Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 661.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Н-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Зориг, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанд:

 

          прокурор Э.Ундраххэрлэн,

          шүүгдэгч Б.Н-, түүний өмгөөлөгч Ц.Одончимэг,

          нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 670 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Н-, түүний өмгөөлөгч Ц.Одончимэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Б.Н-д холбогдох эрүүгийн 1806 0056 20214 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

С овгийн Б.Н, 1958 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймагт төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хийн гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хэсэг, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/,

 

Б.Н- нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 1 дүгээр сарын 2-ны шөнө 02 цагийн орчим ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод хохирогч Ч.А-г хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, үргэлжилсэн үйлдлээр цээжин тус газар нь хутгаар хатгаж, бие махбодид нь хүнд хохирол санаатай учруулсан, баруун гарын 4 дүгээр хуруунд хутгаар зүсэж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Б.Н-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, Б.Н-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Б.Н-д 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Н-д оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Н- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хохирогч Ч.А- нь цаашид эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд гарсан зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Н-, түүний өмгөөлөгч Ц.Одончимэг нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “... шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна.

Нэг. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд.

Шүүх шүүгдэгч Б.Н-г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ч.А-ыг цээжин тус газар нь хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай хэмээн дүгнэсэн ба шүүхийн энэхүү дүгнэлт, үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.

Учир нь Б.Н- хэрэг үүсч, яллагдагчаар татагдсан үеэс хойш хэргийн бодит үнэн байдлыг “унтаж байтал Ч.А- миний хоолойг шахаж, багалзуурдахаар нь халаасанд байсан хутгаа гаргаж ирсэн чинь дахин багалзуурдахаар дайрахаар нь хойш унахдаа гараа саваад цээж рүү нь дүрэгдсэн” хэмээн шударгаар, тогтвортой хүлээн мэдүүлж байсан ба мөрдөх ажиллагааны явцад хохирогч, гэрч нар энэхүү байдлыг шууд бусаар буюу дам байдлаар, тодруулбал “санахгүй байна”, “Ч.А- өөрийнхөө хутгаар хутгалчилхаа л гэж хэлсэн, би хараагүй” гэх мэтээр мэдүүлсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийи 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг гарсан байдал”, мөн зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.6 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” гэх мэт хэргийн талаар нотолбол зохих асуудлыг эргэлзээгүй нотлоогүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дахь хэсгийн “хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох” хууль зүйн шаардлага хангагдаагүй.

Дээр дурдсанчлан хэргийн бодит байдлыг буюу хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас шүүгдэгч түүний эрүүл мэндэд хохирол учруулсан эсэх байдлыг эргэлзээгүй нотлоогүй байтал шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх зарчмыг үл харгалзан шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Хэргийн нотлогдсон байдлын хүрээнд авч үзэхэд шүүгдэгч хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас түүний биед хохирол учруулсан нөхцөл байдал эргэлзээтэй тогтоогдсон байх тул дээр дурдсан Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар буюу хохирогчийн “шүүгдэгчийг багалзуурдан” хууль бус, зүй бус үйлдлийн улмаас шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэх үндэслэлээр шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийх хууль зүйн шаардлага байтал шүүх энэхүү шаардлагыг үл харгалзан, хэргийн бодит байдалд нийцээгүй “эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэх үндэслэл дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон.

Хоёр. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд.

Шүүх, дээр дурдсан байдлаар шүүгдэгчийн гэм буруутай байдлыг буруу тогтоосны улмаас Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Хэргийн нотлогдсон байдлын хүрээнд дүгнэлт хийхэд Б.Н- хохирогчийн өөрийн эрүүл мэндийн эсрэг хууль бус, зүй бус үйлдлийн улмаас хохирогч Ч.А-ын эрүүл мэндийн эсрэг үйлдэл хийсэн болох нь тогтоогдож байх ба шүүх энэ тохиолдолд шүүгдэгч Б.Н-гийн үйлдлийн шинж чанарт тохируулан Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйл “Аргагүй хамгаалалт”, 11.2 дугаар зүйл “Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэх мэт зүйл заалтыг хэрэглэх хууль зүйн бүрэн шаардлага, боломжтой атал Эрүүгийн хуулийн хэрэглэвэл зохих тус зүйл заалтыг хэрэглээгүйгээс Б.Н-гийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан шийдвэр гаргасан.

Хэргийн нотлогдсон байдлын хүрээнд авч үзэхэд, Б.Н- нь хохирогч Ч.А-ын өөрийг нь багалзуурдахад халаасанд байсан хутгаа гаргасан ба дахин багалзуурдахаар дайрахад нь шүүхийн дүгнэсэнчлэн Ч.А-ын цээжин тус газар хутгаар хатгасан үйлдэл хийжээ.

Б.Н-гийн энэхүү үйлдэл гэмт хэргийн шинжтэй хэдий ч энэхүү үйлдлийг өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба өөрийг нь багалзуурдсан, багалзуурдахаар дайрсан довтолгооны эсрэг үйлдэл байсан атал шүүх Эрүүгийн хуулийн 4.1 дэх хэсгийн “өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэх хэрэглэвэл зохих заалтыг хэрэглэлгүйгээр, Б.Н-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзэж, гомдолтой байна.

