Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2019/00025

 

Ч.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2018/01780 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1709 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Ч.Э-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч В.Б-эд холбогдох,

40 800 000 төгрөг гаргуулах үндсэн, 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн төлбөр барагдуулах хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шаравнямбуугийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шаравнямбуу, нарийн бичгийн даргаар Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

В.Б- нь миний төрсөн ах Ч.Баасанбаярт Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 000 м.кв талбай бүхий газрыг сарын хугацаанд авч өгөх санал тавьсныг хүлээн авсан.

Ингээд В.Б- нь газрын төлбөрийг төл гэсэн шаардлагын дагуу миний бие ах Ч.Баасанбаяраар дамжуулан 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 30 000 000 төгрөг өгсөн. Тухайн 30 000 м.кв газрыг В.Б- нь өөрийн нэр дээр шилжүүлэн авч, газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийнхөө нэр дээр гаргуулан авсан байсан.

Газрын төлбөрт 7 500 000 төгрөгийг В.Б- нь 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хаан банкны 5079099728 тоот дансанд тушаалгасан. 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ЭГХА-ийн Улаанбаатар хотын банкны 2601002693 тоот дансанд газар эзэмшигч В.Б-ийн өмнөөс 3 300 000 төгрөгийг мөн тушаасан. Анх харилцан тохиролцсон 30 000 м.кв газрыг авч өгөөгүй тул В.Б- нь надад тус газрын 50 хувь болох 15 000 м.кв газрыг шилжүүлэн өгч, үлдэх 20 000 000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр бүрэн төлөхөөр харилцан тохиролцсон боловч гэрээний үүргээ биелүүлээгүй.

Ингээд 20 000 000 төгрөгийг гаргуулж, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах аж ахуйн зориулалттай 30 000 м.кв талбай бүхий нэгж талбарын №18629306576856 дугаартай, №000538908 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын 50 хувь болох 15 000 м.кв газрыг Ч.Э- миний нэр дээр шилжүүлж өгөхийг В.Б-эд даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

Энэ шаардлагаа өөрчилж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 30 000 000 төгрөг, 7 500 000 төгрөгийг, мөн хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар 3 300 000 төгрөг, нийт 40 800 000 төгрөгийг хариуцагч В.Б-ээс гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Ч.Э- 7 500 000 төгрөг шилжүүлсэн. Талуудын хооронд газрын эрх шилжүүлэх гэрээ байсаар байтал тухайн эрх шилжүүлэх гэрээтэй холбоотой бусдын өмчлөлд газар шилжих боломжгүй гэдгийг мэдсээр байж яагаад энэ байдлыг нуун дарагдуулж 20 000 000 төгрөгийн хэлцэл байгуулж, хариуцагчийг хууран мэхэлсэн. Ч.Э- уг газрын өөрийн өмч гэдгийг хүлээн зөвшөөрч газрын төлбөр төлж байсан. Ямар ч байсан талуудын хооронд газар өмчлөлийн эрх шилжүүлсэн. Газрын албан дээр очиж эрх шилжүүлэхэд газар эд хөрөнгийн болон эрхийн доголдолгүй байсан. Талууд 2015 онд газрын эрх шилжүүлсэн А-50 дугаартай тогтоол 2016 онд гарсан. А-50 дугаартай тогтоол гарахаас жилийн өмнө талууд газрын эрх шилжүүлэхэд ямар нэгэн саад тотгор байгаагүй. Ч.Э- газрын гэрчилгээ шилжүүлнэ гэж бүх бичиг баримтаа авч явсан. Ч.Э- ах Ч.Баасанбаярт итгээгүй учраас В.Б-ийн нэр дээр газрын гэрчилгээ гаргуулсан гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Ч.Э- нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар хууран мэхлэх замаар 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн төлбөр барагдуулах хэлцлийг хийсэн. Хууран мэхэлсэн хэлцэл гэдгийг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол, Баянгол дүүргийн Прокурорын газрын эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол зэргээс үзэж болно. Нэхэмжлэгч нь төлбөр барагдуулах гэрээн дээр гарын үсэг зурвал гомдолгүй гэж хэлсэн, мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 50 дугаар тогтоол гарсныг мэдсэн хэрнээ В.Б-ийг хууран мэхлэх замаар тус актанд гарын үсэг зуруулсан. Иймд 20 000 000 төгрөг бүхий төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2018/01780 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492.1.1-д зааснаар В.Б-ээс 30 800 000 төгрөг гаргуулан Ч.Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай В.Б-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 361 950 төгрөг, хариуцагч В.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч В.Б-ээс 311 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Э-т олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1709 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2018/01780 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1,2 дахь заалтыг нэгтгэн 1 гэж дугаарлан Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч В.Б-ээс 30 800 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай В.Б-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, 3 дахь заалтыг 2 гэж, 4 дэх заалтыг 3 гэж дугаарлан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ч.Э-ын төлсөн 175 000 төгрөгийг, хариуцагч В.Б-ийн төлсөн 311 950 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүх ....хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардпагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар өөрөө нотлох үүрэгтэй юм” гэж үзсэн бөгөөд хариуцагчийн зүгээс 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Газрын эрх шилжүүлэх тухай гэрээг иргэн В.Б-ээс иргэн Ч.Э-т шилжүүлсэн нотариатын гэрээ мөн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүргийн газрын албанаас Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн А50 дугаар тогтоолтой холбогдуулан тус газар дээр үйл ажиллагаа явуулахыг хориглосон тухай албан бичиг, Прокурорын тогтоол зэргийг хавтаст хэрэгт хавсаргасан байтал анхан шатны шүүхээс үнэлж үзээгүйгээр үл барам тогтоогдохгүй хэмээн үзсэн нь хуульд нийцэхгүй байна. Учир нь хариуцагч В.Б- тус газрыг анхнаасаа худалдан авах, эзэмших хүсэл зорилгогүй байсан тул газрын эрх шилжүүлэх гэрээ хийсэн бөгөөд нэхэмжлэгч Ч.Э- нь ямар учраас өөрийн нэр дээр шилжүүлээгүй нь тодорхой бус байхаас гадна өөрийн газрын төлбөрийг 2 удаа төлсөн идэвхтэй үйлдэл байна. Тус маргаан бүхий газрыг Ч.Э- өөрийн нэр дээр хэсэг хугацааны дараа шилжүүлэх гэж очсон боловч газрын албанаас тус газрыг шилжүүлэх боломжгүй гэдгийг мэдээд хариуцагч В.Б-ийг цагдаагийн байгууллагад залилан мэхэлсэн гэж өгсөн боловч тус гэмт хэргийн шинжгүй болох нь тодорхой болсон тул 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хэлцлээр нэхэмжлэгч Ч.Э- нь тус маргаан бүхий газар үнэтэй тул чи 20 000 000 төгрөгийн баталгаа гаргаж өг гэж хууран мэхлэхээс гадна цагдаагийн байгууллагаас өргөдлөө татан авна гэж айлган сүрдүүлсний дагуу хариуцагч В.Б- нь ийм хэлцэл хийсэн. Энэ хэлцэл нь Ч.Э- анхнаасаа бусдад шилжүүлж болохгүй Монгол Улс хураан авна гэдгийг мэдсэн мөн тухайн үед мэдэж байсан, хариуцагч В.Б- нь өөрийн нэр дээр одоо болтол байгаа зэргийг тухайн хэлцэл хийхэд л мэдсэн.

Мөн шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Учир нь газрын эрх шилжүүлэх гэрээ хийгдсэн энэ нь Иргэний хуульд заасан хүсэл зоригоо хоёр тал илэрхийлсэн үйлдэл мөн Иргэний хуульд зааснаар улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийг аль нэг талын этгээд бус хоёр тал хариуцан бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч В.Б- нотариатын гэрээ байгуулсан, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ мөн газар шилжүүлж өгөх тухай өргөдөл зэргийг эх хувиар нь Ч.Э-т шилжүүлсэн бөгөөд нэхэмжлэгч өөрөө газрын албан дээр очоод шилжүүлэх тул санаа зоволтгүй гэж хариуцагчид хэлсэн үйл явдлаас өнөөдрийн маргаан үүсээд байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б Энхтүвшин газар эзэмших эрхийн гэрчилгээ болон бусад бичиг баримтууд эх хувиараа өөрт нь байсан, хариуцагч В.Б- ямар нэгэн эрхийн болон эдийн доголдолгүй газрыг шилжүүлсэн үйлдэл харгалзан үзээгүй.

Учир нь нэхэмжлэгч ямар тухайн цаг хугацаанд газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан бол өнөөдрийн маргаан үүсэхгүй байсан. В.Б- тус газрыг худалдаалсан үйлдэл байхгүй бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хэлэлцээрийн гол зорилго нь нэхэмжлэгч хариуцагчид чиний нэр дээр байгаа тул чи газраа бусдад худалдаал харин энэ хэлцэл наад газрыг чинь худалдаалсны дараа чамаас мөнгө авах баталгаа болохоос гадна чамд ашигтайгаас гадна цагдаагийн байгууллагад өгсөн өргөдөлөө татан авна гэж анхнаасаа хууран мэхэлж, айлган сүрдүүлэн хийсэн хэлцэл болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэн зөв талаас нь үнэлээгүй нэг талын нотлох баримтыг үндэслэж хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлээгүй байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсгийн “хэргийн 4 дүгээр талд 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Ч.Э-, В.Б- нарын төлбөр барагдуулах хэлцэлд " ... газар, эрх шилжүүлэн авахад Ч.Э- 20 000 000 төгрөгийн хөрөнгө оруулсан болно. Уг мөнгийг В.Б- 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор хариуцлагатай буцаан өгнө” гэсэн агуулга бүхий нотариатаар гэрчлэгдсэн гарын үсгийн баталгаатай баримт авагдсан, шүүх уг хэлцлийг дарамт шахалтаар хийсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Хариуцагч урамшуулалд 7 500 000 төгрөг нэхэмжлэгчээс авснаа хүлээн зөвшөөрсөн тул дээрх хэлцэлд дурдагдсан 20 000 000 төгрөгийн хамт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч буцаан төлнө” хэмээн үзсэн нь хэргийг үнэн бодит талаас нь үнэлээгүй байна.

Учир нь 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Газрын эрх шилжүүлэх тухай гэрээг иргэн В.Б-ээс  иргэн Ч.Э-т шилжүүлсэн нотариатын гэрээгээр шилжүүлсэн идэвхтэй үйлдэл мөн нэхэмжлэгч Ч.Э- газрын төлбөрийг өөрөө төлсөн үйлдэл  зэргээс харвал Ч.Э- тус газрыг өөрийнхөө хэмээн үзсэн байна. Улмаар өөрийн нэр дээр шилжүүлэх гэсэн боловч газрыг бусдад шилжүүлж болохгүй А50 дугаар тогтоол гарсны улмаас нэхэмжлэгч нь хариуцагч В.Б-ийг хууран мэхэлж тус төлбөр барагдуулах хэлцлийг хийсэн.

Иймд Баянгол дүүргийн иргэний анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2018/01780 дугаартай шийдвэр, 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1709  дүгээр магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч Ч.Э- хариуцагч В.Б-эд холбогдуулан газар эзэмших эрх шилжүүлэх хэлцлийн дагуу гэрээний зүйл болох 30 000 мкв талбай бүхий газрыг хариуцагч В.Б- шилжүүлээгүй тул нийт төлсөн төлбөрөөс 20 000 000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулах, 15 000 мкв талбай бүхий газрыг өөрийн нэр дээр шилжүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээ өөрчилж, хариуцагчаас 40 800 000 төгрөг гаргуулахаар шаардсан байна.

Хариуцагч шаардлагыг эс зөвшөөрч, төлбөр барагдуулах хэлцлийг дарамтын дор хийсэн  гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Зохигч нь 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гэрээ байгуулж, хариуцагч В.Б- Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 30 000 мкв талбай бүхий газрын эзэмших эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхээр тохиролцсон боловч гэрээ биелэгдээгүй тухайн газрын эзэмшигч В.Б- нь дүүргийн газрын албанаас мэдэгдсэнээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А50 дугаар тогтоолын дагуу Туул голын хамгаалалтын онцгой бүсийн газрыг чөлөөлөх үүрэгтэй болсон байна.

Нэхэмжлэгч нь газрын хөрөнгө оруулалтад 30 000 000 төгрөг, газрын төлбөрт 3 300 000 төгрөг, 7 500 000 төгрөг нийт 40 800 000 төгрөг шилжүүлсэн гэх боловч шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгчийн гаргасан зардал, төлбөрийг 30 800 000 төгрөг гэж үзсэн байна.

Шүүх Иргэний хуулийн 492.1., 496 дугаар зүйлийн 496.1.-д заасан зохицуулалтыг тухайн эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэжээ.

Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгө олж авсан этгээдтэй үүрэг үүсээгүй бол уг зүйлийг буцаан шаардах эрхтэй. Түүнчлэн, хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

Хариуцагч В.Б- дарамт сүрдүүлгийн улмаас төлбөрийг хүлээн зөвшөөрсөн гэж тайлбарласан боловч Ч.Эдэнэбаярын өмнө хүлээсэн үүргээ тодорхойлж, “төлбөр барагдуулах хэлцэл”-ийг 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хийсэн үйл баримт нь Ч.Э-ын гомдлыг цагдаагийн байгууллага шалгаж, Баянгол дүүргийн Прокурорын газраас В.Б-эд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2089 дүгээр тогтоол гаргасан явдалтай цаг хугацааны хувьд зөрүүтэй байх тул хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1709 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 311 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 П.ЗОЛЗАЯА

        ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН