Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түндэвийн Энхмаа |
Хэргийн индекс | 128/2022/0487/З |
Дугаар | 221/МА2023/0382 |
Огноо | 2023-06-07 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2023/0382
2022 оны 06 сарын 15 өдөр |
| Дугаар 221/МА2022/0420 |
“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэсэн шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Одмаа
Нэхэмжлэгч: “О” ХХК
Хариуцагч: ХХЗХ
Гуравдагч этгээд: “М” ХХК, “Ю” ХХК
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 335 дугаартай;
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, Ц.О,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.М, С.Я,
Гуравдагч этгээд “Ю” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, Т.О,
Гуравдагч этгээд “Ю” ХХК-ийн өмгөөлөгч Н.Э,
Гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ө,
Гуравдагч этгээд “М” ХХК-ийн өмгөөлөгч Д.О, Э.Э нар;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль
Хэргийн индекс: 128/2022/0487/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “О” ХХК-аас ХХЗХ-д холбогдуулан “ХХЗХ-ны 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05/76 дугаартай албан бичгээр “М” ХХК, “Ю” ХХК-д хүргүүлсэн захиргааны шийдвэрээ гүйцэтгэх ажиллагааг явуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Захиргааны ерөнхий хуулийн Наймдугаар бүлэгт заасны дагуу захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хариуцагчид даалгах, “М” ХХК болон “Ю” ХХК-д албадлага хэрэглэх тухай мэдэгдлийг хүргүүлэхийг хариуцагчид даалгах, “М” ХХК, “Ю” ХХК-д албадлага хэрэглэх тухай захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 335 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг удирдлага болгон
1 дэх заалтаар Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 83 дугаар зүйлийн 83.1.1-д заасныг баримтлан “О” ХХК-аас ХХЗХ-д холбогдуулан гаргасан “ХХЗХ-ны 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05/76 дугаартай албан бичгээр “М” ХХК, “Ю” ХХК-д хүргүүлсэн захиргааны шийдвэрээ гүйцэтгэх ажиллагааг явуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Захиргааны ерөнхий хуулийн Наймдугаар бүлэгт заасны дагуу захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “О” ХХК-ийн гаргасан “М” ХХК болон “Ю” ХХК-д албадлага хэрэглэх тухай мэдэгдлийг хүргүүлэхийг хариуцагчид даалгах, “М” ХХК, “Ю” ХХК-д албадлага хэрэглэх тухай захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
3 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “О” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж тус тус шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О давж заалдах гомдолдоо:
3.1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч захиргааны байгууллагаас үйлчлэгч буюу тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05/76 дугаартай албан бичиг (“ХХЗХ-ны 05/76 тоот албан бичиг” гэх)-ийг захиргааны акт биш гэж үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд “О” ХХК (“Ай эн мобайл нэтворк” ХХК хуучин нэрээр)-иас гаргасан гомдлын дагуу ХХЗХ (“ХХЗХ” гэх)-ны зүгээс хуулиар хүлээсэн зохицуулалтын чиг үүргээ хэрэгжүүлж “М” ХХК, “Ю” ХХК-иудад хүргүүлсэн мэдэгдлийг захиргааны акт биш гэсэн өрөөсгөл дүгнэлт хийсэнд гомдолтой байна.
3.1.1. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл хэсэгт “гэтэл ХХЗХ-ны 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05/76 дугаартай албан бичиг захиргааны шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах боломжтой захиргааны акт биш, захиргааны актын зохицуулалт агуулсан, захирамжилсан шинжийг агуулаагүй, “О” ХХК-д мэдээлэл холбооны үйлчилгээ эрхлэх 14300010 дугаартай тусгай зөвшөөрлийг олгосонтой холбогдуулан сүлжээнд харилцан холболт хийх бүрэн эрх үүссэн тул тогтоосон журмын дагуу сүлжээ хооронд харилцан холболт хийх гэрээг байгуулахыг “М” ХХК, “Ю” ХХК-д мэдэгдсэн мэдэгдлийн шинжтэй зохион байгуулалтын баримт бичиг байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
3.1.2. Нэхэмжлэгчийн зүгээс ХХЗХ-ны 05/76 тоот албан бичиг нь хэлбэрийн хувьд албан бичиг хэлбэртэй боловч захиргааны актын шинжийг агуулсан, зохицуулалт агуулсан, захирамжилсан шинжтэй гэж үзэж байна.