Иймд гомдлыг хүлээн авч, шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийн Б.Н-г гэм буруутай тооцсон, улмаар Эрүүгийн хуулийг хэрэглэвэл зохих зүйл заалтыг хэрэглээгүй байдлыг зөвтгөн дүгнэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан Б.Н-гийн үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байхаар буюу Б.Н-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү …” гэжээ.

 

Шүүгдэгч Б.Н-гийн өмгөөлөгч Ц.Одончимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүх шүүгдэгч Б.Н-г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ч.А-ын цээжин тус газар нь хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай хэмээн дүгнэсэн ба шүүхийн энэхүү дүгнэлт, үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.

Учир нь Б.Н- хэргийн бодит үнэн байдлыг тогтвортой мэдүүлдэг. Тэрээр “унтаж байтал Ч.А- миний хоолойг шахаж, багалзуурдахаар нь халаасанд байсан хутгаа гаргаж ирсэн чинь дахин багалзуурдахаар дайрахаар нь хойш унахдаа гараа саваад цээж рүү нь дүрэгдсэн” хэмээн шударгаар, тогтвортой хүлээн мэдүүлж байсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч энэхүү байдлыг шууд бусаар буюу дам байдлаар мэдүүлсэн байдаг.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийи 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг гарсан байдал”, мөн зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.6 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” гэх мэт хэргийн талаар нотолбол зохих асуудлыг эргэлзээгүй нотлоогүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дахь хэсгийн “хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох” хууль зүйн шаардлага хангагдаагүй.

Дээр дурдсанчлан хэргийн бодит байдлыг буюу хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас шүүгдэгч түүний эрүүл мэндэд хохирол учруулсан эсэх байдлыг эргэлзээгүй нотлоогүй байхад шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зарчмыг үл харгалзан шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Хоёр. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд.

Шүүх, дээр дурдсан байдлаар шүүгдэгчийн гэм буруутай байдлыг буруу тогтоосны улмаас Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Хэргийн нотлогдсон байдлын хүрээнд дүгнэлт хийхэд Б.Н- хохирогчийн өөрийн эрүүл мэндийн эсрэг хууль бус, зүй бус үйлдлийн улмаас хохирогч Ч.А-ын эрүүл мэндийн эсрэг үйлдэл хийсэн болох нь тогтоогдож байх ба шүүх энэ тохиолдолд шүүгдэгч Б.Н-гийн үйлдлийн шинж чанарт тохируулан Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйл “Аргагүй хамгаалалт”, 11.2 дугаар зүйл “Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэх мэт зүйл заалтыг хэрэглэх хууль зүйн бүрэн шаардлага, боломжтой атал Эрүүгийн хуулийн хэрэглэвэл зохих тус зүйл заалтыг хэрэглээгүйгээс Б.Н-гийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан шийдвэр гаргасан.

Хэргийн нотлогдсон байдлын хүрээнд авч үзэхэд, Б.Н- нь хохирогч Ч.А-ын өөрийг нь багалзуурдахад халаасанд байсан хутгаа гаргасан ба дахин багалзуурдахаар дайрахад нь шүүхийн дүгнэсэнчлэн Ч.А-ын цээжин тус газар хутгаар хатгасан үйлдэл хийжээ.

Б.Н-гийн энэхүү үйлдэл гэмт хэргийн шинжтэй хэдий ч энэхүү үйлдлийг өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба өөрийг нь багалзуурдсан, багалзуурдахаар дайрсан довтолгооны эсрэг үйлдэл байсан атал шүүх Эрүүгийн хуулийн 4.1 дэх хэсгийн “өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэх хэрэглэвэл зохих заалтыг хэрэглэлгүйгээр, гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзэж, гомдолтой байна.

Иймд гомдлыг хүлээн авч, шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийн Б.Н-г гэм буруутайд тооцсон, улмаар Эрүүгийн хуулийг хэрэглэвэл зохих зүйл заалтыг хэрэглээгүй байдлыг зөвтгөн дүгнэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан Б.Н-гийн үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байхаар буюу Б.Н-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Хэрвээ шүүх аргагүй хамгаалалт гэж дүгнэх боломжгүй гэж үзвэл санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй тул хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү. Хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн тохиолдолд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан, хохирол төлсөн зэргийг харгалзаад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хянан харгалзан өгнө үү …” гэв.

 

Шүүгдэгч Б.Н- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... давж заалдах гомдолдоо нэмж тайлбарлаж хэлэх зүйлгүй, өмгөөлөгчтэй санал нэг байна ...” гэв.

