Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2019/00230

 

Д.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2018/00720 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 107 дугаар магадлалтай,

Д.О-ийн нэхэмжлэлтэй,

Д.Ут холбогдох,

гэрээний үүрэгт 62.350.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.О-, өмгөөлөгч Н.Батбаатар, хариуцагч Д.У, нарийн бичгийн дарга  Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Д.О-э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.У гуйгаад байхаар 2017 оны 01 дүгээр сарын 19-нд 30.0 сая төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай барьцаагүйгээр зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа дуусаад мөнгөө өгөөгүй тул 2017 оны 02-р сарын 21-ний өдөр гэрээгээ 1 сараар сунгаж нотариатаар батлуулсан. Гэвч банкнаас авах зээл хүлээгдээд байна, энэ долоо хоногт шийдэгдэнэ гээд л яваад байсан. Сунгасан гэрээний хугацаа дууссан тул одоо удахгүй зээл бүтнэ гээд дууссан гэрээгээ 2017 оны 04-р сарын 19-ний өдөр 03-р сарын 19-нөөс 05 сарын 19-ний өдөр хүртэл дахин 2 сараар сунгасан. Тухайн үед мөнгө зээлж авснаас хойш 4 сар хүүгээ / 7,200,000 төгрөг/ бүрэн төлсөн болохоор хэлсэн үгэнд нь итгээд хүлээгээд байсан. 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 19 өдөр хүртэл нэгмөсөн сунгаад хийлгэе. Одоо зээл яг гарах гэж байгаа. Эдийн засагчтайгаа уулзсан гээд дахин гэрээгээ сунгаж нотариатаар батлуулсан. Үүнээс хойш хүүгээ хагас дутуу төлсөөр сүүлдээ төлөхөө больсон. Иймд Д.Уээс үндсэн зээл 30,0 сая, 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх дутуу төлсөн зээлийн хүү болох 4,9 сая 10 дугаар сарын 19-ний өдрөөс тооцсон алданги болох 27,450,000 төгрөг, нийт 62,350,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.     

Хариуцагч Д.У шүүхэд гаргасан тайлбартаа: Би зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг 2017.01.19 нд авсан нь үнэн бөгөөд тухайн мөнгийг нэг хүнтэй хамтарсан зээлийн төлөлтийг хийсэн. Уг хүн зээл гарахаар энэхүү зээлийг төлнө гэсэн боловч төлөөгүй учир зээлийн гэрээний төлбөрийн хугацааг сунгаж байсан. Нэг сар 6 хувийн хүүтэй буюу 1,800,000 төгрөгийн нэг сарын хүү төлөхөөр талууд тохиролцож байсан. Тухайн хүүг хугацаанд нь би төлсөн. Уг гэрээний дагуу хүү 1,800,000 нийт 31,800,000 төгрөг төлөх үүрэгтэй учир энэхүү хугацаанд зээлээ чадах чинээгээр төлж байсан ба зээлийн төлөлтийн хугацааг сунгах хэлцлийг нотариатаар орж батлуулж байсан. Би хүү 1,800,000 төгрөг үндсэн зээл 10,400,000 төгрөг нийт 12,200,000 төгрөгийг төлсөн байгаа. Үндсэн зээлийн үлдэгдэл 19,600,000 төгрөгийг төлөөгүй. Нэхэмжлэгч үндэслэлгүй мөнгө алданги нэхэмжилсэн байна. Би төлөөгүй үндсэн зээл 19,600,000 төгрөг 9,800,000 төгрөгийн алданги нийт 29,400,000 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2018/00720 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1,232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан хариуцагч Д.Уээс 28,387,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.О-эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 33,962,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 469,700 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Уээс 299,887 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.О-эд олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 107 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2018/00720 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг ...Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1,232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан хариуцагч Д.Уээс 28,387,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.О-эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 33,962,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай ...гэснийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1,232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан хариуцагч Д.Уээс үндсэн зээл 33.325.000 төгрөг, хүү 3.325.000 төгрөг, алданги 16.662.500 төгрөг нийт 49.987.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.О-эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12.362.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай... гэж , 2 дугаар заалтыг ...Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 469,700 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Уээс 299,887 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.О-эд олгосугай... гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч Д.О-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265.512 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.9.11 ны өдрийн 107-р магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 196 р зүйлийн 196.2.2 заалтыг баримтлан буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Энэхүү заалт нь “бичгээр байгуулахаар хуульд заасан” гэх нөхцлийг тодотгосон заалт байх ба зээлийн гэрээний хүүг Иргэний хуулийн 282 р зүйлийн 282.3 заахдаа хүү тогтоосон бол бичгээр байгуулна” гэж заасан заалттай дээрх заалтыг холбон үзвэл зээлийн хүү тохиролцсон гэрээг бичгээр байгуулах үүргийн дагуу бичгээр байгуулсныг нөгөө тал гарын үсэг зурж зөвшөөрснөөр гэрээ байгуулагдсан гэж үзэх ба гэрээний сунгалт гэх талуудын гарын үсэг зурж нотариатаар батлуулсан баримтад хүүгийн хэмжээ, түүнийг төлөх хугацааны талаар тохиролцсон заалт байхгүй байхад “бичгээр” тохиролцсон мэт дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Талуудын 2017.01.19 гэрээний сунгалтын 1-р заалтын “хугацааг сунгасан” гэх заалт нь зээлийн хүүг сар бүрээр буюу гэрээний сунгалт хийсэн гэх 8 сарын хугацаагаар сар бүр авах эрх нэхэмжлэгчид үүссэн гэж үзэх үндэслэл болохгүй. Гэрээний сунгалт гэх баримтаас гэрээний аль нөхцөл өөрчлөгдөж байгааг тодорхойлох боломжгүй байгааг анхаарч үзэлгүй гэрээгээр тохиролцсон бүх нөхцөл сунгагдсан мэт үзэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд ялангуяа зээлийн хүүг бичгээр тохиролцох нөхцлийн дагуу бичгээр тохиролцсон гэх нөхцөл тогтоогдохгүй байхад гэрээн сунгасан гэдгээр гэрээний хүүгийн хэмжээ, хүү тооцох хугацаа төлөх үүрэг зэрэг тохиролцож сунгагдсан гэж үзсэн нь буруу байна. Гэрээний сунгалт нь үндсэн гэрээний салшгүй хэсэг гэж тодорхойлсон нь гэрээний хүүг сунгасан сар бүрээр 6 хувиар тооцож хүү авах гэсэн ойлголт биш бөгөөд гэрээний сунгалт гэх баримт нь үндсэн гэрээний нэгэн адил хүчинтэй баримт гэдгийг л тодорхойлж байгааг зээлийн хүү сар бүрээр сунгагдан төлөхөөр тохирсон мэт тайлбарлан шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Гэрээний сунгалтыг 2017.02.21-нд , 2017.04.19 ны өдөр, 2017.08.28 ны өдөр хийсэн ба үндсэн гэрээний хугацаа дууссаны дараа нөхөн хийсэн байдаг ба эдгээр нь хүчин төгөлдөр эсэхэд ялангуяа үндсэн гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээний сунгалтыг хийж, нөхцлийг тохиролцох талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлттэй нийцээгүй гэрээний сунгалт бүхий баримтыг үндэслэн хуулийг буруу тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн тул Иргэний хуулийн 282 р зүйлийн 282.1 заалтыг хэрэглэсэн гэж үзэж байх тул Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.09.11 ны өдрийн 107 р магадлалыг хүчингүй болгож, Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.07.17-ны өдрийн 142/ШШ2018/00720 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч Д.О-э нь хариуцагч Д.Уээс 62.350.000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагаа зээл 30.000.000 төгрөг, хүү 4.900.000 төгрөг, алданги 27.450.000 төгрөг гэж тодорхойлжээ. Хариуцагч зээл, алдангид нийт 29.400.000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгээс татгалзаж маргажээ.

Зохигчийн хооронд 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчээс 30.000.000 төгрөгийг 1 сарын хугацаагаар 6 хувийн хүүтэй зээлэх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээний алданги төлөхөөр тохирчээ /хэргийн 5 дугаар тал/.

Зохигчид хүү, алданги тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3-т заасан шаардлагад нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгч гэрээнд заасан 30.000.000 төгрөгийг хариуцагчид шилжүүлж, улмаар 12.875.000 төгрөгийг буцаан авснаа зөвшөөрч энэ талаар маргаагүй, харин гэрээний хугацааг сунгасан эсэх нь маргааны зүйл болжээ.

Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс хариуцагчийн хүлээх үүргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Талууд 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн гэрээгээр гэрээний хугацааг 2017 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс 3 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 1 сараар, 4 дүгээр сарын 19-ний өдөр 3 дугаар сарын 19-ний өдрөөс 5 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 2 сараар, 8 дугаар сарын 28-ний өдөр 2 дугаар сарын 19-ний өдрөөс 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаагаар тус тус сунгажээ /хэргийн 7-9 дүгээр тал/.

Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7.-т зааснаар хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолох ба хэлэлцэн тохирсон хэлбэрээр үүргийн харилцаа үүсэхэд гэрээг тохирсон хэлбэрээр байгуулахаар мөн хуулийн 199 дүгээр зүйлийн 199.2.-т заасан тул зохигчид гэрээний хугацааг  2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүртэл сунгасан гэж үзнэ.

Гэрээний хугацаа дуусах үед буюу 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч нь зээл, хүүд нийт 33.600.000 төгрөг төлөх байснаас  төлсөн  12.875.000 төгрөгийг хасч тооцвол 20.725.000 төгрөг төлөх үүрэгтэй ба алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцоход 10.362.500 төгрөг байна.

Иймд нэхэмжлэлээс 31.087.500 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй хэрэгсэхгүй болгохоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын заримыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 107 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2018/00720 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1., 232 дугаар зүйлийн 232.4.-т заасныг баримтлан  хариуцагч Д.Уээс 31.087.500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.О-эд олгож, нэхэмжлэлээс 31.262.500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтын “...299.887...” гэснийг “...313.388...” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 299.887 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ           

           ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