Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 19А

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

 ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ 

ШҮҮХИЙН ШИЙТГЭХ ТОГТООЛ

 

2016 оны 12 сарын 12                     Дугаар 19А                                            Баруун-Урт

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сугар даргалж, шүүгч С.Насанбуян, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Уянга нарын бүрэлдэхүүнтэй, 

Иргэдийн төлөөлөгч Б.Гантулга,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,

Улсын яллагч Н.Эрдэмбилэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Урнаа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,

Шүүгдэгч П.Оюунбатын өмгөөлөгч Д.Гангантөгс, шүүгдэгч Г.Золбаярын өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар, шүүгдэгч А.Өлзий-Оршихын өмгөөлөгч Х.Даваасүрэн, Ж.Цээсүрэн,

Шүүгдэгч Г.Золбаяр, А.Өлзий-Орших, П.Оюунбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “ Б ” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.6, 91.2.11, 91.2.12, 91.2.15-д зааснаар яллагдагч Г.Золбаяр, мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-д заасныг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.6, 91.2.11, 91.2.12, 91.2.15-д зааснаар А.Өлзий-Орших, мөн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар яллагдагч П.Оюунбат нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201417000264 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 09 сарын 20-ны өдөр ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

1. Монгол Улсын иргэн, 1991 оны 10 сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсрол бүрэн бус дунд,   мэргэжилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр баг Баян-Овоод оршин суух, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ЖЯ91100510, Боржигон овгийн Ганбаярын Золбаяр, 

 

2. Монгол Улсын иргэн, 1990 оны 12 сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жимс ногоочин мэргэжилтэй, ам бүл 5, ээж, дүү нарын хамт Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр баг Баян-Овоонд оршин суух, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар СЙ90121716, Боржигон овгийн Алтанцэцэгийн Өлзий-Орших, 

 

3. Монгол Улсын иргэн, 1988 оны 01 сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, авто засварын инженер мэргэжилтэй, ам бүл 1, Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг, Бэрхийн 1-61 3-24 тоотод оршин суух, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар СП88011810, Цагаач овгийн Пүрэвсүрэнгийн Оюунбат, 

 

Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Г.Золбаяр, А.Өлзий-Орших нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2014 оны 09 сарын 10-наас 11-нд шилжих шөнийн 11 цагаас 01 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын төвд байрлах “Эргэн дурсахуй” баарнаас иргэн Ө.Сугарыг  дагуулан гарч 34-13 ХЭҮ улсын дугаартай Тоёота спринтер маркийн тээврийн хэрэгсэлд суулган, үл ялих зүйлээр шалтаглан түүнтэй хэрүүл маргаан үүсгэж, сумын төвийн хойд талд хээр аваачин гар, хөлөөрөө цохих, өшиглөх, 12 кг 85 грамм жинтэй автомашины запас дугуйгаар цохих зэргээр зодож, улмаар биеэ хамгаалах чадваргүй болсон үед нь тээврийн хэрэгслийн багаажинд хийж зөөвөрлөн Баяндэлгэр сумын төвд Жишиг хороололд байх эзэнгүй хашаанд аваачиж 9 кг 90 гр жинтэй цементтэй барьцалдаж хатсан чулуугаар толгой нүүрний орчимд цохиж биед нь баруун хөмсөгний гадна буланд шарх, баруун чихний дээд хэсэгт урагдсан шарх,  баруун хацар, дух шанаа, чих овойж хавдсан, зүүн нүд, зүүн чих, хацар, духны зүүн хэсэгт овойж хавдсан, зулгаралт, цус хуралт, зүүн хөмсөгний гадна буланд язарсан шарх, зүүн гарын бугалга шуу, сарвуу, мөр, баруун гарын бугалга шуу, мөр, биеийн ар хэсэг нуруунд нэлэнхийд нь өнгөц  зулгаралт, баруун хөлийн өвдөгт, зүүн хөлийн өвдөгт улаан хүрэн шалбаралт, баруун тал бөмбөлөгийн зулай хэсгийн тархи няцрал, их тархины баруун тал бөмбөлгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, хуйхан доор, гавлын булчинд нэлэнхийд нь цус хуралт бүхий олон тооны гэмтэл учруулж, танхайн сэдэлтээр, өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, бүлэглэн, онц харгис, хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алсан, 

 

Шүүгдэгч П.Оюунбат нь Г.Золбаяр, А.Өлзий-Орших нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2014 оны 09 сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын төвд Ө.Сугарыг бүлэглэн зодож, түүнийг амь биед нь аюултай нөхцөл байдалд оруулсан байхад нь тусламж үзүүлээгүй, тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад мэдэгдээгүйгээс Ө.Сугарын амь нас хохирч, хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Г.Золбаяр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2014 оны 09 сарын 10-ны шөнө би архи хэтрүүлж хэрэглээд өөрийнхөө үеийн сайхан залуугийн аминд хүрсэн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Одоо болтол яагаад ийм хэрэг хийснээ бодоод бодоод ойлгохгүй байна. Цаг хугацааг ухрааж болдог бол ухраамаар байна. Өчнөөн олон хүмүүс, найз нөхөд маань энд өртөж хэцүү байна. Талийгаачийн ээж болон гэр бүлээс нь дахин дахин уучлалт гуйж маш их гэмшиж байгаагаа хэлье. Миний үйлдсэн гэмт хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Тухайн үед гэмт хэрэг үйлдсэнээсээ болоод сэтгэл санааны хямралд орсон байсан. Тухайн үед цагдаад мэдүүлэг өгөхдөө юу гэж асууж байгааг нь мэдэхгүй цагдаагийн амыг дагуулж тийм тийм гэж хэлж байсан. Цагдаа өөрөө найруулж бичсэн. Тэр үед тайван, өөрийнхөөрөө мэдүүлэг өгсөн бол үгийн алдаа гаргахгүй байсан. Хугацаа өнгөрсний дараа тайван болж хэргээ үнэн зөвөөр шийдүүлье. Хийсэн хэргийнхээ хариуцлагыг үүрээд явлаа гэхэд би залуу хүн, гараад ирлээ гэхэд би нутагтаа очно, найз нөхөд дээрээ очно, хэцүү байх гэж бодоод хэргийг үнэн зөвөөр нь шийдвэрлүүлье гэж шинэчилсэн мэдүүлэг өгсөн. Анх хүнд хэрэг хийсэн учраас маш их сэтгэл санааны цочролд орсон байхдаа хэцүү нөхцөлд анхны мэдүүлэг өгсөн. Одоо болтол би унтаж чадахгүй, хар дарж хашгирч, уйлж сэрээд байгаа. Тэр үед ямар ч хуулийн мэдлэг байхгүй, прокурор гэж ямар хүн байдаг, цагдаа нь ямар цолтой байдгийг ч мэдэхгүй хар ажил хийдэг  мужаан хүн байсан. Тэр үед буруу зөрүү мэдүүлэг өгсөн. Иймээс хийсэн хэргээ бага ч гэсэн цайруулах гэж шинэчилсэн мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна гэхээс өөр хэлэх үг алга. Хэргийн талаар бол 09 сарын 10-ны өдөр Оюунбат миний утсыг аваад явсан. Тухайн үед мөнгөгүй болсон байсан. Оюунбат “Хөгшин нь дүү рүүгээ яриад 30000 төгрөг авахаар болчихлоо авахаар явья” гэж хэлсэн. Үдээс хойш очиж банкнаас мөнгөө аваад ойролцоох бааранд орж нэг шил архи, нэг нэг лаазтай пиво уусан. Тэр үед архиндаа нилээд халсан байсан.  Тэгээд айлд очиж пиво уугаад орой нь дахиад өдөр орсон бааранд очиж пиво уугаад бүжиглэсэн. Бүжиглэж байхад нүд бүрэлзээд байгааг санаж байгаа. Тамхи татахаа гараад орж бүжиглэж байгаад дахиад тамхи татахаа гарсан. Тэгээд тамхи татаад буцаж орсоноо санахгүй байгаа.  

Би нүүрэндээ цохиулаад сэрсэн. Би зүрх муутай, түргэн ууртай, нэг уурлахаараа муухай ширүүн уурладаг. Тэгээд нүүр рүү цохихоор нь уурлаад шууд талийгаачийг цохиод, хавсарч унагаад дээр нь суугаад цохисон. Тэгэхэд намайг араас нэг хүн татсан. Хаана ч байгаагаа мэдэхгүй талийгаачийн найз нөхөд юм байх гэж бодоод эргэж хараад цохих гэтэл Оюунбат байсан. Оюунбат ахыг би Батаа ахаа гэдэг. Одоо болио гээд Оюунбат ах намайг машинд суулгасан. Би машинд үрүүлийн ард сууж байхдаа тамхи татах гээд салгалаад чичрээд байсан. Би тамхи татах гээд шүдэнз хайж байхад Оюунбат талийгаачтай “чи одоо яваа чамайг алчихна ш дээ, чи харж байгаа биз дээ” гэж ярьж байсан. Талийгаач “алвал ална л биз, та нар хэний нутагт яваагаа мэдэж байна уу? алахыг нь харъя, та нарыг бүгдийг чинь маргааш ална” гэж хэлж байсан. Тэрийг сонсоод миний уур хүрээд багаажнаас дугуй гаргаж ирээд талийгаач руу шидсэн. Багааж онгорхой байсан. Цохих юм хайж байгаад дугуйг авсан. Анх дугуйг шидээд би талийгаачийг оноогүй. Оюунбат ах бид хоёрын дунд гараа алдлаад зогсож байсан. Би наадахыг чинь алчихья гэж хэлсэн. Оюунбат талийгаачийг “яв пизда минь чамайг аллаа ш дээ” гэж хэлж байсан. Талийгаач “алвал ална л биз, маргааш та нарыг би ална”  гэж хэлэхэд Оюунбат “чи муу ямар овоо юм ярьдаг юм” гэж хэлээд уурлаад талийгаачийг цохисон. Намайг хорьж байсан гараараа цохисон. Оюунбат бид хоёр хоёулаа цохисон. Оюунбат гараараа нэг цохичихоод нэг өшиглөсөн. Дугуй жалганд орсон байсан. Би оноогүй цаашаа явсан дугуйгаа авчираад дахиад шидсэн. Дугуй талийгаачийг оносон. Тэгээд дахиад зодох гэхэд Оюунбат чи одоо гэр рүүгээ алхаад яв бид нар явлаа гэсэн. Тэгэхээр нь би очиж дахиад зодсон. Оюунбат чи болио хүн аллаа ш дээ гэж чангаар муухай хашгирсан. Тэгээд л би талийгаачийг зодохоо больсон. Талийгаач ч босож чадахгүй, босох тэнхэлгүй болсон байсан. Би машины гадаа сууж байгаад дугуйг авчираад машинд хийх гээд явахдаа наадахаа машинд хийчих гэж Оюунбатад хэлсэн. Оюунбат, Өлзий-Орших хоёр талийгаачийг өргөж байхад нь би өргөлцөөд машины багаажинд хийсэн. Өлзий-Орших миний хажуу суудал дээр арагшаа хэвтээд унтаж байх шиг байсан. Оюунбат бид хоёр одоо яах уу гэж ярилцаад эмнэлэгт аваачиж өгөхөөр болсон. Эмнэлгийн урд талд машинаа унтрааж зогсоод очоод юу гэж хэлэх үү гэж байгаад гудамжнаас оллоо гэж хэлье гээд орох гэж байснаа хувцасаа солиод эргэж эмнэлэгт авчирч өгөхөөр болсон. Тухайн үед хүн зодсоноо хүнд мэдэгдэхгүй тулд энэ нь надад зөв юм шиг санагдаад гэртээ очиж хувцасаа солих гээд гэр рүүгээ орсон. Хувцасанд талийгаачийн цус нэвтрээд биед наалдсан байсан. Хувцасныхаа ханцуйг норгож байгаад бие дээр байгаа цусаа арчаад бүгдийг нь цэнхэр цамцанд хийгээд Өлзий-Оршихыг машинд хийчих гээд өгсөн. Өлзий-Орших бид хоёр түрүүлж гарсан. Оюунбат газраар ор засаад хувцасаа тайлаагүй хөнжил нөмрөөд сууж байсан. Явъя гэхэд Оюунбат “Олуулаа очоод дэмий, та хоёр гудамжнаас оллоо гэж хэлээрэй” гэсэн. Тэгэхээр нь юу ч бодолгүй за за гээд бид хоёр явсан. Эмнэлгийн гадаа очоод зүүн тийшээ хараад зогссон. Гэтэл нэг машины гэрэл гарахаар нь цагдаа мэдчихсэн юм болов уу гэж бодоод зугтаад явсан. Тэр чигээрээ явж байгаад нэг хоосон хашаа байхаар нь ухарч орж зогсоод талийгаачийг машинаас буулгасан. Тэгээд би Өлзий-Оршихыг машиндаа ороод чихээ таглаад, нүдээ аниад сууж бай гэж хэлсэн чинь Өлзий-Орших гүйгээд яваад өгсөн. Тэгээд чулуу хайж байгаад нэг чулуу олоод талийгаачийг цохисон. Тэгээд машиндаа суугаад сумын төв дотуур явсан. Би одоо яах уу, юу хийчихвээ гэж бодоод нилээд явсан. Бараг 10-аад км явсан байх. Өлзий-Орших унтаад байгаа юм уу, юу ч дуугарахгүй цонхон тал руугаа хараад байсан. Тэгээд зам салахаар нь зогсоод авч явсан хувцаснуудаа буулгаснаа хэрэггүй юм байна гээд буцаагаад машиндаа хийгээд аваад явсан. Буцаад сумын төв рүү ороод Мобикомын антены ойролцоо хашааны гадна машины хуучин дугуй харагдахаар нь хувцаснуудаа тэр дотор хийгээд орхисон. Буцаад байрлаж байсан газраа ирэхэд Оюунбат, Цолмонбаяр ах хоёр унтаж байсан. Гэртээ ороход “Яасан” гэхээр нь зүгээр гэж хэлээд унтсан. Тэр шөнө нойр хүрээгүй. Юм бодсоор байгаад өглөө болгосон. Маргааш өглөө нь би эхлээд талийгаачийг орхисон газраа очиж харсан. Талийгаачийг хашааны аман дээр орхисон байсан. Би хараад л сандраад буцаад явсан. Тухайн үед иргэн хүний эрх үүрэг мэдэхгүй болохоор улам цаашаа л тэмүүлээд байсан. Буцаж ирээд нэг газар аваачиж нууя гэж бодсон. Оюунбатыг сэрээхэд Оюунбат “хөгшинийх нь толгой хагарлаа, Улаанааг аваад явчих” гэж хэлсэн. Өлзий-Оршихыг сэрээхэд Өлзий-Орших арай гэж боссон. Би Өлзий-Оршихыг машинд хүрз хий гэхэд Өлзий-Орших тухайн үед ажилдаа хэрэглэж байсан 3 хүрзийг машинд хийсэн байсан. Би цагдаа нарт хэрэглэсэн 1 хүрзээ л өгсөн. Тэгээд Өлзий-Оршихыг авч яваад талийгаачийг орхисон газраасаа аваад машинтайгаа голын шавартай газар очоод нүх ухаж булсан. Буцаж ирээд Оюунбат, Баяраа ах хоёрт талийгаачийг ингээд газар булчихлаа гэж хэлсэн чинь Цолмонбаяр ах “ойр хавьд нь айл байсан уу, нохой шувуу ухаад гаргачихвий, өнөөдөр сайн өдөр байна, одоо намар, өвөл хавар зунаас газартаа шингэх юм байна” гэж хэлсэн. Манай ажлын хашаан дотор айл байдаг. Тэр хүмүүст сэжиг авахуулахгүй тулд ажлаа хийж байгаа юм шиг дүр үзүүлж байсан. Цолмонбаяр ах ажлаа хийж байгаад байн байн таньдаг айл руугаа яваад, ирээд байсан. Өлзий-Орших ажлаа хийж чадахгүй байсан. Өлзий-Оршихыг чи ороод хоолоо хийж бай гэсэн. Оюунбат гэр рүүгээ орсон. Би ч араас нь орсон. Тэгээд байж байхад цагдаа нар ирээд авч яваад байцаасан. Оюунбат хэрэг болсон талаар санаж байгаа мөртлөө хэрэг болсон газрыг санахгүй, өөр зүг рүү заагаад байсан. Би хэрэг болсон газрыг санахгүй байсан боловч буцаж ирэхдээ ухаантай байсан болохоор цагдаа нарт хэргийн газрыг зааж өгсөн. Шалгалтын 3 дахь өдөр би цагдаа нарт энэ газар биш, ядаж л зодоон болсон газар цустай байх ёстой гэж хэлсэн. Тэгээд цагдаа нартай явган явж байгаад машины мөр замаас гарсан байхыг хараад хэргийн газрыг олсон. Одоо хэргээ хүлээж байгаа болохоор хурдхан шиг хийсэн хэргийнхээ ял шийтгэлийг эдлэхээ явна, тодорхой хугацаанд ял эдэлнэ, үүнийгээ даваад гарч ирвэл талийгаачийн ар гэрийнхэнд гэм буруугаа жаахан ч гэсэн цайруулах гэж хичээнэ. Би баарнаас яаж гарсанаа, юунаас болж муудсан, яагаад зодоон болсныг санахгүй байгаа. Би хохирогчийг нэг цохиод хавсарч унагаагаад дээр нь сууж байгаад цохисон. Түүнийг амьд үлдээвэл маргааш нь цагдаад хэлчих юм шиг санагдаад, өөрийгөө баригдуулахгүй гэж л бодож байсан. Өлзий-Орших зодоонд оролцоогүй. Би Оюунбатыг мөнгө төгрөгийг чи даа гэж хэлээгүй. Мөнгө төгрөгийн асуудал гарвал манай гэр рүү ярина гэж тиймэрхүү л зүйл ярьсан. Би угаасаа хүн алсан. Өлзий-Оршихыг хүн аллаа гээд чирээд явахад хүн алаагүй нь үнэн юм чинь 4-5 жил л авах байх гэж бодож байсан. Гэтэл анхан шатаар ороход 23-24 жил гэж байсан. Өлзий-Оршиход 20 жилийн ял оногдуулахаар нь найзыгаа ингэж болохгүй юм байна гэж бодоод үнэнээ хэлэхээр шийдсэн. Оюунбат зодоонд оролцсон. Би хүн алсан гэж хэлээгүй. Би Оюунбатыг энэ хэргээс салгах гэж мэдүүлэг өгч байсан. Би Өлзий-Оршихыг хүн алсан гэж хэлээгүй, зодоонд оролцсон гээд хэлчих юм чинь гайгүй байх гэж бодсон. Миний анх өгсөн 2-3 хуудас мэдүүлэг энэ хэрэгт байхгүй байсан. Өлзий-Оршиход анх шүүхээс ял сонсгоход цочирдсон. Би дараа нь хүний өмнө гэмшиж амьдрахгүй гэж бодсон. Өлзий-Оршихыг хилс хэргээр явуулчихвал хэцүү эртхэн л залруулъя гэж бодсон...гэв. 

