаар бүртгэсэн нь хууль зөрчөөгүй ажиллагаа юм. Ер нь бие даан нэр дэвшигчдийг бүртгэхэд хуульд заасан татгалзах үндэслэл байхгүй л бол бие даан нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзаж болохгүй хуулийн логиктой байгаа юм.

Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.9, 157.7-д заасны дагуу сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэхдээ нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичиг гүйцэд эсэхийг нягтлан шалгахаар байгаа. Хэргийн хавтаст авагдсан нотлох баримт, гэрч нарын мэдүүлэгт "бие даан нэр дэвшигчдийн материалыг өөрсдөө шалгаад, ямар ч зөрчил илрээгүй талаар дурдсан" байдаг. Өөрөөр хэлбэл сонгуулийн хороо нь Сонгуулийн хуулийн 158 дугаар зүйлд заасан нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзах үндэслэл илрээгүй бол бүртгэх үүрэгтэй бөгөөд ингэснээрээ Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний Сонгогдох эрхийг нь баталгаажуулж байгаа юм.

Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс нэр бүхий хуралд оролцоогүй гэрчүүдийн тайлбарыг нотлох баримтын түвшинд үнэлэн Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт хамаарах эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй атлаа 27 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ирцийн зохицуулалтыг хэрэглэж байгаа нь үндэслэлгүй юм.

Мөн түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар захиргаа нь үйл ажиллагаандаа хуульд үндэслэх зарчмыг баримталж ажиллах ёстой. Сонгуулийн тухай хуулийн 27.8, 27 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасныг харгалзан үзвэл сонгуулийн хорооны ажилчид нь тангараг өргөсөн төрийн албан хаагч болохын хувьд хуулиар нэгэнт баталгааг нь гаргаж өгсөн байхад сонгуулийн хорооны даргад захирагдан илүү цагаар болон ажлын бус цагаар ажиллах нь хууль ёсны шаардлага байхад шүүхээс утсаар хуралдааны тов мэдэгдсэнийг хуралдааны товыг зүй ёсны дагуу хүргэж хуралд оролцох боломжоор хангаагүй хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар нэр бүхий 13 бие даан нэр дэвшигчдийн материалыг шалгахад тэдгээрийг бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй байсан талаар хавтаст хэрэгт тусгагдсан байдаг. Нэгэнт хуулийн дагуу тэдгээрийг бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдохгүй байгаа тохиолдолд тэдгээрийг бүртгэх нь сонгуулийн хорооны үүрэг байтал Сонгуулийн хорооны дотоодын үйл ажиллагаанаас болоод хуулийн дагуу материалаа бүрдүүлээд өгсөн 13 бие даан нэр дэвшигчийн Үндсэн хуулиар олгогдсон "Сонгогдох эрх " зөрчигдөж байгааг анхааран үзэх нь зүйтэй. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ардчилсан нам, М.Мөнхтүшиг, Д.Энхтүвшин, Ж.Баярсайхан нар нь Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороонд холбогдуулан 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 6 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргажээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Баярсайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээс бүхэлд нь, нэхэмжлэгч  Ардчилсан нам нь маргаан бүхий тогтоолын 12 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч А.Отгонбаатарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлээс хэсэгчлэн татгалзсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.6 дахь хэсэгт зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлах нь зүйтэй байна.

Маргаан бүхий тогтоолоор Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд бие даан нэр дэвшигчдийг бүртгэсэн байх бөгөөд энэхүү тогтоол нь бие даан нэр дэвшигч нарт хамааралтай болохоос нэхэмжлэгч нарт чиглээгүй, тэдний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт зааснаар хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах учиртай. 

Энэ тохиолдолд бие даан нэр дэвшигчдийг сонгуульд өрсөлдөх эрхийг нь баталгаажуулж, бүртгэж авснаар “нэхэмжлэгч нарын эрх зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй” гэх үйл баримт тогтоогдоогүй, нэхэмжлэгч нарт өөрт хамааралгүй, эрх ашиг нь хөндөгдөөгүй асуудлаар шүүхэд маргах эрхгүй байна.

Нэхэмжлэгч Ардчилсан намын нэр дэвшигчид болон нэхэмжлэгч иргэдийн тухайд ч хуульд заасны дагуу орон нутгийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлсэн, бие даан нэр дэвшигчдийг бүртгэж авсан захиргааны байгууллагын үйл ажиллагаа нэхэмжлэгч нарын ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар хуулийн үндэслэл бүхий тайлбар гаргаагүй, зөвхөн “хуралдааны ирц хүрээгүй” талаар маргаж байгаа нь үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгч “хэрэв Сонгуулийн хорооны бүх гишүүд хуралд оролцсон бол бие даан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл байгаа эсэхийг илрүүлэх боломжтой байсан” гэж маргаж байгаа нь хуулийн үндэслэлгүй бөгөөд бие даан нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзснаар нэхэмжлэгч нарын ямар эрх сэргэх нь тодорхойгүй, нөгөө талаар Сонгуулийн хорооны гишүүд орон нутгийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг бүртгэх эрхтэй, энэхүү эрх бүхий этгээдээс бүртгэхээс татгалзах үндэслэлийг тодруулах, шалгах эрхтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол маргаан бүхий актыг хүчингүй болгох ёстой.

Өөрөөр хэлбэл энэхүү хуулийн агуулгаар захиргааны актыг хүчингүй болгох хоёр урьдчилсан нөхцөлийг заасан буюу акт хууль бус байхаас гадна түүний улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн байхыг эн тэнцүү хоёр нөхцөл болгосон байна.

Иймээс захиргааны хэргийн шүүх нь захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянахаас гадна уг актын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг шалгаж тогтоон, хэрэв нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй, хүчингүй болгосноор сэргэх эрх, ашиг сонирхол нь тодорхойгүй бол маргаан бүхий актыг хүчингүй болгох эрхгүй гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүхээс “нэхэмжлэгч нарын тэгш өрсөлдөх, адил боломжоор хангагдах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн” гэж дүгнэсэн нь шалтгаант холбоогүй, бие даан нэр дэвшигчдийг бүртгэсэн захиргааны шийдвэр нь нэхэмжлэгч нарыг тэгш өрсөлдөх, адил боломжоор хангагдах эрхийг хэрхэн яаж зөрчсөн талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй атлаа нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч мөн нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй, “...татгалзсан санал гаргасанд тооцохоор байна, ирц хүрсэн” гэх зэргээр Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийг буруу тайлбарласан, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байгааг анхаарах нь зүйтэй.

Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2016/0672 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 752 дугаар шийдвэрийн “тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Мөнхтүшиг, Д.Энхтүвшин нарын Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 6 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Ардчилсан намын Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 6 дугаар тогтоолыг хэсэгчлэн буюу А.Отгонбаатараас бусад хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Баярсайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээс бүхэлд нь, нэхэмжлэгч  Ардчилсан нам нь маргаан бүхий тогтоолын 12 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч А.Отгонбаатарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлээс хэсэгчлэн татгалзсан болохыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар 50.3-т зааснаар гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                             П.СОЁЛ-ЭРДЭНЭ