3.1.3. Учир нь уг албан бичгээр “О” ХХК-д мэдээлэл холбооны үйлчилгээ эрхлэх 14300010 дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон талаар мэдээллийг “М” ХХК, “Ю” ХХК-д мэдэгдэх зорилготой биш байсан. Шүүхийн дүгнээд байгаа шиг ХХЗХ-оос аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгосон болохыг бусад тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт албан бичгээр мэдээлэл байдлаар хүргүүлдэггүй, нийтэд ил тод байдлаар ХХЗХ нь өөрийн цахим хуудсаар мэдээлдэг.
3.1.4. Харин ХХЗХ-ны 05/76 тоот албан бичиг “М” ХХК, “Ю” ХХК-д хүргүүлсэн шалтгаан нь манай компанийн зүгээс ХХЗХ-д хандаж 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 21/386 тоот албан бичгээр “Тусгай зөвшөөрлийн гэрээнд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” гомдол гаргасны дагуу ХХЗХ-оос манай гомдлыг шийдвэрлэж, дээрх албан бичгийг “М” ХХК, “Ю” ХХК-д нэр цохон хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл, манай компанийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 21/386 тоот албан бичгээр гаргасан “Тусгай зөвшөөрлийн гэрээнд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” гомдлыг ХХЗХ-ны 05/76 тоот албан бичгээр шийдвэрлэсэн юм. Дээрх агуулгаараа ХХЗХ-ны 05/76 тоот албан бичиг нь зохион байгуулалтын баримт бичиг бус аж ахуйн нэгжийн гаргасан гомдлыг шийдвэрлэж буй захиргааны шийдвэр юм.
3.1.5. Түүнчлэн уг албан бичигт “Иймд тус хорооны 2021 оны 33 тоот тогтоолоор батлагдсан “Сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам”-ын 2 дугаар зүйлд заасан зарчим, үүргийн дагуу сүлжээ хоорондын харилцан холболт хийх гэрээг байгуулж, уг журмын 9 дүгээр зүйлд заасны дагуу баталгаажсан гэрээ, түүний хавсралт, холбогдох баримт бичгийн хувийг заасан хугацаанд Зохицуулах хороонд ирүүлж, бүртгүүлнэ үү” гэж зааснаар Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т “сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журмыг батлах, хэрэгжилтэд хяналт тавих;” гэж заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж, тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд тодорхой зохицуулалт хийсэн, захирамжилсан шинжтэй болно.
3.2. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...ХХЗХ-ны 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05/76 дугаартай албан бичгээр сүлжээ хооронд харилцан холболт хийх гэрээг байгуулахыг үүрэг болгох боломжгүй, гуравдагч этгээдүүдэд ямар нэгэн эрх үүрэг үүсгэж, өөрчлөгдөж, дуусгавар болгосон шинжийг агуулаагүй, тус албан бичгийг хүлээн авснаар “М” ХХК, “Ю” ХХК-ийн хүсэл зоригийн илэрхийлэл шаардагдахгүйгээр шууд биелэгдэх буюу харилцан холболт хийгдэх үр дагаврыг үүсгээгүй, дээрх журмын хүрээнд үүсгэх ч боломжгүй болох нь тогтоогдож байна” гэж Харилцаа холбооны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасан үйлчлэгч буюу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн сүлжээнд бусад сүлжээг саадгүй холбох нөхцөлийг хангах талаар хууль зүйн ойлголтыг буруу тайлбарлан хэрэглэж маргааныг шийдвэрлэсэнд гомдолтой байна
3.2.1. Харилцаа холбооны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т зааснаар үйлчлэгч нь зөвхөн техникийн боломжгүй үндэслэлээр л сүлжээнд харилцан холболт хийхээс татгалзах эрхтэй. Харин гуравдагч этгээд “М” ХХК, “Ю” ХХК нь хуульд заасан үндэслэлгүйгээр “О” ХХК-ийг сүлжээнд харилцан холболт хийхээс татгалзаж байгаа нөхцөлд мөн хуульд заасан “Саадгүй холбох нөхцөлийг хангах” үүргийн дагуу гуравдагч этгээдүүдэд “О” ХХК-тай харилцан холболт хийх үүрэг үүсэж байгаа болно.
3.2.2. Түүнчлэн анхан шатны шүүх “Сүлжээний харилцан холболтын гэрээ”-ний зорилго, нөхцөлийн талаар ул суурьтай ойлгохгүйгээр үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Учир нь ХХЗХ-ны 2021 оны 33 тоот тогтоолоор батлагдсан “Сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.3-т “Харилцаа холбооны үйлчлэгч нь өөрийн сүлжээнд харилцан холболт хийх гэрээний нөхцөлийг боловсруулан Зохицуулах хороогоор хянуулан баталж, өөрийн веб хуудсанд байршуулах бөгөөд сүлжээнд харилцан холболт хийх гэрээний нөхцөлд дараах мэдээллийг заавал тусгасан байна. Үүнд: "2.3.1 “Тухайн сүлжээнд харилцан холболт хийх технологийн стандарт, горим, нөхцөл шаардлага;”, 2.3.2 “Зааглах цэгийн байршил:”, 2.3.3 “Сүлжээнд харилцан холболт хийх төлбөр тооцооны мэдээлэл:”, 2.3.4 “Гэрээ хийх үйл ажиллагааны нарийвчилсан мэдээлэл:”, 2.3.5 “Гэрээний загвар.” гэж, мөн 2.6. “Харилцаа холбооны үйлчлэгч нь сүлжээ хооронд харилцан холболт хийх болон сүлжээнд холбогдоход ямар нэгэн ялгаваргүй буюу ижил нөхцөлөөр хандах, ил тод, харилцан ашигтай байх зарчмыг баримтална.” гэж тус тус заасны дагуу “О” ХХК-ийн зүгээс “М” ХХК, “Ю” ХХК-ийн ил тодоор зарласан “Харилцан холболт хийх гэрээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч бусад тусгай зөвшөөрөл эзэмшигч нартай ижил нөхцөлөөр гэрээ байгуулахаа удаа дараа илэрхийлсэн. Хэрэв Талууд харилцан холболт хийх хүсэл сонирхолоо харилцан илэрхийлсэн боловч үнэ, зардал зэрэг гэрээний зарим нөхцөл дээр зөрүүтэй саналтай байгаа бол ХХЗХ албадан гэрээ байгуулах боломж байгаа эсэх дээр эргэлзэж болох юм.
3.2.3. Гэтэл “М” ХХК, “Ю” ХХК нь Харилцаа холбооны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасан “Өөрийн сүлжээнд бусад сүлжээг саадгүй холбох нөхцөлийг хангах” үүргээ биелүүлэхгүй, тухайн салбарт шинээр өрсөлдөгч орж ирэх нөхцөлийг боомилох буюу харилцан холболт хийх ямар ч хүсэл зориггүй болохоо удаа дараа илэрхийлсэн билээ. Тийм учраас ХХЗХ нь шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх болон зохицуулалтын чиг үүргээ биелүүлж сүлжээний харилцан холболтыг хийхийг “М” ХХК, “Ю” ХХК үүрэг болгосон байна. Цаашилбал тийнхүү үүрэг болгосон шийдвэрээ Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу албадан хэрэгжүүлэх бүрэн эрхтэй, боломжтой юм.
3.2.4. Тиймээс “М” ХХК, “Ю” ХХК нар нь “О” ХХК-тай харилцан холболт хийх хүсэлтээс үндэслэлгүйгээр татгалзсан үйлдлийн эсрэг “О” ХХК-ийн гаргасан гомдлын дагуу ХХЗХ-оос гуравдагч этгээдүүдэд хүргүүлсэн ХХЗХ-ны 05/76 тоот албан бичгийг “...”М” ХХК, “Ю” ХХК-д эрх, үүрэг үүсгэж, өөрчлөгдөж, дуусгавар болгосон шинжийг агуулаагүй” гэсэн шүүхийн дүгнэлт нь Харилцаа холбооны салбарын зохицуулах байгууллага болох ХХЗХ-ны чиг үүрэг, бүрэн эрхийг үндсээр нь үгүйсгэсэн, цаашид харилцаа холбооны салбарт шинээр өрсөлдөгч гарч ирэх боломжийг бүрэн хязгаарласан ноцтой хууль бус дүгнэлт болжээ.
3.2.5. Дээрх байдлаас ХХЗХ-оос “О” ХХК-ийн гомдлыг шийдвэрлэж “М” ХХК, “Ю” ХХК-д хүргүүлсэн шийдвэрээ хэрэгжүүлэх бодит үйл ажиллагааг хуулийн хугацаанд явуулахгүй 1 жил 5 сар гаруй хугацаа өнгөрч байгаагийн улмаас “О” ХХК-ийн мэдээлэл холбооны үйлчилгээ эрхлэх 14300010 дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмших эрх ноцтой зөрчигдөж байгаа билээ.
3.2.6. “О” ХХК-ийн гомдлын дагуу зохицуулах байгууллагын явуулсан захиргааны үйл ажиллагааг “зохион байгуулалтын баримт бичиг” гэж дүгнэж, зохицуулах байгууллагын чиг үүрэг, бүрэн эрхийг үгүйсгэж, харилцаа холбооны салбарын бодит нөхцөл байдал, зохицуулалтын онцлогт нийлээгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2023/0335 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тус компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байх тул дараах үндэслэлээр зохих өөрчлөлт оруулав.
1. Анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ “...ХХЗХ-ны 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05/76 дугаар албан бичиг нь Захиргааны шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах боломжтой захиргааны акт биш, захиргааны актын зохицуулалт агуулсан захирамжилсан шинжийг агуулаагүй ... мэдэгдлийн шинжтэй, зохион байгуулалтын баримт бичиг байна ... Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан захиргааны үйл ажиллагааны хэлбэрийг агуулаагүй, ...Захиргааны ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 83 дугаар зүйлийн 83.1.1-д заасан захиргааны шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахад шаардагдах захиргааны акт байхгүй, ...ХХЗХ-ны захиргааны шийдвэрээ гүйцэтгэх ажиллагааг явуулахгүй байгаа эс үйлдэхүй гэсэн ойлголт үүсэхгүй улмаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг шүүхээс даалгах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангагдах үндэслэлгүй юм” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
2. Учир нь нэхэмжлэгчээс удаа дараа бичгээр сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох зохицуулалт хийх хүсэлтийг хариуцагчид гаргаж байсан байх бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 21/386 дугаар албан бичгээр гаргасан “Тусгай зөвшөөрлийн гэрээнд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн хариуцагч ХХЗХ-ны “Харилцан холболтын гэрээ байгуулах тухай” 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05/76 дугаартай албан бичиг нь тус Зохицуулах хорооны 2021 оны 33 тоот тогтоолоор баталсан “Сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам”-ын 2 дугаар зүйлд заасан зарчим, үүргийн дагуу сүлжээ хоорондын харилцан холболт хийх гэрээг байгуулж, уг журмын 9 дүгээр зүйлд заасны дагуу баталгаажуулсан гэрээ, түүний хавсралт, холбогдох баримт бичгийн хувийг заасан хугацаанд Зохицуулах хороонд ирүүлж, бүртгүүлэхийг “М” ХХК, “Ю” ХХК-уудад үүрэг болгож даалгасан, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд тодорхой зохицуулалт хийсэн захиргааны актын шинжийг агуулсан, захиргааны үйл ажиллагааны хэлбэр байна.
3. Мөн дээрх албан бичигтэй холбогдуулан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 221/ШТ2023/0069 дугаартай тогтоолоор “...энэ тохиолдолд захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбоотой, захиргааны байгууллагаас шийдвэр гаргасан хэдий ч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй байгаа тохиолдолд тухайн шийдвэрийг хэрэгжүүлэх шаардлага үүссэн гэж үзэхээр байна. ...захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр нь заавал биелэгдэх шинжтэй байдаг ...нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх үндэслэлтэй” гэж хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэснийг анхан шатны шүүх анхаарч үзээгүйн дээр маргаан бүхий акттай холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан атлаа “захиргааны акт” биш гэж зөрчилтэй дүгнэлт хийжээ.
