| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 106/2018/0011/Э |
| Дугаар | 627 |
| Огноо | 2018-07-03 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 627
Д.Б-од холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор И.Ариунсанаа,
шүүгдэгч Д.Б-,
хохирогч Ч.Энхболдын өмгөөлөгч С.Даваасүрэн,
хохирогч Ц.Оюунбилэгийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн,
нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 493 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б-, хохирогч Ц.Оюунбилэгийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Б-од холбогдох эрүүгийн 2016 2501 4494 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
С овгийн Д.Б, 1955 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 63 настай, эрэгтэй, дээд боловсролтой, боксийн дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух,
Дархан хотын Найрамдлын хорооны хэсгийн ардын 2 дугаар шүүхийн 1978 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 24 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн А-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар,
Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 282 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.3, 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 424 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2, 225 дугаар зүйлийн 2, 224 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 65 дугаартай шүүгчийн захирамжаар 1 жил 6 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, Улсын Дээд шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 201 дугаартай тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Д.Б-ын үйлдсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож өөрчилж, ялыг 2 жил 8 сарын хугацаагаар нийцүүлэн хассан /РД:ТЗ55040178/,
Д.Б- нь 2015 оны 10 дугаар сард Ц.Оюунбилэгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 95/1 дүгээр байрны 701 тоот, 47.2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 90.000.000 төгрөгөөр зарж өгөхөөр тохиролцож, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Скай-Таун” хотхонд байрлах нотариатын газарт өөрийн нэр дээр шилжүүлэн авч, Н.Цогзолмаад 33.600.000 төгрөгөөр зарж бусдад 76.240.391 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Д.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч бусдыг залилж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Д.Б-ыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-од энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ял дээр өмнөх Дархан-Уул аймгийн шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоол болон Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 201 дугаартай тогтоолоор оногдуулсан 2 жил 8 сарын ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 жил 8 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Б-од оногдуулсан 5 жил 8 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 354 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Д.Б-ын унаж явсан 23-27 УБС улсын дугаартай, “Приус 20” загварын автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож хууль ёсны өмчлөгч Б.Нинад буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Б-оос 40.000.000 төгрөгийг гаргуулж Ч.Энхболдод, 31.240.391 төгрөгийг Ц.Оюунбилэгт тус тус гаргуулан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Энэ явдал 2015 оны 10, 11 дүгээр сард болсон. Эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 21-нд үүсгэсэн. Ингэхээр би 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар яллагдах ёстой. Миний эрх зүйн байдлыг эрс дордуулсанд гомдолтой байна. 2015 оны хуулийг 2017 оны 7 дугаар сарын 1-нээс хойш үйлдсэн хэрэгт хэрэглэнэ. Хууль зүйн үндэслэлгүй гаргасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Надад гэмт хэрэг хийх санаа бодол байхгүй. Энэ хэргийг иргэний шүүхэд шилжүүлж өгнө үү. Би байраа буцааж худалдаж авъя. Хууль бусаар яллаж байгаад гомдолтой байна ...” гэв.
Хохирогч Ц.Оюунбилэгийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
1. Хохирогч Ч.Энхболд, Ц.Оюунбилэг нар орон сууцаа өмчлөлдөө шилжүүлэн авахыг хүсч мэтгэлцсэн нь үндэслэлтэй.
1.1. Ц.Оюунбилэг тус шүүхэд 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр гаргасан иргэний нэхэмжлэлийг шүүх хүлээн авсан болон энэ шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн эсэх нь шийтгэх тогтоолд тусгаагүй.
1.2. Д.Б- нь Ц.Оюунбилэгийн нэр дээр байгаа байрыг “миний нэр дээр болгохгүй бол байр чинь зарагдахгүй байна” гэж итгүүлэн өөрийн нэр дээр шилжүүлэн аваад цаашаа Н.Цогзолмаад зарсан гэдэг. Хохирогч нар энэ байрыг Солонгост ажиллаж байгаад олсон мөнгөөрөө авсан. Н.Цогзолмаа нь 33.000.000 төгрөг төлөөд маргаан бүхий байранд амьдарсаар байгаа. “Байрны өмчлөгч нь Н.Цогзолмаа байна” гэж 3 шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн Н.Цогзолмаа хууль ёсны өмчлөгч юм гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хийсвэр болсон. Д.Б- нь Ц.Оюунбилэгийн итгэлийг эвдэж, хууран мэхэлж хэлцэл хийсэн. Шүүх Д.Б-ыг буруутай гэдгийг тогтоосон.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт “энэ зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаан өгөх” гэсний дагуу Ц.Оюунбилэгийг Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 95/1 дүгээр байрны 701 тоот, 47.2 м.кв талбай бүхий 2 өрөө байрны өмчлөгч болохыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй.
2. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ц.Оюунбилэг нар уг үл хөдлөх орон сууц өмчлөх эрх дуусгавар болсон байна гэж шүүх дүгнээд байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Шүүх Д.Б- нь 2015 оны 10 дугаар сараас 2015 оны 11 дүгээр сарын 2-ны хооронд Ч.Энхболд, Ц.Оюунбилэг нарыг хуурч мэхлэн Ч.Энхболдын өмчлөлд байсан Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 95/1 дүгээр байрны 701 тоот 47.2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 90.000.000 төгрөгөөр зарж өгөхөөр тохиролцож, өөрийн хамаатан болох Ц.Оюунбилэгийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн, мөн дараа нь өөрөө нэр дээр худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлэн авч иргэн Н.Цогзолмаад худалдаж бусдад 76.240.391 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь ...нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэсэн атлаа хохирсон эрхийг нь сэргээхдээ гуравдагч этгээд буюу Н.Цогзолмаад хууль ёсны дагуу шилжсэн гэж дүгнээд байгаа нь үндэслэлгүй байна.
Д.Б- нь Ц.Оюунбилэгийн нэр дээр байсан байрыг залилаад өөрийн нэр дээр болгоод Н.Цогзолмаад зарчихсан үйлдлийг буруу гэж дүгнээд байгаа л бол хураагдаад, залилагдаад байгаа Ц.Оюунбилэгийн өмчлөх эрх сэргээгдэх учиртай.
Тухайн үедээ 90.000.000 төгрөгийн үнэтэй байсан байр Д.Б-ын буруутай үйлдлийн улмаас 50.000.000 төгрөгөөр зарагдсан байх ба хууль ёсны өмчлөгч гэх Н.Цогзолмаа 33.000.000 төгрөг Д.Б-од өгсөн болоод 5 жил хоригдох ялтай, ямар ч эд хөрөнгө байхгүй Д.Б-оос хэдэн төгрөг гаргуулахаар шийдвэр гарсанд хохирогч Ц.Оюунбилэг гомдолтой байна.
3. Шийтгэх тогтоолд “анх байрыг худалдаж авахад Ч.Энхболдоос 30.000.000 төгрөг, Ц.Оюунбилэгээс 20.000.000 төгрөг гаргаж байсан” гэж зөвхөн Ч.Энхболдын анх цагдаад өгсөн өргөдөл, түүний мэдүүлгээр дүгнэлт хийж байгаа нь өрөөсгөл болсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт Ч.Оюунбилэг “Солонгост хамт ажил хийж байгаад энэ байрны мөнгө бий болсон, эмэгтэй хүн арай бага хөлстэй ажил хийдэг болохоор л Ч.Энхболд өргөдөлдөө бичсэн. Бид хамт ажиллаж мөнгө олсон. Тусдаа амьдрахаар болоод байраа зарахдаа 90.000.000 төгрөгөөр зараад хувааж авахаар тохирсон” гэдгийг Ч.Энхболд үгүйсгээгүй бөгөөд хохирогчийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт тэд мэдүүлдэг. Гэтэл Ч.Энхболдын анхны мэдүүлгийг үнэлжээ. Хохирогчдыг тэнцүү хохирсон гэж үзэх нь шударга ёсонд нийцнэ. Харин Ц.Оюунбилэг нэг ч төгрөг аваагүй өнөөдрийг хүртэл хохирсоор байна.
Иймд хэргийг тал бүрээс нь нягтлан үзэж, хохирогчийн хохирсон эрхийг сэргээж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан хохирогч Ц.Оюунбилэгийн иргэний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү ..” гэв.
Хохирогч Ч.Энхболдын өмгөөлөгч С.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогч Ц.Оюунбилэгийн өмгөөлөгч Б.Долгорсүрэнгийн давж заалдах гомдлыг дэмжиж байгаа. Тухайн байр анх хохирогч Ч.Энхболдын өмчлөлд байсан боловч, байр зарах асуудал яригдаж эхлэх үед шүүгдэгч Д.Б-ын зааварчилгаа, зөвлөгөөний дагуу хохирогч Ц.Оюунбилэгт бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байдаг. Шүүгдэгч Д.Б- ял аваад явчихаж байгаа, мөн Н.Цогзолмаад шилжсэн байгаа байрыг нэхэмжлэгч нар буцааж авах боломжгүй нөхцөл байдал үүсч байна.
Тухайн байр Н.Цогзолмаад худалдах, худалдан авах гэрээгээр шилжсэн боловч төлбөр нь төлөгдөж дуусаагүй буюу асуудал нэг мөр шийдэгдээгүй.Энэ хэрэг нь залилангийн хэрэг. Орон байрны үнэлгээ нь 76.000.000 төгрөг байтал Н.Цогзолмаа нь 33.600.000 төгрөгөөр байртай болж байна.
Шүүгдэгч Д.Б- нь залилан хийсэн атлаа нэмээд 16.000.000 төгрөг авах ёстой юм шиг дүгнэсэн байна. Орон сууцны өмчлөгч нь хохирогч Ч.Энхболд, Ц.Оюунбилэг нар гэдэг дээр маргадаггүй. Хохирогч нарын хохирсон эрхийг сэргээх байдлаар асуудлыг шийдээд, Н.Цогзолмаагийн хохирлын асуудлыг иргэний журмаар шийдвэрлэвэл илүү хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна ...” гэв.
Прокурор И.Ариунсанаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцсэн, Д.Б-од оногдуулсан ял шийтгэл нь тохирсон гэж үзэж байгаа учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.
Шүүгдэгч Д.Б- нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2015 оны 10 дугаар сард хохирогч Ц.Оюунбилэгийг хуурч мэхлэн, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 95/1 дүгээр байрны 701 тоот, 47.2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 90.000.000 төгрөгөөр зарж өгнө гэж хэлж Ч.Энхболдын өмчлөлийн дээрх орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр Ц.Оюунбилэгийн өмчлөлд шилжүүлж улмаар 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдөр “Орон сууц худалдах, худалдан авах” гэрээ байгуулж Ц.Оюунбилэгийн нэр дээрх орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, Н.Цогзолмаад 33.600.000 төгрөгөөр зарж Ч.Энхболд, Ц.Оюунбилэг нарт 76.240.391 төгрөгийн их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Ч.Энхболдын “... Д.Б- орж ирж байр үзэж харж явсан. Түүнээс хойш 2 хоногийн дараа Ц.Оюунбилэг над руу яриад Д.Б- ах байрны ордерийг миний нэр дээр бэлэглэлийн гэрээ хийгээд өгчих, тэгвэл мөнгө хурдан гаргаж өгнө гэж байна гэж надад хэлсэн. Би тэгье миний мөнгийг гаргаж өгвөл би хамаагүй гэж хэлсэн. Намайг дуудаж Сүхбаатар дүүргийн нотариатч дээр ир гэсэн. Тухайн үед очиход нотариатч хаалттай байсан. Д.Б- Ц.Оюунбилэгийг машиндаа суулгачихсан ирсэн. Баянзүрх дүүргийн нотариатч дээр Д.Б-ыг дагаж орж бэлэглэлийн гэрээ хийсэн.
Бид хоёрт мөнгө байгаагүй учир Д.Б- 50.000 төгрөг өгч “та хоёр наад гэрээгээ хийчих” гэхээр хийсэн. ... Тухайн үед 9 дүгээр сард уг байр 90.000.000 төгрөгийн үнэтэй байсан ба тэр цаг хугацаанд бид хоёр мөнгөө 45, 45 сая төгрөгөөр хувааж авах тохироотой байсан. Тэрнээс хойш надад 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр 5.000.000 төгрөгийг Д.Б- ах надад авчирч өгсөн, тэгэхдээ “байр зарагдаагүй байна. Үлдсэн 40.000.000 төгрөгийг сарын дараа авчирч өгнө” гэж хэлээд явсан. Тэр үедээ Д.Б- нь байрыг Н.Цогзолмаад зарсан байсныг сүүлд Н.Цогзолмаагаас сонсож мэдсэн. Тэгэхэд Д.Б- Н.Цогзолмаад 50.000.000 төгрөгөөр зарна гэж амаар тохирч гэрээгээ хийгээд татвар хураамж бага төлөх зорилгоор 30.000.000 төгрөгөөр гэрээ хийгээд, гэрээ хийсэн өдрөө 25.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн, үлдэгдэл 8.000.000 төгрөгийг 2016 оны 6 сард өгсөн гэж Н.Цогзолмаа нь хэлдэг юм.
Одоо Н.Цогзолмааг нь харахад намайг 2015 оны 10 дугаар сарын сүүлээр гэртээ байхад Д.Б- над руу яриад гэртээ байна уу гэхээр нь би байна гэхэд байрыг чинь хүнд үзүүлэх гээд байна чи дуугүй байгаарай гэж хэлсэн.
Тэгээд нэг эмэгтэй дагуулж орж ирээд хоёулаа тойрч үзээд гараад явсан эмэгтэй мөн байгаа юм. Тэгээд Д.Б- над руу яриад энэ эмэгтэй мөнгөгүй юм байна, байрыг чинь авахгүй юм байна гэж хэлж байсан. Тэгэхээр тэр өдөр байр үзүүлж гараад худалдах-худалдан авах гэрээгээ хийсэн юм шиг байна лээ ...” /1 хх 28-29, 247-248/,
иргэний нэхэмжлэгч Ц.Оюунбилэгийн “... Болд ах анх миний найз үл хөдлөх хөрөнгө худалдаалдаг, чи байраа ахынхаа нэр дээр шилжүүлчих, тэгвэл зарагдах гээд байна гэж хэлсэн. Тэгээд би Д.Б- ахад шилжүүлж өгсөн. Д.Б- ахаас асуухаар “болно, би давж заалдаж байгаа, Н.Цогзолмаагаас авсан мөнгө нь бүгд банкинд хадгалаастай байгаа. Ч.Энхболд авсан 5.000.000 төгрөгөө өгчихвөл нэмээд мөнгийг нь өгөөд байрыг чинь буцаагаад аваад өгнө гэж хэлж байсан...” /1 хх 179-180, 249-250/
гэрч Н.Цогзолмаагийн “... 2015 онд би “байр авна” гээд зар тавьсан байсан. Тэгтэл нэг өдөр Д.Б- ах залгасан. Тэр үед 10 дугаар сарын 27, 28 байсан. Байрыг үзэхэд Энхболд байсан. Д.Б- дүүгээ цайны цагаар дуудсан гэж хэлж байсан. Тэгээд Д.Б- өөрөө за за гээд сүр сар гээд их яаруу үзүүлсэн. Надад нэг их таалагдаагүй гарсан. Д.Б- хоёр хоногийн дараа утсаар залгаад “яасан миний дүү” гэхээр нь “нар үзэхгүй юм байна лээ, тэгээд ч миний мөнгө дутуу байгаа, 25.000.000” төгрөг байна гэж хэлсэн. Тэгээд үлдэгдэл мөнгийг нь линзингээр авах гэж байгаа юм гэхэд Д.Б- ах зөвшөөрсөн. Д.Б-од 25.000.000 төгрөг өгсөн ... /1 хх 34-35/ гэсэн мэдүүлгүүд,
эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /1 хх-24/, эд зүйлийн үнэлгээ /1 хх 27/, хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх 207-218/,
2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Ч.Энхболд, Ц.Оюунбилэг нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээ /1 хх 154/,
2015 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Ц.Оюунбилэг, Д.Б- нарын хооронд байгуулсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ /1 хх 142/,
2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Д.Б-, Н.Цогзолмаа нарын хооронд байгуулсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ /2 хх 1/,
Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 8/303 дугаар албан бичиг /1 хх 94/,
Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /2хх 5/,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101 дугаар шүүгчийн захирамж /1 хх 56/,
мөн шүүхийн 101 дугаар шүүхийн шийдвэр /1 хх 57-58/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй болно.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Б-од холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Д.Б-ыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, урьдах шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 2 жил 8 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Шүүгдэгч Д.Б- “... эрх зүйн байдлыг дордуулсанд гомдолтой байна. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэх ёстой ...” гэсэн гомдлыг гаргажээ.
Д.Б- нь 2015 оны 10 дугаар сард гэмт хэрэг үйлдсэн боловч Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний эрх зүйн байдал дээрдсэн бөгөөд энэ талаар анхан шатны шүүх хуулийн үндэслэл бүхий дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэсэн нь зөв байх тул дээрх гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 493 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧИД Д.ОЧМАНДАХ
Ж.ЭРДЭНЭЧИМЭГ