| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 185/2018/0119/Э |
| Дугаар | 628 |
| Огноо | 2018-07-03 |
| Зүйл хэсэг | 10.5., |
| Улсын яллагч | Б.Одончимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 628
Т.А д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Одончимэг,
шүүгдэгч Т.А гийн өмгөөлөгч Н.Одонтуяа,
нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаярын даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 405 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.А гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1805 0085 40369 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Т.А, 1996 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймагт төрсөн, 22 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, компьютер дизайны мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эгчийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:НТ96111107/,
Т.А нь 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдөр сэтгэл санааны гүнзгий хямралтай байх үедээ өөрийн төрүүлсэн 01 хоногтой эрэгтэй хүйсийн нярайг алахаар завдаж, хогийн цэг дээр уутанд хийж орхисон гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн Прокурорын газраас: Т.А гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.А г “эх нь сэтгэл санааны гүнзгий хямралтай байх үедээ нярай хүүхдээ алахыг завдсан” гэмт хэрэг үйлдсэн гэж буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.А г 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, түүнд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Хүүхдийн төв сувилалд байгаа 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдөр төрсөн хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоохыг Баянгол дүүргийн Засаг даргад үүрэг болгохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.А гаргасан давж заалдах гомдолдоо: “... анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялыг дахин хянаж үзээд хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж өгнө үү. Би үр хүүхдээ хаясан нь миний буруу. Тухайн үед миний сэтгэл санаа маш их гүн хямралд орсон байсан, хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Яагаад би ийм үйлдэл гаргаж зориглосон болохоо одоо ч өөрөө өөрийгөө ойлгохгүй байна. Цаашид би хүүхдээ авч асрамждаа авмаар байна. Өөрийн үйлдсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй бөгөөд хийсэн гэм бурууг минь ойлгож хөнгөн ял оногдуулж өгнө үү ...” гэжээ.
Шүүгдэгч Т.А гийн өмгөөлөгч Н.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эх нь нярай хүүхдээ алахыг завдсан гэх зүйл ангиар зүйлчилж байгаа боловч өмгөөлөгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлд заасан хүүхдээ хаях гэсэн зүйл ангиар зүйлчлэх нь зөв гэж үзэж байна. Учир нь шүүгдэгч Т.А д үр хүүхдээ алах гэсэн шууд санаа зорилго байгаагүй. Тухайн хэргийг шүүгдэгч Т.А нь сэтгэл санааны хүнд байдал, болчимгүй байдлаасаа болж үйлдсэн. Эх хүнийхээ хувьд “дахиж ийм хэрэг хийхгүй, хүүхдийг маань миний асаргаанд үлдээж өгнө үү” гэж хүсч байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн саналыг өмгөөлөгчөөр уламжлуулан гаргаж байна. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж хүүхдийг нь хамт байлгах бололцоогоор нь хангаж, мөн түүнд оногдуулсан ял шийтгэлийг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү ...” гэв.
Прокурор Э.Одончимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Мөрдөн байцаалтын шат болон шүүхийн шатанд шүүгдэгч Т.А нь хүүхдээ авахгүй гэдгээ хэлж байсан. Шүүгдэгчийн эцэг, эх төрүүлсэн хүүхдийг нь хүлээн зөвшөөрч байгаа гэсэн баталгаа байхгүй байна. Өвлийн хүйтэнд төрүүлсэн хүүхдээ гялгар уутанд хийж боогоод хогийн цэг дээр аваачиж тавьж байгаа нь хүүхдээ хаях үйлдэл биш гэж үзэж байна. Хэрвээ хүүхдээ авахыг хүсэхгүй, хаяад явна гэсэн бол төрөх эмнэлэгт эсхүл айлын орцонд орхиод явж болох байсан. Хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байна. Тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх хэцүү ойлгомжгүй асуудал бий болоод байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.
Шүүгдэгч Т.А нь Эх хүүхдийн үндэсний эрүүл мэндийн төвд 2018 оны 2 дугаар сарын 8-ны өглөө төрүүлсэн 1 хоногтой эрэгтэй хүйсийн нярай хүүхдээ -21.5 хэмийн хүйтэн өдөр буюу 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хогийн цэг дээр уутанд хийж орхиж хүүхдээ алахаар завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Анардарийн “...2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр “Гэр бүл, Хүүхэд залуучуудын газар”-ын хуулийн албаны дарга Энхбаатар нь манай мэргэжилтэн Отгонгэрэлтэй холбогдож “танай нутаг дэвсгэрт 2 хоногтой нярай олсон гэж байна, энэ талаар мэдээлэл өгөөч” гэж хэлэхээр нь би ЭХЭМҮТөвийн нийгмийн ажилтантай утсаар холбогдоход хүүхдийг Хүүхдийн төв сувилалд шилжүүлсэн гэж байсан. Тэгээд намайг энэ хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулах болсон” /хх 9-10/,
гэрч Г.Рэгзэдмаагийн “...хогийн цэг дээр очиход нярай хүүхэд уйлж байгаа юм шиг санагдсан. Чимээ гарч байгаа газар очиход хогийн цэг дээр уутанд хийсэн өлгийтэй нярай хүүхэд уйлж байхаар нь аваад хүүхдийн яаралтай тусламжийн төвд өгсөн” /хх 11-13/,
гэрч Т.Гулизирагийн “...ЭХЭМҮТөвөөс залгаад “танай дүү эмнэлэгт төрөөд хүүхдээ орхиод явсан байна, үдээс хойш эмчид үзүүлээд гарах ёстой байсан” гэсэн. ... би дүүгээ жирэмсэн байсан эсэхийг мэдээгүй” /хх 14-15/,
гэрч Э.Батцэцэгийн “... 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдөр 16 цаг өнгөрч байхад эцэг, эх нь тодорхой бус олдмол нярай хүүхэд өвчтөний түүх нээгдэж хүлээн авах тасгаас ирсэн. Уг хүүхдийг үзээд шаардлагатай эмчилгээ хийсэн, одоо нярайн биеийн байдал сайн байгаа. Тухайн үед нярай хүүхдийн биеийн байдал хүнд, их уйлагнасан, даарсан байдалтай байсан. ... уг хүүхдийн эх Т.А гэх эмэгтэйтэй холбогдоход “өөрөө энэ хүүхдийг авах хүсэлгүй, эцэг, эх нь зөвшөөрөхгүй байгаа” гэсэн” /хх 19-20/,
гэрч Д.Эрдэнэцагааны “Т.А нь 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдөр төрсөн. Эмнэлгээс 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдөр гарсан. Т.А гийн биеийн байдал тухайн үед хэвийн байсан” /хх 21-22/,
гэрч Д.Амгалангийн “...хогоо хогийн цэг дээр очиж хаячихаад явах гэтэл хүүхэд уйлах чимээ гарах шиг болохоор нь бид 2 хогийн цэгийг тойроод харахад хуучин аптека байсан байшингийн арын хог дээр шар өнгийн эмнэлгийн хогийн уутанд хийчихсэн, дотроо хэрж оёсон цагаан өнгийн өлгий, ногоон бүтээлэгт ороогоод “хүүхэд” хаячихсан байсан. Өлгийний гадуур цан цохиод их л хүйтэн байсан” /хх 23-24/ гэсэн мэдүүлгүүд,
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төрөлтийн түүх /хх 33-34/, төрөлтийн бүртгэл /хх 40-41/, нярай хүүхдийн бүртгэл /хх 72/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-5/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 65-66/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.А гийн гэм бурууг хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн үйлдсэн хэргийн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон ял шийтгэлийг оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Т.А нь сэтгэл санааны гүнзгийн хямралтай байх үедээ нярай хүүхдээ алахыг завдах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон хүнд биш ял оногдуулсан байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан бөгөөд гэмт хэрэг үйлдэхээр завдах үйлдэлд ял шийтгэл оногдуулахдаа тухайн зүйл, хэсэг, заалтад заасан төгссөн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялаас ямагт бага ял оногдуулах нь хуульд нийцнэ.
Учир нь тухайн этгээдийн гэмт үйлдэл төгсөөгүй буюу санаа зорилгоо бүрэн хэрэгжүүлсэн боловч өөрөөс нь шалтгаалахгүй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг нь туйлдаа хүрээгүй, бусдад учруулах хохирол, хор уршиг нь төгссөн гэмт хэргийн хохирлоос бага байдагтай хамааралтай болно.
Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.А д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул шүүгдэгч Т.А гийн гаргасан “... хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 405 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.А гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧИД Д.ОЧМАНДАХ
Ж.ЭРДЭНЭЧИМЭГ