 

  2. Шүүгдэгч Г.Золбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: Машины багаажнаас жишиг хороололд буулгаж орхих үед талийгаач шалдан байсан. Талийгаачийг зодсон газар юм уу, аль эсвэл баарны гадаа машин руу суулгах үед тайлагдаж хаягдсан байж магадгүй гэж бодож байна. Гар утас нь ч гэсэн зодуулсан газраа хаягдсан байж болзошгүй. Машинаас зөвхөн батарей гарсан.../ 1 дүгээр хавтасны 166 хуудас /

...Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Энэ зүйл ангиудаас өөр гэмт хэргийг нуун далдалсан, бүлэглэн үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би юунаас болж муудсанаа мэдэхгүй байна. Би согтсон байсан болохоор санахгүй байна. Би баарны охинтой ямар ч холбоогүй. Тэр өдөр танилцаад л утасных нь дугаарыг авсан. Би хохирогчийг ганцаараа зодсон гэж бодож байна гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтасны 169 х /   

 

3. Шүүгдэгч А.Өлзий-Оршихын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2014 оны 09 сарын 10-нд энэ хэрэгт холбогдсон. Өглөө бид нар ажлаа хийж байгаад бид 3 өдөр 15 цагийн үед бааранд орсон. Тэгээд бааранд нэг шил архи, нэг нэг пиво ууцгаагаад гарсан. Гараад байрлаж байгаа газар руугаа явж байгаад Оюунбатын танил ах, эгч хоёртой таараад танилцаад гэрт нь очоод пиво уусан. Тэр айлаас гараад байрлаж байсан байрандаа ирсэн. Оюунбат мөнгөтэй болоод гарах гэж байхад хамт пиво уусан ах ирээд юманд яваад өг гэж хэлсэн. Орой бид 3 бааранд ширээнд суусан. Дараа нь бүжиглэсэн. Бүжиглэж байгаад буцаад ширээндээ очоод суухад Оюунбат, Золбаяр хоёр байхгүй байсан. Гадагшаа гарахад машинд Оюунбат, Золбаяр хоёр нэг танихгүй залуутай сууж байсан. Тэгээд машинд суугаад нүд анилдаад унтсан. Оюунбат намайг татаж сэрээгээд буугаад ир хүн өргөлц гэж хэлсэн. Машинаас буухад газар хүн хэвтэж байсан. Би гараад өргөхөд дийлэхгүй байсан. Гурвуулаа өргөж багаажинд хийсэн байх. Би багаажинд хийснийг мэдээгүй. Тэгээд машинд хийгээд эмнэлгийн гадаа ирсэн. Оюунбат, Золбаяр хоёр зөөлхөн яриад байсан. Нэг мэдэхэд гэрийн гадаа ирээд зогссон. Бид нар хувцсаа солисон. Оюунбат хөнжил нөмрөөд суугаад та хоёр яв гэж хэлсэн. Би Золоотой хамт эмнэлгийн гадаа ирж зогсоод Золоо машинаа хөдөлгөөд явсан. Бид хоёр цаашаа яваад хашаанд ирээд Золбаяр намайг машинд сууж бай гэж хэлсэн. Тэгээд нэг харахад сумаас гарсан байсан, нэг харахад суманд явж байсан. Тэгээд маргааш нь Золоо намайг хүрз машинд хий гэж хэлсэн. Хаашаа явж байгааг нь мэдээгүй. Машинд суугаад Золбаяртай хамт тэр хүнийг булсан. Тэр хүний хажууд том чулуу байхыг харсан. Тэр хүнийг булчихаад буцаж ирээд ажлаа хийх гэхэд хийж чадахгүй байсан. Золбаяр намайг хоолоо хий гэж хэлсэн. Гэрт ороод хоол хийж байхад Оюунбат орж ирээд өчигдөр юу болсон талаар санаж байна уу? гэж асуусан. Би юу ч санахгүй байсан. Оюунбат надад юу болсон талаар бүгдийг нь ярьж өгсөн. Эхлээд намайг зодож байцаалт авсан. Дараа нь дахиад надаас байцаалт авсан. Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхгүй гэж хэлсэн. Хэргийг газар дээр нь шалгаж байна. Мэдүүлгийг бичлэгтэй хийгээд дараа нь өмгөөлөгчид чинь үзүүлнэ гэж хэлсэн. Ганзориг цагдаа нөгөө хоёр чинь чамайг талийгаачийг цохисон гэж гэрчилээд байна. Хэд цохисноо сана гэж хэлсэн. Энхцэцэг өмгөөлөгч бас чи хэд цохисноо санавал танхайн хэрэг рүү орно гэж хэлсэн. Тэрийг нь сонсоод би цохисон гэж хэлсэн. Би хохиролд 3.800.000 төгрөг өгсөн. Талийгаачийг өргөлц гэхээр нь өргөлцсөн. Хашаанд буулга гэхээр нь буулгасан. Бас булсан нь миний буруу. Би гэмшиж байгаа. Гэхдээ би гэм буруугүй. Хэргээ үнэн зөвөөр шийдвэрлүүлмээр байна. Өөр юм мэдэхгүй ... гэв.  

 

4. Шүүгдэгч А.Өлзий-Оршихын мөрдөн байцаалтанд өмгөөлөгч Ч.Энхцэцэгийг байлцуулан өгсөн: Золбаярын эзэмшлийн 34-13 ХЭҮ улсын дугаартай Тоёота спринтер маркийн машинтай Г.Золбаяр, П.Оюунбат бид 3 явж Баяндэлгэр сумын төвд байх “Эргэн дурсахуй” гэдэг бааранд 15 цагийн үед ороод хүний нэг нэг пиво аваад дээрээс нь 0.75 граммын шилтэй Улаанбаатар архи авч ууцгаасан. Энэ үед Г.Золбаяр баарны бармен хүүхэнтэй танилцаад юм ярьж байгаад утасных нь дугаарыг аваад явсан. Тэгээд бид авсан юм аа дуусгаад гарсан. Тэгээд гараад явж байхад манай барилгын хажуу талд байдаг Ганбаатар гэдэг ах эхнэртэйгээ, Далайбаяр гэдэг ах эхнэртэйгээ дөрвүүлээ явж байхтай таарсан. Тэгээд тэднийд очоод 2 литрийн савтай 2 ширхэг пиво авч өгснийг хувааж ууцгаасан. Тэгээд байрандаа ирээд мөнгө олохын тулд барилга дээр ирээд 1 палкийг голоор нь хувааж 4 ширхэг прус болгоод дээрээс нь 1 шуудай цементний хамт хүнд зарж 20.000 төгрөгтэй болоод эргээд баар руу явсан. Үүний өмнө сумын төв дээр байсан манай нутгийн залуу болох Чулуунбаатарын гэрт очиж хоол идээд тэднийхээс гараад Эргэн дурсахуй баар руу 21 цагийн үед очиж суусан. Бид нар бааранд ороод 0.75 граммын шилтэй Улаанбаатар архи аваад сууж байхдаа нөгөө бармен охинтой цуг бүжиглээд байж байсан. Тэгээд байж байхдаа би нэлээн согтсон байсан. Баарнаас гараад машин руугаа суухад нэг танихгүй залуу Г.Золбаяр, П.Оюунбат нарын хамт сууж байсан. Тэгээд намайг машинд суутал Г.Золбаяр машинаа шууд асаагаад сумын төвөөс хойшоо яваад зогссон. Машинд суугаад явж байхдаа баарны хүүхнээс болж муудаад хэрэлдээд зогссон. Тэгээд машинаас буугаад Г.Золбаяртай зодолдохоор нь би Г.Золбаярын талд орж нөгөө залууг элбэж зодсон. Энэ үед Оюунбат голоор орж ирээд салгаад байсан. Тэгээд зодолдохоо больж П.Оюунбат бид хоёрыг наад хүнээ эмнэлэг рүү аваад яв гэхээр нь хохирогчийг Г.Золбаяр бид 2 машиныхаа багаажинд хийгээд хөдөлсөн.  Тэгээд шууд байрлаж байсан байр руугаа иртэл П.Оюунбат буулаа та 2 наад хүнээ эмнэлэгт аваачиж өг гээд үлдсэн. Тэр үед Г.Золбаяр бид 2 гэрт ороод өмсөж байсан цустай хувцсаа тайлсан. Тэгээд би Золбаярт хоёулаа энэ хүнийг эмнэлгийн ойролцоо буулгаад үлдээе гээд эмнэлгийн урд талд зогстол баруун талаас машины гэрэл гараад ирэхээр нь Золбаяр цаашаа хөдөлж явсан. Тэгээд сумын зүүн талд баригдаж байгаа Жишиг хорооллын голын эгнээний баруун талаасаа 3 дахь даймангүй эзэнгүй хашаанд орж зогсоод Золбаяр бид 2 нөгөө залууг багаажнаас өргөөд машинаас буулгасан чинь ёолоод байж байсан. Тэгтэл Золбаяр намайг машиндаа ороод нүдээ аниад байж бай гэхээр нь би машиндаа ороод суутал түс хийх чимээ гарсан. Би харсан чинь Золбаяр гартаа том чулуу барьчихсан харагдаж байсан. Тэгээд би Золбаярыг талийгаачийн толгой руу цохичихлоо гэж ойлгосон. Тэгээд Золбаяр машиндаа орж ирээд суугаад сумын төвөөс урагшаа гараад давхисан. 10 гаруй км газар яваад буцаж ирээд сумын төвөөр орж буцаад сумын төвийн урд дээр байх цэргийн ангийн хашааны баруун хойд талд хэвтэж байсан пакришиг дугуйнд өмсөж явсан хувцаснуудаа хийж хаяад байрандаа 03 цагийн үед ирж амарсан. Тэгээд өглөө Золбаяр 07 цаг өнгөрч байхад намайг унтаж байхад сэрээгээд нөгөө залуу чинь үхчихсэн байна хүн амьтан харчих гээд байна аваачиж нууя гэж хэлээд намайг босгоод барилга дээрээс хүрз аваад явсан. Тэгээд нөгөө хашаандаа иртэл нөгөө залуугийн нүүр ам нь нил цус болчихсон байхаар нь хоёулаа өргөж машиныхаа багаажинд хийгээд сумын төвөөс зүүн тийш аймгийн төв замаар давхисан. Тэгээд замаар нэлээн явтал эрэг жалгатай газар ирээд машинаа зогсоож байгаад баруун тийшээ явган бууж яваад элстэй газар хүрзээрээ нүх ухаад машинаас цогцсыг буулгаж 2 хөлнөөс нь нэг нэгээр нь барьж чирээд ухсан нүхэндээ хийж булсан. Тэгээд буцаж ирээд барилга дээрээ ажлаа хийсэн. Энэ үедээ Оюунбатад нөгөө залуу чинь үхчихсэн байна бид 2 нуучхаад ирлээ гэж хэлсэн ...гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтасны 174-р хуудас /