4. Харилцаа холбооны тухай хуулийн 1 дүгээр зүйл Хуулийн зорилт “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсад харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүнийг ашиглах, хамгаалах, зах зээлийн үр өгөөжтэй, шударга өрсөлдөөнийг дэмжих, иргэн, хуулийн этгээдийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хүртээмжтэй хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, 8 дугаар зүйлийн 8.1-д “Өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, иргэн харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах чиг үүрэгтэй ХХЗХ /цаашид Зохицуулах хороо” гэх/ ажиллана.”, 9 дүгээр зүйлийн 9.1.2-д “хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, тусгай зөвшөөрөл нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон холбогдох журмыг батлах, гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих”, 9.1.12-т “тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх”, 31 дүгээр зүйлийн 31.2-д “Энэ хуулийн 31.1-д зааснаас бусад тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хооронд болон ...үүссэн маргааныг Зохицуулах хороо, салбар зөвлөл шийдвэрлэнэ” гэж Харилцаа холбооны зохицуулах газрын бүрэн эрхийг хуульчилжээ.
5. Гэтэл нэхэмжлэлд дурдсан маргаантай асуудлыг зохицуулж, хянаж шийдвэрлэх, эрхийг дээрх хуулиар хариуцагчид олгосон атал уг маргааныг шийдвэрлэх талаар тодорхой арга хэмжээ аваагүй, сүлжээ хооронд харилцан холболт хийх боломжийг бүрдүүлээгүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна.
6. Тодруулбал, хариуцагчаас 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Харилцан холболтын гэрээ байгуулах тухай” 05/76 дугаартай албан бичгээр гаргасан шаардлага зохих ёсоор биелэгдээгүй тохиолдолд уг шаардлага хэрэгжилтийг хангах зорилгоор хууль, тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд маргаантай асуудлыг шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээг авч маргааныг шийдвэрлэх ёстой байжээ.
7. Харилцаа холбооны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д “Үйлчлэгч нь техникийн боломжийг харгалзан өөрийн сүлжээнд бусад сүлжээг саадгүй холбох нөхцөлийг хангана” гэж, 22.3-д “Харилцаа холбооны сүлжээ хоорондын харилцан холболт болон сүлжээнд холбогдох зааглах цэгийг Зохицуулах хороо тогтооно” гэж тус тус заажээ.
8. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, гуравдагч этгээд болох “М” ХХК, “Ю” ХХК-ууд нь дээрх хуулийн заалтыг зөрчин өөрийн сүлжээнд ”О” ХХК-ийн сүлжээг саадгүй холбох нөхцөлийг хангаагүй, харилцан холболтын гэрээ байгуулахаас үндэслэлгүй татгалзсан болох нь тогтоогдож байна.
9. Түүнчлэн Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-д “сүлжээ хооронд харилцах холболт хийх, сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журмыг батлах, хэрэгжилтэд хяналт тавих” гэж заасны дагуу Харилцааны холбооны зохицуулах хорооны 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаар тогтоолоор баталсан “Сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам”-ын Арав. “Маргаан шийдвэрлэх” хэсэг нь 10.1-10.7 хүртэл заалттай, тус Зохицуулах хорооны маргаантай асуудлыг шийдвэрлэх аргуудыг хэм хэмжээгээр тодорхойлж өгсөн байна.
10. Гэтэл хариуцагч ХХЗХ нь:
уг журмын 10.1-д “...маргаантай асуудлыг маргалдагч талууд шат шатандаа шийдвэрлэхийг зорих бөгөөд шийдвэрлэж чадаагүй тохиолдолд Харилцаа холбооны тухай хуулийн 31.2 заалтын дагуу Зохицуулах хороо бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэнэ”,
10.3-д “Маргаантай асуудлыг шийдвэрлэхдээ Зохицуулах хороо дараахь аргуудыг хэрэглэж болно. /10.3.1-10.3.8 хүртэл нийт 8 аргуудыг хэрэглэхийг тусгасан/
10.4-д “Зохицуулах хороо нь маргаантай асуудлаар мэргэжлийн дүгнэлт гаргах, санал зөвлөмж өгөх, гэрээг дахин авч үзэх тухай хугацаатай үүрэг даалгавар өгөх, маргааныг шийдвэрлэж болох хувилбаруудыг санал болгох зэргээр тодорхой шийдвэр гаргана”,
10.5-д “Зохицуулах хороо нь маргаантай асуудлаар гаргах шийдвэрийн талаар талуудад урьдчилан танилцуулж, саналыг нь авах, нээлттэй хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх замаар ил тод зарчмыг баримтална”,
10.6-д “Зохицуулах хороо нь маргаантай асуудлаар тухайн нөхцөл байдалд тохируулан үл ялгаварлах, шударга, өрсөлдөөнийг дэмжсэн шийдвэр гаргана” гэсэн зохицуулалтыг хэрэгжүүлээгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан байна.
