Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 724

 

                                                           Б.Б-, Б.Х- нарт холбогдох

                                                             эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор А.Баясгалан, 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтанцэцэг, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Б.Тэнгис,

шүүгдэгч Б.Б-, Б.Х-, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Батбаяр, Г.Должинсүрэн,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 371 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.Б-, Б.Х- болон тэдгээрийн өмгөөлөгч Ц.Батбаяр, Г.Должинсүрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Б-, Б.Х- нарт холбогдох эрүүгийн 201626021853 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             1. Цэгц овгийн Б.Х-, 1989 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Баянгол дүүрэгт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/;

            2. Шинэчүүд овгийн Б.Б-, 1989 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гадаад худалдааны маркетингийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Баянгол дүүрэгт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/;

            Б.Х- нь 2016 оны 1 дүгээр сараас 2016 оны 7 дугаар сарын 3-ны өдрийг хүртэлх хугацаанд “Бльюмон” ХХК-ийн “Nike” брэнд дэлгүүрийн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Макс Молл” дэлгүүрт байрлах салбар дэлгүүрийг хариуцсан даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан “Бльюмон” ХХК-иас зарж борлуулахаар итгэмжлэн хариуцуулж өгсөн 247 нэр төрлийн барааг бусдад худалдаалснаас олсон 57.997.000 төгрөгийн орлогыг хувьдаа завшсан,

            мөн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн борлуулалтын орлогоос нийт 9.025.000 төгрөгийг кассын орлогоос авч завшин “Бльюмон” ХХК-д нийт 67.022.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

            Б.Б- нь 2016 оны 1 дүгээр сараас 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийг хүртэлх хугацаанд “Бльюмон” ХХК-ийн “Nike” брэнд дэлгүүрийн Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Хороолол” салбар дэлгүүрийг хариуцсан даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан “Бльюмон” ХХК-иас зарж борлуулахаар итгэмжлэн хариуцуулж өгсөн 30 нэр төрлийн барааг бусдад худалдаалснаас олсон 8.080.000 төгрөгийн орлогыг хувьдаа завшсан,

            мөн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн борлуулалтын орлого болох 4.112.000 төгрөгөөс 2.198.000 төгрөгийг кассын орлогоос авч завшин “Бльюмон” ХХК-д нийт 10.278.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Х-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар, Б.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Б.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар,

Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус хөнгөрүүлэн зүйлчилж,

Б.Х-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б.Б-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Б.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар, Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, тэдгээрт оногдуулсан хорих ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Б.Х-гаас нийт 60.952.586 төгрөгийг, Б.Б-гаас нийт 11.870.091 төгрөгийг тус тус гаргуулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргээс учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, Б.Х-, Б.Б- нарын цагдан хоригдсон 1 хоногийг тэдгээрийн эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлсийг хохиролд нөхөн тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, хэрэгт хураагдан ирсэн СиДи 3 ширхэгийг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, Б.Х-, Б.Б- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Х- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байгаа бөгөөд энэхүү шийдвэртэй санал нийлэхгүй байна. Миний гэм буруутайг нотолж, гэрчилж байгаа хүмүүс нь “Бльюмон” ХХК-тай холбоотой садан төрөл, найз нөхөд, танил хүмүүс байгаа билээ. Эдгээр хүмүүс намайг кассны орлогын мөнгөнөөс авдаг, бараа нөхөн зөөдөг гэх зэргээр худал мэдүүлсэн юм. Манай компани 2016 оны 1 дүгээр сараас 7 хоногт 1 удаа гэнэтийн тооллого, шалгалт хийдэг байсан. Энэ тооллого, шалгалтаар бараа материал, кассын орлого, дэлгүүрийн үйлчилгээ, цэвэрлэгээг тус тус шалгадаг. Мөн дэлгүүр дээр нийт 4 хүн ажилладаг. Дэлгүүрийн кассан дээр надаас бусад 3 хүн ээлжлэн зогсдог. Касс руу харсан камер байдаг. Тэр камерын бичлэг дээр би касс барьдаггүй нь тодорхой харагдаж батлагдах боловч хохирогч талаас тэр бичлэгийг гаргаж өгөхгүй байна. Гэрч нар мэдүүлэхдээ маш их хоосон хайрцаг гарч ирсэн гэдэг. Үнэхээр хоосон хайрцагаар нөхөж тоолдог байсан бол тэр хайрцагууд нь дутсан барааныхаа 9 оронтой кодтой таарч, тэр таарч байгаа кодтой хоосон хайрцаг нь нотлох баримтаар 2 жилийн хугацаанд орж ирээгүй.  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт дээр 57.997.000 төгрөгөөр худалдаалах үнэ бүхий бараа болон 955.586 төгрөгийн бэлэн мөнгөний дутагдалтай гэж дүгнэсэн байхад гэнэт 9.025.000 төгрөг болж нэмэгдээд байгааг ойлгохгүй байна. Аудит болон шинжээчийн дүгнэлтийн бараа материалын үнэ зөрүүтэй өөр байсан. “Бльюмон” ХХК нь хүссэн үнээ бичиж өгч, тэр баримтаар нь аудит, шинжээчийн дүгнэлт гаргаж байгаа нь эргэлзээтэй байгаа. Намайг сарын сүүлийн 6 өдрийн орлогын мөнгө тушаагаагүй гэдэг. Би мөнгө, санхүү хариуцаж тушаадаггүй, касс нь хариуцдаг байсан. Энэ нь банкинд тушааж байсан гарын үсэгтэй баримтаар нотлогдох юм. Хуурамч гэх размер зөрсөн, хуучирсан бараа шүүх хуралдаан дээр нотлох баримт гэж хураагдаж ирсэн байдаг. Эдгээр нь удаа дараа хямдралд орж зарагдаагүй, шошги тэмдэг нь унасан, хуучирсан, размер нь зөрж андуурагдаж зарагдсан, урагдсан бараанууд бөгөөд байгууллага энэхүү алдагдлаа хуучирсан гэж худал мэдүүлж байгаад гомдолтой байна. Түүнчлэн ажлын байрны тодорхойлолт огт байгаагүй. Би ажлын байрны тодорхойлолт ямар нэгэн ажилчдад танилцуулж байгаагүй. Энэ баримтыг хуурамч гэдгийг Ц.Алтанцэцэгийн 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Манай ажлын байрны тодорхойлолт хийгдэж байгаа” гэх мэдүүлгээр нотлогдоно. Энэ хэрэг нь хохирогч Ц.Алтанцэцэгийн нөхөр С.Энхбат, “Бльюмон” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Санжжав нарын надад үзүүлсэн бэлгийн дарамттай холбоотой. Хохирогч Ц.Алтанцэцэгийн “Скайтел”-ын билл дээр 9999-тэй дугаар луу маш их залгасан байсан нь прокурор Гантулга руу залгасан байсан. Гантулга нь хохирогч Алтанцэцэгийн “хүргэн” билээ. Энэ хүн прокурор А.Баясгаланд нөлөөлсөн гэж үзэж байна. Иймд хэргийн үнэн зөвийг тогтоож, миний нэр төрийг сэргээж, цагаатгаж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...захирал Ц.Алтанцэцэг, түүний нөхөр С.Энхбат, брэнд менежер О.Энэрэлт нартай 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр цагдаагийн хэлтэс дээр уулзахад “Хөдөлмөрийн гэрээнд” гарын үсэг зурахыг шаардсан. Харин би 2014 онд хийх ёстой байсан гэрээнд одоо гарын үсэг зурж чадахгүй гэдгээ хэлсэн. Намайг ажиллаж байх хугацаанд хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолт байгаагүй. Энэхүү хилс хэрэгт гүтгэж байгаа нотлох баримтууд нь гэрчийн мэдүүлэг, аудитын дүгнэлт хоёр байдаг. Гэрчүүд нь “кассанд бараа уншуулахгүй зардаг, касснаас бэлэн мөнгө авдаг, гаднаас өөр дэлгүүрийн, өөр брэндийн пүүз оруулж ирж тооллогонд оруулсан, их хэмжээний хоосон хайрцаг, өрөөсөн пүүзнүүд гарч ирсэн” гэх зэргээр мэдүүлсэн байдаг. Миний бие А.Ням-Эрдэнэ, Б.Санчир, Г.Хостуяа нарын хамт “Хороолол” салбарт ажилладаг байсан. Тэд ээлжлэн касс хариуцдаг байсан. Салбарын дарга нар нь касс хариуцах буюу бэлэн мөнгөтэй харилцах эрхгүй. Кассын түлхүүр ганцхан ширхэг учраас худалдааны зөвлөхүүд хоорондоо солилцдог. Мөн худалдааны зөвлөхүүд нь өдөр бүрийн нийт орлогоос 1 хувийг бонус болгож авдаг ба үүнийг би дундаас нь авна гэдэг боломжгүй. Кассанд бараа уншуулахгүй худалдаалах тохиолдол ховорхон бөгөөд манайхаас баг хамт олон, олон тооны бараа авах тохиолдолд зарлагын баримт дээр авах барааг нь бичиж, нягтлантай холбогдож байгууллагын данс руу мөнгө нь тушаагдсан тохиолдолд нягтлангийн зөвшөөрлөөр кассанд уншуулахгүй, зарлагын баримтаар барааг худалдаалж болдог юм. Манайх “Nike” брэндийн албан ёсны эрхтэй дэлгүүр бөгөөд бараа болгон хувийн 9 оронтой кодтой байдаг. Тэрхүү 9 оронтой код нь хайрцаг, сав, баглаа боодолтойгоо яг таарч байх ёстой. Мөн тооллого хийж байгаа нягтлан, нярав нар мэдэхгүй байх боломжгүй юм. Түүнчлэн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг хохирогч, гэрч нар гэмт хэргийн үйлдэл болгож үгсэн тохиролцож мэдүүлж байна. Аудитын дүгнэлтийн тухайд: 2016 оны 1-ээс 6 дугаар сар хүртэлх хугацаанд барааг зөөж, нөхөж, тоолуулах замаар нуун дарагдуулж, үрэгдүүлсэн гэж аудитын дүгнэлт гарсан ба энэхүү дүгнэлтийн хугацаа нь үнэн зөв эсэх нь эргэлзээтэй, худал юм. Манай байгууллага болон миний бие нь 2016 оны 1-ээс 6 дугаар сар хүртэлх хугацаанд хэд хэдэн удаа тооллого явуулж байсан. Мөн 6 дугаар сард бүх салбарууд дээр гэнэтийн шалгалт орсон. Энэ бүхний хажуугаар гэрч, хохирогч нарт мэдэгдэлгүй Б.Х-тай бараа зөөгөөд тоолуулаад байх боломжгүй юм. 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн борлуулалтын орлого болох 2.198.000 төгрөгийг дутаасан гэж үзсэн байсан. Миний бие 2016 оны 7 дугаар сарын 3-ны өдөр амарсан бөгөөд ажилдаа очоогүй, маргааш нь ажилдаа очсон. Тухайн өдөр гэрч Г.Хостуяа нь касс хариуцан ажиллаж байсан. Намайг касс хариуцан ажилладаггүй гэдгийг санхүүгийн баримтаас тодорхой харж болно. Зөвхөн касс хариуцдаг хүмүүс тухайн баримтан дээр гарын үсэг зурсан байдаг. Түүнчлэн 2016 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Д.Мөнхцэцэг нь “Бльюмон” ХХК нь санхүүгийн анхан шатны баримтаа хуурамчаар үйлдсэн байхыг үгүйсгэхгүй хэмээн мэдүүлсэн байдаг. Мөн гаднаас оруулж ирсэн хулхи гэх барааг шинжлэн судалсан “Nike” брэндийн бараа биш гэдгийг нотолсон зүйл хэргийн материалд байхгүй. Үүнээс гадна шийтгэх тогтоолын 3 дугаар хуудсанд миний шүүхийн хэлэлцүүлэгт яриагүй зүйлийг ярьсан болгож, үйлдээгүй хэргийг үйлдсэн болгож бичсэн байсан. Энэ нь шүүх хуралдааны бичлэгээс тодорхой харагдана. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтанцэцэг нь хувийн өс хонзонгоор бид хоёрыг найзууд гэсэн шалтгаанаар энэхүү гэмт хэрэгт зохион байгуулалттайгаар буруутгаж байгаад гомдолтой байна. Иймд хэргийн үнэн зөвийг тогтоож, нэр төрийг маань сэргээж, хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Х-, Б.Б- нарын өмгөөлөгч Ц.Батбаяр, Г.Должинсүрэн нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Г.Должинсүрэнгээс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Б.Х-, Б.Б- нарыг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйл буюу “Хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд байх ёстой бөгөөд Б.Х-, Б.Б- нар нь “Бльюмон” ХХК-ийн хөрөнгийг бодит байдал дээр болон ямар нэгэн бичиг баримтаар итгэмжлэн хариуцсан этгээдүүд биш юм. Хохирогч, гэрчүүдийн мэдүүлэгт дурдсанаар касснаас мөнгө, дэлгүүрээс бараа дутвал тухайн дэлгүүрт ажилладаг ажилчид бүгд хуваан төлдөг байсан нь хангалттай нотлогдож байгаа. Мөн 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 02/14 дугаартай “Ажлын байрны тодорхойлолт батлах тухай”, “Бльюмон” ХХК-ийн захирлын тушаал сүүлд нөхөн баталсан хуурамч тушаал гэдэг нь харагдаж байна. Б.Х-, Б.Б- нарыг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйл буюу “Хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинж болох “Завших” үйлдэл мөн тогтоогдоогүй. Учир нь Б.Х-, Б.Б- нарын гэмт хэрэгт холбогдуулан шалгасан асуудал нь худалдааны байгууллагын дутагдал ба энэ нь ямар ч хэлбэрээр дутагдсан байх боломжтой. Мөн нэг салбар дэлгүүрт даргаас гадна 3 ажилтан ажилладаг ба эдгээр ажилчид бүгд кассаа ээлжлэн хариуцдаг, түүнчлэн барааны агуулахад бүгд орох эрхтэй байсан, хэрэв бараа дутвал бүгд хуваан төлж байгаа нь тухайн ажилчид уг барааг дутагдуулсан байх боломжтойг харуулсан чухал нотлох баримт юм. Энэхүү худалдааны байгууллагын дутагдлыг гэмт хэрэг гэж үзвэл эдгээр ажилчид бүгд гэмт хэргийн холбогдогч байх боломжтой. Хавтас хэрэгт мэдүүлэг өгсөн гэрчүүдээс нэг ч гэрч Б.Х-, Б.Б- нарын үйлдлийг шууд нотлоогүй ба бүгд таамаглал дэвшүүлэх байдлаар мэдүүлгээ өгсөн байдаг. Прокурор 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 295 дугаартай яллах дүгнэлтдээ Б.Х-, Б.Б- нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлд зааснаар “Үрэгдүүлсэн” гэж үзэж зүйлчилж байсан ба 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйл буюу “Завших” гэмт хэрэгт “Үрэгдүүлсэн” гэсэн ойлголтыг гэмт хэрэгт тооцохгүй болсон юм. Прокурор шинээр батлагдсан Эрүүгийн хуульд нийцүүлэн хэргийг шийдвэрлэх боломжтой байхад ийнхүү яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн нь холбогдогчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар “Нотолбол зохих байдал”-ыг нотлогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Тухайлбал гэмт хэрэг гарсан цаг хугацааг хохирогч, улсын яллагч, шинжээч нар өөр өөр байдлаар тодорхойлсон байна. Мөн прокурор 3 удаагийн яллах дүгнэлтдээ гэмт хэрэг үйлдсэн аргыг өөр өөрөөр буюу бараа аваад явсан мэтээр, барааг үрэгдүүлсэн, барааг зараад мөнгийг аваад завшсан мэтээр тодорхойлж байсан. Хавтас хэрэгт авагдсан баримтаар гэмт хэрэг үйлдсэн арга, үйлдлийн шинжийг нарийн тогтоогоогүйг прокурорын 3 удаагийн яллах дүгнэлтээс тодорхой харж болно. Мөн шинжээч гаргасан дүгнэлтийнхээ эх сурвалж буюу тооллогын баримт, тооллогод эргэлзсэн нь шинжээчийн дүгнэлт бүхэлдээ эргэлзээтэй болсныг харуулж байна. Хохирлын тооцооны тухайд, шүүх Б.Б-, Б.Х- нарын үйлдлийг гэмт хэрэг гэж үзвэл энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “...эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасны дагуу өртөг үнээр тооцогдох ёстой болохоос хохирогч Ц.Алтанцэцэгийн мэдүүлэгт дурьдсан шиг байрны түрээс, ашиг, ажилчдын цалинг оруулж тооцсон худалдах үнээр тооцох нь хууль зүйн үндэслэлгүй юм. Үүнээс гадна шүүх дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг тогтоолдоо заагаагүй байдаг. Учир нь шүүх Б.Х-, Б.Б- нарын үйлдлийг гэмт хэрэг гэж тооцсон, уг гэмт хэрэг нь нотлогдсон гэж үзвэл хохирол нь бодитоор үнэлэгдэх ёстой буюу Б.Х- 24.573.026 төгрөг, Б.Б- 5.037.419 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэхээр байсан. Өөрөөр хэлбэл хохирлын хэмжээ нь их хэмжээний хохиролд хүрэхгүй ба 2015 оны Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх ёстой юм. Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсгийн хорих ялын доод хэмжээ 6 сар байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэсэн үндэслэлээр сэжигтэн, яллагдагчид ашигтайгаар шиидвэрлэх зарчмын хүрээнд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэл болж байгаа юм. Түүнчлэн шүүх шүүгдэгч Б.Б-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан хэмээн дүгнэсэн атлаа түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, үндэслэлгүйгээр 72 хоног цагдан хорьсныг анхаарч үзнэ үү. Иймд Б.Х-, Б.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж өгөхийг хүсье...” гэв.

