Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2023/0433

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                       “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                    захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 228 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч “С” ХХК

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч К.Ө

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.

Хэргийн индекс: 128/2023/0040/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 228 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5, 25.1.6, 25.1.7, 26 дугаар зүйлийн 26.3.1-д заасныг тус тус баримтлан “С” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “...Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын  хэлтсийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 6 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч “С” ХХК нь Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 115 дугаар шийдвэрээр С аймгийн С сумын “С” нэртэй газарт байрлах 592,11 гектар талбайд ХВ- дугаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг шилжүүлэн авсан бөгөөд 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрээр талбайн хэмжээг 551,23 га болгож, талбайг хэсэгчлэн буцаан өгсөн. Бид хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаанд буюу 2010 оноос 2019 онуудад нийт 725,687,497.9 /долоон зуун хорин таван сая зургаан зуун наян долоон мянга дөрвөн зуун ерэн долоо/ төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, хайгуулын ажил гүйцэтгэсэн ба хайгуулын ажил дууссантай холбоотойгоор Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу дээрх хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг холбогдох баримт бичгүүдийн хамт эрх бүхий байгууллагад гаргасан. Гэвч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 6 дугаар шийдвэрээр “С аймгийн С сумын нутаг дахь С нэртэй 551,23 гектар талбай бүхий NМ-025908 дугаартай өргөдлийг хянан үзэхэд Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5, 25.1.7-д заасан шаардлага хангахгүй байх тул “С” ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсугай” гэж шийдвэрлэсэн тул бид тус шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Анхан шатны шүүх 128/ШШ2023/0228 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ тус шийдвэрийн үндэслэх хэсэгт дараах байдлаар дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Нэг. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 3, 4 дэх хэсэгт “Ашигт малтмалын тухай 25 дугаар зүйлийн 25.1.5-д заасан баримт болох “Хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээн авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл”-ийг ... ашиглалтын зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргахдаа хавсаргах үүрэгтэй ... тус зөвлөлийн шийдвэр, тэмдэглэл байхгүйн улмаас ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохоос татгалзсан хариуцагчийг буруутгах үндэслэлгүй” гэж дурджээ. “С” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 5-д заасан “хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр”-ийг гаргуулахаар 2008-2019 онуудад гүйцэтгэсэн хайгуулын ажлын нийт 121 хуудас тайлан, холбогдох баримтын хамт Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд гаргаж өгсөн. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс дээрх тайланг хэлэлцүүлэх хуралдаан зарлахгүй удааснаас шалтгаалан бид Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 5-д заасан баримтыг “Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл”-д хавсарган өгч чадаагүй бөгөөд үүнтэй холбоотойгоор 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 19/02 албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хүсэлт гаргасны дагуу тус газраас өргөдлийн хүлээн авч NM1-025908 дугаарт бүртгэсэн болно.

Улмаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс хуралдаанаар хэлэлцүүлэхгүй байгаатай холбоотой бид 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасны дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрдэс баялгийн мэргэжлийн Зөвлөлийн нарийн бичгийн даргад шинжээч томилох шийдвэрийг илгээж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ХХ-2020/174 дүгээр шийдвэрээр шинжээч томилсон. Ийнхүү нэхэмжлэгч компанийн зүгээс Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шинжээч томилогдон Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-д заасан баримтыг гаргахаар ажиллаж байгаа гэж ойлгож байсан. Гэтэл уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 06/142 дугаар албан бичгээр тайланг боловсруулахаас татгалзаж байгаагаа танай газарт мэдэгдсэн. Иймд ... ажлын үр дүнгийн тайланд шинжээч томилсон шийдвэрийг цуцалсан тул энэхүү шийдвэрийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэхийг хүсье” гэх байдлаар Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандсан талаар олж мэдсэн бөгөөд бид Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-д заасан баримтыг гаргуулахтай холбоотой өөрөөс шалтгаалах бүх ажиллагааг хийсэн гэж үзэж байгаа болно.

Хоёр. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 5, 6, 7 дахь хэсэгт “нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримт нь Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6-д заасан хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт” гэж үзэх үндэслэлгүй ” гэж дүгнэжээ. Дээр дурдсанчлан маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 6 дугаар шийдвэрээр “... Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5, 25.1.7-д заасан шаардлага хангахгүй байх тул “С” ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсугай” гэж шийдвэрлэсэн бөгөөд анхан шатны шүүх маргаан бүхий актын үндэслэлд дурдаагүй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэлд тусгасан нь хуульд нийцэхгүй байна.

Түүнчлэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.12-т заасан байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий байгууллагаас Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6-д заасан баримт гэж “С аймгийн С сумын нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч “С” ХХК-ийн ХҮ-хххххх тоот хайгуулын талбайн байгаль орчны нөхөн сэргээлтийн мэдээ”-г баталж өгснийг бид ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд хавсралтаар гаргаж өгсөн байдаг.

Гурав. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д “Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7 дахь заалтад “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ”-г ... ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргахдаа хавсаргах үүрэгтэй” гэж дурджээ.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т “Төсөл хэрэгжүүлэгч нь холбогдох эрх бүхий байгууллагаар баталгаажсан техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны өнөөгийн төлөв байдлын тодорхойлолт, тухайн сум, дүүргийн Засаг даргын санал болон холбогдох бусад баримт бичгийг бүрдүүлэн энэ хуулийн хавсралтад заасан ангиллын дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл байгаль орчны албанд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэнэ” гэж заасан.

Дээр дурдсанчлан Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-д заасан баялгийн мэргэжлийн зөвлөлөөр техник-эдийн засгийн үндэслэлийг баталгаажуулж, хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан шийдвэр гарсны дараа “байгаль нөлөөллийн ерөнхий үнэлгээ” гаргуулахаар хуульд заасан. Ийнхүү нэхэмжлэгчийн зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5, 25.1.7-д заасан баримтыг гаргуулахтай холбоотой өөрт хамаарах бүх баримтыг эрх бүхий байгууллагад гарган өгч, холбогдох ажиллагааг хийсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9, 10 дахь хэсэгт өргөдлийн бүрдэлд хамаарах баримтуудыг хуульд заасан хугацаанд бүрдүүлээгүй нь зөвхөн нэхэмжлэгчээс хамаарсан мэтээр дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар 14-ний өдрийн 128/ШШ2023/0228 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад хүчингүй болгох үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, хуулийн зүйл, заалтад өөрчлөлтийг оруулав.

1. Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын  хэлтсийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 06 дугаар шийдвэрээр “С аймгийн С сумын нутаг дахь С нэртэй 551.23 гектар талбай бүхий NM-025908 дугаартай өргөдлийг хянан үзэхэд Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5, 25.1.7-д заасан шаардлага хангахгүй байх тул “С” ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэжээ.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлдөө хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн тэмдэглэл, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ”-г хавсаргаагүйн улмаас ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохоос татгалзсан хариуцагчийг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “... 2010-2019 онд нийт 725,7 сая төгрөгийн зардал гаргаж, хайгуул хийж, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө гаргасан, Эрдэс баялгийн зөвлөлд 2019 оны 10 сард материалаа хүргүүлснээс хойш нэг жил гаруй хугацаа өнгөрсний дараа тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан. Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5, 25.1.7-д заасан баримтыг гаргуулахтай холбоотой өөрт хамаарах бүх баримтыг эрх бүхий байгууллагад гарган өгч, холбогдох ажиллагааг хийсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9, 10 дахь хэсэгт өргөдлийн бүрдэлд хамаарах баримтуудыг хуульд заасан хугацаанд бүрдүүлээгүй нь зөвхөн нэхэмжлэгчээс хамаарсан мэтээр дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэх гомдлыг хангах боломжгүй байна.

4. Учир нь хэрэгт тус компанийн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг зохиогч гэх геологич Б., Ц.С нарын Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, хайгуулын хэлтэст хандаж, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан бичигт “... хайгуулын ажлын үр дүнгийн тайлан бичих хангалттай материал байхгүй, мөн хайгуулын ажил нэмж хийх шаардлагатай тухай тус компанийн удирдлагуудад танилцуулсан. Иймд дээрх үндэслэлээр бид уг тайлангийн зохиогчоор ажиллахаас татгалзаж байна” гэж /хэргийн 1-р хавтасны 214 дэх талд/ дурдсан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хүргүүлсэн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 06/142 дугаар албан бичигт “... тайлан зохиогч нараас татгалзаж байгаагаа мэдэгдсэн байна. Иймд шинжээч томилсон шийдвэрийг цуцалсан тул тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэхийг хүсье” /хэргийн 1-р хавтасны 212 дахь тал/ гэж тус тус дурджээ.

5. Эдгээрээс үзвэл Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Энэ хуулийн 24.1-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараах баримт бичгийг хавсаргана”, 25.1.5-д “хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр” гэж заасан баримтыг нэхэмжлэгч нь өргөдөлдөө хавсаргаагүй, “хайгуулын ажил дутуу хийгдсэн, хангалттай баримт байхгүй” гэх зохиогчийн тайлбартай холбоотой Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шинжээч ажиллах боломжгүй болсон зэрэг нь нэхэмжлэгчийн үйл ажиллагаанаас хамаарчээ.

6. Мөн нэхэмжлэгч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө хайгуулын 12893 Х тоот тусгай зөвшөөрлийн 12 жилийн хугацаа /2007.10.29-нд анх олгогдсон/ дуусах өдрөөс нэг хоногийн өмнө 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гаргахдаа хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө бүрдүүлж хавсаргасан байх ёстой дээрх эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, шийдвэр болон байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хавсаргаагүй байхад хариуцагч нь мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Төрийн захиргааны байгууллага ... өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараах шийдвэрийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ:”, 26.3.1-д “өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 24.3, 24.4, 25.1-д заасан шаардлагыг хангаагүй бол хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шалтгаан, үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх” гэж заасны дагуу хугацаанд нь шийдвэрлээгүй нь уг хуулийг зөрчсөн боловч үүний улмаас нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дордоогүй буюу хуульд заасан 20 хоногт шийдвэрлэсэн бол ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдох байсан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул “... хуульд заасан хугацааг хэтрүүлж шийдвэрлэсэн” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актыг хууль зөрчөөгүйг тогтоож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, харин анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаагүй, маргаан бүхий актын үндэслэл болоогүй Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6 дахь заалтыг баримталсан байх тул уг заалтыг хассан өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 228 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ 25.1.6” гэснийг хасаж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А-н давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                            Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                            Г.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                            С.МӨНХЖАРГАЛ