 

Прокурор Э.Ундраххэрлэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Б.Н-гийн үйлдсэн үйлдэл нь тодорхой байдаг. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн. Шүүгдэгч хохирогчийг хутгаар хатгасан, гарч явсан, хутгаа хол очиж хаясан. Аргагүй хамгаалалт гэж үзэх үндэслэлгүй, оногдуулсан ял шийтгэлийн хувьд ямар нэгэн саналгүй ...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

Шүүгдэгч Б.Н- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 1 дүгээр сарын 2-ны шөнө 02 цагийн орчим Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 1531Б тоотод хохирогч Ч.А-ыг “...хутгаа далд хий...” гэж хэлэхэд нь “...би байнга хутгатай явдаг хүн...” гэж  маргалдан хувийн таарамжгүй харилцааны улмаас  түүний цээжин тус газар нь хутгалж цээж болон хэвлийн хөндийд нэвтэрч, цусан хураагаар хүндэрсэн, үнхэлцэг, өрц, элэг гэмтээж учрах үедээ амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Ч.Аринуболд /хх 4-5, 10-12, 34, 80/, гэрч М.Баттулга /хх 13-14/, шинжээч эмч С.Наранцэцэг /хх 23-24/ нарын тус тус мэдүүлсэн мэдүүлгүүд,

 

Батлан хамгаалахын эмгэг судлалын “Ч.А-од цээж болон хэвлийн хөндийд нэвтэрч, цусан хураагаар хүндэрсэн, үнхэлцэг, өрц, элэг гэмтээсэн хатгагдсан шарх, баруун гарын 4-р хурууны зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх цээж болон хэвлийн хөндийд нэвтэрч, цусан хураагаар хүндэрсэн, үнхэлцэг, өрц, элэг гэмтээсэн хатгагдсан шарх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж учрах үедээ амь насанд аюултай, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д заасан хүнд зэргийн гэмтэл болно. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” гэсэн 11 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 20-22/,

 

Батлан хамгаалахын эмгэг судлалын “Ч.А-од цээж болон хэвлийн хөндийд нэвтэрч, цусан хураагаар хүндэрсэн, үнхэлцэг, өрц, элэг гэмтээсэн хатгагдсан шарх, баруун гарын 4-р хурууны зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх цээж болон хэвлийн хөндийд нэвтэрч, цусан хураагаар хүндэрсэн, үнхэлцэг, өрц, элэг гэмтээсэн хатгагдсан шарх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж учрах үедээ амь насанд аюултай, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д заасан хүнд зэргийн гэмтэл болно. Дээрх баруун гарын 4-р хурууны зүсэгдсэн шарх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл болно. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” гэсэн 122 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 67-69/,

 

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 17, 18-19/, хохирлын мөнгө хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 27/, хохирогч Ч.А-ын Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх /хх 42-63/, хохирол төлсөн баримт /хх 120/, шүүгдэгч Б.Н-гийн яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

 

Харин анхан шатны шүүх, Б.Н-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Б.Н- нь нэг санаа, зорилгоор хохирогч Ч.А-ын цээжин тус газар нь хутгалж хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдэгдэх явцад түүний хуруу зүсэгдсэн байх бөгөөд прокуророос Б.Н-г хүний эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар давхар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар өөрчлөн зүйлчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Н-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Б.Н-д 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Шүүгдэгч Б.Н-, түүний өмгөөлөгч Ц.Одончимэг нараас “... Б.Н-гийн үйлдэл нь аргагүй хамгаалалт, түүнчлэн санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргаж байх боловч гомдлын үндэслэлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй  гэж үзэв.  Учир нь:

 

хохирогч Ч.А-ын “... нэг харахад Найдан гартаа том эрээн бариултай хутга барьсан сууж байсан. Би түүнийг “хутгаа далд хий” гэж хэлсэн. Тэгтэл тэр “би байнга хутгатай явдаг хүн” гэж хэлж байсан. Намайг яг, яагаад хутгалсныг санахгүй байгаа юм. ...бид хоёрын хооронд ямар нэгэн маргаан болоогүй л санагдаад байгаа юм” /хх 11/, “...Найдан гуай орон дээр суучихаад хутга гаргаж ирээд би байнга хутгатай явдаг хүн гээд байхаар нь настай хүн байж боль гэхэд би хутгалдаг хүн гэхээр нь чи хутгалж чадах уу гэж хэлэхэд босож ирээд цээж рүү нэг удаа дүрсэн ба хутгыг гараараа барьж авахад сугалаад гар зүссэн юм шиг байна лээ, хутга гаргаж ирээд агсам тавиад байсан, Найдан намайг хутгалчихаад гараад явсан...” /хх 80-81/ гэсэн мэдүүлгүүдээр хохирогч Ч.А-ын зүгээс шүүгдэгч Б.Н-гийн эсрэг хууль бус халдлага, довтолгоон гаргасан болон шүүгдэгч Б.Н-гийн санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж, сэтгэцийн хэвийн байдал нь алдагдсан нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

 Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Н-, түүний өмгөөлөгч Ц.Одончимэг нарын давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх  нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 670 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын

 

“Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Н-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй” гэсэн өөрчлөлт оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Н-, түүний өмгөөлөгч Ц.Одончимэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                    

                    

 

                                                                        

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.МЯГМАРЖАВ

 

                                   ШҮҮГЧИД                                                   Б.ЗОРИГ

 

                                                                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