11. Захиргааны байгууллагаас бусдад хандан гаргасан шийдвэр нь зохих ёсоор биелэгдээгүй тохиолдолд дээрх хууль болон журамд зааснаар гүйцэтгэлийг хариуцаж шийдвэрлэх ёстой.
12. Иймд хариуцагчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Харилцан холболтын гэрээ байгуулах тухай” 05/76 дугаартай албан бичгийн хэрэгжилтийг захиргааны албадлагын журмаар хэрэгжүүлэх эрх нь хариуцагч ХХЗХ-д хууль тогтоомжоор олгогдсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
13. Хариуцагчийн хууль болон журамд заасан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйн улмаас нэхэмжлэгчийн Харилцааны холбооны тухай хуулиар тодорхойлогдсон харилцаа холбооны үйлчлэгчийн хувьд сүлжээ хооронд харилцан холболт хийх болон сүлжээнд холбогдох эрх, Зөвшөөрлийн тухай хуулиар тодорхойлогдсон тусгай зөвшөөрлийн хүрээнд үйлчилгээгээ нийтэд үзүүлэх, тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн болох нь тогтоогдож байна.
14. Дээрх тогтоогдсон нөхцөл байдалд тулгуурлан ХХЗХ-ны 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05/76 дугаартай албан бичгээр “М” ХХК, “Ю” ХХК-д хүргүүлсэн захиргааны шийдвэрээ гүйцэтгэх ажиллагааг явуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хууль болон журамд заасны дагуу зохих ёсоор шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” гэж өөрчилж энэ хэсгийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
15. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “М” ХХК болон “Ю” ХХК-д албадлага хэрэглэх тухай мэдэгдлийг хүргүүлэхийг хариуцагчид даалгах, “М” ХХК, “Ю” ХХК-д албадлага хэрэглэх тухай захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах” гэж ихэсгэжээ.
16. Анхан шатны шүүхээс энэхүү ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагыг “шүүхийн хянаж буй захиргааны үйл ажиллагаа бүр тусдаа эрх зүйн дагавар үүсгэсэн байх ёстой” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
17. Учир нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн байх бөгөөд харин энэ тохиолдолд захиргааны байгууллагад хууль болон журмаар тодорхойлогдсон ямар арга хэмжээ авахыг шүүхээс урьдчилан тодорхойлох боломжгүй, захиргааны байгууллагын өөрсдийн хууль болон журмаар тодорхойлогдсон эрх хэмжээний асуудал учраас шууд арга журмыг тодорхойлж мэдэгдэл хүргүүлэх, захиргааны акт гаргахыг даалгах боломжгүй тул нэхэмжлэгчийн ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
18. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2023/0335 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг “Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.1.4, 9.1.12, 22 дугаар зүйлийн 22.2, 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт заасныг баримтлан “О” ХХК-аас ХХЗХ-д холбогдуулан гаргасан ХХЗХ-ны 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05/76 дугаартай албан бичгээр “М” ХХК, “Ю” ХХК-д хүргүүлсэн захиргааны шийдвэрээ гүйцэтгэх ажиллагааг явуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хууль болон журамд заасны дагуу зохих ёсоор шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж,
“М” ХХК болон “Ю” ХХК-д албадлага хэрэглэх тухай мэдэгдлийг хүргүүлэхийг хариуцагчид даалгах, “М” ХХК, “Ю” ХХК-д албадлага хэрэглэх тухай захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн өөрчлөлт оруулж,
шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, шийдвэрийн Тогтоох нь хэсгийн “3” гэсэн дугаарыг “2” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА