Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 119

 

Г.Золбаяр А.Өлзий-Орших П.Оюунбат

 нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Шүүгч Б.Батцэрэн даргалж,

Шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор А.Оюунгэрэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваасүрэн, Х.Эрдэнэбаатар,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Урнаа

Нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 19А дугаар шийтгэх тогтоол,

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 09 дүгээр магадлалтай 201417000264 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Золбаяр, А.Өлзий-Орших, түүний өмгөөлөгч Х.Даваасүрэн нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Боржигон овогт Ганбаярын Золбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.6, 91.2.11, 91.2.12, 91.2.15 дахь заалтад заасан “Танхайн сэдэлтээр, өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор, бүлэглэж, онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Боржигон овогт Алтанцэцэгийн Өлзий-Орших нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.6, 91.2.11, 91.2.12, 91.2.15 дахь заалтад заасан “Танхайн сэдэлтээр, өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор, бүлэглэж, онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алах” гэмт хэрэгт,

 3. Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Цагаач овгийн Пүрэвсүрэнгийн Оюунбат нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт заасан “Бусдыг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Золбаяр, А.Өлзий-Орших нарыг танхайн сэдэлтээр, өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, бүлэглэн, онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алах, П.Оюунбатыг бусдыг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлэхгүй байх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.6, 91.2.11, 91.2.12, 91.2.15 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Золбаярыг 25 /хорин тав/ жилийн хорих ялаар, шүүгдэгч А.Өлзий-Оршихыг 20 /хорь/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Оюунбатыг 4 /дөрөв/ жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт заасныг журамлан ялтан Г.Золбаярт оногдуулсан 25 жилийн, ялтан А.Өлзий-Оршиход оногдуулсан 20 жилийн хорих ялыг тус тус чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг журамлан ялтан П.Оюунбатад оногдуулсан 4 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт заасныг журамлан ялтан Г.Золбаярын цагдан хоригдсон 819 хоног, ялтан А.Өлзий-Оршихын цагдан хоригдсон 819 хоногийг тус тус ял эдлэх хугацаанд оруулан тооцож, ялтан П.Оюунбат 153 хоног цагдан хоригдсоныг дурдаж, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ялтан П.Оюунбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасныг журамлан Мөрдөн байцаагчийн 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, 3413ХЭҮ улсын дугаартай “Тоёота Спринтер” маркийн цагаан өнгийн автомашиныг хурааж, улсын орлого болгохоор, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Золбаяраас 2.831.995 төгрөг, шүүгдэгч А.Өлзий-Оршихоос 11.995 төгрөг тус тус гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Урнаад олгож, үндэслэлгүй нэхэмжилсэн 10.278.464 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Урнаагийн нэхэмжлэлээс талийгаачийн эцэг Т.Өлзийбаярын тэжээгчээ алдсан тэтгэмжид гаргуулах 1.629.744 төгрөг, оршуулгын зардалтай холбоотой 6.481.100 төгрөг, нийт 8.116.840 төгрөгийн нэхэмжлэлүүдийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг, ялтан П.Оюунбат хохиролд 500.000 төгрөг өгснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Золбаяр, А.Өлзий-Орших нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл, өмгөөлөгч Х.Даваасүрэн, Х.Эрдэнэбаатар, Т.Хүдэр нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Золбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дахь заалтад заасан гэмт хэргийг би зөвшөөрөхгүй байна. Олон нийтийн болон хувийн өмчийн газар биеэ ёс бус авч явах, зодоон цохион гаргах, хэрүүл маргаан үүсгэх зэрэг үйлдлүүдийг би хийгээгүй, хэрэг эзгүй хээр болсон. Энэ нь гэрч А.Батсайхан, Б.Золзаяа, шүүгдэгч А.Өлзий-Орших, П.Оюунбат нарын мэдүүлгээр нотлогддог. Мөн хэргийг А.Өлзий-Орших, П.Оюунбат нартай бүлэглэж үйлдээгүй, харин би хохирогчийг чулуугаар цохисон бөгөөд хүний аминд хүрснээ маргааш өглөө нь мэдсэн. Мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгч Т.Хүдэр нь шүүгдэгч П.Оюунбатын хууль ёсны эрх ашгийг хамгаалахаар ажиллаж байсан бол одоо эсрэгээрээ буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөр хэрэгт оролцож байна. Мөн оршуулгын зардалд 7.663.990 төгрөгийг төлүүлэхээр тогтоосон бөгөөд А.Өлзий-Орших 3.820.000 төгрөг, П.Оюунбат 500.000 төгрөг, би өөрөө 1.000.000 төгрөг, нийт 5.320.000 төгрөг төлөгдөөд байхад П.Оюунбатын төлсөн 500.000 төгрөгийг хасалгүй 2 хувааж А.Өлзий-Орших бид хоёроор төлж барагдуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Түүнчлэн энгэр дээрээ дугуй хээтэй цэнхэр цамц эд мөрийн баримтаар хураалгасан боловч баримтаас алга болсон байхад авч хэлэлцэхгүй байгаа явдлыг зөвшөөрөхгүй байна. Мөн автомашиныг улсын орлого болгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие П.Оюунбаттай хуйвалдан тохиролцож А.Өлзий-Оршихыг зодоонд оролцсон гэж худлаа гүтгэсэн. Хэргийн оролцогч П.Оюунбат цэвэрхэн үлдэж А.Өлзий-Орших 20 жилийн хорих ял аваад байгаа нь миний буруугийнх юм. Энэ бүхнийг залруулж бодит үнэнээр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч А.Өлзий-Орших хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...би нуун далдлах, үл мэдээлэх гэмт хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна. Би Г.Золбаяртай нийлж хүний амь нас хохироогоогүй. Анх цагдаад өөрийн мэдэх болон хүнээс сонссон зүйлээ өөрөө хийсэн юм шиг ярьсан. Хүнд харгис эрүү шүүлтээс айж хэлсэн үгнээсээ болж хийгээгүй хэрэгтээ гүтгэгдээд шийтгэгдээд байна. Уг хэргийг гарах үед би машин дотор архи хэтрүүлэн уугаад унтаж байсан. П.Оюунбат намайг сэрээгээд “хүн өргөлц” гэхээр нь өргөлцсөн, тэр 2 хоорондоо юм яриад байсан, би ойлгоогүй. Тэгээд гэрийн гадаа ирсэн байсан, Г.Золбаяр эмнэлэг хүргэхээр явъя гэсэн, тэгээд явсан. Маргааш өглөө нь явж нуулцсан, хаашаа явах гэж байгааг мэдээгүй, машинд суусан. Өдөр нь цагдаагийн ажилчид ирээд биднийг барьсан. Би өмгөөлөгчгүй байцаалт өгөхгүй гэхэд “камераар бичлэг хийгээд өмгөөлөгчид чинь үзүүлчихнэ, одоо энд өмгөөлөгч байхгүй, дараа нь чиний авсан өмгөөлөгчид чинь үзүүлнэ” гэсэн. Би өмнөх орой нь ярьснаа ярьсан. Өмгөөлөгчтэй байсан бол тэгж ярихгүй байсан. Байцаагч дараа дараагийн мэдүүлгээ тулгаж авдаг байсан. Мэдүүлэг дээр миний яриагүй зүйл зөндөө байна. Би “Г.Золбаярыг чулуугаар цохисноос хойш  чимээгүй болсон гэж хэлээгүй”, би өөрийгөө өмгөөлөхийн тулд “чулуугаар цохисон байх” гэж л мэдүүлэг өгсөн. Би үнэн зөвөөр шийдүүлмээр байна” гэжээ.

