Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 660

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Г-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Зориг, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

          прокурор А.Ганзориг,

          шүүгдэгч Д.Г-, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш,

          нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

 

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Т.Алтантуяа, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 429 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Г-, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Г-ад холбогдох эрүүгийн 1808 0096 10184 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Э овгийн Д.Г, 1972 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Ховд аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, ... дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суух,

 

Ховд аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 16 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан, тусгай ангийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 cap хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулиар эдлээгүй үлдсэн 4 cap 3 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 412 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 783 дугаартай магадлалаар түүнд оногдуулсан 6 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551 .1 дэх хэсэгт заасныг журамлан 3 жил 5 сарын хорих ял болгон өөрчилж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 72 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 8 cap 23 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж суллагдсан, /РД:ПБ72011413/,

 

Д.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод Б.Б-ыг хүнд зэргийн согтолттой буюу биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, 30 удаа хутгалж, гавал тархины хүнд гэмтэл учруулан онц харгис хэрцгийгээр, хүнийг алах гэмт хэргээ төгс үйлдэхэд шаардлагатай нөхцөл бүрдүүлсэн буюу хялбарчлах зорилгоор талийгаачийн гэрийг шатааж хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Д.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.7 дахь заалтуудад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокуророос Д.Г-ад холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.7 дахь заалтад зааснаар зүйлчилж ирүүлснийг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар өөрчлөн зүйлчилж, Д.Г-ыг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар Д.Г-ыг бүх насаар нь хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Г-ын эдлэх бүх насаар нь хорих ялыг хаалттай хорих байгууллагад тусгаарлан эдлүүлж, Д.Г-ын урьдчилан цагдан хоригдсон 84 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 508  дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Д.Г-аас 2.046.750 төгрөг гаргуулж Б.Бат-Эрдэнэд олгож, уг хохирлыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Д.Г-ад үүрэг болгож, Д.Г-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тус тус дурдаж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Д.Г-ын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг бэхжүүлэн авсан 1 ширхэг камерийн бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, “Нархан” хүнсний дэлгүүрийн хяналтын камерийн бичлэг 1 ширхэг, 30.5 см урттай, ажлын хэсгийн урт 19 см, ажлын хэсгийн өргөн 4.1 см, бариул хэсэг нь 11.5 см урттай хутга 1 ширхэг, амь хохирогчийн өмсөж байсан гэх цамц, өмд, дотоож, гутал, оймс, мөн яллагдагч Д.Г-ын шатаасан гэх хөшигний хэсэг, хулдаасны хэсэг, өмд зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгахыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Г- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хавтаст хэрэгтээ танилцах үедээ талийгаачийг олон удаа хутгалснаа фото зурагнаас харж мэдсэн. Миний хувьд сэтгэлийн хямралд орсон тэр үедээ байцаалт өгч, гарын үсэг зурсан. Цаг яаруу явсан тул хэрэгтээ гүйцэд танилцаж амжаагүй. Хүсэлт гаргасан боловч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцож чадаагүй. Мөн намайг зүйлчилсэн “бүх насаар нь хорих” ял шийтгэж байна гэж мэдээгүй ба дээрх зүйлээр шийтгүүлсэн нь хүнд байна.

Анхны байцаалт дээр сэтгэл зүйн гүн хямралтай, гэмшилтэй, айдастай байдал минь нөлөөлж, үйлдсэн хэргээ тоймлон ярьж мэдүүлэг өгөхөд байцаагч нар миний хэлсэн зарим үгийг хасаж “тэгсэн үү, ингэсэн юм уу” гэж тэмдэглэн гарын үсэг зуруулсан. Би байцаагчаас “та миний мэдүүлгийг арай өөрөөр бичсэн байна” гэж асуухад “зүгээр ээ, гол нь чи хэргээ хүлээсэн чинь сайн байна, үлдсэн зүйлээ дараагийн байцаалт дээр мэдүүл” гэж хэлсэн.

Би хохирогчийг энгийн нэг маргаанаас болж амийг нь хөнөөгөөгүй гэж батлахыг хүсч энэ бүхнийг бичиж байна.

Хэрэг болох үед хохирогч “чи махнаас идэхгүй юм уу, эсвэл хутга хэрэглэж мэдэхгүй юм уу, хүүхэн шиг зантай банди уу чи” гэх зэргээр доромжилж, хариуд нь би “та юу гээд байна” гэхэд гарын салаавч өгч “чам шиг юмнууд хүнд гай л болно, ална шүү” гэж хутгаар над руу зангаж, чичилж босч яваад, хутгаа ширээн дээр байсан тавган дээр тавьсан. Миний асуусан Батсуурь яагаад ирэхгүй байна гэхэд “чи надаас юм асуухгүй шүү, би чам шиг банди нарыг мэднэ, ална шүү, шаана шүү” гээд шууд толгой, нүүр лүү зодож, ам руу салаавч хийж дайрах үед гарт хутга баригдаж таараагүй бол хутгыг хохирогч авах нь гарцаагүй нөхцөл үүссэнийг мэдрэх болсноос айсандаа, цочирдсондоо өөрийн мэдэлгүй хутгалсан гэдгээ дахин хэлье. Энэ нь хохирогчийн үүсгэсэн хандлага, доромжлол, түрэмгийлэл байсан гэж миний хувьд дүгнэж байна.

Миний хувьд тархины хүнд гэмтэл авч, улмаар ял эдэлж байхдаа хорих ангийн мэдрэлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн. Тархи мэдрэлийн “хэрх” өвчний шинж илэрдэг. Архи их уувал биеэ хамгаалж чадахгүй, хөдөлгөөн саарч, ухаан түр алдах шинж илэрдэг. Хэрэг гардаг өдөр би дэндүү согтуу, ухаан санаа орон гаран байсан. Биеэ хамгаалж чадахгүй гэдгээ мэдэж, хутга гарт таарч, айж балмагдсандаа юу хийж байгаагаа мэдэхгүй гэмт хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна.

Миний хувьд амь хохирогчийг олон удаа хутгалсан байдаг ба эхний хоёр хутгалснаас хойш хэсэг хугацаанд ухаанаа бүрэн алдсан мөртлөө үргэлжлүүлэн хутгалсан. Хутга шилэн хүзүүнд тулж би сэхээ орж “чи үхчихсэн” гэж хэлээд хутганы ишээр толгойд нь хоёр удаа цохиод босохдоо өгзгөнд нь хутгалж орхисон. Одоо ийм хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна.

Иймд миний аргагүй байдал, хувийн эрүүл мэндийн байдал, үйлдсэн гэмт хэргийг тал бүрээс нь судалж бүх насаар хорих ялаас хөнгөрүүлж өгнө үү. Хохирогчийн нэхэмжилсэн мөнгийг тогтоосон хугацаанаас өмнө төлж барагдуулна. Хохирогчийн ар гэрийнхнээс дахин уучлалт гуйж, гэмшиж байна гэдгээ хэлье ...” гэв.

 

Шүүгдэгч Д.Г-ын өмгөөлөгч Д.Бум-Аюуш давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Д.Г- нь хүний амь насыг хохироосон үйлдэлдээ гэмшиж байгаа бөгөөд ах, дүүгийн зүгээс хохирогчид тодорхой хэмжээний хохирол төлбөрийг төлсөн. Д.Г-ын гэрч, сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгээр өөрийн гэм бурууг анхнаасаа хүлээн зөвшөөрч мэдүүлж байгаа нь хэрэгт авагдсан мэдүүлгүүдээр нотлогдоно.

Энэхүү өөрийн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, өөрийн архидан согтуурсан үедээ хүний амь нас хохироосондоо харамсаж, гэмшиж байгаа зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар бүх насаар хорих ялыг хугацаатай хорих ялаар хөнгөрүүлж өгнө үү ...” гэв.

 

Прокурор А.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэлтэй гарсан тул давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

Шүүгдэгч Д.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 60 настай, хохирогч Б.Б-ы оршин суудаг буюу ... дүүргийн ... дугаар хороо, ... тоот гэрт нь Б.Б-ыг хүнд зэргийн согтолттой /3.4%/, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, 30 удаа хутгалж, олон тооны шарх, гэмтэл үүсгэж, гавал тархины хүнд гэмтэл учруулан онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ /1 хх 78-81, 82-83/, гэрч Н.Цогтынмаагийн /1 хх 86-87/, О.Батсуурийн /1 хх88-91, 92/, И.Давалгаагийн /1 хх 93-94/, И.Бямбажаын /1 хх 95-97/, П.Баяр-Угтахын /1 хх 98-99/, Т.Оюунтуяагийн /1 хх-10-101/, А.Бавуудоржийн /1 хх 102-104, 105/, М.Пүрэвдоржийн /1 хх 106-108/, З.Тэмүүжинбаатарын /1 хх 109-111/, П.Цэрэннадмидын /1 хх 112-114/, Л.Хосбаярын /1 хх 115-117/, Т.Цогт-Эрдэнийн /1 хх 131-132/, Д.Ганбаатарын /1 хх 135/, шинжээч эмч С.Одончимэг /1 хх 155-157/ нарын тус тус мэдүүлсэн мэдүүлгүүд,

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “а/ цээж хэвлий, гавал тархины хавсарсан гэмтлүүд, нурууны ар, хэвлийн өмнө хэсгийн цээж хэвлийн хөндий рүү нэвтэрсэн гүн шархнууд, гол судас, баруун уушгины 4, 9, 10, зүүн уушгины уг болон 5 дугаар сегментийн хатгагдсан шарх, баруун бөөр болон шулуун гэдэсний зүсэгдэж хатгагдсан шарх, б/ дагз ясны баруун ар хонхорын хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай хэсгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, зүрх судасны хурц дутагдал, хурц цус алдалт, гэмтлийн гаралтай шок, толгойн хуйх, хацар, дух, эрүү, хүзүү, ахар сүүл, зүүн гарын сарвууны гүн шарх, хүнд зэргийн согтолт” гэсэн шинжилгээний онош,

 

“Б.Б-ы цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношийн хэсэгт дурдсан гэмтлүүд тогтоогдлоо, дээрх гэмтлүүд нь хурц иртэй болон хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Үхэлд хүргэсэн шархнууд нь ихэвчлэн нурууны ар хэсэгт байрласан байх бөгөөд дээрээс доош чиглэлд цээж, хэвлийн хөндий рүү гүн нэвтэрсэн байна. Шархны өргөн 4-4.3 см хэмжээтэй байна. Б.Б-ы цогцост үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдохгүй байна. Шүүх химийн шинжилгээгээр цусанд нь 3.4 хувь спиртийн агууламж илэрсэн гэсэн хариу ирүүлсэн бөгөөд энэ нь хүнд зэргийн согтолтод хамаарна, цус нь АВО-н системээр ВIII-р бүлэгтэй байна. Дээрх учирсан гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Б.Б-ы бие цогцост тогтоогдсон гавал тархи болон цээж хэвлийн хөндий рүү нэвтэрч дотор эрхтнийг гэмтээсэн шархнууд нь учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэлд хамаарна. Бусад биеийн ил хэсгийн шарх зулгаралтууд нь үхэлд нөлөөгүй хөнгөн гэмтэлд хамаарна. Б.Б- нь гол судас, уушги гэмтээсэн болон гавал тархины хүнд гэмтлүүд нь хавсарч шууд үхэлд хүргэсэн байна” гэсэн 528 дугаар шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 146-149, 150-154/,

шүүх сэтгэц, эмгэг судлалын “Д.Г- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна, үйлдэгдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч бусдад ойлгуулах чадвартай байна. Д.Г- нь хэрэг хариуцах чадвартай, гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг үгүй байна. Д.Г-ад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна” гэсэн 213 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 160-162/,

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... хар хөх өнгийн брюкэн өмдний /сэжигтэн Д.Г-аас хураан авсан гэх/ шуумаг хэсэгт улаан хүрэн өнгийн толбонд илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо нэг эрэгтэй хүний цус байна ...” гэсэн 2529 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 178-179/,

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “шинжилгээнд ирүүлсэн Б.Б-ы гэх ДНХ-ийн тогтцыг тогтоов” гэсэн 2429 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 183-184/,

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “№2429 дугаартай дүгнэлтэд тусгагдсан Б.Б-ы гэх үс нь №2529 хар хөх брюкэн өмдний шуумаг хэсэг дэх улаан хүрэн өнгийн толбонд илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэсэн 3774 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 187-189/,

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “шинжилгээнд ирүүлсэн Б.Б-ы гарын хуруунаас авсан гэх хумснаас цус илэрсэн. Илэрсэн цус нь эрэгтэй хүний цус байна. Уг цус нь ДНХ-ийн тогтцоороо Б.Б-ы гэх үсний ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэсэн 2430 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 192-194/,

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “шинжилгээнд ирүүлсэн хүрмэнд гэмтэл гарсан байна. Саарал эрээн судалтай цамцанд гарсан 75мм хэмжээтэй гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ урагдалт байна. Саарал эрээн цамцанд гарсан 26мм, 65х15мм, 90мм, 33мм, 81мм, 40мм, 95мм, 55мм, 33мм, 50мм, 41мм, 31мм, 5мм, 65м, 60мм, 45мм, хар өмдөнд гарсан 225мм, бор өмдөнд гарсан 30мм, 205мм, 27мм, 15мм, 17мм, хар дотоожинд гарсан 200мм, 32мм, 15мм, 20мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлтүүд байна. Дээрх саарал эрээн судалтай цамцанд гарсан 26мм, 65х15мм, 90мм, 33мм, 81мм, 40мм, 95мм, 55мм, 33мм, 50мм, 41мм, 31мм, 5мм, 65м, 60мм, 45мм, бор өмдөнд гарсан 30мм хэмжээтэй зүсэгдэлтүүд нь тус тус нэг удаагийн үйлчлэлээр, харин хар өмдөнд гарсан 225мм, бор өмдөнд гарсан 205мм, хар дотоожинд гарсан 200мм хэмжээтэй гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр, бор өмдөнд гарсан 27мм, хар дотоожинд гарсан 32мм хэмжээтэй гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр, бор өмдөнд гарсан 17мм, хар дотоожинд гарсан 20мм хэмжээтэй гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр тус тус гарсан байж болно” гэсэн 1548 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 198-203/,

 

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 10-12, 13-20/, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 21-23, 24-30/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 31-34, 35-40/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 41-44, 45-54, 56, 57-58/, эд мөрийн баримт /1 хх 55, 59, 63, 66, 71, 75/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 60-62/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 64-65, 67-70, 72-74, 76-77/, хөрөнгийн үнэлгээний тайлан /2 хх 14-15/, хохирлын баримтууд /2 хх 115-119, 122/, илтгэх хуудас /2 хх 131/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх 132/, хохирлын мөнгө хүлээн авсан баримт /2 хх 135, 186/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2 хх-136-139/, шүүгдэгч Д.Г-ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй болно.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Г-ад холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Д.Г-ыг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар Д.Г-ыг бүх насаар нь хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг,  гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Г-, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш нарын гаргасан “оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч Д.Г- нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бат-Эрдэнэд оршуулгын зардлаас үлдэх 2046750 төгрөгийг төлжээ.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 429 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч  Д.Г-, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Д.Г- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бат-Эрдэнэд 2046750 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                    

                    

 

                                                                        

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.МЯГМАРЖАВ

 

                                   ШҮҮГЧИД                                                   Б.ЗОРИГ

 

                                                                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