 

5. Шүүгдэгч П.Оюунбат шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Энэ хоёр үндэслэлгүй мэдүүлэг өгч байна. Миний анх өгсөн мэдүүлэг үнэн. Бид нарыг тус тусад нь байлгасан. Золбаяр, Өлзий-Орших хоёр өөр өөр мэдүүлэг өгөөд байна. Би Дорнод аймгийн Баян-Уул суманд мал хариулж, морь уядаг байсан. Цолмонбаатар намайг ирээд 2 торх барилцаад өг даага өгье гэж хэлсэн. Тэгээд би ирээд энэ хоёртой танилцсан. Танилцаад 14 хоноогүй байсан. Энэ хоёр цагдаа нар, гэрч нарыг үндэслэлгүйгээр гүтгэж байна. Энэ хоёр багаасаа хамт найзалсан худал мэдүүлэг өгч байна. Анх Өлзий-Оршихыг жолооны үнэмлэхтэй юм чинь машин барьсан гээд хамгийн түрүүнд байцаасан. Дараа нь Золбаярыг байцаасан. Хамгийн сүүлд би мэдүүлэг өгсөн. Золбаяр бид хоёр ярьж тохиролцсон зүйл байхгүй. Сая болсон явдлыг энэ хоёр ярилаа. Би ярих хэрэггүй байх. Би үнэн зөв мэдүүлэг өгсөн. Асуултанд үнэн зөвөөр хариулна. Цагдаа бид нарыг өөр өөр газар гавласан байсан. Хооронд нь уулзуулаагүй. Бусдыг нь энэ хоёр ярьсан. Би энэ хоёрыг хорьсон. Золбаяр дугуйгаар талийгаачийг цохиход би хохирогчид даруулж унасан. Тэгэхэд миний хувцас цус болсон байх. Намайг унтаж байхад энэ хоёр миний хувцсыг аваад явсан байсан. Сэргэлэнбаяр байцаагч, Баттулга прокурор хоёр зохиц гэж хэлсэн юм байхгүй. Тэр хүмүүсийг шүүх хуралдаан дээр авчираад асуух хэрэгтэй. Золбаяр баарны охины утасны дугаарыг аваад мессеж бичиж байсан юм байна лээ. Тэр баарны охиноос болж л талийгаачийг хохироосон гэж бодож байна. Бид нар сум руу орж ирээд шууд гэрийнхээ гадаа ирсэн. Эхлээд намайг гэрт буулгасан. Би энэ хоёрыг наад хүнээ эмнэлэгт хүргэж өг гэж хэлсэн болохоор тэдэнд итгэж гэртээ үлдсэндээ л харамсаж байна. Энэ хоёр үгээ нийлүүлж намайг болон мөрдөн байцаагч нарыг гүтгэж байна...гэв.  

       

6. Шүүгдэгч П.Оюунбатын мөрдөн байцаалтанд сэжигтэнээр болон яллагдагчаар өгсөн:  Тэгээд 2014 оны 9 сарын 10-ны өдөр үдийн өмнө ажлаа хийж дуусчхаад байж байхад дүү Оюунзул руу мөнгө явуул гэж утсаар ярьсан чинь над руу 30.000 төгрөг ХААН банкаар шилжүүлсэн. Тэгээд би хамт ажиллаж байсан Золбаярын хамт мөнгөө авсан. Тэгээд хэдүүлээ мөнгөтэй болсон хийх ажил байхгүй байсан юм чинь ганц нэгэн пиво ууя гээд Золбаяр, Өлзий-Орших нарын хамт Золбаярын 34-13 ХЭҮ улсын дугаартай Тоёота спринтер маркийн машинтай “Эргэн дурсахуй” гэдэг баар руу 15 цагийн орчимд ороод нэг хүний нэг нэг пиво аваад дээрээс нь 0.75 граммын шилтэй Улаанбаатар архи авч уусан. Энэ үед Золбаяр тэр баарны үйлчлэгч охинтой танилцсан гэж байсан. Тэгээд бид нар юм аа ууж дуусаад гарцгаасан... Золбаяр баар руу явъя гэхээр нь Өлзий-Орших бид 3 Золбаярын машинтай хамт явсан. Бааранд орохын өмнө Золбаярын найз Чулуунбаатар гэх айл руу ороод хоол идсэн. Тэгээд 20 цаг өнгөрч байхад баар руу ороод 0.75 граммын шилтэй Улаанбаатар архи авч ууцгаасан. Ууж байхдаа бүжиглэж бариад орой болтол сууцгаасан. Энэ үед гаднаас нэг танихгүй залуу орж ирээд тэр баарны охинтой уулзаж байсан. Тэгтэл Золбаяр намайг явъя гэхээр нь дагаад гарсан чинь нэг танихгүй залуутай машин руугаа сууж байсан. Тэгээд машин руугаа суутал машинаа асаагаад сумын төвөөс хойшоо гарсан. Машинтай хойшоо явж байхдаа хүүхэн дээрээсээ болоод муудаад гарсан. Тэгээд сумаас нэлээн яваад машинаа зогсоогоод Золбаяр, Өлзий-Орших нар нөгөө залууг машинаасаа буулгаад хоорондоо зодолдоод гарсан. Би тэд нарыг салгах гээд хорих үед Золбаяр машинруугаа гүйж ирээд арынхаа багаажийг онгойлгоод запас дугуйгаа аваад нөгөө залууг цохих гээд далайхаар нь би өмнүүр нь орж дугуйтай нь цааш түлхсэн. Энэ үед Өлзий-Орших нөгөө залуутай зодолдоод байхаар нь салгатал Золбаяр дугуйгаа барьж ирээд дугуйгаар 2-3 удаа цохисон. Яг хаана цохисныг хараагүй. Би очоод та нар хүн аллаа болиоч гэж хориод салгасан. Намайг энэ хоёрын нэгийг нь салгахаар нөгөөдөх нь очоод талийгаачийг зодоод дийлдэхгүй байсан. Тэгээд би та нар хүн аллаа шүү дээ одоо наад хүнээ эмнэлэгт хүргэж өг гэж хэлсэн. Тэгээд байж байтал Золбаяр Өлзий-Орших нар талийгаачийг машиныхаа багаажинд өргөөд хийсэн. Энэ үед талийгаач ёолоод байгаа сонсогдсон. Тэгээд тэр 2 шууд гэр рүү давхиад хүрээд ирсэн. Би гэртээ ирээд наад хүнээ эмнэлэг рүү хүргэж өг гэж тэр хоёрт хэлсэн. Тэр 2 хувцсаа сольж өмсөж байсан. Тэгээд би унтсан. Өглөө 8 цагт сэрэхэд Золбаяр, Өлзий-Орших нар байгаагүй. Хэсэг хугацааны дараа ирээд өчигдөр орой зодоон болсон талаар чи бид гурваас өөр хүн мэдэхгүй шүү чимээгүй байгаарай гэж хэлээд унтаад өгсөн...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 182-186 хуудас/,

 

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Урнаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:  Би 19 настай хүүгээ алдсан. Энэ хүмүүсийг харахаар л дотор өмрөөд байна. Энэ хүмүүс биеэ өмөөрөөд энд зогсож байхад миний хүү газрын хөрсөнд ороод 3 жил болох гэж байна. Одоо сүнс гэж байдаг бол та нарыг харж байгаа байх. Би энэ хүмүүст гомдолтой, дэндүү их гомдолтой. Эд нарын хийсэн хэрэг арай дэндүү зэрлэг. Энэ хүмүүс миний хүүг ямар болгосноо харсан байх. Шороог нь маналзуулаад л миний нүдний өмнө ухаж, булсан цогцосоо гаргаж ирсэн. Ийм хүүг маань ямар болгосноо харж байгаа байх. /зураг харуулав/ Миний хүү хэзээ ч босож ирэхгүй нь ойлгомжтой. Хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Амийг амиар нь солино гэж бодож байгаа. Эд нар ял аваад надаас ч залуу хүмүүс гарч ирнэ. Нэгэнт ийм хэрэг болоод өнгөрсөн. Одоо миний хүү хэзээ ч босч ирэхгүй. Би бодит зардалд 14.311.086 төгрөг нэхэмжилж байгаа. Энэ хэргээс болж 14.000.000 төгрөгнөөс илүү зардал гарсан. Би ганц хүүгээ алуулчихаад байж байна. Миний хүү зүгээр ажлаа хийгээд, 09 сарын 10-ны өглөө ээлжинээс буусан. Миний хүү “Маргааш ажлынхантайгаа зугаалгаар явна гэж хэлж байсан. Миний хүү ажлаасаа буучихсан уу? гэж асуухад миний улсын дархан хил тайван хоносон гэж хэлж байсан. Яагаад ч юм тэр өдөр надад манай дархан хил тайван хоносон гэж хэлсэн. Тэгээд “ээжээ хүү нь Батлан хамгаалахын сургуульдаа эргээд суръя, сайхан офицер болъё” гэж хэлж байсан. Яагаад ч юм ингэж хэлж байсан. Би миний хүү дүү нь оюутан байна. Тэгж байгаад сурч болно гэж хэлсэн. Одоо миний хүүгийн хүслийг хэн биелүүлэхийн, ээж нь сураад офицер болж чадахгүй ш дээ. Энэ хүмүүс үнэхээр аймшигтай аллага хийсэн. Хүүг минь олон газар зөөж аваачиж зодож олон гэмтэл учруулсан байсан. Тэр газруудыг аргадах ажлыг хийсэн. Миний нөхөр тахир дутуу, хүү маань аавынхаа асран хамгаалагч байсан. Аавыгаа өргөөд л мотоцикль дээр суулгаад, буулгаад байдаг байсан. Ганц охин дүү нь оюутан. Дүүгийнхээ насан туршийн түшиг, асран хамгаалагч байсан. Тийм учраас би Иргэний хуулийн 509 дүгээр зүйлд зааснаар аав, дүү хоёрт нь хуулийн дагуу тэтгэмж тогтоолгоно. Миний хүү дэд ахлагч цолтой байсан. Сардаа 543.248 төгрөгийн цалинтай байсан. Үүнийг нь ам бүлдээ хуваахад нэг хүнд 135.812 төгрөг гэж гарч байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй, 70 хувийн группт байдаг аавыгаа тэжээдэг байсан. Дүүдээ сар бүр цалингаасаа 100.000 төгрөг шилжүүлдэг байсан. Иймээс аав дүү хоёрт нь асран хамгаалагчийн тэтгэмж гаргуулахаар нэхэмжилж байна. Оюутан дүүг нь 6 жил сурлаа гэж бодоход нийт 11.408.208 төгрөг болно. Мөн эмнэлэг аавынх нь группыг жил бүр сунгадаг. Энэ сунгагдаж байх хугацаанд нь тухай бүр нэхэмжлэл гаргаж  тэтгэмж гаргуулна. Дүүг нь оюутан байх хугацаанд нь тэтгүүлэх хүсэлтэй байна. Ингээд шууд ба шууд бус хохирол нийлээд 25.719.294 төгрөг нэхэмжилж байна. Би гомдолтой байна. Энэ бол гэрчгүй хэрэг. Энэ хүмүүсийн хэлснээр зүйлчлэгдэж явж байгаа. Хэн нь үнэн, хэн нь худал ярьж байгааг мэдэхгүй. Шүүх, цагдаа үнэнээр шийдвэрлэх байх. Миний хүүг ганцхан хүн зодоод алсан гэхэд үнэмшихгүй байна. Миний хувьд энэ гурав гурвуулаа алуурчин. Энэ хорвоод уучилж болохгүй зүйл байдаг юм байна. Өмнөх шүүх хуралдаан дээр намайг уучлахгүй бол та зовно доо гэж хэлж байсан. Уучилж  болохгүй юм гэж байдаг юм байна. Миний хүүхдийг тахир дутуу болгоод ч хамаагүй амьд үлдээсэн бол би уучлах байсан. Амьд хүн юм чинь эмчлүүлээд авах байсан. Амийг амиар нь солино. Энэ хэрэг нэг тийш болж шийдэгдвэл сэтгэл санааны хувьд ч гэсэн гайгүй болох байх. Энэ хэргийг үнэн зөв шийдэж өгнө үү. Цолмонбаяр миний данс руу Золбаярын нэр дээр 1.000.000 төгрөг, Оюунбатын нэр дээр 500.000 төгрөг, Өлзий-Оршихын нэр дээр 500.000 төгрөг шилжүүлсэн. Өлзий-Оршихын ээж нь эхлээд 2.000.000 төгрөг өгсөн. 2015.09.15-ны өдөр 1.300.000 төгрөг шилжүүлсэн. Өлзий-Оршихын төлбөр 3.820.000 төгрөг болсон. Эд нар нийт 5.320.000 төгрөг өгсөн. Энэ мөнгийг нэхэмжилж байгаа дүнгээсээ хасаагүй байгаа ...гэв.

 

      8. Гэрч Ц.Цолмонбаярын шүүхийн хэлэлцүүлэг өгсөн: Бид 2014 оны 9 дүгээр сарын 10-ны шөнө намайг унтаж байхад 01 цагийн үед байх энэ хэд орж ирсэн. Тухайн үед би унтаж байсан болохоор цагаа нарийн сайн хараагүй. Тэгтэл Золбаяр надад хандаж “ бид нар сая бааранд зодоон хийчихлээ “ гэсэн. Тэгэхээр нь “ хүн амьтан нь гайгүй юм уу, хүн амьтныг нь эмнэлэгт үзүүлсэн юм уу “ гэсэн чинь гайгүй байлгүй гэж хэлсэн. Оюунбатыг байхгүй болохоор нь асуусан чинь гадаа машинд унтаж байгаа гэсэн. Тэгээд би гараад хартал Оюунбат гадаа машины арын суудал дээр унтаж байсан. Би түүнийг оруулж ирээд унтуулсан. Би Оюунбатыг оруулахад нөгөө 2 зөрөөд машиндаа суугаад хөдлөөд явсан. Тэд нарыг харахад өмд цамц нь цус болсон байсан ” гэх мэдүүлэг, 

 

  9. Гэрч А.Даваадоржийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би тэр үед Баяндэлгэр суманд олон нийтийн байцаагч хийж байсан.Тэр орой би энэ 3 залууг өөр өөр газар гавласан. Дарга нар энэ гурвыг хооронд нь харьцуулж болохгүй гэдэг үүрэг өгсөн учраас шөнийн 12 цагаас өглөөний 04 цаг хүртэл хугацаанд харсан. Хоорондоо харьцах ямар ч боломжгүй байгаагүй, харьцаж ярилцсан зүйл огт байхгүй дотроос дарга нар гарч ирж хяналт тавьж байсан. Би энэ ажлыг анх удаа хийж байгаа биш урьд хийж байсан болохоор хяналтаа сулруулаагүй... гэх мэдүүлэг,

 

          10. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр, Үзлэгээр анх зодолдсон гэх газар нь Эргэн дурсахуй гэх баарнаас гараад чанх хойшоо явсан зассан сайжруулсан замаар 800 метр газар яваад сумын төвөөс мултарч байлаа. Сумын төвийн хойд талын захын хашаатай айлын хашаанаас хойш 100 метр замгүй тал газарт усан хээтэй дугуйтай суудлын автомашины мөр үлдсэн байна. Уг мөрний тэнхлэг хоорондын зай 1.26 метр байлаа. Уг мөр нь чигээрээ яваад зогссон байх бөгөөд тэндээсээ баруун гар тийш эргэж буцаад сумын төв рүү явсан зам руу орсон байв. Зодоон болсон гэх газарт өөр ул мөр үгүй байна. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн жишиг хороололд очиж хийв. Уг жишиг хороолол нь сумын төвөөс зүүн тийш шинээр баригдаж байгаа 2 эгнээ хойд урд талаасаа ордог хашаа байлаа. Хашаа нь урд талын эгнээний хойд талаасаа ордог баруун талаасаа 3 дахь хашаа байлаа. Хашааны үүдэнд усан хээтэй машины мөр байх бөгөөд уг мөр нь хашаанд орж тойрч гарсан байна. Мөр орж ирээд хашааны хаалганаас урагшаа 2,10 метрт зогсоод буцаж гарсан байв. Сэжигтнээр талийгаачийн цогцос байсан гэх газрыг заалгахад хашааны хаалганаас ертөнцийн зүгээр урагшаа 4.90 метр газарт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цементтэй чулуу байсныг 2 гэж дугаарлаж тэмдэглэв. Түүнээс хойш 50 см зайд 40х30 см улаан хүрэн зүйлээр бохирлогдсон шороо байлаа. Хашааны хаалганаас 5.70 метр зайд чулуунаас 1,10 метр хүртэл талийгаачийн толгой байсныг В цэгээр тэмдэглэж бичлээ. Хашаанд орсон гэх машины мөрний тэнхлэг хоорондын зай нь 1.26 метр байна. Дугуйны өргөн 16 см. Хэргийн газраас сэжигтэн Золбаярын зааснаар талийгаачийн толгой руу цохисон гэх 35х16х15 см хэмжээтэй цементэнд чулуу шигтгэгдсэн хэлтэрхийг эд мөрийн баримтаар хураан авч тэмдэглэлд тусгав. Уг газарт өөр ул мөр үгүй байна. Цааш үргэлжлүүлэн цогцос булсан гэх газар луу явахад сумын төвөөс ертөнцийн зүгээр зүүн хойш явсан Сүхбаатар аймаг руу явдаг төв замаар 7.1 км газар явахад замын хойд хэсэгт голтой элсэрхэг жалга байх бөгөөд түүн рүү орсон машины мөр байна. Машины мөрийг даган доош буухад элсэрхэг газарт ирэн машин тулан зогссон байх бөгөөд түүнээс ертөнцийн зүгээр баруун тийш гол дагаж 50 метр газар цогцсыг чирж явсан гэх бөгөөд мөр үүссэн байв. 50 метр газар явахад урд талаараа хадан хясаа бүхий дээд тал нь нэг ширхэг хайлаас мод ургасан хайргатай газар байна. Уг хайргатай газар нь нэлэнхүйдээ тэгшхэн газар байх бөгөөд цогцос булсан гэх газар нь үл ялиг хар шороотой газар байв. Шороог доош 57 см ухахад цогцосны өмсөж явсан гэх саарал өнгийн өмд цухуйж байна. Цааш үргэжлүүлэн ухахад дээгүүрээ шалдан хөлдөө хар өнгийн пүүз өмссөн баруун гараа доод талд хөл нь хагас атийлттай толгойн хэсэг нэлэнхийдээ элс шороо болсон эрэгтэй хүний цогцос гарч ирсэн. Нүхний хэмжээг үзэхэд 2 метрийн урттай, 1,10 метр өргөнтэй нүх ухсан байна. Хэргийн газраас өөр ул мөр илрээгүй” гэсэн тэмдэглэл / 1-р хх-ийн 3-6-р хуудас/

 

11. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай 2014 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр. Анх зодсон гэх газар нь сумын төвөөс буюу Эргэн дурсахуй барнаас чанх хойш явсан зассан шороон замаар явж 1.2 км яваад замын баруун гар тал руу гарсан мөр байлаа. Уг газрыг Жанцангийн ам гэж нэрлэж байна. Машины усан хээтэй 16 см өргөнтэй 126 см тэнхлэг хоорондын зайтай мөр үлдсэн байх бөгөөд машины мөрнөөс хойш 1.70 метрийн зайд 45х36 см хэмжээтэй газарт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдож  хатсан байдалтай байв. Түүнийг А цэгээр тэмдэглэв. Машин явсан гэх мөрөөр сэжигтэний унаж явсан 34-13 ХЭҮ улсын дугаартай машиныг оруулан зогсоож түүний арын дугуйг Б цэгээр тэмдэглэв. Улаан хүрэн өнгөөр бохирлогдсон зүйлийг шинжилгээнд хүргүүлэхээр дээж болгож хусаж авав” гэсэн тэмдэглэл / 1-р хх-ийн 7-р хуудас/

 

12. Эд зүйл хураан авсан тэмдэглэл: Сэжигтэн нар өмсөж байсан бүх хувцсаа тайлан Баяндэлгэр сумын төвөөс урагшаа байх Зэвсэгт хүчний 086 дугаар ангийн гадна талын өргөстэй торон хашааны баруун хойд хэсэгт байх машины дугуйны дотор талд хийж орхисон байв. Хувцаснуудыг цэнхэр өнгийн пудволканд хийж орхисон байх бөгөөд түүнийг задалж гаргахад дараах хувцасууд гарч ирэв. Шаргал өнгийн өмд хул өнгийн тэлээтэй, саарал өнгийн улаан хүрэн өнгөөр бохирлогдсон үдээстэй ботинка, цэнхэр өнгийн срочкин цамц, улаан хүрэн өнгийн үдээстэй пүүзэн гутал, цэнхэр өнгийн энгэр дээрээ дугуй хээтэй ноосон цамц, хар өнгийн ханцуйн дээрээ цэнхэр цагаан өнгийн канттай бэлтгэлийн цамц, хар өнгийн улаан канттай оймс 1 хос, шар өнгийн товчтой бор шаргал өнгийн даавуун өмд, цэнхэр өнгийн үдээстэй пүүзэн гутал, саарал өнгийн бэлтгэлийн өмд, саарал өнгийн ханцуйтай цамц, чернелин ягаан өнгийн пудволкон цамц зэрэг хувцаснууд бүгд улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв / 1-р хх-ийн 16-р хуудас/

 

13.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, 2014 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Үзлэгээр Баяндэлгэр сумын цагдаагийн хэсгийн байрны хашааны баруун урд талын хэсэгт 34-13 ХЭҮ улсын дугаартай тоёота спринтер маркийн цагаан өнгийн суудлын автомашин ертөнцийн зүгээр урд зүг руу харуулан зогссон байна. Машины хаалгыг түлхүүрээр нээлгэн онгойлгоход машин доторх шалавч суудал зэргийг бүгдийг нь угаасан байна. Арын багаажийг дотор талаас нь онгойлгоход багаажны шалавчийг угаасан байх боловч гол хэсгээр урагдсан хэсгийн завсраар улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байна. Машины багажны шалавчийг өргөн авахад төмөр обудтай хийтэй дугуй байх бөгөөд түүний хээний завсраар бага зэрэг улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байна гэсэн тэмдэглэл / 1 дүгээр хавтасны 19-р хуудас/ 

 

14. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд: Хураан авах ажиллагааг Баяндэлгэр сумын урд байр болох сэжигтэн нарын барьж байсан барилгын хашаанд 15 цаг 35 минутанд эхлэв. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 34-13 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг цэвэрлэхэд ашигласан саарал өнгийн шалны алчуур 1 ширхэг, талийгаачийн хэрэглэж байсан гар утасны улаанаар цэцэг түүний доогуур Huawei гэсэн бичигтэй /батерей/ зай нь хашаанд байх бөгөөд хөрзөн дээр байсныг тус тус хурааж авлаа” гэсэн тэмдэглэл / 1-р хх-ийн 21-р хуудас/

 

15. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл Уг цогцос 175 см урттай толгойдоо 6 см үстэй 20 орчим насны эрэгтэй хүний цогцос байна. 2 нүдний зовхи хаалттай хүүхэн хараа 2 талд жигд өргөссөн, хамрын мөгөөрс бүтэн, үзэгдэх шүд бүрэн, ам хамраас улаан хүрэн зүйл гарч бохирлогдсон, хүзүү хоолойд ил гэмтэлгүй цээжний хэлбэр зөв, хэвлий тэгш гадна бэлэг эрхтэний хөгжил зөв, өтгөн шингэний сүвнээс гарсан зүйлгүй мөчид бүтэн. Нүүрний баруун хацарт 7х2.2 см гүн зүсэгдсэн шархтай, баруун хөмсөгний гадна буланд 2х05 см шарх, баруун чих дээд хэсгээрээ урагдсан шарх, баруун хацар, дух, шанаа чих овойж хавдсан, зүүн нүд, зүүн чих хацар, духны зүүн хэсэгт овойж хавдсан, зулгаралт цус хуралттай, зүүн хөмсөгний гадна буланд 5х2 см хэмжээтэй 1 см гүнтэй язарсан шарх, зүүн гарын бугалга шуу, сарвуу, мөр, баруун гарын бугалга, шуу, сарвуу мөр, биеийн ар зоо нуруу нилэнхүйдээ өнгөц зулгаралттай улаан хүрэн тав тогтсон, баруун хөлийн өвдгөнд 4х2см, зүүн хөлөнд 2х2 см улаан хүрэн шалбаралттай байлаа” гэсэн тэмдэглэл / 1-р хх-ийн 31-р хуудас/     

 

16. Гэрч Б.Золзаяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би Сугарсүрэнг танина. Энэ залуутай үерхээд 1 сар орчим болж байгаа. 2014 оны 9-р сарын 10-ны орой  намайг ажил дээр байхад  21 цаг 50 минутын үед гадны 3 залуу орж ирсэн. Тэд баруун талын ширээний хойноосоо 2 дахь ширээнд суугаад архи ууж байсан. Тэгсэн Сугарсүрэн орж ирээд нөгөө залуусын ширээнд суугаад надад хандаж “ би архи уух уу “ гэхээр нь “ надад хамаагүй “гэж хэлсэн.Тэгсэн нөгөө залуучууд гарахаар нь Сугарсүрэн хамт гараад гадаа тамхи татчихаад орж ирээд дөрвүүлээ талбайд гараад бүжиглэсэн. Тэгээд хамт гарцгаасан түүнээс хойш юу болсныг нь мэдэхгүй” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтасны 41-42 х /

 

17. Гэрч А.Батсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: Би өөрөө Баяндэлгэр сумын төвд өөрийн ахтай хамтран Эргэн дурсахуй баарыг ажиллуулдаг юм. Гэтэл 2014 оны 9 дүгээр сарын 10-ны орой 20 цаг өнгөрч байхад өөрийнхөө бааранд ирсэн юм. Учир нь баар ажиллуулдаг болохоор орой үдэш янз бүрийн юм болох бий гэж бодоод орой болгон баарныхаа гадна машиндаа сууж байдаг юм. Тэгтэл намайг ирээд бааранд ороход дотор баруун талын ширээнүүдийн хойноос 2 дахь ширээнд урьд өмнө огт харж байгаагүй 20 гаруй насны 3 залуу сууж байгаа харагдсан. Би ч үүдэн дээрээс хараад буцаж гараад машиндаа суугаад 20-30 минут болоход гадна дотроос хүмүүс ороогүй, харин сүүлд хэдэн залуучууд ороход нөгөө 3 залуу зөрөөд гарч ирсэн. Тэгээд нэг харсан барны гадаа байсан ХЭ серитэй жижиг цагаан машинд нөгөө залуус ороод суусан харагдсан. Тэгээд удаагүй буухаар нь би наанаас очиж “ одоо дүү нар харь “ гэхэд нэг залуу нь нэрээ хэлээд ахтай танилцана, машинд суучих гэхээр нь ах нь юу гэж суух бэ та нар харь гэж хэлсэн. Нөгөө залуучууд буцаад машиндаа суугаад нэг харсан Баяндэлгэр сумын Сугараа гэдэг залууг суулгачихсан, та суучих танай нутгийн залуу байна гэж нөгөө 3 залуу ярьж байсан. Хэдийд нь Сугараа очоод суучихсан юм анзаараагүй” тэгээд хөдлөөд хойшоо зам чиглээд явж байсан. Би ч баар руу орсон гэх мэдүүлэг/1-р хх-н 39-40х/     

             

18.Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 45 тоот дүгнэлтэнд: Цогцосны гадна үзлэгээр тогтоогдсон гэмтэл, эмгэг өөрчлөлтүүд, Баруун хацарт 7х2.2 см гүн зүсэгдсэн шархтай, баруун хөмсөгний гадна буланд 2х05 см шарх, баруун чих дээд хэсгээрээ урагдсан шарх, баруун хацар, дух шанаа чих овойж хавдсан, зүүн нүд, зүүн чих хацар духны хэсэгт овойж хавдсан, зулгаралт цус хуралттай зүүн хөмсөгний гадна буланд 5х2 см хэмжээтэй 1 см гүнтэй язарсан шархтай, зүүн гарын бугалга шуу, сарвуу мөр, баруун гарын бугалга, сарвуу, биеийн ар хэсэг нуруу нэлэнхүйдээ өнгөц зулгаралттай, баруун хөлийн өвдөг 4х2 см, зүүн хөлийн өвдөг 2х2 см улаан хүрэн шалбаралттай. Дотор эрхтэний шинжилгээнд: толгойн хуйхны дотор гадаргуу болон гавлын булчин нилэнхүйдээ хар хүрэн өнгийн цус хуралттай. Тархины хатуу хальс бүтэн чинэрсэн, баруун тал бөмбөлөгийн дээр хатуу хальсан доор 200 гр орчим хар хүрэн өнгийн хагас бүлэгнэсэн цусан хураатай ... баруун тал бөмбөлөгийн зулай хэсэгт 5х3 см талбайд хар хүрэн  өнгийн цэгчилсэн тархи няцралын голомттой. 

Дүгнэлт: 1. Талийгаач Ө.Сугарын биед баруун хөмсөгний гадна буланд шарх, баруун чих дээд хэсгээрээ урагдсан шарх, баруун хацар, дух, шанаа, чих овойж хавдсан, зүүн нүд, зүүн  чих, хацар, духны зүүн хэсэгт  овойж хавдсан. Зулгаралт, цус хуралттай, зүүн хөмсөгний гадна буланд язарсан шарх, зүүн гарын бугалга шуу, сарвуу, мөр, баруун гарын бугалга, шуу, мөр, биеийн ар хэсэг нуруу нэлэнхүйдээ өнгөц зулгаралттай. Баруун хөлийн өвдөг, зүүн хөлийн өвдөг улаан хүрэн шалбаралт. Мөн баруун тал бөмбөлөгийн зулай хэсгийн тархи няцрал, их тархины баруун тал бөмбөлөгийн хатуу бүрхүүл доорхи цусан хураа, хуйхан доор, гавлын булчинд нэлэнхүйдээ цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Ө.Сугарын биед үүссэн гэмтэл шарх нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Ө.Сугарын биед үүссэн баруун тал бөмбөлөгийн зулай хэсгийн тархи няцрал, их тархины баруун тал бөмбөлөгийн хатуу бүрхүүл доорхи цусан цусан хураа, хуйхан дор, гавлын булчинд цус хуралт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3-1-3 дахь хэсэгт зааснаар амь насанд аюултай тул хүнд зэргийн гэмтэлд хамаарах ба баруун хөмсөгний гадна буланд шарх, баруун чих дээд хэсгээрээ урагдсан шарх, баруун хацар, дух, шанаа, чих овойж хавдсан, зүүн нүд, зүүн чих хацар, духны зүүн хэсэгт овойж хавдсан, зулгаралт цус хуралттай, зүүн хөмсөгний гадна буланд язарсан шарх, зүүн  гарын бугалга шуу, сарвуу, мөр, баруун гарын бугалга, шуу, сарвуу мөр биеийн ар хэсгийн нуруу нэлэнхүйдээ өнгөц зулгаралттай, баруун хөлийн өвдөг зүүн хөлийн өвдөг улаан хүрэн шалбаралт зэрэг гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэл болно. 4. Ө.Сугарын биед үүссэн гэмтэл шарх нь гадаргуу чийглэг, цус шүүрсэн зэргээс үзэхэд амьд үед үүссэн гэмтлүүд байна. 5. Ө.Сугарын биед үүссэн гэмтэл шархыг бий болсон дарааллаар нь жагсааж тогтоох боломжгүй, нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 6. Ө.Сугар нь дээрхи гэмтэл авснаас хойш шууд ухаан алдах эсхүл идэвхтэй хөдөлгөөнийг түр зуур хийх боломжтой. 7.Ө.Сугар нь АВ/IY/ бүлгийн цустай байна. Түүний цусанд 0.6 проммилли этилийн спиртийн агууламж илэрсэн нь хөнгөн зэргийн согтолттой байжээ. 8. Ө.Сугар нь тухайн үед 30 орчим цаг болсон, дээрхи гэмтэл шархыг авсан хүн хэдий хугацаанд амьдрахыг тогтоох боломжгүй. 9. Ө.Сугар нь дээрхи гавал тархины олон гэмтлийн улмаас нас барсан ба үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй. 10.Ө.Сугарыг нас барснаас хойш газарт булсан байх боломжтой, түүний амьсгалын замын эрхтэнээс гадны биет шороо зэрэг зүйл илрээгүй” гэсэн дүгнэлт / 1-р хх-ийн 84-87 х/

 

19. Шүүхийн Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 9456, 57, 58, 59 тоот дүгнэлтэнд:  Шинжилгээнд материалыг гялгар уут, картон цаасанд боон хаяглан ирүүлсэн нь тогтоолд дурьдсантай тохирч байна. Үзлэг: Машины шалавчны хэсэг гэх хар өнгийн хуванцар зүйлийн цуурсан хэсэгт бүдэг хүрэн өнгийн толботой, Машины дугуйн дээр энгийн нүдэнд харагдах ямар нэгэн толбогүй, 2 ширхэг хүрз дээр нилдээ шороотой, цусных гэхээр ямар нэгэн толбогүй, Цементен чулуун дээр хүрэн толботой байна. Дээрх зүйлс дээр цус байгаа эсэхийг устөрөгчийн хэт ислээр шинжлэхэд шалавчны хэсэг, цементэн чулуун дээрх толбуудад цусны урвал өгсөн тул цус илэрсэн гэж, дугуй болон хүрзнүүд дээр цусны урвал өгөөгүй тул цус илрээгүй гэж дүгнэх үндэс болов. Цусан толбуудын бүлгийн харъяаллыг Лятесийн аргаар шинжлэхэд шалавчны хэсэг, цементэн чулуун дээрхи цус нь А ба В улаан бөөмтэй наалдац өгөөгүй тул АВ /IY/ бүлгийн харъяалалтай хүний цус байна гэж дүгнэлт өгөх үндэс болов. Дүгнэлт: Машины шалавчны хэсэг, цементэн чулуун дээр цус илэрсэн. Энэ АВ/ IY/ бүлгийн харъяалалтай хүний цус байна. Дугуй болон 2 ширхэг хүрзэн дээр цус илрээгүй” гэсэн дүгнэлт / 1-р хх-ийн 115-р х/

 

20. Шүүхийн Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 76 тоот дүгнэлтэнд: “Шинжилгээнд материалыг цаасан хайрцагт хийн хаяглан хүргүүлсэн байх бөгөөд тогтоолд дурдсантай тохирч байна. Үзлэг: А.Өлзий-Оршихын гэх саарал өмдний 2 талын гуя, шилбэний урд тал, ар тал, суудал хэсгүүдэд энд тэнд байрлалтай, арчигдсан, 1 см-с 18.5 см хүртэл хэмжээтэй хүрэн өнгийн олон тооны толбуудтай, цайвар цэнхэр 1 хос гуталны нармай хэсэгт нилэнхүйдээ арчигдсан байдалтай хүрэн толботой, хөх цэнхэр судалтай срочкин цамцны 2 ханцуйн үзүүр хэсэгт арчигдсан байдалтай, бүдэг хүрэн өнгийн толботой, баруун урд хормой хэсэгт хүрэн өнгийн арчигдсан толботой, Г.Золбаярын гэх улаан пүүз нармай хэсэгт арчигдсан бүдэг хүрэн толботой, бор шаргал өмдний 2 талын гуя, шилбэний урд тал, шилбэний ар талуудад арчигдсан бүдэг хүрэн өнгийн олон тооны толботой, цэнхэр цамцны хормойн урд хэсэгт арчигдсан бүдэг хүрэн толботой, П.Оюунбатын гэх цайвар ултай хөх саарал өнгийн 1 хос гутлын нармай хэсэгт бүдэг хүрэн өнгийн арчигдсан толботой, гурвалжин захтай саарал цамцны 2 ханцуй, энгэр, урд зах, ар нуруу хэсгүүдэд олон тооны хүрэн өнгийн арчигдсан толбуудтай, саарал өнгийн бэлтгэлийн өмдний 2 талын гуя, шилбэний урд тал, ар тал суудал хэсгүүдэд энэ тэнд байрлалтай, арчигдсан хүрэн өнгийн олон тооны толбуудтай байна. Хувцаснууд дээрхи толбуудад цус байгаа эсэхийг тогтоох, бүлгийн харъяаллыг тогтоох шинжилгээний явц, дүгнэлт хүрсэн үндэслэл зэргийг шинжээчийн 9460, 61, 62 дугаартай дүгнэлтэнд дурдсан тул дахин бичих шаардлагагүй болно. Дүгнэлт: А.Өлзий-Оршихын гэх саарал өмдний 2 талын гуя, шилбэний урд тал, ар тал, суудал хэсгүүдэд энд тэнд байрлалтай, арчигдсан, хүрэн өнгийн олон тооны толбуудтай, цайвар цэнхэр 1 хос гуталны нармай хэсэгт нилэнхүйдээ арчигдсан байдалтай хүрэн толботой, хөх цэнхэр судалтай срочкин цамцны 2 ханцуйн үзүүр хэсэгт арчигдсан байдалтай, бүдэг хүрэн өнгийн толботой, баруун урд хормой хэсэгт хүрэн өнгийн арчигдсан толботой, Дээрхи толбуудад цус илэрсэн.  Г.Золбаярын гэх улаан пүүз нармай хэсэгт арчигдсан бүдэг хүрэн толботой, бор шаргал өмдний 2 талын гуя, шилбэний урд тал, шилбэний ар талуудад арчигдсан бүдэг хүрэн өнгийн олон тооны толботой, цэнхэр цамцны хормойн урд хэсэгт арчигдсан бүдэг хүрэн толботой, Дээрхи толбуудад цус илэрсэн. П.Оюунбатын гэх цайвар ултай хөх саарал өнгийн 1 хос гутлын нармай хэсэгт бүдэг хүрэн өнгийн арчигдсан толботой, гурвалжин захтай саарал цамцны 2 ханцуй, энгэр, урд зах, ар нуруу хэсгүүдэд олон тооны хүрэн өнгийн арчигдсан толбуудтай, саарал өнгийн бэлтгэлийн өмдний 2 талын гуя, шилбэний урд тал, ар тал суудал хэсгүүдэд энэ тэнд байрлалтай, арчигдсан хүрэн өнгийн олон тооны толбуудтай байна. Дээрх толбуудад цус илэрсэн” гэсэн дүгнэлт / 1-р хх-ийн 61-р хуудас/ зэрэг болно. 