Шүүгдэгч А.Өлзий-Оршихын өмгөөлөгч Х.Даваасүрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “...Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн. Шүүгдэгч А.Өлзий-Орших нь хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдээгүй, харин нуун далдлах, үл мэдээлэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэргээс харагддаг. Хэргийг прокурор хянахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16, 79, 80, 91, 92, 93, 94, 95, 214 дүгээр зүйлүүдийг бүхэлд нь зөрчсөн. Шүүгдэгч П.Оюунбат зодоонд оролцсон, “мөнгө төгрөгийн асуудлыг зохицуулна, хэргээс салгаж өгөх” тухай ярьсан байхад прокурор хэт нэг талыг барьж хуулийг буруу хэрэглэсэн. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Г.Золбаярын өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Г.Золбаярыг танхайн сэдэлтээр хүний амь насыг хохироосон гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн дээрх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэдэг зүйл ангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Харин бусад зүйл хэсэгт заасан ял шийтгэл, зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Иймд, дээрх зүйл ангиудыг хүчингүй болгож өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Хүдэр хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаах ажиллагаанд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга оролцсон байна гэж гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. А.Өлзий-Орших, Г.Золбаяр нарт оногдуулсан ял шийтгэл тохирсон, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байх тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг бүрэн нотолсон. Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн нотлох баримтуудад тулгуурлаж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Шүүгдэгч Г.Золбаяр, А.Өлзий-Орших түүний өмгөөлөгч Х.Даваасүрэн нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Г.Золбаяр, А.Өлзий-Орших, П.Оюунбат нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагааг хянаж үзэв.