Шүүгдэгч Б.Х-, Б.Б- нарын өмгөөлөгч Ц.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, үндэслэлгүйгээр 72 хоног цагдан хорьсон байдаг. Үүнээс гадна шүүгдэгч нарыг касснаас мөнгө авсан хэмээн үздэг. Миний зүгээс тухайн кассны дээр байрлах камерын бичлэгийг хуулбарлаж 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн шүүх хуралдаанд хэрэгт хавсаргахаар өгсөн байгаа. Тухайн өдрийн шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгч нарыг 2014 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл хугацаанд удаа дараагийн үйлдлээр бараа бүтээгдэхүүн авсан гэж яллах дүгнэлт үйлдэн оруулж ирсэн байдаг. Гэтэл санхүүгийн шинжээч энэ хохирлыг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийг хүртэлх хугацаанд учруулах боломжтой гэсэн дүгнэлтээ санхүүгийн баримтад үндэслэн хийсэн байдаг. Харин иргэдийн төлөөлөгчийн зүгээс би өөрөө санхүүгийн хүн тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй байна гэсэн саналыг гаргаж байсан. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Б.Х-, Б.Б- нарын гэм буруутай үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон. Гэтэл тэд энэ бүхнийг үгүйсгэж, ёс зүйгүй авирлаж байна.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтанцэцэгийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Б.Х-, Б.Б- нар нь бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдүүд мөн. Тэд тухайн салбар дэлгүүрүүдийг хариуцсан даргаар ажиллаж, цалин авч, орлогынхоо 1 хувийг ашиг болгон авч байсан. Үүнээс гадна завшсан эд хөрөнгийг худалдан борлуулах зорилгоор анх компаниас хүлээн авсан боловч худалдан борлуулсан орлогыг компанид тушаахгүйгээр хувьдаа завшсан байдаг. Түүнчлэн дэлгүүр хаасны дараа буюу кассчинг явсны дараа касснаас бэлэн мөнгө авах, үйлчлүүлэгч нарт баримт өгөлгүйгээр бараа худалдан борлуулах, тооллогын үеэр өөр дэлгүүрээс бараа авчирч тоолуулах зэрэг байдлыг гаргаж байсныг гэрч, хохирогч нараас мэдүүлдэг. Хэрэгт авагдсан гэрч, хохирогч нараас хууль сануулж авсан мэдүүлгүүд болон бичгийн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээсэн утгатай мессежийг захирал руугаа илгээсэн байдаг. Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт шүүгдэгч Б.Б-г гэм буруутайд тооцохдоо хуулийн зүйл, хэсгийг 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг гэж техникийн шинжтэй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх зөвтгөн шийдвэрлэх боломжтой...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтанцэцэгийн өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...урьд нь хохирлын асуудлыг тодруулахаар хэргийг прокурорт буцааж байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгавал зохих асуудлыг бүхэлд нь шалгасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

Прокурор О.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Х-, Б.Б- нарын үйлдсэн хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, тэдгээрийн гэм буруу, хувийн байдал, учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Хэрэгт шүүгдэгч нарыг дэлгүүр хариуцсан даргын албан тушаалд тус тус томилсон тушаалууд байдаг бөгөөд шүүгдэгч нар нь тушаалд заагдсан албан тушаалынхаа цалинг авч байсан нь санхүүгийн баримт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Эдгээр баримтуудаар шүүгдэгч нар нь байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээдүүд болохыг тогтоож байна. Шүүгдэгч нар нь завших гэмт хэргийг үйлдсэн нь тэдгээрийн удирдлаган дор ажиллаж байсан гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. Анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болсон. Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн зүйл, хэсгийг бичихдээ техникийн шинжтэй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн шийдвэрлэх боломжтой...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

            Б.Х- нь 2016 оны 1 дүгээр сараас 2016 оны 7 дугаар сарын 3-ны өдрийг хүртэлх хугацаанд “Бльюмон” ХХК-ийн “Nike” брэнд дэлгүүрийн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Макс Молл” дэлгүүрт байрлах салбар дэлгүүрийг хариуцсан даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан “Бльюмон” ХХК-иас зарж борлуулахаар итгэмжлэн хариуцуулж өгсөн 247 нэр төрлийн барааг бусдад худалдаалснаас олсон 57.997.000 төгрөгийн орлогыг хувьдаа завшсан, мөн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн борлуулалтын орлогоос нийт 9.025.000 төгрөгийг кассын орлогоос авч завшин “Бльюмон” ХХК-д нийт 67.022.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

            Б.Б- нь 2016 оны 1 дүгээр сараас 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийг хүртэлх хугацаанд “Бльюмон” ХХК-ийн “Nike” брэнд дэлгүүрийн Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Хороолол” салбар дэлгүүрийг хариуцсан даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан “Бльюмон” ХХК-иас зарж борлуулахаар итгэмжлэн хариуцуулж өгсөн 30 нэр төрлийн барааг бусдад худалдаалснаас олсон 8.080.000 төгрөгийн орлогыг хувьдаа завшсан, мөн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн борлуулалтын орлого болох 4.112.000 төгрөгөөс 2.198.000 төгрөгийг кассын орлогоос авч завшин “Бльюмон” ХХК-д нийт 10.278.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тус тус тогтоогдлоо.

Хохирогч “Бльюмон” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтанцэцэг /1хх-ийн 91-92, 2хх-ийн 26, 4хх-ийн 106-107/ болон тус ХХК-ийн “Nike” брэндийн салбар дэлгүүрүүдийн ажилтан /нягтлан бодогч, менежер, борлуулагч, худалдааны зөвлөх/ гэрч Б.Санчир /1хх-ийн 93-95/, С.Мягмарсүрэн /1хх-ийн 96-97/, А.Мягмар /1хх-ийн 131-132, 3хх-ийн 123-125, 4хх-ийн 114-115/, Э.Амарсайхан /1хх-ийн 133-134, 4хх-ийн 115/, Г.Хостуяа /1хх-ийн 135-136, 4хх-ийн 116/, А.Ням-Эрдэнэ /1хх-ийн 137-138/, Д.Оюун-Эрдэнэ /1хх-ийн 233-234, 3хх-ийн 117-118, 4хх-ийн 110-111/, О.Энэрэлт /1хх-ийн 229-230, 4хх-ийн 113-114/, Ж.Должиндулам /1хх-ийн 231-232, 4хх-ийн 112-113/, О.Батцэцэг /4хх-ийн 112/ нар нь Б.Б-, Б.Х- нарыг салбар дэлгүүр хариуцсан даргаар ажиллах хугацаандаа бараа бүтээгдэхүүн худалдан борлуулсан орлогын мөнгөнөөс хувьдаа авсан, бараа бүтээгдэхүүн дутаасан, өөр дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн авчирч тооллогонд оруулж байсан үйл явдлын талаар тус тус тодорхой мэдүүлсэн бөгөөд тэдгээрийн мэдүүлэг нь шинжээч Д.Мөнхцэцэг /1хх-ийн 235/, Ц.Оюунтуул /3хх-ийн 173-174/ нарын мэдүүлэг, “Бльюмон” ХХК-ийн “Nike” брэндийн  салбар дэлгүүрүүдийн бараа материалын хөдөлгөөний тайлан, авлагын бүртгэл, санхүүгийн баримтад эдийн засгийн шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн №176, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №199 дугаартай дүгнэлтүүд /1хх-ийн 142-150, 3хх-ийн 150-170/, хараат бус аудиторын тайлан /1хх-ийн 151-158/, Б.Б-, Б.Х- нарыг “Nike” брэндийн салбар дэлгүүр хариуцсан даргын албан тушаалд томилсон тушаал /1хх-ийн 46-47/, ажлын байрны тодорхойлолт /3хх-ийн 137-141/ зэргээр нотлогдсон байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба эдгээр нь хоорондоо ноцтой зөрүүгүй, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чаджээ.

            Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэдэгт аливаа аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгодог.

            Хэрэгт авагдсан “Бльюмон” ХХК-ийн ерөнхий захирлын 2014 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 10-1/14, мөн оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 10-2/14 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, 2014 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 03/14 дугаартай “Ажлын байрны тодорхойлолтыг дагаж мөрдөж ажиллах тухай” тушаал, хавсралт “Дэлгүүрийн даргын ажлын байрны тодорхойлолт”, тус ХХК-ийн салбар дэлгүүрүүдийн дарга нарын цалин, урамшууллын тооцоолол болон гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэргээс үзэхэд, Б.Б-, Б.Х- нар нь 2014 оны 5, 6 дугаар сараас эхлэн “Бльюмон” ХХК-ийн “Nike” брэндийн Улаанбаатар хот дахь салбар дэлгүүр хариуцсан даргын албан тушаалд тус тус томилогдон ажиллаж, тодорхой эрх эдлэн, цалин урамшуулал авч байсан нь тогтоогдож байна.

Б.Б-, Б.Х- нар ийнхүү ажиллахдаа холбогдох хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй боловч ажил олгогчтой харилцан тохиролцсоны үндсэн дээр салбар дэлгүүрийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан эрх, үүргийг хэрэгжлүүлэн ажиллаж байсан байх тул тэднийг аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдүүд гэж үзнэ.

Б.Б-, Б.Х- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд энэ хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж, 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заажээ.

Буцаан хэрэглэгдэж буй хөнгөн хууль гэдэгт гэмт хэргийн шинж, онцлогийг тодорхойлж буй нөхцлийн бүрдэл, ял шийтгэлийн төрөл, хэмжээнд орж буй өөрчлөлтийг ойлгохоос гадна, хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг.

Прокуророос Б.Х-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшисны улмаас их хэмжээний хохирол учруулсан хэмээн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт, Б.Б-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшисны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан хэмээн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт тус бүр холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Б.Б-, Б.Х- нарт холбогдох гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарч байх ба 2015 онд батлагдсан Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг өдрөөс эхлэн хөрөнгө завших гэмт хэргийг “албан тушаалын байдлаа ашиглаж” үйлдсэн тохиолдолд тухайн үйлдлийг гэмт хэргийн хүндрүүлэх шинжид харгалзан үзэхээр байна.

Түүнчлэн 2015 оны Эрүүгийн хуулиар бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргийн улмаас “үлэмж хэмжээний хохирол учирсан” гэх хүндрүүлэх шинж байхгүй болсны гадна, тухайн гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь 2002 оны Эрүүгийн хуульд зааснаас хөнгөрчээ.

Дээрх байдлуудыг үндэслэн, анхан шатны шүүх прокуророос Б.Х-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар, Б.Б-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус өөрчилж, Б.Х-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Б.Б-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болсон бөгөөд шүүхээс тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тохирох эрүүгийн хариуцлагыг тус тус хүлээлгэжээ.    

Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас “Бльюмон” ХХК-д учирсан эд хөрөнгийн хохирлын хэмжээг тогтоохдоо дутагдсан бараа бүтээгдэхүүний өртөг үнийг тооцсон санхүүгийн баримт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн байх бөгөөд тус ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтанцэцэгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар нотлогдсон хэмжээнд тооцон, үүнээс шүүгдэгч нарын төлсөн хэсгийг хасаж, үлдэх төлбөрийг гаргуулахаар, тооцоолох боломжгүй хохирлын тухай асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэн шийдвэрлүүлэх эрхтэй болохыг зааж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасанд тус тус нийцсэн байна.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэгт гэм буруутай хэмээн дүгнэсэн атлаа тогтоох хэсэгтээ “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж түүний гэмт үйлдэлд тохироогүй Эрүүгийн хуулийн зүйл, хэсгийг баримталсныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтад өөрчлөлт оруулж, гэм буруугийн талаар маргасан шүүгдэгч Б.Б-, Б.Х- болон тэдгээрийн өмгөөлөгч Ц.Батбаяр, Г.Должинсүрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 371 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Шүүгдэгч Шинэчүүд овогт Батбаярын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэснийг “...Шүүгдэгч Шинэчүүд овогт Батбаярын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Б.Б-, Б.Х- болон тэдгээрийн өмгөөлөгч Ц.Батбаяр, Г.Должинсүрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                          ДАРГАЛАГЧ,

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Т.ӨСӨХБАЯР

                          ШҮҮГЧИД                                                Л.ДАРЬСҮРЭН

                                                                                           Н.БАТСАЙХАН