 

Шүүхийн хэлэлцүүлгийн судлагдсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларсан хийгээд хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.

 

Тус аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Өлзий-Оршиход холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-д заасныг журамлан ирүүлсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-д “ Зааж зөвлөх, зэвсэг, хэрэгсэл өгөх, учрах саадыг арилгах, унаа, орон байраар хангах зэргээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн, түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн этгээд болон гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, хэрэгсэл,гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг нуун далдлах, зарж борлуулах, гэмт хэргийн ул мөрийг баллахаар урьдчилан амласан этгээдийг хамжигч гэнэ “ гэж гэмт хэрэгт хамтран оролцогч хамжигчийг тодорхойлсон бөгөөд А.Өлзий-Оршихын хувьд гэмт хэрэг үйлдэх нөхцөл, байдлыг урдаас мэдэж амласан зүйлгүй бөгөөд хуулийн дээрх зүйлд заасан ямар нэгэн үйлдлийг хийгээгүй, энэ нь хэрэгт нотлогдож, тогтоогдоогүй байна.

Тэрээр шүүгдэгч Г.Золбаяртай хамтран хохирогч Ө.Сугарыг зодох талаар өмнө урьдчилан тохиролцоогүй боловч Г.Золбаяр нь Ө.Сугарыг хээр аваачин зодох явцад хөндлөнгөөс оролцон, гэмт хэрэг үйлдэхэд санаатай хамтран оролцсон болох нь шүүгдэгч П.Оюунбатын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн удаа дараагийн тогтвортой мэдүүлгүүдээр нотлогдоно.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч А.Өлзий-Орших нь хохирогч Ө.Сугарыг шүүгдэгч Г.Золбаяртай бүлэглэн зодож, санаатай алсан бөгөөд түүнийг бүлэглэн гүйцэтгэгч гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т “ Хоёр буюу түүнээс дээш этгээд урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэгч “ гэж зааснаар тодорхойлогдоно.

Иймд хохирогч Ө.Сугарыг зодож, алсан шүүгдэгч А.Өлзий-Орших, Г.Золбаяр нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11-д зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй хийгээд энэ зүйлээр тэдгээрийн гэмт хэрэг хамтран оролцсон хэлбэрийг зөв тодорхойлсон гэж үзнэ.

 

Шүүгдэгч Г.Золбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шүүгдэгч А.Өлзий-Оршихтой бүлэглэн 2014 оны 09 сарын 10-наас 11-нд шилжих шөнө 23-01 цагийн үед Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын төвд байрлах “Эргэн дурсахуй” баарнаас иргэн Ө.Сугарыг дагуулан гарч өөрийн эзэмшлийн 34-13 ХЭҮ улсын дугаартай Тоёота спринтер маркийн тээврийн хэрэгсэлд суулган,  ялимгүй зүйлээр шалтаглан машинд түүнтэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар сумын төвийн хойд талд хээр аваачин гар, хөлөөрөө цохиж, өшиглөж, 12 кг 85 грамм жинтэй автомашины запас дугайгаар цохих зэргээр зодож, улмаар биеэ хамгаалах чадваргүй болсон үед нь тээврийн хэрэгслийн багаажинд хийж зөөвөрлөн, Баяндэлгэр сумын төвд Жишиг хорооллын эзэнгүй хашаанд аваачиж 9 кг 90 гр жинтэй цементтэй барьцалдаж хатсан чулуугаар толгой нүүрний орчимд цохиж бие махбодид нь “ баруун хөмсөгний гадна буланд шарх, баруун чихний дээд хэсэгт урагдсан шарх,  баруун хацар, дух шанаа, чих овойж хавдсан, зүүн нүд, зүүн чих, хацар, духны зүүн хэсэгт овойж хавдсан, зулгаралт, цус хуралт, зүүн хөмсөгний гадна буланд язарсан шарх, зүүн гарын бугалга шуу, сарвуу, мөр, баруун гарын бугалга шуу, мөр, биеийн ар хэсэг нуруунд нэлэнхүйд нь өнгөц  зулгаралт, баруун хөлний өвдөгт, зүүн хөлийн өвдөгт улаан хүрэн шалбаралт, баруун тал бөмбөлөгийн зулай хэсгийн тархи няцрал, их тархины баруун тал бөмбөлөгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, хуйхан доор, гавлын булчинд нэлэнхүйд нь цус хуралт “ бүхий олон тооны гэмтэл учруулан онц харгис хэрцгий аргаар, танхайн сэдэлтээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, бусдыг зодсон энэ гэмт хэргээ нуун далдлах зорилгоор цементтэй барьцалдаж хатсан чулуугаар толгой нүүрэнд цохиж, санаатай алсан, 

шүүгдэгч  А.Өлзий-Орших  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2014 оны 09 сарын 10-наас 11-нд шилжих шөнийн 23-01 цагийн хооронд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын төвд байрлах “Эргэн дурсахуй” баарнаас гарч, шүүгдэгч Г.Золбаярын эзэмшлийн 34-13 ХЭҮ улсын дугаартай Тоёота спринтер маркийн тээврийн хэрэгсэлд хамт явж сумын төвийн хойд талд хээр шүүгдэгч Г.Золбаяртай бүлэглэн иргэн Ө.Сугарыг ямар ч шалтаг шалтгаангүйгээр  гар, хөлөөрөө цохих, өшиглөх зэргээр зодож  нүүрний орчимд цохиж бие махбодид нь “ баруун хөмсөгний гадна буланд шарх, баруун чихний дээд хэсэгт урагдсан шарх,  баруун хацар, дух шанаа, чих овойж хавдсан, зүүн нүд, зүүн чих, хацар, духны зүүн хэсэгт овойж хавдсан, зулгаралт, цус хуралт, зүүн хөмсөгний гадна буланд язарсан шарх, зүүн гарын бугалга шуу, сарвуу, мөр, баруун гарын бугалга шуу, мөр, биеийн ар хэсэг нуруунд нэлэнхүйд нь өнгөц  зулгаралт, баруун хөлний өвдөгт, зүүн хөлийн өвдөгт улаан хүрэн шалбаралт, баруун тал бөмбөлөгийн зулай хэсгийн тархи няцрал, их тархины баруун тал бөмбөлөгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, хуйхан доор, гавлын булчинд нэлэнхүйд нь цус хуралт “ бүхий олон тооны гэмтэл учруулан, улмаар биеэ хамгаалах чадваргүй болсон үед нь тээврийн хэрэгслийн багаажинд хийж зөөвөрлөн Баяндэлгэр сумын төвд Жишиг хороололд байх эзэнгүй хашаанд авчран түүнийг зодсон хэргээ нуух зорилгоор шүүгдэгч Г.Золбаярын хохирогч Ө.Сугарыг чулуугаар цохихыг мэдсээр атлаа таслан зогсоолгүй дэмжиж, онц харгис хэрцгий аргаар, танхайн сэдэлтээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алсан,  

шүүгдэгч П.Оюунбат нь Г.Золбаяр, А.Өлзий-Орших нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2014 оны 09 сарын 10-наас 11-нд шилжих шөнийн 23-01 цагийн хооронд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын хойд талд  Ө.Сугарыг бүлэглэн зодож, түүнийг амь биед нь аюултай нөхцөл байдалд оруулсан байхад нь тусламж үзүүлээгүй,тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад мэдэгдээгүйгээс Ө.Сугарын амь нас хохирсон гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Г.Золбаяр, А.Өлзий-Орших, П.Оюунбат нарын болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Урнаа, гэрч А.Даваадорж, Ц.Цолмонбаяр, Б.Золзаяа, А.Батсайхан нарын мэдүүлгүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлүүд, эд зүйл хураан авсан тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, Сүхбаатар аймгийн шүүхийн  шинжилгээний албаны шинжээчийн 45 тоот дүгнэлт, Шүүхийн үндэсний  хүрээлэнгийн  шинжээчийн  дүгнэлтүүд, болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна. 

Хэргийн нөхцөл байдлыг үндэслэвэл, шүүгдэгч Г.Золбаяр нь тухайн өдөр танилцсан баарны зөөгч эмэгтэйтэй холбогдуулан, ялимгүй зүйлээр шалтаглан хохирогч Ө.Сугартай маргаан үүсгэн, зодож, амь насыг хохироож, шүүгдэгч А.Өлзий-Орших нь хохирогч Ө.Сугарыг Г.Золбаяртай зодолдсоноор шалтаглан түүнийг бүлэглэн зодож, амь насыг хохироож гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатайгаар, шүүгдэгч П.Оюунбат нь  хохирогч Ө.Сугарыг бусдад зодуулж, биеэ хамгаалж чадахгүй болсон, амь биед нь аюултай нөхцөлд байхад нь яаралтай тусламж үзүүлээгүй, тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад мэдэгдэлгүй, Г.Золбаяр, А.Өлзий-Орших нарыг эмнэлэгт хүргэж өг гэж хэлэн унтаж гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хайхрамжгүй хандаж тус тус үйлджээ.

 

           Эдгээр нөхцөл байдлууд болон шүүгдэгч Г.Золбаяр, А.Өлзий-Орших нарт холбогдох хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнүүд, шүүгдэгч П.Оюунбатад холбогдох хэрэг дараах үндэслэлүүдээр хэрэгт нотлогдсон байна. Үүнд: 

 

1. Шүүгдэгч Г.Золбаяр нь баарны зөөгч охиноор шалтаглан маргааныг эхлүүлж, улмаар хохирогчийг хээр аваачин А.Өлзий-Оршихтой бүлэглэн гараар цохих, өшиглөх, запас дугуйгаар цохих, тэдгээрийн уг үйлдлийг хорьж, салгах гэсэн П.Оюунбатын үйлдлийг үл ойшоож хоёул хохирогчид хүч хэрэглэн довтолж, зодож, хөнгөн, хүнд гэмтэл учруулан догшин авирлан, хууль бус, ёс суртахуунгүй үйлдлээ удаан хугацааны туршид үргэлжлүүлсэн, улмаар биеэ хамгаалах чадваргүй болсон үед нь машины багажинд хийж зөөвөрлөн, хүнгүй хашаанд буулган цементтэй барьцалдсан чулуугаар цохиж амь насыг хохироосныг танхайн сэдэлттэй гэж үзнэ. 

Өөрөөр хэлбэл, Г.Золбаяр, А.Өлзий-Орших нар нь бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, гэмт хэргийг шууд санаатайгаар үйлдсэн нь шүүгдэгч Г.Золбаярын мөрдөн байцаалтанд өгсөн “ нэг мэдэхэд  тэр залуутай муудаж байсан. Би талийгаачийн нүүр, толгой зэрэг газар нь гараараа цохих хөлөөрөө өшиглөх зэргээ зодож байсан. А.Өлзий-Орших надтай хамжилцаад зодож байсан. Би дугуйг авч талийгаачийн нүүр рүү цохисон. Оюунбат намайг хорихоор А.Өлзий-Орших очоод цохиод байсан. Энэ маягаар нилээд удаан үргэлжилсэн. Хохирогч бидний өөдөөс эсэргүүцэх тэнхэлгүй болсон. “ Жишиг хороолол”-д эзэнгүй хашаа байхаар нь А.Өлзий-Орших бид 2 машины багаажнаас буулгахад ёолоод байхаар нь газраас чулуу аваад толгой руу нь нэг удаа  цохисон ”, шүүгдэгч П.Оюунбатын “ Машинтай хойшоо явж байхдаа хүүхэн дээрээсээ болоод муудаад гарсан. Тэгээд сумаас нэлээн яваад машинаа зогсоогоод Золбаяр, Өлзий-Орших нар нөгөө залууг машинаасаа буулгаад хоорондоо зодолдоод гарсан. Өлзий-Орших нөгөө залуутай зодолдоод байхаар нь салгатал Золбаяр дугуйгаа барьж ирээд дугуйгаар 2-3 удаа цохисон. Би “ та нар хүн аллаа болиоч “ гэж хориод салгасан. Намайг энэ 2-ын нэгийг нь салгахаар нөгөөдөх нь очоод талийгаачийг зодоод дийлдэхгүй байсан”, шүүгдэгч А.Өлзий- Оршихын “ баарны охиноос болж л маргалдсан “ гэх мэдүүлгүүдээр тогтоогдох ба тэдгээрийн дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна.

 

Иймд Г.Золбаярын өмгөөлөгч Х.Эрдэнэбаатарын “ хохирогч Ө.Сугар, Г.Золбаяр нар баарны зөөгч охиноос болон хоорондоо маргалдсан нь хувийн сэдэлттэй, Г.Золбаяр хүнд цохиулсаны улмаас гэнэт ухаан орсон зодолдсон, уг хэрэг хөдөө үйлдэгдсэн, нийгмийн хэв журам зөрчсөн зүйл байхгүй “ гэж тухайн зүйлчлэлийн талаар маргаж буйг шүүх хүлээн авах боломжгүй, үндэслэлгүй гэж үзнэ.

Учир нь Г.Золбаяр нь баарны зөөгч Б.Золзаяатай тухайн өдөр анх танилцсан, тэдний хооронд ямар нэгэн ойр дотно харилцаа байгаагүй зэргээс үзэхэд түүнийг хохирогч Ө.Сугар, Б.Золзаяа нарын харилцаанаас болж тодорхой буюу хувийн сэдэлттэйгээр Ө.Сугартай маргалдсан гэх бодит нөхцөл, үндэслэл хэрэгт тогтоогдоогүй ба энэ нь Б.Золзаяагийн ” Би Сугарсүрэнг танина. Энэ залуутай үерхээд 1 сар орчим болж байгаа. 14 цагийн орчимд танихгүй 3 залуу бааранд орж ирсэн. Эрүүн дороо сахал ургуулсан залуу ирээд намайг Золоо гэдэг, танилцая гэхээр нь нэрээ хэлээд танилцсан. Орой  21 цаг 50 минутын үед нөгөө 3 залуу орж ирсэн. Тэгсэн Сугарсүрэн орж ирээд нөгөө залуусын ширээнд суугаад надад хандаж “ би архи уух уу “ гэхээр нь “ надад хамаагүй “гэж хэлсэн. Надад л тэгж хардсан зүйл харагдаагүй, үгүй байх. Харин нөгөө 3 залуу танилцая гээд ширээндээ уриад суулгасан ” гэх мэдүүлгүүдээр няцаагдаж байна.

 

Мөн тухайн хэрэг олон нийтийн газар үйлдэгдээгүй, хөдөө хээр газарт үйлдэгдсэн боловч Г.Золбаяр, А.Өлзий-Орших нарын үйлдэл нь нийгмийн амгалан тайван байдал буюу хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд бүдүүлгээр халдсан, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны болон аж төрөх ёсны хэм хэмжээнд илтэд харшилсан үйлдэл болохыг дурдах нь зүйтэй.  

 

2. Шүүгдэгч Г.Золбаяр, А.Өлзий-Орших нарыг хохирогч Ө.Сугарыг зодож гэмтэл учруулсан үйлдлээ нуун далдлахаар түүнийг санаатай алсан гэж үзэх үндэслэлтэй байна. 

Энэ нь Г.Золбаярын  мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Өлзий-Орших бид 2-ыг хохирогчийг багаажнаас буулгахад  хохирогч  гингэнээд байхаар нь “ энэ сэрээд биднийг зодсоныг хүнд хэлчихнэ “ гэж бодоод түүний толгой руу чулуугаар цохисон, өглөө нь очиход үхсэн болохоор нь “ хүн харчихна гээд хөдөө хээр аваачиж булсан ” гэх,  А.Өлзий-Оршихын “ Жишиг хорооллын голын эгнээний баруун талаасаа 3 дахь эзэнгүй хашаанд орж зогсоод Золбаяр бид 2 нөгөө залууг багаажнаас өргөөд машинаас буулгасан чинь ёолоод байж байсан. Тэгтэл Золбаяр намайг “ машиндаа ороод нүдээ аниад байж бай “ гэхээр нь би машиндаа ороод суутал түс хийх чимээ гарсан. Би харсан чинь Г.Золбаяр гартаа том чулуу барьчихсан харагдаж байсан. Тэгээд би Г.Золбаярыг талийгаачийн толгой руу цохьчихлоо гэж ойлгосон” гэх мэдүүлэг зэргээр хэрэгт хангалттай нотлогдох бөгөөд А.Өлзий-Оршихын Г.Золбаярын хохирогчийг чулуугаар цохих үйлдлийг мэдсэн атлаа хориглолгүй, машинд сууж уг үйлдлийг дэмжсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.6 дахь буюу өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор бусдыг алсан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзлээ. 

 

3. Г.Золбаяр, А.Өлзий-Орших нар бусдын амь насыг хохироосон дээрх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11/ нь шүүгдэгч Г.Золбаярын мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн “ Би уурлаад тэр хүнийг нүүр рүү нь цохиод, хавсарч унагаагаад дахиад цохисон. П.Оюунбат намайг хориод тэр хүнийг цохиулахгүй байсан. А.Өлзий-Орших бас тэр хүнийг цохиод байсан. Хохирогчоос маш их хэмжээний цус гарч байсан гэх мэдүүлэг /1-р хавтасны 164-165 хуудас/, шүүгдэгч А.Өлзий-Оршихын мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгч Ч.Энхцэцэгийг байлцуулан өгсөн “ Тэгээд машинаас буугаад Г.Золбаяртай зодолдохоор нь би Г.Золбаярын талд орж нөгөө залууг элбэж зодсон. Энэ үед Оюунбат голоор орж ирээд салгаад байсан. Жишиг хорооллын голын эгнээний баруун талаасаа 3 дахь даймангүй эзэнгүй хашаанд орж зогсоод Золбаяр бид 2 нөгөө залууг багаажнаас өргөөд машинаас буулгасан чинь ёолоод байж байсан. Өглөө Золбаяр 07 цаг өнгөрч байхад намайг унтаж байхад сэрээгээд нөгөө залуу чинь үхчихсэн байна хүн амьтан харчих гээд байна аваачиж нууя гэж хэлээд намайг босгоод барилга дээрээс хүрз аваад явсан. Эрэг жалгатай газар ирээд машинаа зогсоож байгаад баруун тийшээ явган бууж яваад элстэй газар хүрзээрээ нүх ухаад машинаас цогцосыг буулгаж 2 хөлнөөс нь нэг нэгээр нь барьж чирээд ухсан нүхэндээ хийж булсан “ гэх мэдүүлэг /1-р хавтасны 172- 174 хуудас/, шүүгдэгч П.Оюунбатын мөрдөн байцаалтанд сэжигтэнээр болон яллагдагчаар өгсөн: Машинтай хойшоо явж байхдаа хүүхэн дээрээсээ болоод муудаад гарсан. Тэгээд сумаас нэлээн яваад машинаа зогсоогоод Золбаяр, Өлзий-Орших нар нөгөө залууг машинаасаа буулгаад хоорондоо зодолдоод гарсан. Би тэд нарыг салгах гээд хорих үед Золбаяр машинруугаа гүйж ирээд арынхаа багаажийг онгойлгоод запас дугуйгаа аваад нөгөө залууг цохих гээд далайхаар нь би өмнүүр нь орж дугуйтай нь цааш түлхсэн. Намайг энэ хоёрын нэгийг нь салгахаар нөгөөдөх нь очоод талийгаачийг зодоод дийлдэхгүй байсан гэх мэдүүлэг / 1-р хавтасны 182-186 хуудас/, “...Ө.Сугарын биед үүссэн гэмтэл шарх нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ө.Сугарын биед үүссэн баруун тал бөмбөлөгийн зулай хэсгийн тархи няцрал, их тархины баруун тал бөмбөлөгийн хатуу бүрхүүл доорхи цусан цусан хураа, хуйхан дор, гавлын булчинд цус хуралт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3-1-3 дахь хэсэгт зааснаар амь насанд аюултай тул хүнд зэргийн гэмтэлд хамаарна. Ө.Сугарын биед үүссэн гэмтэл шарх нь гадаргуу чийглэг, цус шүүрсэн зэргээс үзэхэд амьд үед үүссэн гэмтлүүд байна. Ө.Сугарын биед үүссэн гэмтэл шархыг бий болсон дарааллаар нь жагсааж тогтоох боломжгүй, нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Ө.Сугар нь дээрхи гавал тархины олон гэмтлийн улмаас нас барсан Ө.Сугарыг нас барснаас хойш газарт булсан байх боломжтой, түүний амьсгалын замын эрхтэнээс гадны биет шороо зэрэг зүйл илрээгүй ” гэх 45 тоот шинжээчийн дүгнэлт/ 1-р хавтасны 84-87 хуудас/ зэргээр нотлогдсон байна.

Хүнийг санаатай алах гэмт хэргийн обьектив талын заавал байх шинж бол гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоотой байхыг шаарддаг ба хохирогч Ө.Сугарыг үхэлд хүргэсэн хүнд гэмтлүүд нь шүүгдэгч Г.Золбаяр, А.Өлзий-Орших нарын бүлэглэн зодсон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь  гэрч П.Оюунбатын мэдүүлэг, 45 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдох ба хохирогч нь зөвхөн Г.Золбаярын чулуугаар цохисон үйлдлээс бус “ гавал тархины олон гэмтлийн улмаас нас барсан, Ө.Сугарын биед үүссэн гэмтэл шархыг бий болсон дарааллаар нь жагсааж тогтоох боломжгүй, нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой ” гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Золбаяр “ Өлзий-Орших зодоонд огт оролцоогүй, Оюунбат хохирогчийг нэг цохиж өшиглөсөн. Баяндэлгэр сумын цагдаагийн байрны гадна Оюунбат бид хоёр тохиролцсон. Түүнийг хохирол төлнө гэсэн болохоор зодоонд оролцоогүй гэж хэлсэн. Өмнө шүүх хуралдаанаар Өлзий-Орших 20 жилийн ял өгөхөд найзыгаа гүтгэж хэрэгт оруулснаа ойлгож одоо үнэнийг ярьж байна “ гэж, түүний өмгөөлөгч Х.Даваасүрэн, Ж.Цээсүрэн нарын “ А.Өлзий-Орших хүн алах гэмт хэрэг бүлэглэн үйлдээгүй. Золбаярыг цохисноос хойш хохирогч нас барсан. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь Оюунбат гэрээсээ мөнгө гуйвуулж аван архи ууснаас болсон. А.Өлзий-Орших Эрүүгийн хуулийн 246, 247 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн. Шүүгдэгч нараас полиграф ашиглан мэдүүлэг авч, үнэн зөвийг тогтоох шаардлагатай. Хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү “ гэж шүүгдэгч нарын гэм буруугийн талаар маргаж буйг хүлээн авах үндэсгүй байна.

Тухайлбал, Г.Золбаяр энэ шүүх хуралдаанд “ намайг хүн цохиход ухаан орсон. Тэгээд хохирогчтой зодолдсон. Энэ үед Өлзий-Орших харагдаагүй. Оюунбат намайг салгаж машинд суухад Өлзий-Орших байгаагүй “ гэж  мөрдөн байцаалт болон өмнө шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээ өөрчилж, өөр өөрөөр мэдүүлж байгаа нь А.Өлзий-Оршихын “ Машинаас буугаад Золбаяр бид 2 тэр залуутай зодолдсон. Миний хувьд ухаан орж гараад байсан. Ямар ч л байсан бие биеэ цохиод өшиглөөд байсан “ гэж сэжигтнээр өгсөн мэдүүлэгтэй зөрүүтэй мэдүүлэх хийгээд үүнээс дүгнэхэд Г.Золбаяр, А.Өлзий-Орших нарын сэжигтнээр өгсөн анхны мэдүүлгүүд болон мөн шүүгдэгч П.Оюунбатын “ Г.Золбаяр, А.Өлзий-Орших нар хохирогчийг зодсон“ гэх удаа дараагийн тогтвортой мэдүүлгүүдийг үндэслэлтэй гэж үзнэ.

Мөн өмгөөлөгч Х.Даваасүрэнгийн “ А.Өлзий-Оршихийг анх байцаахад цагдаагийн дэд хурандаа Г.Ганхуяг оролцож байцаалт авсан нь байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, энэ нь нотлох баримт болохгүй ” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд мөрдөн байцаалтыг мөрдөн байцаагчдын хэсэг, хэсгийн ахлагч өөрөө бие даан болон бусад мөрдөн байцаагчтай хамтран явуулж болохыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 184 дүгээр зүйлээр зохицуулсан байна. 

 

4. Шүүгдэгч Г.Золбаяр, А.Өлзий-Орших нарыг хохирогч Ө.Сугарыг онц харгис хэрцгий аргаар алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай 91 дүгээр зүйлийн 91.2.12-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэлээ.

Учир нь Г.Золбаяр, А.Өлзий-Орших нар нь хохирогч Ө.Сугарыг зодох явцдаа түүний биед олон тооны шарх, гэмтэл учруулсан, үүний улмаас хохирогч өвдөн шаналж, ёолж байсан нь шүүгдэгч Г.Золбаярын “ Гар хөлөөрөө зодсон. Зодоон нилээд удаан үргэлжилсэн, машины дугуйгаар цохисон, хамгийн сүүлд газраас чулуу авч түүний толгой руу цохисон. Талийгаачаас их хэмжээний цус гарсан, сүүлдээ тэр бидний өөдөөс эсэргүүцэх чадалгүй болсон ” гэх мэдүүлэг, шүүгдэгч А.Өлзий-Оршихын “Тэгээд машинаас буугаад Г.Золбаяртай зодолдохоор нь би Г.Золбаярын талд орж нөгөө залууг элбэж зодсон ” гэх мэдүүлэг,  шинжээчийн “ Талийгаач Ө.Сугарын биед баруун хөмсөгний гадна буланд шарх, баруун чих дээд хэсгээрээ урагдсан шарх, баруун хацар, дух, шанаа, чих овойж хавдсан, зүүн нүд, зүүн  чих, хацар, духны зүүн хэсэгт  овойж хавдсан. Зулгаралт, цус хуралттай, зүүн хөмсөгний гадна буланд язарсан шарх, зүүн гарын бугалга шуу, сарвуу, мөр, баруун гарын бугалга, шуу, мөр, биеийн ар хэсэг нуруу нэлэнхүйдээ өнгөц зулгаралттай. Баруун хөлийн өвдөг, зүүн хөлийн өвдөг улаан хүрэн шалбаралт. Мөн баруун тал бөмбөлөгийн зулай хэсгийн тархи няцрал, их тархины баруун тал бөмбөлөгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, хуйхан доор, гавлын булчинд нэлэнхүйдээ цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо, Ө.Сугарын биед үүссэн гэмтэл шарх нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Сугарын биед үүссэн гэмтэл шарх нь гадаргуу чийглэг, цус шүүрсэн зэргээс үзэхэд амьд үед үүссэн гэмтлүүд байна. Ө.Сугарын биед үүссэн гэмтэл шархыг бий болсон дарааллаар нь жагсааж тогтоох боломжгүй, нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Ө.Сугар нь дээрх гавал тархины олон гэмтлийн улмаас нас барсан “ гэх дүгнэлт зэргээр нотлогдоно. 

 

5. Шүүгдэгч Г.Золбаяр, А.Өлзий-Орших нарын үйлдэл Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.15-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй буюу тэдгээрийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж алсан гэж үзнэ.

Тухайлбал, хохирогч нь Г.Золбаяр, А.Өлзий-Орших нарт зодуулж гэмтэл авсаны улмаас бие махбодь, эрүүл мэндийн улмаас өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй болсон нь түүний босож чадахгүй ёолж байсан, шүүгдэгч нарын машины багаажинд өргөж хийсэн, буулгаж байсан зэрэг үйлдлүүд буюу шүүгдэгч Г.Золбаярын “ Зодоон нилээд удаан үргэлжилсэн, сүүлдээ тэр бидний өөдөөс эсэргүүцэх чадалгүй болсон”  гэх, шүүгдэгч П.Оюунбатын “  Би тэд нарыг салгах гээд хориод хориод дийлээгүй нэгийг нь хорихоор нөгөө нь зодоод байсан. Наад хүнээ эмнэлэгт хүргэж өг гэж хэлсэн. Золбаяр Өлзий-Орших нар талийгаачийг машиныхаа багажинд өргөөд хийсэн. Энэ үед талийгаач ёолоод байгаа сонсогдсон” гэх, шүүгдэгч А.Өлзий-Оршихын “ Г.Золбаяр бид 2 машиныхаа багаажинд хийгээд хөдөлсөн. Золбаяр бид 2 нөгөө залууг багажнаас өргөөд машинаас буулгасан чинь ёолоод байсан” гэх мэдүүлгүүдээр хэрэгт нотлогджээ. 

 

6. Шүүгдэгч П.Оюунбат нь хохирогч Ө.Сугарыг бусдад зодуулан, газар хэвтэн ёолж, бие махбодь, эрүүл мэндийн хувьд ямар нэгэн хөдөлгөөн хийх, бусдыг эсэргүүцэх зэрэг чадваргүй болсон, амь биед нь аюултай нөхцөл байдал үүссэн байхад тусламж үзүүлээгүй нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Золбаяр, Өлзий-Орших нар талийгаачийг машиныхаа багаажинд өргөөд хийсэн. Энэ үед талийгаач ёолоод байгаа нь сонсогдсон. Энэ 2 намайг эхэлж гэрт буулгаж өгсөн. Би энэ хоёрт наад залуугаа эмнэлэгт хүргэж өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд би унтсан“ гэх мэдүүлэг болон шүүгдэгч Г.Золбаяр, А.Өлзий-Орших нарын мэдүүлгүүдээр хэрэгт нотлогдоно.

Өөрөөр хэлбэл, тэрээр хохирогч Ө.Сугарын амь бие аюултай нөхцөлд байгаа, тусламж шаардлагатай гэдгийг мэдэж Г.Золбаяр, А.Өлзий-Орших нарыг эмнэлэгт хүргэх талаар хэлж, тэдгээрт найдаж өөрөө явалгүй үлдсэнийг бусдыг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлэхгүй байх буюу Эрүүгийн хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-д заасан гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр, хайхрамжгүй хандаж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Г.Золбаяр, А.Өлзий-Орших, П.Оюунбат нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл зөв, Г.Золбаяр, А.Өлзий-Орших нарын үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.6, 91.2.11, 91.2.12, 19.2.15-д заасан, шүүгдэгч П.Оюунбатын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжүүдийг бүрэн хангасан, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон байх тул шүүгдэгч Г.Золбаяр, А.Өлзий-Оршихыг нарыг танхайн сэдэлтээр, өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, бүлэглэн, онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алсан, шүүгдэгч П.Оюунбатыг бусдыг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь яаралтай тусламж үзүүлээгүй, тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад мэдэгдээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан хорих ял шийтгэл хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Харин шүүгдэгч Г.Золбаярын маргаан зодооныг анх эхлүүлсэн, хохирогчийн бие махбодид запас дугуй, чулуу зэргээр гэмтэл учруулсан, өмсөж явсан хувцасаа нуух, талийгаачийн цогцосыг нуух, булах зэргээр гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, идэвхтэй үйл ажиллагаа явуулсан болон шүүгдэгч А.Өлзий-Оршихын хэрэгт оролцсон оролцоог харгалзан тэдгээрт ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзнэ.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Золбаяр, А.Өлзий-Орших, П.Оюунбат нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй ба харин согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч П.Оюунбатын үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны 07 дугаар сарын 02-ноос өмнө үйлдэгдсэн, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай  парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар өршөөлд хамрагдаж байх тул түүнд оногдуулах хорих ялыг өршөөн хэлтэрүүлэх нь зүйтэй байна. 

 

Гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан шууд зардал болох оршуулгын зардалд шүүгдэгч Г.Золбаяр 1.000.000 төгрөг, шүүгдэгч А.Өлзий-Орших 3.820.000 төгрөг, шүүгдэгч П.Оюунбат 500.000 төгрөгийг тус тус  төлсөн нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон мөнгө шилжүүлсэн баримтаар нотлогдож байна.

  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Урнаагийн 26.059.294 төгрөгийн нэхэмжлэлээс оюутан дүү Ө.Ганхуягийн 6 жилийн сургалтын төлбөр 9.778.464 төгрөгийн, өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг, нийт 10.278.464 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно. Учир нь дээрх сургалтын төлбөр гэмт хэргийн улмаас шууд учирсан зардал биш бөгөөд мөн өмгөөлөгчийн хөлс нь хуульд заасан байцаан шийтгэх ажиллагааны нөхөн төлүүлэх зардалд хамаарахгүй юм.

Мөн нэхэмжлэлээс талийгаачийн аав Өлзийбаярын тэжээгчээ алдсан тэтгэмжинд гаргуулах 1.629.744 төгрөгийн, мөн оршуулгын зардалтай холбоотой  6.481.100 төгрөгийн / 2-р хавтас 23-27,157, 161-167 хуудас/, бүгд нийт 8.116.840 төгрөгийн нэхэмжлэлүүдийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйгээр, хэлэлцэхгүй орхилоо. Дээрх нэхэмжлэлийн тооцоог шууд гаргах бололцоогүй ба холбогдох хүмүүсийг гэрчээр асууж, тодруулах, нэмэлт материал бүрдүүлэх шаардлагатай байна. 

 

Хэрэгт нотлох баримтаар тогтоогдсон оршуулгын шууд зардал 7.663.990 төгрөгийг шүүгдэгч Г.Золбаяр, А.Өлзий-Орших нараар хуваан хариуцуулахад тус бүрт 3.831.995 төгрөг оногдоно. Үүнээс шүүгдэгч Г.Золбаярын урьд төлсөн 1.000.000 төгрөгийг хасаж Г.Золбаяраас 2.831.995 төгрөг, шүүгдэгч А.Өлзий- Оршихын урьд төлсөн 3.820.000 төгрөгийг хасаж А.Өлзий-Оршихоос 11.955 төгрөгийг тус тус гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Урнаад олгоно. 

 

Шүүгдэгч Г.Золбаяр өөрийн эзэмшлийн 34-13 ХЭҮ улсын дугаартай Тоёото Спринтер маркийн машинаар хохирогчийг хөдөө гаргаж зодох, багажиндаа хийж зөөвөрлөн айлын хашаанд хаях, хохирогчийн цогцосыг уг машинаар тээвэрлэж, булах зэргээр гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн байх тул уг машиныг гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгсэл гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар хурааж улсын орлого болгох үндэстэй гэж шүүх үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн машины дугуй 1 ширхэг, цемент чулуутай барьцалдаж хатсан зүйл 1 ширхэг, хүрз 2 ширхэг, машины шалавчны тасархай 2 хэсэг, шүүгдэгч А. Өлзий-Оршихын өмсөж явсан саарал өнгийн пүүз 1 хос, хар канттай чернилэн ягаан жамц 1 ширхэг, саарал бэлтгэлийн өмд 1 ширхэг, саарал цамц 1 ширхэг, шүүгдэгч Г.Золбаярын өмсөж байсан бор шаргал өмд 1 ширхэг, улаан пүүз 1 хос, хөх бэлтгэлийн цамц 1 ширхэг, П.Оюунбатын өмсөж байсан саарал гутал 1 хос, саарал өмд 1 ширхэг, хүрэн өнгийн тэлээ 1 ширхэг, цэнхэр эрээн цамц 1 ширхэг, гар утасны батарей 1 ширхэг, цагаан өнгийн шалны алчуур 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, СD-ийг хэрэгт хавсаргах үндэслэлтэй байна.

 

Харин 2014.09.12-ны өдрийн Эд зүйл хураан авсан тэмдэглэл /1 дүгээр хавтасны 16 хуудас/-ийн 5 дугаарт “ цэнхэр өнгийн энгэр дээрээ дугуй хээтэй ноосон цамц” хураагдсан гэж тэмдэглэгдсэн боловч энэ нь эд мөрийн баримтаар шүүхэд ирээгүй бөгөөд хэргийн шийдвэрлэхэд нөлөөлөхгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.Золбаярын цагдан хоригдсон 819 хоног, шүүгдэгч А.Өлзий-Оршихын цагдан хоригдсон 819 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцох ба шүүгдэгч П.Оюунбат энэ хэргийн улмаас 153 хоног цагдан хоригдсон байна.

 

Хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 291 дүгээр зүйлийн 291.1.1, 291.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овгийн Ганбаярын Золбаяр, Боржигон овгийн Алтанцэцэгийн Өлзий-Орших нарыг танхайн сэдэлтээр, өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, бүлэглэн, онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж бусдыг санаатай алсан, шүүгдэгч Цагаач овгийн Пүрэвсүрэнгийн Оюунбатыг бусдыг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлэхгүй байх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.6, 91.2.11, 91.2.12, 91.2.15-д зааснаар шүүгдэгч Г.Золбаярыг 25 /хорин тав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.6, 91.2.11, 91.2.12, 91.2.15-д зааснаар шүүгдэгч А.Өлзий-Оршихийг 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3-д зааснаар шүүгдэгч П.Оюунбатыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-т заасныг журамлан ялтан Г.Золбаярт оногдуулсан 25 жилийн, ялтан А.Өлзий-Оршиход оногдуулсан 20 жилийн хугацаагаар хорих ялуудыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий 52 дугаар зүйлийн 52.5-т заасныг журамлан ялтан П.Оюунбатад оногдуулсан 4 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй. 

 

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг журамлан ялтан Г.Золбаярын цагдан хоригдсон 819 хоног, ялтан А.Өлзий-Оршихын цагдан хоригдсон 819 хоногийг тус тус ял эдлэх хугацаанд оруулан тооцож, ялтан П.Оюунбат 153 хоног цагдан хоригдсоныг дурдсугай.

 

5. 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Монгол Улсын Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар ялтан П.Оюунбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй. 

 

6. Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг журамлан Мөрдөн байцаагчийн 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, 34-13 ХЭҮ улсын дугаартай Тоёото Спринтер маркийн цагаан өнгийн машиныг хурааж улсын орлого болгосугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар ялтан Г.Золбаяраас 2.831.995 төгрөг, ялтан А.Өлзий-Оршихоос 11.995 төгрөг тус тус гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 3 дугаар багт оршин суух Орлой овгийн Гомбодоржийн Урнаад олгож, үндэслэлгүй нэхэмжилсэн 10.278.464 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Урнаагийн нэхэмжлэлээс талийгаачийн аав Өлзийбаярын тэжээгчээ алдсан тэтгэмжинд гаргуулах 1.629.744 төгрөг, оршуулгын зардалтай холбоотой 6.481.100 төгрөг, нийт 8.116.840 төгрөгийн нэхэмжлэлүүдийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг, ялтан П.Оюунбат хохиролд 500.000 төгрөг өгсөнийг тус тус дурдсугай. 

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн машины дугуй 1 ширхэг, цемент чулуутай барьцалдаж хатсан зүйл 1 ширхэг, хүрз 2 ширхэг, машины шалавчны тасархай 2 хэсэг, ялтан А.Өлзий-Оршихын өмсөж явсан саарал өнгийн пүүз 1 хос, хар канттай чернилэн ягаан жамц 1 ширхэг, саарал бэлтгэлийн өмд 1 ширхэг, саарал цамц 1 ширхэг, ялтан Г.Золбаярын өмсөж байсан бор шаргал өмд 1 ширхэг, улаан пүүз 1 хос, хөх бэлтгэлийн цамц 1 ширхэг, ялтан П.Оюунбатын өмсөж байсан саарал гутал 1 хос, саарал өмд 1 ширхэг, хүрэн өнгийн тэлээ 1 ширхэг, цэнхэр эрээн цамц 1 ширхэг, гар утасны батарей 1 ширхэг, цагаан өнгийн шалны алчуур 1 ширхэг зэргийг устгаж, СD-ийг хэрэгт хадгалсугай. 

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан П.Оюунбатад урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, ялтан Г.Золбаяр, А.Өлзий-Орших нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.СУГАР

 

              ШҮҮГЧИД                   Л.УЯНГА

 

       С.НАСАНБУЯН