Шүүгдэгч Г.Золбаяр, А.Өлзий-Орших нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2014 оны 09 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнийн 2300-0100 цагийн орчимд иргэн Ө.Сугарыг үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэн бүлэглэн зодож догшин авирлаж танхайрсан, улмаар Г.Золбаяр нь уг үйлдлээ үргэлжлүүлэн Ө.Сугарыг биеэ хамгаалах чадваргүй болсон үед нь чулуугаар толгой, нүүрэнд цохиж, баруун тал бөмбөлгийн зулай хэсгийн тархи няцрал, их тархины баруун тал бөмбөлгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, хуйхан доор, гавлын булчинд нэлэнхийд нь цус хуралт бүхий олон тооны гэмтэл учруулж, танхайн сэдэлтээр, онц харгис, хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алсан,

шүүгдэгч П.Оюунбат нь Г.Золбаяр, А.Өлзий-Орших нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2014 оны 09 сарын 10-наас 11-нд шилжих шөнө Ө.Сугарыг бүлэглэн зодож, түүнийг амь биед нь аюултай нөхцөл байдалд оруулсан байхад нь тусламж үзүүлээгүй, тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад мэдэгдээгүйгээс Ө.Сугарын амь нас хохирч, хүнд хор уршиг учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Харин анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.Өлзий-Оршихийг танхайн сэдэлтээр, хүнийг санаатай алах гэмт хэргийг Г.Золбаяртай бүлэглэж үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж үзвэл, шүүгдэгч Г.Золбаяр, А.Өлзий-Орших нар нь хохирогч Ө.Сугартай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүнийг машинд суулган хээр аваачиж, П.Оюунбатын хориглосон, таслан зогсоох шаардлага, үйлдлийг үл тоомсорлон, удаан хугацаагаар бүлэглэн зодож танхайрсан, ингэхдээ Г.Золбаяр нь автомашины дугуйг зэвсгийн чанартайгаар хэрэглэж хохирогчийг зодож түүнийг биеэ хамгаалж чадахгүй болтол зодсон үйл баримт тогтоогдсон бөгөөд тухайн үед хохирогчийн амь нас хохироогүй байсан байна. Улмаар хохирогч Ө.Сугарыг авто машинаар зөөвөрлөн, эзэнгүй айлын хашаанд аваачсаны дараагаар Г.Золбаяр нь том чулуугаар толгой, нүүрэнд цохиж үхэлд хүргэх гэмтэл учруулснаар хохирогч нас баржээ. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нар бүлэглэн танхайрах гэмт хэрэг үйлдсэний дараагаар Г.Золбаяр нь танхайрах гэмт хэргээ үргэлжлүүлэн хохирогчийг санаатай алсан гэмт хэргийг дангаар үйлдсэн үйлдэлд шүүгдэгч А.Өлзий-Орших оролцоогүй нөхцөл байдал тогтоогдож байх тул түүнийг хүнийг санаатай алсан гэж дүгнэх боломжгүй юм.

Үүний зэрэгцээ, шүүгдэгч Г.Золбаяр нь нэг сэдэл, санаа зорилгоор буюу танхайн сэдэлтээр үйлдсэн гэмт хэргээ үргэлжлүүлэх явцдаа бусдыг санаатай алсан байхад түүнийг өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор хүнийг санаатай алсан гэж давхардуулан буруу дүгнэлт хийсэн байгааг өөрчлөн зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Харин П.Оюунбатыг бусдыг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлэхгүй байх буюу Эрүүгийн хуулийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 04 жилийн хорих ялаар шийтгэснийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Иймд Г.Золбаяр, А.Өлзий-Орших нарийн үйлдсэн хэргийн зүйлчлэлийг зөвтгөж, хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2. дахь заалтад заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 19А дугаар шийтгэх тогтоолд: “шүүгдэгч А.Өлзий-Оршиход Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.6, 91.2.11, 91.2.12, 91.2.15 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг “Шүүгдэгч А.Өлзий-Оршихыг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бүлэглэж, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад зааснаар 05 /тав/ жилийн хорих ялаар шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 05 жилийн хорих ялаас 02 жилийн хорих ялыг өршөөн хасаж, биечлэн эдлэх нийт ялыг 03 жилээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг журамлан А.Өлзий-Оршиход оногдуулсан 03 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй”, шүүгдэгч Г.Золбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.6, 91.2.11 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, “Г.Золбаярыг танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15 дахь заалтад зааснаар...” гэж  хөнгөрүүлэн зүйлчилж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Золбаяр, А.Өлзий-Орших түүний өмгөөлөгч Х.Даваасүрэн нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЦЭРЭН

                                ШҮҮГЧ                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН